Төгс хүчтэй бас халамжтай
«[Ехова] бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» (ДУУ. 103:14).
1, 2. а) Эрх мэдэлтнүүд ард олонд хэрхэн ханддаг вэ? Харин Ехова яадаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ЭРХ мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүс ард түмнийг «ноёлж», тэр байтугай дарангуйлан захирдаг (Мат. 20:25; Ном. 8:9). Харин Ехова тэднээс тэс өөр! Тэрээр хэмжээгүй эрхтэй, төгс хүчтэй атлаа төгс бус хүмүүсийг халамжилж, хэрэгцээ шаардлагыг нь анхаардаг сайхан сэтгэлтэй Бурхан юм. Биднийг «тоос шороо юм гэдгийг» санаж байдаг учраас хэр чадлаас хэтэрсэн юмыг хэзээ ч шаарддаггүй (Дуу. 103:13, 14).
2 Ехова үйлчлэгчдээ хэрхэн халамжилдгийг харуулах жишээ Библид олон бий. Одоо гурван жишээ үзье. Эхнийх нь, тэргүүн тахилч Елид шүүх мэдээ дуулгахаар болсон Самуел хүүд хэрхэн тусалсан тухай; хоёр дахь нь израйлчуудыг Египетээс гаргаж чадахгүй гэж цааргалсан Мосед хэрхэн тэвчээртэй хандсан тухай; гурав дахь нь Египетээс гарч явсан израйлчуудад хэрхэн санаа тавьсан тухай юм. Эдгээр жишээг үзэх явцдаа Еховагийн талаар юу мэдэж, ямар сургамж авч болохыг бодоцгооё.
ЖААЛ ХҮҮД САНАА ТАВЬСАН НЬ
3. Нэгэн шөнө Самуел хүүд ер бусын ямар явдал тохиолдсон бэ? Ямар асуулт гарч болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
3 Самуел бүр багаасаа Еховагийн асарт үйлчилж эхэлжээ (1 Сам. 3:1). Нэгэн шөнө түүнийг унтах гэж байтал ер бусын явдал боловa (1 Самуел 3:2–10-ыг уншина). Нэрийг нь дуудах шиг болохоор нь нас өндөр болсон тэргүүн тахилч Ели дуудаж байна гэж бодоод бослоо. Тэгээд Самуел Ели рүү гүйн очиж «Та намайг дуудсан тул би энд байна» гэв. Тэргүүн тахилч: «Би дуудаагүй» гэлээ. Энэ явдал 3 дахь удаагаа давтагдахад Самуелыг Бурхан дуудсаныг Ели ойлгоод юу гэж хэлэхийг хүүд зааж өгөв. Самуел ч хэлснийг нь биелүүлжээ. Ехова Самуелыг дуудсанаа яагаад өөрт нь шууд ойлгуулаагүй вэ? Библид энэ талаар юу ч бичээгүй. Ямар ч байсан, Ехова Самуел хүүд санаа тавьсан бололтой.
4, 5. а) Еховагийн өгсөн даалгаврыг Самуел хэрхэн биелүүлсэн бэ? б) Самуелд тохиолдсон явдлаас Еховагийн тухай юу мэдэж болох вэ?
4 1 Самуел 3:11–18-ыг уншина. Еховагийн хуулиар бол, хүүхдүүд ахмадуудыг, ялангуяа эрх мэдэлтнүүдийг хүндлэх ёстой байв (Ег. 22:28; Лев. 19:32). Тийм болохоор Самуел шиг жаахан хүү өглөө эрт босоод Бурхны шүүх мэдээг Елид зоригтой хэлж байна гэж төсөөлөхийн ч аргагүй. Үнэндээ «Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа». Гэвч Ехова Самуелыг дуудсан гэдгээ Елид ойлгуулжээ. Тийм учраас Еховагийн айлдсан үгсээс ганцыг нь ч нуухгүй байхыг Ели тушаав. Самуел үгэнд нь орж, «юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив».
5 Самуелын дуулгасан мэдээг Ели сонсоод өчүүхэн төдий ч гайхсангүй. Учир нь үүнтэй төстэй мэдээг «Бурханы хүнээс» урьд нь сонссон байв (1 Сам. 2:27–36). Самуел Ели хоёрын тухай энэ түүхээс Ехова бол хайр халамжтай, мэргэн ухаантай Бурхан гэдэг нь тодорхой харагдаж байна.
6. Ехова Самуел хүүд тусалсан явдлаас юу ойлгож болох вэ?
6 Хүүхдүүд та нарт ямар бэрхшээл тохиолддог, юунаас болж сэтгэл зовж явдгийг Ехова ойлгодог. Үүнийг Самуел хүүгийн түүх баталдаг. Та нар Хаант төрийн тухай мэдээг том хүмүүст дуулгахаас айдаг эсвэл үеийнхнээсээ сондгойрохоос ичдэг байх. Ехова тусална гэдэгт итгээрэй. Сэтгэлээ уудлан залбираарай (Дуу. 62:8). Самуел болон бусад хүүхдийн жишээг Библиэс уншаад эргэцүүлж бодоорой. Үе тэнгийнхээ Гэрч хүүхдүүдтэй эсвэл итгэл нэгт ах эгч нартайгаа ярилцаарай. Чамд тохиолдсон шиг бэрхшээлийг тэд давсан байж болох шүү дээ. Хэрэв тийм бол Ехова яаж тусалж байсныг ярих биз ээ. Огт бодож үзээгүй аргаар тусалсан ч байж мэднэ.
МОСЕГ АНХААРЧ ХАЛАМЖИЛСАН НЬ
7, 8. Ехова Мосед хэрхэн санаа тавьсан бэ?
7 Мосег 80 настай байхад Ехова түүнд хэцүү даалгавар өгчээ. Израйлыг Египетийн боолчлолоос чөлөөлөх ёстой болов (Ег. 3:10). Мидианд 40 жил хонь хариулж буй Мосе ийм даалгавар аваад айж балмагдан «Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?» гэхэд Бурхан: «Би чамтай заавал хамт байна» гэж амлан тайвшруулсан (Ег. 3:11, 12). Бас «[Израйлын ахлагчид] чиний үгийг сонсоно» гэж батлан хэлэв. Гэсэн хэдий ч Мосе: «Хэрэв тэд ... миний үгийг сонсохгүй бол яах вэ?» гэж асуув (Ег. 3:18; 4:1). Энэ нь Бурхныг сөрж тэрсэлснээс өөрцгүй байлаа! Гэвч Ехова тэвчжээ. Тэр байтугай гайхамшиг үйлдэх хүч өгөв. Ийм хүчийг авсан анхны хүн нь Мосе юм (Ег. 4:2–9, 21).
8 Энэ бүхний дараа ч Мосе даалгавар биелүүлэхээс цааргалж, өөрийгөө хэл яриа муутай гэлээ. Бурхан: «Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана» хэмээн хариулжээ. Мосе үгэнд нь орсон уу? Үгүй. Өөр хүнийг явуулаач гэж Бурхнаас гуйв. Ехова ихэд уурласан боловч Мосед хатуурхсангүй. Сэтгэлийг нь ойлгоод Аароныг Мосегийн төлөөлөгч болгон томилжээ (Ег. 4:10–16).
9. Ехова Мосед тэвчээртэй хандаж, санаа тавьсан нь ямар үр дүнтэй байсан бэ?
9 Энэ түүхээс Еховагийн талаар юу мэдэж болох вэ? Тэрээр сүр хүчээр далайлган Мосег захирч юу хүссэнээ хийлгэж чадах байсан. Гэвч тэгээгүй. Хэр чадлаа мэддэг, даруу зантай энэ үйлчлэгчтэйгээ тэвчээртэй, эелдэг харьцсан төдийгүй хамт байхаа амласан. Үр дүнд хүрсэн үү? Тэгэлгүй яах вэ! Мосе Еховаг дуурайсан сайн удирдагч болжээ. Ард түмнээ анхаарч халамжлан, эелдэг зөөлөн харьцдаг байлаа (Тоол. 12:3).
10. Еховаг дуурайн бусдыг анхаарч халамжлах нь ямар ач тустай вэ?
10 Энэ явдлаас бид юу сурч болох вэ? Та өрхийн тэргүүн үү? Ахлагч уу? Тийм бол тодорхой эрх мэдэлтэй гэсэн үг. Тэгэхээр Еховаг дуурайн эхнэр, хүүхэд, хурлынхаа гишүүдийг анхаарч халамжлан, тэвчээртэй хандаж, эелдэг харьцах нь туйлын чухал юм! (Кол. 3:19–21; 1 Петр 5:1–3). Еховаг болон Их Мосе Есүс Христийг дуурайхыг хичээдэг бол та харьцахад амар, сэтгэл сэргээдэг хүн болно (Мат. 11:28, 29). Бас бусдад үлгэр дуурайл болно (Евр. 13:7).
СҮРДМЭЭР Ч ХАЙР ХАЛАМЖТАЙ АВРАГЧ
11, 12. Ехова израйлчуудыг айдас түгшүүрээс ангид байлгахын тулд яасан бэ?
11 Израйлчууд гурав дөрвөн үеэрээ амьдарсан Египет нутгаас МЭӨ 1513 онд гарах үедээ 3 сая гаруй байсан бололтой. Тэдний дунд хүүхэд хөгшид, өвчтэй зовлонтой, сохор доголон хүмүүс байсан. Өчнөөн олон хүнийг Египетээс гаргахад хайр халамжтай, зовлон ойлгодог удирдагч хэрэгтэй байв. Ехова чухам тийм Удирдагч гэдгээ баталсан учраас Израйлын ард түмэн юунаас ч айж түгшилгүйгээр Египет нутгаас гарчээ (Дуу. 78:52, 53).
12 Ехова тэднийг айдас түгшүүрээс ангид байлгахын тулд юу хийсэн бэ? Юуны өмнө, израйлчуудыг Египетээс «жагсаалаар цувран» гарахаар зохион байгуулсан (Ег. 13:18). Тийм сайн зохион байгуулсан учраас ард түмэн Бурхнаар удирдуулж байгаагаа тодорхой ойлгожээ. Түүнээс гадна Ехова тэдэнтэй хамт байгаагаа баталж «өдөр нь үүлээр, шөнөжин галын гэрлээр удирдсан» (Дуу. 78:14). Бас «Бүү ай. Би та нарыг удирдаж, хамгаална» гэж амлажээ. Үнэндээ ийм амлалт ард түмэнд зайлшгүй хэрэгтэй байлаа!
13, 14. а) Ехова израйлчуудыг хэрхэн анхаарч халамжилсан бэ? б) Ехова сүр хүчээ египетчүүдэд хэрхэн үзүүлсэн бэ?
13 Египетээс гарсан нь 14:19–22-ыг уншина. Та өөрийгөө израйлчуудын дунд байгаагаар төсөөл дөө. Фараоны цэргүүдэд хөөгдөж явтал Улаан тэнгис урд тань хөндөлсөхөд занганд орсон мэт санагдах байх. Тэгтэл Бурхан гар бие оролцох нь тэр! Израйлчуудын урд байсан үүлэн багана ард нь гарахад Египетийн цэргүүдийг харанхуй нөмрөв. Харин израйлчуудын хуаран өдөр мэт гэрэлтэй байлаа! Мосе тэнгис дээгүүр гараа сунгалаа. Дорнын хүчит салхи салхилахад ус хуваагдан өргөн зам дурайв. Танайхан гэр бүлээрээ мал сүргээ туугаад тэнгисийн ёроолоор бусдын адил цувран явна. Сонирхолтой нь тэнгисийн ёроол хув хуурай, шавар шавхайгүй, зассан зам шиг байсан тул явахад саадгүй байлаа. Арай ядан гэлдэрч яваа хүн ч айж түгших юмгүй явсаар нөгөө эрэг дээр гарав.
14 Египетээс гарсан нь 14:23, 26–30-ийг уншина. Тэгтэл бардам, мунхаг фараон та нарын араас хөөсөөр тэнгисийн ёроол руу давхин орлоо. Мосег тэнгис дээгүүр гараа дахин сунгахад хоёр талд тогтсон усан хана нүргэлэн буув. Фараон цэргүүдтэйгээ тэнгист живж үхлээ. Нэг ч хүн амьд үлдсэнгүй! (Ег. 15:8–10).
15. Энэ явдлаас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?
15 Ехова эмх журмыг эрхэмлэдэг Бурхан гэдгээ энэ явдлаар харуулсан (1 Кор. 14:33). Бас ард түмнээ анхаарч халамжилдаг Хоньчин гэдгээ баталсан. Тэрээр үйлчлэгчдээ дайснаас аварч, айдас түгшүүргүй байлгадаг. Үүнийг бодохлоор, өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртож байгаа ч бид сэтгэл амар байдаг! (Сур. 1:33).
16. Ехова израйлчуудыг аварсан түүхээс юу ойлгож болох вэ?
16 Ехова өнөөдөр ч ард түмнээ анхааран халамжилдаг. Өөртэй нь дотно байхад үргэлж туслахын зэрэгцээ дайснуудаас нь хамгаалдаг. Асар хурдан ойртож буй агуу их гамшгийн үеэр ч ард түмнээ хамгаална (Илч. 7:9, 10). Тиймээс хөгшин залуу, эрүүл чийрэг, өвчтэй зовлонтой хэн боловч агуу их гамшгийн үед айж сандрахгүй.b Харин ч баярлана! «Цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарыг аврах цаг ойртож байгаа юм» гэж Есүс Христийн хэлснийг санана (Лук 21:28). Бурхны ард түмэн рүү эртний фараоноос хавьгүй илүү хүчтэй Гог буюу эвсэн нэгдсэн үндэстнүүд дайрна. Тэр үед Ехова хамгаална гэдэгт бид итгэл төгс байна (Езе. 38:2, 14–16). Яагаад? Ехова өөрчлөгддөггүйг бид мэддэг. Ехова ч хайр халамжтай Аврагч гэдгээ дахин батална (Ис. 26:3, 20).
17. а) Ехова хүмүүст хэрхэн санаа тавьж байсныг судлах нь ямар ач холбогдолтой вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Ехова ард түмэндээ санаа тавьж, удирдан чиглүүлж, авран хамгаалдаг, хайр халамжтай, сайхан сэтгэлтэй Бурхан гэдгийг харуулах цөөн хэдэн жишээг энэ өгүүллээр үзлээ. Та иймэрхүү үйл явдлыг эргэцүүлэн бодохдоо Еховагийн зан чанарын талаар шинэ юм мэдэж авах зорилгоор жижиг сажиг зүйлийг ч анхаарч судлаарай. Сайхан зан чанарыг нь мэдэхийн хэрээр Еховаг улам их хайрлаж, итгэл тань батжих нь дамжиггүй. Гэрийнхэн, хурлынхан, хэсгийнхээ хүмүүсийг анхаарч халамжлах талаар Еховаг хэрхэн дуурайхыг дараагийн өгүүллээр үзье.
a Иудейн түүхч Иосефын бичсэнээр Самуел тэр үед 12-той байжээ.
b Хармагедоныг эсэн мэнд давах хүмүүсийн дунд эрэмдэг зэрэмдэг хүн байх нь ойлгомжтой. Есүс дэлхий дээр байхдаа «өвчин эмгэгтэй бүх хүнийг эдгээж» ирээдүйд юу хийхээ харуулсан. Тэрээр Хармагедоныг эсэн мэнд давах хүмүүсийг ч эдгээнэ гэсэн үг (Мат. 9:35). Харин нас барагсад амилахдаа л эрүүл саруул бие бялдартай болсон байна.