СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10
Хайр, талархал—баптисм хүртэх хөшүүрэг
«Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» (ҮЙЛС 8:36).
ДУУ 10 Би энд байна! Намайг илгээ
ТОЙМa
1, 2. Үйлс 8:27–31, 35–38-д бичсэнийг үзвэл, Этиопын түшмэл юунд хөтлөгдөн баптисм хүртсэн бэ?
ТА БАПТИСМ хүртэж Христийн шавь болохыг хүсдэг үү? Олон хүн хайр, талархах сэтгэлдээ хөтлөгдөөд баптисм хүртжээ. Этиопын хатан хааны нэг түшмэлийн тухай ярилцъя.
2 Тэр түшмэл баптисм хүртэх хэрэгтэйгээ Судраас ойлгосон даруйдаа хэрэгжүүлжээ (Үйлс 8:27–31, 35–38-ыг уншина). Яагаад? Бурхны Үгийг эрхэмлэдэг байсан нь тодорхой. Учир нь тэрбээр Иерусалимаас буцах замдаа Исаиагийн номыг уншиж явсан. Дараа нь Филипийн тайлбарлахыг сонсоод өөрийнх нь төлөө маш чухал юм хийсэн Есүст талархсан. Яагаад Иерусалимд очсон юм бол? Еховад хайртай учраас тэнд очсон гэж дүгнэж болно. Хайргүй байсан бол Иерусалимд очиж Еховад мөргөнө гэж үү? Жинхэнэ Бурхныг шүтдэг цорын ганц үндэстэнтэй нэгдэхийн тулд өөрийнхөө шашныг шүтэхээ больсон бололтой. Бас Еховаг гэсэн тэр л хайрандаа хөтлөгдөн нэг чухал алхам хийжээ. Юу гэвэл баптисм хүртэж, Христийн шавь болсон (Мат. 28:19).
3. Баптисм хүртэхэд юу саад болж мэдэх вэ? («Таны зүрхийг ямар хөрстэй адилтгаж болох вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).
3 Еховаг хайрлах хайр бол баптисм хүртэх чухал хөшүүрэг юм. Гэхдээ баптисм хүртэхэд саад болдог хайр гэж бий. Хэдэн жишээ авъя. Та Еховад итгэдэггүй гэрийнхэн болон найзууддаа маш их хайртай байх. Баптисм хүртэхээр дургүйцнэ гэж айдаг байж болох юм (Мат. 10:37). Эсвэл хийх дуртай зүйлийг тань Бурхан үзэн яддагийг мэдсэн ч түүнээсээ салах дургүй, бас салахад хэцүү байж мэднэ (Дуу. 97:10). Эсвэл хуурамч шашинтай холбоотой баяр ёслолыг багаасаа тэмдэглэж ирсэн бол тэр баяртай холбоотой нандин дурсамжаа эрхэмлэдэг байж магадгүй. Тийм болохоор тэмдэглэхээ болих нь амаргүй санагдах байх (1 Кор. 10:20, 21). Тэгвэл «Би хэнийг илүү хайрлаж, юуг илүү эрхэмлэх ёстой вэ?» гэдгээ сайтар бодоорой.
ХЭНИЙГ ХАЙРЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?
4. Баптисм хүртэх гол шалтгаан юу вэ?
4 Танд хайрлаж эрхэмлэдэг зүйл олон байдаг биз ээ. Жишээлбэл та Еховагийн Гэрчүүдтэй уулзахаасаа бүр өмнө Библийг эрхэмлэдэг, Есүсийг хайрладаг болсон байж магадгүй. Еховагийн Гэрчүүдтэй танилцсанаасаа хойш тэдэнтэй хамт байх нь сайхан санагддаг болсон байх. Тэглээ гээд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх хүсэл төрөх нь юу л бол. Ехова Бурхныг хайрлах хайр баптисм хүртэх гол шалтгаан болдог. Еховаг хэнээс ч, юунаас ч илүү хайрладаг болбол түүнд үйлчлэхэд тань юу ч саад болохгүй. Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдвөл баптисм хүртээд зогсохгүй, цаашдаа ч үнэний замаас гарахгүй.
5. Ямар асуултуудыг ярилцах вэ?
5 Еховаг бүхий л зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ хайрлах ёстойг Есүс хэлж өгсөн (Марк 12:30). Яавал Еховаг тэгж их хайрлаж, хүндэлдэг болох вэ? Биднийг хэрхэн хайрладгийг нь эргэцүүлэн бодвол хайрыг нь хайраар хариулах хүсэл төрнө (1 Ёох. 4:19). Та хамгийн чухал энэ хайранд хөтлөгдвөл юу бодож, юу хийх вэ?b
6. Ром 1:20-ийг үзвэл, Еховагийн тухай мэдэх нэг арга юу вэ?
6 Бүтээлээс нь Еховагийн тухай мэдэж аваарай (Ром 1:20-ийг уншина; Илч. 4:11). Ехова хэчнээн мэргэн ухаантайг эргэцүүлэн бодохын тулд ургамал, амьтныг ажиглаарай. Таны биеийг ямар гайхалтай бүтээснийг судлаарай (Дуу. 139:14). Мөн Бурхны бүтээсэн олон тэрбум одны нэг болох нарны эрчим хүчний талаар бодооройc (Ис. 40:26). Ийнхүү бодвол та Еховаг улам их хүндлэх нь дамжиггүй. Гэхдээ Еховатай дотно харьцаатай болоход мэргэн ухаан, хүч чадлыг нь мэдэх нь төдий л хангалттай биш. Чин зүрхнээсээ хайрладаг болохын тулд Еховаг илүү сайн мэдэх хэрэгтэй.
7. Еховаг маш их хайрладаг болохын тулд юунд итгэх хэрэгтэй вэ?
7 Ехова хүн нэг бүрд санаа тавьдагт итгээрэй. Тэнгэр, газрыг бүтээсэн Нэгэн таныг ажиглан харж, танд санаа тавьдагт итгэх хэцүү юү? Тийм бол «Бурхан хүн бүрд ойр байдгийг» санаарай (Үйлс 17:26–28). Ехова «бүх зүрхнүүдийг шалгадаг» бөгөөд «Хэрэв чи [намайг] хайвал, [намайг] олно» хэмээн танд амлаж байна (Ш.дээд 28:9). «Би чамайг ... татсан» гэж Ехова хэлсэн байдаг. Ийм учраас та одоо Библи судалж байгаа билээ (Иер. 31:3). Ехова таны төлөө юу хийснийг мэдэх тусам та түүнийг улам бүр хайрлана.
8. Еховагийн хайрыг хайраар хариулахын тулд яах хэрэгтэй вэ?
8 Еховагийн хайрыг хайраар хариулах нэг арга нь залбирах юм. Та юу бодож, юунд санаа зовж байгаагаа хэлэхийн зэрэгцээ таны төлөө хийсэн бүхэнд нь талархахын хэрээр Бурхныг улам бүр хайрлана. Залбиралд тань хариулсныг мэдрэх тусам Еховатай улам бүр дотносно (Дуу. 116:1). Тэгээд таныг ойлгодог гэдэгт итгэдэг болно. Гэхдээ Еховатай дотносохын тулд юунд дуртай, юунд дургүй, юуг яаж хийдгийг нь ойлгох хэрэгтэй. Бас таныг ямар байгаасай гэж хүсдэгийг мэдэх шаардлагатай. Зөвхөн Еховагийн Үг Библийг судалбал ийм мэдлэгийг олж авна.
9. Библийг эрхэмлэдэг хүн яадаг вэ?
9 Бурхны Үг Библийг эрхэмлэдэг болоорой. Еховагийн тухай үнэнийг, мөн ирээдүйн талаарх санаа зорилгыг нь зөвхөн Библиэс мэдэх боломжтой. Тиймээс Библийг өдөр бүр уншиж, хичээлдээ бэлдэж, судалж мэдсэнээ хэрэгжүүлдэг бол энэ номыг эрхэмлэж байгаа хэрэг (Дуу. 119:97, 99; Ёох. 17:17). Та Библи унших хуваарьтай юу? Тэр хуваарийнхаа дагуу Библиэ өдөр бүр уншдаг уу?
10. Библийн нэг онцлог юу вэ?
10 Есүстэй уулзаж учирсан хүмүүсийн гэрчлэлийг тэмдэглэн үлдээсэн нь Библийн нэг онцлог юм. Тийм учраас Есүс таны төлөө юу хийснийг зөвхөн энэ номоос үнэн зөвөөр нь мэдэж болно. Есүсийн үг сургаал, үйл хэргийг судлахын хэрээр түүнтэй анд нөхөр болох хүсэл төрнө.
11. Еховаг хайрладаг болохын тулд яах хэрэгтэй вэ?
11 Есүст хайртай болоорой. Тэгвэл Еховаг улам бүр хайрлана. Яагаад? Есүс зан байдлаараа Эцэгтэйгээ яг адилхан (Ёох. 14:9). Тиймд Есүсийг хэдийчинээ их мэддэг болно, Еховаг төдийчинээ сайн ойлгож, түүнд талархдаг болно. Бусдад ад үзэгддэг ядуу зүдүү, өвчтэй зовлонтой, сул дорой хүмүүсийг хэрхэн өрөвдөн хайрлаж байсныг бод доо. Бас танд ямар зөвлөгөө өгснийг, тэр зөвлөгөөг дагаад ямар ач тус хүртсэнээ бодоорой (Мат. 5:1–11; 7:24–27).
12. Есүсийг мэдэхийн хэрээр ямар хүсэл төрөх вэ?
12 Есүсийн золиосны ачаар бидний нүгэл уучлагдах боломж бүрдсэнийг нухацтай бодвол Есүсийг хайрладаг болно (Мат. 20:28). Есүс таны төлөө амиа дуртайяа өгснийг ойлговол гэмшиж, Еховагаас өршөөл гуйх хүсэл төрөх биз ээ (Үйлс 3:19, 20; 1 Ёох. 1:9). Та Ехова Есүс хоёрыг хайрладаг болбол тэдэнд хайртай хүмүүст өөрийн эрхгүй татагдана.
13. Ехова танд яаж туслах вэ?
13 Еховагийн гэр бүлийнхнийг хайрладаг болоорой. Ямар учраас Еховад өөрийгөө зориулах гээд байгааг гэрийнхэн, найз нөхөд тань ойлгохгүй байж болох юм. Бүр эсэргүүцэж магадгүй. Гэхдээ Ехова танд туслах учраас санаа зовох хэрэггүй. Таныг «ах эгч дүү, эх, үр хүүхэдтэй» болгоно. Тэд бол таныг хайрлаж, дэмждэг хурлын гишүүд юм. Гагцхүү та тэдэнтэйгээ дотносох хэрэгтэй (Марк 10:29, 30; Евр. 10:24, 25). Төрсөн гэр бүлийнхэн тань яваандаа тантай хамт Еховад үйлчлэн, хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг болох ч юм билүү? (1 Петр 2:12).
14. Та 1 Ёохан 5:3-т бичсэнийг бодож үзээд Еховагийн тогтоосон хэм хэмжээний талаар юу ойлгосон бэ?
14 Еховагийн тогтоосон хэм хэмжээг эрхэмлэж, чанд баримталж сураарай. Та Еховатай танилцахаасаа өмнө юуг зөв, юуг буруу гэдгийг өөрийнхөөрөө тогтоогоод, түүнийхээ дагуу амьдардаг байсан байх. Харин одоо Еховагийн тогтоосон хэм хэмжээ хамаагүй илүү гэдгийг ойлгосон биз ээ (Дуу. 1:1–3; 1 Ёохан 5:3-ыг уншина). Нөхөр, эхнэр, эцэг эх, хүүхдэд зориулсан Библийн зөвлөгөөг бодоод үз дээ (Эф. 5:22—6:4). Тэр зөвлөгөөг дагаад танай гэр бүлийнхэн жаргалтай болсон уу? Еховагийн заавраар найз нөхдөө зөв сонгоод сайн зуршилтай болсон уу? Та жаргалтай хүн мөн үү? (Сур. 13:20; 1 Кор. 15:33). Эдгээр асуултад та: «Тийм» гэж хариулах нь лавтай.
15. Библийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй бол яах хэрэгтэй вэ?
15 Та Библийн зарчмыг мэдэж авсан ч хэрхэн хэрэгжүүлэхээ заримдаа мэдэхгүй байж болох юм. Тиймээс буруу зөвийг ялгахад тань тус болох материалыг Ехова байгууллагаараа дамжуулан өгдөг (Евр. 5:13, 14). Библид үндэслэсэн тэр материалыг уншиж, судалбал ойлгомжтой, хэрэгжүүлэхэд дөхөм гэдгийг ухаарна. Тэгээд та Еховагийн байгууллагад татагдах нь дамжиггүй.
16. Ехова хурлуудыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
16 Еховагийн байгууллагыг хайрлаарай, дэмжээрэй. Ехова хурлуудыг зохион байгуулж, Хүү Есүсээ тэргүүнээр нь томилсон (Эф. 1:22; 5:23). Есүс цөөн хэдэн тослогдсон хүнд одоо өрнөж буй ажлыг удирдан зохион байгуулах үүрэг өгсөн. Есүс тэднийг «итгэмжит, ухаалаг боол» гэдэг. Тэд таныг Бурхантай дотносоход хэрэгтэй бүхнээр хангахаас гадна Бурхантай тогтоосон харьцааг тань хамгаалдаг (Мат. 24:45–47). Итгэмжит боол шаардлага хангасан эрчүүдийг ахлагчаар томилж хурлын гишүүдэд санаа тавьдаг. Ахлагчдыг хоньдоо хариулж, хамгаалдаг хоньчидтой зүйрлэж болно (Ис. 32:1, 2; Евр. 13:17; 1 Петр 5:2, 3). Тэд таныг тайвшруулж, Еховатай улам дотносоход тусалж, таны төлөө чадах бүхнээ дуртайяа хийдэг. Хамгийн гол нь, Еховагийн тухай бусдад заахад тань тусалдаг (Эф. 4:11–13).
17. Ром 10:10, 13, 14-т бичсэнийг үзвэл, Еховагийн талаар яагаад бусдад ярих ёстой вэ?
17 Еховаг хайрладаг болоход нь бусдад туслаарай. Еховагийн тухай заахыг Есүс дагалдагчдадаа тушаажээ (Мат. 28:19, 20). Энэ тушаалыг зөвхөн үүрэг гэж бодоод биелүүлж болно л доо. Гэхдээ та Еховаг хайрлах тусам «Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» гэж хэлсэн элч Петр Ёохан нар шиг болно (Үйлс 4:20). Еховаг хайрладаг болоход нь бусдад туслах шиг жаргал үгүй. Сайн мэдээ тунхаглагч Филип этиоп хүнд Судрыг ойлгуулж, баптисм хүртэхэд нь тусалсандаа хэчнээн их баярласныг төсөөлөөрэй. Та бас Есүсийн тушаалыг даган дэлгэрүүлдэг бол Еховагийн Гэрч болох хүсэлтэйгээ батлан харуулна (Ром 10:10, 13, 14-ийг уншина). Улмаар тэр этиоп хүн шиг «Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» гэх биз ээ (Үйлс 8:36).
18. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Баптисм хүртэх шийдвэр бол хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Тийм учраас баптисм хүртэх гэж юу гэсэн үг болохыг нухацтай бодох хэрэгтэй. Баптисмын талаар юу мэдэх шаардлагатай вэ? Баптисм хүртэхээсээ өмнө болон дараа нь яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс мэдэж авъя.
ДУУ 138 Таны нэр бол Ехова
a Зарим хүн Еховаг хайрладаг атлаа өөрийгөө баптисм хүртэхэд бэлэн биш гэж боддог. Та тэдний нэг бол баптисм хүртэх хүсэлтэй болохын тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээс мэдэж аваарай.
b Хүн болгон харилцан адилгүй учир энэ өгүүлэлд дурдсан зөвлөгөөг ямар дарааллаар хэрэгжүүлэхээ өөрөө шийдэж болно.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй хүнс худалдаж авангаа худалдагчид танилцуулга өгч байна.