Ехова биднээс юу хүсдэг вэ?
«Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг [Ехова] чамаас шаарддаг вэ?» (МИКА 6:8).
1, 2. Еховагийн зарим үйлчлэгч сэтгэлээр унаж болохын учир юу вэ? Гэвч тэдэнд юу тус болж болох вэ?
75 орчим настай, үнэнч христиан эмэгтэй Вера бие муутай нэгэн ажээ. Тэрээр: «Би заримдаа христиан ах эгч нараа айлаар дэлгэрүүлж явахыг цонхоор хардаг. Тэдэнтэй хамт дэлгэрүүлэх хүсэл байвч Еховад үйлчлэх боломжийг минь өвчин хязгаарласан учраас нүдийг минь нулимс бүрхээд ирдэг юм» гэж ярьсан билээ.
2 Танд тийм үе байсан уу? Еховад хайртай хэн боловч түүний нэр дотор алхаж, шаардлагуудыг нь биелүүлэхийг хүсдэг нь мэдээж. Гэтэл, эрүүл мэнд маань муудах юм уу өндөр настай болох, эсвэл гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа болоод арга тасрахад хүрвэл яах вэ? Тиймэрхүү нөхцөл байдал Бурханд санаснаараа үйлчлэх гэсэн зүрхний маань хүсэлд саад болж болзошгүй учраас ямар нэг хэмжээгээр сэтгэлээр унаж болох юм. Хэрэв бид тийм нөхцөлтэй тулгарсан бол «Мика» номын 6, 7-р бүлгийг судалбал урмыг маань ихээхэн сэргээж магадгүй. Эдгээр бүлэг Еховагийн шаардлагууд ухаалаг бөгөөд биелүүлэх боломжтойг харуулдаг.
Ехова ард түмэнтэйгээ хэрхэн харьцдаг нь
3. Ехова өөрийнх нь эсрэг боссон израильчуудтай хэрхэн харьцдаг байсан бэ?
3 Эхлээд Мика 6:3–5-д анхаарлаа хандуулж, Ехова ард түмэнтэйгээ хэрхэн харьцдагийг авч үзье. Микагийн үед израильчууд Бурхны эсрэг боссоныг санагтун. Тэгсэн ч гэсэн Ехова тэдэнд: «Миний ард түмэн» гэж хэлэн, өрөвдөх сэтгэлээр хандаж байлаа. Бас: «Санаач, ард түмэн минь» хэмээн гуйжээ. Ехова тэднийг хатуу зэмлэхийн оронд: «Би та нарт юу хийсэн юм бэ?» хэмээн асуун, зүрхэнд нь хүрэхийг хичээсэн байна. Тэр байтугай: «Надад хариулагтун» хэмээн тэдэнд уриалжээ.
4. Бурхны өрөвч сэтгэлийн жишээ бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?
4 Бурхнаас бидэнд өгдөг жишээ ийм буюу! Ехова, Микагийн үед өөрийнх нь эсрэг боссон Израиль болон Иудагийн ард түмнийг хүртэл «Миний ард түмэн» гэж өрөвч сэтгэлээр дуудахын зэрэгцээ тэднийг аргадан гуйж байжээ. Тэгэхлээр бид хурлынхантайгаа харьцахдаа өрөвч, сайхан сэтгэл илэрхийлэх ёстой нь ойлгомжтой. Зарим хүнтэй хэл амаа ололцох амаргүй байж болохын дээр зарим нь сүнслэгээр сул байж болох юм. Гэхдээ, тийм хүмүүс Еховад хайртай л бол бид тэдэнд тусалж, өрөвч сэтгэлээр хандахыг хүсдэг.
5. Мика 6:6, 7-гийн үндсэн санаа юу вэ?
5 Цааш нь Мика 6:6, 7-д анхаарлаа хандуулъя. Зөнч: «Би ЭЗЭН уруу юутай очиж, өндөрт орших Бурхны өмнө бөхийх вэ? Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу? Мянга мянган хуц, арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу? Би тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?» гэх зэрэг хэд хэдэн асуулт тавьсан байна. Үнэндээ, «мянга мянган хуц, арван мянган тосон гол» Еховаг баярлуулдаггүй. Гэхдээ түүнийг баярлуулах юм бий. Тэр нь чухам юу вэ?
Бид шударгыг үйлдэх ёстой
6. Мика 6:8-д Бурхны ямар гурван шаардлага байдаг вэ?
6 Ехова биднээс юу хүсдэгийг Мика 6:8-аас мэдэж болно. Мика: «Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?» гэж хэлсэн. Энэ гурван шаардлага бидний сэтгэл мэдрэмж, бодол санаа, үйл хэрэгтэй холбоотой. Бид эдгээр чанарыг илэрхийлэх хүсэлтэй байхын дээр эдгээрийг хэрхэн илэрхийлэх талаар боддог, амьдралдаа хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ гурван шаардлагыг нэг нэгээр нь авч үзье.
7, 8. а) «Шударгыг үйлдэх» гэж юу гэсэн үг вэ? б) Микагийн үед ямар ямар шударга бус үйл хэрэг газар авсан байсан бэ?
7 «Шударгыг үйлдэх» гэдэг нь зөвийг үйлдэнэ гэсэн үг. Аливаа үйл хийхдээ Бурхны хэрэглэдэг арга шударгын хэмжүүр болдог. Гэтэл Микагийн үеийнхэн шударга бусыг үйлдэж байжээ. Ямар байдлаар шударга бусыг үйлдэж байсныг мэдэхийн тулд Мика 6:10-т анхаарлаа хандуулъя. Энэ зүйлийн төгсгөлд «богино хэмжүүртэй», өөрөөр хэлбэл, байх ёстойгоос бага хэмжүүртэй худалдаачны тухай өгүүлсэн байна. Тэд «хуурамч дэнс» хэрэглэдэг байсныг 11-р зүйлд нэмж бичжээ. 12-р зүйлд бичсэнээр тэдний «хэл нь заль мэхтэй ажээ». Тэгэхлээр Микагийн үед худалдааны салбарт хуурамч хэмжүүр, дэнс болон хуурч мэхлэх явдал газар авсан байжээ.
8 Шударга бус үйл хэрэг зөвхөн захын амьдралд байсан хэрэг биш, шүүх ажилд ч бас ерийн хэрэг болсон байв. Мика 7:3-т: «Жонон, бас шүүгч хахууль шаарддаг» гэж байдаг. Гэмгүй хүмүүсийг хилсээр шийтгүүлэхийн тулд шүүгчдэд хахууль өгдөг байжээ. «Агуу хүн» буюу нөлөө бүхий хүмүүс гэмт хэргийн хамсаатан болж байв. Үнэн хэрэгтээ, Микагийн хэлснээр жонон, шүүгч болон агуу хүн ёс бус үйлсээ «хамтдаа сүлждэг» буюу хамсан үйлддэг байжээ.
9. Ёс бус удирдагчдын хийж байсан шударга бус үйл хэрэг Иуда болон Израильд хэрхэн нөлөөлсөн бэ?
9 Ёс бус удирдагчдын хийж байсан шударга бус үйл хэрэг Иуда болон Израильд бүхэлд нь нөлөөлсөн. Шударга байдал алдагдсан нь хөршүүд, найз нөхөд, тэр байтугай нөхөр эхнэрийн хооронд үл итгэлцэл бий болгосныг Мика 7:5-д тэмдэглэсэн байна. Үүнээс болоод эцэг хүү, эх охин зэрэг ойр төрлийн хүмүүс бие биетэйгээ «тоомсоргүй харьцаж» байсан тухай 6-р зүйлд бичжээ.
10. Өнөөгийн шударга бус явдал газар авсан орчинд христианууд биеэ хэрхэн авч явдаг вэ?
10 Өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? Дээрхтэй төстэй нөхцөл байдал ажиглагддаггүй юү? Бид Микагийн үеийнх шиг, шударга бус байдал, үл итгэлцэл ноёлж, нийгэм болоод гэр бүлийн амьдрал уруудан доройтсон орчинд амьдарч байна. Гэвч, энэхүү ёс бус ертөнцөд амьдарч байгаа Бурхны үйлчлэгчид бид христиан хуралд уг ертөнцийн шударга бус хандлага нэвтрэхийг зөвшөөрдөггүй. Харин, үнэнч шударга, гэм зэмгүй байх зарчмыг баримтлан, эдгээр чанарыг өдөр тутмын амьдралдаа илэрхийлдэг. Үнэндээ, бид «бүх юманд үнэнч шударга ханддаг» (Еврей 13:18, ШЕ). Шударгыг үйлдвэл жинхэнэ итгэлцэл ноёрхсон ахан дүүсийн барилдлагаас гардаг арвин их ивээл хишиг хүртэнэ гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?
Хүмүүс Еховагийн «дуу хоолойг» хэрхэн сонсдог вэ?
11. Мика 7:12 хэрхэн биелж байна вэ?
11 Шударга бус байдал байгаа хэдий ч хүмүүс гарал үүсэл, хөрөнгө чинээ, арьс өнгө зэргээсээ хамаарахгүй бүгд шударгыг амсаж эдлэх болно гэж Мика зөгнөсөн. Хүмүүс Еховагийн үйлчлэгч болохын тулд «далайгаас далай, уулаас уул хүртэл» цуглах болно гэж зөнч хэлсэн (Мика 7:12). Уг зөгнөл эцэслэн биелж байгаа өнөө үед аль нэг тусгай үндэстэн бус, харин бүх үндэстний хүмүүс Бурхны энгүй шударга чанарын ач тусыг хүртэж байна (Исаиа 42:1). Үүний үнэнийг юу гэрчилдэг вэ?
12. Өнөөдөр Еховагийн «дуу хоолойг» хэрхэн сонсдог вэ?
12 Үүний хариуг авахын тулд Микагийн урьд нь хэлсэн үгэнд анхаарлаа хандуулъя. Мика 6:9-д: «ЭЗЭНий дуу хоолой хотыг [«хот уруу», ШЕ] дуудах бөгөөд Таны нэрээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ» гэж байдаг. Бүх үндэстний хүмүүс «ЭЗЭНий дуу хоолойг» хэрхэн сонсдог вэ? Энэ нь шударгыг үйлдэхтэй ямар холбоотой вэ? Өнөөдөр хүмүүс Бурхны дуу хоолойг жинхэнээр нь сонсдоггүй нь мэдээж. Гэхдээ, дэлхий даяар гүйцэтгэж байгаа бидний дэлгэрүүлэх ажлын ачаар Еховагийн дуу хоолойг бүх үндэстний, нийгмийн бүх давхрагын хүмүүс сонсож байна. Үүний үр дүнд тэр хүмүүс Бурхны «нэрээс эмээх» буюу уг нэрийг хүндэтгэн үздэг болдог. Хаанчлалыг идэвхтэй тунхаглагчид бид уг ажлаа шударгаар, хайрын үүднээс хийдэг маань эргэлзээгүй. Бид нүүр тал харалгүйгээр, Бурхны нэрийг мэдэх боломжийг бүх хүнд олгон, «шударгыг үйлддэг».
Бид энэрлийг хайрлах ёстой
13. Хайр энэрэл болон хайр хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
13 Одоо Мика 6:8-д дурдсан хоёр дахь шаардлагыг авч үзье. Ехова биднээс «энэрлийг хайрлахыг» хүсдэг. «Энэрэл» гэж орчуулсан еврей үг бас «хайр энэрэл», «хувиршгүй хайр» гэх зэрэг утга илэрхийлдэг. Хайр энэрэл бол бусдад санаа тавьж, тэднийг өрөвдөн хайрлах чанар юм. Хайр энэрэл нь хайр гэдэг чанараас ялгаатай. Ямар? Хайр нь илүү өргөн утгатай бөгөөд уг үг эд юмс хийгээд ерөнхий зүйлд хүртэл хэрэглэгддэг. Жишээлбэл, Библид: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла» хэмээсэн байдаг (1 Иохан 2:15). Тэгвэл, хайр энэрэл буюу хувиршгүй хайр гэдэг үг зөвхөн хүмүүст, ялангуяа, Бурхны үйлчлэгчдэд хамаатай бөлгөө. Тийм ч учраас Мика 7:20-д: «Хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно» гэжээ. Абрахам Ехова Бурханд үйлчилдэг хүн байсан.
14, 15. Хайр энэрэлийг хэрхэн илэрхийлдэг вэ? Үүний ямар баримт байна вэ?
14 Зөнч, Мика 7:18-д «хувиршгүй хайранд баясдаг» Бурхан хэмээн бичжээ. Мика 6:8-д хайр энэрлийг илэрхийлэх төдийгүй энэ чанарыг хайрлахыг бидэнд тушаасан байна. Эдгээр зүйлээс бид юу мэдэж авах вэ? Бид хайр энэрэл илэрхийлэхийг хүсдэг учраас уг чанарыг сайн дураараа, дуртайяа илэрхийлдэг. Бас Ехова шиг, шаардлагатай хүмүүст хайр энэрэл илэрхийлэн, таашаал буюу баяр баясгалан эдэлдэг.
15 Өнөөдөр, Бурхны ард түмэн хайр энэрэл илэрхийлдгээрээ бусдаас ялгардаг. Ганцхан жишээ татъя. Далайн шуурганы улмаас 2001 оны зургадугаар сард АНУ-ын Техас мужид хүчтэй үер болж, олон мянган байшин, түүний дотор Еховагийн Гэрчүүдийн олон зуун байшин гэмтэж, эвдэрсэн билээ. Тэр үеэр 10 000 орчим Гэрч, гай зовлон учирсан христиан ах дүүстээ туслахын тулд цаг, хүчээ дуртайяа, үнэ хөлсгүйгээр золиосолсон байна. Сайн дурынхан Хаанчлалын 8 танхим, христиан ах дүүсийнхээ 700 гаруй байшинг сэргээн барихын тулд хагас жил гаруйн турш эцэж цуцахыг умартан, өдөр шөнөгүй, амралтгүй ажиллажээ. Энэ ажилд оролцож чадаагүй нэг нь хоол хүнс, мөнгө төгрөг болон бусад хэрэгцээтэй зүйл хандивласан байна. Энэ олон мянган Гэрч, ах дүүстээ туслахаар ирсний учир юу вэ? Учир нь тэд «энэрлийг хайрладаг» юм. Манай ах дүүс хайр энэрлийн тийм үйл дэлхий даяар хийдгийг мэдэх нь юутай сайхан! Тийм ээ, «энэрлийг хайрлах» шаардлагыг биелүүлэх нь дарамт бус, харин баяр баясгалан мөн!
Бурхантай хамт даруухнаар алхах нь
16. «Бурхантай хамт даруухнаар алхахын» чухлыг ямар жишээ харуулна вэ?
16 Мика 6:8-д байдаг гурав дахь шаардлага бол «өөрийн Бурхантай хамт даруухнаар алхах» явдал юм. Энэ нь өөрийнхөө боломжийн хязгаартайг болон Бурхнаас хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Үүнийг жишээгээр тайлбарлая. Шуурганаар бяцхан охин эцгийнхээ гараас чанга зуураад явж байна гэж төсөөлье. Охин хүч мөхөс гэдгээ сайн мэдэж байгаа хэдий ч эцэгтээ итгэлтэй байх аж. Бид ч гэсэн өөрийнхөө боломжийн хязгаартайг ойлгож, тэнгэрийн Эцэгтээ итгэлтэй байх ёстой. Тийм итгэлийг хэрхэн хадгалж болох вэ? Нэг арга бол Бурхантай ойр дотно харьцаатай байх нь мэргэн ухаалаг хэрэг мөн гэдгийг оюун санаандаа байнга хадгалж явах явдал юм. Мика бидэнд гурван шалтгааныг сануулсан. Энэ нь юу вэ гэвэл, Ехова бол бидний Аврагч, Удирдагч, Хамгаалагч юм.
17. Дээр үед Ехова ард түмнээ хэрхэн аварч, удирдаж, хамгаалдаг байсан бэ?
17 Мика 6:4, 5-д бичсэнээр Бурхан: «Би та нарыг Египетийн нутгаас авчирсан» гэж хэлжээ. Тийм ээ, Ехова Израилийн Аврагч байсан. Ехова цааш нь: «Би та нарын өмнө Мосе Аарон Мириам нарыг илгээсэн» хэмээн хэлсэн. Ехова ард түмнээ удирдахдаа Мосе Аарон хоёрыг ашигласан ба харин, ялалтын бүжиг бүжихэд Мириам Израилийн эмэгтэйчүүдийг тэргүүлсэн билээ (Египетээс гарсан нь 7:1, 2; 15:1, 19–21; Дэд хууль 34:10). Ехова үйлчлэгчдээрээ дамжуулан удирддаг байсан. Ехова Израилийн ард түмнийг Балак Балаам хоёроос болон Моабын Шиттимээс Амласан газрын Гилгал уруу хийсэн аяллынх нь эцсийн шатанд хамгаалсан гэдгээ тэдэнд 5-р зүйлээр сануулдаг.
18. Бурхан өнөөдөр хэрхэн Аврагч, Хамгаалагч, Удирдагч маань болдог вэ?
18 Өөртэй нь хамт алхаж яваа биднийг Бурхан өнөөдөр Сатаны ертөнцөөс аварч, Үг болон байгууллагаараа дамжуулан удирдаж, эсэргүүцэгчид довтлоход бүхэлд нь хамгаалдаг. Тийм болохоор, эрт цагийн Амласан газраас хавьгүй илүү, Бурхны зөвт шинэ ертөнц уруу аялах аяллын төгсгөлийн ширүүн шатанд тэнгэрийн Эцэгтэйгээ хамт алхан, гараас нь чангаар зуурах хангалттай шалтгаан бидэнд байдаг.
19. Даруу байдал бидний хязгаарлагдмал боломжтой ямар холбоотой вэ?
19 Бурхантай хамт даруухнаар алхах нь нөхцөл байдлаа бодитойгоор харах боломж олгодог. Учир нь өөрийнхөө боломжийн хязгаартайг мэдэх нь даруу байхын нэг хэсэг юм. Өндөр нас, өвчин эмгэг зэрэг нь Еховад үйлчлэх боломжийг маань ямар нэг хэмжээгээр хязгаарлаж болох юм. Гэхдээ, үүнээс болж сэтгэлээр унах хэрэггүй, харин Бурхан хүчин зүтгэл хийгээд золиосолж байгаа зүйлийг маань «байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу» хүлээн авдгийг санах ёстой (2 Коринт 8:12). Үнэн хэрэгтээ, Ехова биднийг өөрт нь чин сэтгэлээсээ, боломж бололцооныхоо хирээр үйлчлэхийг хүсдэг (Колоссай 3:23). Хамаг чадлаа дайчлан, хүчин зүтгэл гаргаж үйлчилсэн хүнийг Бурхан арвин ихээр ивээдэг (Сургаалт үгс 10:22).
Хүлээх чадвар ивээл авчирдаг
20. Юуг мэдэх нь Мика шиг хүлээх чадвараа илэрхийлэхэд бидэнд туслах ёстой вэ?
20 Еховагаас хүртдэг ивээл биднийг Микагийнхтай адил сэтгэлгээтэй болгодог. Мика: «Би авралынхаа Бурхныг хүлээнэ» хэмээн хэлсэн (Мика 7:7). Бурхантай хамт даруухнаар алхахад энэ үг ямар хамаатай вэ? Бид хүлээх чадвартай буюу тэвчээртэй бол энэ нь Еховагийн өдөр хараахан ирээгүй байгаагаас үүдэн сэтгэлээр унахаас хамгаалдаг (Сургаалт үгс 13:12). Үнэнийг хэлэхэд, бид бүгдээрээ энэхүү ёс бус ертөнцийн төгсгөлийг тэсэн ядан хүлээдэг. Гэвч, өнөөдөр долоо хоног бүр мянга мянган хүн Бурхантай хамт дөнгөж алхаж эхэлж байна. Үүнийг мэдэх нь бидэнд хүлээх чадвартай байх шалтгаан болдог. Гэрч болоод олон жил болсон нэгэн ах үүнтэй холбогдуулан: «Дэлгэрүүлэх ажил гүйцэтгэсэн 55 жилээ эргэн харахдаа би Еховаг хүлээж байснаараа юу ч алдаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Харин ч, сэтгэл санааны олон зовлонгоос зайлсхийж чадсан билээ» хэмээн хэлжээ. Үүнтэй адил зүйл танд тохиолдож байсан уу?
21, 22. Мика 7:14-ийн зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
21 Еховатай хамт алхах нь бидний хувьд ашиг тустай гэдэг нь эргэлзээгүй. Мика 7:14-т Бурхны ард түмнийг хоньчныхоо хариулга дор айх аюулгүй налайх хонин сүрэгтэй зүйрлэсэн буй. Уг зөгнөл өргөн хүрээтэй биелж байгаа өнөө үед сүнслэг Израилийн үлдэгдэл болон «өөр хонинууд» итгэмжит Хоньчин Еховагийнхаа нөмөр дор айх аюулгүй байна. Тэд зовлон бэрхшээл, аюул осол нь улам өсөн нэмэгдэж байгаа энэхүү ертөнцөөс сүнслэг талаараа тусгаар буюу «үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог» юм (Иохан 10:16, МБОХ, 1996; Дэд хууль 33:28; Иеремиа 49:31; Галат 6:16).
22 Тэрчлэн, Мика 7:14-т зөгнөснөөр Еховагийн ард түмэн өнөөдөр цэцэглэн хөгжиж байна. Бурхны хонин сүрэг буюу ард түмний тухай Мика: «Тэднийг Башан болон Гилеадад хариулаг» (ШЕ) хэмээн хэлсэн. Башан болон Гилеадын үржил шимтэй нутагт хариулгад байж, өсөж үржсэн хонин сүрэг лугаа адил өнөөдөр Бурхны ард түмэн сүнслэг талаараа цэцэглэн хөгжиж байгаа ба энэ нь Бурхантай хамт даруухнаар алхаж яваа хүмүүсийн хувьд ч бас ивээл юм (Тооллого 32:1; Дэд хууль 32:14).
23. Мика 7:18, 19-өөс ямар сургамж авч болох вэ?
23 Ехова гэмшсэн хүмүүсийг уучлах хүсэлтэй болохыг зөнч, Мика 7:18, 19-д онцолжээ. Ехова «гэмийг уучилж», «тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүйг» 18-р зүйлд тэмдэглэсэн байна. 19-р зүйлд бичсэнээр Ехова «тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна». Эндээс бид ямар сургамж авах вэ? Энэ талаар бид Еховаг дуурайдаг эсэхээ өөрөөсөө асууж болно. Тухайлбал, бусад хүн алдаа гарган, өөрсдийг маань гомдооход тэднийг уучилдаг уу? Тийм хүмүүс гэмшин, алдаагаа засаж залруулахаар хүчин чармайлт гаргавал бид Еховагийн дуртайяа бүрмөсөн, үүрд уучилдгийг дуурайхыг хүсэх нь эргэлзээгүй.
24. Микагийн зөгнөлөөс та ямар тус олсон бэ?
24 Микагийн зөгнөлийг авч үзсэнээр бид ямар тус олсон бэ? Өөрт нь ойртож байгаа хүмүүсийг Ехова жинхэнэ найдвартай болгодгийг бидэнд сануулсан (Мика 2:1–13). Түүнчлэн, Бурхны нэр дотор үүрд мөнх алхуулах жинхэнэ шүтлэгийг дэмжихийн тулд боломжтой бүхнийг хийх урам зориг төрүүлсэн (Мика 4:1–4). Мөн, нөхцөл байдал маань ямар ч байлаа гэсэн Еховагийн шаардлагуудыг биелүүлж чадна гэсэн итгэл төрүүлсэн. Тийм ээ, Микагийн зөгнөл нь Еховагийн нэр дотор алхах алхааг маань үнэхээр бэхжүүлдэг.
Та хэрхэн хариулах вэ?
• Мика 6:8-ын дагуу Ехова биднээс юу шаарддаг вэ?
• «Шударгыг үйлдэхийн» тулд яах хэрэгтэй вэ?
• «Энэрлийг хайрлаж» байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
• «Бурхантай даруухнаар алхах» гэдэгт юу юу ордог вэ?