Бурхны Үгийг хайрлахын ач холбогдол
«Билиг ухааныг хайрла! Тэр чамайг сэргийлнэ. ... Хэрэв чи түүнийг элгэндээ тэврэх аваас тэр чамайг алдаршуулна» (СУРГААЛТ ҮГС 4:6, 8)
1. Бурхны Үгийг жинхэнэ ёсоор хайрлана гэдэг нь ямар учиртай вэ?
БИБЛИ унших нь христосын шашинтан хүнд амин чухал асуудал юм. Гэхдээ тэр хүн Библи уншдаг байлаа ч гэсэн Бурхны Үгийг хайрлаж байна гэсэн үг хараахан биш. Хэрэв хүн Ариун Бичээсийг уншдаг хирнээ буруу гэгдсэн зүйлийг нь хийгээд байвал яах вэ? Тийм хүмүүс 119-р дууллыг бичсэн хүнийх шиг хайраар Бурхны Үгийг хайрладаггүй нь ойлгомжтой. Бурхны Үгийг хайрлах хайр нь дуулалчийг түүний зарчмын дагуу амьдрахад нь түлхэц болсон байна (Дуулал 119:97, 101, 105).
2. Бурхны Үгэнд үндэслэсэн мэргэн ухаан нь ямар ач холбогдолтой вэ?
2 Бурхны Үгийн дагуу амьдрахын тулд бодол санаа болоод амьдралын хэв маягаа байнга хянаж явах хэрэгтэй. Үүний тулд Бурханд таалагддаг мэргэн ухаан гаргах буюу, өөрөөр хэлбэл, Библи судалж олж авсан ойлголт, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг. «Билиг ухааныг хайрла! Тэр чамайг сэргийлнэ. Билиг ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг элгэндээ тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. Билиг ухаан чиний тэргүүн дээр ивээлийн цэцэгт титэм тавина. Билиг ухаан чамд алдрын хаан титмийг өргөн барина» (Сургаалт үгс 4:6, 8, 9). Энэ үг нь бидэнд Бурхны Үгийг хайрлах хайраа хөгжүүлж, түүгээр амьдралаа удирдуулах хүсэл төрүүлж байна. Түүгээр өөрийгөө хамгаалуулж, өргөмжлүүлж, алдаршуулахыг хүсэхгүй хэн байх билээ?
Засагдашгүй муу юмнаас хамгаалагдсан хүмүүс
3. Христосын шашинтнуудад хамгаалалт урьд урьдынхаас улам илүү хэрэгтэйн учир юу вэ? Аюул хэнээс ирэх вэ?
3 Бурхны Үгийг судалж, хэрэглэсний ачаар олж авсан мэргэн ухаан нь биднийг ямар аргаар хамгаалах вэ? Нэгд, Сатан Диаболоос хамгаална. Есүс шавь нартаа бузар муу Сатанаас гэтэлгээч гэж Бурхнаас гуйн залбирахыг заасан (Матай 6:13). Энэ тухай гуйж залбирах нь өнөөдөр бүр ч чухал. 1914 онд Сатан албидынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөс хойш «өөрт нь бага хугацаа байгааг мэдээд үлэмж их уур хилэн»-тэй байгаа (Илчлэлт 12:9, 10, 12). Сатан одоо «Бурхны хуулиудыг сахигсад ба Есүсийн гэрчлэл байгсадтай» амжилт муутай дайтаж байгаа бөгөөд уур хилэн нь тогтоон барихын аргагүй хүчтэй байна (Илчлэлт 12:17).
4. Христосын шашинтан хүнийг Сатаны дарамт шахалт болон урхинаас ямар зүйл хамгаалах вэ?
4 Хорслоор дүүрсэн Сатан эдгээр христосын шашинтнуудыг үргэлжлүүлэн хорлож, тэдний эсрэг харгис ширүүн хавчилт явуулах юм уу үйл ажиллагааг нь бусад зүйлээр саатуулж байна. Түүнчлэн тэрбээр Хаанчлалыг дэлгэрүүлэгчдийг энэ дэлхийн албан тушаал, амар хялбар амьдрал эд баялаг, янз бүрийн зугаа цэнгэлээр сорьж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаас анхаарлыг нь сарниулахыг оролдож байна. Бурхны үйлчлэгчдийг Сатаны урхинаас юу хамгаалж, дарамт шахалтад нь өртөхгүй байхад нь юу тусалдаг вэ? Үүнд залбирах, Еховатай дотно харьцах, амлалтаа биелүүлэхэд нь итгэх нь чухал үүрэгтэй нь мэдээж. Харин энэ бүхнийг хийхийн тулд Бурхны Үгэнд бичигдсэн сургаал зааврыг мэдэж, тэдгээрт байнга анхааралтай хандах шаардлагатай. Бид эдгээр сургаал зааврыг Библи болон Библи судлах гарын авалга уншиж, христосын шашны цуглаануудад очиж, Бичээсэнд үндэслэж гаргасан ах нарын зөвлөгөөг сонсох буюу эсвэл Бурхны ариун сүнсний тусламжаар сэргээн санадаг Библийн зарчмуудыг эргэцүүлснээрээ олж авч чадна (Исаиа 30:21; Иохан 14:26; 1 Иохан 2:15–17).
5. Бурхны Үгэнд үндэслэсэн мэргэн ухаан биднийг ямар аргаар хамгаалдаг вэ?
5 Бурхны Үгийг хайрладаг хүмүүс өөр бусад зүйлээс ч хамгаалагдсан байдаг. Тухайлбал, сэтгэл санааны зовлон, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, бэлгийн завхай явдлаас үүдэлтэй биеийн өвчин эмгэгээс хамгаалагддаг (1 Коринт 5:11; 2 Коринт 7:1). Тэд хүмүүстэй харьцахдаа хов жив, хараал хэлдэггүй (Эфэс 4:31). Тэд философийн хоосон сургаал болон дэлхийн мэргэн ухааны бусад эх булагт гүнзгийрч ороогүй учраас эргэлзэж тээнэгэлзэх зүйл тэдэнд байдаггүй (1 Коринт 3:19). Бурхны Үгийг хайрлах хайр нь тэднийг Бурхантай харьцах харьцааг нь сүйтгэж, мөнх амьдрах найдварыг нь үгүй хийх зүйлээс хамгаалдаг. Тэд «үүнийг хийхдээ... өөрийгөө болон... сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэдгийг мэдээд, Библид байдаг гайхамшигтай амлалтад итгэхэд нь ойр дотнынхондоо тусалдаг юм (1 Тимот 4:16).
6. Бурхны Үгэнд үндэслэсэн мэргэн ухаан нь хүнд хэцүү нөхцөлд ч биднийг хэрхэн хамгаалж болох вэ?
6 Мэдээж, «цаг хийгээд урьдчилан хараагүй үйл явдал» гэсэн үг нь Бурхны Үгийг хайрладаг хүнд ч хамаатай (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Үнэндээ, бидний хэн аль маань гал усны аюул, золгүй явдал, хүнд өвчин, цаг бусын үхлээс хамгаалагдаагүй билээ. Гэлээ ч гэсэн бид хамгаалалттай. Бурхны Үгийг жинхэнэ ёсоор хайрладаг хэнбугайд ч ямар ч зүйл засагдашгүй муу юм учруулж чадахгүй. Тийм учраас тохиолдож болох явдлын талаар хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Урьчилан сэргийлэх бүх боломжтой арга хэмжээг аваад, бүх юманд Еховад найдах, өнөөгийн дэлхийд нуугдаж буй аюул сэтгэл санааны маань амар тайван байдлыг алдуулахыг зөвшөөрөхгүй байх нь маш сайн (Матай 6:33, 34; Филиппой 4:6, 7). Бурхан «бүхнийг шинэчилэхэд» дахин амилалт заавал болж, илүү сайхан амьдрал ирнэ гэдгийг битгий мартаарай (Илчлэлт 21:5; Иохан 11:25).
Таны зүрх «сайн хөрс» болох болтугай
7. Өөрийг нь сонсохоор ирсэн хүмүүст Есүс ямар сургаалт зүйрлэл ярьж өгсөн бэ?
7 Есүс сургаалт зүйрлэлүүдийнхээ нэгээр, Бурхны Үгэнд зөв хандахын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Есүсийг Палестинд сайн мэдээ дэлгэрүүлж байхад олон түмэн түүнийг сонсохоор цугласан байв (Лүүк 8:1, 4). Гэвч Бурхны Үгийг жинхэнэ ёсоор хайрлах хайр бүх хүнд байгаагүй юм. Хүмүүс, гайхамшиг үзүүлэхийг нь харах гэсэндээ ч юм уу эсвэл зааж сургаж байгаа нь таалагдсан учраас л Есүсийг сонсохоор ирсэн нь эргэлзээгүй. Тиймд Есүс олон түмэнд сургаалт зүйрлэл ярьж өгсөн. «Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Үр цацах үед зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Шувууд ирээд тэдгээрийг идчихэв. Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав. Зарим нь үүргэний дунд унав. Үүргэнэ буудайн үртэй зэрэг ургаж, тэдгээрийг шахан зайлуулав. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ» (Лүүк 8:5–9).
8. Есүс Христийн ярьсан сургаалт зүйрлэлд гардаг үр нь юу вэ?
8 Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ, зүрх нь ямар байгаагаас шалтгаалж хүмүүс янз бүрээр хандана гэдгийг үзүүлсэн. Суулгасан үр нь «Бурхны үг» юм (Лүүк 8:11). Библийн өөр нэгэн номд бичсэнээр бол үр гэдэг нь «тэнгэрийн хаанчлалын тухай үг» юм (Матай 13:19). Бурхны Үгийн үндсэн сэдэв нь Есүс Христийн захирах хийгээд Еховагийн дээд эрх мэдлээ зөвтгөж, нэрээ ариусгах тэрхүү Тэнгэрийн Хаанчлал бөлгөө (Матай 6:9, 10). Тэгэхлээр, уг чанартаа, үр гэдэг нь Бурхны Үг Библид агуулагдаж буй сайн мэдээ юм. Хаанчлалын тухай энэхүү мэдээг Еховагийн Гэрчүүд хүмүүст хүргэж, анхны Үр суулгагч Есүс Христийн жишээгээр үрээ суулгадаг. Хүмүүс үүнд нь хэрхэн ханддаг вэ?
9. а) Зам хавиар унасан үр гэж юу вэ? б) Чулуурхаг хөрсөнд унасан үр гэж юу вэ? в) Үүргэний дунд унасан үр гэж юу вэ?
9 Зарим үр нь зам хавиар унаж, хүмүүсийн хөлд гишгэгдсэн тухай Есүс ярьжээ. Энэ нь Хаанчлалын үрийг зүрхэндээ үндэслүүлж чадахгүй, дэндүү завгүй байдаг хүмүүст хамааралтай. Тийм хүмүүс Бурхны Үгийг хайрлаж амжихаас өмнө «тэд итгэн аврагдахгүйн тул буг [«Диабол», ШЕ] ирж, тэдний зүрхнээс үгийг булаан авдаг» (Лүүк 8:12). Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Энэ нь Библийн мэдээ сонирхлыг нь татдаг ч зүрх нь битүү хэвээрээ үлддэг хүмүүст хамааралтай. Тэд үндэсгүй учраас эсэргүүцэлтэй тулгарах буюу Библийн дагуу амьдрах нь амар хялбар биш гэдгийг ойлгоод «няцдаг» (Лүүк 8:13). Мөн үгийг сонсдог хирнээ «зовнил, эд баялаг, өдөр тутмынхаа амьдралд бах нь ханах зэрэгт» анхаарал нь татагдсан хүмүүс байдаг. Тэд тэдгээр зүйлд үүргэнэ дундахь ургамал адил бүрэн хэмжээгээр «дарамтлагдагсад» ажээ (Лүүк 8:14).
10, 11. а) «Сайн хөрс» гэж хэн бэ? б) Бурхны Үгийг сэтгэл зүрхэндээ нандигнахын тулд яах хэрэгтэй вэ?
10 Гэхдээ зарим үр нь сайн хөрсөнд унадаг байна. Энэ нь «зохистой, цайлган сэтгэл зүрхээр» мэдээг хүлээж авдаг хүмүүсийг хэлж байна. Бид бүгдээрээ ийм хүмүүсийн бүлэгт хамрагдахыг хүсдэг нь мэдээжийн хэрэг. Гэвч үүнийг Бурхан л шийднэ (Сургаалт үгс 17:3; 1 Коринт 4:4, 5). Түүний Үгэнд бичсэнээр, бидний одоо яаж яваа, үхэн үхтлээ буюу энэхүү ёс бус дэлхийн тогтолцоог Бурхан устгах хүртэл хэрхэн явах нь вэ гэдгээс бидэнд үнэхээр «зохистой, цайлган сэтгэл зүрх» байгаа эсэх маань харагддаг. Хэрэв бид Хаанчлалын тухай мэдээг баяртайгаар хүлээж авсан бол сайн хэрэг. Гэхдээ «зохистой, цайлган сэтгэл зүрхтэй» хүмүүс бол Бурхны Үгийг хүлээж аваад зогсохгүй, «нандигнаж, тэвчээр дотроо үр жимсээ» өгдөг (Лүүк 8:15).
11 Бурхны Үгийг сэтгэл зүрхэндээ нандигнах цорын ганц найдвартай арга бол түүнийг бие даан судлахын зэрэгцээ итгэл нэгтнүүдтэйгээ хамтарч уншиж, судлах явдал юм. Түүнчлэн, Есүсийн үнэнч дагалдагчдын сүнслэг хэрэгцээний талаар санаа тавих даалгавар авсан хүмүүс байдаг. Тэдний, бидэнд олгож буй сүнслэг хоолыг бүрэн хэмжээгээр ашиглах нь чухал (Матай 24:45–47). Тэр цагт Бурхны Үгийг сэтгэл зүрхэндээ нандигнадаг хүмүүст, «тэвчээр дотроо үр жимсээ» өгөхөд нь хайр нь нөлөөлөх болно.
12. Бид тэвчээрээрээ ямар үр жимс авчрах ёстой вэ?
12 Сайн хөрсөнд үр жимс яаж ургах вэ? Үрийг суулгахад ургамал ургана. Тэрхүү ургамал нь мөн л адил үртэй. Үрийг нь суулгавал бас л ургац өгнө. «Зохистой, цайлган сэтгэл зүрхтэй» хүмүүстэй үүнтэй адилхан юм тохиолддог нь Бурхны үгийн үр тэдний зүрхэнд соёолон ургаад сүнслэгээр хөгжихөд нөлөөлдөг бөгөөд яваандаа тэд бусад хүмүүсийн зүрх сэтгэлд яг л тийм үр суулгаж эхэлдэг (Матай 28.19, 20). Харин уг ажилд тэвчээр хатуужил маш их хэрэгтэй. Үр суулгах ажилд оролцож байгаа хүмүүст тэвчээр хэчнээн чухал болохыг тайлбарлан Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх ард түмэнд гэрчлэл болж дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ. Дараа нь төгсгөл ирнэ» гэж хэлсэн (Матай 24:13, 14).
«Сайн ажил бүхэндээ үр дүнтэй байх»
13. Бурхны Үгийг мэдэх мэдлэг ба үр жимс хоёрын хоорондох холбоог Паул залбирлаараа хэрхэн харуулсан бэ?
13 Элч Паул ч мөн үр дүнтэй байхын чухлыг хэлээд Бурхны Үг үүнд ямар үүрэгтэй болохыг харуулжээ. Итгэл нэгт ах дүү нар нь «бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний [Бурхны] хүслийн дүүрэн мэдлэгээр бялхаасай... Энэ нь та нар Бурхны дүүрэн мэдлэг дотор өсөхдөө, сайн ажил бүхэндээ үр дүнтэй байж, алив бүхнээр Түүнд таалагдаж Эзний ёс зүйгээр яваасай» хэмээн тэрээр залбирчээ (Колоссай 1:9, 10; Филиппой 1:9–11).
14—16. Бурхны Үгийг хайрладаг хүмүүс Паулын залбирлын дагуу ямар үр жимс авчирдаг вэ?
14 Ийм байдлаар Паул Библийн тухай зөвхөн мэдлэгтэй болох нь хангалтгүй гэдгийг харуулсан. Бурхны Үгийг хайрлах хайр нь биднээс «Эзний ёс зүйгээр явж», байнга «сайн ажил бүхэндээ үр дүнтэй байхыг» шаардах ёстой. Чухам юуг сайн үйл гэж болох вэ? Нэгдүгээрт, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх явдал бол энэхүү сүүлчийн өдрүүдэд христосын шашинтнуудад өгөгдсөн хосгүй даалгавар билээ (Марк13:10). Түүнээс гадна дэлгэрүүлэх ажлыг материаллаг талаас байнга тэтгэх явдал юм. Үүнийг Бурхны Үгийг үнэлдэг бөгөөд «Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг» гэдгийг мэддэг учраас тусламж үзүүлэхдээ аз жаргалтай байдаг хүмүүс үзүүлдэг (2 Коринт 9:7). Ийм хүмүүсийн хандивын ачаар зуу гаруй Бетел үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр Бетел дэлгэрүүлэх ажлыг удирддаг бөгөөд ихэнх нь Библи болон библийн хэвлэлүүд хэвлэдэг юм. Мөн уг хандиваар христосын шашинтны чуулган зохион явуулахтай холбоотой, мөн явуулын харгалзагч нар, миссионерууд болон бусад бүрэн цагийн үйлчлэгч нарын үйл ажиллагааны зардлыг нөхдөг.
15 Түүнчлэн сайн үйлд жинхэнэ шүтлэгийн төв болсон газруудыг барьж байгуулах, арчилж хамгаалах ажил орно. Бурхны Үгийг хайрлах хайр нь түүний албатуудад Чуулганы болон Хаанчлалын танхимуудыг арчилж хамгаалах хүсэл сонирхлыг бий болгодог (Нехемиа 10:39 харьцуулна уу). Эдгээр байшин дээр Бурхны нэр бичээстэй байдаг болохоор гаднаа ч дотроо ч цэвэр цэмцгэр байж, гоё сайхан харагдах ба шүтэж мөргөхөөр ирж байгаа хүмүүс нь өө сэвгүй зан байдлаараа бусдаас ялгарах учиртай. Зарим христосын шашинтнууд Бурханд үйлчлэхдээ илүү ихийг хийх бололцоотой байдаг. Бурхны Үгийг хайрлах хайрандаа хөтлөгдсөн тэд туршлагатай ажилчид болон барилгын материал дутагдалтай алс газар явж шүтлэгийн шинэ төв барихад тусладаг (2 Коринт 8:14).
16 Гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, итгэл нэгт христосын шашинтандаа санаа тавина гэдэг нь «сайн ажил бүхэндээ үр дүнтэй байна» гэсэн үг юм. Хэрэв бид Бурхны Үгийг хайрладаг бол «итгэлийн гэр бүлийн гишүүдийнхээ» хэрэгцээг мэдэрч, «Бурханд үнэнч байдлаа төрсөн гэрийнхэндээ биелүүлэх» болно (Галат 6:10; 1 Тимот 5:4, 8, ШЕ). Өвчтэй хүмүүсийг эргэж, эмгэнэн гашуудагсдыг тайтгаруулж болно. Эмчилгээний асуудлаар бэрхшээл тулгарахад Эмнэлэгтэй харилцах хороо ба ахлагч нар үнэлж баршгүй тусламж үзүүлдэг! (Үйлс 15:29). Тэрчлэн, байгалийн болон хүний буруу үйл ажиллагаанаас болсон гай гамшгаас хохирох хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Еховагийн Гэрчүүд байгалийн гамшиг болон бусад золгүй явдлын үеэр итгэл нэгтнүүд болон хохирол амссан бусад хүмүүст түрүүлэн тусламж үзүүлдэг хүмүүсийн тоонд ордгоороо дэлхий даяар алдартай. Энэ бүхэн бол Бурхны Үгийг хайрладаг хүмүүсийн авчирдаг сайхан үр жимс мөн билээ.
Ирээдүйн гайхам ивээлүүд
17, 18. а) Хаанлалын үр суулгагдаж буйн ачаар юу болж байна вэ? б) Бурхны Үгийг хайрладаг хүмүүс удахгүй ямар гайхамшигт өөрчлөлтийн гэрч болох вэ?
17 Хаанчлалын үрийг суулгах нь хүн төрөлхтөнд тустай хэвээр л байна. Сүүлийн хэдэн жилийн турш библийн мэдээ жил бүр 300 000 гаруй хүний зүрх сэтгэлд баттай «үндэслэж», тэд усан баптисмаар бэлгэдэн өөрсдийгөө Еховад зориулж байна. Ямар сайхан ирээдүй тэднийг хүлээнэ вэ!
18 Бурхны Үгийг хайрладаг хүмүүс Ехова удахгүй нэрээ алдаршуулж эхлэнэ гэдгийг мэддэг. Дэлхийн хуурамч шашны эзэнт гүрэн агуу Бабилон мөхнө (Илчлэлт 18:2, 8). Үүний дараа Бурхны Үгийн дагуу амьдрахыг хүсэхгүй байгаа хүмүүсийг Хаан Есүс Христ устгана (Дуулал 2:9–11; Даниел 2:44). Дараа нь Бурхны Хаанчлал гэмт хэрэг, дайн дажин, бусад гамшиг зовлонг үүрд үгүй болгоно. Өвчин эмгэг, зовлон бэрхшээл, үхэл урьдын явдал болох учир хүмүүсийг тайтгаруулах хэрэггүй болно (Илчлэлт 21:3, 4).
19, 20. Бурхны Үгийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байна вэ?
19 Бурхны Үгийг хайрладаг хүмүүс тэр цагт хэчнээн сайхан үйлийг бүтээх бол оо! Тэд Хармагэдооны дараа дэлхий дээр Диваажин байгуулж эхлэнэ. Тэдэнд гайхамшигтай даалгавар оногдох бөгөөд энэ нь үхсэн хэдий ч Бурхны санах ойд үлдсэн бөгөөд дахин амилах хүмүүст зориулан шаардлагатай бүхнийг хийх явдал юм (Иохан 5:28, 29). Тэр цагт Хэмжээгүй эрхт Эзэн Ехова агуу их эрх мэдэл өгсөн Хүү Есүс Христээрээ дамжуулан хүн төрөлхтнийг төгс удирдана. «Номнууд дэлгээстэй» бөгөөд хүн төрөлхтөн шинэ ертөнцөд амьдрахад шаардлагатай удирдлагыг Еховагаас авах болно (Илчлэлт 20:12).
20 Еховагийн товлосон цагт үнэнч тослогдогсод бүгдээрээ тэнгэрийн шагналаа хүртэж, «Христийн хамтран залгамжлагчид» болно (Ром 8:17). Христийн Мянган жилийн захиргааны үед Бурхны Үгийг хайрладаг дэлхий дээрх бүх хүмүүс ухаан болон биеэрээ төгс болно. Тэд эцсийн сорилтын үед үнэнч байдлаа баталсны дараа мөнх амьтай болж, «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүрнэ (Ром 8:21; Илчлэлт 20:1–3, 7–10). Ямар гайхамшигтай цаг болох бол оо! Ехова бидэнд тэнгэрийн эсвэл дэлхийн гээд аль ч найдварыг өгсөн байлаа гэсэн хэрэв бид түүнийг Үгийг чин сэтгэлээсээ хайрладаг, амьдралдаа удирдлага болгохыг хичээдэг бол Бурхны мэргэн ухаан биднийг хамгаалж, харин ирээдүйд бид «түүнийг элгэндээ тэвэрсэн» учраас биднийг «өргөмжлөх» болно (Сургаалт үгс 4:6, 8).
Та санаж байна уу?
◻ Бурхны Үгийг хайрлах хайр биднийг хэрхэн хамгаалах вэ?
◻ Есүсийн сургаалт зүйрлэл дэх үр нь юу вэ? Тэр үрийг яаж суулгадаг вэ?
◻ Бид «сайн хөрс» гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
◻ Бурхны Үгийг хайрладаг хүмүүсийг ямар ивээл хүлээж байна вэ?