Ехова бидний өдөр тутмын хэрэгцээг хангадаг
«Санаа зовохоо боль. Учир нь... та нарт эдгээр зүйл хэрэгтэйг Эцэг тань мэддэг» (ЛУК 12:29, 30).
1. Ехова амьтдыг хоол хүнсээр хэрхэн хангадаг вэ?
БОЛЖМОР болон бусад шувуудыг хоол хайн, нүцгэн газар тоншиж байхыг та үзсэн үү? Газар тоншоод идчихмээр юм юу олдог бол гэж гайхаж байсан байж магадгүй. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо Ехова жигүүртэн шувууг хоол хүнсээр хэрхэн хангадаг тухай хэлсэн нь бидэнд сургамж болдог. Тэрээр: «Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнтэй биш үү?» гэж хэлжээ (Матай 6:26). Тийм ээ, Ехова бүх бүтээлээ хоол хүнсээр гайхамшигтай хангадаг (Дуулал 104:14, 21; 147:9).
2, 3. Есүс өдөр тутмын талх гуйж залбирахыг заасан нь ямар сүнслэг сургамж болдог вэ?
2 Тэгвэл Есүс жишээ залбиралдаа: «Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч» гэсэн нь ямар учиртай вэ? (Матай 6:11). Энэ энгийн гуйлт бидэнд сүнслэг чухал сургамж болдог. Нэгдүгээрт, Ехова бол Агуу Тэжээгч гэдгийг сануулдаг (Дуулал 145:15, 16). Хүн тарьж, боловсруулдаг ч гагцхүү Бурхан шууд болон сүнслэг утгаар ургуулдаг (1 Коринт 3:7). Бидний иддэг уудаг бүхэн Бурхны бэлэг юм (Үйлс 14:17). Бид өдөр тутмын маань хэрэгцээг хангаж өгөхийг Еховагаас гуйхдаа түүний өгдөг бүхнийг юу ч бодолгүй авдаггүй гэдгээ харуулдаг. Гэхдээ ингэж гуйх нь ажил хийх чадвартай хүнийг тэр үүргээс нь чөлөөлдөггүй нь ойлгомжтой (Ефес 4:28; 2 Тесалоник 3:10).
3 Хоёрдугаарт, «өдөр тутмын талх» өгөхийг гуйсан нь ирээдүйдээ хэт их санаа зовохгүй байхыг сануулдаг. Есүс цааш нь: «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл: „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно» гэж хэлсэн (Матай 6:31–34). «Өдөр тутмын талх» гуйж залбирсан нь «бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдлаар» энгийн амьдрах жишээ болдог (1 Тимот 6:6–8).
Өдөр тутмын сүнслэг хоол
4. Есүс болон израильчуудын амьдралд тохиолдсон ямар явдал сүнслэг хоол хүртэхийн чухлыг харуулдаг вэ?
4 Өдөр тутмын талх өгөхийг гуйж залбирах нь өдөр бүр сүнслэг хоол хүртэх хэрэгтэйг бас сануулах ёстой. Есүсийг удаан хугацаагаар мацаг бариад, их өлсчихсөн байхад нь Сатан сорьж, чулууг талх болгуулахыг оролдсон. Гэвч Есүс: «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» гэж хэлэн, түүнийг эсэргүүцсэн (Матай 4:4). Энд Есүс зөнч Мосегийн израильчуудад хандан: «Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд [Ехова] чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан „манна“-гаар чамайг хооллож байсан» гэж хэлсэн үгийг иш татжээ (Дэд хууль 8:3). Ехова израильчуудад манна өгсөн нь зөвхөн хоол хүнсээр хангасан төдийгүй олон сүнслэг сургамж өгсөн хэрэг байлаа. Жишээ нь, тэд «өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулах» ёстой байв. Хэрэв хоногийнхоо хэрэгцээнээс илүүг цуглуулбал үлдэгдэл нь өмхийрч, өтдөг байв (Египетээс гарсан нь 16:4, 20). Гэхдээ зургаа дахь өдөр, Амралтын өдөр идэх гэж хоёр дахин ихийг цуглуулахад өмхийрч, өтдөггүй байсан (Египетээс гарсан нь 16:5, 23, 24). Тэгэхлээр, тэдний амь зөвхөн талхнаас бус, «ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээс» шалтгаалдаг бөгөөд түүнд дуулгавартай байх ёстой гэдгийг манна израильчуудын оюун ухаанд хоногшуулжээ.
5. Ехова биднийг өдөр тутам сүнслэг хоолоор хэрхэн хангадаг вэ?
5 Бид ч мөн адил Еховагийн, Хүүгээрээ дамжуулан өгдөг сүнслэг хоолыг өдөр тутам хүртэх хэрэгтэй. Чухам ийм зорилгоор Есүс итгэлийн гэрийнхэнд «цагт нь хоол ундыг өгүүлэхээр... итгэмжит ухаалаг боолыг» томилсон (Матай 24:45). Итгэмжит боолын анги сүнслэг хоолыг Библи судлах гарын авлага хэлбэрээр элбэг дэлбэг хангахын зэрэгцээ Библи өдөр бүр уншихыг бидэнд уриалдаг (Иошуа 1:8; Дуулал 1:1–3). Есүсийн адилаар, Еховагийн хүсэл тааллыг танин мэдэж, биелүүлэхийг өдөр бүр хичээвэл бид ч бас сүнслэг тэжээл авна (Иохан 4:34).
Нүглээ уучлуулах нь
6. Бид ямар «өрөө» Еховагаар уучлуулахыг хүсдэг вэ? Ехова ямар нөхцөлөөр өрийг хүчингүй болгоход бэлэн байдаг вэ?
6 Цааш нь жишээ залбиралд: «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэж байдаг (Матай 6:12). Есүс энд мөнгө төгрөгний тухай яриагүй. Харин нүглээ уучлуулах тухай хэлжээ. Жишээ залбирлыг «Лук» номд тэмдэглэхдээ энэ гуйлтыг: «Бидний нүглийг уучлаач. Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг» гэж буулгажээ (Лук 11:4). Энэ нь бид нүгэл үйлдвэл Еховад өртэй болдог гэсэн үг юм. Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшиж, «эргэж», Христийн золих тахилд итгэх итгэлдээ үндэслэн уучлал гуйвал халамжит Эцэг маань биднийг өрнөөс «салгах» буюу тэр өрийг хүчингүй болгоход бэлэн байдаг (Үйлс 3:19; 10:43; 1 Тимот 2:5, 6).
7. Уучлахыг гуйж өдөр бүр залбирах ёстойн учир юу вэ?
7 Нөгөөтэйгүүр, бид Еховагийн зөвт хэм хэмжээний байг алддагаасаа болоод нүгэл үйлддэг. Өвлөн авсан нүглийнхээ улмаас үг яриа, үйл хэрэг, бодол санаагаараа нүгэл үйлдэх юм уу, хийвэл зохих зүйлийг хийж чаддаггүй (Номлогчийн үгс 7:20; Ром 3:23; Иаков 3:2; 4:17). Тиймээс тухайн өдөр нүгэл хийснээ ухаарахгүй байсан ч уучлахыг гуйж өдөр бүр залбирах хэрэгтэй (Дуулал 19:12; 40:12).
8. Уучлахыг гуйж залбирах нь бидэнд ямар хүсэл төрүүлэх ёстой вэ? Энэ нь ямар сайн үр дүнд хүргэдэг вэ?
8 Уучлахыг гуйж залбирахын тулд өөрийгөө шударгаар шалгаж, Христийн асгаруулсан цусны золих хүчинд итгэх итгэлдээ үндэслэн, нүглээ гэмшиж, хүлээн зөвшөөрөх ёстой (1 Иохан 1:7–9). Чин сэтгэлээсээ залбирдгаа харуулахын тулд уучлуулах гуйлтаа «гэмшилд дүйцэх үйлсээр» батлах учиртай (Үйлс 26:20). Тэгж гэмээнэ Ехова бидний нүглийг уучлахад бэлэн гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 86:5; 103:8–14). Үүний дүнд, юутай ч зүйрлэшгүй сэтгэлийн амар тайван буюу «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор [бидний] зүрх [болон] бодлыг хамгаална» (Филиппой 4:7). Гэхдээ Есүсийн жишээ залбирлаас бид нүглээ уучлуулахын тулд юу хийх ёстойгоо илүү нарийн мэдэж авдаг.
Уучлуулахын тулд уучлах ёстой
9, 10. а) Есүс жишээ залбирлаа хэрхэн нэмж тайлбарласан бэ? Энэ нь юуг онцлон тэмдэглэдэг вэ? б) Уучламтгай байхын чухлыг Есүс жишээгээр хэрхэн үзүүлсэн бэ?
9 Сонирхолтой нь, «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэсэн гуйлт бол Есүсийн жишээ залбирлаасаа тайлбарласан цорын ганц хэсэг юм. Есүс залбирсныхаа дараа: «Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй» гэж нэмж хэлсэн (Матай 6:14, 15). Тийнхүү Ехова биднийг уучлах уу, үгүй юу гэдэг нь бусдыг дуртайяа уучилдаг эсэхээс маань хамаардгийг Есүс тун тодорхой харуулжээ (Марк 11:25).
10 Бас нэгэн удаа Есүс, Еховагаар уучлуулахыг хүсдэг бол өөрөө уучламтгай байх хэрэгтэйг жишээгээр тайлбарласан. Тэрхүү жишээнд, төлж баршгүй их өрөнд орсон боолынхоо өрийг хэлтрүүлсэн нэгэн хааны тухай гардаг. Гэтэл өнөөх боол өөрт нь тун шалихгүй хэмжээний өртэй байсан өөр нэг боолын өрийг хэлтрүүлээгүйг хаан мэдээд, хатуу шийтгэжээ. Есүс: «Хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно» гэж хэлэн уг жишээгээ төгсгөсөн байдаг (Матай 18:23–35). Энэ түүх бидэнд ямар сургамжтай вэ? Ехова бидний хүн бүрийн нүглийн өрийг хэлтрүүлсэн. Энэ нь бидний эсрэг хэн нэгний үйлдсэн нүгэлтэй харьцуулахын аргагүй их гэдэг нь ойлгомжтой. Түүнээс гадна, Ехова биднийг өдөр бүр уучилдаг. Тиймээс, бусад маань биднийг хааяа нэг гомдоодог бол тэднийг уучлах хэрэгтэй нь ойлгомжтой.
11. Хэрэв бид Еховагаар уучлуулахыг хүсдэг бол элч Паулын ямар зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ? Ямар үр дүнд хүрэх вэ?
11 Элч Паул: «Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнийгээ энэрэн, уян зөөлөн сэтгэлээр ханд» гэж бичжээ (Ефес 4:32). Христианууд харилцан бие биеэ уучлан амар тайвныг бий болгодог. Паул цааш нь: «Бурхнаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» хэмээн уриалжээ (Колоссай 3:12–14). Энэ бүхнийг Есүс бидэнд заасан залбиралдаа: «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэж илэрхийлжээ.
Сорилтод орохдоо хамгаалуулах нь
12, 13. а) Жишээ залбирлын дараагийн гуйлтыг юу гэж ойлгож болохгүй вэ? б) Агуу Соригч гэж хэн бэ? Сорилтод бүү оруулаач гэж залбирах нь ямар санаа илэрхийлдэг вэ?
12 Есүс цааш нь: «Биднийг сорилтод бүү оруулаач» гэжээ (Матай 6:13). Есүсийн ингэж хэлсэн нь биднийг бүү сориоч гэж Еховагаас гуйх ёстой гэсэн үг үү? Ийм утгатай үг хэлээгүй нь лавтай. Учир нь шавь Иаков: «Хэн нь ч соригдохдоо: „Бурхан намайг сорьж байна“ гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэж бичсэн (Иаков 1:13). Түүнчлэн, дуулалч: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» хэмээн бичжээ (Дуулал 130:3). Ехова бидний алдахыг анаж суудаггүй бөгөөд, тэр тусмаа, биднээр алдаа гаргуулах гэж түлхдэггүй нь ойлгомжтой. Тэгвэл жишээ залбирлын энэ үг юу гэсэн утгатай вэ?
13 Биднийг заль мэхээр бүдрүүлж унагаад, тэр бүү хэл, залгихыг оролддог нэгэн нь агуу Соригч Сатан Диавол мөн (Ефес 6:11; 1 Тесалоник 3:5). Сорилтод бүү оруулаач гэж залбирах нь сорилтод унахыг бүү зөвшөөрөөч гэсэн гуйлт юм. Түүнчлэн, «Сатанд мэхлүүлж», сорилтод ялагдахгүй байхад туслахыг Еховагаас гуйдаг (2 Коринт 2:11). Еховагийн, хэмжээгүй эрх мэдлийг нь бүх үйл хэргээрээ хүлээн зөвшөөрдөг хүмүүст өгдөг сүнслэг хамгаалалтыг авч, «Хамгийн Дээд Нэгний халхавчинд» үлдэх хүслээ бид тийн илэрхийлдэг (Дуулал 91:1–3).
14. Сорилтод орохдоо тусламжид нь найдвал Ехова биднийг хэзээ ч орхихгүй гэдгийг элч Паул хэрхэн батлан хэлдэг вэ?
14 Хэрэв бид үүнийг чин сэтгэлээсээ хүсэж, тэр хүслээ залбирал болон үйл хэргээрээ харуулдаг бол Ехова биднийг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байж болно. Элч Паул: «Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» хэмээн батлан хэлдэг (1 Коринт 10:13).
«Биднийг... муу нэгнээс авраач»
15. «Муу нэгнээс авраач» гэж залбирах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байгаагийн учир юу вэ?
15 Христиан Грек Судрын хамгийн найдвартай гар бичмэлүүдийг үзвэл Есүсийн жишээ залбирал: «Биднийг... муу нэгнээс авраач» гэсэн үгээр дуусдаг (Матай 6:13, МАБ).a Төгсгөлийн энэ цагт «муу нэгэн» буюу Диаволаас өөрийгөө хамгаалах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байгаа билээ. Сатан чөтгөрүүдтэйгээ хамт «Бурхны хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» тослогдогсдын үлдэгдэл хийгээд тэдний хамтран зүтгэгч болох «үй олон хүнтэй» дайтдаг (Илчлэлт 7:9; 12:9, 17). Элч Петр христиануудад: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин... түүнийг бат итгэлээрээ эсэргүүц» хэмээн сануулжээ (1 Петр 5:8, 9). Сатан дэлхий дээрх шашин, бизнес, улс төрийн хамсаатнуудынхаа хэнийг ч хамаагүй ашиглан, бидний гэрчлэх ажлыг зогсоохыг хичээж, айлган сүрдүүлэхийг оролддог. Гэхдээ хэрэв бат зогсвол Ехова биднийг «аварна». Шавь Иаков: «Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» хэмээн бичжээ (Иаков 4:7).
16. Сорилтод орсон үйлчлэгчдэдээ туслах ямар хэрэгсэл Еховад бэлэн байдаг вэ?
16 Хүүгийнхээ соригдохыг Ехова зөвшөөрсөн. Гэхдээ Есүс Бурхны Үгээр өөрийгөө хамгаалж, Диаволыг эсэргүүцсэний дараа Ехова түүнийг бэхжүүлэхээр тэнгэр элчүүдээ илгээсэн (Матай 4:1–11). Үүнтэй адилаар, Еховаг хоргодох газраа болгон бат итгэлээр залбирвал тэрээр бидэнд туслахын тулд тэнгэр элчүүдээ ашиглана (Дуулал 34:7; 91:9–11). Элч Петр: «Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн доор яаж барьж байхаа Эзэн [«Ехова», ШЕ] мэддэг» гэж бичсэн байдаг (2 Петр 2:9).
Удахгүй бүрмөсөн аврагдана
17. Жишээ залбирал хэлэхдээ Есүс бүх юмыг яаж зөв дарааллаар нь байрлуулсан бэ?
17 Есүс жишээ залбиралдаа бүх юмыг зөв дарааллаар нь байрлуулжээ. Бидний голлон анхаарах ёстой асуудал бол Еховагийн агуу, ариун нэрийг ариусгах явдал байх учиртай. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгсэл нь Мессиагийн Хаанчлал учраас бид тэр Хаанчлал төгс бус хүний бүх хаанчлал буюу засгийн газрыг устгаж, Бурхны хүсэл тааллыг тэнгэр дээр ч, газар дээр ч бүрмөсөн биелүүлэхээр ирэг гэж залбирдаг. Диваажин дэлхийд мөнх амьдрах бидний найдвар биелэх эсэх нь Еховагийн нэрийг ариусгаж, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөх эсэхээс шалтгаалдаг. Хамгийн чухал эдгээр зүйлийн төлөө залбирсныхаа дараа өдөр тутмын хэрэгцээ, нүглээ уучлуулах, муу нэгэн буюу Сатан Диаволын сорилт болон заль мэхээс аврахыг гуйн залбирч болно.
18, 19. Сонор сэрэмжтэй байж, найдвараа «төгсгөл хүртэл бат сахихад» Есүсийн жишээ залбирал хэрхэн тусалдаг вэ?
18 «Муу нэгэн» болон түүний эд юмсын завхарсан тогтолцооноос бүрмөсөн аврагдах цаг ойртож байна. Сатан дэлхийн хүмүүст, ялангуяа, Еховагийн үнэнч үйлчлэгчдэд «үлэмж их уур хилэнгээ» гаргахад өөрт нь «богинохон хугацаа байгааг» сайн мэддэг (Илчлэлт 12:12, 17). Есүс «эд юмсын тогтолцооны» (ШЕ) төгсгөлийн олон хэсгээс бүрдэх шинж тэмдгийг хэлэхдээ хүнийг цочирдуулам олон явдлыг зөгнөсний зарим нь хараахан болоогүй байна (Матай 24:3, 29–31). Эдгээрийн биелж буйг харахлаар аврагдах найдвар маань улам бэхэжнэ. Есүс: «Эдгээр хэрэг бүтэх цагт та нар бат зогсон, толгойгоо өргөгтүн. Юу гэвэл, та нарын аврал ойрхон болно» гэж хэлсэн (Лук 21:25–28, МАБ).
19 Есүсийн, шавь нартаа заасан жишээ залбирал бол бидний хувьд, төгсгөл ойртсон өнөө үед юуны тухай залбирах найдвартай удирдамж болдог. Төгсгөл хүртэл Ехова бидний сүнслэг болон материаллаг хэрэгцээг өдөр бүр хангасаар байх болно гэдэгт итгэлтэй байцгаая. Залбиралдаа сонор сэрэмжтэй байвал «бат итгэлийнхээ эхлэлийг эцэс [«төгсгөл», ШЕ] хүртэл бат сахиж» чадна (Еврей 3:14; 1 Петр 4:7 «эрүүл» [«сонор сэрэмжтэй», ШЕ]).
[Зүүлт]
a Библийн зарим орчуулга, тэр дундаа «Ариун Библи» (МБОХ, 2000 он)-д жишээ залбирлыг: «Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен» гэж Бурхныг магтсан өгүүлбэрээр төгсгөдөг. Гэвч нэгэн алдартай бүтээлд: «Энэ өгүүлбэр нь... хамгийн найдвартай [гар бичмэлүүдэд] байдаггүй» гэж тэмдэглэжээ («The Jerome Biblical Commentary»).
Давтах асуулт
• «Өдөр тутмын талх» өгөхийг гуйж залбирах нь ямар утгатай вэ?
• «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэсэн гуйлтыг тайлбарлана уу.
• Сорилтод бүү оруулаач гэж Еховагаас гуйхдаа бид ямар санаа илэрхийлдэг вэ?
• «Муу нэгнээс авраач» гэж залбирах хэрэгтэйн учир юу вэ?