Еховагаас эмээж, тушаалыг нь дагагтун
«Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» (НОМЛОГЧИЙН ҮГС 12:13).
1, 2. а) Айдас гэмтэж бэртэхээс хэрхэн хамгаалдаг вэ? б) Ухаалаг эцэг эхчүүд үр хүүхдээ зүй зохистойгоор эмээж явдаг болгон хүмүүжүүлэх гэж хичээдгийн учир юу вэ?
«ЭР ЗОРИГ амийг эрсдүүлдэг бол эмээхүй түүнийг хамгаалдаг» хэмээн Леонардо да Винчи тэмдэглэжээ. Муйхар эр зориг хүнийг аюулын өмнө сохор болгодог, харин эмээхүй нь болгоомжтой байхыг сануулдаг. Жишээ нь: Хүмүүс хадан хавцлын ирмэгт тулж очлоо гэхэд хичнээн өндөр дээрээс нисэж унахаа хараад ихэнх нь өөрийн эрхгүй хойшоо ухардаг. Үүний нэгэн адил зүй зохистой айдас нь өмнөх өгүүллээр үзсэнчлэн Бурхантай сайн харьцаа тогтооход туслах төдийгүй бас гэмтэж бэртэхээс сэргийлэхэд бидэнд тусалдаг юм.
2 Гэхдээ өнөөгийн ертөнцөд нүүрлэн байдаг үй олон аюулаас эмээж явахын тулд суралцах хэрэгтэй. Цахилгаан гүйдэл юм уу, эсвэл гудамж замын хөдөлгөөн ямар аюултай болохыг хүүхдүүд сайн мэддэггүй учраас осолд өртөх нь амархан байдагa. Ухаалаг эцэг эхчүүд үр хүүхдэдээ эргэн тойронд нь байдаг аюулын талаар байнга сануулан хэлж, зүй зохистойгоор эмээж явдаг болгон хүмүүжүүлэх гэж хичээдэг. Тийм айдас хүүхдийнх нь аминд өлзийтэй гэдгийг эцэг эхчүүд мэддэг.
3. Ехова сүнслэг аюулаас биднийг сэргийлдгийн учир юу вэ? Яаж сэргийлдэг вэ?
3 Ехова мөн адил бидний сайн сайхны төлөө санаа тавьдаг. Тэрбээр халамжит Эцгийн хувьд бидний тусын тулд Үгээрээ болон байгууллагаараа дамжуулан сургадаг (Исаиа 48:17). Бурхны энэхүү сургалтын хөтөлбөрт сүнслэг аюулын талаар «дахин дахин» давтан хэлэх сануулга ордог бөгөөд энэ нь тийм аюулаас зүй зохистойгоор эмээхүйг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг (Шастирын дэд 36:15; 2 Петр 3:1). Хэрэв хүмүүсийн «зүрх сэтгэл... [Бурхнаас] эмээн, [түүний] тушаал бүгдийг үргэлж сахьсан» бол бүхий л түүхийн туршид тохиолдсон тэр сүнслэг гамшиг, тэр их зовлон зүдүүрээс зайлсхийж болох байсан (Дэд хууль 5:29). Өнөөгийн энэ «хэцүү цагт» Бурхнаас эмээхийг зүрхэндээ хэрхэн хөгжүүлж, сүнслэг аюулаас хэрхэн зайлах вэ? (2 Тимот 3:1).
Хорон муугаас зайлагтун
4. а) Христиан хүн юуг үзэн яддаг байх хэрэгтэй вэ? б) Нүгэлт хэрэг явдалд Ехова хэрхэн ханддаг вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
4 «ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм» гэж Библи тайлбарладаг (Сургаалт үгс 8:13). Библийн нэг тольд тийн үзэн ядахыг «эсэргүүцэл, жигшил хийгээд зэвүүцэл төрүүлдэг хүмүүс болон эд юмстай ямар нэгэн харьцаа, холбоогүй байх хүсэл эрмэлзэл» хэмээн тодорхойлсон байдаг («The Theological Wordbook of the Old Testament»). Тэгэхлээр Еховагийн хорон муу гэж үздэг бүхэнд ой гутах буюу дургүй хүрэх явдал Бурхнаас эмээхүй дотор багтдаг байнаb (Дуулал 97:10). Бид хадан хавцлын ирмэгээс өөрийн эрхгүй айн хойшоо ухардаг шигээ Бурхнаас эмээснээрээ хорон муугаас зайлдаг. «ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна» гэж Библи хэлдэг (Сургаалт үгс 16:6).
5. а) Бид Бурхнаас эмээхүй болон хорон мууг үзэн ядах чанараа хэрхэн бэхжүүлж болох вэ? б) Энэ талаар Израилийн ард түмний түүх бидэнд ямар сургамж өгдөг вэ?
5 Нүглийн зайлшгүй дагуулдаг хөнөөлт үр дагаварт анхаарлаа хандуулснаар бид зүй зохистой айдас ба хорон мууг үзэн ядах чанарыг бэхжүүлж чадна. Бид махан бие, сүнс хоёрын алинд нь ч тарилаа гэсэн юу тарьснаа л хурааж авдгийг Библи баталдаг (Галат 6:7, 8). Иймээс Ехова хуульд нь захирагдаагүйгээс болон жинхэнэ шүтлэгээс татгалзсанаас болж гарах зайлшгүй үр дагаврын талаар тод томруун тодорхойлж хэлсэн. Бурхан дэмждэггүй байсан бол жижигхэн, хамгаалалтгүй Израилийн ард түмэн харгис хэрцгий, хүчирхэг хөршүүдийнхээ эрхшээлд байх байсан (Дэд хууль 28:15, 45–48). Дуулгаваргүйгээсээ болоод израильчуудын амссан гунигт үр дагавруудыг Библид «сануулга болгон» нарийн тодорхой бичсэн бөгөөд энэ нь бидэнд сургамж болж, Бурхнаас эмээхүйг хөгжүүлэхэд туслах ёстой (1 Коринт 10:11).
6. Бурхнаас эмээж сурахын тулд Библийн ямар жишээнүүдийг эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
6 Библид Израилийн ард түмний түүхээс гадна атаа жөтөө, садар самуун явдал, сувдаг шунахай, бардам ихэмсэг занд автсан зарим хүнд тохиолдсон бодит явдлыг тусгасан байдагc. Тэдний зарим нь Еховад олон жил үйлчилсэн хирнээ амьдралынхаа аль нэг шийдвэрлэх мөчид Бурхнаас эмээх чанар дутагдсанаас гашуун үр амссан байдаг. Библид байдаг тийм жишээнүүдийг эргэцүүлэн бодсоноор бид тэдний алдааг давтахгүй байх боломжтой. Хэрэв бид заавал гай зовлон амсаж байж Бурхны зөвлөгөөг зүрхээрээ хүлээж авбал юутай гаслантай вэ! Хүмүүс амьдралын туршлага бол сайн багш гэж ярьдаг. Тэгвэл энэ нь, ялангуяа дураараа авирласнаас амсаж эдлэх «туршлага» сайн багш хэрхэвч биш ээ! (Дуулал 19:7).
7. Ехова бэлэгдлийн асартаа хэнийг урьдаг вэ?
7 Бурхнаас эмээхүйг хөгжүүлэх өөр нэг хүндтэй шалтгаан бол Бурхантай тогтоосон харьцаагаа хайрлан хамгаалах хүсэл маань юм. Бид Еховатай тогтоосон нөхөрсөг харьцаагаа эрхэмлэдэг учраас түүнд таалагдахгүй зүйл хийхээсээ эмээдэг. Бурхан хэнийг анд нөхрөө хэмээн, бэлэгдлийн асартаа урьдаг вэ? Зөвхөн «үнэнчээр явж, зөв шударгыг үйлддэг» хүнийг урьдаг (Дуулал 15:1, 2). Хэрэв бид Бүтээгчтэй тогтоосон хосгүй харьцаагаа эрхэмлэдэг бол түүний нүдэнд үнэнчээр явахыг хичээдэг болно.
8. Малахийн үед зарим израиль хүн Бурхантай тогтоосон нөхөрсөг харьцаагаа үнэлэхгүй байгаагаа хэрхэн харуулсан бэ?
8 Харамсалтай нь, Малахийн үед зарим израиль хүн Бурхантай тогтоосон нөхөрсөг харьцаагаа үнэлээгүй билээ. Тэд Еховагаас эмээж, түүнийг хүндэтгэхийн оронд өвчтэй, доголон амьтдаар тахил өргөжээ. Тэдний Бурхнаас үл эмээх байдал нь гэр бүлийн асуудал дээр мөн тусгалаа олсон байв. Тэд залуу эхнэр авахын тулд үл ялих шалтгаанаар авааль эхнэрээсээ салж байлаа. Малахи, Ехова «салалтыг үзэн яддаг» ба итгэл эвдсэн байдал нь тэднийг Бурхнаас нь холдуулж байна хэмээн хэлсэн. Тахилын ширээ хаягдсан эхнэрүүдийн гашуун нулимсаар бялхаж байсан тохиолдолд Бурхан тэдний тахилыг таалан авах уу даа? Хэм хэмжээг нь тийнхүү эрээ цээргүйгээр үл хүндэтгэдгээс болоод Ехова: «Надаас эмээх нь хаана байна вэ?» (ШЕ) хэмээн асуухад хүрсэн (Малахи 1:6–8; 2:13–16).
9, 10. Еховатай тогтоосон нөхөрсөг харьцаагаа үнэлдэгээ бид хэрхэн харуулж болох вэ?
9 Өнөөдөр Ехова амиа боддог, садар самуун явдалтай нөхөр-эцгүүд болон эхнэр-ээжүүдээс болоод сэтгэлийн зовлон эдэлж байгаа гэм буруугүй олон хань, үр хүүхдийг бас харсаар л байна. Ийм явдалд тэр гашуудаж байгаа нь эргэлзээгүй. Бурхны анд нөхөр юмыг Бурхны нүдээр хардаг бөгөөд гэр бүлээ бэхжүүлэх талаар онцгой хүчин зүтгэл гаргадаг. Тийм хүн гэр бүлийн холбооны чухлыг басамжлан дорд үздэг ертөнцийн бодол санааг үл хэрэгсдэг ба «садар самуун явдлаас зугтан явдаг» (1 Коринт 6:18).
10 Хэрэв бид гэр бүл болон амьдралынхаа бусад хүрээнд байдаг, Еховагийн нүдэнд хорон муу харагддаг бүхнийг үзэн ядаж, түүнтэй тогтоосон нөхөрсөг харьцаагаа эрхэмлэх аваас Еховагийн ивээлийг хүртэж, түүнд сайшаагдах болно. Элч Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» хэмээн итгэлтэйгээр хэлсэн (Үйлс 10:34, 35). Янз бүрийн нөхцөл байдалд Бурхнаас эмээх чанар хүмүүсийг хэрхэн зөв үйл хийхэд түлхэж байсныг харуулах Библийн жишээ олныг дурдаж болно.
Бурхнаас эмээдэг байсан гурван хүн
11. Ямар нөхцөлд Абрахам «Бурхнаас эмээдэг» гэдгээ харуулсан бэ?
11 Нэгэн хүнийг Ехова өөрөө «Миний найз» гэж нэрлэсэн тухай Библид гардаг бөгөөд тэр бол Абрахам юм (Исаиа 41:8). Бурхан Абрахамын үр удмыг хүү Исаакаар нь дамжуулан аугаа их үндэстэн болгоно гэж амласан. Гэвч Бурхан, уг амлалтыг биелүүлэхэд гол үүрэгтэй байсан Исаакийг тахил болгон өргөхийг Абрахамд тушаасан бөгөөд энэ нь Абрахамын, Бурхнаас эмээх байдалд сорилт болсон (Эхлэл 12:2, 3; 17:19). «Бурхны анд нөхөр» энэхүү шаналгаат сорилтыг давсан уу? (Иаков 2:23). Абрахам Исаакийг алахаар хутгаа далайх яг тэр агшинд Еховагийн тэнгэр элч: «Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурхнаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ» хэмээн хэлжээ (Эхлэл 22:10–12).
12. Абрахамыг юу Бурхнаас эмээдэг болгосон бэ? Бид хэрхэн тийм болж болох вэ?
12 Урьд нь Абрахам Еховагаас эмээдгээ үйл хэргээрээ харуулдаг байсан хэдий ч энэ тохиолдолд түүнийгээ гайхалтайгаар баталсан. Исаакийг тахил болгон өргөхөд бэлэн байсан нь зүгээр нэг хүндэтгэн, дуулгавартай байхаас хамаагүй илүү чухал зүйл байлаа. Тэнгэрийн Эцэг нь шаардлагатай бол Исаакийг дахин амилуулаад амлалтаа биелүүлнэ гэдэгт бүрэн итгэж байсан учраас Абрахам ийм юм хийхэд хүрсэн. Паулын бичсэнээр Абрахам «Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа» (Ром 4:16–21). Ихээхэн хэмжээний юм золиослох шаардлагатай байлаа ч бид Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн үү? Тийн дуулгавартай байх нь үүрдийн ашиг тус өгч, «Өөрийг нь хайгч хүмүүст [Ехова] Шагнагч нь болдог» гэдэгт бид бүрэн дүүрэн итгэдэг үү? (Еврей 11:6). Энэ л чухамдаа Бурхнаас жинхэнэ ёсоор эмээхийн илрэл юм (Дуулал 115:11).
13. Иосеф өөрийгөө «Бурхнаас эмээдэг» хүн гэж хэлэх бүрэн эрхтэйн учир юу вэ?
13 Бодит амьдралд тохиолдсон Бурхнаас эмээхүйн өөр нэг жишээ авч үзье. Энэ бол Иосефийн жишээ юм. Потифарын гэрийн боол байсан Иосеф завхайрахад уруу татах гэсэн дарамт шахалтад өдөр бүр өртдөг байлаа. Нүгэл үйлдүүлэхээр шаргуу ятгаж байсан эзнийхээ эхнэртэй уулзахаас зайлсхийх боломж түүнд байхгүй байсан бололтой. Эцэстээ тэр эмэгтэй «түүнийг чангаасан» ба Иосеф «гадагш зугтан гарчээ». Түүнийг нүгэл үйлдэхээс шалавхан зайлахад хүргэсэн хүчин зүйл юу байсан бэ? Бурхнаас эмээхүй ба «ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэхгүй» байх хүсэл нь гол хүчин зүйл байсан нь эргэлзээгүй (Эхлэл 39:7–12). Иосеф өөрийгөө «Бурхнаас эмээдэг» хүн гэж хэлэх бүрэн эрхтэй байлаа (Эхлэл 42:18).
14. Иосефийн нигүүлсэл Бурхнаас эмээдгийг нь хэрхэн тусгасан бэ?
14 Иосеф өөрийг нь өрөвдөх сэтгэлгүйгээр бусдад боол болгон өгсөн ах нартайгаа олон жилийн дараа нүүр тулан уулзсан. Өшөөгөө авахын тулд тэдний хоол хүнсний гачигдалтай байдлыг ашиглах боломж түүнд бүрэн байв. Гэвч бусадтай харгис хэрцгий харьцах нь Бурхнаас эмээдгийн шинж биш бөлгөө (Левит 25:43). Тийм учраас ах нарынхаа зүрх өөрчлөгдсөнийг баттай мэдсэн Иосеф тэднийг нигүүлсэн уучилсан. Хэрэв бид Бурхнаас эмээдэг бол Иосефийн адилаар мууг сайнаар ялж, хорхой хүргэм зүйлээс ухарна (Эхлэл 45:1–11; Дуулал 130:3, 4; Ром 12:17–21).
15. Иовын зан байдал Еховагийн зүрхийг баярлуулж байсны учир юу вэ?
15 Иов бол Бурхнаас эмээдэг хүний өөр нэгэн шилдэг жишээ юм. Ехова Диаволд: «Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурхнаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга» хэмээн хэлсэн (Иов 1:8). Иов гэм зэмгүй зан байдлаараа олон жилийн турш тэнгэрийн Эцгийнхээ зүрхийг баярлуулжээ. Иов Бурхнаас эмээх нь зөв бөгөөд амьдралын хамгийн сайн зам гэдгийг мэддэг байсан учраас түүнээс эмээдэг байсан. Иов: «Үзэгтүн, ЭЗЭНээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм» хэмээн уулга алджээ (Иов 28:28). Гэр бүлтэй хүний хувьд Иов залуу хүүхнүүдэд зохимжгүй байдлаар хандаагүй бөгөөд зүрхэндээ ч завхайрах тухай буруу бодол агуулаагүй. Иов баян хүн байсан хэдий ч эд баялагт найдалгүй, хуурамч шүтээн шүтэх аливаа хэлбэрээс зайлсхийж байсан (Иов 31:1, 9–11, 24–28).
16. а) Иов ямар байдлаар хайр энэрэл үзүүлсэн бэ? б) Уучлахад бэлэн байгаагаа Иов яаж харуулсан бэ?
16 Гэхдээ Бурхнаас эмээх гэдэг нь зөвхөн хорон муугаас зайлах төдий бус, бас сайн үйл хийх явдал юм. Тийм ч учраас Иов сохор, доголон, ядуу хүмүүсийг хайрлан энэрдэг байсан (Левит 19:14; Иов 29:15, 16). Тэрээр «анд нөхрөө хайрлаж энэрдэггүй хүн Төгс Хүчит Нэгнээс эмээхээ мөн больдгийг» ойлгосон (Иов 6:14, ШЕ). Энэрдэггүй хүн уучилдаггүй буюу хар буруу санаж явдаг. Иов өөрийг нь асар их уй гашууд унагасан гурван «найзынхаа» төлөө Бурхны тушааснаар залбирсан (Иов 42:7–10). Биднийг ямар нэг байдлаар гомдоосон итгэл нэгтнээ дээрхийн адил сэтгэл гарган уучилж болохгүй гэж үү? Өөрсдийг маань гомдоосон хүний төлөө чин сэтгэлээсээ залбирах нь дургүйцлээ дарахад их тустай. Бурхнаас эмээдгийнхээ ачаар Иовын хүртсэн ивээл хишиг нь «[Өөрөөс нь] эмээгчдэд зориулан [Еховагийн] хуримтлуулсан... сайн сайхан» асар их байдгийг бидэнд ойлгуулдаг (Дуулал 31:19; Иаков 5:11).
Бурхнаас эмээх, хүнээс эмээх хоёрын ялгаа
17. Хүмүүсээс эмээх нь юунд хүргэж болох вэ? Гэхдээ тийм айдас яагаад харалган байдаг вэ?
17 Бурхнаас эмээх нь биднийг зөв юм хийхэд хүргэдэг бол хүнээс эмээх нь итгэлийг маань эвдэн бусниулдаг. Тийм ч учраас Есүс элч нартаа сайн мэдээг хичээнгүй дэлгэрүүлэхийг уриалахдаа: «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд амийг хөнөөж үл чадна. Харин бие болоод амийг хоёуланг нь гехеннад устгаж чадах нэгнээс айгтун» хэмээн хэлсэн (Матай 10:28, ШЕ). Есүсийн хэлснээр хүмүүсээс эмээх нь харалган явдал юм. Учир нь хүмүүс биднийг ирээдүйд амьдрах найдваргүй болгож чадахгүй. Түүнээс гадна бид Бурхны аймшигтай хүчийг ойлгодог учраас Бурхнаас эмээдэг. Үндэстнүүдийн хүчийг түүний хүчтэй харьцуулбал юу ч биш ажээ (Исаиа 40:15). Ехова үнэнч үйлчлэгчдээ дахин амилуулах чадалтай гэдэгт бид Абрахамын нэгэн адил бүрэн төгс итгэдэг (Илчлэлт 2:10). Тийм учраас бид: «Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?» хэмээн итгэл төгс хэлдэг (Ром 8:31).
18. Өөрөөс нь эмээгчдийг Ехова хэрхэн шагнадаг вэ?
18 Гэр орныхон юм уу ангийн маань дэггүй хүүхдүүдээс хэн нэг нь биднийг эсэргүүцлээ гэхэд бид «ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл» байдгийг мэдрэнэ (Сургаалт үгс 14:26). Бурхан сонсоно гэдгийг мэддэг учраас бид хүч гуйн залбирч болно (Дуулал 145:19). Ехова өөрөөс нь эмээдэг хүнийг хэзээ ч мартдаггүй. Тэрбээр зөнч Малахигаараа дамжуулан: «Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» хэмээн айлдсан (Малахи 3:16).
19. Ямар айдас өнгөрөн одох ба ямар нь мөнхөд байсаар байх вэ?
19 Дэлхийн бүх хүн Еховаг шүтдэг болох хийгээд хүмүүсээс эмээхээ болих тэр цаг ойрхон байна (Исаиа 11:9). Өлсгөлөн, өвчин, гэмт хэрэг болон дайнаас эмээх нь бас өнгөрөн одно. Гэхдээ тэнгэр болоод газарт байх Бурхны үнэнч үйлчлэгчид цаашид ч түүнийг зохих ёсоор хүндлэн эрхэмлэж, түүнд дуулгавартай байх учраас Бурхнаас эмээхүй нь мөнхөд байсаар байх болно (Илчлэлт 15:4). Тэр болтол бүгдээрээ Соломоны, онгодоор хөтлүүлэн байж: «Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг. Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар. Ирээдүй гэж үнэхээр бий. Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ» хэмээн хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авцгаая (Сургаалт үгс 23:17, 18).
[Зүүлт]
a Амь болоод эрүүл мэндэд нь байнга аюул заналхийлж байдаг ажил хөдөлмөр эрхэлдэг насанд хүрсэн хүмүүс аюулаас эмээхээ больчихдог. Хуруугүй мужаан олон байдгийн учир юу вэ гэсэн асуултад нэгэн туршлагатай мастер: «Тэд цахилгаан хөрөөнөөс эмээхээ больчихдог юм» хэмээн товчхон хариулжээ.
b Хорон мууд Еховагийн дургүй хүрдэг. Ефес 4:29-д зохисгүй үг яриаг «ялзарсан үг» гэж бичжээ. «Ялзарсан» гэж орчуулсан энэхүү грек үгийг жимс, загас, мах зэргийг ялзарч муудсан тухай ярихдаа шууд утгаар нь хэрэглэдэг ажээ. Ийм үг хэллэг хараалын буюу зохимжгүй үг яриаг жигшин зэвүүцэх ёстой хандлагыг маань тод илэрхийлдэг. Тэрчлэн хиймэл шүтээнийг «Шинэ Ертөнцийн орчуулга»-д «баас мэт» гэсэн байдаг (Дэд хууль 29:17; Езекиел 6:9). Баас буюу ялгадас хараад ой гутдаг төрөлх чанар маань хуурамч шүтээн шүтэх аливаа хэлбэр Бурхны дургүйг хүргэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.
c Жишээ болгон Каин (Эхлэл 4:3–12); Давид (2 Самуел 11:2–12:14); Гехази (Хаадын дэд 5:20–27); Уззиа (Шастирын дэд 26:16–21) нарын тухай түүхийг авч үзэж болно.
Та санаж байна уу?
• Бид хэрхэн хорон мууг үзэн ядаж сурдаг вэ?
• Малахийн үед зарим израиль хүн Бурхантай тогтоосон нөхөрсөг харьцаагаа үнэлэхгүй байгаагаа яаж харуулсан бэ?
• Абрахам Иосеф Иов нарын жишээнээс бид Бурхнаас эмээх талаар юу мэдэж болох вэ?
• Ямар айдас мөнхөд үлдэх вэ? Яагаад?