«Сонс. Ойлгогтун»
«Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун» (МАРК 7:14).
1, 2. Хүмүүс яагаад Есүсийн яриаг ойлгоогүй вэ?
НЭГ хүн тантай ярьж байна. Та тэр хүний дуу хоолойг сонсож, тэр байтугай дууных нь өнгийг ч мэдэрч байна. Гэхдээ юуны тухай ярьж байгааг нь ойлгохгүй бол ямар хэрэг байх билээ? (1 Кор. 14:9). Үүнтэй адил явдал Есүсийн үед болжээ. Олон мянган хүн Есүсийн яриаг эх хэлээрээ сонсож байв. Гэхдээ сонссон зүйлийнхээ утгыг ойлгосон хүн ховор байлаа. Тийм учраас Есүс: «Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун» хэмээн яриаг нь сонсож суугаа хүмүүст хэлжээ (Марк 7:14).
2 Яагаад тийм олон хүн Есүсийн яриаг ойлгоогүй вэ? Зарим нь өөрийн гэсэн ягшмал үзэлтэй, буруу хандлагатай байв. Есүс тийм хүмүүст «Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм» гэжээ (Марк 7:9). Тэд Есүсийн яриаг ойлгох гэж үнэн сэтгэлээсээ хичээгээгүй. Амьдрал, үзэл бодлоо өөрчлөхийг хүсээгүй. Сонсож байгаа мэт боловч зүрх сэтгэлээрээ хүлээж аваагүй ажээ! (Матай 13:13–15-ыг уншина уу). Харин бид Есүсийн сургаалыг зүрх сэтгэлээрээ хүлээж авъя, ач тусыг нь хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?
ЕСҮСИЙН СУРГААЛЫГ ОЙЛГОЖ АЧ ТУС ХҮРТЭХ НЬ
3. Есүсийн шавь нар багшийнхаа яриаг яагаад ойлгосон бэ?
3 Бид Есүсийн даруу шавь нарыг дууриах хэрэгтэй. Тэрбээр шавь нартаа «Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй» гэжээ (Мат. 13:16). Есүсийн яриаг бусад нь ойлгохгүй байхад тэд яагаад ойлгосон бэ? Нэгдүгээрт, тэд асуулт асууж, ямар утгатай болохыг нь ойлгох гэж хичээж байсан (Мат. 13:36; Марк 7:17). Хоёрдугаарт, өмнө нь ойлгож авсан зүйлтэй нь ямар холбоотойг харьцуулж, мэдлэгээ тэлэхэд бэлэн байсан (Матай 13:11, 12-ыг уншина уу). Гуравдугаарт, сонссон, ойлгосон зүйлээ ажил хэрэг болгоод зогсохгүй энэ мэдлэгээ бусадтай хуваалцахад бэлэн байсан (Мат. 13:51, 52).
4. Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийг ойлгоё гэвэл ямар гурван зүйлийг хийх хэрэгтэй вэ?
4 Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийг ойлгоё гэвэл бид бас үнэнч шавь нар шиг нь байх ёстой. Үүний тулд гурван зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, Есүсийн сургаалыг нямбай судалж, янз бүрийн асуулт тавиад эргэцүүлэн бодоорой. Ингэвэл мэдлэгтэй болно (Сур. 2:4, 5). Тэгээд шинээр олж авсан мэдлэгээ өмнө нь мэддэг байсан зүйлтэйгээ холбож, өөрт ямар ач тустайг бодоорой. Ингэвэл ойлгож ухаарна (Сур. 2:2, 3). Эцэст нь, мэдлэгээ ажил хэрэг болгох нь зүйтэй. Энэ нь мэргэн ухаантайн шинж юм (Сур. 2:6, 7).
5. Мэдлэг, ухаарал, мэргэн ухаан гурвын ялгааг жишээгээр тайлбарлана уу.
5 Мэдлэг, ухаарал, мэргэн ухаан гурвын ялгаа юу вэ? Үүнийг ойлгохын тулд жишээ авъя. Та замын голд зогсож байна гээд төсөөл дөө. Тэгтэл нэг автобус таныг чиглээд ирж явна. Эхлээд та автобус ирж явааг анзаарна. Энэ нь мэдлэг юм. Тэндээ зогсоод байвал автобусанд дайруулна гэдгээ ойлгоно. Энэ нь ухаарал юм. Тэгээд та автобусны замаас хурдан холдоно. Энэ бол мэргэн ухаан. Ехова биднийг мэргэн ухаантай байгаасай гэж хүсдэг. Ингэвэл амь аврагдана! (Сур. 3:21, 22; 1 Тим. 4:16).
6. Есүсийн хэлсэн долоон сургаалт зүйрлэлийг авч үзэнгээ ямар дөрвөн асуултыг ярилцах вэ? (8-р хуудсан дахь хавсралтыг үзнэ үү).
6 Есүсийн хэлсэн долоон сургаалт зүйрлэлийг энэ болон дараагийн өгүүллээр авч үзнэ. Сургаалт зүйрлэл болгоныг үзэхдээ «Ямар утгатай вэ? (Мэдлэг олж авахад тустай) Есүс яагаад үүнийг хэлсэн бэ? (Ухаарахад тустай) Өөрийнхөө болон бусдын төлөө энэ мэдлэгээ хэрхэн ажил хэрэг болгох вэ? (Энэ нь мэргэн ухаан юм) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэх вэ?» гэдэг асуултыг ярилцъя.
ГИЧИЙН ҮР
7. Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
7 Матай 13:31, 32-ыг уншина уу. Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Үр нь Хаанчлалын тухай мэдээ юм. Түүнчлэн энэ мэдээг дэлгэрүүлсний үр дүнг буюу христиан хурлыг төлөөлдөг. Гичийн үр «бусад бүх үрээс жижигхэн» байдаг шиг христиан хурал МЭ 33 онд анх бий болохдоо цөөхөн гишүүнтэй байсан. Гэхдээ хэдхэн арван жилийн дотор хэний ч төсөөлж байгаагүйгээр маш хурдан өсөж томорсон (Кол. 1:23). Есүс: «Тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг» гэж хэлсэн билээ. Үнэхээр ч христиан хурал өсөж томроход «шувууд» буюу зөв зүрх сэтгэлтэй хүмүүс христиан хурлын «сүүдэрт» хоргодон, Бурхны тухай мэдлэг олж авах болсон (Езекиел 17:23-тай харьцуулна уу).
8. Есүс яагаад гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл хэлсэн бэ?
8 Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг хэлсэн бэ? Бурхны Хаанчлал үйл ажиллагаагаа улам өргөн цар хүрээтэй явуулж, ард иргэдээ хамгаалж, ямар ч саадыг ажрахгүй давах хүчтэй. Есүс үүнийг ойлгуулахын тулд саглагар мод болдог гичийн үрийн тухай ярьсан ажээ. Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэг 1914 оноос өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өргөн далайцтай явуулж байна (Ис. 60:22). Энэ байгууллагын гишүүн болсон хүмүүс Еховатай үргэлж ойр дотно байхад шаардлагатай бүх тусламжийг авдаг (Сур. 2:7; Ис. 32:1, 2). Хаанчлалын үйл ажиллагаа дэлхий даяар эрчимтэй өрнөж байгаа нь хэн ч, юу ч саад хийж чадахгүйг харуулж байна (Ис. 54:17).
9. а) Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? б) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэх вэ?
9 Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? Та Гэрч цөөтэй эсвэл дэлгэрүүлэх ажлын үр дүн илэрхий харагддаггүй нутагт амьдардаг байж болох юм. Хаанчлалд юу ч саад болж чадахгүйг санавал эрч хүчтэй, тэвчээртэй болно. Дараах жишээг бодоорой. Эдвин Скиннер ахыг 1926 онд Энэтхэгт очиход цөөхөн хэдэн Гэрч байжээ. Эхэндээ өсөлт удаан, дэлгэрүүлэх ажил ч явц муутай байлаа. Гэсэн ч Скиннер ах уйгагүй дэлгэрүүлдэг байв. Хаанчлалын тухай мэдээ түгэхэд юу ч саад болдоггүйг тэрбээр харжээ. Одоо Энэтхэгт 37 мянга гаруй Гэрч идэвхтэй дэлгэрүүлж байна. Өнгөрсөн жил болсон Дурсах цуглаанд 108 мянга гаруй хүн иржээ. Хаанчлалын үйл хэрэг цар хүрээгээ тэлж байгааг харуулах бас нэг жишээ авъя. Скиннер ахыг Энэтхэгт очсон тэр жил Замби улсад Хаанчлалын ажил дөнгөж эхэлж байлаа. Харин одоо Замбид 170 мянга гаруй дэлгэрүүлэгч байгаа бөгөөд 2013 оны Дурсах цуглаанд 763 915 хүн хүрэлцэн ирсэн. Өөрөөр хэлбэл, тус улсын хүн амын 18 хүний нэг нь уг арга хэмжээнд оролцсон гэсэн үг. Үнэхээр гайхалтай өсөлт биш гэж үү?
ТАЛХНЫ ХӨРӨНГӨ
10. Талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
10 Матай 13:33-ыг уншина уу. Талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Энэ сургаалт зүйрлэл ч бас Хаанчлалын тухай мэдээ болон үүний үр дүнгийн тухай өгүүлдэг. Гурил гэдгээр бүх үндэстнийг хэлжээ. Гурил исдэг нь дэлгэрүүлэх ажлын үрээр Хаанчлалын тухай мэдээ түгэн тарахыг хэлж байна. Гичийн үр хэрхэн ургаж байгаа нь тодорхой харагдаж байсан бол, хөрөнгө гурилыг хэрхэн исгэж байгаа нь эхэндээ харагддаггүй. Харин хэсэг хугацааны дараа үр дүн нь илэрхий болдог.
11. Есүс яагаад талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл хэлсэн бэ?
11 Есүс яагаад энэ сургаалт зүйрлэлийг хэлсэн бэ? Хаанчлалын тухай мэдээ «энэ дэлхийн хязгаарт» хүрч, хүнийг өөрчлөх хүчтэйг ойлгуулах гэсэн ажээ (Үйлс 1:8). Энэ мэдээ юуг хэрхэн өөрчилж, ямар үр дүнд хүрч байгаа нь шууд харагдахгүй байж магадгүй. Гэхдээ л ямар нэгэн өөрчлөлт зайлшгүй гардаг. Хаанчлалын тухай мэдээг хүлээж авах хүний тоо нэмэгдээд зогсохгүй хүмүүсийн зан чанар бас сайжирч өөрчлөгддөг (Ром 12:2; Еф. 4:22, 23).
12, 13. Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажил хэрхэн өргөжин тэлж байгааг харуулах жишээ хэлнэ үү.
12 Дэлгэрүүлэх ажлын үр дүн их төлөв, олон жилийн дараа харагддаг. Жишээ авъя. Фрэнц Маргит хоёр 1982 онд Бразил дахь салбарт үйлчилж байхдаа хөдөөгийн нэг жижиг хотод дэлгэрүүлдэг байжээ. Тэдэнтэй Библийн хичээл хийдэг болсон хүмүүсийн дунд дөрвөн хүүхэдтэй эмэгтэй байдаг байв. 12 настай том хүү нь их ичимхий болохоор хичээл эхлэхээс өмнө нуугдчихдаг байжээ. Тэгтэл Фрэнц Маргит хоёр, өөр газар томилогдож, хичээлээ үргэлжлүүлэх аргагүй болов. Харин 25 жилийн дараа энэ хотод ирэх завшаан тохиожээ. Ямар өөрчлөлт гарсан бол? Нэг хуралтай, 69 дэлгэрүүлэгчтэй, тэднээс 13 нь байнгын эхлэгчээр үйлчилдэг, шинэхэн барьсан Хаанчлалын танхимд бүх цуглаанаа хийдэг болчихсон байжээ. Нөгөө ичимхий хүү яасан бол? Ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаар үйлчилж байна! Талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэлд гардаг шиг Хаанчлалын мэдээ түгэн тархаж, олон хүнийг өөрчилжээ. Энэ бүхнийг үзээд мөнөөх хос ихэд баярлажээ.
13 Хаанчлалын тухай мэдээ хүмүүсийг өөрчлөх хүчтэй нь манай үйл ажиллагаа хориотой улсуудад илүү тод харагддаг. Тийм улс оронд сайн мэдээ хэр зэрэг өргөн тарж байгааг мэдэх аргагүй ч голдуу гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Куба улсыг жишээ болгон авъя. Кубад анх 1910 онд Хаанчлалын тухай мэдээ хүрчээ. 1913 онд Расселл ах тус улсад айлчилж очсон гэдэг. Эхэн үед өсөлт удаан байв. Одоо ямар вэ? Сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж буй 96 мянга гаруй дэлгэрүүлэгч байдаг бөгөөд 2013 онд болсон Дурсах цуглаанд 229 726 хүн ирсэн. Энэ нь 48 хүн тутмын 1 нь ирсэн гэсэн үг. Манай үйл ажиллагааг зөвшөөрдөг улс орнуудад бас Гэрчүүд очих боломжгүй алс бөглүү газрууд бий. Тэнд ч Хаанчлалын тухай мэдээ хүрч байна (Ном. 8:7; 11:5).
14, 15. а) Талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл танд ямар ач тустай вэ? б) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэж авах вэ?
14 Талхны хөрөнгөний тухай сургаалт зүйрлэлээс юу сурах вэ? Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийн утгыг эргэцүүлэн бодвол Хаанчлалын тухай мэдээг сонсож амжаагүй олон сая хүн яах бол гэж хэтэрхий их санаа зовох хэрэггүйг ойлгоно. Ехова бүгдийг мэдэж байгаа. Бидний хийх ёстой юм юу вэ? Библид хариу нь бий. «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» (Ном. 11:6). Үүний зэрэгцээ дэлгэрүүлэх ажил маань ялангуяа хориг хязгаар тавьсан улс оронд амжилттай болоосой гэж залбирахаа мартахгүй байцгаая (Еф. 6:18–20).
15 Дэлгэрүүлэх ажлын үр дүн шууд харагдахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. «Жижиг» гэж хэзээ ч бүү голоорой (Зех. 4:10). Нэг л мэдэхэд, бодсоноос илүү гайхалтай үр дүнд хүрэх ч юм бил үү! (Дуу. 40:5; Зех. 4:7).
СУВД ХАЙГЧ ХУДАЛДААЧИН БА ТАЛБАЙД НУУСАН ЭРДЭНЭ
16. Сувд хайгч худалдаачин ба талбайд нуусан эрдэнийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ?
16 Матай 13:44–46-г уншина уу. Сувд хайгч худалдаачин ба талбайд нуусан эрдэнийн тухай сургаалт зүйрлэл ямар утгатай вэ? Есүсийн үед зарим худалдаачин хамгийн сайн чанарын сувд хайж Энэтхэгийн далай хүртэл аялдаг байжээ. Энэ сургаалт зүйрлэлд гардаг худалдаачин нь үнэнийг эрж хайдаг чин сэтгэлтэй хүмүүсийг төлөөлдөг. «Их үнэтэй ширхэг сувд» нь Хаанчлалын тухай үнэн юм. Худалдаачин тэр сувдны үнэ цэнийг ойлгомогцоо «өөрт байсан бүхнээ зарж түүнийг авахад» бэлэн байсан. Есүс бас нэг сургаалт зүйрлэл ярьсан нь «нуусан» эрдэнэ талбайгаас олсон хүний тухай юм. Тэр хүн эрдэнэ хайгаагүй. Үүгээрээ худалдаачнаас ялгаатай. Гэхдээ эрдэнэ бүхий талбайг өөрийн болгохын тулд байгаа «бүхнээ» зарахад бэлэн байсан нь худалдаачинтай адил юм.
17. Есүс сувд хайгч худалдаачин ба талбайд нуусан эрдэнийн тухай сургаалт зүйрлэл хэлсний учир юу вэ?
17 Есүс энэ хоёр жишээг татсаны учир юу вэ? Хүмүүс үнэнийг янз бүрийн аргаар олдгийг хэлэх гэсэн ажээ. Зарим хүн хайсаар яваад олдог. Харин зарим нь хайгаагүй байхад хүмүүс сайн мэдээ хүргэж ирэн үнэнийг мэдүүлдэг. Аль нь ч байлаа гэсэн олсон зүйл нь ямар их үнэ цэнэтэйг ойлгоод, өөрийн болгохын тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг.
18. а) Энэ хоёр сургаалт зүйрлэл ямар ач тустай вэ? б) Эндээс Ехова Есүс хоёрын тухай юу мэдэж болох вэ?
18 Энэ хоёр сургаалт зүйрлэл ямар ач тустай вэ? (Мат. 6:19–21). Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Энэ хоёр хүнд байсан шиг тийм сэтгэл надад бий юү? Би үнэнийг тэдэн шиг нандигнадаг уу? Өөрийн болгохын тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг уу? Эсвэл өдөр тутмын аар саар явдалд анхаарлаа хандуулдаг уу?» (Мат. 6:22–24, 33; Лук 5:27, 28; Флп. 3:8). Хэрэв бид үнэнийг олсондоо үргэлж баярладаг бол Хаанчлалыг эн тэргүүнд тавихын төлөө чадах бүхнээ хийнэ.
19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
19 Хаанчлалын тухай өгүүлдэг эдгээр сургаалт зүйрлэлийн утгыг үнэхээр сайн ойлгосноо батлан харуулцгаая. Яаж? Утгыг нь зүгээр нэг мэдээд зогсохгүй сурснаа ажил хэрэг болгох учиртай. Дараагийн өгүүллээр өөр гурван сургаалт зүйрлэлийг үзэж, юу сурч болохыг ярилцъя.