Айлаар дэлгэрүүлэх нь одоо яагаад чухал бэ?
«Өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» (ҮЙЛС 5:42).
1, 2. а) Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ямар аргаараа олонд танил болсон бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?
ДАРААХ дүр зургийг бараг бүх үндэстэн мэддэг байх. Цэвэрхэн хувцасласан, хос хосоороо айлаар явдаг, уулзсан хүмүүстэйгээ Бурхны Хаанчлалын тухай Библиэс ярилцахыг хичээдэг хүмүүс байдаг. Хэрэв хүргэж байгаа мэдээг нь сонирхвол Библид үндэслэсэн ном хэвлэл өгч, Библийн хичээл гэрээр үнэ төлбөргүй зааж өгөх санал тавина. Тэгээд дараагийн айлд очно. Та бас ийм ажил хийдэг бол өөрийгөө танилцуулахаас тань өмнө хүмүүс таныг Еховагийн Гэрч гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдгийг анзаардаг биз ээ. Тийм ээ, айлаар дэлгэрүүлдгээр маань хүмүүс биднийг сайн мэдэх болжээ.
2 Сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлд хэмээсэн Есүсийн даалгаврыг биелүүлэхийн тулд бид янз бүрийн арга хэрэглэдэг (Мат. 28:19, 20). Дэлгүүр хоршоо, гудамж талбай гээд хаана хүн байна, тэнд очиж дэлгэрүүлдэг (Үйлс 17:17). Бас хүмүүстэй утсаар ярьж, захиагаар харилцдаг. Өдөр тутмын ажлаа хийж байхдаа ч уулзаж учирсан хүмүүстэйгээ Библийн үнэнийг хуваалцдаг. Библид үндэслэсэн мэдээллийг 300 гаруй хэлээр өгдөг албан ёсны Вэб хуудас ч бидэнд бий.a Эдгээр арга бүгдээрээ сайн үр дүнтэй. Гэхдээ айлаар явах нь сайн мэдээ дэлгэрүүлэх хамгийн гол арга маань юм. Ихэнх улс оронд бид айлаар дэлгэрүүлдэг. Энэ арга юунд үндэслэсэн бэ? Бурхны орчин үеийн ард түмэн юуны ачаар энэ аргыг тийм өргөн хэрэглэдэг болсон бэ? Айлаар дэлгэрүүлэх нь одоо яагаад чухал бэ?
Элч нарын арга
3. Есүс дэлгэрүүлэх ажлын талаар элч нартаа ямар заавар өгсөн бэ? Уг заавраас үзвэл, элч нар яаж дэлгэрүүлэх ёстой байсан бэ?
3 Айлаар дэлгэрүүлэх нь Библийн үндэстэй арга юм. Есүс элч нараа дэлгэрүүлэх ажлаар явуулахдаа: «Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэд» хэмээн захижээ. Тэд зохистой хүнийг яаж олж мэдэх ёстой байсан бэ? Есүс тэдэнд: «Айлд орохдоо мэндийг нь мэд. Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг» хэмээн хэлжээ. Шавь нар нь урилга авч байж, айлаар явах хэрэгтэй байсан уу? Есүс цааш нь: «Та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага» гэж хэлснийг анхаараарай (Мат. 10:11–14). Элч нар «суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэхдээ» өөрсдийн санаачилгаар айлаар явах хэрэгтэй байсан нь эндээс тодорхой харагддаг (Лук 9:6).
4. Айлаар дэлгэрүүлэх талаар Библийн аль номд тодорхой бичсэн байдаг вэ?
4 Элч нар айлаар дэлгэрүүлдэг байсныг Библид тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, Үйлс 5:42-т тэдний тухай: «Өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв» гэж бичжээ. Түүнээс хойш 20 шахам жилийн дараа элч Паул Ефес хотын христиан хурлын ахлагчдад: «Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургасан» хэмээн сануулжээ. Паул тэр ахлагчдыг христиан болохоос нь өмнө тэдэн дээр очиж байсан нь илэрхий. Учир нь тэрбээр олон зүйлийг тэдэнд заахдаа «Бурхны өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай ...гэрчилсэн» байна (Үйлс 20:20, 21). Библи судлаач Робертсон Үйлс 20:20-ийг тайлбарлахдаа: «Энэ агуу тунхаглагч айлаар дэлгэрүүлдэг байсныг анхаарууштай» хэмээн бичжээ («Word Pictures in the New Testament»).
Орчин үеийн голион сүрэг
5. Иоелийн зөгнөлд дэлгэрүүлэх ажлыг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
5 Нэгдүгээр зуунд явагдаж байсан гэрчлэх ажил орчин үед хийгдэж байгаа агуу ажлын үлгэр загвар байв. Зөнч Иоел тослогдсон христиануудын дэлгэрүүлэх ажлыг голион сүргийн учруулах гамшигтай зүйрлэжээ (Иоел 1:4). Голионууд урагш давших цэргүүд лүгээ адил аливаа саадыг даван, айлын гэр орноор орж, замдаа тааралдсан бүхнийг юу ч үгүй цөлмөдөг (Иоел 2:2, 7–9-ийг уншина уу). Бурхны орчин үеийн ард түмэн дэлгэрүүлэх ажлаа шаргуу, нягт нямбай хийдгийг хэчнээн хурцаар дүрслээ вэ! Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» энэ зөгнөлийг биелүүлэхдээ, хамгийн гол нь, айлаар дэлгэрүүлэх аргыг хэрэглэдэг (Иох. 10:16, ШГ). Элч нарын энэ аргыг Еховагийн Гэрчүүд бид дэлгэрүүлэх ажилдаа яаж өргөн хэрэглэдэг болсон бэ?
6. 1922 онд айлаар дэлгэрүүлэх талаар ямар уриалга гарсан бэ? Зарим хүн яаж хүлээж авсан бэ?
6 Христиан хүн бүр дэлгэрүүлэх ажилд биечлэн оролцох учиртайг 1919 оноос эхлэн онцгой анхаарах болжээ. Жишээ нь, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1922 оны 8 сарын 15-ны дугаарын «Үйлчлэл чухал» гэсэн гарчигтай өгүүлэлд «хүмүүст ном хэвлэл өгч, үүдэн дээр нь ярилцаж, тэнгэрийн хаанчлал ойрхон байгааг гэрчлэхийн» чухлыг тослогдсон христиануудад сануулсан байдаг. «Бюллетень» (одоогийн «Хаанчлалын үйлчлэл»)-д ямар оршил яаж хэлэхийг нарийн заадаг байжээ. Гэвч айлаар дэлгэрүүлдэг хүмүүсийн тоо эхэн үед маш цөөхөн байв. Зарим хүн хойш суудаг байлаа. Тэд үүнийгээ янз бүрээр тайлбарладаг ч, гол нь, айлаар дэлгэрүүлэхийг нэр сүрээ гутаасан хэрэг гэж үздэг байжээ. Дэлгэрүүлэх ажлын чухлыг улам онцлохын хэрээр тийм хүмүүс Еховагийн байгууллагаас холбоогоо аажмаар тасалжээ.
7. 1950-иад онд ямар шаардлага гарч ирсэн бэ?
7 Түүнээс хойших хэдэн арван жилийн хугацаанд дэлгэрүүлэх ажлын цар хүрээ өргөжин тэлсэн. Гэсэн ч дэлгэрүүлэгчдийг айлаар дэлгэрүүлэх ажилд биечлэн сургах зайлшгүй шаардлагатай нь тодорхой болсон байна. АНУ-д байдал ямар байсныг жишээ болгон авъя. 1950-иад оны эхээр тус улс дахь Гэрчүүдийн 28 хувь нь цуглааны урилга тараах, сэтгүүл барьж гудамжинд зогсох төдийгөөр дэлгэрүүлэх ажилд оролцож, 40 гаруй хувь нь сар алгасан, алдаг оног дэлгэрүүлдэг байжээ. Бурханд өөрийгөө зориулсан бүх христианыг айлаар дэлгэрүүлдэг болгохын тулд яах хэрэгтэй байсан бэ?
8, 9. 1953 онд сургалтын ямар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бэ? Үр дүн нь ямар байсан бэ?
8 1953 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын чуулганаар айлаар дэлгэрүүлэх ажилд онцгой анхаарал хандуулжээ. Бүх христиан харгалзагчийн гол ажил бол Гэрч бүрийг айлаар тогтмол дэлгэрүүлдэг болоход нь туслах явдал гэдгийг Нейтан Норр зарлан мэдэгдсэн. Тэрбээр: «Гэрч бүр айлаар явж, сайн мэдээ дэлгэрүүлж чаддаг байх ёстой» хэмээн хэлжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд дэлхий даяар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Айлаар дэлгэрүүлж үзээгүй христиануудыг уг сургалтад хамруулж, хүмүүстэй үүдэнд нь ярилцаж, Библиэс тайлбарлаж, асуусан асуултад нь хариулах аргад сургажээ.
9 Энэхүү сургалтын хөтөлбөрийн үр дүн үнэхээр сайн байлаа. Арван жилийн дотор дэлгэрүүлэгчдийн тоо дэлхийн хэмжээгээр 100, давтан уулзалт 126, Библийн хичээл 150 хувиар тус тус өсжээ. Эдүгээ 7 сая шахам дэлгэрүүлэгч сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж байна. Энэ гайхалтай өсөлт бол Ехова ард түмнийхээ айлаар дэлгэрүүлэх ажилд гаргаж буй хүчин чармайлтыг ивээж байгаагийн нэг баталгаа юм (Ис. 60:22).
Авралын тэмдэг тавих нь
10, 11. а) «Езекиел» номын 9-р бүлэгт бичсэнээр, Езекиел ямар үзэгдэл үзсэн бэ? б) Тэр үзэгдэл өнөө үед хэрхэн биелж байна вэ?
10 Айлаар дэлгэрүүлэх ажил хэчнээн чухал болохыг зөнч Езекиелийн үзсэн үзэгдлээс ойлгож болно. Езекиел зэвсэг барьсан зургаан хүн, маалинган хувцас өмсөж, ташаандаа бичгийн хэрэглэл зүүсэн нэг хүнийг үзжээ. Долоо дахь хүнд «хотын дундуур» явж, «хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавихыг» тушаадаг. Тэмдэг тавих ажлын дараа сөнөөгч зэвсэг барьсан мөнөөх зургаан хүн тэмдэггүй хүмүүсийг бүгдийг нь устгах тушаал авдаг (Езекиел 9:1–6-г уншина уу).
11 Энэ зөгнөлд гардаг «маалинган хувцас өмссөн хүн» сүнсээр тослогдсон үнэнч христиануудын үлдэгсдийг төлөөлдгийг бид мэддэг. Тослогдсон анги дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил хийхдээ Христийн «өөр хонинуудын» тоонд багтах хүмүүст бэлэгдлийн утгаар тэмдэг тавьдаг (Иох. 10:16, ШГ). Тэмдэг гэж юу вэ? Духан дээр тавьсан тэмдэг ил харагддагийн адил, хүн Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэн, Есүс Христийн шавь болж, шинэ хүнийг өмссөн нь бусдад тодорхой харагддаг. Энэ бол тэмдэг юм (Ефес 4:20–24). Тэдгээр хонь шиг хүмүүс тослогдсон христиануудтай нийлэн нэг сүрэг болж, бусад хүнд тэмдэг тавих чухал ажилд нь тусалдаг (Илч. 22:17).
12. Хүмүүсийн духан дээр тэмдэг тавих тухай Езекиелийн үзэгдэл хонь шиг хүмүүсийг хайхын чухлыг хэрхэн онцолдог вэ?
12 «Санаа алдаж, ёолон буй» хүмүүсийг хайх ажил ямар учраас тийм чухал байдгийн нэг шалтгааныг Езекиелийн үзэгдэлд онцолсон байдаг. Энэ бол хүний амь настай холбоотой ажил юм. Зэвсэгтэй зургаан хүнээр төлөөлүүлсэн Еховагийн тэнгэрийн дайчид бэлэгдлийн тэмдэг тавиулаагүй хүмүүсийг тун удахгүй устгана. Ойртон айсуй Бурхны энэхүү шийтгэлийн тухай элч Паулын бичсэнээр, Эзэн Есүс «хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт» ирж, «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» (2 Тес. 1:7, 8). Хүмүүсийг сайн мэдээнд яаж хандсанд нь үндэслэж шийтгэх учиртайг анхаараарай. Бурхны мэдээг тунхаглах ажил төгсгөл хүртэл тасралтгүй үргэлжилнэ (Илч. 14:6, 7). Тэгэхлээр, Еховад өөрийгөө зориулсан бүх христианд маш өндөр үүрэг хариуцлага ногдож байна (Езекиел 3:17–19-ийг уншина уу).
13. а) Элч Паул ямар үүрэгтэйгээ ухамсарласан бэ? Яагаад? б) Та хүмүүсийн өмнө ямар үүрэгтэй вэ?
13 Элч Паул хүмүүст сайн мэдээ хүргэх үүргээ сайтар ухамсарладаг байв. Тэрбээр: «Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна» гэж бичжээ (Ром 1:14, 15). Паул өөрөө Бурхны өршөөлийг хүртсэндээ талархан, бусад хүнд ч бас Бурхны нигүүлслийг хүртэхэд нь туслахыг хичээж байлаа (1 Тим. 1:12–16). Тэрбээр бусдад өртэй гэж санан, сайн мэдээ хүргэсэн цагтаа л өргүй болсон мэт болдог байжээ. Та бас өөрийгөө хүмүүст өртэй гэж боддог уу? (Үйлс 20:26, 27-г уншина уу).
14. Бүх нийтэд болон айлаар дэлгэрүүлдгийн маань хамгийн гол шалтгаан юу вэ?
14 Айлаар дэлгэрүүлэх нь хүний амь насыг хамгаалах чухал ач холбогдолтой боловч үүнээс илүү чухал шалтгаан бий. Ехова: «Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан ...өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно» хэмээн зөгнөжээ (Мал. 1:11). Өнөөдөр энэ зөгнөл биеллээ олж, Еховад өөрийгөө зориулсан үйлчлэгчид нь түүнд даруухнаар үйлчлэн, нэрийг нь дэлхий даяар магтан алдаршуулж байна (Дуу. 109:30; Мат. 24:14). Бүх нийтэд болон айлаар дэлгэрүүлдгийн маань хамгийн гол шалтгаан нь Еховад «магтаалын тахил» өргөх явдал юм (Евр. 13:15).
Удахгүй болох маш чухал үйл явдлууд
15. а) Израильчууд долоо дахь өдөр нь Иерихог тойрон алхахдаа үйлдлээ хэрхэн эрчимжүүлсэн бэ? б) Энэ нь дэлгэрүүлэх ажлын талаар юу хэлдэг вэ?
15 Удахгүй, дэлгэрүүлэх ажилтай холбоотой ямар ямар үйл явдал болох вэ? Иерихо хотыг бүсэлсэн тухай «Иошуа» номд тэмдэглэсэн үйл явдал энэ асуултад хариулна. Бурхан Иерихо хотыг устгахынхаа өмнө израильчуудад зургаан хоногийн турш өдөрт нэг удаа хотыг тойрон алхахыг тушаажээ. Харин долоо дахь өдөр нь тэд дээрх үйлдлээ улам эрчимжүүлэх учиртай байлаа. Ехова Иошуад: «Та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, ...бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унана» гэж хэлжээ (Иош. 6:2–5). Бидний дэлгэрүүлэх ажил ч бас тийнхүү өргөжин тэлнэ гэж найдаж болно. Энэ ертөнц устгагдах үед Бурхны нэр болон Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажил урьд хожид болж байгаагүй өргөн цар хүрээтэй явагдах нь эргэлзээгүй.
16, 17. а) «Үлэмж их зовлон» дуусахаас өмнө юу болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
16 Бид мэдээгээ «чангаар хашхиралдаж» байгаа мэт тунхаглах цаг ирнэ. «Илчлэлт» номд хүмүүсийн зүрх сэтгэлийг донсолгох шүүх мэдээг «нэг талант жинтэй асар том мөндрүүдтэй» зүйрлэсэн байдаг.b Илчлэлт 16:21-д цааш нь: «Үүний гамшиг үлэмж агуу байлаа» гэж бичжээ. Хамгийн сүүлчийн шүүх мэдээг тунхаглахад айлаар дэлгэрүүлэх ажил ямар үүрэгтэй байхыг бид сайн мэдэхгүй. Гэхдээ «үлэмж их зовлон» дуусахаас өмнө Еховагийн нэрийг түүхэнд байгаагүй олон хүн мэддэг болно гэдэгт итгэлтэй байдаг (Илч. 7:14; Езек. 38:23).
17 Удахгүй болох маш чухал үйл явдлуудыг хүлээнгээ Хаанчлалын тухай сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсээр байя. Энэ үүргээ гүйцэтгэн, айлаар дэлгэрүүлэхэд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ? Яаж даван туулах вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултын талаар ярилцъя.
[Зүүлт]
a Вэб хуудас: www.watchtower.org.
b Энд грек талантын тухай хэлсэн гэж үзвэл мөндрийн ширхэг бүр нь 20 килограмм жинтэй гэсэн үг.
Хариулна уу
• Айлаар дэлгэрүүлэх ажил Библийн ямар үндэстэй вэ?
• Айлаар дэлгэрүүлэх ажил чухал болохыг орчин үед хэрхэн онцолдог болсон бэ?
• Еховад өөрсдийгөө зориулсан христианууд сайн мэдээ дэлгэрүүлэх үүрэгтэйн учир юу вэ?
• Удахгүй ямар чухал үйл явдал болох вэ?
[4-р хуудасны зураг]
Та элч Паулын адил, бусдад сайн мэдээ дэлгэрүүлэх үүргээ ухамсарладаг уу?
[5-р хуудасны зураг]
Н. Норр, 1953 он