Үнэн зүрхнээсээ уучил
«Хэрэв та нарын хэн нь ч үнэн зүрхнээсээ ах дүүсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно» (МАТАЙ 18:35).
1, 2. а) Муу нэртэй эмэгтэй Есүст талархсанаа хэрхэн илэрхийлсэн бэ? б) Есүс Симоонд хандаж ямар санаа илэрхийлсэн бэ?
ИТГЭГЧ хүний гэрт тэр эмэгтэйг хэн ч харахыг хүсдэггүй нь онцгой янхан байсныг харуулж байна. Хэрэв энэ эмэгтэй өөрөө харагдаж, зарим хүний гайхлыг төрүүлбэл, жигшим үйл хийж байна гэж үзэж болох байв. Тэр эмэгтэй дээд зэргийн өндөр ёс суртахуунтай хүн дээр очоод хөлийг нь нулимсаараа угааж, үсээрээ арчин түүний үйлсэд талархсанаа илэрхийлсэн.
2 Энэ хүн нь Есүс Христ бөгөөд «нүгэл үйлддэгээрээ зартай» эмэгтэйгээс нүүр буруулаагүй юм. Гэтэл, гэрт нь орж ирсэн тэр эмэгтэйг хараад Симоон нэрт фарисай хүн сандран тэвдэж байлаа. Үүнийг харсан Есүс өр зээлдүүлэгчид өртэй хоёр эрийн тухай ярив. Нэг нь их хэмжээний өртэй, түүнийгээ хоёр жил ажиллаж байж төлөх хэрэгтэй. Нөгөөгийнх нь өр арав дахин бага бөгөөд гурав хүрэхгүй сар ажиллаад л өрөө барагдуулчих байв. Тэдний аль аль нь өрөө төлж чадахгүй болохоор өр зээлдүүлэгч «тэднийг өрнөөс хэлтрүүлжээ». Их өр нь уучлагдсан хүн хариуд нь хайраа илэрхийлэх үндэстэй байсан нь тодорхой. Есүс эмэгтэйн сайн үйлсийг дурдан, «Багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг» гэсэн зарчмыг хэлсэн. Тэгээд эмэгтэйд: «Нүгэл чинь уучлагдсан» гэв (Лүүк 7:36–48).
3. Бид өөрсөдтэйгөө холбоотой ямар зүйлийн талаар эргэцүүлэх хэрэгтэй вэ?
3 Намайг тэр эмэгтэйн оронд юм уу, тиймэрхүү байдалд байх үед өршөөл энэрэл үзүүлсэн бол бусдыг уучлахыг хүсэхгүй, зөрж зүтгэх байсан уу? гэж өөрөөсөө асууж үзээрэй. «Мэдээж, үгүй» гэж хариулах байх. Гэлээ ч гэсэн уучлахад амархан гэдэгт та итгэлтэй байна уу? Энэ таны зан уу? Та уучлахад ямагт бэлэн байдаг уу? Хүмүүс таныг өршөөхөд бэлэн уужим сэтгэлтэй гэж дүгнэж байсан уу? Бид ямар учраас эдгээр асуултад илэн далангүй, шүүмжлэлтэй хандах хэрэгтэй вэ гэдгийг авч хэлэлцье.
Бидэнд өршөөл хэрэгтэй ба бид түүнийг хүртдэг
4. Бид ямар баримтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй вэ?
4 Бид төгс бус, үүнийгээ ч маш сайн ойлгодог. Юуны түрүүнд та 1 Иохан 1:8-ын «Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа хэрэг болох бөгөөд үнэн нь бидний дотор байхгүй байна» гэсэн үгийг санан төгс бус гэдгээ зөвшөөрөх биз ээ (Ром 3:23; 5:12). Зарим хүний нүгэл нь бүгдэд илэрхий, жигшүүрт гэмт үйлдлээр илэрч болно. Гэхдээ танд тийм зүйл байхгүй байлаа ч гэсэн Бурхны хэм хэмжээг зөрчсөн, өөрөөр хэлбэл нүгэл үйлдсэн тохиолдол цөөнгүй байгаа нь дамжиггүй. Тийм биш гэж үү?
5. Бид Бурханд юуны тулд талархах ёстой вэ?
5 Тиймд элч Паулын: «Та нар ийнхүү махан биеийн огтлох ёслолгүйгээр гэм нүглээрээ үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй [Есүстэй] хамт амь оруулсан билээ» гэж хэлсэн танд ч хамаатай нь бүрэн ойлгомжтой (Колоссай 2:13; Эфэс 2:1–3). «Бидний бүх гэм нүглийг уучлаад» гэсэн үгийг анхаарна уу. Энэ нь дотроо ихийг багтаадаг. Бид бүгдэд «Эзэн Та Өөрийн нэрийг бодож, миний гэм нүгэл их боловч намайг уучлаач» хэмээн Давидын адилаар Бурханд хандан гуйж хүсэх үндэс хангалттай бий (Дуулал 25:11).
6. Еховагийн талаар, уучлалын талаар ярилцаж байх үед юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?
6 Та болоод бидний хэн нэг нь хэрхэн өршөөл хүртэж болох вэ? Ехова өршөөхөд бэлэн байдагт үүний нууц нь байгаа юм. Энэ бол түүний хувийн чанар билээ (Египетээс гарсан нь 34:6, 7; Дуулал 86:5). Бурхан биднийг өөрт нь хандан залбирч, уучлал гуйгаасай гэж хүсэн хүлээж байдаг нь ойлгомжтой (Судрын дэд 6:21; Дуулал 102:3, 10, 14). Түүнчлэн, тэрбээр уучлах хууль ёсны үндэс болох Есүсийн золиосын талаар санаа тавьсан (1 Пэтр 1:18, 19; 1 Иохан 4:9, 14; Ром 3:24).
7. Еховагийн юуг дуурайх хэрэгтэй вэ?
7 Бурхны уучлахад бэлэн байгааг харахдаа бид бусад хүмүүст хэрхэн хандах жишээ авах ёстой. Паул үүнд анхаарал хандуулан: «Нэг нэгэндээ уян зөөлөн сэтгэлээр хандан өршөөж, Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлагтун» гэж хэлсэн (Эфэс 4:32). Биднийг Бурхнаас суралцах хэрэгтэй гэдгийг Паул лавтай мэдэж байсан. Учир нь: «Тиймээс онцгой хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дуурайгчид болцгоо» гэж хэлсэн үгээс нь энэ санаа харагддаг (Эфэс 5:1). Ямар холбоо байгааг харж байна уу? Ехова Бурхан таныг нэгэнт уучилсан бол түүнийг дуурайж, бусдыг уучлах өрөвч нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн Паулын зөвлөгөө зөв юм. Гэхдээ, би тэгдэг бил үү? Хэрэв энэ нь надад амаргүй байгаа бол уучилж сурахын тулд Бурхныг дуурайхыг жинхэнэ ёсоор хичээн ажиллаж байна уу? гэж өөрөөсөө асуугаарай.
Уучлах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй
8. Хурлынхаа хүмүүсийн тухайд ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?
8 Хэрэв христосын шашны хуралд уучилбал зохих тохиолдлууд цөөхөн гардаг байсан бол тун ч сайн байх сан. Гэвч, амьдрал дээр бүх юм өөр байдаг. Манай ах эгч нар Есүсийн үзүүлсэн хайрын жишээг дагахыг хичээдэг нь мэдээжийн хэрэг (Иохан 13:35; 15:12, 13; Галат 6:2). Тэд энэхүү ёс бус дэлхийн шинж бүхий зан байдал, яриа хөөрөө, бодол санаагаа орхихын тулд аль эртнээс ажиллаж, ажлаа үргэлжлүүлсээр байна. Тэд хувийн зан чанараа шинэчлэхийг үнэхээр их хүсдэг (Колоссай 3:9, 10). Гэвч, бүх дэлхий даяар хурал болгон төгс бус хүмүүсээс бүрддэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Ерөнхийд нь харах юм бол ах эгч нар урьдахаасаа сайжирдаг нь тодорхой авч урьдын адил төгс бус хэвээрээ үлддэг.
9, 10. Ах эгч нарын хооронд асуудал бий болбол бид яагаад гайхах ёсгүй вэ?
9 Бурхан бидэнд хурлын ах эгч нарын дундаас төгс бус байдал гарахыг харах болно гэдгийг хоёрдмол утгагүйгээр Библиэрээ урьдчилан сануулсан байдаг. Колоссай 3:13-т: «Харилцан хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] яаж уучилсны адил та нар бас уучил» гэж бичсэн Паулын үгийг жишээ болгон авъя.
10 Бурхан биднийг өршөөсөн хийгээд бидний зүгээс бусдыг уучлахад бэлэн байх зайлшгүй шаардлага, хариуцлага хоёрын холбоог Библи энд сануулж буйг ажигла. Үүнд яагаад хүч гаргах шаардлагатай вэ? Яагаад гэвэл Паулын ажигласанчлан, хэн нэгэнд бусдынхаа эсрэг «гомдол байж» болох юм. Тийм шалтгаан байх болно гэдгийг тэр ойлгосон байна. Тэдгээр шалтгаан нь «тэнгэрт бэлдсэн найдлага» бүхий «ариун хүмүүс»-ийн дунд ч байсан байх учиртай (Колоссай 1:2, 5). Жинхэнэ христосын шашинтнуудын ихэнх нь «Бурхны сонгосон хийгээд хайрласан ариун хүмүүс» мөн гэсэн сүнсний гэрчлэлгүй болохоор бид өөр ямар нэг юм хүсэн хүлээж болох уу? (Колоссай 3:12). Тиймээс манай хуралд үнэхээр үнэн хийгээд ургуулан бодсон буруу хэргүүдээс үүссэн гомдлын шалтгаан байдаг бол айхтар буруу юм болж байна гэсэн дүгнэлтийг бид хийх ёсгүй.
11. Дагалдагч Иакоов бидэнд юуг урьдчилан сануулсан бэ?
11 Түүнчлэн ах дүүгээ уучилбал зохих нөхцөл байдалтай хааяа ч бол тулгарахад бэлэн байх ёстой гэдгийг: «Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь даруу байдал ба мэргэн дотор үйлээ сайн явдлаар үзүүлэг. Харин хэрэв та нарын зүрхэнд хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилго байгаа бол бүү бардамна, бас үнэний эсрэг худал бүү ярь» хэмээн Есүсийн дүү Иакоовын хэлсэн үг харуулсан (Иакоов 3:13, 14). Жинхэнэ христосын шашинтнуудад «хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилго» бий юү? Тийм ээ, 1-р зууны үеийн хурлын христосын шашинтнуудад тийм сэтгэгдэл байсан ба өнөөдөр ч бас байх болно гэдгийг Иакоовын хэлсэн үг тодорхой харуулдаг.
12. Филиппойн хуралд ямар асуудал бий болсон бэ?
12 Паултай хамт зүтгэн сайн нэр хүндтэй болсон, ариун сүнсээр тослогдсон христосын шашинтан хоёр эмэгтэйд тийм явдал тохиолдсон юм. Филиппойн хуралд үйлчилж асан Юодиа Сүнтүүхээ хоёрын талаар та уншсан байх аа. Филиппой 4:2, 3-т нарийн ширийн зүйлийг дэлгэрэнгүй бичээгүй ч тэдний хооронд ямар нэг зөрөлдөөн байсан нь илэрхий. Энэхүү зөрөлдөөн нь бодлогогүй хэлсэн, эрс огцом сануулгаас, хамаатан садныг нь доромжилсон гэж үзсэн хэрэг явдлаас, эсвэл атаа жөтөө болон өрсөлдөөнөөс эхэлсэн юм болов уу? Учир шалтгаан ямар ч байлаа гэсэн зөрөлдөөн бүр Ромд байсан Паулд хүртэл дуулдахаар хурцаджээ. Энэ хоёр эгчийн хооронд чимээгүйн хана босож, үүнээс болоод хурлын цуглаанууд дээр бие биеэсээ дөлөх ч юм уу эсвэл найз нөхөдтэйгөө ярилцахдаа бие биеэ эрс шүүмжлэх болсон ч байж мэднэ.
13. Юодиа Сүнтүүхээ хоёр яаж чадсан бэ? Энэ нь биднийг ямар зүйлд сургаж байна вэ?
13 Хуралд тань юм уу эсвэл өөрт тань тиймэрхүү зүйл тохиолдож байсан уу? Магадгүй, ийм асуудал одоо ч байж болох юм. Тийм тохиолдолд яах вэ? Паул энэ хоёр эгчийг «Эзэн дотор санаа нэгтэй байхыг» уриалсан. Тэд Еховагийн уучлахад бэлэн байдгийг нь дуурайн хоорондоо ярилцаж, үл ойлголцлынхоо учрыг олж, харилцан бие биеэ уучилсан байж мэднэ. Юодиа Сүнтүүхээ хоёр ингэж чадсан юм чинь бид ч бас чадна гэдэгт эргэлзэх шалтгаан алга. Уучлахад бэлэн байх нь өнөөдөр ч гэсэн сайн үр дүн авчирч болно.
Эвлэрэхийн тулд уучлагтун
14. Хувийн зөрчилдөөнд анхаарахгүй байх нь чмар учраас хамгийн ухаалаг хэрэг вэ?
14 Итгэл нэгт христосын шашинтнуудтай холбоотой бэрхшээл үүсвэл уучлахын тулд яах хэрэгтэй вэ? Үнэнийг хэлэхэд үүнийг шийдэх хосгүй төгс арга байхгүй ч Библид олон сайн тустай жишээ зөвлөгөө байдаг. Гол зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлэхэд хэцүү. Энэ бол хүлцэнгүй хандаж, болсон явдлыг ердөө л мартана гэсэн үг юм. Юодиа Сүнтүүхээ хоёрт тохиолдсон шиг явдал гарах болгонд аль аль тал нь эсрэг талаа илүү их буруутай гэж үздэг. Тиймэрхүү нөхцөлд та ч гэсэн христосын шашинтан нөгөө хүн илүү их буруутай, гарз хохирол учруулсан гэж үздэг байж болох юм. Гэсэн ч энэ бүхнийг үл харгалзан та түүнийг уучилж, гомдсон сэтгэлээ мартаж чадах уу? Христосын шашинтан нөгөө хүн илүү их буруутай эсвэл бүр бүх бурууг (үнэмшил багатай) хүлээх ёстой байлаа ч гэсэн түүнийг уучилж, энэ бүх хэрэг явдлыг төгсгөл болгосноор л та хамгийн сайнаар шийдэж болох юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
15, 16. а) Мика Еховагийн талаар юу хэлсэн бэ? б) Бурхан «гэм буруугийн хажуугаар өнгөрдөг» гэдэг үгс ямар утгатай вэ?
15 Хэрхэн яаж уучлах вэ гэдэг дээр Бурхан бидэнд үлгэр дуурайлал болдгийг санаж явцгаая (Эфэс 4:32–5:1). Бурхан бидний алдаанд хэрхэн хүлцэнгүй ханддагийг зөнч Мика ийн бичжээ: «Өвийг тань өвлөх үлдэгдлийн гэм буруугийн хажуугаар өнгөрч, алдаа зөрчлийг уучилдаг Бурхан та хэн бэ? Тэрээр мөнхөд уурлан хилэгнэхгүй. Учир нь тэр хайрын сайхан сэтгэлдээ жаргалтай байдаг» (Мика 7:18, ШЕ).
16 Библид Еховаг «гэм буруугийн хажуугаар өнгөрдөг» гэж бичсэн нь тэрбээр алдааг санаж чадахааргүй ой ухааны согогтой гэсэн үг биш ээ. Ноцтой гэм бурууг үйлдсэн Самсон болон Давидын жишээг санацгаая. Бурхан тэдний гэм нүглийг удаан хугацаагаар санаж байсан бөгөөд заримыг нь бид хүртэл мэддэгийн учир гэвэл тэдний үйлдсэн хэргийн тухай Библид бичихийг Ехова тушаасан билээ. Гэсэн ч уучлах дуртай Бурхан маань энэ хоёр хүний итгэлийг бидэнд үлгэр дуурайл болгосноороо тэднийг өршөөсөн юм (Еврей 11:32; 12:1).
17. а) Хүмүүс биднийг гомдооход, алдаа гаргахад анхаарахгүй байхад маань ямар хандлага тус болох вэ? б) Хэрэв бид тэгж хандахыг хичээвэл Еховаг юугаар нь дуурайна гэсэн үг вэ? (Одоор онцолсон зүйлийг харна уу.)
17 Тийм ээ, Ехова, Давидын нэг бус удаа гуйсан буруу хэргүүдийн «хажуугаар өнгөрч»a чадсан юм (2 Самуел 12:13; 24:10). Бурхны бусад үйлчлэгчид төгс бус байдлаараа биднийг үл тоомсорлох ба гомдооход үүнийг анхаарахгүйгээр орхих Бурхны бэлэн байдлыг бид дуурайж чадах уу? Юу юугүй нисэх гээд хурдаа нэмж буй тийрэлтэт онгоцонд сууж байна гээд өөрийгөө төсөөлөөд үз дээ. Та онгоцны гэгээвчээр харж байгаад нислэгийн зурваст танил эмэгтэй чинь яг л бяцхан хүүхэд шиг ярвайн хэлээ гарган зогсохыг олж харлаа. Тэрээр ямар нэг юманд сэтгэл ханамжгүй байгаа юм уу, эсвэл танд гомдсон ч байж болох юм. Тэрээр ярвайн урвайж зогсохдоо тань уруу хандаагүй ч байж болох шүү дээ. Ямар ч байлаа гэсэн онгоц газраас хөөрч таныг өндөрт гаргахад тэр эмэгтэй жижигхэн хар цэг л юм шиг харагдана. Цагийн дараа гэхэд та түүнээс олон зуун бээрээр холдож, доромжлон ярвайж байсан нь тэртээд өнгөрөн одох болно? Хэрэв бид Еховаг дуурайхыг хичээн, гомдол гунигийн «хажуугаар өнгөрч», ухаантай байвал олон тохиолдолд уучлахад амар байх болно (Сургаалт үгс 19:11). Арван жилийн дараа ч юм уу, эсвэл Мянган жилийн захиргааны хоёр зуун жилийн дараа ч юм уу гомдол нь өчүүхэн төдий зүйл шиг санагдахгүй гэж үү? Магадгүй, үүнд анхаарал хандуулах шаардлагагүй болж ч болох юм бил үү?
18. Хэрэв биднийг гомдоосон хүнийг уучилж чадахгүй бол ямар зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ?
18 Гэсэн ч заримдаа уучлахыг хичээж, Еховад залбирч гуйсан боловч уучилж чадахгүйгээ мэдрэх тохиолдол гарч болох юм. Тэгвэл яах вэ? Есүс, сөргөлдөж байгаа хүн дээрээ очин, хоёулаа уулзан гарсан зөрөлдөөнийг үгүй хийж, эвлэрэхийг уриалсан. «Хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөхөөсөө өмнө чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод яв. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» (Матай 5:23, 24).
19. Ах дүүтэйгээ эв нэгдэлтэй байхыг хүсвэл ямар байдлаас зайлсхийж, ямар хандлагыг эрхэмлэх хэрэгтэй вэ?
19 Ах дүү дээрээ очихдоо өөрийнхөө зөвийг, түүний буруутайг батлах гэж яваарай хэмээн Есүс уриалаагүйг тэмдэглүүштэй. Магадгүй түүний буруу ч байж болох юм. Ер нь хэн хэн нь ямар нэг хэмжээгээр буруутай. Ямар ч тохиолдолд хүнийг гутаан доромжлох, албан хүчээр буулт хийлгэх гэсэн зорилго байж болохгүй. Иймэрхүү оролдлого нь хэзээ ч амжилтад хүргэдэггүй. Биднийг үнэхээр гомдоосон эсвэл өөрсдөө хэтрүүлэн бодоод гомдсон шалтгааныг нэг бүрчлэн олох гэж хичээх шаардлагагүй. Христосын шашинтны хайрын үүднээс тайван тогтуун ярилцахад маргаантай асуудлын шалтгаан болсон үл ойлголцох байдлын учир тайлагдаж, та хоёр бурхшээлийг үгүй болгож чадна. Ярилцаад ч туйлын зөвшилд хүрэхгүй бол заавал хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй юу? Та хоёр хоёулаа өршөөхөд бэлэн Бурхандаа үйлчлэхийг чин зүрхнээсээ хүсдэг гэдэгтэй санал нийлэх нь хамгийн зөв биш гэж үү? Та нар үүнийг ухааран ойлговол «Төгс бус байдлаас маань болоод зөрөлдөөн гарсанд би харамсаж байна. Энэ талаар мартъя» гэж чин сэтгэлээсээ хэлэхэд тань амар байна.
20. Элч нарын жишээнээс бид юунд суралцаж болох вэ?
20 Зарим нь нэр алдрын хойноос хөөцөлдснөөс болоод элч нарын дунд маргаан үүссэнийг санаж байна уу? (Марк 10:35–39; Лүүк 9:46; 22:24–26). Энэ нь тэдний харьцааг төвөгтэй болгож, хэн нэгний сэтгэлийг хөндөж, бүр гомдоосон ч байж болох юм. Гэвч тэд энэ зөрчилдөөнийг анхаарахгүйгээр орхиж, цаашид хамртан ажиллаж чадсан билээ. Эцэст нь элч нарын нэг нь «Хэн амиа хайрлаж, сайн өдрүүдийг үзэхийг хүснэ, тэр нь бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул. Тэгээд бузар мууг орхи, сайныг үйлд. Амар тайвныг эр, түүнийг мөшгө» гэж бичжээ (1 Пэтр 3:10, 11).
21. Есүс уучлах тухай ямар чухал зөвлөгөө өгсөн бэ?
21 Өмнө бид нэг зүйлийг тэмдэглэсэн нь юу гэвэл, Бурхан бидний өмнө нь үйлдсэн олон нүглийг уучилсан. Учир иймээс бид түүнийг дуурайж, бусдыг уучлах ёстой (Дуулал 103:12; Исаиа 43:25). Бас өөр нэг зүйл бий. Есүс дагалдагчиддаа залбирлын жишээ үзүүлэнгээ «Хэрэв та нар хүмүүсийг алдасных нь төлөө уучилбал тэнгэр дэх Эцэг тань та нарыг мөн уучилна» гэж хэлсэн. Жил гаруйн дараа дагалдагч нараа хэрхэн залбирахыг сургаж байхдаа уг санааг давтан, «Бидний нүглийг уучлаач. Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг» хэмээжээ (Матай 6:12, 14; Лүүк 11:4). Хожим нь Есүс үхэхээсээ хэдхэн өдрийн өмнө «Та нар залбирч байхдаа, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм байгаа бол түүнийг уучил. Тэгвэл тэнгэрт байгаа Эцэг тань мөн та нарын алдааг уучлах болно» гэж нэмж хэлжээ (Марк 11:25).
22, 23. Уучлахад бэлэн байх нь бидний ирээдүйд хэрхэн нөлөөлж болох вэ?
22 Бурхан биднийг цаашид уучлах уу гэдэг нь бид ах дүүгээ уучлахад бэлэн байгаа эсэхээс ихээхэн шалтгаална. Итгэл нэгт христосын шашинтантай харьцахад тань бэрхшээл гарвал Бурхан намайг уучлах нь хэн нэгэн ах эсвэл эгч намайг үл тоомсорлож, үл ялих юмаар гомдоосон, эсвэл хүний төгс бус байдлыг харуулснаараа буруутай байсан гэдгийг батлах гэсэн оролдлогоос минь илүү чухал биш үү гэж өөрөөсөө асуугаарай. Хариулт ямар байх нь танд ойлгомжтой.
23 Хэрэв хувийн гомдол, зөрчил гэдгээс илүү ноцтой асуудал байвал яах вэ? Матай 18:15–18-д бичсэн Есүсийн зөвлөгөөг хэзээ биелүүлэх вэ? Эдгээр асуудлыг бид дараагийн нийтлэлээрээ авч үзэх болно.
[Зүүлт]
a Мика 7:18-д байгаа «хажуугаар өнгөрөх» гэсэн эртний еврей хэлний хэлц үг нь «анхаарахыг хүсээгүй алив зүйлээ анзааралгүйгээр хажуугаар нь өнгөрч оддог аялагчдын зуршилтай холбоотой ажээ. Хэлц үгийн утга нь Бурхан нүглийг анхаардаггүй, ямар нэг үл ялих, чухал бус байдлаар ханддаг гэж байгаа биш харин ямар нэг тохиолдолд нүглийг анхааралгүй, шийтгэхгэүгээр орхидог. Тэрээр шийтгэдэггүй харин уучилдаг» гэж нэг эрдэмтэн үзжээ (Шүүгчид 3:26; 1 Самуел 16:8).
Та нар санаж байна уу?
◻ Уучлах ямар жишээг Ехова бидэнд үзүүлдэг вэ?
◻ Цуглааныг маань бүрдүүлдэг хүмүүсийн талаар бид юу санаж байх ёстой вэ?
◻ Биднийг гомдоосон, доромжилсон ч гэсэн ихэнх тохиолдолд бид яаж чадах ёстой вэ?
◻ Бид итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхийн тулд шаардлагатай үед юу хийж болох вэ?