Еховагийн шүүх өдөр ойрхон байна!
«Еховагийн агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» (ЗЕФАНИА 1:14).a
1. Бурхан Зефаниагаар дамжуулан ямар сануулга өгсөн бэ?
ЕХОВА ёс бус хүмүүсийн эсрэг тун удахгүй хөдөлнө. Тэрбээр: «Би хүнийг... зайлуулах болно... Би газрын гадаргуугаас хүнийг таслах болно» хэмээн урьдчилан сануулсныг сонсогтун! (Зефаниа 1:3). Эдгээр үгийг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова зөнч Зефаниагаар хэлүүлсэн бөгөөд Зефаниа бол үнэнч хаан Хезекиагийн дөч байсан бололтой. Үнэнч хаан Иосиагийн үед цуурайтсан Еховагийн энэхүү тунхаг Иудагийн ёс бус хүмүүст муугийн дохио болсон юм.
2. Иосагийн авч явуулсан арга хэмжээ нь Еховагийн шүүх өдрөөс яагаад сэргийлж чадахгүй вэ?
2 Залуу хаан Иосиа Зефаниагийн зөгнөлийг сонсоод Иудаг шүтээн шүтэх явдлаас цэвэрлэх шаардлагатайг сайн ойлгосон. Гэвч Иосиа хаан ард түмний дунд бий болсон муу бүхнийг бүрэн гүйцэд засан залруулж, өөрийн өвөө Манассе хааны «Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн» нүглийг цайруулах арга хэмжээ авч чадаагүй билээ (Хаадын дэд 24:3, 4; Шастирын дэд 34:3). Тийм учраас Еховагийн шүүх өдөр гарцаагүй болох ажээ.
3. «Еховагийн уурын өдрийг» эсэн мэнд давах боломжтой гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
3 Гэвч энэхүү аймшигт өдрөөр амьд үлдэх хүн байх ажээ. Тийм учраас Бурхны зөнч: «Зарлиг нь хэрэгжихээс өмнө, (Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч байна.) Еховагийн шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, Еховагийн хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар. Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар Еховаг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй Еховагийн уурын өдөр та нар нуугдсан байх болно» хэмээн уриалсан байна (Зефаниа 2:2, 3). Еховагийн шүүх өдрийг эсэн мэнд давж болно гэдэг үүднээс «Зефаниа» номыг авч үзье. МЭӨ 648 онд Иудад бичигдсэн энэ ном бол бид бүхний туйлаас анхааран үзвэл зохих Бурхны «зөгнөлийн үгийн» хэсэг нь мөн (2 Петр 1:19, МБОХ, 1996).
Ехова мутраа сунгана
4, 5. Зефаниа 1:1–3-т бичсэн зөгнөл Иудагийн ёс бус хүмүүс дээр хэрхэн биелсэн бэ?
4 «Зефаниад ирсэн Еховагийн үг» дээр иш татсан сануулгаар эхэлдэг. Бурхан: «„Би газрын гадаргуугаас бүх зүйлийг бүрэн зайлуулах болно“ гэж Ехова тунхаглаж байна. „Би хүн ба амьтныг зайлуулах болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцэтийн хамт зайлуулах болно. Би газрын гадаргуугаас хүнийг таслах болно“ гэж Ехова тунхаглаж байна» хэмээн сануулсан (Зефаниа 1:1–3).
5 Тийм ээ, Ехова Иудад бугшсан ёс бус байдлыг устгахаар шийдсэн. «Газрын гадаргуугаас бүх зүйлийг зайлуулахдаа» Бурхан хэнийг ашиглах бол оо? Зефаниа МЭӨ 659 онд хаан сэнтийд заларсан Иосиа хааны засаглалын эхэн үед зөгнөсөн болохоор зөгнөлийн эдгээр үг вавилончууд Иуда болон түүний нийслэл Иерусалимыг сүйрүүлсэн МЭӨ 607 оныг зааж байгаа нь илэрхий. Чухам тэр үед Иудагаас ёс бусыг «зайлуулах» ёстой байв.
6-8. Зефаниа 1:4–6-д юуны тухай зөгнөсөн бэ? Уг зөгнөл эртний Иудад хэрхэн биелсэн бэ?
6 Хуурамч бурхдыг шүтэгчдийн эсрэг Бурхан ямар арга хэмжээ авахыг Зефаниа 1:4–6-д: «Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно. Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж, Еховад тангарагладаг боловч, Милкомоор тангарагладаг, Еховаг дагахаас эргэн больсон, Еховаг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно» хэмээн зөгнөсөн.
7 Иуда болон Иерусалимын оршин суугчид уруу Ехова гараа сунгасан. Ехова Канааны үржил шимийн бурхан Баалыг шүтэгчдийг устгах шийдвэр төгс байлаа. Нутгийн янз бүрийн бурхныг «Баал» гэж нэрлэдэг байлаа. Учир нь уг бурхдыг шүтэгчид тэдгээрийг тодорхой нутаг орны эзэд бөгөөд уг нутаг орондоо нөлөөлөх чадвартай гэж үздэг байсан юм. Жишээ нь: Моабчууд болон мидианчууд Баал бурхандаа Пеор уулан дээр мөргөдөг байв (Тооллого 25:1, 3, 6). Ехова Иудад байгаа Баалын бүх тахилчийг, мөн Бурхны хуулийг зөрчин, эдгээр тахилчтай нөхөрсөг харьцаа тогтоосон Левийн үнэнч бус тахилчдыг устгахаар шийдсэн (Египетээс гарсан нь 20:2, 3).
8 Бурхан «тэнгэрийн эрхэст мэхийдэг» буюу зурхайгаар хөөцөлдөж, нар шүтдэг хүмүүсийг бас устгана (Хаадын дэд 23:11; Иеремиа 19:13; 32:29). Түүнээс гадна Бурхны уур хилэн «Еховад тангаргалдаг боловч, Милкомоор тангараглаж», жинхэнэ шүтлэгийг хуурамч шашинтай хутгахыг оролддог тэр хүмүүс дээр буух болно. Милком нь аммончуудын оройн дээд бурхан Молехын өөр нэр байж болох юм. Молехыг шүтэгчид үр хүүхдээ тахил болгон өргөдөг байсан бөлгөө (Хаадын дээд 11:5; Иеремиа 32:35).
Христ шашны ертөнцийн төгсгөл ойрхон байна!
9. а) Христ шашны ертөнц юугаараа буруутай вэ? б) Иудагийн үнэнч бус хүмүүстэй адил болохгүйн тулд бид яах ёстой вэ?
9 Энэ бүхэн бол хуурамч шүтлэг болон зурхайгаар бузарлагдсан христ шашны ертөнцтэй тун төстэй ажгуу. Лам хуврагуудын дэмждэг дайн хэмээх тахилын ширээн дээр олон сая хүний амийг өргөдөг билээ. Энэ бол үнэхээрийн жигшүүртэй хэрэг мөн! Бид «Еховаг дагахаас эргэн больж», үнэнд хайхрамжгүй хандан, Ехова болон түүний удирдлагыг хайхаа больсон Иудагийн үнэнч бус ард түмэнтэй хэзээ ч адил болж болохгүй. Харин Бурхандаа хэзээ ямагт үнэнч байх ёстой.
10. Та Зефаниа 1:7-гийн зөгнөлийн утгыг яаж тайлбарлах вэ?
10 Зөнчийн хэлсэн дараагийн үг бол буруу замаар будаа тээдэг болсон Иудагийн ард түмэн болоод өнөөгийн ёс бус хүмүүсийн аль алинд тохирдог. Зефаниа 1:7-д (ШЕ): «Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн өмнө чимээгүй бай! Учир нь Еховагийн өдөр ойрхон байна. Учир нь Ехова тахилыг бэлтгэсэн, Тэр Өөрийн зочдоо ариусгасан» гэж байдаг. «Зочид» бол Иудагийн дайсан халдеичууд буюу вавилончууд болох нь илэрхий. Харин «тахил» гэдэг нь Иудагийн хаант улс ба түүний нийслэл юм. Зефаниа тийнхүү Иерусалимыг устгах Бурхны санаа зорилгыг тунхагласан ба энэ зөгнөл бас христ шашны ертөнцийг устгах тухай хэлдэг. Үнэндээ Бурхны шүүх өдөр тулаад ирчихсэн байгаа болохоор бүх ертөнц «Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн өмнө чимээгүй байж», Есүсийн дагалдагчдаас ариун сүнсээр тослогдсон «цөөн хэдхэн сүрэг» болон тэдний хамтран зүтгэгчид буюу Есүсийн «өөр хонинуудаар» дамжуулан хэлж байгаа үгийг нь сонсох ёстой (Лук 12:32, МБОХ, 1996; Иохан 10:16, МБОХ, 1996). Еховагийн үгийг үл сонсон, Бурхны Хаанчлалыг эсэргүүцэгч бүхэн устгагдах болно (Дуулал 2:1, 2).
Гашуудах өдөр удахгүй ирнэ!
11. Зефаниа 1:8–11-ийн гол санаа юу вэ?
11 Еховагийн өдөр өөр юу болохыг Зефаниа 1:8–11-д: «Еховагийн тахилын өдөр ирэхэд, Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүнийг шийтгэх болно. Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүнийг болон эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно. Ехова тунхаглаж байна. „Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно. Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун. Учир нь Канааны бүх хүн чимээгүй болгогдоно. Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно“» хэмээн бичжээ.
12. «Өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласнаа» хүмүүс хэрхэн харуулдаг вэ?
12 Ио сиа хааны сэнтийг Иехоахаз Иехоиаким Иехоиахин нар залгамжлах болно. Дараа нь Зедекиагийн ээлж болох бөгөөд түүний засаглалын үед Иерусалимыг нураах юм. Бодитой аюул занал нүүрлэж байсан атал тэдний зарим нь «өөрсдийгөө харийн хувцсаар хувцаслан», хөрш зэргэлдээх үндэстнүүдэд таашаагдахыг хичээдэг байсан бололтой. Үүний нэг адил өнөөдөр олон хүн Еховагийн байгууллагад харъяалагддаггүйгээ янз бүрийн байдлаар харуулж байна. Тэд Сатаны байгууллагын хэсэг болох нь тодорхой учраас шийтгүүлэх болно.
13. Зефаниагийн зөгнөснөөр вавилончууд Иерусалим уруу довтлоход юу болох ёстой байсан бэ?
13 Иудаг шүүх «тэр өдөр» дайснуудаа шүүж, ёс бусыг төгсгөн, дээд захирагч гэдгээ батлах Еховагийн өдөртэй дүйдэг. Вавилончууд Иерусалим уруу довтлох үеэр «Загасны Дааман хаалганаас» хашгирах дуу сонсогдох болно. Загас худалддаг зах уг хаалганаас холгүй байдаг байсан болохоор тийн нэрлэсэн байж болох юм (Нехемиа 13:16). Вавилоны цэрэг «Хоёрдугаар Дүүрэг» гэж нэрлэсэн хэсгээр хотод орж ирэх бөгөөд «толгодоос чанга нижигнээн сонсогдох болно» гэсэн нь ойртон ирэх халдеичуудын чимээ шуугианыг хэлсэн байж болох юм. Тиропеоны хөндийн дээд хэсэг байж болох «Худалдааны дүүрэгт» оршин суугчид «гашуудах» болно. Яагаад гашуудах гэж? Учир нь «мөнгийг хэмждэг бүх хүний» наймаа зогсно.
14. Өөрсдийгөө Бурхныг шүтэгчид гэж баталдаг хүмүүсийг Ехова аль хир нарийн шалгах вэ?
14 Өөрсдийгөө Бурхныг шүтэгчид гэж баталдаг хүмүүсийг Ехова аль хир нарийн шалгах вэ? Зөгнөлд: «Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд „Ехова сайныг ч, мууг ч хийхгүй“ гэдэг. Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй» гэж байдаг (Зефаниа 1:12, 13).
15. а) Иерусалимын тэрслэгч тахилчдад юу тохиолдох ёстой вэ? б) Хуурамч шашин шүтэгч өнөө үеийнхэн яах вэ?
15 Иерусалимын тэрслэгч тахилчид Еховаг шүтэх шүтлэгийг хуурамч шашинтай хольж хутгасан. Тэд үйл ажиллагаагаа шөнийн харанхуйгаар мэт айх аюулгүйгээр явуулдаг боловч Ехова нуугдсан сүнслэг харанхуйг нь дэнлүүгээр гэрэлтүүлэх мэт тэднийг эрж хайх болно. Бурхны шийтгэлийн зарыг бүгд дуулах бөгөөд шүүлтээс нь хэн ч зайлж чадахгүй. Эдгээр маадгар тэрслэгчид дарсны торхны ёроолд суусан шаар мэт байдаг. Хүмүүсийн хэрэгт Бурхан оролцох тухай зөгнөлийн үгсийг тэд тоодоггүй ч Бурхны шүүх шийтгэлээс мултарч яагаад ч чадахгүй. Тэрчлэн өнөөгийн христ шашны ертөнцийнхөн хийгээд бусад хуурамч шашин шүтэгчид, мөн Еховаг шүтэхээс ухрагчид аврагдахгүй. Тэд «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа үнэнийг үгүйсгэн, зүрхэндээ: «Ехова сайныг ч, мууг ч хийхгүй» гэж хэлдэг. Тэд юутай төөрөлдөнө вэ! (2 Тимот 3:1–5; 2 Петр 3:3, 4, 10).
16. Иудаг шүүх Бурхны өдөр юу болсон бэ? Үүнийг мэдэх нь бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
16 Вавилончууд эд хөрөнгийг нь цөлмөн, орон гэрийг нь хоосолж, усан үзмийн тариалангийнх нь үр жимсийг авч одно гэдгийг Иудагийн тэрслэгчдэд урьдчилан сануулсан. Иудаг шүүх үед эд материал тэдэнд тусалж чадахгүй. Өнөөгийн эд юмсын тогтолцоог шүүх Еховагийн өдөр мөн тийм байх болно. Тийм учраас сүнслэг талаараа сэргэг байж, Еховад үйлчлэх явдлыг амьдралынхаа тэргүүн зорилт болгон, «тэнгэрт эд баялаг... хураацгаая» (Матай 6:19–21, 33).
«Еховагийн агуу өдөр ойрхон байна»
17. Зефаниа 1:14–16-д бичсэнээр Еховагийн шүүх өдөр хир ойрхон бэ?
17 Еховагийн шүүх өдөр аль хир ойрхон байна вэ? Зефаниа 1:14–16-д бичсэнээр Бурхан: «Еховагийн агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна. Еховагийн өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна. Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, бүрээ, дайтах уухайны өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм» хэмээн батлан илэрхийлдэг.
18. Еховагийн шүүх өдөр яагаа ч үгүй байна гэж үзэж болохгүйн учир юу вэ?
18 Иудагийн нүгэлт тахилчид, ноёд хийгээд ард олонд «Еховагийн агуу өдөр ойрхон байна» гэдгийг урьдчилан сануулсан. Иудаг шүүх Еховагийн өдөр «маш хурдан ирж байсан». Ёс бус хүмүүсийг шүүх Еховагийн өдөр яагаа ч үгүй байна гэж өнөөдөр нэг ч хүн тэдэн шиг бүү бодог. Харин ч Бурхан Иудагийн үед үйл ажиллагаагаа удаашруулаагүй шигээ яллах өдрөө «хурдан ирүүлэх» болно (Илчлэлт 16:14, 16). Тэр цаг Гэрчүүдийнх нь тунхагладаг Еховагийн сануулгыг үл тоомсорлодог хүмүүст, тэрчлэн жинхэнэ шүтлэгийн талд ороогүй хүмүүст юутай гашуун байх бол оо!
19, 20. а) Бурхан Иуда ба Иерусалим дээр уур хилэнгээ асгахад юу болсон бэ? б) Эд юмсын энэхүү тогтолцоог сонгон устгахтай холбогдуулан ямар асуулт гарч ирэх вэ?
19 Иуда ба Иерусалим дээр асгарсан Бурхны уур хилэн нь «бэрхшээл, зовлонгийн өдөр» байсан. Вавилоны булаан эзлэгчид Иудагийн оршин суугчдад үхэл болоод сүйрлийн өмнө сэтгэлийн зовлонд унах гэх мэтийн гай зовлон их тарьсан. «Эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр» нь шилжсэн утгаар бус, харин өтгөн утаа суунагласан жинхэнэ харанхуй өдөр байлаа. Учир нь тэр үед хаа сайгүй утаа суунаглан, цус урсаж байв. Тэр өдөр «бүрээ, дайтах уухайны өдөр» байсан боловч түгшүүрийн дохио дэлдэх нь ашиггүй зүйл байлаа.
20 Вавилончууд түншүүрээр «өндөр булант цамхгуудыг» нураахад Иерусалимын харуулууд яаж ч чадахгүй байлаа. Өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцооны ямар ч бэхлэлт Бурхны тэнгэрийн зэвсгийг тэсэн гарч чадахгүй. Бурхан энэ зэвсгээрээ устгах ёстой зүйлсээ сонгон устгах юм. Тэр өдөр та амь аврагдах найдвартай юу? Та «Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг... бүх хорон муу хүнийг... устгах» Еховагийн талд баттай зогсож чадсан уу? (Дуулал 145:20).
21, 22. Зефаниа 1:17, 18 энэ цагт яаж биелэх вэ?
21 Зефаниа 1:17, 18-д зөгнөсөн Еховагийн шүүх өдөр юутай аймшигтай вэ! Ехова Бурхан: «Би хүмүүст зовлонг авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно. Учир нь тэд Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, махан бие нь баас мэт асгагдах болно. Еховагийн хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно» гэж хэлсэн.
22 Ехова Зефаниагийн үеийнх шиг сануулгыг нь хүлээн аваагүй «дэлхийн бүх оршин суугчдад» удахгүй зовлон авчирна. Учир нь тэд Бурхны эсрэг нүгэл үйлдсэн бөгөөд тэдэнд хэн ч тусалж чадахгүй. Тэд аврагдах ямар ч боломжгүй, сохор хүмүүс шиг алхах болно. Еховагийн шүүх өдөр «тэдний цус нь» ямар ч хэрэггүй «шороо мэт... асгагдах болно». Тэднийг жигшүүрт төгсгөл хүлээж буй. Бурхан тэдгээр ёс бус хүмүүсийн тураг биеийг, тэр байтугай гэдэс дотрыг нь хүртэл «баас мэт» талаар нэг тараан хаях болно.
23. «Еховагийн хилэнгийн өдөр» ёс бус хүмүүс аврагдахгүй хэдий ч Зефаниагийн зөгнөл ямар найдвар төрүүлдэг вэ?
23 Бурхан ба түүний ард түмний эсрэг тэмцсэн хүнийг хэн ч аварч чадахгүй. Иудагийн ёс бус оршин суугчдыг алт мөнгөний аль нь ч авраагүй. Христ шашны ертөнц болон эдүгээгийн эд юмсын тогтолцооны бусад хэсгийг устгах «Еховагийн хилэнгийн өдөр» хурааж цуглуулсан эд хөрөнгө хийгээд шан харамжийн зүйлс аанай л хэнд ч тус хүргэж чадахгүй. Бурхан нүгэлтнүүдийг устгах эцсийн шүүлтийн тэр өдөр түүний хардалтын гал «бүх дэлхийг цөлмөх болно». Бид Бурхны зөгнөлийн үгэнд итгэдэг учраас «цаг хугацааны төгсгөл» ойртож байна гэдэгт эргэлздэггүй (Даниел 12:4). Еховагийн шүүх өдөр ойрхон байгаа бөгөөд дайсандаа шангийг нь удахгүй өгнө. Түүний зэрэгцээ аврагдах найдвар бий гэдгийг Зефаниагийн зөгнөл хэлдэг. «Еховагийн хилэнгийн өдөр» нуугдахын тулд бид ямар ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
[Зүүлт]
a Энэ өгүүллийн үндэс болсон «Зефаниа» номын ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас ашигласан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт нь байдаг ЕХОВА гэдэг нэрээр сольсон болно.
Та яаж хариулах вэ?
• Зефаниагийн зөгнөл Иуда болон Иерусалимын тухайд хэрхэн биелсэн бэ?
• Одоо христ шашны ертөнц болон ёс бус бүхнийг юу хүлээж байна вэ?
• Еховагийн шүүх өдөр яагаа ч үгүй гэж бодох нь яагаад буруу вэ?