Та Ехова руу харж байгаа юу?
«Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөж байна» (ДУУ. 123:1).
1, 2. Ехова руу харна гэдэг нь юу гэсэн үг вэ?
БИД «илүү хэцүү цагт» амьдарч байна (2 Тим. 3:1). Ехова бузар муу энэ ертөнцийг устгаж, жинхэнэ амар тайван орчинг бүрдүүлэхээс нааш амьдрал сайжрахгүй, харин ч дордоно. Иймээс, «Би тусламж дэмжлэг, удирдлага заавар авахын тулд хэн рүү хардаг вэ?» гэж асуун өөрийгөө шалгах нь зүйтэй. Шууд л «Ехова руу» гэж хариулбал хамгийн сайн.
2 Ехова руу харна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярвигтай асуудал тулгарахад Еховагаас нүд салгахгүйн тулд яах вэ? Ядарч зовсон үедээ Еховагаас тусламж эрж «харцаа өргөх» хэрэгтэйг олон зууны өмнө нэгэн дуулалч бичжээ (Дуулал 123:1–4-ийг уншина). Тэрээр Ехова руу харахыг зарц нь эзэн рүүгээ харахтай зүйрлэсэн. Дуулалч үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Зарц хүн эзэн рүүгээ харахдаа намайг хооллоно, харж хамгаална гэж бодохоос илүү, эзнийхээ хүслийг мэдье, биелүүлье гээд нүд салгалгүй харах учиртай. Үүнтэй адил, бид Еховагийн юу хүсэж байгааг мэдэж аваад, биелүүлэхийн тулд Үгийг нь өдөр бүр нямбай судлах ёстой. Тэгсэн цагт л Ехова тусална гэдэгт итгэлтэй байж болно (Эф. 5:17).
3. Бид юунаас болоод Еховагаас нүд салгаж мэдэх вэ?
3 Еховагаас нүд салгахгүй байх нь чухал гэдгийг бид мэддэг ч заримдаа өөр зүйлийг анхаарчихдаг. Есүсийн дотнын найз, Бурхны үнэнч үйлчлэгч Мартад яг ийм явдал тохиолдсон. Тэрээр «олон юм хийсээр ажилдаа дарагджээ» (Лук 10:40–42). Марта Есүстэй хамт байсан атлаа анхаарал нь сарнисан юм бол, бидний анхаарал сарних нь тийм ч их хачирхаад байх зүйл биш. Тэгвэл бид юунаас болоод Еховагаас нүд салгаж мэдэх вэ? Бусдын гаргасан алдааг хараад анхаарал сарнидгийг энэ өгүүллээр үзнэ. Бас Еховагаас нүд салгахгүй байх аргыг сурна.
БУРХАНТАЙ ДОТНО АТЛАА ЗАВШААНГҮЙ ХОЦОРСОН НЬ
4. Мосе Амласан газар луу орох завшаангүй хоцорсон нь яагаад хачирхалтай санагдаж болох вэ?
4 Мосе Еховагаас удирдлага заавар авахыг хичээдэг байсан нь тодорхой. «Тэрээр харагдахгүй Нэгнийг харж байгаа мэт тууштай байв» (Еврей 11:24–27-г уншина). «ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй» гэж Библид байдаг (Д.хууль 34:10). Еховатай ийм дотно байсан атлаа Амласан газар луу орох завшаангүй хоцорсон (Тоол. 20:12). Юу болсон бэ?
5-7. Израйлчуудыг Египетээс гараад удаагүй байхад ямар бэрхшээл тохиолдсон бэ? Мосе яасан бэ?
5 Израйлчууд Египетээс гараад 2 сар ч болоогүй байв. Бүр Синаи ууланд ч очиж амжаагүй байлаа. Тэгтэл ноцтой асуудал тулгарчээ. Ард түмэн уух усгүй болмогцоо Мосед дургүйцэн гомдоллож эхэллээ. Байдал улам хүндэрсэн тул «Мосе ЭЗЭНд хашхиран: “Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно” гэв» (Ег. 17:4). Еховагийн өгсөн тодорхой зааврын дагуу таягаа авч очоод Хоребын хадыг цохих ёстой байлаа. Тэгвэл ус олгойдон гарах ажээ. «Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв» гэж Библид бичжээ. Израйлчууд ханатлаа ус уусан. Ингээд асуудал шийдэгдэв (Ег. 17:5, 6).
6 Мосе тэр газрыг Масса буюу «Сорьсон», Мериба буюу «Маргалдсан» гэж нэрлэжээ. Энэ нь тун тохирсон нэр байлаа. Яагаад? Бурхны Үгэнд үүнийг тайлбарлаж: «Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд, “ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү?” хэмээн ЭЗЭНийг сорьсон юм» гэжээ (Ег. 17:7).
7 Мерибад болсон явдлыг Ехова юу гэж үзсэн бэ? Израйлчууд Мосед тэрслээд зогсоогүй, бас өөрт нь тэрсэлж, эрх мэдлийг нь эсэргүүцсэн гэж үзсэн (Дуулал 95:8, 9-ийг уншина). Үнэхээр ч израйлчуудын буруу байлаа. Тэр үед Мосе зөв юм хийсэн. Еховагаас тусламж эрж, удирдлага зааврыг нь ёсчлон биелүүлжээ.
8. Цөлөөр тэнүүчлэх хугацаа дуусахын алдад израйлчуудад юу тохиолдсон бэ?
8 Тэр цагаас хойш 40 жил өнгөрчээ. Израйлчуудын цөлөөр тэнүүчлэх хугацаа дуусах дөхөж байлаа. Тэгтэл урьдын явдал давтагдав. Мосе яасан бэ? Израйлчууд Амласан газрын ойролцоох Кадешийн хажууд ирэв. Тэр газрыг бас Мериба гэж нэрлэх болжээ.a Яагаад? Израйлчууд энд ирээд дахиад л уух усгүй гэж гомдоллосон (Тоол. 20:1–5). Энэ удаа Мосе ноцтой алдаа гаргаж орхижээ.
9. Ехова Мосед ямар заавар өгсөн бэ? Мосе яасан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
9 Израйлчуудыг дахин тэрслэхэд Мосе яасан бэ? Урьдын адил Еховагаас удирдлага заавар гуйсан. Энэ удаа Ехова хадыг цохь гэж хэлээгүй. Харин таяг авч, хадны өмнө хүмүүсийг цуглуулаад хадтай ярь гэсэн (Тоол. 20:6–8). Гэвч Мосе тэр хадтай ярихын оронд хурсан олон руу хашхичиж «Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу?» гэж хэлээд хадыг нэг биш, бүр хоёр удаа цохисон (Тоол. 20:10, 11).
10. Ехова яасан бэ? Яагаад?
10 Ехова Мосед уурлан хилэгнэжээ (Д.хууль 1:37; 3:26). Яагаад уурласан юм бол? Янз бүрийн шалтгаан байсан байх. Тухайлбал, цоо шинэ заавар өгсөн ч Мосе дагаагүй. Энэ нь нэг шалтгаан байж болох юм.
11. Мосе хадыг цохиход израйлчууд юу гэж бодсон байж магадгүй вэ?
11 Еховагийн уурлах болсон бас нэг шалтгааныг таамаглая. Массагийн Мериба дахь хад нь боржин чулуу байв. Тийм хатуу чулууг цохиход ус олгойдон гарна гэж хэний ч санаанд буухгүй. Харин Кадешийн Мериба дахь хад нь шохойн чулуу ажээ. Шохойн чулуу нь нүх сүв ихтэй, нягтрал багатай, зөөлөн учраас ус нэвчиж доор нь хуримтлагддаг. Тиймд хүмүүс шохойн чулууг нүхлээд ус гаргаж авдаг байна. Мосе энэ чулуутай ярихын оронд хоёр удаа цохиход ус гарсан. Израйлчууд үүнийг юу гэж бодсон байж болох вэ? Гарах ёстой ус гарч байгаа болохоос, Еховагийн гайхамшиг биш гэж бодсон ч юм билүү?b Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Бид яг таг хэлж мэдэхгүй.
МОСЕ ТЭРСЭЛСЭН НЬ
12. Ехова, Мосе Аарон хоёрт уурласны бас нэг шалтгаан нь юу байж болох вэ?
12 Ехова, Мосе Аарон хоёрт уурласны өөр нэг үнэмшилтэй шалтгаан бий. Мосе ард түмэнд «Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу?» гэснийг анхаараарай. «Бид» гэдэг нь Аарон бид хоёр гэсэн үг байх. Ингэж хэлснээрээ тухайн гайхамшгийг үйлдсэн жинхэнэ Эзэн нь болох Еховаг хүндэтгээгүй нь харагдаж байна. Дуулал 106:32, 33-т «Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд тэднээс болж Мосед бэрхшээл учирсан. Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраас Мосе гоомой үгс хэлсэн» гэж бичсэн нь дээрх таамаглалыг баталдаг (Тоол. 27:14). Юутай ч, Мосе Еховаг алдаршуулах үүргээ биелүүлээгүй. Ехова: «Та нар ... Миний тушаалын эсрэг тэрсэлсэн» гэж Мосе Аарон хоёрт хэлсэн (Тоол. 20:24). Үнэхээр ноцтой нүгэл үйлджээ!
13. Ехова Мосег шийтгэсэн нь яагаад зөв бөгөөд шударга вэ?
13 Мосе Аарон хоёр ард түмнийг нь удирдах үүрэг гүйцэтгэж байсан учраас Ехова тэдэнд хатуу шаардлага тавьжээ (Лук 12:48). Урьд нь израйлчуудын бүхэл бүтэн нэг үе Еховад тэрсэлсний харгайгаар Канаан нутагт орох завшаангүй болсон (Тоол. 14:26–30, 34). Мосе тэрсэлсэн учир Ехова түүнийг яг адилхан шийтгэсэн нь зөв бөгөөд шударга явдал байлаа. Ийнхүү Мосег бусад тэрслэгчтэй адилхан үзэж, Амласан газар оруулаагүй.
АСУУДЛЫН ЦААД ШАЛТГААН
14, 15. Мосе чухам юунаас болоод тэрсэлсэн бэ?
14 Мосе чухам юунаас болоод Еховад тэрсэлсэн бэ? Дуулал 106:32, 33-т юу гэж бичсэнийг дахин нэг анхаараарай. «Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд тэднээс болж Мосед бэрхшээл учирсан. Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн [«Мосег уурлуулсан», ШЕ] учраас Мосе гоомой үгс хэлсэн» гэжээ. Израйлчууд Мосед биш, Еховад тэрсэлсэн. Гэтэл Мосе уурласан. Тэрээр биеэ барихын оронд хожмын үр дагаврыг бодолгүй ярьчихжээ.
15 Бусад хүн алдаа гаргахад Мосегийн анхаарал сарниад Ехова руу харахаа больчихсон. Уг нь эхний удаа зөв юм хийдэг (Ег. 7:6). Харин дараа нь, Еховаг алдаршуулах тухай бодох ч сөхөөгүй болсон нь тэрслүү израйлчуудтай олон жил харьцсандаа ядарч туйлдан, цөхрөнгөө барсных юм болов уу?
16. Мосегийн гаргасан алдааг яагаад бодож үзэх хэрэгтэй вэ?
16 Хэрэв үнэнч зөнч Мосе Еховагаас нүд салгаж, нүгэл үйлдсэн юм бол бидэнд ийм юм тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Мосе Амласан газрын босгонд тулж очсон шиг, бид Еховагийн амласан шинэ ертөнцийн босгонд тулж ирчихээд байна (2 Петр 3:13). Ийм онцгой үед завшаангүй хоцрохыг хэн ч хүсэхгүй. Шинэ ертөнцөд амьдаръя гэвэл Еховагаас нүд салгахгүй байх буюу хүсэл таалалд нь нийцүүлэхийг цаг ямагт хичээх хэрэгтэй (1 Ёох. 2:17). Мосегийн алдаанаас ямар сургамж авах вэ?
БУСДЫН АЛДААНААС БОЛЖ ЕХОВАГААС НҮД БҮҮ САЛГА
17. Уур хүрвэл яах хэрэгтэй вэ?
17 Уур хүрсэн ч биеэ бариарай. Заримдаа нэг л янзын бэрхшээл дахин дахин тохиолддог. Тийм үед ч «шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая. Бууж өгөхгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (Гал. 6:9; 2 Тес. 3:13). Хэн нэгний ааш араншинг тэвчихэд хэцүү бол та яадаг вэ? Эсвэл тэвчээр барсан нөхцөл байдалд орвол яах вэ? Уураа барьж, ам хэлээ захирдаг уу? (Сур. 10:19; 17:27; Мат. 5:22). Бусдаас болж уур хүрвэл «Бурханд даатга. Буруутанд Бурхан хилэгнэнэ» (Ром 12:17–21-ийг уншина). Энэ нь юу гэсэн үг вэ? Уурлахын оронд, тулгараад буй асуудлыг цаг нь болохоор Ехова шийдэж өгнө гээд тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн үг. Ехова руу харахын оронд өшөө авахыг оролдвол Еховаг үл хүндэтгэсэн хэрэг болно.
18. Шинэ заавар ирвэл яах ёстой вэ?
18 Шинэ зааврыг нэг бүрчлэн биелүүлээрэй. Та Еховагийн өгсөн шинэ зааврыг яг таг биелүүлдэг үү? Тэгдэг бол урьд нь хэрэглэж ирсэн аргаа л хамгийн сайн гэж бодохгүй. Харин Еховагийн байгууллагаас ямар л заавар ирнэ, шууд биелүүлнэ (Евр. 13:17). Үүний зэрэгцээ «Ариун Сударт бичсэнийг л баримтлахыг» голлон анхаарна (1 Кор. 4:6). Ийм хүн Ехова руу үргэлж хардаг.
19. Бусад хүн алдаа гаргахад Еховагаас холдохгүйн тулд яах вэ?
19 Бусдын алдаанаас болж Еховагаас бүү холдоорой. Еховагаас нүд салгадаггүй хүн бусад хүнийг алдаа гаргахад уурлаж уцаарладаггүй, Еховагаас холдож хөндийрдөггүй. Ялангуяа Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг Мосе шиг хүн үүнийг онцгой анхаарах учиртай. «Аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийх» нь хүн бүрийн үүрэг мөн (Флп. 2:12). Хариуцлага нэмэгдэх тусам Еховагийн шаардлага нэмэгдэнэ (Лук 12:48). Еховаг үнэхээр хайрладаг хүн юунд ч бүдрэхгүй. Мөн Еховаг хайрлахад нь юу ч саад болж чадахгүй (Дуу. 119:165; Ром 8:37–39).
20. Та яахаар шийдсэн бэ?
20 Өнөөгийн хэцүү цагт амьдардаг бид «тэнгэрт залрагч» Еховагаас нүд салгахгүй байх нь маш чухал. Ингэдэг бол хүсэл тааллыг нь мэдэж авна. Бусад хүн алдаа гаргаснаас болж бид Еховагаас холдож хөндийрөх учиргүй. Мосед тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Алдаа гаргасан хүнд уурлаж бухимдахын оронд өөрсдийн Бурхан Еховагаас нүд салгахгүй байцгаая. Тэгвэл Еховагийн ивээлийг хүртэнэ (Дуу. 123:1, 2).
a Энэ газар нь Рефидимийн ойролцоох Мериба биш юм. Израйлчуудын анх очсон Мериба нь Массагийн ойролцоо байсан бол, энэ Мериба Кадешийн дэргэд байв. Израйлчууд энд ч бас маргалдаж, гомдоллосон учраас аль алийг нь Мериба гэж нэрлэжээ («Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын газрын зураг 7-г үзнэ үү.)
b Профессор Жон Бек: «Иудейчүүдийн ам дамжсан яриагаар бол, тэрслүү израйлчууд: “Мосе энэ чулууны шинж чанарыг мэднэ шүү дээ! Хэрвээ гайхамшиг үйлддэгээ батлах гээд байгаа юм бол өөр чулуунаас ус гаргаг” гэж Мосег шүүмжилсэн» хэмээн бичжээ. Гэхдээ энэ нь зөвхөн ам дамжсан яриа юм.