Судлах нь үр ашигтай бөгөөд таатай
«Хэрэв чи түүнийг... цөхрөлтгүй хайвал... Бурхны тухай мэдлэгийг олж авна» (СУРГААЛТ ҮГС 2:4, 5, ШЕ).
1. Чөлөөт цагаараа унших нь бидэнд хэрхэн таашаал өгдөг вэ?
ЗҮГЭЭР л нэг таашаал авахын тулд уншдаг хүн олон байдаг. Хэрэв амьдрал ахуйд ашиг тустай зүйл уншвал тэр нь зөв сайн амралт болдог. Зарим христиан Библийг хуваарийн дагуу тогтмол уншихаас гадна «Дуулал», «Сургаалт үгс», Евангели болон Библийн бусад хэсгээс түүвэрлэн уншиж, маш ихээр таашаал хүртэх нь бий. Тансаг сайхан хэл найруулга, гүн гүнзгий утга санаа нь тэдэнд гүн таашаал өгдөг. Зарим нь чөлөөт цагаараа «Еховагийн Гэрчүүдийн жил тутам гардаг ном», «Сэрцгээ!» сэтгүүл, уг сэтгүүлд нийтлэгддэг намтар юм уу түүх, газар зүй болон байгалийн тухай өгүүллүүдийг амтархан уншдаг.
2, 3. а) Гүн утгатай сүнслэг мэдээлэл бор хоолтой юугаараа адил вэ? б) Судлах гэдэг нь юу гэсэн үг вэ?
2 Таашаал авахын тулд унших нь амралт байж болох юм. Харин судлахад оюун ухаанаа дайчлах шаардлагатай болдог. Английн гүн ухаантан Фрэнсис Бэкон: «Зарим номыг амталж үзэхэд л хангалттай. Заримыг нь залгиж болно. Харин сайтар зажилж, боловсруулах шаардлагатай ном цөөхөн байдаг» гэж бичжээ. Библи бол ямар ч эргэлзээгүйгээр сүүлийнх нь ангилалд хамаарна. Элч Паул: «Энэ [хаан-тахилч Мелхизедек болно хэмээн зөгнөгдсөн Христийн] талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. ...Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэж бичсэн (Еврей 5:11, 14). Бор хоолыг залгиж, боловсруулахаасаа өмнө зажлах шаардлагатай. Харин гүн утгатай сүнслэг мэдээллийг шингээж, ой ухаандаа тогтоохын тулд түүнийг сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй.
3 Толь бичигт бичсэнээр «судлах» гэдэг нь «уншиж, судлах явцдаа ямар нэгэн зүйлийг тогтоон ойлгож, мэдлэг олж авна» гэсэн үг юм. Тэгэхлээр, «судлах» гэдэг нь унших явцдаа үгнүүдийг зурж тэмдэглэн өнгөцхөн уншихаас илүү гүн утгатай гэдэг нь эргэлзээгүй. Судална гэдэг бол ухаж ойлгох үйл ажиллагаа шаардагддаг оюун ухааны хүч дайчилсан хөдөлмөр юм. Тэгэхдээ судлал нь зүтгэл шаарддаг хэдий ч бүхэлдээ таатай байж болно.
Судлахыг баяр бахдал болгох нь
4. Дуулалчийн хэлснээр Бурхны Үгийг судлахад хэрхэн урам зориг орж, үр ашиг гардаг вэ?
4 Бурхны Үгийг уншиж судлахад урам зориг орж, хүч тэнхээтэй болдог. Дуулалч: «Эзний [«Еховагийн», ШЕ]» хууль төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. Эзний [«Еховагийн», ШЕ] гэрчлэл [«сануулга», ШЕ] нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. Эзний [«Еховагийн», ШЕ] сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. Эзний [«Еховагийн», ШЕ] тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг» гэж бичжээ (Дуулал 19:7, 8). Еховагийн хууль ба сануулга нь бидэнд амь оруулж, сүнслэг сайн сайхан юмсыг маань нэмэгдүүлж, сэтгэл санааны жаргал эдлүүлдэг ба нүдийг маань «нээж өгөн», Еховагийн гайхамшигтай санаа зорилгыг тод харах боломж олгодог. Юутай бахдалтай вэ!
5. Судлал баяр жаргалыг хэрхэн авчирдаг вэ?
5 Хөдөлмөрийнхөө үр шимийг харахад таатай сайхан байдаг. Тиймээс шинээр сурч мэдсэн зүйлээ амьдралдаа шууд хэрэгжүүлбэл судлал маань бидний хувьд таатай байх болно. Иаков: «Мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх [«жаргалтай», ШЕ] болно» гэж бичжээ (Иаков 1:25). Хэрэв сурч мэдсэн зүйлээ амьдралдаа шууд хэрэглэх аваас энэ нь асар их таашаал авчирна. Дэлгэрүүлэх ажил болон Библийн хичээлийн явцад тавьсан асуултад хариулахаар тодорхой зорилт тавин, судлал хайгуул хийх нь нэг ёсны жаргал болдог.
Бурхны Үгэнд «баясах» нь
6. «Дуулал» номын 119-р бүлгийг бичигч Еховагийн үгэнд дуртайгаа хэрхэн илэрхийлсэн бэ?
6 «Дуулал» номын 119-р бүлгийг бичигч нь залуу жонон Хезекиа байж болох ба тэрбээр Еховагийн үгэнд дуртайгаа илэрхийлсэн. Тэрбээр яруу тансаг хэлээр: «Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй. Таны гэрчлэлүүд мөн миний баясал, миний зөвлөгчид юм. Би өөрийн хайрладаг Таны тушаалуудад баясах болно. Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг. Учир нь Таны хууль бол миний баясгалан юм. Өө, Эзэн [«Ехова», ШЕ], би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд Таны хууль бол миний баясал юм» хэмээн бичжээ (Дуулал 119:16, 24, 47, 77, 174).
7, 8. а) Нэгэн толь бичигт бичсэнээр «баясгах» гэдэг нь Бурхны Үгээр юу гэсэн үг вэ? б) Еховагийн Үгэнд яаж дуртай болж болох вэ? в) Еховагийн Хуулийг уншихад Езра хэрхэн бэлддэг байсан бэ?
7 «Дуулал» номын 119-р бүлэгт «баясах» гэж орчуулсан үгийг Еврей Судрыг тайбарласан нэгэн тольд: «16-р зүйлд хэрэглэсэн үйл үг зэрэгцээх зүйлүүдэд байгаа „баярлах“... болон „бясалгах“ зэрэг [үйл үгтэй] төстэй байна. Энэ нь: баярлах, бясалгах, таашаал авах гэсэн дэс дараалалтай байна... Энэхүү зохицол нь зорилго чиглэлтэй бясалгалын ачаар Яхве гэдэг үгнээс таашаал авч болно гэсэн санаа байж болох юм. [...] Энд сэтгэл хөдлөлийн асуудлыг багтаадаг».a
8 Тийм ээ, Еховагийн Үгэнд дурлах дур хүсэл маань сэтгэл хөдлөлийн эх уурхай болсон зүрхнээс гарах ёстой. Дөнгөж уншаад өнгөрсөн зүйл дээрээ түр саатан, анхаарлаа хандуулснаар бид таашаал авах ёстой. Гүн утгатай сүнслэг санааг шүүж бодон, ухаан санаагаа төвлөрүүлэн байж бясалгах хэрэгтэй. Үүний тулд тайван бодож, залбирах шаардлагатай. Бид Езра шиг Бурхны Үгийг уншиж, судлахын тулд зүрхээ бэлдэх хэрэгтэй. Езрагийн тухай: «Езра Эзний [«Еховагийн», ШЕ] хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан [«бэлтгэсэн», ШЕ] юм» гэж бичжээ (Езра 7:10). Езрагийн зүрхээ бэлдэж байсан гурван зорилгод анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэхүү гурван зорилго нь: 1) судлах; 2) судалсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх; 3) бусдад заах явдал байв. Бид түүний жишээг дагах хэрэгтэй.
Судлах нь шүтлэгийн хэлбэр мөн
9, 10. а) Дуулалч Еховагийн Үгийг хэрхэн бясалгадаг байсан бэ? б) «Бясалгах» гэж орчуулсан еврей үг ямар утгатай вэ? в) Библи судлахыг «шүтлэгийн нэг хэлбэр» гэж үзэх нь яагаад чухал бэ?
9 Би Еховагийн хууль, зарлиг хийгээд сануулгыг бясалгасан гэж дуулалч тэмдэглэсэн. Тэрбээр: «Би Таны тушаалуудыг бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би өөрийн хайрладаг Таны тушаалууд уруу гараа өргөх болно. Би Таны зарлигуудыг бясалгана. Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны гэрчлэлүүд [«сануулга», ШЕ] миний бясалгал учир би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон» хэмээн дуулжээ (Дуулал 119:15, 48, 97, 99). Еховагийн Үгийг «бясалгах» гэдэг нь юу гэсэн үг вэ?
10 «Бясалгах» гэж орчуулсан еврей үйл үг бас «эргэцүүлэх, шүүж бодох», «ямар нэгэн юмыг сайтар бодох» гэсэн утгатай ажээ. «Энэ нь Бурхны үйл хэрэг... ба Бурхны үгийг чимээгүй эргэцүүлэн бодохыг илэрхийлдэг» («Theological Wordbook of Old Testament»). «Бясалгал» гэсэн утгатай нэр үг нь «дуулалчийн эргэцүүлэлийг» болон Бурхны хуулийг «шимтэн судалж» байгааг заадаг ба энэ нь «шүтлэгийн нэгэн хэлбэр» юм. Хэрэв судлалыг Бурхныг шүтэх шүтлэгийнхээ хэсэг гэж үзэх юм бол түүнд бид илүү няхуур хандах болно. Ингэхдээ чин сэтгэлээсээ хандан, тусламж гуйн залбирах хэрэгтэй. Судлал бол шүтлэгийн маань нэг хэсэг нь бөгөөд шүтлэгийг маань сайжруулах ач холбогдолтой.
Бурхны Үгийг гүн нягтлах
11. Ехова өөрийнхөө ард түмэнд гүн утгатай сүнслэг санааг хэрхэн илчилж байна вэ?
11 Дуулалч: «Өө, Эзэн [«Ехова», ШЕ], Таны үйлс хичнээн агуу вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм» хэмээн гайхан шагширч, дуу алджээ (Дуулал 92:5). Элч Паул мөн «Бурхны гүн юмсын» тухай буюу Еховагийн, «итгэмжит ухаалаг боолын» ангийн тусламжтайгаар ард түмэндээ «сүнсээрээ» нээж өгсөн түүний гүн гүнзгий санааны талаар хэлсэн (1 Коринт 2:10, ШЕ; Матай 24:45). «Боолын» анги бүхнийг сүнслэг хоол ундаар хангах гэж хичээн чармайж байна. Тэд шинэд нь «сүү», «төлөвшсөнд» нь «бор хоол» өгдөг (Еврей 5:11–14).
12. «Итгэмжит ухаалаг боолын» тайлбарласан «Бурхны гүн юмсын» жишээнээс дурдана уу.
12 «Бурхны гүн юмсыг» мэдэж авахын тулд Үгийг нь залбиран судалж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Жишээ нь: Нэгэн удаа, Ехова нэг зэрэг яаж шударга, энэрэнгүй байж болохыг тайлбарласан материал хэвлэгдсэн билээ. Ехова өршөөл энэрэл үзүүлэхдээ хууль зүйгээ огоордоггүй. Бурхны энэрэнгүй сэтгэл бол түүний шударга чанар, мөн тэрчлэн хайрынх нь илрэл юм. Ехова нүгэлтнийг шүүхдээ юуны түрүүнд Хүүгийнхээ золих тахилын үндсэн дээр өршөөл энэрэл үзүүлж болох эсэхийг тодорхойлдог. Хэрэв нүгэлтэн гэмшихгүй юм уу, эсвэл Бурхны эсрэг босвол өршөөл энэрэл үзүүлэхгүйгээр шударгаар шүүдэг. Ехова ямар ч тохиолдолд өөрийнхөө ариун зарчимд үнэнчээр ханддагb (Ром 3:21–26). «Аяа, Бурхны мэргэн ухаан... ямар гүнзгий вэ!» (Ром 11:33).
13. Өнөө үеийг хүртэл илрээд байгаа сүнслэг үнэний «ихийг» хүлээн зөвшөөрч байгаагаа бид хэрхэн илэрхийлж болох вэ?
13 Ехова олон санаагаа бидэнтэй хуваалцдаг нь дуулалчид төрүүлж байсан шиг таатай сэтгэгдлийг бидэнд төрүүлдэг. Давид: «Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ! Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна» гэж бичсэн байна (Дуулал 139:17, 18). Мөнх амьдрах явцад маань Еховагийн бидэнд нээх тэдгээр тоо томшгүй олон санааны дэргэд өнөөдрийн бидний мэдэж байгаа зүйл өчүүхэн төдий юм. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл илэрсэн сүнслэг эрхэм үнэний «ихийг» өндөр үнэлж, Бурхны Үгийн «нийлбэрийг» улам гүн нягталж байна (Дуулал 119:160).
Зүтгэл ба үр ашигтай «багаж хэрэгсэл» хэрэгтэй
14. Бурны Үгийг судлахдаа зүтгэл гаргах шаардлагатайг «Сургаалт үгс» номын 2:1–6-д хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
14 Библийг гүнзгий судлахад зүтгэл хэрэгтэй. «Сургаалт үгс» номын 2:1–6-г уншвал энэ үг үнэн болох нь тодорхой болно. Бурхнаас гарах мэдлэг, мэргэн ухаан хийгээд хэрсүү чанарыг эзэмшихэд ямар зүтгэл шаардлагатайг онцлон тэмдэглэхийн тулд мэргэн ухаант хаан Соломоны хэрэглэсэн идэвхтэй үйлийг заасан үгэнд анхаарлаа хандуулаарай. Соломон: «Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж, цээжээ тунгаан бодох [«хэрсүү чанар», ШЕ] уруу хандуулдаг бол, хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, Эзнээс [«Еховагаас», ШЕ] эмээхүйг чи ухаарна, Бурхны [«тухай», ШЕ] мэдлэгийг олж авна. Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг» гэж бичжээ. Тийм ээ, судлалаа үр дүнтэй байлгахын тулд газрын гүнд нуугдсан эрдэнэс баялгийг хайн малтаж байгаа адил хүчин чармайлт гарган судлах хэрэгтэй.
15. Судалгаанд сайн арга шаардлагатай байдгийг Библийн ямар жишээ онцлон тэмдэглэсэн байдаг вэ?
15 Түүнээс гадна сүнслэг талаар баяжуулдаг судлал нь судалгааны сайн аргыг шаарддаг. Соломон: «Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно» гэж бичсэн (Номлогчийн үгс 10:10). Хэрэв хүн мохоо сүхээр юм хийх юм уу түүнийг зөв ашиглаж чадахгүй бол хий дэмий их хүч гаргах бөгөөд ажлаа чанаргүй гүйцэтгэх болно. Түүнчлэн судлал маань аль хир үр дүнтэй болох нь ямар арга хэрэглэснээс хамаардаг. Үр дүнтэй судлахад шаардлагатай ашигтай зөвлөгөөг «Теократ үйлчлэлийн сургуульд зориулсан гарын авлага» номын 7-р хичээлээс үзэж болно.c
16. Гүнзгий судлахад ямар зөвлөгөө бидэнд тус болох вэ?
16 Дархан ажлаа эхлэхийн өмнө шаардлагатай багаж хэрэгслээ бэлдэж тавьдаг. Түүн лугаа адил судлалаа эхлэхийн өмнө бид шаардлагатай «багаж хэрэгслээ» хувийнхаа номын сангаас сонгож авах хэрэгтэй. Судлал нь оюун ухааны зүтгэл шаардах хөдөлмөр учраас тохирсон зөв байрлал сонгох нь зүйтэй. Хэрэв бид санаагаа төвлөрүүлж ажиллахыг хүсэж байгаа бол орон дээр хэвтэх юм уу зөөлөн буйданд тухлалгүй, харин ширээнд сууж унших нь зөв. Хэсэг хугацаагаар ажилласныхаа дараа биеийнхээ чилээг гаргах юм уу цэвэр агаарт гарч болно.
17, 18. Судлалд зориулсан олон сайхан «багаж хэрэгслийг» хэрхэн хэрэглэх талаар жишээ хэлнэ үү.
17 Бид судалгаандаа хэрэглэх зүйрлэхийн аргагүй олон сайхан «багаж хэрэгсэлтэй». Эдгээрээс хамгийн гол нь одоогоор 37 хэлээр бүтэн буюу хэсэгчилсэн байдлаар орчуулагдаад байгаа «Ариун Судрын Шинэ Ертөнцийн орчуулга» («New World Translation of the Holy Scriptures») юм. Ердийн «Шинэ Ертөнцийн орчуулга»-д тухайн үг өөр хаана байгааг заасан заалт болон уг номыг хэн, хаана бичсэн хийгээд уг номд ямар цаг хугацааг хамруулан бичсэнийг тэмдэглэсэн «Библийн номуудын хүснэгт» байдаг. Түүнээс гадна Библийн үгсийн жагсаалт, хавсралт болон газрын зураг бий. Энэхүү Библи нь зарим хэлээр «Лавлах Библи» («Reference Bible») гэдэг нэртэйгээр том хэмжээтэй хэвлэгджээ. Уг хэвлэлд дээр дурдсан бүх зүйл байхын зэрэгцээ өөр олон юм, тухайлбал мөн адил жагсаалт бүхий олон тооны зүүлт бий. Та Бурхны Үгийг гүн нягтлахын тулд төрөлх хэлээрээ хэвлэгдсэн бүх хэвлэлийг бүрэн ашигладаг уу?
18 Судлалд зориулсан үнэлж баршгүй өөр нэгэн гарын авлага бол «Судрыг ойлгох нь» («Insight on the Scriptures») нэртэй хоёр боть Библийн нэвтэрхий толь юм. Хэрэв уг бүтээл таны мэддэг хэлээр байгаа бол судлалынхаа үед та түүнийг байнга ашиглах хэрэгтэй. Уг нэвтэрхий толь нь Библийн ихэнх сэдвээр нэмэлт мэдээлэл олж авахад танд туслах болно. Түүнээс гадна «Судар бүр Бурхны онгод оруулан бичүүлсэн бөгөөд... тустай» («All Scripture Is Inspired of God and Beneficial»)d гэдэг нэртэй ном бий. Библийн шинэ номыг уншиж эхлэхдээ тэр номын талаар газар зүй болоод түүхийн холбогдолтой мэдээлэлтэй болохын тулд «Судар бүр...» номын зохих хичээлийг уншиж, уг номын товч агуулгатай танилцан, түүний ач холбогдлыг мэдэж авах нь чухал. Саяхан судлалд зориулсан эдгээр олон гарын авлага дээр нэмэгдээд компьютерийн номын сан («Watchtower Library»)e есөн хэлээр гарсан.
19. а) Ехова ямар зорилгоор Библи судлахад зориулсан олон сайхан «багаж хэрэгслээр» хангадаг вэ? б) Библийг зохих ёсоор уншиж, судлахад юу хэрэгтэй вэ?
19 Ехова, дэлхий дээрх үйлчлэгчид нь түүнийг «хайж... Бурхны тухай мэдлэгийг олж» аваасай гэсэндээ энэ бүх «багаж хэрэгслийг» «итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан олгодог юм (Сургаалт үгс 2:4, 5, ШЕ). Тогтмол судалсныхаа ачаар бид Еховаг улам сайн таньж мэдэн, түүнтэй улам дотносох болно (Дуулал 63:1–8). Тийм ээ, судлал бол хөдөлмөр мөн бөгөөд таатай, үр ашигтай хөдөлмөр юм. Үүнд цаг хугацаа шаардагддаг. Гэхдээ та Библи уншиж, бие даан судлахад шаардлагатай цагийг яаж гаргах билээ? гэж бодож болох юм. Энэ асуудлыг цуврал өгүүллийнхээ сүүлчийн өгүүллээр авч үзэх болно.
[Зүүлт]
a «New International Dictionary of Old Testament Theology & Exegesis» 4-р боть, 205–207-р хуудас.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1998 оны 8-р сарын 1-ний дугаарын 13-р хуудасны 7-р догол мөрийг үзнэ үү. Хуваарийн дагуу Библи судлах явцдаа та энэ дугаарын, судлалд зориулсан хоёр өгүүлэл болон Харуулын Цамхаг нийгэмлэгээс эрхлэн гаргасан «Судрыг ойлгох нь» Библийн нэвтэрхий тольд (англи) бичсэн «Шударга чанар», «Энэрэнгүй сэтгэл», «Зөв байдал» зэрэг өгүүллийг үзэж болно.
c Харуулын Цамхаг нийгэмлэгийн хэвлэл. Хэрэв уг гарын авлага таны төрөлх хэлээр гараагүй байгаа бол судлах аргын талаарх зөвлөгөөг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1993 оны 8-р сарын 15-ны дугаарын 13–17; 1986 оны 10-р сарын 15-ны дугаарын 19, 20-р хуудаснаас тус тус үзэж болно.
d Монгол хэлээр байхгүй.
e Монгол хэл дээр бий.
Давтах асуулт
• Бие даасан судлалаасаа урам зориг, үр ашиг авдаг байхын тулд яавал зохистой вэ?
• Бид дуулалчийн адилаар Еховагийн Үгэнд хэрхэн «баясаж», түүнийг хэрхэн «бясалгаж» болох вэ?
• Бурхны Үгийг судлахад зүтгэл хэрэгтэйг Сургаалт үгс 2:1–6-д хэрхэн харуулсан бэ?
• Ехова судлалд зориулсан ямар олон сайхан «багаж хэрэгслээр» хангасан бэ?