Бурхан биднийг хайрладгаа харуулсан
«Нигүүлсэл нь ... мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм» (РОМ 5:21).
1, 2. Хүмүүс юуг үнэтэй бэлэг гэж үздэг вэ? Түүнээс хавьгүй үнэтэй бэлэг юу вэ?
АВСТРАЛИЙН Мелбурны их сургуулийн нэгэн профессорын хэлснээр, ромчуудын хойч үедээ өвлүүлдэг хамгийн том бэлэг нь тэдний хууль байжээ. Тийм ч байж болох юм. Гэхдээ үүнээс хавьгүй үнэтэй бэлэг бий. Энэ нь хүн төрөлхтнийг сайшаан зөвтгөж, ирээдүйд мөнх амьдруулахын тулд авсан Бурхны арга хэмжээ юм.
2 Бурхан энэ бэлгээ өгөхдөө шударга хуулиа баримталсан нь үнэн. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдсан юм биш гэдгийг элч Паул «Ром» номын 5-р бүлгийн эхэнд сэтгэл хөдөлгөм үгээр тайлбарласан байдаг. Тэрбээр: «Итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ» хэмээн бичжээ. Бурхнаас ийм бэлэг авсан хүн хайрыг нь хайраар хариулдаг. Паул тийм хүмүүсийн нэг байсан учраас: «Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг» гэж бичжээ (Ром 5:1, 5).
3. Ямар ямар асуултыг авч хэлэлцэх вэ?
3 Ийм бэлэг хэрэгтэй болсны учир юу вэ? Бурхан энэ бэлгээ өгөхийн тулд хууль ёсны ямар арга хэмжээ авсан бэ? Бэлэг авахын тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг олж, Бурхны хайрыг хэрхэн онцолдгийг авч үзье.
Бурхны хайр ба нүгэл
4, 5. а) Ехова агуу хайраа хэрхэн илэрхийлсэн бэ? б) Ром 5:12-ыг ойлгохын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
4 Ехова хүн төрөлхтөнд агуу хайраа илэрхийлж, цорын ганц Хүүгээ илгээжээ. Энэ тухай Паул: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» хэмээжээ (Ром 5:8). «Биднийг нүгэлтнүүд байхад» гэснийг анхааръя. Тэгэхлээр, бид яаж нүгэлтнүүд болсноо мэдэх хэрэгтэй.
5 Паул: «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж бичжээ (Ром 5:12). Үүнийг сайн ойлгохын тулд анхны хүмүүсийн тухай ярилцъя. Ехова Адам Ева хоёрыг бүтээжээ. Бүтээгч нь төгс учир бидний өвөг дээдэс болох анхны хос ч төгс байв. Бурхан тэдэнд ганцхан зүйлийг хориглон, хэрэв зөрчвөл үхнэ хэмээн анхааруулсан (Эх. 2:17). Гэсэн ч тэд Бурхны тушаалыг санаатайгаар зөрчин, Бурхныг Хууль тогтоогч, Хэмжээгүй эрхт Эзэн гэдгийг нь үгүйсгэжээ (Д.хууль 32:4, 5).
6. а) Адамын үр удам үхдэг болсны учир юу вэ? Бурхан израильчуудад хууль өгснөөр энэ байдал өөрчлөгдсөн үү? б) Гемофили гэх мэтийн өвчинтэй жишиж үзвэл нүгэл ямар үр дагавартай вэ?
6 Адам нүгэл үйлдсэнээсээ хойш үр хүүхэдтэй болсон учир нүгэл болон нүглийн үр дагавар тэдэнд удамшин дамжжээ. Уг нь, Бурхны өгсөн тушаалыг Адам зөрчиж нүгэлтэй болсноос бус, үр хүүхэд нь зөрчөөгүй. Тийм болохоор тэднийг Адамтай адилтгаж болохгүй (Эх. 2:17). Гэсэн ч нүглийг өвлөж авчээ. Тийнхүү хүн төрөлхтөн нүгэл, үхлийн боол болсон. Хожим нь Бурхан нүгэлтэйг нь ойлгуулах хуулийг израильчуудад өгчээ (Ром 5:13, 14-ийг уншина уу). Удамшин дамжсан нүгэл ямар үр дагавартайг ойлгохын тулд талассеми, гемофили гэх мэтийн удамшлын өвчний тухай бодож үзье. Оросын хаан II Николай, хатан Александра нарын хүү Алексей цус алддаг гемофили хэмээх удамшлын өвчтэй байжээ. Бусад хүүхэд нь тээгч байсан байж болох ч бүгдээрээ өвчлөөгүй. Харин нүглийн тухайд үүнтэй адилгүй. Адамаас удамшин дамждаг нүглийн үр дагавраас зугтаж чадах хэн ч байхгүй. Бүх хүүхдэд дамжиж, эцэстээ бүгд үхээд дуусдаг. Энэ байдлаас хэзээ нэгэн цагт гарах болов уу?
Бурхан Есүс Христээр дамжуулан юу өгсөн бэ?
7, 8. Хоёр төгс хүний хийсэн зүйл ямар үр дүнтэй байсан бэ?
7 Бурхан хүн төрөлхтнийг хайрласандаа, удамшин дамжсан нүглээс нь ангижруулахын тулд өөр нэг төгс хүн буюу сүүлчийн Адамыг илгээжээ (1 Кор. 15:45). Хоёр төгс хүний хийсэн зүйлийн үр дүн тэс ондоо байв. Ямар үр дүнтэй байсан бэ? (Ром 5:15, 16-г уншина уу).
8 «Үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш» гэж Паул бичжээ. Тэр алдаа зөрчлийн буруутан нь Адам учир зохих ял шийтгэлээ хүртэж, үхсэн. Гэвч ганцаараа үхээгүй. «Ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн» гэж Библид байдаг. Адамд тийм ял оноосон нь шударга боловч үр удам нь болох бид ч бас үхдэг болсон. Харин төгс хүн Есүс ач тустай үйлс бүтээжээ. Үр дүн нь юу байсан бэ? Энэ тухай Паул: «Бүх хүн амийн зөвтгөлд хүрэв» гэж бичсэн байдаг (Ром 5:18).
9. «Зөвтгөлд хүргэх» гэдэг нь ямар утгатай вэ?
9 «Зөвтгөлд хүргэсэн», «бүх хүн ... зөвтгөлд хүрэв» гэж орчуулсан грек үг ямар утгатай вэ? Библийн нэг орчуулагч: «Энэ бол хуулийн нэр томьёо биш боловч хууль цаазтай холбоотой хэллэг юм. Хүний өөрчлөгдсөнийг бус, харин тухайн хүнийг Бурхан юу гэж үздэг болсныг хэлж байна. ... Шүүгч гэм буруутай этгээдийг цагаатгадаг шиг Бурхан зөвт бус хүнийг цагаатгасныг энэ үгээр илэрхийлжээ» хэмээн бичжээ.
10. Хүмүүсийг зөвтгөх үндэс суурийг Есүс хэрхэн тавьсан бэ?
10 «Газар дэлхийн Шүүгч» зөвт бус хүмүүсийг юуны үндсэн дээр цагаатгах учиртай байсан бэ? (Эх. 18:25). Тэрбээр цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээсэн нь хүмүүсийг цагаатгах үндэс болжээ. Есүс сорилт бэрхшээл, аймшигтай доромжлолыг эс тоон, Эцгийнхээ хүсэл тааллыг яг таг биелүүлсэн юм. Тэрбээр тарчлаах шонд хадуулан үхэхдээ ч үнэнч байсан (Евр. 2:10). Есүс төгс амиараа Адамын үр удмыг нүгэл, үхлээс чөлөөлөх буюу зольж авчээ (Мат. 20:28; Ром 5:6–8).
11. «Эн тэнцүү золиос» гэснийг юу гэж ойлгох вэ?
11 Паул үүнийг «эн тэнцүү золиос» гэж бичжээ (1 Тим. 2:6, ШЕ). Эн тэнцүү гэснийг юу гэж ойлгох вэ? Адам олон тэрбум үр удамдаа төгс бус байдал, үхлийг дамжуулсан. Төгс хүн Есүс олон тэрбум төгс үр хүүхэдтэй болох боломжтой байсан нь үнэн.a Тиймээс, Есүс болон төгс үр удмынх нь амь Адам болон түүний төгс бус үр удмын амьтай тэнцэнэ гэж урьд нь ойлгож байсан. Гэтэл Есүсийн үр хүүхэд тэр золиосыг бүрдүүлнэ гэсэн санаа Библид байдаггүй. Зөвхөн «ганц хүн» золиос болно гэсэн санаа Ром 5:15–19-д бий. Тэгэхлээр, Есүсийн төгс амь л Адамынхтай эн тэнцүү байсан гэсэн үг. Есүс «нэг зөвт үйл» хийх буюу үхэн үхтэлээ үнэнч, дуулгавартай байсны дүнд бүх хүн үнэгүй бэлэг авах боломжтой болсон (2 Кор. 5:14, 15; 1 Петр 3:18). Тэгвэл золиос ач тусаа хэрхэн өгдөг вэ?
Золиосонд үндэслэн цагаатгах нь
12, 13. Зөвт гэж тооцогдоход Бурхны нигүүлсэл, хайр хэрэгтэйн учир юу вэ?
12 Ехова Бурхан Хүүгийнхээ өргөсөн тахилыг хүлээн авчээ (Евр. 9:24; 10:10, 12). Гэсэн хэдий ч Есүсийн шавь нар, түүний дотор үнэнч элч нар нь төгс бус хэвээрээ л байв. Тэд буруу юм хийхгүй байхыг хэчнээн хичээгээд ч алдаа гаргадаг байсан нь нүгэл өвлөн авсных аж (Ром 7:18–20). Харин Бурханд энэ асуудал хэцүү биш байв. Тэрбээр «эн тэнцүү золиосыг» хүлээн авч, ач тусыг нь хүмүүн үйлчлэгчдэдээ хүртээжээ.
13 Бурхан элч нар болон тослогдсон бусад үйлчлэгчдээ зөвхөн сайн үйл хийснийх нь төлөө бус, харин нигүүлсэнгүй сэтгэл, агуу хайрынхаа улмаас золиосны ач тусыг хүртээжээ. Ехова тэдний өвлөж авсан нүглийг цагаатгахаар шийдсэн. Паул үүнийг тайлбарлан: «Нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурханы бэлэг» гэж бичжээ (Еф. 2:8).
14, 15. Бурхны зөвтгөсөн хүмүүс ямар ивээл хүртэх вэ? Зөвтгөгдлөө гээд юуг мартаж болохгүй вэ?
14 Хүний өвлөж авсан болон үйлдсэн нүглийг Төгс хүчит Бурхан уучилна гээд бод доо! Хүмүүс христиан болохоосоо өмнө хэчнээн их нүгэл үйлдсэн бол оо. Тийм байтал, Бурхан золиосны үндсэн дээр тэр бүх нүглийг уучилдаг. Паул: «Олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ» гэж бичжээ (Ром 5:16). Элч нар болон бусад тослогдсон христиан энэ бэлгийг авлаа (зөвтгөгдлөө) гээд итгэлээ алдалгүй, жинхэнэ Бурхнаа шүтсээр байх ёстой байв. Ингэвэл ямар ивээл хүртэх байсан бэ? «Нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхлыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно». Тийм ээ, зөвтгөгдсөн хүн мөнх амьдарна (Ром 5:17; Лук 22:28–30-ийг уншина уу).
15 Тийнхүү зөвтгөгдсөн хүмүүс Бурхны сүнсэн хөвгүүд болдог. Христийн хамтран залгамжлагч болох тэдгээр хүн тэнгэрт амилж, Хаан Есүс Христтэй хамт захирна (Ром 8:15–17, 23-ыг уншина уу).
Бурхан дэлхийд амьдрах хүмүүст хайраа илэрхийлсэн нь
16. Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс ямар бэлэг авах боломжтой вэ?
16 Бурханд үнэнчээр үйлчилдэг бат итгэлтэй христиан бүхэн Христтэй хамт тэнгэрээс захирахгүй. Олон хүн Бурхны эртний үйлчлэгчдийн адилаар диваажин дэлхийд мөнх амьдарна. Тэд бас зөвтгөгдөх үү? Ромчуудад бичсэн Паулын захидалд «тийм» гэсэн баттай хариу бий!
17, 18. а) Абрахам итгэлтэй байснаар Бурхан түүнийг юу гэж үзсэн бэ? б) Абрахам юунд итгэж байсан болохоор нь Бурхан түүнийг зөвт гэж үзсэн бэ?
17 Еховаг израильчуудад хууль өгөхөөс өмнө, Христийг тэнгэрийн зам нээхээс бүр өмнө амьдарч байсан хосгүй итгэлтэй Абрахамын тухай Паул бичжээ (Евр. 10:19, 20). Библид: «Ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан» гэжээ (Ром 4:13; Иак. 2:23, 24). Тэгэхлээр Бурхан үнэнч Абрахамыг зөвт гэж үзжээ (Ром 4:20–22-ыг уншина уу).
18 Абрахамыг нүгэлгүй болохоор нь зөвтгөсөн юм биш ээ (Ром 3:10, 23). Хязгааргүй мэргэн ухаантай Ехова үйлсээрээ батлагдсан хосгүй итгэлийг нь анхаарчээ. Амласан үр өөрийнх нь удмаас гарна гэдэгт Абрахам итгэж байснаараа онцгой юм. Тэр Үр нь Мессиа буюу Христ байв (Эх. 15:6; 22:15–18). Тэнгэрийн Шүүгч хүмүүсийн урьдын гэм нүглийг «Христ Есүс доторх золилтын» үндсэн дээр уучлах боломжтой. Тиймд Абрахам гэх мэтийн эртний үнэнч үйлчлэгчид дахин амилахаа хүлээж байгаа (Ром 3:24, 25-ыг уншина уу; Дуу. 32:1, 2).
Одоо зөвт хэмээн тооцогдох нь
19. Бурхан Абрахамыг зөвт гэж үзсэн нь бидэнд ямар урам хайрладаг вэ?
19 Хайрын сэтгэлтэй Ехова Бурхан Абрахамыг зөвт гэж үзсэн нь өнөөгийн жинхэнэ христиануудыг тайвшруулдаг. Абрахамыг зөвтгөх үндэс нь «Христийн хамтран залгамжлагчид» буюу тослогдсон хүмүүсийнхээс ялгаатай. Цөөн тооны тэд «ариун хүмүүс байхаар дуудагдан», «Бурханы хөвгүүд» болсон (Ром 1:7; 8:14, 17, 33). Гэтэл Абрахам золиос төлөгдөхөөс өмнө «Бурханы анд нөхөр» гэж дуудагдах болсон билээ (Иак. 2:23; Ис. 41:8). Тэгвэл сэргээсэн диваажинд амьдрах найдвартай жинхэнэ христиануудын тухайд юу хэлж болох вэ?
20. Бурхан зөвт гэж тооцдог Абрахам шиг үйлчлэгчдээсээ юу хүсдэг вэ?
20 Тэд бол «Христ Есүс доторх золилтоор дамжуулан ... үнэгүй зөвтгөгдсөн», тэнгэрт амьдрах найдвартай хүмүүстэй адилгүй (Ром 3:24; 5:15, 17). Гэсэн ч Бурхан болон золиосонд итгэж, итгэлээ сайн үйлсээрээ баталдаг. Тухайлбал, «Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ... сургадаг» (Үйлс 28:31). Иймд Ехова тэднийг зөвтгөж, Абрахам шиг анд нөхдөө хэмээн үздэг. Тэдний бэлэг тослогдогсдын авдаг «үнэгүй бэлгээс» ялгаатай. Гэсэн ч ийм бэлэг авдагтаа ихэд талархдаг.
21. Та Еховагийн хайр, шударга ёсны ачаар ямар ивээл хүртэх боломжтой болсон бэ?
21 Та дэлхийд мөнх амьдарна гэж найддаг бол хүмүүн удирдагчид ийм боломжийг бүрдүүлж чадахгүйг ойлгодог байх. Энэ бол Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний мэргэн санаа зорилго юм. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээг шударга ёсондоо нийцүүлэн, агуу хайрынхаа үүднээс авдаг. Тийм ч учраас Паул: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» гэж хэлжээ (Ром 5:8).
[Зүүлт]
a Жишээ нь, «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 736-р хуудасны 4, 5-р догол мөрд ингэж тайлбарласан байдаг (англи).
Санаж байна уу?
• Адам үр удамдаа юу өвлүүлсэн бэ? Ямар үр дагавартай байсан бэ?
• Ехова эн тэнцүү золиос төлөхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ? Эн тэнцүү гэж хэлж болохын учир юу вэ?
• Зөвт гэж тооцогдсон хүн ямар ирээдүйтэй вэ?
[13-р хуудасны зураг]
Төгс хүн Адам нүгэл үйлдсэн. Төгс хүн Есүс «эн тэнцүү золиос» төлсөн
[15-р хуудасны зураг]
Есүсийн ачаар бид зөвт гэж дуудагдах болсон нь үнэхээр «сайн мэдээ»!