Есүсийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэгтүн
«Бурхнаас илгээгдсэн Тэр Бурхны үгийг айлддаг» (ИОХАН 3:34).
1, 2. «Ууланд айлдсан номлол»-ыг юутай зүйрлэж болох вэ? Есүсийн сургаалыг «Бурхны үгэнд» үндэслэсэн гэж үзэхийн учир юу вэ?
АФРИКИЙН ОД гэгддэг 530 каратын засмал алмаас бол одоогийн байдлаар хүмүүсийн мэдэх хамгийн том алмаасын нэг юм. Энэ чулуу их үнэтэй. Гэхдээ үүнээс ч үнэтэй, эрдэнийн чулуутай зүйрлэм сургаал Есүсийн «Ууланд айлдсан номлол»-д байдаг. Энэ нь ч аргагүй юм. Учир нь Христийн сургаалын Эх булаг нь Ехова билээ. Библид Есүсийн тухай: «Бурхнаас илгээгдсэн Тэр Бурхны үгийг айлддаг» хэмээн бичсэн байдаг (Иох. 3:34–36).
2 Есүс «Ууланд айлдсан номлол»-оо гуч хүрэхгүй минутад хэлсэн байж болох юм. Тэрбээр Еврей Судрын 8 номоос 21 удаа иш татсан байдаг. Тэгэхлээр, уг номлолыг «Бурхны үгэнд» үндэслэжээ гэж хэлж болно. Бурхны хайртай Хүүгийн айлдсан гайхалтай сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг үзье.
«Эхлээд ах дүүтэйгээ эвлэр»
3. Есүс уур хилэнгийн аюулаас сэрэмжлүүлэнгээ ямар зөвлөгөө өгсөн бэ?
3 Христианууд бид Бурхнаас баяр баясгалан, амар тайван гэх зэргийн үр жимстэй ариун сүнс авдгийн ачаар жаргалтай, амар амгалан амьдардаг (Гал. 5:22, 23). Есүс шавь нараа аз жаргалтай, амар амгалан байгаасай гэж хүсэж байсан учир уур хилэн хадгалж явбал үхлийн аюулд ч хүрч болзошгүйг сэрэмжлүүлжээ (Матай 5:21, 22-ыг уншина уу). Тэрбээр цааш нь: «Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» гэж захижээ (Мат. 5:23, 24).
4, 5. Ах дүүгээ гомдоосон бол эвлэрэх нь хэр зэрэг чухал бэ?
4 Иерусалим дахь сүмд амьтнаар тахил өргөх нь тухайн үед Еховаг шүтэх шүтлэгийн салшгүй хэсэг байсан учир өргөл чухал зүйл байв. Гэвч Есүс өөр нэг зүйлийг илүү чухалд үзсэн. Ах дүүгээ гомдоосон бол Бурханд өргөл өргөхөөсөө өмнө эвлэрэх ёстой ажээ.
5 Есүсийн үг ямар сургамжтай вэ? Бусадтай хэрхэн харьцдаг маань Еховатай тогтоосон харьцаанд ихээхэн нөлөөлдөг нь ойлгомжтой байна (1 Иох. 4:20). Бусадтай зүй зохистой харьцдаггүй хүний өргөл эрт цагт ч Бурханд үнэ цэнэгүй байв (Мика 6:6–8-ыг уншина уу).
Даруу байх нь чухал
6, 7. Ах дүүтэйгээ эвлэрэхэд даруу зан ямар учраас хэрэгтэй вэ?
6 Хүн гомдоочихоод эвлэрнэ гэдэг даруу эсэхийн сорилт болдог. Даруу хүн өөрийнхөө зөвийг батлах гэж улайран итгэл нэгтнүүдтэйгээ маргадаггүй. Хэрэв маргавал эртний Коринт хотын христиануудад тохиолдсон шиг таагүй явдал тохиолдох биз ээ. Энэ явдлын талаар элч Паул: «Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?» хэмээн бичсэн нь бодууштай юм (1 Кор. 6:7).
7 Есүс биднийг ах дүүгээ буруутгаж, өөрийгөө зөвтгөх гэж буцаж яв гэж хэлээгүй. Харин бидний зорилго бол урьдынх шигээ эвтэй байх явдал юм. Эвлэрэхийн тулд илэн далангүй ярилцах хэрэгтэй. Бас нөгөө хүнийг гомдоосноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр буруутай бол даруухнаар уучлал гуйх нь зүйтэй.
«Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ...»
8. Матай 5:29, 30-д бичсэн Есүсийн үгийн гол санааг хэлнэ үү.
8 Есүс «Ууланд айлдсан номлол»-доо ёс суртахууны асуудлаар нэг ухаалаг зөвлөгөө өгсөн. Төгс бус хүнд биеийнх нь эрхтнүүд ноцтой аюул учруулж болохыг Есүс мэддэг байв. Тиймээс «Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр. Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр» гэж хэлсэн (Мат. 5:29, 30).
9. «Нүд» болон «гар» биднийг хэрхэн «бүдрүүлж» болзошгүй вэ?
9 Есүс «нүд» гэдгээр анхаарлаа төвлөрүүлэх чадварыг, «гар» гэдгээр хүний гараараа хийдэг бүхнийг төлөөлүүлэн хэлжээ. Сэрэмжтэй байхгүй бол биеийн маань энэ эрхтнүүд биднийг «бүдрүүлж», улмаар «Бурхантай хамт явахыг» маань болиулж болзошгүй (Эх. 5:22; 6:9, 10). Еховагийн хуулийг зөрчих хорхой хүрвэл нүдээ ухаж авах, гараа тастаж хаяхтай адил шийдэмгий арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй.
10, 11. Садар самуун, завхай явдлаас зайлсхийхэд юу туслах вэ?
10 Тэгвэл ёс журамгүй юманд анхаарлаа төвлөрүүлэхгүйн тулд «нүдээ» хэрхэн хянах вэ? Бурхны үнэнч үйлчлэгч Иов: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» гэж хэлсэн (Иов 31:1). Иов ёс суртахууны асуудлаар Бурхны тогтоосон хуулийг зөрчихөөс болгоомжилдог, гэр бүлтэй хүн байв. Бид гэр бүлтэй ч бай, үгүй ч бай, Иовыг дуурайх учиртай. Садар самуун, завхай явдлаас зайлсхийхийн тулд өөрийгөө захирч сурахад тусалдаг Бурхны ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй (Гал. 5:22–25).
11 Садар самуун, завхай явдлаас зайлсхийхийн тулд: «Би „нүдэндээ“ захирагдаж ном хэвлэл, зурагт, Интернетээр өргөн сурталчилдаг ёс журамгүй материалыг үзэх гэж хорхойсдог уу?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Бас шавь Иаковын: «Өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохлоороо үхлийг авчирдаг аж» хэмээн бичсэнийг санаж явах хэрэгтэй (Иак. 1:14, 15). Бурханд өөрийгөө зориулсан хүн ёс бус юм бодон, эсрэг хүйсийн хүнийг хардаг бол нүдээ ухаж аваад хаяхын адилаар өөрийгөө эрс шийдвэртэйгээр өөрчлөх хэрэгтэй (Матай 5:27, 28-ыг уншина уу).
12. Паул хүсэл тачаалтайгаа тэмцэхэд тус болох ямар зөвлөгөө өгсөн бэ?
12 Гараараа буруу юм хийвэл Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг зөрчих аюултай учир ёс суртахууны хувьд цэвэр байна гэж эргэлт буцалтгүй шийдсэн байх ёстой. Тиймээс, элч Паулын: «Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» гэж зөвлөснийг анхаарах хэрэгтэй (Кол. 3:5). «Үхүүл» гэдэг үг махан биеийн ёс бус хүсэл тачаалтайгаа тэмцэхийн тулд шийдэмгий арга хэмжээ авахын чухлыг харуулдаг.
13, 14. Ёс бус юмыг анхаарах, хийхээс зайлсхийх нь яагаад чухал бэ?
13 Ер нь, хүн амьд явахын тулд өвчтэй мөчөө тайруулахаас татгалзахгүй болов уу. Сүнслэг амь насанд маань аюултай ёс бус юмыг анхаарах, хийхээс зайлсхийе гэвэл бэлгэдлийн утгаар нүдээ ухаж, гараа тастаж «хаях» нь амин чухал. Бодол санаа, ёс суртахууны хувьд болон сүнслэгээр цэвэр байх нь «там» буюу гехеннагаар төлөөлүүлдэг мөнхийн устгалд өртөхгүй байх цорын ганц нөхцөл юм.
14 Хүн төрөлхийн нүгэлтэй, төгс бус учир ёс суртахууны хувьд цэвэр байх гэж хичээж мэрийх зайлшгүй шаардлагатай. Паул: «Бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож, ... боол болгодог» хэмээжээ (1 Кор. 9:27). Тиймээс, Есүсийн золиосыг уландаа гишгэснээс өөрцгүй ямар ч юм хийхгүй, ёс суртахууны асуудлаар өгсөн зөвлөгөөг нь хэрэгжүүлэх шийдвэрээсээ няцахгүй байцгаая (Мат. 20:28; Евр. 6:4–6).
«Өгөгтүн»
15, 16. а) Есүс өгөөмөр сэтгэлийн ямар жишээ үзүүлсэн бэ? б) Лук 6:38-д бичсэн Есүсийн үг ямар учиртай вэ?
15 Есүсийн заасан сургаал, үзүүлсэн хосгүй жишээг нь бодохлоор өгөөмөр байх хүсэл төрдөг. Тэрбээр төгс бус хүн төрөлхтний тусын тулд дэлхийд ирэн хосгүй өгөөмөр сэтгэл гаргасан (2 Коринт 8:9-ийг уншина уу). Есүс хүн болж, хожим нь амиа золиослохын тулд тэнгэр дэх сүр жавхлант байр сууриа дуртайяа орхисон. Энэ нь төгс бус хүн төрөлхтний төлөө, цаашлаад, Хаанчлалын хамтран залгамжлагчид нь болж тэнгэрт баялаг эзэмших хүмүүсийн төлөө байсан юм (Ром 8:16, 17). Есүс өгөөмөр байхыг уриалан доорх үгийг хэлжээ.
16 «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» (Лук 6:38). «Хормой дээр чинь асгарах» гэдэг үг нь Ойрх Дорнодод наймаачид хүнийг хувцсаа хөөргөж бүслээд энгэрээ тосоход барааг нь хийж өгдөг байсантай холбоотой. Бид хариу харалгүй өгдөг бол, зовж зүдрэх цагтаа өгөөмөр сэтгэлийнхээ үр шимийг үзэж болох юм (Ном. 11:2).
17. Ехова өгөөмөр сэтгэлийн жишээг хэрхэн үзүүлсэн бэ? Ямар өглөг бидэнд баяр баясгалан авчирдаг вэ?
17 Ехова баяртайгаар өгөгчийг хайрладаг, бас шагнадаг. Бурхан өгөөмөр сэтгэлийн хамгийн сайхан жишээ үзүүлэн, цорын ганц хайрт Хүүгээ өгсөн. «Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иох. 3:16). Паул: «Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» гэж бичжээ (2 Кор. 9:6, 7). Жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулбал баяр баясгалан эдэлж, том шагнал хүртэх нь гарцаагүй (Сургаалт үгс 19:17; Лук 16:9-ийг уншина уу).
«Өөрсдийн өмнө бүрээ бүү тат»
18. Ямар хүнд тэнгэрийн Эцгийн «шагнал олдохгүй» вэ?
18 «Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцгээс тань та нарт шагнал олдохгүй» (Мат. 6:1). Энд Есүс «зөвт байдал» гэдгээр Бурхны хүсэл таалалд нийцүүлэн биеэ авч явахыг хэлсэн. Тэрбээр Бурханд таалагддаг үйл хэргийг олны өмнө хийж огт болохгүй гэж хэлээгүй. Учир нь «Та нарын гэрэл [хүмүүсийн] өмнө ... гэрэлтэг» гэж шавь нартаа захисан байдаг (Мат. 5:14–16). Гэхдээ бид тайзан дээрх жүжигчин мэт «хүмүүст харуулж», тэднийг бишрүүлэх зорилгоор аливааг хийвэл тэнгэрийн Эцгээс маань «шагнал олдохгүй». Өөрөөр хэлбэл, Бурхантай дотно харьцаа тогтоож чадахгүй, Хаанчлалын удирдлага дор үүрдийн ивээл хүртэхгүй.
19, 20. а) Есүс өглөг өгөхдөө «бүрээ бүү тат» хэмээсэн нь ямар учиртай вэ? б) «Баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд» гэж юу гэсэн үг вэ?
19 Зөв үзэл бодолтой хүн Есүсийн: «Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм» гэж зөвлөснийг анхаардаг (Мат. 6:2). «Өглөг» гэдэг нь ядууст өгдөг хандив ажээ (Исаиа 58:6, 7-г уншина уу). Есүс болон элч нар нь ядууст туслах зорилгоор мөнгө хуримтлуулдаг байсан (Иох. 12:5–8; 13:29). Ер нь, ядууст өглөг өгөхөд бүрээ үлээдэггүй байсан. Тэгэхлээр, Есүс өглөг өгөхдөө «бүрээ бүү тат» гэсэн нь хэтрүүлэг байсан нь тодорхой. Тиймээс, бид фарисайчуудын адилаар өглөгөө олонд зарлан мэдэгдэх ёсгүй. Тэд өглөг өгөхдөө «синагогт ба гудамжинд» зарлан мэдэгддэг байсан учир Есүс хоёр нүүрт гэсэн. Фарисайчууд «шагналаа бүрэн авсан» ажээ. Тэдэнд олны магтаал сайшаал хүлээх, синагогт тэргүүн эгнээнд хуулийн алдартай багш нартай зэрэгцэн суухаас өөр ямар ч шагнал олдоогүй. Учир нь Ехова тэдэнд юу ч өгөөгүй (Мат. 23:6). Тэгвэл Христийн шавь нар яах ёстой вэ? Есүс тэр үеийн шавь нартаа болон өнөөгийн бидэнд ийнхүү захисан.
20 «Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө» (Мат. 6:3, 4). Ер нь, хүн аливаа юмыг хоёр гараараа хийдэг. Тиймээс баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа мэдэгдэхгүй байх гэдэг нь баруун, зүүн гар шиг маань тийм ойр байдаг хүмүүст ч өглөгийнхөө талаар зарлан мэдэгдэхгүй байх гэсэн үг юм.
21. «Нууцаар харагч» Эцэг маань бидэнд яаж буцааж төлөх вэ?
21 Өглөг өгдгөө гайхуулан ярихгүй л бол «өглөг [маань] нууц байх болно». Тэгвэл «нууцаар харагч» Эцэг маань бидэнд буцааж төлнө. Ехова тэнгэрт оршдог бөгөөд хүний нүдэнд харагддаггүй учир хүн төрөлхтний хувьд «нууц» юм (Иох. 1:18). «Нууцаар харагч» Эцэг маань бидэнтэй дотно харьцаа тогтоож, нүглийг маань уучлан, мөнхийн амьтай болгох зэргээр буцааж төлнө (Сур. 3:32; Иох. 17:3; Ефес 1:7). Энэ бүхнийг хүнээс хүлээх магтаал сайшаалтай харьцуулахын аргагүй шүү дээ!
Эрхэмлэвэл зохих үнэт сургаал
22, 23. Есүсийн сургаалыг эрхэмлэхийн учир юу вэ?
22 «Ууланд айлдсан номлол»-д олон талст бүхий эрдэнийн чулуутай зүйрлэм сургаал олон байдаг нь тодорхой байна. Эдгээр үнэт сургаалын ачаар бид зовлон зүдүүрээр дүүрсэн өнөөгийн ертөнцөд ч баяр баясгалантай байдаг. Хэрэв Есүсийн сургаалыг эрхэмлэн, амьдралын хэв маяг болгон хэрэгжүүлбэл аз жаргалтай амьдарна.
23 Есүсийн сургаалыг «сонсоод», «үйлдэгч» аливаа хүн ивээл хүртэнэ (Матай 7:24, 25-ыг уншина уу). Тиймээс, Есүсийн зөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэрээ чанд баримталцгаая. «Ууланд айлдсан номлол»-ыг цуврал өгүүллийн төгсгөлийн өгүүллээр үргэлжлүүлэн үзье.
Хариулна уу
• Ах дүүтэйгээ эвлэрэх нь ямар учраас чухал бэ?
• «Баруун нүднээсээ» болж бүдрэхээс хэрхэн зайлсхийх вэ?
• Ямар сэтгэлээр өгөх хэрэгтэй вэ?
[11-р хуудасны зураг]
Итгэл нэгтэнтэйгээ эвлэрэх нь хэчнээн сайхан бэ!
[12, 13-р хуудасны зураг]
Ехова баяртайгаар өгдөг хүнийг ивээдэг