4. Юуны тухай залбирах вэ?
ХРИСТИЙН шашныхан Есүсийн заасан жишээ залбирлыг хамгийн их хэлж залбирдаг. Энэ залбирлыг өөрөөр Эзний залбирал гэх нь бий. Гэхдээ энэ залбирлын утга учрыг зөв ойлгодоггүй хүн олон байдаг. Олон сая хүн энэ залбирлыг өдөр бүр хэлдэг ч утгыг нь тэр бүр боддоггүй байна. Өдөрт хэдэн ч удаа хэлж залбирах нь бий. Гэхдээ энэ нь Есүсийн хүссэнээр залбирч байгаа хэрэг биш юм. Яагаад тэгж хэлж болох вэ?
Есүс энэ залбирлыг заахынхаа өмнөхөн «Нэг юмаа дахин дахин бүү хэл» гэжээ (Матай 6:7). Есүс ингэж хэлчихээд уг залбирлыг үг үсэггүй цээжилж, олон дахин давтаарай гэж заана гэж үү? Яалаа гэж! Есүс юуны тухай залбирахыг бас юу юуг эхэлж хэлэх нь чухал болохыг зааж өгсөн юм. Одоо, Матай 6:9–13-т байдаг Есүсийн заасан залбирлыг дэлгэрэнгүй авч үзье.
«Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай»
Есүс дагалдагчдадаа зөвхөн Эцэг Еховад нь залбирах ёстойг ийнхүү сануулжээ. Та Бурхны нэр яагаад их чухал болохыг, яагаад нэр нь ариусах хэрэгтэйг мэдэх үү?
Хүн төрөлхтний түүхийн эхнээс Бурхны ариун нэрийг гутаан доромжилж ирсэн. Ехова Бурхны дайсан Сатан Еховаг худалч, аминч захирагч бөгөөд бүтээлээ захирах ямар ч эрхгүй гэж гүтгэжээ (Эхлэл 3:1–6). Олон хүн Сатаны талд орж Бурхныг хүйтэн хөндий, харгис хэрцгий, өш санадаг гэж заагаад зогсохгүй Бүтээгч гэдгийг нь үгүйсгэдэг. Зарим нь бүр Библийг орчуулахдаа Бурхны нэрийг аймшиггүйгээр хасах, нэрийг нь хэрэглэхийг хориглох зэргээр гутаан доромжилдог.
Библид Бурхан энэ бүх шударга бус явдлыг арилгана гэж байдаг (Езекиел 39:7). Улмаар Бурхан таны бүх хэрэгцээг хангаж, зовлон бэрхшээлээс ангижруулна. Яаж тэр вэ? Есүсийн заасан жишээ залбирлын дараагийн үгэнд хариу нь бий.
«Таны Хаант төр захираасай»
Санваартнууд, номлогчид Бурхны Хаант төрийг янз бүрээр ойлгодог. Харин Есүсийн яриаг сонсож байсан хүмүүс Хаант төрийн талаар Бурхны зөнчдийн юу гэж зөгнөж ирснийг мэддэг байв. Зөнчид хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдэх Хаант төрийн хаан нь Бурхны сонгосон Аврагч, Мессиа байхыг зөгнөж байсан (Исаиа 9:6, 7; Даниел 2:44). Бурхны Хаант төр Сатаны худал хуурмагийг илчлэн, Сатаныг ялж, түүний учруулсан бүх хор уршгийг арилгаж Бурхны нэрийг ариусгана. Дайн, өвчин, өлсгөлөн, тэр байтугай үхлийг ч үгүй хийнэ (Дуулал 46:9; 72:12–16; Исаиа 25:8; 33:24). Та Бурхны Хаант төр захираасай гэж залбирвал энэ бүх амлалтаа биелүүлэхийг Бурхнаас гуйж байна гэсэн үг.
«Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй»
Есүсийн хэлсэн энэ үг Бурхны хүсэл таалал оршихуй нь болох тэнгэрт биелсэн шигээ дэлхий дээр биелэхийг харуулдаг. Бурхны хүсэл тэнгэрт биелэхэд хэн ч, юу ч саад болж чадаагүй. Бурхны Хүү тэнгэрт Сатан болон түүний талынхантай дайтаж тэднийг дэлхий рүү хаясан (Илчлэл 12:9–12). Есүсийн заасан жишээ залбирлын энэ гуйлт өмнөх хоёр гуйлттай адилаар өөрийнхөө хүслийг бус, хамгийн чухал зүйл болох Бурхны хүслийг үргэлж анхаарч амьдрахад тустай байдаг. Бурхан бүх бүтээлдээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Тийм ч учраас төгс хүн Есүс хүртэл «миний биш, таны хүсэл биелэг» гэжээ (Лук 22:42).
«Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч»
Дээрх үгээс үзвэл бид хэрэгтэй байгаа зүйлийнхээ талаар огт залбирч болохгүй гэсэн үг биш байх нь ээ. Өдөр тутмын хэрэгцээнийхээ талаар Бурханд залбирах нь буруу биш. Ингэж залбирвал Еховаг «бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдгийг» хүлээн зөвшөөрч байна гэсэн үг (Үйлс 17:25). Библид Еховаг хүүхдүүддээ хэрэгтэй юмыг нь дуртайяа өгдөг хайр халамжтай Эцэг гэсэн байдаг. Гэхдээ Ехова сайн эцгийн адилаар, хүүхдээ ашиг тусгүй юм гуйвал өгдөггүй.
«Бидний нүглийг уучлаач»
Та өөрийгөө Бурхны өмнө нүгэлтэй гэж боддог уу? Бурхнаас өршөөл хүртэх хэрэгтэй юү? Өнөөдөр олон хүн нүгэл гэж чухам юу болохыг, ямар хор уршигтайг нь мэддэггүй. Харин Библид зовлон бэрхшээлийн уг үндэс нь нүгэл болохыг хэлсэн байдаг. Хүн нүгэлтэй учраас үхдэг. Бид төрөлхийн нүгэлтэй болохоор үргэлж нүгэл үйлддэг. Гэхдээ Бурхан уучилж өршөөдгийн ачаар бид ирээдүйн сайхан найдвар өвөрлөж явдаг (Ром 3:23; 5:12; 6:23). «ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн» хэмээн Библиэс уншихлаар сэтгэл уужирдаг (Дуулал 86:5).
«Хорон муу нэгнээс хамгаалаач»
Та Бурхнаар хамгаалуулах зайлшгүй хэрэгтэйгээ ойлгодог уу? Олон хүн «хорон муу нэгэн» болох Сатаныг оршин байдагт итгэдэггүй. Харин Есүс Сатаныг оршин байдгийг, тэр байтугай энэ «ертөнцийн захирагч» гэдгийг хэлж өгсөн (Ёохан 12:31; 16:11). Сатан эрхшээлдээ байлгадаг энэ ертөнцийг завхруулсан бөгөөд таныг бас уруу татаж, тэнгэрийн Эцэг Еховагаас тань холдуулах гэж чадах бүхнээ хийдэг (1 Петр 5:8). Гэхдээ Ехова Сатантай харьцуулахын аргагүй хүчтэй учраас өөрийг нь хайрладаг хүмүүсийг дуртайяа хамгаалдаг.
Энэ өгүүлэлд Есүсийн заасан жишээ залбирлыг тоймлон авч үзсэн тул юу юуны талаар залбирч болохыг нэг бүрчлэн дурдаагүй билээ. Гэхдээ 1 Ёохан 5:14-т «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог» гэж байдаг. Тиймээс өөрт тулгарч байгаа бэрхшээлээ том жижиг гэлтгүй бүгдийг нь Бурханд хэлж залбирч байгаарай (1 Петр 5:7).
Тэгвэл хэзээ, хаана залбирах хэрэгтэй вэ? Энэ нь тийм чухал уу?