ХИЧЭЭЛ 35
Яаж зөв шийдвэр гаргах вэ?
Бүх хүн шийдвэр гаргадаг. Жишээлбэл хаана амьдрах, ямар ажил хийх, гэрлэх үү, ганц бие байх уу гэдгээ шийддэг. Бид ямар шийдвэр гаргахаас яаж амьдрах, Еховатай хэр дотно байх маань шалтгаална. Зөв шийдвэр гаргавал өөрсдөө сэтгэл хангалуун байна, Еховаг ч баярлуулна.
1. Зөв шийдвэр гаргахын тулд Библийг яаж удирдлага болгох вэ?
Шийдвэр гаргахаасаа өмнө Еховагаас тусламж гуйж залбираарай. Тэгээд тухайн асуудлаар Ехова ямар үзэл бодолтойг мэдэхийн тулд Библийг нямбай судлаарай (Сургаалт үгс 2:3–6-г уншина уу). Зарим асуудлаар Ехова тодорхой заавар өгсөн байдаг. Еховагийн зааврыг дагавал хамгийн сайн үр дүнд хүрнэ.
Гэхдээ Библид тодорхой заавар байхгүй бол яах вэ? Тийм үед ч Ехова «явах ёстой замаар» маань удирддаг (Исаиа 48:17). Яаж? Ехова үзэл бодол, сэтгэл мэдрэмжээ ойлгуулахын тулд хэзээ ч хаана ч өөрчлөгддөггүй бодит үнэнийг Библид бичүүлсэн байдаг. Үүнийг зарчим гэдэг. Тэдгээр зарчмыг баримталбал зөв шийдвэр гаргана. Түүнчлэн Библид гардаг үйл явдлуудаас Еховагийн үзэл бодлыг мэдэж болдог. Энэ мэдлэгтээ үндэслэн Еховад таалагдах шийдвэр гаргах боломжтой.
2. Шийдвэр гаргахаасаа өмнө юу юуг бодох ёстой вэ?
«Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 14:15). Өөрөөр хэлбэл, яаран шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Шийдвэр гаргахаасаа өмнө дараах асуултуудыг бодож үзэх хэрэгтэй. «Энэ асуудалд Библийн ямар ямар зарчим хамаатай вэ? Ямар шийдвэр гаргавал сэтгэл тайван байх вэ? Миний гаргах шийдвэр бусдад яаж нөлөөлөх вэ? Хамгийн гол нь Еховаг баярлуулах уу?» (Дэд хууль 32:29).
Ехова юу нь зөв, юу нь буруу болохыг тогтоох эрхтэй. Тийм учраас бид хууль, зарчмуудыг нь сайн судлах хэрэгтэй. Ингэж судалсныхаа дагуу шийдвэр гаргавал мөс чанараа зөв ажиллуулж сурна. Мөс чанар гэдэг бол зөв, бурууг ялгах төрөлхийн мэдрэмж юм (Ром 2:14, 15). Мөс чанараа сайн сургавал зөв шийдвэр гаргана.
УХАЖ ОЙЛГОЁ
Зөв шийдвэр гаргахад Библийн зарчмууд болон мөс чанар ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ? Үүнийг дэлгэрэнгүй мэдэж аваарай.
3. Библийг удирдлага болгоорой
Библийн зарчмыг удирдлага болгон яаж шийдвэр гаргах вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Сонгох эрх чөлөө гэж юу вэ?
Ехова бидэнд яагаад сонгох эрх чөлөө өгсөн бэ?
Ехова биднийг сонгох эрхээ зөв эдлэхэд маань зориулж юу өгсөн бэ?
Библид олон зарчим бий. Нэг жишээг нь Эфэс 5:15, 16-аас уншина уу. Дараах зорилгодоо хүрэхийн тулд цагаа яаж зөв ашиглах вэ?
Библиэ тогтмол унших
Илүү сайн хань ижил, эцэг эх, үр хүүхэд болох
Цуглаанд суух
4. Зөв шийдвэр гаргахын тулд мөс чанараа сургаарай
Тухайн асуудалтай холбоотой тодорхой заавар Библид байвал зөв шийдвэр гаргах амархан. Гэхдээ тодорхой заавар байхгүй бол яах вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Видеонд гарсан Гэрч эмэгтэй мөс чанараа сургаж, Еховад таалагдах шийдвэр гаргахын тулд юу юу хийсэн бэ?
Бид яагаад бусдаар шийдвэр гаргуулж болохгүй вэ? Еврей 5:14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бусдаар шийдүүлэх нь амархан байж болох ч бид өөрсдөө юуг ялгаж салгаж чаддаг байх ёстой вэ?
Мөс чанараа сургаж зөв шийдвэр гаргахад тань туслах юу юу байдаг вэ?
5. Бусдын мөс чанарыг хүндлээрэй
Хүн бүр өөр өөр шийдвэр гаргадаг. Бусдын сэтгэлийг өвтгөхгүйгээр яаж шийдвэр гаргах вэ? Дараах хоёр нөхцөлийг авч үзье.
1-р нөхцөл. Тодорхой нэг загварын хувцас өмсөх дуртай Гэрч эмэгтэй өөр хурал руу нүүжээ. Гэтэл шинэ хурлынх нь олон Гэрч эмэгтэй тийм хувцас өмссөн хүнийг хараад дургүйцдэг.
Ром 15:1; 1 Коринт 10:23, 24-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эдгээр зүйлийг үзвэл, тэр Гэрч эмэгтэй яахаар шийдэж болох вэ? Хэрэв таны мөс чанар зөвшөөрдөг юмыг өөр хүн зөвшөөрөхгүй байвал та яах вэ?
2-р нөхцөл. Нэг Гэрч эрэгтэй согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг Библид буруушаадаггүйг мэддэг ч огт амсахгүй байхаар шийджээ. Харин нэг удаа айлд уригдаад очтол Гэрч эрэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэж байв.
Номлогчийн үгс 7:16; Ром 14:1, 10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эдгээр зүйлийг үзвэл, тэр Гэрч эрэгтэй яахаар шийдэж болох вэ? Таны мөс чанар зөвшөөрдөггүй зүйлийг өөр хүн хийж байвал та яах вэ?
Зөв шийдвэр гаргах алхмууд:
1. Зөв шийдвэр гаргахад туслахыг Еховагаас гуйгаарай (Яаков 1:5).
2. Тухайн асуудалтай холбоотой зарчмуудыг мэдэхийн тулд Библи, Библид үндэслэсэн ном хэвлэлийг судлаарай. Бас төлөвшсөн Гэрчээс зөвлөгөө авч болно.
3. Үр дүнг нь бодоорой. Гаргах шийдвэр тань таны болон бусдын мөс чанарыг өвтгөх эсэхийг харгалзаж үзээрэй.
ЗАРИМ ХҮН: «Чи хүссэнээ хийх эрхтэй шүү дээ. Бусад хүн юу гэж бодох нь ямар хамаатай юм бэ!» гэдэг.
Бид яагаад Бурханд болон бусдад ямар санагдахыг бодох хэрэгтэй вэ?
ДҮГНЭЛТ
Зөв шийдвэр гаргахын тулд Еховагийн үзэл бодлыг мэдэж аваад бусдад яаж нөлөөлөхийг бодох хэрэгтэй.
Давтах асуулт
Яавал Еховад таалагдах шийдвэр гаргах вэ?
Мөс чанараа яаж сургах вэ?
Бусдын мөс чанарыг хүндэлдгээ яаж харуулах вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Еховатай дотносоход тустай шийдвэр гаргахын тулд яах вэ?
«Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун» («Харуулын цамхаг», 2011 оны 4-р сарын 15)
Хэцүү асуудлыг шийдэхэд нь нэг залууд юу тус болсон бэ?
Библид тодорхой заавар байхгүй бол яах вэ? Тийм үед Еховад таалагдах шийдвэр яаж гаргахыг мэдэж аваарай.