«Сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй»
«Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй» (МАТАЙ 13:34).
1, 2. а) Үр өгөөжтэй жишээ яагаад тийм амар мартагддаггүй вэ? б) Есүс жишээний ямар ямар төрлийг ашигладаг байсан бэ? Түүний ашигласан жишээтэй холбоотой ямар асуулт гарч ирдэг вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
ТА олон жилийн өмнө цуглаан дээр сонссон ямар нэг жишээг санаж чадах уу? Үр өгөөжтэй жишээ тийм амар мартагддаггүй. Нэг зохиолчийн бичсэнээр жишээ нь сонсогчдод «сонссон зүйлээ санаандаа харж, бүх үйл явдлын дүр зургийг бодуулдаг» ажээ. Ер нь бид их төлөв төсөөлж бодохдоо сайн байдаг болохоор жишээний ачаар тухайн санааг амархан ойлгодог. Жишээ, үгийг амилуулдаг бөгөөд хэлэх гэсэн гол санаа бидний ой тойнд үлдэж хоцордог.
2 Энэ дэлхий дээр нэг ч багш жишээ буюу Библид өгүүлснээр «сургаалт зүйрлэлийг» Есүс Христ шиг чадварлаг ашиглаж байсангүй. Бүр 2 000-аад жилийн өмнө Есүсийн ярьж байсан ёгт үлгэр өнөө хир нь дурсагдсаар байнаa. Есүс яагаад ийм онцгой арга хэрэглэн заадаг байсан юм бол? Ашигласан жишээ нь юуны ачаар үр өгөөжтэй болж байсан бэ?
Есүс «сургаалт зүйрлэлээр» ярьдаг байсны учир
3. а) Матай 13:34, 35-д бичсэнээр Есүс «сургаалт зүйрлэлээр» ярьдаг байсны нэг шалтгаан юу вэ? б) Энэ арга ач холбогдолтой гэдгийг Ехова мэддэг нь юунаас харагддаг вэ?
3 Есүсийг жишээ буюу «сургаалт зүйрлэлээр» ярьдаг байсны учрыг тайлбарласан, анхаарууштай хоёр шалтгаан Библид байдаг. Нэгд, Есүс «сургаалт зүйрлэлээр» ярьж зөгнөл биелүүлсэн. Элч Матай: «Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй. Энэ нь эш үзүүлэгчээр [«зөнчөөр», МБОХ, 1996] хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ „Би сургаалт зүйлэлээр ам нээнэ...“ гэсэн байна» гэж бичжээ (Матай 13:34, 35). Матайн иш татсан «зөнч» гэдэг нь Дуулал 78:2-ыг бичигч юм. Тэрхүү дуулалч, Есүсийг төрөхөөс олон зууны өмнө Бурхны сүнсэнд хөтлөгдөн бичжээ. Хүү нь «сургаалт зүйрлэлээр» зааж сургана гэдгийг Ехова бүр хэдэн зуун жилийн өмнө урьдчилан харсан нь гайхалтай биш гэж үү? Ийм арга хэчнээн их ач холбогдолтойг Ехова мэддэг нь эргэлзээгүй!
4. Есүс «сургаалт зүйрлэлээр» ярьдаг учраа юу гэж тайлбарласан бэ?
4 Хоёрт, хэний зүрх хатуу болохыг шалгахын тулд «сургаалт зүйрлэлээр» ярьдаг тухайгаа Есүс өөрөө хэлсэн байдаг. Түүнийг «асар олон хүнд» тариачны тухай ёгт үлгэр ярьсны дараа шавь нар нь: «Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ?» гэж асуухад Есүс: «Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр: „Та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй, харсаар, харсаар байтал огт ойлгохгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурчээ“» гэж хариулсан (Матай 13:2, 10, 11, 13–15; Исаиа 6:9, 10).
5. Есүсийн ярьсан жишээ даруу сонсогчдыг бардам зантай хүмүүсээс хэрхэн ялгаж байсан бэ?
5 Есүсийн ярьсан жишээ хүмүүсийн ялгааг хэрхэн гаргаж байсан бэ? Зарим үед сонсогчид хэлсэн үгийнх нь утгыг гүйцэд ойлгохын тулд гүнзгий ухаж бодох хэрэгтэй байв. Даруу хүмүүс тайлбарлаж өгөхийг хүсдэг байлаа (Матай 13:36; Марк 4:34). Есүсийн ярьсан жишээ үнэнийг мэдэх хүсэлтэй, чин сэтгэлтэй хүмүүст үнэнийг нээж өгөхийн зэрэгцээ бардам зантай хүмүүсээс нууцалдаг байсан. Есүс үнэхээр гайхалтай багш байжээ! Одоо бүгдээрээ түүний ярьсан жишээг тийм үр нөлөөтэй болгосон хэд хэдэн хүчин зүйлийг авч үзье.
Нарийн зүйлийг сонгож ашигладаг байсан
6-8. а) Есүсийн сургаалыг сонсож байсан хүмүүст ямар боломж байгаагүй вэ? б) Есүс сургаал айлдахдаа нарийн зүйлийг сонгож ашигладаг байсан нь ямар ямар жишээнээс харагддаг вэ?
6 Есүсийн сургаалыг яг өөрөөс нь сонсож байсан шавь нарт нь ямар сэтгэгдэл төрдөг байсан бол гэж та гайхаж байв уу? Тэдэнд Есүсийн дуу хоолойг сонсох аз завшаан тохиосон. Гэсэн ч түүний үгийг цаасан дээр буулгаагүй болохоор эргэн санахын тулд лавлаж харах боломж байсангүй. Тиймд Есүсийн үгийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ тогтоож авахаас өөр аргагүй байжээ. Есүс жишээг чадварлаг ашигладаг байсны ачаар сургаалыг тогтоож авахад амархан байлаа. Яаж чадварлаг ашигладаг байсан бэ?
7 Есүс нарийн зүйлийг сонгож ашигладаг байв. Хэрэв ярьж буй үйл явдалтай холбоотой юм уу, онцолж үзэх зайлшгүй шаардлагатай бол хэлэх үгэндээ нарийн зүйлийг заавал оруулдаг байжээ. Тиймдээ ч, алга болсон ганц хонио олохын тулд яг хэдэн хонь орхиж явсныг, ажилчид усан үзмийн талбайд хэдэн цаг ажилласныг, эзэн нь боолууддаа хэдэн талант өгснийг тодорхой хэлсэн аж (Матай 18:12–14; 20:1–16; 25:14–30).
8 Нөгөө талаас, Есүс жишээнийх нь утгыг ойлгоход саад болмоор нарийн зүйлийг орхидог байлаа. Жишээлбэл, уучилж өршөөх хэрэгтэйг онцлох гэсэндээ өрөвдөх сэтгэлгүй боолын тухай ёгт үлгэрт тэр боолыг яаж яваад 10 000 талантын өрөнд орсныг тайлбарлаагүй. Хэргийн учир нь тэр боол яаж өрөнд орсонд биш, өрийг нь хэлтрүүлсэнд, мөн тэр боол өөрөөс нь хамаагүй бага өртэй байсан өөр нэг боолд хэрхэн хандсанд байсан юм (Матай 18:23–35). Түүнчлэн, самуун хүүгийн тухай ёгт үлгэрийн хүү яагаад гэнэт өвөө нэхэх болсон, түүнийгээ ямар учраас дэмий үрэх болсныг Есүс тайлбарлаагүй. Гэхдээ эцгийнх нь сэтгэл ямар байсан, хүүгээ сэтгэл зүрхээ өөрчлөөд гэртээ эргэж ирэхэд яаж хүлээж авсан зэрэг нарийн зүйлийг тодорхой хэлжээ. Хүүгийн эцэг ямар байдалтай байсан тухай тэр нарийн зүйл Ехова «өгөөмрөөр» уучилдаг гэсэн санааг илэрхийлэхэд хэрэгтэй байв (Исаиа 55:7; Лук 15:11–32).
9, 10. а) Есүс ёгт үлгэрийн баатруудаа дүрслэхдээ юуг анхаардаг байсан бэ? б) Есүс жишээгээ тухайн үеийнхэнд болон бусдад тогтооход хялбар болгохын тулд яадаг байсан бэ?
9 Тэрчлэн Есүс ёгт үлгэрийн баатруудаа дүрслэхдээ ч ухаалаг ханддаг байв. Тэдний гадаад төрхийг нэгбүрчлэн дүрслэхийн оронд юу хийснийг нь эсвэл тухайн явдалд хэрхэн хандаж байсныг нь голлон анхаардаг байлаа. Тийм ч учраас өрөвч сэтгэлтэй самари хүний тухай ярихдаа гадаад төрхийг нь биш, үүнээс илүү чухал зүйлийг өгүүлсэн. Энэ бол шархдаад зам дээр хэвтэж байсан нэгэн иудейд өнөөх самари хүн хэрхэн өрөвч сэтгэлээр тусалсан тухай юм. Есүсийн хэлсэн тэр нарийн зүйл «хөршөө хайрлана» гэдэг бол өөр арьс, үндэстэй хүмүүсийг ч бас хайрлана гэсэн үг гэдгийг заахад хэрэг болсон (Лук 10:29, 33–37).
10 Есүс жишээгээ товч бөгөөд цэгцтэй байлгахын тулд нарийн зүйлийг ашиглахдаа анхааралтай ханддаг байв. Ийм л учраас тухайн үеийн хүмүүст ч тэр, мөн хожим Бурхны онгодоор бичигдсэн Евангелийг унших өчнөөн олон хүнд ч тэр, Есүсийн ярьдаг байсан жишээ болоод тэдгээрт агуулагдаж байсан үнэтэй сургамжийг тогтооход хялбар байсан билээ.
Өдөр тутмын амьдралаас авдаг байсан
11. Есүс Галилд өсөж торнихдоо үзэж харсан зүйлээ ёгт үлгэртээ хэрхэн тусгасан жишээ дурдана уу.
11 Есүс хүмүүсийн амьдралтай холбоотой жишээ ашиглахдаа гойд чадварлаг байлаа. Галилд өсөж торнихдоо харж ажигласан гэмээр зүйлс түүний олон жишээ болоод ёгт үлгэрт тусгалаа олжээ. Есүсийн бага насны талаар жаахан бодож үзье. Тэрээр ээжийгээ, түрүүчийн талхны зуурмагаас таслан авсан хөрөнгөөр шинэ талх барихыг хэдэн удаа үзээ бол? (Матай 13:33). Галилын тэнгисийн цэнгэг усанд загасчдыг тороо хаяж байхыг хэчнээн удаа ажиглаа бол? (Матай 13:47). Зах дээр хүүхдүүдийн тоглож байхыг хэр олон удаа хараа бол? (Матай 11:16). Мөн жишээнд нь тусгалаа олсон: үр суулгах; хөөр хөгжөөнтэй хурим найр; наранд боловсорсон тариалангийн талбай зэрэг амьдралын бусад явдлыг ч бас ажигласан нь лавтай (Матай 13:3–8; 25:1–12; Марк 4:26–29).
12, 13. Есүс нутгийн байдлыг мэддэг байсан нь буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэрээс хэрхэн харагддаг вэ?
12 Өдөр тутмын амьдралын орчин нөхцөл Есүсийн хэлсэн жишээнд гардагт гайхах зүйлгүй. Тэгвэл энэхүү заах аргыг хэчнээн чадварлаг ашиглаж байсныг нь илүү сайн ойлгохын тулд тэр үеийн иудейчүүдэд хэлж байсан түүний үг ямар санаа агуулсныг авч үзэх хэрэгтэй. Хоёр жишээ авъя.
13 Нэгд, Есүс буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэр ярихдаа нэг хүн талбайдаа буудайн сайн үр суулгатал «дайсан» талбай уруу нь ороод зэрлэг өвс тарьчихаад явчихдаг тухай ярьсан. Есүс яагаад заавал энэ дайсагнасан үйл явдлыг сонгох болов? Түүнийг Галилын тэнгисийн дэргэд байхдаа энэ ёгт үлгэрээ ярьсныг санаарай. Галилчуудын эрхэлдэг гол ажил газар тариалан байсан нь илэрхий байдаг. Талбай уруу нь дайсан сэм ороод хортой хогийн ургамал суулгачихаад явчихаас илүү гарзтай юм тариачинд байна гэж үү? Тэр үеийн төрийн хуулиас үзэхэд тийм явдал үнэхээр гардаг байжээ. Тэгэхлээр, Есүс сонсогчдодоо хамаатай нөхцөлийг ашигладаг байсан нь илт байгаа биз дээ? (Матай 13:1, 2, 24–30).
14. Есүс өрөвч сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэртээ «Иерусалимаас Иерихо орох» замын тухай ярьсан нь яагаад учиртай вэ?
14 Хоёр дахь жишээ. Өрөвч сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэрийг санаж байна уу? Есүс ёгт үлгэрээ: «Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор [«доош уруудан», ШЕ] явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ» гэж эхэлсэн (Лук 10:30). Тэрээр «Иерусалимаас Иерихо орох» замыг яриандаа дурдсан нь учиртай. Есүс Иерусалимаас холгүй орших Иудейд байхдаа энэ ёгт үлгэрийг ярьсан болохоор хүмүүс тэр замыг мэддэг байсан нь гарцаагүй. Тэр зам, ялангуяа, ганцаараа яваа хүнд аюултайгаараа алдартай байжээ. Харин зэлүүд газраар тахирлаж оддог болохоор дээрэмчдэд сайн нуувч болдог байв.
15. Өрөвч сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэрийн тахилч леви хоёрын хайхрамжгүй байдлыг яагаад уучлах аргагүй вэ?
15 Есүс «Иерусалимаас Иерихо орох» замын тухай ярьсантай холбон өөр нэг зүйлийг тэмдэглүүштэй. Энэ ёгт үлгэрт, тэр замаар эхлээд тахилч, дараа нь леви хүн явсан хэрнээ аль аль нь хохирогчид туслах гэж зогсоогүй тухай өгүүлсэн байдаг (Лук 10:31, 32). Тахилч нар Иерусалимын сүмд үйлчилж, левичүүд тэдэнд тусалдаг байв. Олон тахилч, мөн левичүүд сүмд ажиллаагүй үедээ Иерусалимаас 23 км зайтай орших Иериход амьдардаг байжээ. Тийм болохоор тэд уг замаар үе үе явдаг байсан нь гарцаагүй. Бас нэгэн зүйлийг анхаарахад, тахилч леви хоёр «Иерусалимаас» уг замаараа буцаад явж байсан гэдэг нь сүмээсээ холдож явсан гэсэн үгb. Уг нь үхсэн хүнд хүрвэл хэсэг хугацаанд сүмийн үйлчлэлд тэнцэхгүй болдог Хуультай ч энэ тохиолдолд тэд сүмээс холдож явсан учир өнөөх шархадсан хүнийг үхсэн гэж бодоод хүрэлгүй өнгөрсөн тэдний энэ хайхрамжгүй байдлыг уучлах ямар ч аргагүй юм (Левит 21:1; Тооллого 19:11, 16). Есүс ёгт үлгэртээ хүмүүсийн сайн мэддэг зүйлийг ашигладаг байсан нь тодорхой байгаа биз дээ?
Бурхны бүтээлээс санаа авсан нь
16. Есүс Еховагийн бүтээлийг маш сайн мэддэг байсанд яагаад гайхах хэрэггүй вэ?
16 Зарим жишээ, ёгт үлгэрээс нь харахад Есүс ургамал, амьтан, байгаль орчны тухай мэддэг байсан нь илт (Матай 6:26, 28–30; 16:2, 3). Тэгвэл хаанаас ийм мэдлэгтэй болсон байж таарах вэ? Есүс Галилд өсөж торнихдоо Еховагийн бүтээлийг хангалттай их ажигладаг байсанд эргэлзэх юмгүй. Түүнээс гадна, Есүс «бүх бүтээлийн Ууган нь» бөгөөд Ехова бүх юмыг бүтээхдээ Есүсийг «уран дархнаар» ажиллуулж байсан (Колоссай 1:15, 16; Сургаалт үгс 8:30, 31). Тэгэхээр Есүс Бурхны бүтээлийг маш сайн мэддэг байсанд гайхах хэрэг байна уу? Заах ажилдаа энэ мэдлэгээ яаж чадварлаг ашигладаг байсныг нь үзэцгээе.
17, 18. а) Есүс хонины занг сайн мэддэг байсныг «Иохан» номын 10-р бүлэгт тэмдэглэгдсэн түүний үг хэрхэн харуулдаг вэ? б) Библид дурдсан нутгаар аялагчид хоньчин ба хонины хоорондын холбооны талаар юу ажигласан бэ?
17 Есүсийн ярьсан, сэтгэл уяраам олон сайхан жишээний нэг нь «Иохан» номын 10-р бүлэгт бичигдсэн бөгөөд, тэнд Есүс дагалдагч нартайгаа тогтоосон дотно харьцаагаа хоньчин хонь хоёрын харьцаатай зүйрлэжээ. Түүнийг тэжээвэр хонины занг маш сайн мэддэг байсныг хэлсэн үг нь гэрчилнэ. Хонь, хоньчин эзнийхээ араас үнэнчээр дагадгийг Есүс онцолсон (Иохан 10:2–4). Хоньчин хонь хоёрын хооронд ер бусын дотно холбоо байдгийг Библид дурдсан нутгаар аялагчид ажиглажээ. ХІХ зууны үед амьдарч байсан байгаль судлаач Хенри Тристрэм: «Би нэг удаа хонин сүрэгтэйгээ тоглож буй хоньчинг харж билээ. Хоньчин зугтах дүр үзүүлэхэд хоньд араас нь хөөгөөд бүчээд авсан. [...] Сүүлдээ тэд хоньчноо тойроод дэвхрэн цовхчиж байлаа» гэж бичжээ.
18 Хонь яагаад хоньчноо дагадаг вэ? «Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг» гэж Есүс хэлсэн (Иохан 10:4). Тэгээд үнэхээр хоньчныхоо дууг таньдаг юм уу? Жорж Смит «Ариун нутгийн түүхт газарзүй» номдоо: «Хааяа бид үд дундын үед Иудейн худгийн дэргэд амардаг байлаа. Тийшээ гурав, дөрвөн хоньчин тус тусын малаа туусаар ирэхэд хонь нь нийлчихнэ. Тэгэхэд нь бид, энэ хоньчид хонио яаж салгана даа гэж шогширдог байв. Гэтэл тэд хонио услаад хэсэг тоглуулсны дараа хөндийн зүг бүр тийш салж явахдаа өөр өөрийн өвөрмөц дуу авиа гаргаж хонио дуудан тойглодог аж. Ингэхэд нь нийлсэн хоньд салж, эздэдээ очин, урьд ирсэн тэр л янзаараа буцдаг байлаа» гэж хувийн ажиглалтаа бичжээ («The Historical Geography of the Holy Land»). Тэгэхлээр Есүс санаагаа дүрслэн харуулах хамгийн сайн арга олдог байжээ. Хэрэв бид түүний сургаалыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахын зэрэгцээ удирдлагад нь захирагдвал, «сайн хоньчин» биднийг нинжин сэтгэлээр, хайрлан халамжлах болно (Иохан 10:11).
Сонсогчдынхоо сайн мэдэх үйл явдлаас авдаг байсан
19. Есүс хуурамч ойлголтыг няцаахын тулд тэр нутагт болсон эмгэнэлт явдлыг яаж үр өгөөжтэй ашигласан бэ?
19 Үр нөлөөтэй жишээний санааг сургамж авууштай тохиолдол, болсон явдал зэргээс ч бас авдаг. Нэг удаа Есүс, зохих хүмүүст нь золгүй явдал тохиолддог гэсэн хуурамч үзлийг няцаахын тулд: «Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд [нүгэлтнүүд] байсан гэж та нар бодно уу?» гэж асуусан (Лук 13:4). Есүс хувь заяанд итгэх үзлийг няцаан, уран үгээр мэтгэлцсэн. Тэр арван найман хүний үйлдсэн нүгэл Бурхны дургүйг хүргэсэн учраас тэд үхсэн юм биш ээ. Үнэн хэрэгтээ, тэдний эмгэнэлт үхэл «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдлоос» болсон билээ (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Тийнхүү Есүс сонсогчдынхоо сайн мэдэх үйл явдлыг ашиглаж хуурамч сургаалыг няцаасан.
20, 21. а) Фарисайчууд яагаад Есүсийн шавь нарыг зэмлэн буруушаасан бэ? б) Амралтын өдрийн тухай хуулийг дэндүү хатуу чанд мөрдүүлэх санаа Бурханд огтхон ч байгаагүй гэдгийг үзүүлэхийн тулд Есүс Сударт гардаг ямар үйл явдлыг ашигласан бэ? в) Дараагийн өгүүллээр юун тухай хэлэлцэх вэ?
20 Мөн Есүс хүмүүст заахдаа Библид бичигдсэн үйл явдлаас ашигладаг байв. Амралтын өдөр тариа шувтлан идсэнийх нь төлөө Есүсийн шавь нарыг фарисайчууд зэмлэн буруушаадаг тухай эргэн нэг саная. Үнэндээ бол шавь нар Бурхны Хуулийг бус, Амралтын өдөр юу хийж болохгүйг заасан фарисайчуудын зохиосон хатуу ёс заншлыг зөрчсөн хэрэг. Есүс Амралтын өдрийн тухай хуулийг дэндүү хатуу чанд баримтлуулах санаа Бурханд огт байхгүй гэдгийг батлахын тулд 1 Самуел 21:3–6-д бичигдсэн үйл явдлыг иш татсан. Давид хүмүүсийнхээ хамт өлссөндөө асрын дэргэд буудаллаж, шинэ талхаар сольж тавьсан ариусгасан талхнаас идчихсэн. Ер нь хуучирсан тийм талхыг тахилч нар иддэг ёстой ажээ. Гэтэл тухайн нөхцөл байдлаас үүдээд Давид болон түүний хүмүүс тэр талхыг идсэнийхээ төлөө зэмлэл хүлээгээгүй юм. Тахилч биш хүмүүс ариусгасан, хуучин талх идсэн талаар Библийн ганц энэ хэсэгт л өгүүлсэн байдгийг тэмдэглүүштэй. Есүс яг ямар үйл явдал ашиглахаа мэдэж байсан бөгөөд иудейчүүд ч энэ тухай сайн мэддэг байсан нь лавтай (Матай 12:1–8).
21 Есүс үнэхээр Агуу Багш байжээ! Чухал сургаалыг хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэж чаддаг түүний хосгүй чадварыг гайхаад баршгүй. Тэгвэл бид өөрсдөө бусдад заахдаа Есүсийг яаж дуурайж болох вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр хэлэлцэнэ.
[Зүүлт]
a Есүс жишээний олон төрлийг ашигладаг байжээ. Үүнд: Бодит явдлыг шууд авдаг, харьцуулалт, зэрэгцүүлэл, адилтгал ашигладаг байв. Тэрээр «ёс суртахууны буюу сүнслэг үнэнийг агуулсан, голдуу зохиомол богино өгүүлэл» хэмээн тодорхойлогддог ёгт үлгэр ашигладгаараа алдартай байлаа («Insight on the Scriptures», 1-р боть, 1174-р хуудас, англи).
b Иерусалим Иерихогоос илүү өндөрлөг газар байсан тул ёгт үлгэрт өгүүлснээр аянчин «Иерусалимаас Иерихо орохоор» явахдаа «доош уруудаж явах» ёстой байжээ.
Та санаж байна уу?
• Есүс яагаад жишээ буюу «сургаалт зүйрлэл» ашиглан заадаг байсан бэ?
• Есүс тэр үеийнхээ хүмүүст ойлгомжтой ёгт үлгэр ярьдаг байсан нь ямар жишээнээс харагддаг вэ?
• Есүс жишээндээ Бурхны бүтээлийн тухай мэдлэгээ хэрхэн чадварлаг ашигладаг байсан бэ?
• Есүс сонсогчдынхоо сайн мэдэх үйл явдлыг хэрхэн ашигладаг байсан бэ?