Христианууд «сүнс ба үнэнээр» шүтдэг
«Бурхан бол Сүнс, түүнийг шүтэгчид сүнс ба үнэнээр шүтэх ёстой» (ИОХАН 4:24, ШЕ).
1. Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?
ЕХОВАГИЙН Хүү Есүс Христ тэнгэрийн Эцэгт нь ямар шүтлэг таалагддагийг тодорхой харуулсан. Сухар хотын орчим нэгэн худгийн дэргэд Есүс самари эмэгтэйд гэрчлэхдээ: «Та нар мэдэхгүй юмаа шүтдэг бол, бид мэддэг юмаа шүтдэг. Учир нь аврал иудейчүүдээс гарна. Гэвч жинхэнэ шүтэгчид сүнс ба үнэнээр Эцгийг шүтэх цаг ирж байна. Тэр нь одоо юм. Учир нь Эцэг өөрийг нь шүтдэг тийм хүмүүсийг эрж байна. Бурхан бол Сүнс, түүнийг шүтэгчид сүнс ба үнэнээр шүтэх ёстой» гэж хэлсэн (Иохан 4:22–24, ШЕ). Энэ үг ямар утгатай вэ?
2. Самаричууд шүтлэгээ юунд үндэслэдэг байсан бэ?
2 Самаричууд хуурамч шашны үзэл сургаал баримталдаг байжээ. Тэд «Самарийн таван ном» гэж нэрлэдэг, өөрсдийнхөө хувилбараар хянан найруулсан Ариун Судрын эхний таван номыг л Бурхны онгод оруулан бичүүлсэн ном гэж үздэг байжээ. Үнэндээ бол самаричууд Бурхныг мэддэггүй байсан. Харин иудейчүүдэд Судрын мэдлэг «даатгагдсан» байлаа (Ром 3:1, 2). Энэ нь тэд болон үнэнч бусад хүнд Еховагийн тааллыг хүлээх боломж байсан гэсэн үг юм. Гэхдээ Бурхны тааллыг олохын тулд тэд юу хийх шаардлагатай байсан бэ?
3. Бурхныг «сүнс ба үнэнээр» шүтэхэд юу шаардлагатай вэ?
3 Дээр үеийн иудей, самари болон бусад үндэстэн Еховагийн тааллыг олохын тулд яах ёстой байсан бэ? Еховаг «сүнс ба үнэнээр шүтэх ёстой» байсан. Өнөөдөр бид ч гэсэн ингэх ёстой. Бурханд үйлчлэхэд идэвх зүтгэлтэй байхын зэрэгцээ хайр хийгээд итгэлээр бялхсан зүрх биднийг хөтлөх учиртай. Харин Бурхныг «сүнсээр» шүтэх нь түүний ариун сүнсийг авч, тэр сүнсээр удирдуулахыг онцгойлон шаарддаг. Бурхны Үгийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд бидний «сүнс» буюу сэтгэлгээний хэв маяг түүнийхтэй адил болох ёстой (1 Коринт 2:8–12). Ехова шүтлэгийг маань таалаасай гэвэл бид «үнэнээр» шүтэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүтлэг маань Бурхан болон санаа зорилгынх нь тухай түүний Үг Библид илэрхийлдэг зүйлтэй тохирох шаардлагатай.
Үнэнийг олж болдог
4. Зарим хүн үнэнийг хэрхэн үздэг вэ?
4 Туйлын үнэнийг хүн төрөлхтөн хэзээ ч олохгүй гэж зарим гүн ухаантан номлодог. Шведийн зохиолч Альф Алберг: «Гүн ухааны зарим асуулт анхнаасаа тодорхой хариулахын аргагүй байдаг» гэж бичжээ. Үнэхээр зарим хүний ярьдгаар үнэн зөвхөн харьцангуй байдаг гэж үү? Есүс Христийн хэлснийг үзвэл тийм биш ажээ.
5. Есүс юуны учир ертөнцөд ирсэн бэ?
5 Дараах явдлыг нүдээрээ үзлээ гээд төсөөлье. МЭ 33 оны эхээр Есүс Ромын амбан захирагч Понти Пилатын өмнө зогсоод түүнд: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлэхэд Пилат: «Үнэн гэж юу вэ?» гэж асуусан хэрнээ Есүсийн хариулахыг хүлээсэнгүй (Иохан 18:36–38).
6. а) «Үнэн»-ийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ? б) Есүс дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ?
6 Үнэн бол «бодит байдлын... үнэн зөв тусгал мөн» гэж тодорхойлжээ («Философийн толь», Улаанбаатар, 1990 он). Тэгвэл Есүс үнэнийг ерөнхий байдлаар л гэрчилж байсан уу? Үгүй ээ, тэрээр тодорхой үнэний тухай хэлсэн юм. Тэгээд дагалдагчдадаа тэрхүү үнэнийг тунхаглахыг тушаан: «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж хэлжээ (Матай 28:19, 20). Энэхүү эд юмсын тогтолцооны төгсгөлөөс өмнө Есүсийн жинхэнэ дагалдагчид «сайн мэдээний үнэнийг» дэлхий дахинд тунхаглах ёстой ажээ (Матай 24:3, ШЕ; Галат 2:14). Энэ нь Есүсийн хэлсэн: «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэсэн үгийн биелэл юм (Матай 24:14). Иймээс чухам хэн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэн, бүх үндэстэнд үнэнийг зааж байгааг таних нь амин чухал.
Үнэнийг хэрхэн мэдэх нь
7. Ехова үнэний Эх булаг гэдгийг та яаж батлах вэ?
7 Ехова бол сүнслэг үнэний Эх булаг билээ. Дуулалч Давид Еховаг «үнэний Бурхан» гэж нэрлэжээ (Дуулал 31:5; 43:3). Есүс ч Эцгийнхээ үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрөөд, «„Тэд бүгд Бурхнаар сургагдах болно“ гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг» хэмээсэн (Иохан 6:45; 17:17; Исаиа 54:13). Тэгэхээр үнэнийг хайдаг хүнийг Багш Ехова сургадаг нь илэрхий байна (Исаиа 30:20, 21). Үнэнийг хайдаг хүн «Бурхны [тухай] мэдлэгийг олж авах» хэрэгтэй (Сургаалт үгс 2:5). Тэгээд ч Ехова хайрын сэтгэлээр үнэнийг олон янзын аргаар заадаг буюу дамжуулдаг.
8. Бурхан ямар ямар аргаар үнэнийг заасан буюу дамжуулсан бэ?
8 Жишээлбэл: Бурхан израильчуудад тэнгэр элчүүдээр дамжуулан Хууль өгсөн (Галат 3:19). Патриарх Абрахам Иаков нарын зүүдэнд Бурхан ивээхээ амласан. Есүсийг баптисм хүртэхэд Бурхан өөрөө тэнгэрээс: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж сэтгэл хөдөлгөм үг хэлэхийг хүмүүс сонссон (Матай 3:17). Түүнээс гадна Бурхан хүмүүст онгод оруулж Библийг бичүүлэн үнэнийг дамжуулсанд бид талархах учиртай (2 Тимот 3:16, 17). Бурхны Үгийг судалбал «үнэнд итгэх» болно (2 Тесалоник 2:13, ШЕ).
Үнэн ба Бурхны Хүү
9. Бурхан үнэнийг илчлэхийн тулд Хүүгээ хэрхэн ашигласан бэ?
9 Бурхан хүн төрөлхтөнд үнэнийг илчлэхийн тулд Хүү Есүс Христээ илүүтэй ашиглажээ (Еврей 1:1–3). Чухамдаа бол Есүс үнэнийг өөр хэний ч ярьж байгаагүйгээр ярьсан юм (Иохан 7:46). Тэрээр тэнгэрт одсоноосоо хойш ч үнэнийг илчилсээр байсан. Тухайлбал: Элч Иохан «удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурхны Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлтийг» хүлээн авсан (Илчлэлт 1:1–3).
10, 11. а) Есүсийн гэрчилж байсан үнэн юутай холбоотой байсан бэ? б) Есүс үнэнийг хэрхэн бодит байдал болгосон бэ?
10 Есүс үнэнийг гэрчлэхийн тулд ертөнцөд ирснээ Понти Пилатад хэлсэн. Энэхүү үнэн нь Христ Хаантай Бурхны Хаанчлалын тусламжтайгаар Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхтэй холбоотойг Есүс үйлчлэх үедээ илчилсэн. Гэхдээ Есүс үнэнийг гэрчлэх ажлаа дэлгэрүүлэх болон заах төдийгөөр хязгаарлаагүй юм. Тэрээр үнэнийг бодит байдал болгож байсан. Үүнтэй уялдуулан элч Паул: «Та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм [«бодит байдал нь Христэд хамаатай», ШЕ]» хэмээн бичжээ (Колоссай 2:16, 17).
11 Үнэн, бодит байдал болсон нэг явдал гэвэл Есүсийн Бетлехемд төрөх тухай зөгнөл биелсэн хэрэг байлаа (Мика 5:2; Лук 2:4–11). Түүнчлэн Мессиа 69 «долоон хоногийн» дараа бий болох тухай Даниелийн зөгнөл биелэхэд энэ үнэн, бодит байдал болсон. Энэ үйл явдал МЭ 29 онд Есүс баптисм хүртэн ариун сүнсээр тослогдоход буюу яг урьдаас зөгнөсөн цагт биелсэн (Даниел 9:25; Лук 3:1, 21, 22). Есүс Хаанчлалыг тунхаглан олон түмнийг гэгээрүүлэх үйлчлэлээ явуулахад үнэн бас бодит байдал болсон (Исаиа 9:1, 2, 6, 7; 61:1, 2; Матай 4:13–17; Лук 4:18–21). Есүс үхэж, дахин амилснаар үнэн бас л бодит байдал болсон (Дуулал 16:8–11; Исаиа 53:5, 8, 11, 12; Матай 20:28; Иохан 1:29; Үйлс 2:25–31).
12. Ямар учраас Есүс: «Би бол... үнэн мөн» гэж хэлэх эрхтэй вэ?
12 Нэгэнт үнэн Есүс Христ дээр төвлөрдөг болохоор тэрээр: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлэх эрхтэй байлаа (Иохан 14:6). Хүмүүс Бурхны санаа зорилгод Есүсийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, «үнэний хүн» болбол сүнслэгээр чөлөөлөгддөг (Иохан 8:32–36; 18:37). Хонь шиг хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч, Христийг итгэлээр дагадаг учраас мөнхийн амь авна (Иохан 10:24–28).
13. Библийн үнэнийг ямар гурван зүйлтэй холбон авч үзэх вэ?
13 Есүс болон түүний шавь нарын Бурхны онгодоор хөтлүүлэн илэрхийлсэн үнэн бол жинхэнэ христиан итгэл үнэмшлийн үндэс юм. Тийм учраас «итгэлд дуулгавартай» хүмүүс «үнэн дотор явдаг» (Үйлс 6:7; 3 Иохан 3, 4). Тэгвэл өнөөдөр хэн «үнэн дотор явдаг» вэ? Чухам хэн бүх үндэстэнд үнэнийг заадаг вэ? Эдгээр асуултын дагуу эртний христиануудын тухай авч үзэхийн зэрэгцээ 1) итгэл үнэмшил, 2) шүтлэгийн хэв маяг, 3) биеэ хэрхэн авч явах тухай Библийн үнэнийг нягтлан судалъя.
Үнэн ба итгэл үнэмшил
14, 15. Эртний христианууд Библид хэрхэн ханддаг байсан бэ? Еховагийн Гэрчүүдийн тухайд юу хэлж болох вэ?
14 Эртний христианууд Еховагийн Үгийг өндөр үнэлдэг байлаа (Иохан 17:17). Тэдний хувьд Бурхны Үг итгэл үнэмшил болон үйл ажиллагааных нь үндэс болдог байв. ІІ—ІІІ зуунд амьдарч байсан Александрийн Климент: «Онцсайн чанарт хүрэхийн төлөө тэмүүлж буй хүмүүс итгэж үнэмшдэг зүйлийнхээ нотолгоог Ариун Судраас олохоос нааш судлахаа больдоггүй» гэж хэлжээ.
15 Эртний христиануудын адилаар Еховагийн Гэрчүүд Библийг өндөр үнэлдэг. Тэд «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад... тустай» гэж итгэдэг (2 Тимот 3:16). Еховагийн өнөөгийн үйлчлэгчид Библийг гол сурах бичгээ болгон судлаад эртний христиануудын итгэл үнэмшлийн тухай юу олж мэдсэнээс заримыг нь авч үзье.
Үхсэн хүний байдлын тухай үнэн
16. Үхсэн хүний байдлын тухай үнэн юу вэ?
16 Анхны христианууд Библид бичигдсэн зүйлд итгэдэг байсан учраас үхсэн хүн ямар байдалд байдаг тухай үнэнийг заадаг байжээ. Бурхан хүнийг бүтээхдээ үхэшгүй мөнхийн сүнс өгөөгүй гэдгийг тэд мэддэг байв (Эхлэл 2:7). Хүнийг үхсэний дараа биеэс нь гараад үргэлжлэн амьдардаг юу ч байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан ажээ. Тэрчлэн «үхдэлүүд юу ч мэддэггүй» гэдгийг эртний христианууд мэддэг байлаа (Номлогчийн үгс 9:5, 10).
17. Үхсэн хүнд ямар найдвар байдгийг хэрхэн тайлбарлах вэ?
17 Нөгөө талаас Есүсийн эртний шавь нар Бурхны ойнд байдаг үхсэн хүн дахин амилна гэж бат найддаг байжээ. Ийн найддаг байсныг Паул: «Зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би... Бурханд найддаг» гэж бичин тодорхой илэрхийлжээ (Үйлс 24:15, МБОХ, 1996). Үүнээс хойно, өөрийгөө христиан гэж үздэг байсан Минуци Феликс: «Хүн анхнаасаа Бурхнаас бүтээгдсэн атал Бурхан хүнийг дахиад бүтээж чадахгүй гэж хэлж зориглох тийм мунхаг хүн байна гэж үү?» хэмээн бичжээ. Анхны христиануудын адилаар Еховагийн Гэрчүүд үхсэн хүн ямар байдалд байдаг тухай болон дахин амилах тухай Библид бичсэн үнэнд итгэдэг. Одоо Бурхан болоод Христ гэж чухам хэн болохыг хэлэлцье.
Үнэн ба Гурвал
18, 19. Гурвал бол Библийн сургаал биш гэж яагаад хэлж болох вэ?
18 Эртний христианууд Бурхан, Христ, ариун сүнс гурваас бүрддэг Гурвал гэдэг сургаалд итгэдэггүй байсан. Нэгэн алдартай нэвтэрхий тольд: «„Гурвал“ гэдэг үг ч, энэ тухай тодорхой өгүүлсэн сургаал ч Шинэ Гэрээнд байдаггүй. Есүс болон түүний дагалдагчид Хуучин Гэрээнд байдаг „Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц“ гэдэг Шемаг [Еврей хэлээрх залбирлыг] үгүйсгээгүй юм (Дэд хууль 6:4)» гэж тэмдэглэжээ («The Encyclopædia Britannica»). Христианууд ромчуудын шүтдэг байсан гурвалыг ч, өөр бусад бурхныг ч шүтдэггүй байсан. Ганцхан Еховаг шүтэх ёстой гэсэн Есүсийн үгийг тэд зөвшөөрдөг байсан (Матай 4:10). Түүнээс гадна, тэд Есүсийн: «Эцэг Надаас илүү агуу юм» гэж хэлсэнд итгэдэг байсан (Иохан 14:28). Өнөөдөр Еховагийн Гэрчүүд ч гэсэн адилхан үзэл санаа баримталдаг.
19 Есүсийн эртний дагалдагчид Бурхан, Христ, ариун сүнс хоорондоо эрс ялгаатайг ойлгодог байлаа. Чухамдаа тэд шинэ шавь нарт баптисм хүртээхдээ Гурвалын нэрээр биш, харин Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр хүртээдэг байсан. Еховагийн Гэрчүүд ч бас Библийн үнэнийг заадаг болохоор Бурхан, түүний Хүү, ариун сүнс гурвыг салгаж үздэг (Матай 28:19).
Үнэн ба баптисм
20. Баптисм хүртэх хүн юу юу мэдэх хэрэгтэй вэ?
20 Есүс хүмүүст үнэнийг заан шавь бэлтгэхийг дагалдагчдадаа тушаасан билээ. Хүн баптисм хүртэхийн тулд Библийн үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь: Эцгийн болон Хүү Есүс Христийнх нь эрх мэдэл, байр суурийг хүлээн зөвшөөрөх ёстой (Иохан 3:16). Мөн баптисм хүртэх хүн ариун сүнс бол Бурхан биш, харин Бурхны үйлдэх хүч гэдгийг ойлгох хэрэгтэй (Эхлэл 1:2).
21, 22. Итгэгч хүн л баптисм хүртэх эрхтэй гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?
21 Эртний христианууд мэдлэгтэй болж, үүнийхээ үндсэн дээр нүглээ гэмшээд, хүсэл тааллыг нь биелүүлэхээр чин сэтгэлээсээ Бурханд өөрийгөө зориулсан хүмүүст л баптисм хүртээдэг байсан. МЭ 33 оны Пентекостын өдрөөр Иерусалимд цуглаад байсан иудейчүүд болон прозелитууд Еврей Судрыг мэддэг байсан. Тэгээд элч Петрийн Есүсийг Мессиа мөн хэмээн ярихыг сонсоод 3 000 орчим хүн «түүний үгийг зүрх сэтгэлээсээ хүлээн авч», «баптисм хүртэцгээв» (Үйлс 2:41, ШЕ; 3:19–4:4; 10:34–38).
22 Итгэгч хүн л баптисм хүртэж болно. Самари хотын хүмүүс үнэнийг хүлээн авч, «Бурхны Хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүн баптисм хүртэцгээж байлаа» (Үйлс 8:12). Этиопын тайган амбан Еховагийн тухай мэддэг чин шүтлэгтэй прозелит байсан бөгөөд Мессиад хамаатай зөгнөл биелснийг Филипийн тайлбараас хүлээн зөвшөөрөөд, дараа нь баптисм хүртсэн билээ (Үйлс 8:33–36). Хожим нь Петр, Корнел болон иудей биш бусад хүмүүст «[Бурхнаас] эмээгч, зөвийг үйлдэгч... хүн Түүнд таалагддаг» хийгээд Есүс Христэд итгэсэн хэн боловч нүглийн уучлалыг хүлээн авдгийг хэлсэн (Үйлс 10:35, 43; 11:18). Энэ бүхэн Есүсийн, «тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заан, дагалдагч болгогтун» хэмээн тушаасантай нь тохирдог юм (Матай 28:19, 20; Үйлс 1:8). Еховагийн Гэрчүүд ч гэсэн адилхан хэм хэмжээг баримтлан, Библийн үндсэн мэдлэгтэй болж, Бурханд өөрийгөө зориулсан хүмүүст баптисм хүртээдэг.
23, 24. Христиан ёсоор яаж баптисм хүртэх нь зөв бэ?
23 Итгэгч хүн бүх биеэрээ усанд шумбан баптисм хүртэх нь зүйтэй юм. Есүс Иордан голд баптисм хүртээд «уснаас гарч ирсэн» (Марк 1:10). Этиопын тайган амбан «их усанд» (ШЕ) баптисм хүртсэн. Филип тэр хоёр «ус уруу орж» дараа нь «уснаас гарч ирэв» (Үйлс 8:36–40). Баптисм хүртэж байгаа хүнийг бэлэгдлийн утгаар оршуулдаг гэж Библид тайлбарладаг нь бүх биеэрээ усанд шумбадаг гэдгийг давхар баталдаг (Ром 6:4–6; Колоссай 2:12).
24 Нэгэн номд: «Шинэ Гэрээнд баптисм хэрхэн хүртээж байсныг бичсэнээс үзвэл усанд шумбадаг байжээ» гэж бичжээ («The Oxford Companion to the Bible»). Франц хэлээр туурвисан нэг бүтээлд: «Анхны христианууд ус байсан газар болгонд усанд шумбан баптисм хүртдэг байжээ» хэмээн тэмдэглэжээ («Larousse du XXe Siècle», Парис, 1928). «Есүсийн дараах үе ба христ шашны ялалт» гэдэг номд: «Баптисм хүртэх нь хамгийн өргөн утгаараа баптисм хүртэж буй хүн итгэл үнэмшилтэй болж, дараа нь Есүсийн нэрээр, усанд бүх биеэрээ шумбах шаардлагатай байлаа» хэмээн бичжээ («After Jesus — The Triumph of Christianity»).
25. Дараах өгүүллээр юун тухай хэлэлцэх вэ?
25 Анхны христиануудын Библид үндэслэсэн итгэл үнэмшил, үйл ажиллагааных нь тухай дээр дурдсан бүхэн зөвхөн жишээ юм. Тэдний итгэл үнэмшлийн хооронд адил төстэй зүйл бас бий. Дараах өгүүллээр чухам хэн үнэнийг заадгийг таних өөр шинжийн тухай хэлэлцье.
Та хэрхэн хариулах вэ?
• Бурхан ямар шүтлэг шаарддаг вэ?
• Есүс Христээр дамжин үнэн хэрхэн бодит байдал болсон бэ?
• Үхсэн хүн ямар байдалд байдаг болон үхлийн тухай ямар үнэн байдаг вэ?
• Христиан ёсоор баптисм хэрхэн хүртээдэг вэ? Баптисм хүртэх хүнд ямар ямар шаардлага тавигддаг вэ?