Залуус аа, Агуу Бүтээгчээ санацгаая
«Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» (НОМ. 12:1).
1. Ехова залуу үйлчлэгчдэдээ итгэдэг нь юунаас харагддаг вэ?
ЕХОВА христиан залуусыг эрхэмлэн үнэлдэг бөгөөд шүүдэр шиг сэтгэл сэргээм гэж үздэг. Тэрбээр Хүүгийнх нь «хүчний өдөр» охид хөвгүүд Христийн дагалдагч болж, «сайн дураараа үйлчилнэ» хэмээн зөгнөжээ (Дуу. 110:3). Энэ зөгнөл биелэх цагт ертөнц Бурхныг үл тоомсорлодог, хувиа боддог, мөнгийг хайрладаг, дуулгаваргүй хүмүүсээр дүүрэх байв. Гэхдээ Ехова өөрийг нь шүтдэг охид хөвгүүд тэднээс ялгарна гэдгийг мэдэж байсан. Христиан залуус аа, Ехова та нарт их итгэл хүлээлгэдэг шүү!
2. Еховаг санана гэж юу гэсэн үг вэ?
2 Бурхан өөрийг нь Агуу Бүтээгчээ хэмээн санаж явдаг охид хөвгүүдэд ямар их баярладгийг төсөөлөөрэй (Ном. 12:1). Еховаг санана гэдэг нь зүгээр л түүний тухай бодно гэсэн үг биш ээ. Таалагддаг зүйлийг нь хийж, хууль, зарчмыг нь өдөр тутмын амьдралдаа удирдлага болгоно гэсэн үг. Бас Еховаг бидний сайн сайханд чин сэтгэлээсээ санаа тавьдаг гэдгийг мэдэн, түүнд итгэж найдахыг хэлнэ (Дуу. 37:3; Ис. 48:17, 18). Залуус та нар Агуу Бүтээгчээ санадаг уу?
«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ»
3, 4. Есүс Еховад итгэдэг байсан нь юунаас харагддаг вэ? Еховад итгэх нь одоо яагаад амин чухал бэ?
3 Есүс Христ Бурханд итгэж найдахын хамгийн сайн жишээ үзүүлсэн. Тэрбээр: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаар Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн Сургаалт үгс 3:5, 6-д бичсэний дагуу амьдарсан. Баптисм хүртсэнийх нь дараахан Сатан түүнд ертөнцийн эрх мэдэл, сүр хүчийг өгье хэмээн сорьжээ (Лук 4:3–13). Гэвч Есүс жинхэнэ «амь, алдар хүнд, эд баялаг» бол «даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал» гэдгийг мэдэж байсан учир Сатанд хууртаагүй (Сур. 22:4).
4 Шунал хийгээд аминч үзлийн балчигт живсэн энэ ертөнцөд Есүсийн жишээг дагах нь ухаалаг хэрэг болно. Түүнчлэн, Сатан Еховагийн үйлчлэгчдийг амь руу хөтөлдөг нарийн замаас гаргахын тулд бүхнийг хийдгийг санах хэрэгтэй. Хүн бүрийг сүйрэлд хүргэдэг уужим замаар явуулахыг хүсдэг Сатанд бүү хууртаарай! Агуу Бүтээгчээ үргэлж санаж яваарай. Бүтээгчдээ бүрэн дүүрэн итгэж, тун удахгүй заавал ирэх «жинхэнэ аминаас» чанга зуураарай (1 Тим. 6:19).
Залуус аа, мэргэн байгтун!
5. Та энэ ертөнцийн ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
5 Агуу Бүтээгчээ санадаг охид хөвгүүд үе тэнгийнхнээсээ илүү мэргэн байдаг (Дуулал 119:99, 100-г уншина уу). Тэд аливаад Бурхны үзэл бодлоор ханддаг учраас энэ ертөнц ямар ч ирээдүйгүй гэдгийг сайн мэддэг бөгөөд хүн төрөлхтөн ирээдүйдээ улам их санаа зовж, айдаг болж байгааг бага балчир гэлгүй анзаардаг юм. Бас байгаль орчны бохирдол, дэлхийн цаг агаарын дулаарал болон ой модыг их хэмжээгээр огтлон сүйтгэж байгаа талаар сонссон нь лавтай. Хүмүүс энэ бүхэнд маш их санаа зовдог. Харин Еховагийн Гэрчүүд л дээрх үйл явдлыг Сатаны ертөнцийн төгсгөлийн нэг шинж тэмдэг гэдгийг сайн ойлгодог (Илч. 11:18).
6. Зарим залуус хэрхэн гэнэ алддаг вэ?
6 Бурханд үйлчилдэг залуусын дотор сонор сэрэмжээ алдан, энэ ертөнцийн төгсгөл тун ойртсоныг анхаарахаа болих явдал мэр сэр гардаг нь тоогүй (2 Петр 3:3, 4). Муу хүмүүстэй нөхөрлөж, порно үздэгээсээ болоод ноцтой нүгэл үйлдэх нь ч байдаг (Сур. 13:20). Төгсгөл ойрхон байгаа ийм эгзэгтэй үед Бурхны сайшаалыг алдана гэдэг хэчнээн харамсалтай вэ! Үүнээс сэргийлэхийн тулд МЭӨ 1473 онд израильчуудад тохиолдсон явдлаас сургамж авъя. Тэр үед тэд Амласан газрын босгонд тулж очин, Моабын талд буудаллаад байлаа.
Барианд ордгийн даваан дээр бууж өгсөн нь
7, 8. а) Сатан Моабын талд ямар арга хэрэглэсэн бэ? б) Сатан өнөөдөр ямар арга хэрэглэдэг вэ?
7 Тэр үед Сатан израильчуудад Амласан газрыг өвлүүлэхгүйн тулд саад хийхийг хүсэж байлаа. Тэднийг Балаамаар хараалгах гэсэн оролдлого нь бүтэлгүйтмэгц илүү зальжин арга хэрэглэж, Еховагийн ивээлээс салгахыг оролджээ. Дур булаам моаб бүсгүйчүүдээр Израилийг уруу татсан нь ихээхэн амжилтад хүрсэн. Израильчууд Моабын охидтой завхайрч, улмаар Пеорын Баалыг шүтэх болжээ! Үнэт өв нь болсон Амласан газарт орохын даваан дээр 24 000 израиль хүн амиа алджээ. Харамсмаар байгаа биз! (Тоол. 25:1–3, 9).
8 Бидний хувьд илүү агуу амласан газар болох шинэ ертөнцөд орох цаг улам ойртож байна. Сатан гаршсан аргаа хэрэглэн, Бурхны ард түмнийг садар самуунаар завхруулахыг оролдож байна. Өнөөгийн ертөнцөд ёс суртахууны хэм хэмжээ сулран, садар самуун явдал хэвийн үзэгдэл болж, ижил хүйстэнтэйгээ явалдахыг хувийн хэрэг гэж үзэх болжээ. Нэг Гэрч эмэгтэй: «Манай хүүхдүүдэд, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, ижил хүйстэнтэйгээ явалдах нь Бурхны жигшдэг зүйл гэж заадаг газар Хаанчлалын танхим, гэр орноос нь өөр хаа ч байхгүй» хэмээн ярьсан юм.
9. Хуял тачаал хөдөлсөн үед яаж болзошгүй вэ? Залуу хүмүүс ийм үед яах хэрэгтэй вэ?
9 Агуу Бүтээгчээ санадаг залуус бэлгийн харьцааг нөхөн үржихүйд зориулсан нандин бэлэг гэдгийг мэддэг. Тийм учраас, Бурхны хуульд зааснаар, зөвхөн гэр бүлийн хосууд бэлгийн харьцаанд орж болно гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг (Евр. 13:4). Гэхдээ хуял тачаал хөдөлж, бие сэтгэлээ захирч чадахаа больсон үед ариун байдлаа хадгалах нь амаргүй байж болох юм. Зохисгүй бодол толгойд орж ирвэл яах нь зөв бэ? Цэвэр ариун зүйл бодоход туслаач гэж Еховагаас шаргуу гуйгаарай. Өөрт нь чин сэтгэлээсээ хандаж байгаа хүний залбиралд Ехова заавал хариулдаг (Лук 11:9–13-ыг уншина уу). Бас цэвэр ариун, итгэл бэхжүүлэх яриа өрнүүлэх нь бодол санаагаа өөр зүйлд чиглүүлэхэд тустай.
Ухаалаг зорилго тавигтун!
10. Ямар буруу бодлоос зайлсхийх хэрэгтэй вэ? Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
10 Ертөнцийн залуус «алсын хараа» дутсанаас буюу Бурхны удирдлага, ирээдүйн жинхэнэ найдваргүйн улмаас эх захаа алдаж, махан биеийн дур хүсэлдээ хөтлөгдөн амьдардаг (Сур. 29:18). Энэ нь, Бурхны зааврыг дагахаа болин, «зугаа цэнгэл, баяр хөөр болж, ...мах идэж, дарс уухын» төлөө амьдарч байсан, Исаиагийн үеийн израильчуудыг санагдуулдаг (Ис. 22:13). Тийм хүмүүст атаархахын оронд Еховагийн, үнэнч үйлчлэгчдэдээ бэлдсэн гайхамшигтай ирээдүй рүү харцгаая. Бурхны залуу үйлчлэгч та шинэ ертөнцийг тэсэн ядан хүлээдэг үү? Еховагийн бэлдсэн «ерөөлт найдварыг хүлээнгээ» «ухаалаг... амьдрахын» тулд бүх хүчээ дайчилдаг уу? (Тит 2:12, 13). Энэ асуултад яаж хариулахаас таны зорилго болон амьдралдаа юуг гол болгодог тань харагдана.
11. Залуу христианууд хичээл сургуульдаа яагаад шамдан суралцах ёстой вэ?
11 Ертөнц залуусыг сүнслэг бус зорилгын төлөө бүх хүчээ гаргаасай гэж хүсдэг. Хүүхэд сайн суурь боловсролтой болохын тулд хичээлдээ шамдан суралцах ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ та нарын гол зорилго бол сайн ажилтай болох бус, хуралдаа хэрэгтэй, сайн дэлгэрүүлэгч болох явдал гэдгийг санаж яваарай. Энэ зорилгод хүрэхийн тулд, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, цэгцтэй бодож, хүмүүстэй тайван бөгөөд хүндэтгэлтэй ярилцаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ Библи судалж, зарчмуудыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх нь хамгийн сайн боловсрол эзэмшиж, мөнхийн сайхан ирээдүйн үндэс сууриа тавьж байна гэсэн үг (Дуулал 1:1–3-ыг уншина уу).a
12. Христиан гэр бүлүүд ямар жишээг дуурайх хэрэгтэй вэ?
12 Эртний Израильд эцэг эхчүүд үр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх талаар их анхаардаг байжээ. Тэр боловсрол нь амьдралын бараг бүх хүрээ, тэр дундаа, сүнслэг асуудалд хамаатай байлаа (Д.хууль 6:6, 7). Тийм учраас, эцэг эхийнхээ болон Бурхнаас эмээдэг ахмадуудын үгийг сонсдог израиль охид хөвгүүд зүгээр нэг мэдлэгтэй болоод зогсохгүй, Бурхны өгдөг боловсролын ачаар л мэргэн ухаан, хэрсүү чанар, ойлгох хийгээд сэтгэн бодох зэрэг ховорхон чадвартай болдог байв (Сур. 1:2–4; 2:1–5, 11–15). Өнөөдөр ч гэсэн христиан гэр бүлүүд боловсролыг тийн анхаарах ёстой.
Та нарыг хайрладаг хүмүүсийн үгэнд орогтун
13. Залуучуудад хэн, ямар зөвлөгөө өгдөг вэ? Яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?
13 Залуучуудад янз бүрийн хүн зөвлөгөө өгдөг. Тэдний дотор, энэ ертөнцөд яаж амжилтад хүрэх тухай зөвлөдөг багш нар бий. Тэр бүх зөвлөгөөг цэгнэж үзэх хэрэгтэй. Үүний тулд залбирч байгаад, Бурхны Үг болон итгэмжит, ухаалаг боолын ангиас гаргадаг ном хэвлэлийг уншиж судлаарай. Сатан залуу, туршлагагүй хүмүүсийг гол байгаа болгодгийг та нар Библи судлаад мэддэг болсон. Жишээлбэл, туршлагагүй Ева Еден цэцэрлэгт байхдаа өөрт нь өчүүхэн ч хайргүй, харь элгийн Сатаны үгэнд орсон. Өөрт нь хайртайгаа олон талаар батлан харуулсан Еховагийн үгэнд орсон бол үр дүн нь хэчнээн өөр байх байсан бол оо! (Эх. 3:1–6).
14. Ехова болон Гэрч эцэг эхийнхээ үгэнд орох хэрэгтэйн учир юу вэ?
14 Агуу Бүтээгч танд ч бас хайртай. Таныг хоёргүй сэтгэлээр хайрладаг бөгөөд зөвхөн одоо төдийгүй, мөнхөд жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тийм учраас, халамжит Эцгийн хувиар, танд болон өөрийг нь шүтдэг бүх хүнд: «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж хэлдэг (Ис. 30:21). Хэрэв та Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг Гэрч эцэг эхтэй бол бүр ч азтай! Ямар зорилго тавьж, юуг гол болгохоо шийдэхдээ тэдний зөвлөгөөг хүндэтгэн хүлээн аваарай (Сур. 1:8, 9). Тэд таныг энэ ертөнцийн эд хөрөнгө, алдар нэрээс хамаагүй үнэтэй зүйл болох мөнх амьтай болоосой гэж хүсдэг (Мат. 16:26).
15, 16. а) Еховагийн ямар амлалтад итгэх хэрэгтэй вэ? б) Барухт тохиолдсон явдлаас ямар чухал сургамж авч болох вэ?
15 Агуу Бүтээгчээ санадаг хүмүүс эгэл жирийн амьдарч, Ехова өөрсдийг нь «хэзээ ч орхихгүй», «хэзээ ч мартахгүй» гэдэгт итгэлтэй байдаг (Еврей 13:5-ыг уншина уу). Харин ертөнц үүнээс өөр үзэл бодолтой байдаг учир бид ертөнцийн сүнсний нөлөөнд автахаас болгоомжлох ёстой (Еф. 2:2). Үүний тулд Иеремиагийн бичээч Барухын жишээг авч үзье. Тэрбээр Иерусалим хотын мөхөл ойртсон эцсийн хэцүү цагт амьдарч байсан бөгөөд МЭӨ 607 оны сүйрлийг нүдээрээ үзжээ.
16 Барух эд хөрөнгө хурааж, илүү сайхан амьдрахыг хүссэн бололтой. Үүнийг ажигласан Ехова «агуу зүйлс» хайх хэрэггүйг нь сайхан сэтгэлээр сануулсан. Барух Еховагийн үгэнд ороод, эцэст нь Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давжээ. Тийнхүү даруу бөгөөд мэргэн хүн гэдгээ харуулсан (Иер. 45:2–5). Гэтэл өөртөө «агуу зүйлс» хайж, эд хөрөнгө хураан, Еховаг хойш нь тавьсан хүмүүс халдеичуудад (буюу вавилончуудад) бүх юмаа алдсан. Бас олон хүн амиа алджээ (Ш.дэд 36:15–18). Бурхантай сайн харьцаатай байх нь энэ ертөнцөд эд хөрөнгө, алдар нэр олохоос илүү чухал болохыг Барухт тохиолдсон явдал харуулдаг.
Сайн жишээ үзүүлсэн хүмүүсийг дуурайгтун
17. Есүс Паул Тимот нар Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд дуурайвал зохих сайхан жишээ болдог гэхийн учир юу вэ?
17 Бурхны Үг биднийг амийн замаар явахад тусалж, дуурайвал зохих олон сайхан хүний жишээг хэлж өгдөг. Тухайлбал, Есүс хосгүй суу билигтэй хүн байсан хэр нь хүмүүст үүрдийн ач тус өгөх «хаанчлалыг ...тунхаглах» ажлыг голлон анхаарч байсан (Лук 4:43). Элч Паул Еховагийн төлөө чадах бүхнээ хийхийн тулд их ирээдүйтэй ажлаа орхин, сайн мэдээ дэлгэрүүлэхэд цаг зав, хүч чадлаа зориулсан. «Итгэл доторх ...жинхэнэ хүүхэд» нь болох Тимот Паулын сайхан жишээг дуурайсан (1 Тим. 1:2). Есүс Паул Тимот нар тийм зам сонгосондоо харамссан болов уу? Огт харамсаагүй! Паул ертөнцөөс авч болох бүхнийг Бурханд үйлчлэх завшаантайгаа харьцуулаад, «хог» гэж хэлжээ (Флп. 3:8–11).
18. Нэгэн залуу Гэрч амьдралаа яаж эрс өөрчилсөн бэ? Үүндээ яагаад харамсдаггүй вэ?
18 Орчин үед Есүс Паул Тимот нарын итгэлийг дуурайдаг христиан залуус олон бий. Тухайлбал, өндөр цалинтай ажил эрхэлдэг байсан нэгэн залуу Гэрч: «Би Библийн зарчмаар амьдардаг учир удалгүй тушаал дэвшсэн юм. Мөнгө төгрөг элбэг байсан ч салхины хойноос хөөцөлдөж байгаа юм шиг л санагдах болсон. Тэгээд компанийнхаа удирдлагатай ярьж, Бурхандаа бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэйгээ хэлсэнд намайг үлдэнэ гэж бодсон уу, цалин нэмнэ гэж яаран амлаж билээ. Гэхдээ би нэгэнт шийдчихсэн байлаа. Бурханд бүрэн цагаар үйлчлэхийн тулд өндөр цалинтай ажлаасаа гарсныг минь ойлгохгүй хүн олон байсан. Өөрийгөө Бурханд зориулсныхаа дагуу амьдрахыг чин зүрхнээсээ хүсдэг учраас би тийм шийдвэр гаргасан юм. Одоо сүнслэг зүйлийг голлон анхаардаг болсон болохлоор хэчнээн ч мөнгө төгрөг, ямар ч нэр алдраар олж чадахгүй тийм их аз жаргалаар бялхаж, сэтгэл дүүрэн явдаг» хэмээн ярьжээ.
19. Залуу хүмүүс ямар шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг вэ?
19 Дэлхий даяар олон мянган залуус дээрхтэй адилхан мэргэн шийдвэр гаргадаг. Залуус аа, та бүхэн ирээдүйгээ төлөвлөхдөө Еховагийн өдөр ойрхон байгааг битгий мартаарай (2 Петр 3:11, 12). Энэ ертөнцөд амжилт олж яваа хүмүүст бүү атаархаарай. Харин та нарыг үнэн сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийн үгэнд ороорой. «Тэнгэрт эд баялаг» хураана гэдэг бол хамгийн баталгаатай, мөнхийн ашигтай хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм (Мат. 6:19, 20; 1 Иохан 2:15–17-г уншина уу). Агуу Бүтээгчээ санагтун. Ехова та нарыг заавал ивээнэ.
[Зүүлт]
a Дээд боловсрол болон ажил мэргэжлийн талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны 10-р сарын дугаарын 7–10-р хуудсыг үзнэ үү.
Давтах асуулт
• Бурханд итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?
• Хамгийн сайн боловсрол юу вэ?
• Барухт тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?
• Дуурайвал зохих сайн жишээг хэн хэн үзүүлсэн бэ? Дуурайвал зохих жишээ гэж хэлж болохын учир юу вэ?
[13-р хуудасны зураг]
Ехова хамгийн сайн боловсрол олгодог
[15-р хуудасны зураг]
Барух Еховагийн үгэнд ороод, эцэст нь Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давсан. Та энэ явдлаас ямар сургамж авсан бэ?