ХАВСРАЛТ
«Шүүх өдөр» гэж юу вэ?
«ШҮҮХ ӨДӨР» гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Тэр өдөр олон тэрбум хүн Бурхны сэнтийн өмнө эгнэн зогсоод толгой дараалан шүүгдэх бөгөөд нэг бол, тэнгэрийн диваажинд амьдрах шагнал хүртэнэ, үгүй бол, тамд үүрд тарчлах шийтгэл хүлээнэ гэж үздэг хүн олон байдаг. Гэхдээ Библид огт өөр юм бичсэн байдаг. Шүүх өдөр бол айдас хүйдэст автах цаг бус, харин хүмүүс эргээд төгс болох цаг юм.
Шүүх өдөр болох үйл явдлыг элч Ёохан Илчлэл 20:11, 12-т «Асар том цагаан сэнтий болон тэр сэнтийд заларсан Нэгнийг би харлаа. Газар, тэнгэр түүнээс зугтав. Тэд дахиж олдсонгүй. Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байгааг би харлаа. Хуйлмал номнууд дэлгэгдсэн байв. Бас нэг хуйлмал ном дэлгэгдэв. Энэ нь амийн ном ажээ. Тэднийг эдгээр хуйлмал номонд бичсэн зүйл болон үйл хэргийнх нь дагуу шүүв» хэмээн дүрслэн бичжээ. Тэгвэл шүүгч нь хэн бэ?
Ехова Бурхан Хамгийн дээд Шүүгч мөн хэдий ч хүн төрөлхтнийг шүүх эрхийг өөр нэгэнд өгсөн ажээ. Бурхан «томилсон хүнээрээ хүн төрөлхтнийг шударга шүүлгэх өдрийг товлосон» гэж элч Паул Үйлс 17:31-д бичжээ. Бурхны томилсон Шүүгч бол амилсан Есүс Христ юм (Ёохан 5:22). Тэгвэл Шүүх өдөр хэзээ эхэлж, хэр удаан үргэлжлэх вэ?
Шүүх өдөр Сатаны ёс бус ертөнцийг бүхлээр нь устгах «Хармагедон» гэдэг дайны дараа эхлэхийг «Илчлэл» номноос мэдэж болноa (Илчлэл 16:14, 16; 19:19–20:3). Хармагедоны дараа Сатан болон чөтгөрүүд «ёроолгүй нүхэнд» мянган жил хоригдох ажээ. Христтэй хамт өв залгамжлах 144000 хүн тэр үед түүнтэй хамт хүн төрөлхтнийг шүүж, «1 000 жилийн турш хаанчилна» (Илчлэл 14:1–3; 20:1–4; Ром 8:17). Тэгэхлээр, Шүүх өдөр мянган жил үргэлжилнэ гэсэн үг.
Тэрхүү мянган жилийн хугацаанд Есүс Христ «амьд болон үхсэн хүмүүсийг шүүнэ» (2 Тимот 4:1). «Амьд» хүмүүс нь Хармагедоныг эсэн мэнд давсан «үй олон хүн» юм (Илчлэл 7:9–17). Элч Ёохан бас «[шүүх] сэнтийний ... өмнө зогсож байгаа» үхэгсдийг харсан. Тэд бол амилсан хүмүүс юм. «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ [миний] дууг сонсоод гарч ирэх» буюу амилна гэж Есүс хэлж байсан (Ёохан 5:28, 29; Үйлс 24:15). Тэгвэл хүмүүсийг юунд үндэслэн шүүх вэ?
Элч Ёоханы үзсэнээр «номнууд дэлгэгдсэн байсан» бөгөөд үхэгсдийг «эдгээр хуйлмал номонд бичсэн зүйл болон үйл хэргийнх нь дагуу шүүв» (Илчлэл 20:12). Тэр «номнуудад» хүмүүсийн урьдах амьдрал, үйл хэргийг бичсэн байсан хэрэг үү? Үгүй ээ. Библийн дагуу, «үхсэн хүн нүглээсээ чөлөөлөгддөг» учир хүмүүсийг үхэхээсээ өмнө юу хийж байснаар нь шүүхгүй (Ром 6:7). Нэг үгээр хэлбэл, амилсан хүмүүс амьдралаа цоо шинээр эхлэх юм. Тэгэхлээр, «номнууд» гэдэг нь ирээдүйд Бурхны тавих шаардлагууд болж таарлаа. Хармагедоныг эсэн мэнд давсан болон амилсан хүмүүс мөнх амьдрахын тулд Бурхны хууль тушаалыг, бас мянган жилийн явцад тавих шаардлагуудыг нь биелүүлэх ёстой болж байна. Тиймээс, хүмүүсийг Шүүх өдрийн хугацаанд хийсэн үйлсээр нь шүүнэ.
Олон тэрбум хүний хувьд Бурхны хүсэл тааллыг мэдэж, биелүүлэх боломж Шүүх өдрөөр анх удаа олдох юм. Энэ нь өргөн цар хүрээтэй сургалтын ажил явагдана гэсэн үг. Тэр цагт хүмүүс «зөв явдалд суралцана» (Исаиа 26:9). Гэхдээ Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг хүн бүхэн хүсэхгүй. Исаиа 26:10-т «Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурахгүй. Зөв шударгын газар тэрээр бурууг үйлдэн, ЭЗЭНий цог жавхланг мэдрэхгүй» гэж байдаг. Тийм хүмүүсийг Шүүх өдрөөр бүрмөсөн устгана (Исаиа 65:20).
Шүүх өдөр дуусахад хүмүүс «амилах» буюу Адам Ева хоёр нүгэл үйлдэхээсээ өмнө төгс байсан шиг тийм төгс болно (Илчлэл 20:5; 1 Коринт 15:24–28). Дараа нь Сатан суллагдаж, хүн төрөлхтнийг мэхлэхийг оролдон, эцсийн удаа сорино (Илчлэл 20:3, 7–10). Сорилтыг тэвчсэн хүмүүс, «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээсэн Библийн зөгнөл биелэхийг нүдээрээ үзнэ (Дуулал 37:29). Тийм ээ, Бурханд үнэнч хүмүүсийн хувьд Шүүх өдөр үнэхээр сайхан цаг байх болно!
a Хармагедоны талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Сонор сэрэмжтэй байгтун!» товхимлын 12–15, 16–19-р хуудас, «Цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэгтүн» номын 20-р бүлгийг тус тус үзнэ үү (англи).