Их Давид, Их Соломон Есүсийг таньж мэдэгтүн
«Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна» (МАТ. 12:42).
1, 2. Давидыг хаан болгон тосолсон нь яагаад хачирхалтай санагдаж болох вэ?
ТЭРБЭЭР хаан шиг огт харагдсангүй. Зөнч Самуел түүнийг жирийн нэг хоньчин хүү гэж боджээ. Түүний төрсөн хот Бетлехем ч алдартай газар биш бөгөөд «Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэнд» тооцогддог байлаа (Мика 5:2). Гэлээ ч жижиг хотод төрж өссөн, хэний ч анхаарал татахааргүй тэр хөвгүүнийг зөнч Самуел Израилийн ирээдүйн хаан болгохоор тослох учиртай байв.
2 Хаан болгохоор Еховагийн сонгосон хүн бол Иессийн хүү Давид гэдгийг Самуел мэдээгүй. Түүнийг Иессийн хөвгүүдийн нэгийг хаан болгон тослох зорилгоор гэрт нь очиход отгон хүү Давид бүр эзгүй байжээ. Гэвч Ехова Давидыг сонгосон бөгөөд энэ нь хамгийн зөв байв (1 Сам. 16:1–10).
3. а) Ехова хүнийг шалгахдаа юуг нь хамгийн чухалд тооцдог вэ? б) Давидыг тослоход юу болсон бэ?
3 Ехова Самуелын олж хараагүйг харсан юм. Өөрөөр хэлбэл, Давидын зүрхийг харсан бөгөөд зүрх нь Бурханд тааламжтай байжээ. Бурхны хувьд царай зүс чухал бус, дотор хүн чухал байдаг (1 Самуел 16:7-г уншина уу). Самуел Еховаг Иессийн эхний долоон хүүгийн хэнийг нь ч сонгоогүйг ойлгоод отгон хүүг нь хонины бэлчээрээс дуудуулан ирүүлжээ. Энэ талаар Библид: «Иесси хүн явуулж, [Давидыг] авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа: „Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн“ гэв. Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув» гэж бичсэн байдаг (1 Сам. 16:12, 13).
Давид Христийг төлөөлж байсан
4, 5. а) Давид Есүс хоёр юугаараа ижил төстэй вэ? б) Есүсийг Их Давид гэхийн учир юу вэ?
4 Есүс Давидыг төрснөөс хойш 1100 гаруй жилийн дараа Бетлехем хотод төржээ. Есүс ч бас олон хүнд хаан шиг санагдаагүй. Учир нь Есүс израильчуудын хүсэн хүлээж байсан тийм хаан биш байв. Гэхдээ Давидын нэгэн адил Еховагийн сонгосон хаан байсан. Бас Еховад хайрлагдсан нэгэн байвa (Лук 3:22). Есүсийн дээр ч «ЭЗЭНий Сүнс ... хүчтэй буусан».
5 Давид Есүс хоёр өөр олон талаараа ижил төстэй. Тухайлбал, Давидаас зөвлөх Ахитофел нь урвасан шиг Есүсээс элч Искариотын Иудас урвасан (Дуу. 41:9; Иох. 13:18). Давид Есүс хоёрын хэн хэн нь Еховагийн өргөөг хайрладаг байв (Дуу. 27:4; 69:9; Иох. 2:17). Түүнээс гадна, Есүс Давидын залгамжлагч байсан. Есүсийг төрөхөөс өмнө тэнгэр элч эхэд нь: «Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно» гэж хэлсэн (Лук 1:32; Мат. 1:1). Гэхдээ Мессиад хамаатай бүх зөгнөл Есүс дээр биелэх учиртай тул Есүс Давидаас агуу юм. Тэрбээр Их Давид бөгөөд Бурхны үйлчлэгчдийн он удаан жил хүсэн хүлээсэн Мессиа Хаан мөн (Иох. 7:42).
Хоньчин Хааныг дагагтун
6. Давид сайн хоньчин байсан нь юунаас харагддаг вэ?
6 Есүс бас хоньчин. Ямар хоньчныг сайн гэх вэ? Мал сүргээ сэтгэл гарган малладаг, тэжээдэг, эр зориг гарган хамгаалдаг хүнийг хэлнэ (Дуу. 23:2–4). Давид багаасаа эцгийнхээ хонийг хариулж өсжээ. Тэрбээр хонин сүрэг рүү нь арслан, баавгай дайрахад амь насаараа дэнчин тавин сүргээ хамгаалдаг, сайн хоньчин байв (1 Сам. 17:34, 35).
7. а) Давид юуны ачаар хааны алба хаших бэлтгэл хийсэн бэ? б) Есүс Сайн хоньчин гэдгээ хэрхэн харуулсан бэ?
7 Давид хээр тал, уул толгодоор олон жил хонь хариулж явсан нь алсдаа Израилийн ард түмнийг «хариулах» амаргүй үүргийг гүйцэтгэх бэлтгэл нь болсонb (Дуу. 78:70, 71). Есүс ч бас үлгэр жишээ хоньчин юм. Тэрбээр «өчүүхэн сүрэг» болон «өөр хонинуудаа» Еховагийн удирдлага, дэмжлэгтэйгээр хариулдаг (Лук 12:32; Иох. 10:16, ШГ). Ийнхүү Сайн хоньчин гэдгээ баталдаг. Тэрбээр сүргийнхээ хонь нэг бүрийг сайн мэддэг учир нэрээр нь дууддаг. Хонинуудаа их хайрладаг учир тэднийхээ төлөө амиа өгсөн (Иох. 10:3, 11, 14, 15). Сайн хоньчин Есүсийн үйлс Давидынхаас ч агуу юм. Тэрбээр амиа золиос болгон өгснөөрөө хүн төрөлхтөнд үхлээс аврагдах боломж олгосон. Есүс тэнгэрт гарах «өчүүхэн сүргээ» үхэшгүй мөнхийн аминд, чоно шиг дайснуудаас ангид шинэ ертөнцөд амьдрах «өөр хонинуудаа» мөнхийн аминд хүргэнэ. Үүнд нь хэн ч, юу ч саад болж чадахгүй (Иохан 10:27–29-ийг уншина уу).
Ялан дийлэгч Хааныг дагагтун
8. Давидыг ялан дийлэгч хаан байсан гэж үзэхийн учир юу вэ?
8 Давид бол Бурхны ард түмний газар нутгийг хамгаалж явсан эрэлхэг дайчин хаан байсан. Библид: «Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав» хэмээжээ. Давид хаан Израилийн хил хязгаарыг өргөжүүлсээр Египетийн голоос Евфрат мөрөнд хүргэсэн (2 Сам. 8:1–14). Еховагийн дэмжлэгтэйгээр их хүчирхэг захирагч болсон «Давидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав» гэж Библид бичсэн байдаг (Ш.дээд 14:17).
9. Есүсийг ялан дийлэгч гэж үзэж болохын учрыг тайлбарлана уу.
9 Есүс дэлхийд байхдаа Давид хааны адилаар юунаас ч айж байгаагүй. Ирээдүйн Хаанаар томилогдсон тэрбээр хүмүүсийг чөтгөрүүдийн эрхшээлээс чөлөөлж, чөтгөрөөс хүчтэйгээ харуулж байсан (Марк 5:2, 6–13; Лук 4:36). Тэр бүү хэл, гол дайсан Сатан Диавол Есүсийг яаж ч чадаагүй. Еховагийн дэмжлэгтэйгээр Есүс Сатаны мэдэлд байдаг «ертөнцийг ялсан» билээ (Иох. 14:30; 16:33; 1 Иох. 5:19).
10, 11. Тэнгэрийн Дайчин Хаан Есүс ямар үүрэг гүйцэтгэх вэ?
10 Элч Иохан тэнгэр дэх Дайчин Хаан Есүсийн юу хийхийг үхээд, дахин амилж тэнгэрт гарснаас нь хойш 60 гаруй жилийн дараа гайхамшгаар үзжээ. Иохан: «Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв» хэмээн бичжээ (Илч. 6:2). Цагаан морь унасан нэгэн бол Есүс юм. 1914 онд түүнд «титэм өгөгдсөн» буюу тэрбээр тэнгэрийн Хаанчлалын Хаан болсон билээ. Үүнээс хойш тэрбээр «ялсаар гарч ирсэн». Тийм ээ, Есүс бол Давидын нэгэн адил ялан дийлэгч хаан мөн. Тэрбээр Бурхны Хаанчлалын Хаан болсныхоо дараахан Сатантай дайтаж, түүнийг чөтгөрүүдийнх нь хамтаар дэлхий рүү хаясан (Илч. 12:7–9). Тэрбээр бүрэн «ялах» буюу Сатаны ёс бус ертөнцийг бүрмөсөн устгатлаа давхисаар байх болно (Илчлэлт 19:11, 19–21-ийг уншина уу).
11 Гэхдээ Есүс бас Давид шиг энэрэнгүй хаан бөгөөд Хармагедоны үеэр «үй олон хүнийг» хамгаална (Илч. 7:9, 14). Түүнээс гадна, Есүс болон түүнтэй хамтран захирах, тэнгэрт дахин амилсан 144 000 хүний засаглалын үед «зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15). Амилсан хүмүүст мөнх амьтай болох боломж бий. Тэднийг үнэхээр гайхамшигтай сайхан ирээдүй хүлээж байгаа. Их Давидын захиргаан дор дэлхий дээрээ жаргалтай амьдрах зөв шударга хүмүүсийн тоонд багтахын тулд ямагт «сайныг үйлдэж» байцгаая (Дуу. 37:27–29).
Мэргэн ухаан гуйсан Соломоны залбиралд Бурхан хариулсан
12. Соломон Бурхнаас юу гуйсан бэ?
12 Давидын хүү Соломон ч Есүсийг төлөөлж байсан.c Соломоныг хаан болоход Ехова зүүдэнд нь үзэгдэж юу хүссэнийг нь өгөхөө амлажээ. Соломон өөрийгөө л бодсон бол илүү их эд баялаг, эрх мэдэл, урт нас гуйж болох л байсан. Гэвч тэрбээр: «Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ?» хэмээжээ (Ш.дэд 1:7–10). Ехова энэ залбиралд нь хариулсан (Шастирын дэд 1:11, 12-ыг уншина уу).
13. Соломоныг хосгүй мэргэн ухаантай байсан гэж хэлж болохын учир юу вэ? Мэргэн ухааных нь Эх булаг хэн бэ?
13 Соломон Бурханд үнэнч байхдаа үеийнхэн дундаа хэнтэй ч зүйрлэмгүй мэргэн ухаантай байсан бөгөөд «гурван мянган сургаалт үг» хэлжээ (Х.дээд 4:30, 32, 34). Тэрбээр сургаалт үгийнхээ олныг нь тэмдэглэн үлдээснийг мэргэн ухааныг эрхэмлэн хайдаг хүмүүс өнөөдөр ч өндөр үнэлдэг. Эрт цагт Шебагийн хатан хаан Соломоныг зорин 2400 гаруй км-ийн алсаас ирээд түүнийг «бэрх хүнд асуултаар» сорьж үзээд хэлсэн ярьсныг нь болон хаант улсынх нь хөгжлийг ихэд биширчээ (Х.дээд 10:1–9). Соломоны мэргэн ухаан хэнээс эхтэй байсан бэ? Библид: «Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа» гэж байдаг (Х.дээд 10:24).
Мэргэн ухаант Хааныг дагагтун
14. Есүсийг «Соломоноос аугаа Нэгэн» гэх ямар үндэс байдаг вэ?
14 Мэргэн ухаанаараа Соломоноос илт давж гарсан нэг хүн бий. Тэр нь өөрийгөө «Соломоноос аугаа Нэгэн» хэмээсэн Есүс Христ юм (Мат. 12:42). Түүний айлдсан үг нь «мөнх амийн үгс» байв (Иох. 6:68). Есүс «Ууланд айлдсан номлол»-доо Соломоны сургаалт үгээр хэлсэн зарчмуудыг гүнзгийрүүлэн тайлбарласан. Тухайлбал, Соломон Еховагийн үйлчлэгчдийг юу аз жаргалтай болгодгийг тоочин хэлсэн (Сур. 3:13; 8:32, 33; 14:21; 16:20). Харин Есүс жинхэнэ аз жаргалын эх үндэс нь Еховаг шүтэж, амлалтынх нь биеллийг үзэхэд оршдогийг тайлбарласан. Есүс: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай. Учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх юм» хэмээсэн (Мат. 5:3, ШЕ). Есүсийн сургаалын үндэс болсон зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг хүн «Амийн эх булаг» Еховатай ойр дотно харьцаа тогтоодог (Дуу. 36:9; Сур. 22:11; Мат. 5:8). Христ бол «Бурхны мэргэн ухаан мөн» (1 Кор. 1:24, 30). Мессиа Хаан Есүс Христэд «мэргэн ухааны сүнс» байдаг (Ис. 11:2).
15. Бурхны өгдөг мэргэн ухааныг яаж олж авах вэ?
15 Их Соломоны дагалдагчид бид Бурхны өгдөг мэргэн ухааныг олж авахын тулд яах хэрэгтэй вэ? Ехова мэргэн ухаанаа Үгээрээ илчилдэг учир Библийг, ялангуяа, Библид бичигдсэн Есүсийн үгийг анхааралтай судалдаг бол, уншсанаа эргэцүүлэн боддог бол мэргэн ухааныг олж авна (Сур. 2:1–5). Түүнээс гадна, мэргэн ухаан гуйж шаргуу залбирах хэрэгтэй. Тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирвал Бурхан хариулна гэсэн баталгаа Библид байдаг (Иак. 1:5). Бид ариун сүнсний тусламжтайгаар Бурхны Үгнээс мэргэн ухааныг олж, бэрхшээлийг давж, ухаалаг шийдвэр гаргаж сурна (Лук 11:13). Соломон «ард олныг мэдлэгт сургадаг» «цуглуулагч» байсан (Ном. 12:9, 10, ШЕ). Христиан хурлын Тэргүүн Есүс ч бас дагалдагчдаа цуглуулдаг (Иох. 10:16; Кол. 1:18). Тиймээс цуглаанд очиж, тасралтгүй сурч байх нь зүйтэй.
16. Соломон Есүс хоёр юугаараа ижил төстэй вэ?
16 Соломон бүтээн байгуулалтын их ажил хийсэн. Тэрбээр орд харш сүндэрлүүлж, зам тавьж, усан хангамжийн систем, нөөц хангамж болон тэрэгтэнгүүд, морьтон цэргүүдийн хот барьж босгосон нь улс гүрэнд нь их ач тустай байсан (Х.дээд 9:17–19). Есүс ч бас бүтээн байгуулагч мөн. Тэрбээр хурлаа «хадан дээр» барьсан билээ (Мат. 16:18). Бас шинэ ертөнцөд өрнөх бүтээн байгуулалтын их ажлыг хариуцна (Ис. 65:21).
Энхийн Хааныг дагагтун
17. а) Соломоны захирсан он жилүүд ямар онцлогтой байсан бэ? б) Соломон юу хийж чадаагүй вэ?
17 Соломон гэдэг нэр «энх тайван» гэсэн утгатай үндсээс үүсдэг ажээ. Соломон Иерусалим хотоос ард түмнээ захирч байсан бөгөөд Иерусалим гэдэг үгийг үгчлэн орчуулбал «хоёр дахин ихээр орших энхийг эзэмших» гэсэн утгатай аж. Соломоны захирсан 40 жил Израилийн түүхэнд байгаагүй амар тайван үе байв. Библид: «Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ» хэмээдэг (Х.дээд 4:25). Гэхдээ Соломон хосгүй мэргэн ухаантай хэдий ч ард олноо өвчин эмгэг, нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлж чадаагүй юм. Харин Их Соломон харьяат албатуудаа энэ бүхнээс чөлөөлнө (Ром 8:19–21-ийг уншина уу).
18. Христианууд хурал дотроо ямар ивээл хүртдэг вэ?
18 Өнөөдөр бид христиан хуралдаа амар тайван байдаг бөгөөд сүнслэг диваажинд амьдардаг. Бид Бурхантай энхийн харьцаатай, итгэл нэгтнүүдтэйгээ эв найртай байдаг. Исаиа: «Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» гэж зөгнөсөн нь эдүгээ христианууд дээр биелж байгаа (Ис. 2:3, 4). Бид Бурхны ариун сүнсээр удирдуулбал сүнслэг диваажингийн амар амгалан арвин ихээр бялхана.
19, 20. Баяр баясгалантай байх ямар ямар үндэс байна вэ?
19 Гэхдээ ирээдүйд бид одоогийнхоос ч илүү сайхан амьдарна. Есүсийн захиргаан дор дуулгавартай хүмүүс урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм амар тайван байж, «ялзралын боолчлолоос чөлөөлөгдсөөр» эцэстээ төгс болно (Ром 8:21). Мянган жилийн засаглалын төгсгөлд эцсийн сорилтыг давсан «даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (Дуу. 37:11; Илч. 20:7–10). Тийм ээ, Христ Есүсийн засаглал Соломоныхоос илүү, бидний бодож байгаагаас ч давуу байх юм.
20 Мосе Давид Соломон нарын үеийн израильчууд баяр баясгалантай байх үндэс байсан. Харин Христийн засаглалын үед амьдрах бид илүү их баярлан баясгалантай байх болно (Х.дээд 8:66). Бидэнд цорын ганц Хүүгээ Их Мосе, Их Давид, Их Соломон болгон өгсөн Еховад талархаад талархаад баршгүй!
[Зүүлт]
a Давид гэдэг нэр «хайрлагдсан нэгэн» гэсэн утгатай бололтой. Ехова Есүсийг баптисм хүртэх болон хувирч өөрчлөгдөх үед нь тэнгэрээс «Миний хайрт Хүү» гэж хэлсэн (Мат. 3:17; 17:5).
b Нөгөөтэйгүүр, Давидыг хурга гэж хэлж болно. Тэрбээр Агуу хоньчин Еховагийн хамгаалалт, удирдлагад найддаг байсан бөгөөд «ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй» гэж итгэлтэйгээр хэлжээ (Дуу. 23:1). Баптисм хүртээгч Иохан Есүсийг «Бурхны Хурга» хэмээсэн байдаг (Иох. 1:29).
c Сонирхолтой нь, Соломоны өөр нэг нэрийг Иедидиа гэдэг бөгөөд «Яад хайрлагдсан нэгэн» гэсэн утгатай ажээ (2 Сам. 12:24, 25).
Тайлбарлана уу
• Есүсийг Их Давид гэхийн учир юу вэ?
• Есүсийг Их Соломон гэхийн учир юу вэ?
• Та Их Давид, Их Соломоны юуг нь үнэлж байна вэ?
[31-р хуудасны зураг]
Бурхнаас Соломонд өгсөн мэргэн ухаан Их Соломоны мэргэн ухааны үлгэр загвар байсан
[32-р хуудасны зураг]
Есүсийн засаглал Соломон болон Давидынхаас илүү, бидний бодож байгаагаас ч давуу байх юм