Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
«Та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо [Еховад] үүрүүл» (1 ПЕТР 5:7).
1, 2. а) Бид яагаад зовж шаналдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
БИД зовлон бэрхшээл, айдас түгшүүрээр дүүрэн цагт амьдарч байна. Сатан Диавол уурлан хорссондоо «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» (1 Петр 5:8; Илч. 12:17). Тийм учраас Еховагийн үйлчлэгчид хүртэл зовж шаналж, айж түгших нь бий. Бурхны эртний үйлчлэгчид бас сэтгэлийн зовлон амсаж явсан. Жишээ нь Давид хаан заримдаа санаа зовдог байсныг Библид бичжээ (Дуу. 13:2). Элч Паул хурлуудын төлөө санаа зовж явсан (2 Кор. 11:28). Сэтгэл тавгүйтээд байвал бид яах хэрэгтэй вэ?
2 Хайртай тэнгэрийн Эцэг маань эртний үйлчлэгчдэдээ тусалж байсан. Өнөөдөр бас биднийг сэтгэлийн зовлонгоос маань тодорхой хэмжээгээр ангижруулдаг. «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж Библи уриалдаг (1 Петр 5:7). Энэ уриалгыг яаж дагах вэ? 1) Сэтгэлээ уудлан залбирч, 2) Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодож, 3) ариун сүнс гуйн залбирч, 4) итгэл даадаг найзтайгаа илэн далангүй ярилцаж болно. Энэ дөрвөн аргыг авч үзэхдээ юун дээр илүү анхаарах хэрэгтэйгээ мэдэж аваарай.
«АЧААГАА ЭЗЭНД ДААТГА»
3. Еховад ачаагаа яаж үүрүүлэх вэ?
3 Еховад ачаагаа үүрүүлэх эхний арга бол чин сэтгэлээсээ залбирах явдал юм. Зовж шаналгасан, сэтгэл түгшээсэн ямар нэг асуудалтай тулгарвал халамжит тэнгэрийн Эцэгтээ сэтгэлээ уудлаарай. Давидын нэгэн дуунд «Бурхан, залбиралд минь чих тавиач» гэсэн гуйлт байдаг. Уг дуунд цааш нь «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө» хэмээжээ (Дуу. 55:1, 22). Асуудлаа шийдэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн бол санаа зовохын оронд чин сэтгэлээсээ залбирах нь тустай. Гэхдээ сэтгэлийн зовлонгоосоо ангижрахад залбирал хэрхэн туслах вэ? (Дуу. 94:18, 19).
4. Санаа зовсон үед яагаад залбирах хэрэгтэй вэ?
4 Филиппой 4:6, 7-г уншина. Биднийг чин сэтгэлээсээ, шаргуу залбирахад Ехова хэрхэн хариулдаг вэ? Сэтгэл санааг тайвшруулж, таагүй юм бодохоо болиход тусалдаг. Үүнийг мэдэрсэн хүн олон бий. Бурхан тэдний зовлон шаналал, айдас хүйдсийг арилгаж, жирийн хүний ухаан санаанд багтамгүй амар амгаланг мэдрүүлжээ. Та ч бас үүнийг биеэрээ амсаж үзээрэй. Ямар ч бэрхшээлийг даван туулахад тань «Бурханы амар тайван» тусална! Еховагийн амлалтад итгээрэй. «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» гэж амласан байдаг шүү дээ. (Ис. 41:10).
БУРХНЫ ҮГ ТАЙВШРУУЛНА
5. Бурхны Үгийг уншвал сэтгэл санаа яагаад амар амгалан болдог вэ?
5 Библийг уншиж, эргэцүүлэн бодох нь Еховад ачаагаа үүрүүлэх хоёр дахь арга юм. Яагаад ингэх ёстой вэ? Санаа зовоосон асуудалтай орооцолдохгүй байх юм уу сэтгэлийн зовлонгоосоо ангижрахад тустай заавар зөвлөгөө Бурхны Үгэнд байдаг. Бүтээгчийн маань мэргэн ухааныг тусгадаг учраас энэ номын ач холбогдлыг бүү дутуу үнэлээрэй. Бурхны үзэл бодлыг өдөр шөнөгүй тунгаан бодож, заавар зөвлөгөөг нь хэрхэн дагахаа бодох тусам сэтгэлийн тэнхээтэй болдог. Еховагийн Үгийг уншдаг хүн «чичирч айх» бус, харин ч «тууштай бөгөөд зоригтой» байдаг (Иош. 1:7–9).
6. Есүсийн үг бидэнд ямар ач тустай вэ?
6 Есүс бусдыг хэрхэн тайвшруулдаг байсныг Бурхны Үгнээс мэдэж болно. Хэлсэн үг, заасан сургаал нь сэтгэл сэргээм байлаа. Зовж шаналсан, гуньж гутарсан, сэтгэл нь хямарсан үй түмэн хүн Есүс рүү ирж тайвширч тайтгардаг байжээ (Матай 11:28–30-ийг уншина). Есүс хүмүүст Бурхны тухай мэдүүлж, сэтгэл санаа болон махан биеийнх нь хэрэгцээг хангах талаар анхаардаг байсан (Марк 6:30–32). Тэрээр хамт аялж явсан элч нартаа туслахаа амласан. Өнөөгийн бидэнд ч туслах нь дамжиггүй. Есүсийн үгнээс тайвшрал авъя гэвэл заавал дэргэд нь байх албагүй. Тэнгэрийн Хаан тэрээр одоо ч биднийг өрөвдөн хайрладаг. Тийм учраас таныг зовж шаналбал тайвшруулж, «хэрэгцээтэй цагт тусалж» чадна. Итгэл найдвар, урам зориг хайрлана (Евр. 2:17, 18; 4:16).
АРИУН СҮНСНИЙ НӨЛӨӨГӨӨР БИЙ БОЛДОГ ЗАН ЧАНАРУУД
7. Бурхны ариун сүнсийг гуйх нь бидэнд ямар ач тустай вэ?
7 Тэнгэрийн Эцэг маань өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнсээ өгнө гэдгийг Есүс батлан хэлсэн (Лук 11:10–13). Санаа зовохоо болиход туслах гурав дахь арга нь юу вэ? Бурхнаас ариун сүнс буюу үйлдэх хүчийг нь гуйх юм. Бурханд байдаг гайхалтай сайхан зан чанаруудыг өөртөө бий болгоход энэ хүч бидэнд тусална (Галат 5:22, 23-ыг уншина; Кол. 3:10). Сайхан зан чанартай болохын хэрээр бусадтай илүү сайн харьцаатай болно. Улмаар сэтгэл зовоодог олон асуудлаас хол байж чадна. «Сүнсний үр жимс» ямар ач тустайг товч ярилцъя.
8-12. Бурхны ариун сүнсний үр жимс танд яаж тус болох вэ?
8 «Хайр, баяр баясгалан, амар тайван». Хүнийг хүндлэхийг хичээдэг бол санаа зовоосон асуудлаас хол байна. Яагаад? Бусдыгаа ах дүүгийн ёсоор хайрлаж, хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй харьцдаг бол уурлаж бухимдах зүйл гарахгүй (Ром 12:10).
9 «Тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл». «Бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» гэсэн зөвлөгөө Библид байдаг (Еф. 4:32). Энэ зөвлөгөөг дагадаг бол бусадтай эв түнжинтэй байна, санаа зовоосон асуудалтай орооцолдохгүй. Түүнчлэн төгс бусаас үүдэн бий болдог янз бүрийн асуудлыг эвтэйхэн шийдэж чадна.
10 «Итгэл». Өнөө үед хүмүүс голдуу мөнгө төгрөг, эд материалаас болж санаа зовдог (Сур. 18:11). Хайр халамжтай Ехова Бурхан маань тусалж дэмжинэ гэдэгт бат итгэдэг бол тиймэрхүү асуудлыг шийднэ эсвэл санаа зовохоо болино. Элч Паулын зөвлөснөөр «байгаа юмандаа сэтгэл хангалуун байж» сурвал санаа зовоосон олон асуудлаас ангид байна. Яагаад гэвэл Ехова: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэж амладаг. Тиймд бид «[Ехова] миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» хэмээн Паул шиг зоригтой хэлнэ (Евр. 13:5, 6).
11 «Дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал». Дөлгөөн байж, өөрийгөө захирдаг бол ямар ач тустайг бодоод үз дээ. Хожим нь амаа барих юм хэлэхгүй эсвэл хийхгүй байхад эдгээр зан чанар тусална. «Хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлгээс» хол байх нь хэчнээн сайн бэ! (Еф. 4:31).
12 «Бурханы хүчирхэг мутрын дор» байж, «бүх зовнилоо Түүнд үүрүүлэхийн» тулд даруу байж сурах хэрэгтэй (1 Петр 5:6, 7). Даруу байна гэдэг нь хэр чадал, хэмжээ хязгаараа сайн мэддэг байна гэсэн үг (Мика 6:8). Тийм хүн өөртөө бус, Бурханд найддаг. Та даруу байж сурвал Бурхны ивээл сайшаалыг хүртэж, тусламж дэмжлэгийг нь авна. Энэ хэрээр санаа зовох нь багасна.
«БҮҮ САНАА ЗОВ»
13. Есүс: «Бүү санаа зов» гэж зөвлөсөн нь ямар утгатай вэ?
13 «Бүү санаа зов» гэсэн мэргэн зөвлөгөө Матай 6:34-т (уншина) бий. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгох нь амаргүй санагдаж болох юм. Есүс яагаад ийм зөвлөгөө өгсөн бэ? Бурхны үйлчлэгчдэд санаа зовох зүйл байхгүй гэж хэлээгүй нь ойлгомжтой. Давид хаан, элч Паул хүртэл сэтгэлийн зовлон эдэлж явсныг дээр дурдсан билээ. Хий дэмий эсвэл хэтэрхий их санаа зовох нь аливаа асуудлыг шийдэхэд тус болохгүйг Есүс шавь нартаа ойлгуулахыг хүсжээ. «Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» учраас өнгөрснөө юм уу ирээдүйгээ бодож шаналаад зовлон дээрээ зовлон нэмэх шаардлагагүй. Санаа зовохоо болиход тань Есүсийн зөвлөгөө хэрхэн туслах вэ?
14. Өмнө нь гаргаж байсан алдаагаа бодоод шаналахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
14 Зарим хүн өмнө нь гаргаж байсан алдаагаа бодоод шаналдаг. Бүр олон жил өнгөрсөн ч өөрийгөө зүхсээр л байдаг. «Гэм буруу [нь] толгойгоос [нь] давсан» мэт санагдах үе Давид хаанд байжээ. Тэрээр: «Зүрхний минь шаналлаас болж би ёолдог» хэмээн хэлжээ (Дуу. 38:3, 4, 8, 18). Тэр үедээ Давид яасан бэ? Еховаг өршөөл нигүүлслээ үзүүлнэ гэдэгт итгэж найдсан. Дараа нь Бурхнаас өршөөл хүртсэнээ мэдээд сэтгэл нь тэнийжээ (Дуулал 32:1–3, 5-ыг уншина).
15. а) Давидаас юу сурах вэ? б) Санаа зовохоо болихын тулд юу хийх хэрэгтэй вэ? («Санаа зовохоо болиход тустай аргууд» гэсэн хавсралтыг үзээрэй).
15 Өнөөдрийнхөө төлөө санаа зовох үе бий. Жишээ нь Давид 55-р дууллыг бичиж байхдаа амь насаа алдахаас айж байсан (Дуу. 55:2–5). Гэхдээ Еховад итгэхээ болиогүй. Тэрээр тулгамдсан асуудлынхаа талаар шаргуу залбираад зогсохгүй өөрөөс шалтгаалах бүхнийг хийх ёстойгоо ухамсарладаг байжээ (2 Сам. 15:30–34). Бид Давидаас суралцах хэрэгтэй. Хэтэрхий их санаа зовохын оронд тухайн асуудлыг шийдэхийн тулд чадах бүхнээ хийгээд, чадахгүйгээ Еховад даатгаарай.
16. Бурхны нэрийн утгыг бодвол таны итгэл хэрхэн бэхжих вэ?
16 Ирээдүйд болж болзошгүй зүйлийн талаар бодохлоор хий дэмий санаа зовж эхэлдэг. Гэтэл хараахан болоогүй байгаа юмны төлөө санаа зовохын хэрэг байна уу? Байхгүй. Муугаар бодож байсан зүйл маань ихэнхдээ бодсоноос өөрөөр эргэдэг шүү дээ. Тэгээд ч Бурхны шийдвэрлэж чадахгүй асуудал гэж байхгүй. Бурхны нэр «Тэр болгодог» гэсэн гүнзгий утгатай (Ег. 3:14). Эндээс үзвэл бид ирээдүйдээ санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл Ехова хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо заавал биелүүлнэ гэдгийг нэрийнх нь утгаас мэдэж болно. Бурхан үнэнч үйлчлэгчдээ ивээж, өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ талаар санаа зовохоо болиход нь тусална гэдэгт итгээрэй.
ИТГЭЛ ДААДАГ ХҮНТЭЙ ЯРИЛЦАХ НЬ
17, 18. Санал бодлоо хуваалцах нь ямар ач холбогдолтой вэ?
17 Санаа зовохоо болиход туслах дөрөв дэх арга бол итгэл даадаг хүнтэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцах юм. Ханьтайгаа, дотны найзтайгаа эсвэл хурлын ахлагчтай ярилцвал санаа зовох нь багасна. «Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол эелдэг үг түүнийг баярлуулдаг» (Сур. 12:25). Санал бодлоо нууж хаалгүй, үнэн сэтгэлээсээ ярилцвал зовоогоод байгаа асуудлынхаа мөн чанарыг ойлгож, шийдэхэд дөхөм болно. «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэж Библид бий (Сур. 15:22).
18 Санаа зовохоо болиход долоо хоног бүр болдог цуглаанууд бас тустай. Таны төлөө санаа тавьдаг, харилцан бие биеэ урамшуулахыг хүсдэг итгэл нэгтнүүдтэйгээ та цуглаан дээр уулздаг шүү дээ (Евр. 10:24, 25). «Хэн хэн нь нөгөөгийнхөө ... итгэлээр хамтдаа зоригжвол» сэтгэлийн тэнхээтэй болж, санаа зовоосон асуудлаа хялбархан шийднэ (Ром 1:12).
БУРХАНТАЙ ДОТНО ХҮН ХҮЧТЭЙ
19. Еховатай дотно болохын хэрээр хүчтэй байна гэхийн учир юу вэ?
19 Канадад амьдардаг нэг ахлагч сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүлж сурчээ. Багшийн мэргэжилтэй тэрээр нэгэн дунд сургуульд маш их ачаалалтай ажиллахын зэрэгцээ өвчнөөсөө болоод санаа нь зовдог байжээ. Сэтгэлийн тэнхээтэй байхад нь юу тус болдог бол? Тэрээр: «Юуны түрүүнд Еховатай илүү дотно болохыг маш их хичээсэн. Сэтгэлийн зовлонгоо давахад энэ л хамгийн чухал. Бас зовох цагт жинхэнэ найз нөхөд, итгэл нэгтнүүдийн тус дэм хэрэгтэй юм билээ. Би эхнэртэйгээ илэн далангүй ярилцдаг. Тулгараад байгаа асуудалдаа Еховагийн үзэл бодлоор ханддаг болоход минь ахлагчид болон дүүрэг хариуцагч тусалсан. Эмчилгээ хийлгэж, цагийн хуваариа өөрчилж, дасгал хийх, амрах цаг гаргадаг болсон. Яваандаа санаа зовохоо больж эхэлсэн. Хүч хүрэхгүй зүйл гарвал Еховад даатгачихдаг» хэмээн ярьжээ.
20. а) Санаа зовоосон асуудлаа Еховад хэрхэн даатгах вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Санаа зовоосон асуудлаа Еховад даатгахын чухлыг энэ өгүүллээр мэдэж авлаа. Яаж даатгах вэ? Чин сэтгэлээсээ залбирч, Үгийг нь уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй байх нь ээ. Бас ариун сүнс гуйн залбирч, итгэл даасан хүнтэй санал бодлоо хуваалцаж, цуглаанд явах нь чухал ажээ. Ехова биднийг хэрхэн ивээж, тусалж дэмждэгийг дараагийн өгүүллээр ярилцъя (Евр. 11:6).