Их Мосег таньж мэдэгтүн
«Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун» (ҮЙЛС 3:22).
1. Есүс Христ түүхэнд ямар ул мөр үлдээсэн бэ?
ХОЁР мянган жилийн өмнө нэгэн хүүг төрөхөд тэнгэр элчүүд Бурхныг магтан алдаршуулахыг хэдэн хоньчин сонсжээ (Лук 2:8–14). Түүнээс хойш гучин жил өнгөрч өнөөх хүү эрийн цээнд хүрэв. Тэгээд Бурханд ердөө гурван жил хагас үйлчилсэн хэдий ч түүхэнд нэрээ үлдээжээ. ХІХ зууны нэрт түүхч Филип Шаф түүний тухай: «Тэрбээр ганц ч мөр тэрлээгүй атлаа эрт болон эдүгээгийн суутнуудаас илүүгээр ном зохиол, сургаал номлол, илтгэл хэлэлцүүлэг, судалгааны бүтээл, уран зураг, дуу шүлэгт мөнхөрсөн юм» гэж хэлжээ. Тэр суут залуу бол Есүс Христ юм.
2. Элч Иохан Есүсийн үйл хэргийн тухайд юу хэлсэн бэ?
2 Элч Иохан Есүсийн үйл хэргийг бичсэн номынхоо төгсгөлд: «Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог» хэмээн дүгнэжээ (Иох. 21:25). Иохан Есүсийн гурван жил хагасын хугацаанд хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэн бүхний өчүүхнийг нь тэмдэглэн үлдээснээ ойлгож байжээ. Иоханы бичсэн нь бага боловч хосгүй үнэ цэнэтэй.
3. Бурхны санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэг гүйцэтгэдгийг илүү сайн ойлгохын тулд яах нь зүйтэй вэ?
3 Евангелийн дөрвөн номоос гадна Библийн бусад номд ч бидний итгэлийг бэхжүүлдэг, Есүст хамаатай нарийн ширийн зүйл байдаг. Тухайлбал, дэлхийд ирэхээс нь өмнө амьдарч байсан Бурханд үнэнч зарим хүний түүхээс Бурхны санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэг гүйцэтгэдгийг тодорхой мэдэж болно. Хэдэн жишээ үзье.
Христийг төлөөлж байсан эртний хүмүүс
4, 5. Есүсийг хэн хэн, хэрхэн төлөөлж байсан бэ?
4 Иохан болон Евангелийн бусад гурван номыг бичигчдийн тэмдэглэснээр, Мосе Давид Соломон нар Бурхны Тослогдсон нэгэн, томилсон Хаан Есүсийг төлөөлж байжээ. Тэд Есүсийг хэрхэн төлөөлж байсан бэ? Тэдний түүхээс юу мэдэж болох вэ?
5 Товчхон хэлбэл, Мосе зөнч, зууч, аврагч байсныг Библид тэмдэглэсэн байдаг. Есүс ч бас зөнч, зууч, аврагч юм. Давид бол хоньчин, Израилийн дайсныг дарсан хаан байв. Есүс ч бас хоньчин бөгөөд ялан дийлэгч хаан билээ (Езек. 37:24, 25). Соломон Бурханд үнэнч байхдаа Израилийн ард олныг амар жимэр амьдруулсан мэргэн ухаант захирагч байсан (Х.дээд 4:25, 29). Есүс бас хосгүй мэргэн ухаантай, «Энхийн Жонон» билээ (Ис. 9:6). Эндээс үзэхэд, Есүс Христ эртний хүмүүсийнхтэй ижил төстэй боловч Бурхны санаа зорилго биелэхэд илүү чухал үүрэг гүйцэтгэдэг нь харагдаж байна. Эхлээд, Есүсийг Мосетой харьцуулж үзээд, Бурхны санаа зорилгод чухам ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэж авцгаая.
Мосе Есүсийг төлөөлж байсан нь
6. Элч Петр Есүст дуулгавартай байхын чухлыг хэрхэн тайлбарласан бэ?
6 МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан элч Петр Мосегийн хэлсэн, Есүс Христ дээр биелсэн нэг зөгнөлийг сүмд цугласан олонд иш татан хэлсэн. Тэнд цугласан хүмүүс Петр Иохан хоёрыг гуйлга гуйдаг төрөлхийн доголон хүнийг эдгээсэнд ихэд «гайхаж», энэ явдлын учрыг мэдэхийг хүсэж байлаа. Тэгэхэд нь Петр Есүс Христээр дамжуулан өгсөн Еховагийн ариун сүнсний хүчээр ийм гайхамшиг үйлдсэнээ тайлбарлажээ. Тэрбээр Еврей Судраас иш татан: «Мосе хэлэхдээ „Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун“ гэсэн юм» гэж хэлсэн (Үйлс 3:11, 22, 23; Дэд хууль 18:15, 18, 19-ийг уншина уу).
7. Петрийг сонсож байсан хүмүүс Мосегоос агуу зөнчийн талаар хэлснийг нь яагаад ойлгосон бэ?
7 Петрийг сонсож байсан иудейчүүд Мосег ихэд хүндэтгэдэг тул Мосегийн үгийг мэддэг байсан байж таарна (Д.хууль 34:10). Тэгээд ч Мосегоос агуу зөнчийн ирэхийг тэсэн ядан хүлээж байжээ. Тэрхүү зөнч нь жирийн нэг мессиа буюу Мосе гэх мэтийн тослогдсон нэгэн биш, харин жинхэнэ Мессиа, «Бурхны Христ», Еховагаар «Сонгогдсон Нэгэн» байх ажээ (Лук 23:35).
Есүс Мосе хоёрын ижил төстэй талууд
8. Мосе болон Есүсийн амьдралд тохиолдсон ижил төстэй үйл явдлын заримыг хэлнэ үү.
8 Есүсийн дэлхий дэх амьдрал зарим талаараа Мосегийнхтой төстэй. Тухайлбал, Мосе ч, Есүс ч нялх байхдаа харгис захирагчийн гараас амьд мэнд гарсан (Ег. 1:22–2:10; Мат. 2:7–14). Түүнээс гадна, Бурхан хоёуланг нь «Египетээс дуудан гаргасан». Зөнч Хосеа: «Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан» гэж бичжээ (Хос. 11:1). Энэ үг Бурхан «өөрийн хүү» буюу Израиль үндэстнийг томилсон удирдагч Мосегоор Египетээс гаргуулсныг сануулдаг (Ег. 4:22, 23; 12:29–37). Гэхдээ Хосеа ганц өнгөрсөн явдлыг дурссан бус, ирээдүйн явдлыг зөгнөсөн байжээ. Өөрөөр хэлбэл, Иосеф Мариа хоёр Херод хааныг нас барсны дараа Есүсийг авч Египетээс буцаж ирэхийг нь зөгнөсөн байв (Мат. 2:15, 19–23).
9. а) Мосе Есүс хоёр ямар ямар гайхамшиг үйлдсэн бэ? б) Есүс Мосе хоёрын ижил төстэй бусад талыг хэлнэ үү (26-р хуудсанд байгаа «Есүс бол Их Мосе гэдгийн учир» хавсралтыг үзнэ үү)
9 Мосе Есүс хоёрын хэн хэн нь Бурхнаас дэмжлэг авдгийнхаа баталгаа болгон гайхамшиг үйлдэж байсан билээ (Ег. 4:1–9). Библид бичсэнээр, Мосе бол гайхамшиг үйлдсэн анхны хүн юм. Тэрбээр Нил мөрөн болон ойр хавийнх нь тогтонги усыг цус болгож, Улаан тэнгисийг хувааж, цөлд хаднаас ус гаргаж явсан (Ег. 7:19–21; 14:21; 17:5–7). Есүс ч бас усыг хувиргах, захирах гэх мэтийн гайхамшиг үйлдэж байв. Тэрбээр нэгэн хурим дээр усыг дарс болгон анхны гайхамшгаа үйлдсэн билээ (Иох. 2:1–11). Хожим нь, Галил нуурыг догшин шуургатай байхад нь захирч номхруулсан түүхтэй. Нэг удаа бүр усан дээгүүр явсан! (Мат. 8:23–27; 14:23–25). Мосе болон Их Мосе Есүсийн ижил төстэй бусад талыг 26-р хуудасны хавсралтаас үзнэ үү.
Христ бол Зөнч
10. Жинхэнэ зөнч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Мосег жинхэнэ зөнч байсан гэхийн учир юу вэ?
10 Зөнч гэхлээр ихэнх хүн ирээдүйн явдлыг л хэлдэг хүн гэж боддог. Гэвч зөнч үүнээс илүү үүрэг гүйцэтгэдэг. Жинхэнэ зөнч Еховаг төлөөлдөг бөгөөд «Бурхны агуу үйлсийг» тунхагладаг (Үйлс 2:11, 16, 17). Ирээдүйн үйл явдлыг урьдаас хэлэхийн зэрэгцээ Еховагийн санаа зорилгыг мэдэгдэж, шүүх мэдээ болон шийтгэлийг нь тунхагладаг. Мосе тийм л зөнч байсан. Тэрбээр Египетэд учирсан Арван гамшгийг тухай бүрд нь урьдаас мэдэгдсэн. Бас Синаи уулын бэлд израильчуудад Хуулийн гэрээг дамжуулсан төдийгүй тэднийг Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд сургаж байв. Гэвч түүнээс агуу өөр зөнч ирэх байв.
11. Есүс Мосегоос агуу зөнч гэдгээ хэрхэн харуулсан бэ?
11 МЭӨ І зуунд Зехариа хүү Иоханых нь талаар Бурхан ямар зорилготой байгааг мэдэгдэн зөнчийн үүрэг гүйцэтгэжээ (Лук 1:76). Зехариагийн хүү нь Баптисм хүртээгч Иохан байсан бөгөөд тэрбээр ард олны он удаан жил хүлээсэн Мосегоос агуу зөнч болох Есүс Христийн ирэхийг мэдэгдсэн билээ (Иох. 1:23–36). Зөнчийн хувьд Есүс ч бас олон зөгнөл хэлсэн. Тухайлбал, хэзээ, яаж, хэний гарт үхэхээ хэлсэн (Мат. 20:17–19). Бас Иерусалим хот сүмтэйгээ хамт устгагдахыг зөгнөж олон хүний гайхлыг төрүүлсэн (Марк 13:1, 2). Түүний хэлсэн зөгнөлийн дунд өнөөдөр ч биелж байгаа зөгнөл бий (Мат. 24:3–41).
12. а) Есүс дэлхий дахинд явагдаж буй дэлгэрүүлэх ажлын үндэс суурийг хэрхэн тавьсан бэ? б) Бид Есүсийн үлгэр жишээг хэрхэн дуурайдаг вэ?
12 Есүс зөнчөөс гадна дэлгэрүүлэгч, багш байсан. Тэрбээр Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хэнээс ч илүү эр зоригтойгоор дэлгэрүүлсэн юм (Лук 4:16–21, 43). Бас хосгүй чадварлаг багш байсан. Түүний ярихыг сонссон зарим хүн: «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» гэсэн байдаг (Иох. 7:46). Есүс Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийн төлөө их хүчин зүтгэл гаргаад зогсохгүй шавь нартаа өөр шиг нь хүчин зүтгэл гаргах хүслийг төрүүлсэн. Ингэж дэлхий дахинаа явагдаж буй дэлгэрүүлэх болон заах ажлын үндэс суурийг тавьжээ (Мат. 28:18–20; Үйлс 5:42). Өнгөрсөн жил Христийн 7 сая орчим дагалдагч Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, сонирхсон хүмүүст Библийн үнэнийг заах ажилд 1 500 000 000 цаг зарцуулсан. Та энэ ажилд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулдаг уу?
13. Яавал «сэргэг» байх вэ?
13 Тэгэхлээр, Ехова зөгнөл ёсоор Мосе шиг зөнчийг гаргасан нь тодорхой байна. Энэ тухай мэдэхлээр танд ямар санагдаж байна вэ? Ойрын ирээдүйд биелэх учиртай бусад зөгнөл ч биелэх юм байна гэсэн итгэл төрж байна уу? Их Мосе Есүсийн үлдээсэн жишээг эргэцүүлэн боддог бол Бурхны тун удахгүй хийх бүхнийг хүлээнгээ «сэргэг бөгөөд эрүүл ухаантай байж» чадна (1 Тес. 5:2, 6).
Христ бол Зууч
14. Мосег Бурхан болон израильчуудын хооронд зууч байсан гэхийн учир юу вэ?
14 Есүс Мосегийн адилаар зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Мосе Еховагийн израильчуудтай байгуулсан Хуулийн гэрээний зууч байсан. Иаковын хөвгүүд Бурхны хуулийг дуулгавартай сахисан цагтаа Бурхны эзэмшил, Бурхны хурал байх байв (Ег. 19:3–8). Уг гэрээ нь МЭӨ 1513 оноос МЭ І зуунд хүчин төгөлдөр байсан.
15. Есүсийг Мосегоос агуу зууч гэхийн учир юу вэ?
15 Ехова тослогдсон христиануудаас бүрддэг, хожим нь дэлхий дахины хурал болсон шинэ Израиль буюу «Бурхны Израильтай» нэгэн давуу гэрээг МЭ 33 онд байгуулсан (Гал. 6:16). Бурхны Мосегоор зуучлуулсан гэрээний хууль нь чулуун дээр бичигдсэн бол Есүсээр зуучлуулсан гэрээний хууль нь хүний зүрхэнд бичигдсэн байв. Үүгээрээ Есүс зуучтай гэрээ давуу юм (1 Тимот 2:5; Еврей 8:10-ыг уншина уу). Ийнхүү «Бурхны Израиль» нь Бурхны эзэмшил, Мессиагийн Хаанчлалын «үр жимсийг нь ургуулах үндэстэн» болжээ (Мат. 21:43). Шинэ гэрээнд зөвхөн тослогдсон христианууд багтдаг боловч уг гэрээний ач тусыг өөр хүмүүс ч бас хүртдэг. Тэр байтугай, нас барсан хүмүүс тэрхүү давуу гэрээний ачаар үүрдийн ивээл хүртэнэ.
Христ бол Аврагч
16. а) Ехова Мосег хэрхэн аврагч болгосон бэ? б) Египетээс гарсан нь 14:13-т бичсэнээр, жинхэнэ Аврагч хэн бэ?
16 Израильчуудын Египетийн нутагт өнгөрүүлсэн сүүлчийн орой зарим хүүхдэд нь ноцтой аюул заналхийлж байлаа. Учир нь Бурхны тэнгэр элч Египетийн нутгаар өнгөрөхдөө бүх ууган хүүхдийг хөнөөх гэж байв. Гэхдээ израильчууд Дээгүүр өнгөрөх баярын хурганы цусыг хаалганыхаа хатавч, тотгонд түрхвэл ууган хүүхдүүд нь аврагдана гэж Ехова Мосегоор хэлүүлжээ (Ег. 12:1–13, 21–23). Бүх юм Еховагийн хэлснээр болсон. Дараа нь, бүх израильчуудын амь насанд аюул заналхийлэв. Тэд Улаан тэнгис болон араас нь морин тэргээр элдэн хөөж ирсэн египетчүүдийн дунд хашигдав. Тэгтэл Ехова гайхамшиг үйлдэн Мосегоор Улаан тэнгисийн усыг хуваалгаж, дахин тэднийг аварчээ (Ег. 14:13, 21).
17, 18. Есүсийг Мосегоос агуу аврагч гэхийн учир юу вэ?
17 Ехова Мосегийн оролцоотойгоор ард түмнээ авран, агуу үйлс бүтээж байсан. Гэхдээ Есүсийн оролцоотойгоор бүтээдэг үйлс нь илүү агуу юм. Ехова нүгэлд боолчлогдсон дуулгавартай хүмүүсийг Есүсээр дамжуулан аварна (Ром 5:12, 18). Тэднийг «үүрд чөлөөлнө» гэж Библид бичсэн байдаг (Евр. 9:11, 12, ШГ). Есүсийн нэр «Ехова бол Аврал» гэсэн утгатай. Аврагч Есүс дагалдагчдаа урьдын нүглээс нь авраад зогсохгүй тэдэнд сайхан ирээдүйн үүдийг нээдэг. Есүс тэднийг нүглийн боолчлолоос чөлөөлөн Бурхны уур хилэнгээс хэлтрүүлээд зогсохгүй Бурхантай чин сэтгэлийн дотно харьцаа тогтоох боломжийг олгодог (Мат. 1:21).
18 Бас Есүс цаг нь болохлоор нүглийн гунигт үр дагавар болох өвчин, бүр үхлээс ч ангижруулна. Үүнийг бүрэн гүйцэд ойлгохын тулд Есүсийг Иайр гэгч хүний гэрт очиход юу болсныг авч үзье. Иайр арван хоёр настай охиноо алдчихаад байв. Есүс түүнд охиныг нь аврахаа амлан: «Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно» гэжээ (Лук 8:41, 42, 49, 50). Есүсийн хэлснээр охин амилав! Эцэг эх нь хэчнээн их баярласан бол оо? Одоо та «булшинд байгчид бүгдээрээ [Есүсийн] дууг сонсон, гарч ирэх» тэр цагт ямар их баяр хөөр болохыг төсөөлж чадах болсон биз ээ (Иох. 5:28, 29). Есүс үнэхээр Аврагч мөн байгаа биз? (Үйлс 5:31-ийг уншина уу; Тит 1:4; Илч. 7:10).
19, 20. а) Их Мосе Есүсийн үүргийг эргэцүүлэн бодохлоор ямар сэтгэл төрдөг вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
19 Бид Аврагч Есүсийн үйл хэргийн ач тусыг хүртэхэд нь хүмүүст туслах боломжтой. Ингэж бодохлоор, дэлгэрүүлэх болон заах ажилд идэвхтэй оролцох хүсэл төрдөг (Ис. 61:1–3). Бас Их Мосе Есүс ямар үүрэг гүйцэтгэдгийг эргэцүүлэн бодохлоор ёс бус хүмүүсийг устгахаар ирэхдээ дагалдагчдаа аварна гэдэгт нь улам бат итгэдэг (Мат. 25:31–34, 41, 46; Илч. 7:9, 14).
20 Тийм ээ, Есүс бол Их Мосе мөн. Тэрбээр Мосегийнхтой харьцуулшгүй агуу үйл бүтээсэн. Зөнч, Зууч Есүсийн үг сургаал, үйл хэрэг нь бүх хүн төрөлхтөнд ач холбогдолтой. Аврагч Есүсийн үйл хэрэг хүмүүст түр зуурын бус, үүрдийн ач тустай. Гэхдээ эртний үнэнч хүмүүсийн түүхээс Есүсийн талаар илүү ихийг мэдэж болно. Есүсийг Их Давид, Их Соломон гэж үзэж болохын учрыг дараагийн өгүүллээс мэдэж авцгаая.
Тайлбарлана уу
Есүсийг Мосегоос агуу ...
• зөнч гэхийн учир юу вэ?
• зууч гэхийн учир юу вэ?
• аврагч гэхийн учир юу вэ?
[26-р хуудасны хавсралт/зураг]
Есүс бол Их Мосе гэдгийн учир
Есүс Мосе хоёрын хэн хэн нь:
◻ Ехова болон ард түмэнд нь үйлчлэхийн тулд өндөр байр сууриа орхисон (2 Кор. 8:9; Флп. 2:5–8; Евр. 11:24–26).
◻ «Христ» буюу Еховагийн томилсон нэгэн байсан (Марк 14:61, 62; Иох. 4:25, 26; Евр. 11:26, ШЕ).
◻ Еховагийн «нэрээр» ирсэн буюу Еховаг төлөөлсөн (Ег. 3:13–16; Иох. 5:43; 17:4, 6, 26).
◻ даруу зантай (Тоо. 12:3; Мат. 11:28–30).
◻ олон хүнийг хооллосон (Ег. 16:12; Иох. 6:48–51).
◻ шүүх эрх мэдэлтэй байсан бөгөөд хууль өгсөн (Ег. 18:13; Мал. 4:4; Иох. 5:22, 23; 15:10).
◻ Бурхны «гэрийг» тэргүүлэх үүрэг хүлээж байсан (Тоо. 12:7; Евр. 3:2–6).
◻ Еховагийн үнэнч гэрч (Евр. 11:24–29; 12:1; Илч. 1:5).
◻ нас барахад Бурхан цогцсыг нь алга болгосон (Д.хууль 34:5, 6; Лук 24:1–3; Үйлс 2:31; 1 Кор. 15:50; Иуда 9).