Тэд Мессиаг олжээ!
«Бид Мессиаг ... оллоо» (ИОХ. 1:41).
1. «Бид Мессиаг оллоо» гэж Андрейг хэлэхээс өмнө юу болсон бэ?
БАПТИСМ хүртээгч Иохан хоёр шавийнхаа хамт зогсож байлаа. Есүсийн ойртон ирж явааг хараад, Иохан: «Бурханы Хургыг харагтун!» хэмээн дуу алджээ. Түүний шавь Андрей Иохан хоёр тэр даруй Есүсийг дагаж, өдөржин хамт байв. Дараа нь Андрей өөрийн ах Симон Петрийг эрж олоод: «Бид Мессиаг ... оллоо» гэсэн сэтгэл хөдөлгөм мэдээ дуулгажээ. Тэгээд ахыгаа Есүс дээр авч очсон (Иох. 1:35–41).
2. Мессиагийн тухай зөгнөлийг судлах нь ямар ач тустай вэ?
2 Андрей, Петр болон бусад хүн яваандаа Судрыг нямбайлан судлаад, Назарын Есүсийг амласан Мессиа мөн хэмээн огтхон ч эргэлзэлгүйгээр тунхаглах болсон юм. Энэ өгүүллээр Мессиагийн тухай зөгнөлийг үргэлжлүүлэн судалж, Библи болон Бурхны Тосолсон Нэгэнд улам бат итгэцгээе.
«Харагтун, чиний Хаан ... ирж явна»
3. Есүсийг Иерусалимд хааны ёсоор орж ирэхэд ямар ямар зөгнөл биелсэн бэ?
3 Мессиа Иерусалимд хааны ёсоор ирнэ. Зехариа: «Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ» хэмээн зөгнөсөн байдаг (Зех. 9:9). Дуулалч: «ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ» гэж бичжээ (Дуу. 118:26). Зөгнөсөн ёсоор ард олон Есүсийг Иерусалимд ирэхэд баярлан хашхиралдсан. Гэвч Есүс ингэхийг тэдэнд тушаагаагүй. Та энэ тухай уншихдаа, болсон явдлыг дотроо төсөөлөөрэй. Ард олны баяр хөөртэй дуу хоолой сонсогдож байна уу? (Матай 21:4–9-ийг уншина уу).
4. Дуулал 118: 22, 23-т байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ?
4 Олон хүн Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөхгүй ч Бурхан түүнийг таалан соёрхоно. Зөгнөлд бичсэнээр баримтад итгэхийг хүсээгүй хүмүүс Есүсийг үзэн ядаж, басамжлан доромжилсон (Ис. 53:3; Марк 9:12). Гэхдээ Бурхан дуулалчийг ариун сүнсээрээ удирдан: «Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов. Энэ бол ЭЗЭНээс» хэмээн бичүүлжээ (Дуу. 118:22, 23). Есүс эсэргүүцэгчидтэйгээ чухам энэ тухай ярьсан байдаг. Энэ зөгнөл Есүсийн амьдралд биелснийг Петр дурсжээ (Марк 12:10, 11; Үйлс 4:8–11). Есүс христиан хурлын тулгуур чулуу буюу суурь нь болсон. Бурхны тааллыг биелүүлдэггүй хүмүүст гологдсон тэрбээр «Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу» юм (1 Петр 2:4–6).
Нэг нь урваж, бусад нь орхино
5, 6. Мессиагаас урвах тухай юу гэж зөгнөсөн байдаг вэ? Хэрхэн биелсэн бэ?
5 Нэг найз нь Мессиагаас урвана. Давид: «Миний итгэдэг, миний талхыг идэж байсан дотно найз минь ч миний эсрэг өсгийгөө өргөсөн» гэж зөгнөжээ (Дуу. 41:9). Эрт цагт хамт хооллож талх идсэн хүнийг найзаа гэж үздэг байв (Эх. 31:54). Тэгэхлээр, Искариотын Иудас Есүсээс урвасан нь хамгийн адгийн явдал байсан. Есүс өөрөөс нь урвах хүний тухай элч нартаа ярихдаа Давидын зөгнөлөөс иш татсан. Тэрбээр: «Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь „Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв“ гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм» гэжээ (Иох. 13:18).
6 Мессиаг 30 мөнгөн зоос буюу боолын үнээр барьж өгнө. Иудас Есүсийг 30-хан мөнгөн зоосоор барьж өгснөөр Зехариа 11:12, 13-т байдаг зөгнөл биелснийг Матай бичжээ. Гэхдээ ямар учраас «эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн» гэж бичсэн бэ? Матайн үед «Иеремиа» номыг Библийн «Зехариа» гэх мэтийн номын эхэнд оруулдаг байсантай холбоотой болов уу (Лук 24:44-тэй харьцуулна уу). Иудас буруу замаар олсон мөнгөө хэрэглэлгүй сүм рүү чулуудаад явж, амиа хорложээ (Мат. 26:14–16; 27:3–10).
7. Зехариа 13:7-д байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ?
7 Шавь нар нь хүртэл Мессиаг орхино. «Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун» гэж Зехариа зөгнөсөн байдаг (Зех. 13:7). МЭ 33 оны нисан сарын 14-нд Есүс шавь нартаа: «Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь „Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна“ гэж бичигдсэн билээ» хэмээн хэлжээ. Энэ нь ч ёсоор болсон бөгөөд «Бүх шавь нь [Есүсийг] орхин зугтав» гэж Матай бичсэн (Мат. 26:31, 56).
Буруутгагдаж, тамлагдана
8. Исаиа 53:8 хэрхэн биелсэн бэ?
8 Мессиаг байцааж, яллана (Исаиа 53:8-ыг уншина уу). Нисан сарын 14-ний өглөө Зөвлөлийн гишүүд зөвлөлдөөд Есүсийн гарыг хүлж, Ромын захирагч Понти Пилат руу аваачив. Понти Пилат Есүсийг байцаагаад ямар ч буруу олоогүй тул суллах бодолтой байлаа. Гэтэл цугласан олон: «Түүнийг цовдол» гэж хашхиралдан, оронд нь Бараб гэгч гэмт хэрэгтнийг суллахыг шаарджээ. Пилат тэдэнд таалагдахыг хүссэн учир Барабыг суллаж, харин Есүсийг ташуурдаад шонд хадах тушаал буулгажээ (Марк 15:1–15).
9. Дуулал 35:11-д бичсэнээр Есүсийн үед юу болсон бэ?
9 Хуурамч гэрчүүд Мессиагийн эсрэг мэдүүлэг өгнө. «Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг» хэмээн дуулалч Давид хэлжээ (Дуу. 35:11). Зөгнөл ёсоор, «ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа» (Мат. 26:59). «Олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь» таарсангүй (Марк 14:56). Гэрчүүд юу гэж мэдүүлэх нь Есүсийн дайснуудад падгүй байлаа. Тэд Есүсийг алахын тулд яахаас ч буцахгүй байв.
10. Исаиа 53:7 хэрхэн биелсэн бэ?
10 Мессиа буруутгагдсан ч хариу хэлэхгүй. Исаиа: «Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй» хэмээн зөгнөжээ (Ис. 53:7). «Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй». Пилат: «Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу?» гэж асуув. Гэвч Есүс «нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ» (Мат. 27:12–14). Есүс дайснуудынхаа өөдөөс юу ч хэлээгүй (Ром 12:17–21; 1 Петр 2:23).
11. Исаиа 50:6; Мика 5:1 хэрхэн биелсэн бэ?
11 Мессиа тамлагдана. Исаиа: «Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй» хэмээн бичжээ (Ис. 50:6). «Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно» гэж Мика зөгнөсөн (Мика 5:1). Евангели бичигч Марк эдгээр зөгнөл биелснийг батлан: «Зарим нь [Есүсийн] өөдөөс нулимж, нүдийг нь боож, нударгалан, жанчиж: „Эш үзүүлээч!“ гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа» хэмээн бичжээ. Цэргүүд «Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн [даажигнаж] Түүнд мөргөсөөр байлаа» (Марк 14:65, 15:19). Есүст ингэж хандах ямар ч шалтгаан байгаагүй нь ойлгомжтой.
Үхэн үхтэлээ үнэнч байна
12. Дуулал 22:16; Исаиа 53:12 хэрхэн биелсэн бэ?
12 Мессиа шонд хадуулж үхнэ. Дуулалч Давид: «Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ. Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан» гэжээ (Дуу. 22:16). Евангели бичигч Марк: «Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг [барагцаагаар өглөөний есөн цаг] байсан юм» хэмээн Библи уншигчдын сайн мэдэх үйл явдлын тухай бичжээ (Марк 15:25). Түүнчлэн Мессиаг нүгэлтэнд тооцогдохыг Исаиа зөгнөн: «Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон» хэмээн бичсэн байдаг (Ис. 53:12). Үнэхээр ч, «[Есүстэй] хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа» (Мат. 27:38).
13. Дуулал 22:7, 8 хэрхэн биелсэн бэ?
13 Мессиагийн доромжлогдохыг Давид зөгнөсөн (Дуулал 22:7, 8-ыг уншина уу). Есүсийг шонд хадуулаад тарчилж байхад нь хүмүүс доромжилж байв. Матай энэ тухай: «Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж „Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач“ гэцгээж байлаа» хэмээн бичжээ. Ахлах тахилч нар, хуулийн багш нар, ахлагчид ч бас түүнийг элэглэн дооглож, «Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь „Би бол Бурханы Хүү“ гэсэн биз дээ» гэцгээжээ (Мат. 27:39–43). Гэвч Есүс энэ бүгдийг хүлцэн тэсвэрлэжээ. Ямар сайхан жишээ вэ!
14, 15. Мессиагийн хувцасны төлөө шодох, Мессиад цуу өгөх тухай зөгнөлүүд хэрхэн биелсэн бэ?
14 Мессиагийн хувцасны төлөө шодно. «Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж, Миний дотуур хувцасны төлөө шоддог» гэж Давид бичжээ (Дуу. 22:18). Үнэхээр ийм явдал болсон. Ромын цэргүүд «[Есүсийг] цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж авсан» (Мат. 27:35; Иохан 19:23, 24-ийг уншина уу).
15 Мессиад цуу болон цөс өгнө. Дуулалч: «Тэд бас надад миний хүнсэнд цөсийг, намайг цангахад уулгахаар цууг өгсөн» гэж бичжээ (Дуу. 69:21). Матай: «Цөстэй хольсон дарсыг [Есүст] уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв» гэж бичсэн байдаг. Дараа нь «тэдний нэг нь ... гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар» өгчээ (Мат. 27:34, 48).
16. Дуулал 22:1-д байдаг зөгнөл яаж биелсэн бэ?
16 Мессиа Бурханд хаягдсан юм шиг болно (Дуулал 22:1-ийг уншина уу). Зөгнөсөн ёсоор, «есдүгээр цагт [өдрийн гурван цагийн үед] Есүс чанга дуугаар „Елой, Елой, лама сабахтани?“ буюу орчуулбал „Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?“ гэж хашхирлаа» (Марк 15:34). Есүс тэнгэрийн Эцэгтээ итгэхээ больсондоо ингэж хашхирсан юм биш ээ. Бурхан түүнийг дайснуудаас нь хамгаалаагүй нь чин үнэнчээ харуулах боломж олгосон хэрэг байв. Есүс тийнхүү хашхиран Дуулал 22:1-д байдаг зөгнөлийг биелүүлжээ.
17. Зехариа 12:10; Дуулал 34:20-д бичигдсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
17 Мессиаг жадлах боловч ясыг нь хугалахгүй. Иерусалимын оршин суугчид «өөрсдийн жадалсан [Есүсийг] харна» гэсэн зөгнөл байдаг (Зех. 12:10). Бас Дуулал 34:20-д: «[Бурхан] түүний бүх ясыг хамгаалдаг. Тэднээс нэг нь ч хугараагүй юм» гэжээ. Эдгээр зөгнөл биелснийг элч Иохан баталж, «Цэргүүдийн нэг нь Түүнийг [Есүсийг] хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан хүн [Иохан] нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн» гэж бичжээ. Тэгээд цааш нь: «Судрын „Түүний нэг ч яс хугалагдахгүй“ гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. „Тэд жадалсан Хүн уруугаа харах болно“ гэж мөн өөр Сударт хэлдэг» хэмээн тэмдэглэжээ (Иох. 19:33–37).
18. Есүсийн цогцсыг баян хүний булшинд оршуулна гэсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
18 Мессиаг баян хүний булшинд оршуулна (Исаиа 53:5, 8, 9-ийг уншина уу). Нисан сарын 14-нд үд хэвийж байхад «Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн ирээд» Есүсийн цогцсыг Пилатаас гуйж аван, «цэвэр маалинган даавуунд ороож, хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ» (Мат. 27:57–60).
Мессиа Хааныг магтагтун!
19. Дуулал 16:10 хэрхэн биелсэн бэ?
19 Мессиа амилна. Давид: «[Ехова] Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй» хэмээн дуулжээ (Дуу. 16:10). Эмэгтэйчүүд Есүсийн цогцсыг тавьсан булш руу иртэл дотор нь нэг тэнгэр элч сууж байх нь тэр! Тэнгэр элч тэдэнд: «Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна» гэлээ (Марк 16:6). МЭ 33 оны Пентекостын өдөр элч Петр Иерусалимд байсан олон түмэнд 16-р дуулалд байдаг зөгнөлийг тайлбарлахдаа «[Давид] Христийн амилалтыг угтан харж, „Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй“ гэжээ» хэмээн иш татсан (Үйлс 2:29–31). Хайртай Хүүгийнх нь махан бие ялзрахыг Бурхан зөвшөөрөөгүйгээр үл барам, нэгэн гайхамшиг үйлджээ. Тэрбээр Хүүгээ сүнсэн биетэй болгон амилуулсан (1 Петр 3:18).
20. Мессиагийн засаглалын талаар зөгнөлүүдээс юу мэдэж болох вэ?
20 Зөгнөсөн ёсоор, Бурхан Есүсийг Хүүгээ хэмээн зарлан тунхагласан (Дуулал 2:7; Матай 3:17-г уншина уу). Бас олон түмэн Есүсийг болон ирээдүйн Хаанчлалыг магтаж байсан. Бид ч гэсэн Есүсийн тухай, Хаанчлалын тухай бусдад ярихдаа баяртай байдаг (Марк 11:7–10). Христ удахгүй «үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө ... мордож», дайснаа дарна (Дуу. 2:8, 9; 45:1–6). Дараа нь дэлхий даяар амар тайван, аз жаргалтай амьдралыг бий болгоно (Дуу. 72:1, 3, 12, 16; Ис. 9:6, 7). Еховагийн хайртай Хүү Есүс Христ одоо тэнгэрт Хаан болчихсон байгаа. Энэ үнэнийг хүмүүст хэлэх нь Ехова Бурхны Гэрчүүд бидний хувьд агуу завшаан юм!
Хариулна уу
• Нэг шавь нь Есүсээс урваж, бусад нь түүнийг орхих тухай зөгнөл хэрхэн биелсэн бэ?
• Есүс Христийг цаазлах үед ямар ямар зөгнөл биелсэн бэ?
• Есүсийг амласан Мессиа гэдэгт та яагаад итгэдэг вэ?
[13-р хуудасны зураг]
Есүс Иерусалимд хааны ёсоор орж ирсэн нь ямар зөгнөл биелсэн хэрэг вэ?
[15-р хуудасны зураг]
Есүс бидний нүглийн төлөө үхсэн ч одоо бол Мессиа Хаан