Та бүх юманд итгэмжтэй байдаг уу?
«Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг» (ЛУК 16:10).
1. Ехова «итгэмжит Бурхан» гэдгийн нэг баталгаа юу вэ?
МОДНЫ сүүдэр өдрийн турш яаж өөрчлөгддөгийг та лав анзаарсан байх. Хэлбэр дүрс, тусах зүг нь өөрчлөгддөг шүү дээ. Хүний зорилго, амлалт яг л сүүдэр шиг байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин Ехова Бурхан цагийн аясыг дагаж өөрчлөгддөггүй. «Гэрлүүдийн Эцэг» Еховагийн тухай шавь Иаков: «Түүнд... өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй» гэж бичжээ (Иаков 1:17). Ехова өөрчлөгдөшгүй бөгөөд найдвартай үнэхээрийн «итгэмжит Бурхан» билээ (Дэд хууль 32:4).
2. а) Итгэмжит эсэхээ шалгах ёстойн учир юу вэ? б) Итгэмжтэй байхтай холбогдуулан ямар ямар асуулт авч үзэх вэ?
2 Тэгвэл Бурхан итгэмжит үйлчлэгчдээ хэрхэн үздэг вэ? Давид Еховагийн санааг илэрхийлэн: «Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ» гэж хэлжээ (Дуулал 101:6). Тийм ээ, Ехова итгэлтэй үйлчлэгчдээ эрхэмлэн үздэг. Элч Паул: «Итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг» гэж бичсэн нь бүрэн үндэстэй (1 Коринт 4:2). Итгэмжтэй байх гэдэг юу гэсэн үг вэ? Амьдралын ямар ямар хүрээнд бид итгэмжтэй байх ёстой вэ? Үүний шагнал юу вэ?
Итгэмжтэй байх гэдэг юу гэсэн үг вэ?
3. Итгэмжтэй эсэхийг маань чухам юу тодорхойлох вэ?
3 «Мосе үйлчлэгч болохынхоо хувьд... итгэмжит байсан» гэж Еврей 3:5-д тэмдэглэжээ. Зөнч Мосе юуны ачаар итгэмжит байж чадсан бэ? Жишээ нь, мөргөлийн асар барихдаа «ЭЗЭНий тушаасан бүхний дагуу... үйлдсэн» (Египетээс гарсан нь 40:16). Еховаг шүтдэг бид Бурхандаа дуулгавартай үйлчилж итгэмжит гэдгээ харуулдаг. Бас итгэмжит байхын тулд хүнд сорилттой тулгарлаа ч үнэнч үлдэх шаардлагатай. Гэхдээ хэцүү сорилтыг амжилттай давах гэдэг итгэмжит байдлыг маань тодорхойлох цорын ганц хүчин зүйл биш ээ. «Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг» гэж Есүс хэлсэн (Лук 16:10). Бид бага юм шиг санагдах зүйлд ч итгэмжтэй байх ёстой.
4, 5. «Маш бага юманд» ч итгэмжтэй байх нь юуг харуулдаг вэ?
4 «Маш бага юманд» өдөр бүр итгэмжтэй байхыг чухалд үзэх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, итгэмжтэй байвал Еховагийн эрх мэдлийг хүндэтгэдгээ батална гэсэн үг. Адам Ева хоёр итгэмжтэй эсэхээ харуулах ёстой байв. Энэ нь тэдний хувьд тийм хүнд дарамт байгаагүй. Еден цэцэрлэгт бүх төрлийн жимсний мод олон байсан шүү дээ. Тэд ердөө ганцхан мод буюу «сайн мууг мэдүүлэгч модны» жимснээс идэх учиргүй байв (Эхлэл 2:16, 17). Ийм л энгийн тушаалыг үнэнч биелүүлсэн бол тэд Еховагийн эрх мэдлийг хүндэтгэдгээ харуулах байжээ. Бид ч гэсэн Еховагийн удирдлага зааврыг өдөр тутам дагаж амьдарвал эрх мэдэлд нь захирагддагаа харуулна.
5 Хоёрдугаарт, «маш бага юманд» яаж хандана, «их юм» буюу чухал шийдвэр гаргахдаа тэгж хандана гэсэн үг. Үүнийг сайн ойлгохын тулд Даниел болон түүний үнэнч гурван найз Хананиа Мишаел Азариа нарт юу тохиолдсоныг санацгаая. МЭӨ 617 онд тэд Вавилонд олзлогдон явахдаа хорь ч хүрээгүй, бага залуу байсан бололтой. Небухаднезар хаан тэднийг ордондоо байлгах болжээ. «Хаан тэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа» (Даниел 1:3—5).
6. Даниел гурван найзынхаа хамтаар Вавилоны хааны ордонд ямар сорилттой тулгарсан бэ?
6 Вавилоны хааны хоол унднаас хүртэнэ гэдэг еврей залуусын хувьд нэг ёсны сорилт байлаа. Учир нь Мосегийн хуулиар хориотой хоол хүнс хааны амттан шимттэнд ордог байсан бололтой (Дэд хууль 14:3–20). Бас вавилончууд хүнсэнд хэрэглэх малыг нядлахдаа цусыг нь зохих ёсоор юүлж асгадаггүй байжээ. Тэгэхлээр, тийм мах идвэл Бурхны Хуулийг зөрчсөн хэрэг болох байв (Дэд хууль 12:23–25). Түүнээс гадна, вавилончууд хиймэл шүтээнд өргөсөн хоолоо нийтээрээ хувааж иддэг уламжлалтай байжээ.
7. Даниел гурван найзтайгаа Еховад дуулгавартай байснаараа юу харуулсан бэ?
7 Хоол ундыг цээрлэх нь Вавилоны хааны ордныхонд сүртэй юм биш байжээ. Гэхдээ Даниел болон түүний найзууд израильчуудад өгсөн Бурхны Хуулиар хориотой хоол идэж, өөрсдийгөө бузарлахгүй гэж сэтгэлдээ хатуу шийдсэн байлаа. Ордны хоол унд, нарийн яривал, Бурханд үнэнч хийгээд итгэмжтэй байх эсэхэд сорилт болж байв. Тиймээс, тэд ногоо, ус өгөхийг гуйхад ордныхон гуйлтыг нь зөвшөөрчээ (Даниел 1:9–14). Тэдний хийсэн бүхэн өнөөгийн зарим хүнд ялихгүй юм мэт санагдаж болох. Гэхдээ, тэд Бурханд дуулгавартай байснаараа Сатаны дэгдээсэн маргаантай асуудлаар Еховагийн талд зогсож буйгаа харуулсан.
8. а) Гурван еврей залуу ямар хүнд сорилтод орсон бэ? б) Хэрэг явдал юугаар төгссөн бэ? Энэ жишээнээс бид юунд суралцаж болох вэ?
8 Төдий л чухал биш санагдах юманд ч итгэмжтэй байсан нь Даниелын гурван найзад илүү хүнд сорилтод үнэнч байх сургууль болжээ. Гурван еврей залуу Небухаднезар хааны барьсан алтан хөрөг барималд мөргөөгүй тул үхлийн ял авсан тухай «Даниел» номын 3-р бүлэгт тэмдэглэсэн байдгийг та мэдэх биз ээ. Тэд хааны өмнө дуудагдаж очоод: «Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд, хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. Харин тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй» гэж эрс шийдэмгий хэлдэг (Даниел 3:17, 18). Ехова тэднийг аварсан уу? Үнэнч гурван залууг дүрэлзсэн галтай зууханд хаясан цэргүүд үрэгдсэн байтал еврей залуус халуун зуухнаас амьдаараа, бүр түлэгдээ ч үгүй гарчээ! Тэд бага юманд итгэмжтэй байхыг ямагт хичээдэг байсныхаа ачаар тэр хүнд сорилтын үед Еховад үнэнч үлдэж чадсан. Бага юманд ч итгэмжтэй байхын чухлыг энэ жишээ харуулахгүй байна гэж үү?
«Шударга бус эд баялгийг» ашиглахдаа итгэмжтэй байх нь
9. Лук 16:10-т тэмдэглэсэн үгийн өмнө болон дараа Есүс юу гэж хэлсэн бэ?
9 Есүс, бага мэт санагдах юманд итгэмжтэй байдаг хүн чухал юманд ч мөн итгэмжтэй байдаг тухай хэлэхээсээ өмнө: «Шударга зөв [«бус», ШЕ] эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм» гэж зөвлөжээ. Тэгээд дараа нь, маш бага юманд итгэмжтэй байхыг захиад: «Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ? [...] Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцдэг. Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй» хэмээжээ (Лук 16:9–13).
10. «Шударга бус эд баялгийг» итгэмжтэй ашигладгаа хэрхэн харуулах вэ?
10 Хам сэдвийг нь авч үзвэл, Лук 16:10-т Есүс уг нь «шударга бус эд баялаг» буюу эд хөрөнгийг хэрхэн ашиглах тухай хэлжээ. Эд хөрөнгийг «шударга бус» гэсний учир нь материаллаг баялаг, ялангуяа, мөнгө төгс бус хүмүүсийн гарт байдагтай холбоотой. Түүнээс гадна, баяжихыг хүсдэг хүн шударга бус алхам хийх нь ч байдаг. Тиймээс, бид эд хөрөнгөө ухаалаг ашиглавал итгэмжтэй гэдгээ харуулах юм. Амин хувийн зорилгоор бус, Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлж, гачигдалтай итгэл нэгтнүүддээ туслахын тулд ашиглах нь зүйтэй. Эд хөрөнгөө зарцуулахдаа ч гэсэн итгэмжтэй байвал «мөнх нутгийн» эзэд болох Ехова Бурхан, Есүс Христ хоёртой анд нөхөд болно. Тэд биднийг «нутагтаа хүлээж авч», тэнгэрт эсвэл диваажин дэлхийд мөнх амьдруулна.
11. Байгууллагын маань үйл хэргийг дэмжих хүсэлтэй хүмүүсээс хандив хүлээж авдгаа хэлэхдээ ичиж зовох хэрэггүйн учир юу вэ?
11 Бид Хаанчлалын тухай мэдээ тунхаглаж яваад хүмүүст Библи болон Библид үндэслэсэн хэвлэл тараахдаа Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины үйл хэргийг дэмжих хүсэлтэй хүмүүсээс сайн дурын хандив хүлээн авдгаа хэлж ярьдаг маань ямар учиртай вэ? Хүмүүсийг эд хөрөнгөө ухаалаг ашиглахыг уриалж байгаа хэрэг биш гэж үү? Лук 16:10-т бичсэн зарчим эд хөрөнгөө зарцуулахтай шууд холбоотой ч, амьдралын бусад хүрээнд бас ач холбогдолтой.
Үнэнч шударга байх нь чухал
12, 13. Үнэнч шударга гэдгээ амьдралын ямар ямар хүрээнд харуулж болох вэ?
12 Элч Паул: «Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг [«бүх юманд үнэнч шударга байхыг», ШЕ] хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» хэмээн бичжээ (Еврей 13:18). «Бүх юм» гэдэгт санхүүгийн асуудал ч ордог нь гарцаагүй. Бид мөс чанартаа, гол нь, Бурхныг хайрлах хайр болон хууль тушаалыг нь дуулгавартай биелүүлэх хүсэлдээ захирагдан, өрөө ч, татвараа ч цаг тухайд нь үнэнч шударга төлдөг (Ром 13:5, 6). Бас бусдын эд зүйлийг олбол хууль ёсны эзэнд нь буцааж өгөхийг хичээдэг. Ямар учраас буцааж өгснийг маань заримдаа хүмүүс асууж сонирхдог. Тийм үед дэлгэрүүлэх сайхан боломж гардаг!
13 Бүх юманд үнэнч шударга байхын тулд ажил дээрээ бас үнэнч шударга байх шаардлагатай. Ажлаа үнэнч хийвэл хамт олондоо Бурхныхаа тухай мэдүүлэх боломж гардаг. Христианууд залхуурч ажлын цагаас «хулгайлдаггүй». Еховагийн төлөө мэт хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг (Ефес 4:28; Колоссай 3:23). Европын нэг оронд эмчийн магадалгаагаар ажлаасаа чөлөө авдаг хүмүүсийн гуравны нэг нь хуурамч магадалгаа бичүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Бурхны жинхэнэ үйлчлэгчид худал шалтаг тоочиж, ажил тасалдаггүй. Еховагийн Гэрчүүдийн үнэнч шударга зан, ажилч хөдөлмөрч байдлыг ажил олгогчид нь үнэлдэг бөгөөд заримдаа тэднийг тушаал дэвшүүлдэг (Сургаалт үгс 10:4).
Дэлгэрүүлэх ажилд итгэмжтэй байх нь
14, 15. Дэлгэрүүлэх ажилд итгэмжтэй байдгаа хэрхэн баталж болох вэ?
14 Бурхны даалгасан ажлыг үнэнчээр биелүүлдгээ яаж харуулах вэ? Библид: «Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг [Бурханд] үргэлж өргөцгөөе» гэж уриалсан байдаг (Еврей 13:15). Дэлгэрүүлэх ажлыг итгэмжтэй хийдгээ харуулах хамгийн сайн арга бол уг ажилд тогтмол оролцох явдал юм. Еховагийн тухай, санаа зорилгынх нь тухай бүтэн сар ярихгүй байж болох уу даа? Тогтмол дэлгэрүүлэх нь ур чадвараа сайжруулж, илүү үр бүтээлтэй үйлчлэхэд тусалдаг.
15 Дэлгэрүүлэх ажилд итгэмжтэй байдгаа харуулах өөр нэг арга бол «Харуулын цамхаг» сэтгүүл болон «Хаанчлалын үйлчлэл»-д нийтэлдэг заавар зөвлөгөөг хэрэгжүүлэх явдал юм. Дэлгэрүүлэх ажилд урьдчилан бэлдэж, нутгийнхаа онцлогт тохирсон оршил үг зэргийг ашиглахад ажил маань илүү үр дүнд хүрдгийг та анзаарсан уу? Хаанчлалын тухай мэдээг нааштай хүлээн авсан хүмүүстэй аль болох хурдан эргэж уулздаг уу? Сонирхсон хүмүүст Библийн хичээл яаж заадаг вэ? Хичээлээ тогтмол явуулдаг уу? Дэлгэрүүлэх ажилд итгэмжтэй байвал өөрийгөө ч, сонсогчоо ч аварна (1 Тимот 4:15, 16).
Ертөнцөөс тусгаар байх нь
16, 17. Ертөнцөөс тусгаар байдгаа юугаар харуулах вэ?
16 Есүс Бурханд залбирахдаа дагалдагчдынхаа тухай: «Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж хэлжээ (Иохан 17:14–16). Бид улс төрийн асуудлаар төвийг сахих, шашны холбогдолтой баяр наадам, ёс заншил болон садар самуун явдал гэх мэтийн том асуудлаар ертөнцөөс тусгаар байдаг, энэ байр сууриа ч тууштай баримталдаг. Гэхдээ бага юманд яаж ханддаг вэ? Өөрөө ч мэдэлгүй, ертөнцийн хүмүүст уруу татагддаг юм биш биз? Анхааралтай байхгүй бол, христиан хүнд зохисгүй, тохиромжгүй хувцасладаг болох энүүхэнд! Бүх юманд итгэмжтэй байя гэвэл хувцас хунар, зүс царайгаараа ч «даруу, түвшин» байх шаардлагатай (1 Тимот 2:9, 10). Тийм ээ, «үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг» (2 Коринт 6:3, 4).
17 Бид Еховаг магтан алдаршуулахыг хүсдэг учраас цуглаан, чуулганд очихдоо намбатай сайхан хувцасладаг. Христианууд бид энгийн даруу, цэвэр үзэмжтэй хувцаслахыг үргэлж хичээдэг. Энэ нь биднийг ажигладаг хүмүүст нэг ёсны гэрчлэл болдог. Тэнгэр элчүүд хүртэл элч Паул болон христиан нөхдийнх нь үйл хэргийг харж байсан шигээ биднийхийг ч бас ажиглаж байдаг (1 Коринт 4:9). Тиймээс, хүргэдэг мэдээндээ тохируулан хувцаслах нь зүйтэй. Юу өмсөж зүүхээ сонгох нь зарим хүний хувьд бага юм шиг санагдаж болох ч Еховагийн хувьд чухал байдаг.
Итгэмжтэй байхын шагнал
18, 19. Итгэмжтэй байхын шагнал юу вэ?
18 Жинхэнэ христиануудыг «Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд» гэдэг. Тиймээс, тэд «Бурхнаас тэтгэгддэг хүчинд» найддаг (1 Петр 4:10, 11). Түүнээс гадна, Бурхан биднийг нигүүлсэн нярвын үүрэг оноохдоо өөртөө хамаардаг их юмыг, тэр дундаа христиан үйлчлэлийг хариуцуулсан. Сайн нярав гэдгээ батлахын тулд бид Бурхны өгдөг хүч буюу «хирээс хэтэрсэн хүчинд» найддаг (2 Коринт 4:7, ШЕ). Үүний ачаар, ирээдүйд тулгарах алив сорилтыг давах сургууль хийдэг.
19 Дуулалч: «Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа. ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалдаг» гэж хэлжээ (Дуулал 31:23). Ехова бол «бүх хүний, ялангуяа итгэгчдийн [буюу итгэмжтэй хүмүүсийн] Аврагч» гэдгийг санаж, итгэмжтэй байдгаа шийдвэр төгс баталцгаая (1 Тимот 4:10).
Та санаж байна уу?
• «Маш бага юманд итгэмжтэй байх» ёстойн учир юу вэ?
• Үнэнч шударга байх нь ямар учраас чухал бэ?
• Дэлгэрүүлэх ажилд итгэмжтэй байдгаа яаж батлах вэ?
• Ертөнцөөс тусгаар байдгаа юугаар харуулж болох вэ?