«Миний үгэн дотор бай»
«Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна» (ИОХАН 8:31).
1. а) Есүс тэнгэр өөд буцахдаа ардаа юу үлдээсэн бэ? б) Бид ямар ямар асуулт авч үзэх вэ?
ХРИСТ ШАШНЫГ үндэслэгч Есүс Христийг тэнгэр өөд буцахад ард нь түүний бичсэн ном, барьж босгосон хөшөө, цуглуулж хураасан эд хөрөнгө гэж үлдсэн юм байгаагүй. Тэрээр шавь нарыг, мөн шавь болох хүсэлтэй хүнд тавигдах тусгай шаардлагуудыг л үлдээсэн. Есүсийн хэлсэн, дагалдагч нь болох хүсэлтэй хүн болгоны хангах гурван чухал шаардлагыг бид «Иохан» номоос мэдэж авдаг. Эдгээр нь юун шаардлага вэ? Эдгээрийг хангахын тулд бид яах ёстой вэ? Өнөөдөр бид үнэхээр Христийн шавийн шаардлага хангаж байгаа эсэхээ яаж магадалж болох вэ?a
2. «Иохан» номд бичсэнээр шавь хүнд тавигдах чухал шаардлага юу вэ?
2 Есүс үхэхээсээ ойролцоогоор зургаан сарын өмнө Иерусалимд ирж, долоо хоног үргэлжилдэг Майхан баярт оролцохоор тэнд цугласан олонд дэлгэрүүлсэн. Баяр дундаа орох үед «цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ». Есүс үргэлжлүүлэн дэлгэрүүлж, баярын сүүлчийн өдөр дахин «олон хүн Түүнд итгэх болов» (Иохан 7:10, 14, 31, 37; 8:30). Тэр үед Есүс шинээр итгэгчдэд хандан, шавь нь байх хүнд тавигдах чухал шаардлагыг хэлсэн. Үүнийг элч Иохан: «Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна» хэмээн тэмдэглэн бичжээ (Иохан 8:31).
3. Есүсийн «үгэн дотор байхад» ямар чанар хэрэгтэй вэ?
3 Есүс ингэж хэлэхдээ шинээр итгэгчдэд итгэл дутуу байна гэсэн санаа илэрхийлээгүй. Харин, тэдэнд жинхэнэ шавь болох боломж байгааг, үүний тулд өөрийнх нь үгэн дотор байж, тэвчээртэй байх хэрэгтэй гэдгийг л онцлон тэмдэглэсэн хэрэг юм. Тэд Есүсийн үгийг хүлээж авсан. Гэхдээ цаашид түүн дотор байх шаардлагатай байлаа (Иохан 4:34; Еврей 3:14). Есүс элч нартайгаа ярилцсан хамгийн сүүлчийн яриандаа «Намайг дага» гэж хоёр дахин хэлснийг «Иохан» номд бичсэн бөгөөд энэ нь тэвчээрийг хичнээн чухал чанарт тооцож байсныг нь харуулж байгаа юм (Иохан 21:19, 22). Эртний олон христиан тийн дагасан билээ (2 Иохан 4). Тэвчээртэй байхад тэдэнд юу тусалсан бэ?
4. Эртний христианууд юуны ачаар тэвчдэг байсан бэ?
4 70 орчим жил Христийн үнэнч шавь байсан элч Иохан чухал хүчин зүйлийг онцолсон. Тэрээр: «Та нар хүчтэй, Бурхны үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн» хэмээн хэлж, үнэнч христиануудыг сайшаан магтжээ. Бурхны үг Христийн тэдгээр шавийн дотор байсан учир тэд тэвчээртэй буюу Бурхны үгэн дотор байсан билээ. Тэд Бурхны үгийг зүрх сэтгэлийнхээ угаас үнэлдэг байлаа (1 Иохан 2:14, 24). Түүнтэй нэгэн адилаар өнөөдөр бид «эцсээ хүртэл тэвчихийн» тулд Бурхны үг өөрсдийн маань дотор байгаа эсэхийг сайтар лавлаж мэдэх хэрэгтэй (Матай 24:13). Хэрхэн мэдэж болох вэ? Есүсийн хэлсэн жишээ үүнд хариу өгнө.
«Үгийг сонсдог»
5. а) Есүс нэгэн жишээгээр ямар ямар хөрсний тухай ярьсан бэ? б) Есүсийн жишээнд үр болон хөрс юуг дүрсэлдэг вэ?
5 Есүсийн, үр суулгасан тариачны жишээ иш татан ярьсныг «Матай» «Марк» «Лук» зэрэг номд тэмдэглэн бичжээ (Матай 13:1–9, 18–23; Марк 4:1–9, 14–20; Лук 8:4–8, 11–15). Уг жишээнд нэг төрлийн үр янз бүрийн хөрсөнд унаад ургахад үр дүн нь харилцан адилгүй байсан тухай өгүүлдэг. Эхнийх нь хатуу, дараагийнх нь нимгэн, гурав дахь нь хогийн ургамалтай хөрс байжээ. Дөрөв дэх нь бусад гурваасаа ялгаатай, «сайн хөрс» байв. Есүсийн тайлбарласнаар үр нь Бурхны Үгэнд бичээстэй Хаанчлалын тухай мэдээ, харин хөрс бол зүрхний нь байдал янз бүр хүмүүс ажээ. Янз бүрийн хөрстэй зүйрлэсэн хүмүүст зарим нэгэн ижил төстэй зүйл байдаг хэдий ч сайн хөрстэй зүйрлэсэн хүмүүст бусдаас ялгарах нэг онцлог шинж байдаг.
6. а) Есүсийн жишээнд дурдагдсан дөрөв дэх хөрс бусад гурваасаа юугаараа ялгаатай вэ? Энэ хөрс ямар хүмүүсийг төлөөлдөг вэ? б) Христийн шавь нарт байвал зохих тэвчээрийг илэрхийлэхэд юу туйлаас чухал бэ?
6 Лук 8:12–15-д бичсэнээс харахад хүмүүс дөрвөн тохиолдлын аль алинд нь «үгийг сонссон» байна. Гэхдээ «шударга, зөв сэтгэл зүрхтэй» хүмүүс «үгийг сонсоод» л орхичхоогүй. Тэд үгийг «зүрхэндээ нандигнаж [«хадгалж», МАБ], тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм». Сайн хөрс зөөлөн, зузаан байдаг учир үр гүн, бат бэх үндэслэж, ургаад үр жимсээ өгдөг (Лук 8:8). Түүнтэй адилхан, зөв зүрхтэй хүмүүс Бурхны үгийг ойлгон, үнэлж, түүнд хамаг анхаарлаа хандуулдаг (Ром 10:10; 2 Тимот 2:7). Бурхны үг тийм хүмүүсийн дотор байдаг. Үүний үр дүнд тэд тэвчээртэй байж, үр жимс ургуулдаг. Тийнхүү, Христийн шавь нарт байвал зохих тэвчээрийг илэрхийлэхэд Бурхны Үгийг чин сэтгэлээсээ үнэлэх нь туйлаас чухал билээ (1 Тимот 4:15). Тэгвэл, Бурхны Үгийг чин сэтгэлээсээ хэрхэн үнэлдэг болох вэ?
Зүрхний байдал ба нухацтай эргэцүүлэн бодохуй
7. Ямар үйл ажиллагаа зөв зүрхтэй нягт холбоотой вэ?
7 Зөв зүрхийг Библи ямар үйл ажиллагаатай олонтаа холбодгийг анхаарч үзье. «Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг» (Сургаалт үгс 15:28). «ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» (Дуулал 19:14). «Миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно» (Дуулал 49:3).
8. а) Бид Библи уншихдаа юунаас зайлсхийх ба яах ёстой вэ? б) Бурхны Үгийг залбирч байгаад эргэцүүлэн бодох нь ямар ашиг тустай вэ? («Үнэн дотор батажсан» гэсэн гарчиг бүхий хавсралтад байгаа санааг оруулна уу.)
8 «Сургаалт үгс» «Дуулал» зэрэг номыг бичигчдийн адил бид ч бас Бурхны Үг болон үйл ажиллагааных нь талаар талархалтайгаар, залбирч байгаад «бясалгах» буюу эргэцүүлэн бодох хэрэгтэй. Бид Библи юм уу, Библид үндэслэсэн ном хэвлэл уншихдаа, үзэсгэлэнтэй газар болгоны зургийг амжиж авах гээд нэгээс нөгөө уруу яаран гүйвч үнэн чанартаа олигтой юм үзэж чаддаггүй жуулчинтай адил байж болохгүй. Харин ч, Библи судлахдаа, зүйрлэн хэлбэл, үзэсгэлэнтэй газар очоод тогтуухан үзэж, баяр баясгалан эдлэхийн тулд цаг гаргах хэрэгтэй.b Уншсан зүйлээ тайвнаар эргэцүүлэн бодоход Бурхны үг зүрхэнд хүрдэг. Энэ нь бидний сэтгэл хөдлөлд нөлөөлж, бодол санааг маань хэлбэржүүлдэг. Тэрчлэн Бурхандаа хандан залбирч, сэтгэлийн гүн дэх бодлоо илчлэн хэлэхэд хүргэдэг. Үүний дүнд бидний, Еховатай тогтоосон харьцаа улам бэхжиж, Бурхныг хайрлах хайр маань хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн Есүсийг тасралтгүй дагах урам зориг өгдөг (Матай 10:22). Тийм ээ, хэрэв бид төгсгөл хүртэл үнэнч байхыг хүсэж байгаа бол Бурхны үгийг эргэцүүлэн бодох нь туйлаас чухал (Лук 21:19).
9. Зүрхээ Бурхны үгэнд мэдрэг байгааг хэрхэн мэдэж болох вэ?
9 Тэрчлэн, үр буюу Бурхны үг ургахад саад тохиолддогийг Есүсийн жишээ харуулдаг. Тийм учраас бид Христийн үнэнч шавь байхын тулд: 1) Муу хөрсөөр дүрсэлсэн саадыг таньдаг байх; 2) Тэдгээрийг засаж залруулах юм уу, тэдгээрээс зайлсхийх арга хэмжээ авах хэрэгтэй. Тийнхүү бид зүрхээ Хаанчлалын үрд мэдрэг байгааг болон үр жимс үргэлжлүүлэн ургуулж байгааг магадалж мэдэх болно.
«Зам хавиар» гэдэг нь завгүй хүмүүс юм
10. Есүсийн жишээнд гардаг хөрсний эхнийхийг дүрслэн хэлж, энэ нь чухам юу болохыг тайлбарлана уу.
10 Эхний тохиолдолд үр «зам хавиар унаж, ...хүмүүсийн хөлд гишгэгджээ» (Лук 8:5). Тариан талбайн дундуур явдаг зам хавийн хөрс, түүгээр хөлхөх хүмүүсийн хөлд дагтаршсан байдаг (Марк 2:23). Түүнтэй адилаар, энэ ертөнцийн түмэн хэрэгт цаг нар, хүч чадлаа бардаг хүмүүс Бурхны үгийн төлөө чин зүрхнээсээ талархах сэтгэл хөгжүүлэх зав гаргаж чаддаггүй. Тийм хүмүүс Бурхны үгийг сонсдог ч түүнийгээ эргэцүүлэн боддоггүй. Тийм учраас тэдний зүрх бахь байдгаараа л хоцордог. Тэднийг үгэнд дурлаж амжаагүй байтал «тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг» (Лук 8:12). Үүнээс сэргийлж болох уу?
11. Зүрхээ хатуу хөрс шиг болгохгүйн тулд яах вэ?
11 Зүрхийг зам хавийн үржил шимгүй хөрс шиг болгохгүйн тулд их зүйл хийж болно. Хатуурч дагтаршсан хөрсийг хагалж сийрэгжүүлээд, түүгээр дахин хүн амьтан явахыг болиулчихвол уг хөрс зөөлөн, үржил шимтэй болж болно. Түүнтэй адил, Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодох цаг зав гаргавал, зүрх үржил шимтэй, сайн хөрстэй адил болж болно. Гол нь амьдралын өдөр тутмын аахар шаахар зүйлийн хойноос хэтэрхий хөөцөлдөж, цаг заваа барах хэрэггүй (Лук 12:13–15). Үүний оронд амьдралын «илүү чухал юмыг» (ШЕ) эргэцүүлэн бодох цаг гаргадаг эсэхээ магадлаарай (Филиппой 1:9–11).
«Чулуурхаг хөрс» гэдэг нь айдаст автагсад юм
12. Есүсийн жишээний хоёр дахь хөрсний соёолсон үрийн хатдаг жинхэнэ шалтгаан юу вэ?
12 Хоёр дахь хөрсөнд унасан үр эхнийх шиг өнгөн хэсэгт унах төдийгөөр хязгаарлагдаагүй, үндэслээд соёолсон аж. Гэвч нар мандахад соёолсон үр халуун наранд түлэгдэн, хатжээ. Гэхдээ нэг чухал зүйлийг анхаараарай. Соёолсон үрийн хатсан жинхэнэ шалтгаан нь халуун биш байв. Сайн хөрснөөс ургасан ургамал дээр нарны гэрэл ялгаагүй л тусдаг. Тэглээ гээд хатдаггүй, харин ч бүр илүү сагсайтлаа ургадаг. Яагаад тийм ялгаатай байдаг вэ? Есүсийн тайлбарласнаар «хөрс нь гүн биш», «чийггүй тул» соёолсон үр хатдаг ажээ (Матай 13:5, 6; Лук 8:6). Чулуулаг давхрага өнгөн хөрсний доор нь байдаг учраас үр доошоо хангалттай гүн үндэслэдэггүй. Үүнээс болоод чийг авч, бат бөх ургаж чаддаггүй байна. Хөрс нимгэн тул соёолсон үр хатдаг аж.
13. Ямар хүмүүс гүн биш хөрстэй ижилхэн бэ? Тийм байдгийн жинхэнэ шалтгаан юу вэ?
13 Жишээний энэ хэсэг «үгийг баярлан хүлээж аваад» Есүсийг «хэсэг хугацаанд» чармайн дагадаг хүмүүст хамаатай юм (Лук 8:13). Тэд «хавчлага, эсвэл зовлонгийн» наранд төөнүүлэхээрээ баяр баясгалангаа алдан, гараа өргөн буун өгч, Христийг дагахаа болих хүртлээ айдаст автдаг (Матай 13:21). Гэхдээ, ийнхүү айдаст автдагийн жинхэнэ шалтгаан нь эсэргүүцэл биш юм. Христийн олон сая шавь янз бүрийн гай зовлонтой тулгардаг ч үнэнч хэвээрээ л үлддэг (2 Коринт 2:4; 7:5). Зарим хүн айдаст автан, үнэнийг орхин явдгийн жинхэнэ шалтгаан бол зүрхний нь байдал чулуу шиг хатуу байдагт байгаа юм. Тийм зүрхтэй хүн эерэг бөгөөд сүнслэг зүйлийн талаар хангалттай гүн эргэцүүлэн боддоггүй. Еховад болон үгэнд нь талархах тэдний сэтгэл эсэргүүцлийг сөрөн зогсоход хүрэлцэхгүй, дэндүү өнгөцхөн, сул байдаг. Ийм байдлаас яаж гарах вэ?
14. Зүрхээ гүн биш хөрс шиг болгохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
14 Гүн уй гашуу, үл анзаарагдам хувиа хичээсэн үзэл хийгээд эдгээртэй төстэй сэтгэл санааны нуугдмал сөрөг байдлаас болоод зүрхээ чулуужиж байгаа эсэхийг хүн мэддэг байх хэрэгтэй. Хэрэв тийн чулуужаад хэдийнээ эхэлчихсэн бол Бурхны үг түүнийг бутлах чадалтай (Иеремиа 23:29; Ефес 4:22; Еврей 4:12). Тэгэхлээр, залбирч байгаад эргэцүүлэн бодвол «суулгагдсан үг» хүний зүрхэнд гүн шингэнэ (Иаков 1:21). Энэ нь сорилт бэрхшээл байлаа ч үнэнч байдлаа хадгалах эр зориг хийгээд уйтгар гунигаа давах хүчийг өгнө.
«Хогийн ургамлын дунд» гэдэг нь хоёрдмол зүрхтэй хүмүүс юм
15. а) Есүсийн жишээ татсан гурав дахь хөрс яагаад бидний анхаарлыг онцгой татдаг вэ? б) Гурав дахь хөрсөнд сүүл тийшээгээ юу болдог вэ? Яагаад?
15 Хогийн ургамалтай гурав дахь хөрс бидний анхаарлыг онцгой татдаг. Яагаад гэвэл энэ хөрс зарим талаараа сайн хөрстэй төстэй. Хогийн ургамалтай хөрс сайн хөрс шиг үрийг гүн үндэслүүлж, соёолуулдаг. Эхэндээ энэ хоёр хөрсөнд тарьсан ургамал адилхан ургадаг. Гэвч, удалгүй хэрэг мандан, хогийн ургамалтай хөрсний ургац сүүл тийшээгээ гундаж эхэлдэг. Сайн хөрснөөс ялгаатай нь энэ хөрс хогийн ургамалд баригддаг. Шинэ тутам ургаж байгаа ургамал өөртэй нь зэрэг ургасан хогийн ургамалтай өрсөлдөх хэрэгтэй болдог. Хоёр ургамал хэсэг хугацаанд хоол тэжээл, гэрэл дулаан, орон зайны төлөө тэмцэлдээд эцэстээ хогийн ургамал нөгөөхөө ялж, «тэднийг барьчихдаг» (Лук 8:7).
16. а) Ямар хүмүүс хогийн ургамалтай хөрстэй адилхан бэ? б) Гурван Евангелид бичсэнээс үзэхэд хогийн ургамлаар юуг төлөөлүүлсэн бэ? (Зүүлтийг үзнэ үү.)
16 Ямар хүмүүс хогийн ургамалтай хөрстэй адилхан бэ? Есүс: «[Эдгээр] нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй» хэмээн тайлбарласан (Лук 8:14). Тариачны суулгасан үр, хогийн ургамал хоёр хөрсөнд зэрэг ургадаг шиг зарим хүн Бурхны үг, «өнөөгийн амьдралын тааламж» хоёрыг нэгэн зэрэг хослуулахыг хичээдэг. Бурхны үгийн үнэн тэдний зүрхэнд суулгагддаг ч хүмүүсийн анхаарлыг сарниулдаг бусад ажил явдалтай тэмцэх шаардлагатай болдог. Тийм хүмүүсийн бэлэгдлийн зүрх хоёрдмол байдаг (Лук 9:57–62). Үүнээсээ болоод тэд Бурхны үгийг залбирч байгаад гүн эргэцүүлэн бодох хангалттай цаг гаргаж чаддаггүй. Тэд Бурхны үгэнд анхаарлаа бүрэн хандуулдаггүй учраас түүнийг чин сэтгэлээсээ үнэлдэггүй. Гэтэл ингэж үнэлэх явдал тэвчээртэй байхад шаардлагатай зүйл юм. Аажимдаа тэдний сүнслэг сонирхол сүнслэг бус ажил явдалд бүрэн «баригдах» хүртлээ дийлддэг.c Еховаг бүх зүрхээрээ хайрладаггүй хүмүүсийн хувьд төгсгөл нь юутай харамсалтай вэ! (Матай 6:24; 22:37).
17. Есүсийн жишээний бэлэгдлийн хогийн ургамалд баригдахгүйн тулд бид яах хэрэгтэй вэ?
17 Хэрэв бид сүнслэг зүйлийг материаллаг зүйлээс эрхэмд үздэг бол энэхүү ертөнцийн санаа зовоосон асуудлууд болон тааламжид баригдахгүй (Матай 6:31–33; Лук 21:34–36). Библи уншиж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодохыг үл ойшоож хэзээ ч болохгүй. Хэрэв бид амьдралаа боломжийнхоо хирээр энгийн болговол залбирч байгаад нухацтай эргэцүүлэн бодоход илүү их цаг гаргаж чадна (1 Тимот 6:6–8). Ийн үйлдсэн, зүйрлэн хэлбэл, арвин их үр жимс өгдөг ургамлаа хоол тэжээл, гэрэл дулаан, орон зайгаар хангахын тулд хогийн ургамлыг үндсээр нь тастан хаясан Бурхны үйлчлэгчид Еховагаас их ивээл хишиг хүртдэг. 26 настай Сандра: «Би, үнэний замаар явснаараа хүртэж байгаа ивээл хишгийнхээ талаар эргэцүүлэн бодохдоо үүнтэй дүйх юмыг энэ ертөнц хэзээ ч өгч чадахгүй гэдгийг ойлгодог!» гэж хэлжээ (Дуулал 84:11).
18. Бид хэрхэн Бурхны үгэн дотор байж, христиан хүнд байвал зохих тэвчээрийг илэрхийлж болох вэ?
18 Тэгэхлээр, бидний дотор Бурхны үг байж л байсан цагт бид залуу ч бай, хөгшин ч бай бүгдээрээ Бурхны үгэн дотор байж, Христийн шавь нарт байвал зохих тэвчээрийг илэрхийлэх болно гэдэг нь тодорхой. Тийм учраас бэлэгдлийн зүрхнийхээ хөрсийг хатууруулж, нимгэн болгон, хогийн ургамалд бариулалгүй, үргэлж зөөлхөн, зузаан байлгахын тулд анхаарч байя. Тэгвэл бид Бурхны үгэнд анхаарлаа бүрэн хандуулж, «тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид» байх болно (Лук 8:15).
[Зүүлт]
a Энэ өгүүллээр эхний шаардлагыг авч үзнэ. Үлдсэн хоёрыг дараагийн өгүүллүүдээр ярилцах болно.
b Библиэс уншсан зүйлээ залбирч байгаад эргэцүүлэн бодохдоо та өөртөө: «Энд Еховагийн аль нэг чанарын талаар бичсэн байна уу? Энэ зүйл Библийн сэдэвтэй ямар холбоотой вэ? Үүнийг би амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх юм уу, бусдад туслахдаа хэрхэн ашиглаж болох вэ?» гэх зэргийн асуулт тавьж болно.
c Гурван Евангелид тэмдэглэсэн Есүсийн жишээнээс харахад үр «ертөнцийн зовнил», «эд баялгийн хуурамч байдал», «бусад зүйлсийг хүсэх хүсэл», «өнөөгийн амьдралын тааламж» зэрэг энэхүү ертөнцийн санаа зовоосон асуудлууд болон тааламжид баригджээ (Марк 4:19; Матай 13:22; Лук 8:14; Иеремиа 4:3, 4).
Та хэрхэн хариулах вэ?
• Бид Есүсийн «үгэн дотор байх» хэрэгтэйн учир юу вэ?
• Бурхны үгийг зүрхэн дотроо байлгахын тулд яах хэрэгтэй вэ?
• Есүсийн жишээнд гардаг дөрвөн хөрс ямар ямар хүнийг дүрсэлдэг вэ?
• Бурхны үгийг эргэцүүлэн бодоход цаг хэрхэн гаргаж болох вэ?
[10-р хуудасны хавсралт/зураг]
«Үнэн дотор батажсан»
ХРИСТИЙН шавь болоод олон жил болж байгаа хүмүүсээс олон хүн жил ирэх тутам өөрсдийгөө «үнэн дотор батажсаныг» баталдаг (2 Петр 1:12). Тэвчээрээ хадгалахад тэдэнд юу тусалдаг вэ? Тэдний юу ярьсанд анхаарлаа хандуулъя.
«Би орой болгон Библи уншиж, залбирдаг. Дараа нь уншсан зүйлээ эргэцүүлэн боддог» (1939 онд баптисм хүртсэн Жийн эгч).
«Төчнөөн сүрлэг Ехова, биднийг хичнээн ихээр хайрладгийг эргэцүүлэн бодохдоо би тайвширч, үнэнч хэвээрээ байх хүч олж авдаг» (1946 онд баптисм хүртсэн Патрициа эгч).
«Библийг хичээнгүйлэн судлах хэвшилтэй болж, „Бурхны гүн юмсад“ анхаарлаа хандуулснаар би Еховад үйлчлэх үйлчлэлээ үргэлжлүүлэх урам зориг ордог» (1 Коринт 2:10) (1939 баптисм хүртсэн Анна эгч).
«Би зүрх болоод хандлагаа шалгахын тулд Библи болон Библид үндэслэсэн хэвлэлээ уншдаг» (1943 онд баптисм хүртсэн Зелда эгч).
«Тайван алхангаа Еховад залбиран бодол санаагаа мэдүүлэх тэр мөч миний хувьд хамгийн сайхан цаг байдаг» (1947 онд баптисм хүртсэн Ральф ах).
«Би өглөө болгон өдөр бүрийн сэдэв судалж, Библиэс уншдаг. Энэ нь надад тэр өдрийн турш эргэцүүлэн бодох шинэ санаа өгдөг» (1935 онд баптисм хүртсэн Мари эгч).
«Библийн аль нэг номыг зүйл зүйлээр авч үзэх нь миний хувьд үнэхээрийн сэргээш болдог» (1946 онд баптисм хүртсэн Даниел ах).
Таны хувьд Бурхны үгийг залбирч байгаад эргэцүүлэн боддог цаг хэзээ вэ? (Даниел 6:10б; Марк 1:35; Үйлс 10:9).