Ехова «та нарын толгой дээрх ширхэг үсийг тоолсон байна»
«Эцгийн тань зөвшөөрөлгүйгээр... нэг... ч [бор шувуу] газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна» (МАТАЙ 10:29, 30).
1, 2. а) Иов өөрийгөө яагаад Бурханд хаягдсан гэж бодсон бэ? б) Хэлсэн үгнээс нь харахад Иов Еховаг эсэргүүцэгч болсон гэсэн үг үү? Тайлбарлана уу.
«ТУСЛАМЖ гуйн орилоход минь та хариу өгсөнгүй. Өндийн босоод ярихад минь үг дуугүй л ширтэх юм. Та үнэхээр надад хатуу хандаж, бүх чадлаараа хавчин хяхаж байна». Энэ үгийг хэлсэн хүн асар их зовж шаналж байсан бөгөөд үүнд гайхах ч хэрэггүй юм! Тэрбээр үгүйрэн хоосорч, үр хүүхдээ алдахын гашуун зовлонг үзэж, өөрөө шаналгаат өвчинд баригдсан байлаа. Нэрийг нь Иов гэх энэ хүний амьдралын тэрхүү зовлонт үеийг бидний тусын тулд Библид тэмдэглэн үлдээжээ (Иов 30:20, 21, ОУБНН, 1990 он).
2 Хэлсэн үгнээс нь харахад Иов Бурхныг эсэргүүцэгч болсон гэмээр. Гэвч тийм биш ээ. Сэтгэл нь шаналсандаа л тэгж хэлсэн хэрэг (Иов 6:2, 3). Хэргийн эзэн нь Сатан байсныг мэдээгүй учраас Бурхан өөрийг нь орхисон гэж эндүү ойлгожээ. Тэр ч байтугай, Еховад: «Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?» гэж хэлсэн удаатайa (Иов 13:24).
3. Гай зовлон учрахад ямар бодол толгойд орж ирж болох вэ?
3 Еховагийн олон үйлчлэгч өнөөдөр дайн дажин, нийгмийн хямрал, байгалийн гамшиг, өвчин, хөгшрөл, туйлын ядуурал, төр засгийн хориг зэргээс болж эцэс төгсгөлгүй зовж байна. Таныг ч бас зовлон тойроогүй байх. Заримдаа Ехова танаас «нүүрээ нуусан» мэт бодогдох үе ч байж болох. Иохан 3:16-д байдаг «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн» гэдэг үгийг та сайн мэддэг ч, зовлон дуусахгүй юм шиг санагдахад, «Бурхан надад үнэхээр хайртай гэж үү? Яаж зовж байгааг минь хардаг юм уу? Намайг ер нь хүн гэж тоодог юм уу даа?» гэж бодож магад.
4. Паул ямар сорилтыг удаан хугацаагаар тэвчсэн бэ? Тиймэрхүү сорилтод бид яаж хандаж магадгүй вэ?
4 Элч Паулд юу тохиолдсоныг үзье. Тэрбээр: «Махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ. Үүнийг надаас салгаач гэж би... Эзнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм» хэмээн бичжээ. Ехова гуйлтыг нь сонссон ч Паулын зовлонг гайхамшгаар арилгахгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ «махан биеийнхээ өргөсийг» тэвчих хүч өгнө гэдэгт нь Паул Бурханд найдах ёстой байлааb (2 Коринт 12:7–9). Танд ч бас одоо ямар нэг сорилт тулгарчээ гэж бодъё. Тэгвэл та: «Ехова миний энэ сорилтыг арилгах юу ч хийхгүй юм бол намайг ямар нөхцөлд байдгийг мэддэггүй эсвэл надад санаа тавьдаггүй болж таарах нь ээ?» гэж бодож магадгүй. Гэвч тийм биш ээ! Ехова үнэнч үйлчлэгч бүрдээ онцгой анхаарал халамж үзүүлдийг элч нараа сонгосныхоо дараахан хэлсэн Есүсийн үг тодорхой харуулдаг. Тэр үг бидэнд одоо ч урам хайрладаг. Энэ тухай ярилцъя.
«Бүү ай» гэсний учир юу вэ?
5, 6. а) Есүс элч нартаа ирээдүйд тохиолдох бэрхшээлээс айхгүй байхад нь хэрхэн тусалсан бэ? б) Паул Еховагийн хайр халамжид байдаг гэдэгт итгэдгээ хэрхэн харуулсан бэ?
5 Элч нар нь Есүсээс «бузар сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээх» ер бусын хүч авсан. Гэлээ гээд, сорилт бэрхшээл, хатуу хүтүү амьдрал туулахгүй гэсэн үг биш байв. Харин ч бүр, ямар бэрхшээл тохиолдохыг Есүс нэгбүрчлэн хэлж өгсөн. Гэхдээ тэднийг зоригжуулж: «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг [амийг] хөнөөж үл чадна» гэж хэлсэн (Матай 10:1, 16–22, 28).
6 Ямар учраас айх хэрэггүйг ойлгуулахын тулд Есүс элч нартаа хоёр жишээ ярьж өгсөн. Тэрбээр: «Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай, та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй» гэжээ (Матай 10:29–31). Ехова хүн нэг бүрд санаа тавьдаг гэдэгт итгэдэг хүн гай зовлон учрахад айдаггүй байх нь. Элч Паул тэгж итгэдэг байсан нь тодорхой. Тэрбээр: «Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? Тэр Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?» гэж бичжээ (Ром 8:31, 32). Та ч бас ямар ч бэрхшээлтэй учирсан, үнэнч л байвал Ехова танд санаа тавьдаг гэдэгт итгээрэй. Есүсийн элч нартаа өгсөн захиасыг бүр дэлгэрэнгүй үзвэл энэ танд илүү ойлгомжтой болно.
Бор шувууны үнэ цэн
7, 8. а) Есүсийн үед бор шувууг юу гэж үздэг байсан бэ? б) Эх Библийн «Матай» номын 10:29-д жижигхэн бор шувуу гэдэг утгатай грек үгийг хэрэглэсэн нь ямар учиртай вэ?
7 Ехова үйлчлэгч нэг бүрээ анхааран халамжилдгийг Есүсийн хэлсэн жишээ тодорхой харуулдаг. Эхлээд бор шувууны тухай ярилцъя. Есүсийн үед бор шувууг хүнсэнд хэрэглэдэг ч, ургац сүйтгэдгээс нь болоод газар тариалангийн дайсан гэж үздэг байжээ. Их элбэг энэ шувуунаас хоёрыг манай одоогийн ханшаар жар орчим төгрөгтэй тэнцэх үнээр авч болдог байв. Харин зуун хорь орчим төгрөгт дөрөв биш, тав ирдэг байна. Учир нь нэгийг үнэгүй дагалдуулж өгдөг ажээ (Лук 12:6).
8 Хаа сайгүй байдаг энэ шувууны овор хэмжээг бодож үзье. Бусад шувуутай харьцуулахад нас бие гүйцсэн бор шувуу ч хариугүй жижигхэн байдаг. Матай 10:29-д «бор шувуу» гэж орчуулсан грек үгээр, тэр тусмаа жижигхэн бор шувууг хэлдэг ажээ. Есүс хүний анхааралд өртөөд байдаггүй шувууг элч нартаа бодуулах санаатай байсан бололтой.
9. Есүсийн ярьсан бор шувууны тухай жишээ ямар чухал санаа хэлж өгдөг вэ?
9 Ямар нэг зүйл хүнд үнэ цэнгүй мэт санагдаж болох ч Бурханд үнэтэй гэдэг чухал санааг Есүсийн ярьсан бор шувууны тухай жишээ хэлж өгдөг. Еховагийн зөвшөөрөлгүйгээр бяцхан бор шувуу «газарт унахгүй» гэдгийг Есүс нэмж хэлэн, энэ санааг онцолжээ.c Тэгэхлээр бид юу ойлгож авав аа? Хэрэв Ехова Бурхан хамгийн бяцхан, бусдын тоож үздэггүй шувууг анхаардаг юм бол өөрт нь үйлчилдэг хүнийг бүр ч их халамжлах нь лавтай!
10. «Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон» гэдэг нь ямар учиртай вэ?
10 Есүс бор шувууны тухай яриад, цааш нь: «Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна» хэмээн нэмж хэлжээ (Матай 10:30). Богинохон хэр нь гүнзгий утгатай энэ өгүүлбэр Есүсийн хэлсэн бор шувууны тухай жишээг улам ач холбогдолтой болгодог. Ер нь хүний толгойд дунджаар 100 000 ширхэг үс бий. Нэг нь нөгөөтэйгөө яг адилхан юм шиг харагддаг үснээс бид аль нэгийг нь онцлоод байдаггүй. Гэтэл Ехова Бурхан үс нэг бүрийг ширхэг дараалан харж, тоолсон байдаг байна. Тийм атал бидний амьдралын бүхий л нарийн ширийнийг мэдэж чадахгүй байна гэж үү? Бурхан үйлчлэгч бүрийнхээ хувийн онцлогийг ойлгодог нь дамжиггүй. Үнэндээ, тэрбээр «зүрхийг хардаг» билээ (1 Самуел 16:7).
11. Давид Еховагийн хайр халамжид байдаг гэдэгт итгэдгээ хэрхэн илэрхийлсэн бэ?
11 Хүнд хэцүүг тойрч гараагүй Давид Еховагийн хайр халамжид байдагтаа итгэлтэй байсан. Тэрбээр: «Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог» гэж бичжээ (Дуулал 139:1, 2). Ехова таныг ч бас мэддэг, тоодог гэдэгт итгээрэй (Иеремиа 17:10). Та өөрийгөө, бүхнийг тольдогч Еховагийн мэлмийд анзаарагдалгүй өнгөрөх тийм өчүүхэн амьтан гэж яаран бүү бодоорой!
«Миний нулимсыг тулмандаа хийгээч»
12. Ехова ард түмнийхээ зовлонг сайн мэддэг нь хаанаас харагддаг вэ?
12 Ехова өөрийнхөө үйлчлэгч тус бүрийг мэдээд зогсохгүй, хүн бүр ямар зовлон эдэлж буйг ч бас сайн мэддэг. Жишээлбэл, израильчуудыг боол болон дарлагдаж байхад Мосед: «Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 3:7). Ехова биднийг зовж шаналсан үед юу болж байгааг хараад, «хашхирааныг [маань] сонсдог» гэж бодохлоор хэчнээн тайвширмаар вэ! Тэрбээр бидний зовж байгааг анхаарахгүй өнгөрдөггүй ажээ.
13. Ехова үйлчлэгчдээ чин сэтгэлээсээ өрөвдөн хайрладаг нь юунаас харагддаг вэ?
13 Ехова өөртэй нь харьцаа тогтоосон хүмүүст санаа тавьдгийг израильчуудыг хэрхэн өрөвдөн хайрлаж байснаас харж болно. Тэд ихэнхдээ зөрүүд зангаасаа болж зовдог байсан ч, Исаиа Еховагийн тухай: «Тэдний бүх л зовлон дотор Тэр зовсон» гэж бичжээ (Исаиа 63:9). Тэгэхлээр, Еховагийн үнэнч үйлчлэгч таныг шаналахад Ехова ч бас шаналдаг байх нь ээ. Одоо танд, бэрхшээл зовлонтой зоригтой тулж, Бурханд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийсээр байх урам зориг төрж байгаа биз дээ? (1 Петр 5:6, 7).
14. Давид 56-р дууллыг зохиох үедээ ямар байдалтай байсан бэ?
14 Ехова өөрт нь санаа тавьж, өрөвдөн хайрладаг гэдэгт Давид итгэж байсныг Саул хаанаас зугтаж явахдаа зохиосон 56-р дуулал нь тод харуулдаг. Давид Гат уруу зугтаж очдог ч, филистчүүдэд баригдахаас айж байсан. Тэрбээр: «Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогч тэд олуулаа билээ» гэж бичжээ. Давид аюулд орсон тул Еховад хандан: «Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг. Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм» гэж хэлсэн (Дуулал 56:2, 5).
15. а) Давид нулимсаа Еховагийн «тулманд» хийлгэж, «номд» бичүүлэх гэж гуйсан нь ямар учиртай вэ? б) Итгэлийн сорилттой тулгарахдаа юунд эргэлзэх хэрэггүй вэ?
15 Дараа нь Давид: «Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?» хэмээн сонирхолтой үг хэлснийг Дуулал 56:8-д тэмдэглэжээ. Еховагийн хайр халамжийн талаар үнэхээр сэтгэл хөдлөм бичсэн байгаа биз! Бид сэтгэл санааны дарамтад орсон үедээ Ехова уруу уйлан хашгирч болох нь байна. Төгс хүн Есүс хүртэл тэгж байсан шүү дээ (Еврей 5:7). Ехова өөрийг нь ажигладаг гэдэгт, нулимсыг нь тулманд хийж, номд бичиж байгаа юм шиг зовлон шаналлыг нь санана гэдэгт Давид эргэлздэггүй байсан. Таны нулимс тэр «тулмыг» юм уу тийм «номын» олон хуудсыг дүүргэсэн юм шиг санагдсан байж ч мэднэ. Хэрэв тийм бол, «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» гэсэн Библийн үг таныг тайвшруулах буй заа (Дуулал 34:18).
Бурхантай дотно харьцаа тогтоох нь
16, 17. а) Ехова үйлчлэгчдэдээ тулгардаг бэрхшээлийг анхаарахгүй өнгөрдөггүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Ехова хүмүүстэй дотно харьцаа тогтоохын тулд яадаг вэ?
16 «Толгой дээрх ширхэг үсийг... [маань] хүртэл тоолдог» тийм халамжтай Бурхныг шүтэх хосгүй завшаан бидэнд олджээ. Бүх өвчин эмгэг, зовлон бэрхшээл үгүй болох шинэ ертөнц хараахан ирээгүй байгаа ч Ехова ард түмэндээ яг одоо нэгэн гайхамшгийг үйлдэж байна. Давид: «Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг. Тэр тэдэнд өөрийн гэрээг мэдүүлнэ» гэж бичжээ (Дуулал 25:14, ШЕ).
17 Төгс бус хүмүүс Еховатай «дотно харьцаатай байна» гэхэд санаанд багтамгүй! Гэсэн ч Ехова өөрөөс нь эмээдэг хүмүүсийг асартаа урьж, Давидын хэлснээр, тэдэнд гэрээгээ мэдүүлдэг (Дуулал 15:1—5). Ехова тэдэнд итгэл хүлээлгэн, зөнчдөөрөө дамжуулан «нууцаа» хэлдэг. Ингэснээр тэд түүний санаа зорилгыг мэдэж, тэр дагуу амьдрахын тулд яах ёстойгоо ойлгох юм (Амос 3:7).
18. Ехова бидэнтэй дотно харьцаа тогтоохыг хүсдэгийг бид хаанаас мэддэг вэ?
18 Төгс бус хүмүүс бид Хамгийн дээд Бурхан Еховатай дотно харьцаа тогтоож болно гэдэг ямар сайхан юм бэ! Тэгэхдээ бүр, Бурхны өөрийнх нь урилгаар шүү! Библид: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэдэг (Иаков 4:8). Ехова биднийг өөртэй нь дотно харьцаа тогтоогоосой гэж хүсдэг. Анхны алхмыг, үнэндээ, тэр өөрөө хийсэн билээ. Есүсийн золих тахил бидэнд Төгс хүчит Бурхантай анд нөхөд болох үүд хаалгыг нээж өгсөн. Библид: «Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» гэжээ (1 Иохан 4:19).
19. Тэсвэр хатуужил Еховатай тогтоосон харьцааг хэрхэн зузаатгадаг вэ?
19 Хүнд сорилтыг тэвчих үед энэ дотно харьцаа маань улам зузаардаг. Шавь Иаков: «Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна» хэмээн бичжээ (Иаков 1:4). Сорилтыг тэвчихийн «үр дүн» юу вэ? Паулын «махан биеийн өргөсийг» эргэн саная. Тэсвэр хатуужилтай байсныхаа хүчинд Паул ямар үр дүнд хүрлээ? Тэрбээр тулгарсан сорилтынхоо тухай: «Би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» гэж хэлжээ (2 Коринт 12:9, 10). Ехова шаардлагатай бол сорилтыг тэвчих хүч буюу «хирээс хэтэрсэн хүч» (ШЕ) өгдгийг Паул биеэрээ амсжээ. Үүний дүнд Есүс Ехова хоёртой илүү дотно харьцаатай болсон (2 Коринт 4:7; Филиппой 4:11–13).
20. Бэрхшээл зовлон учирвал Ехова биднийг дэмжинэ, тайвшруулна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
20 Тулгарсан сорилтыг давах хүчийг Ехова тэр дор нь өгөхгүй байж ч болох юм. Гэлээ ч, «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» хэмээн өөрөөс нь эмээдэг хүмүүст өгсөн амлалтыг нь санаж яваарай (Еврей 13:5). Ехова амласан ёсоороо таныг дэмжиж, тайвшруулна. Тэрбээр «толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл тоолсон байгаа» шүү дээ. Тэсвэр хатуужилтай байгааг тань ч хардаг. Таныг зовоход элэг зүрх нь эмтэрч, таны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Бас «өөрийнх нь нэрийн төлөөх үйл хэргийг болон хайрыг тань» хэзээ ч мартахгүй (Еврей 6:10).
[Зүүлт]
a Үүнтэй төстэй үгийг зөвт хүн Давид болон Корагийн үнэнч хөвгүүд хэлж байсан (Дуулал 10:1; 44:24).
b Паулын «махан биеийн өргөс» гэж чухам юу болохыг Библид тодорхой бичээгүй. Нүднийх нь өвчин гэх мэт бие махбодын зовуурь байж болох юм. Эсвэл өөрийг нь элч байх эрхтэй эсэх талаар маргаан хийдэг хуурамч элч нар болон бусад хүнийг хэлсэн байж болох талтай (2 Коринт 11:6, 13–15; Галат 4:15; 6:11).
c Бор шувуу «газарт унах» гэдгээр зөвхөн үхэхийг хэлсэн хэрэг биш гэж зарим эрдэмтэн үздэг. Тэднийхээр бол, шувуу хоол хайж, газарт буух гэсэн санаа гардаг байж болох ажээ. Хэрэв энэ тайлбар зөв бол Бурхан шувууг зөвхөн үхэхэд нь бус, өдөр бүр санаа тавьдгийг харуулж байна (Матай 6:26).
Та санаж байна уу?
• Юунаас болж хүн өөрийгөө Бурханд хаягдсан гэж бодож болох вэ?
• Бор шувууны тухай болон бидний толгойн үсийг тоолсон байдаг тухай Есүсийн хэлсэн жишээ юу ойлгуулдаг вэ?
• Ехова хүний нулимсыг «тулмандаа» хийж, «номдоо» бичиж авна гэж юу гэсэн үг вэ?
• Еховатай яаж «дотно харьцаатай байж» болох вэ?