Нигүүлсэнгүй Бурхандаа талархах нь
«Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан» (ИОХ. 1:16).
1, 2. а) Усан үзмийн талбайн эзний тухай Есүсийн ярьсан ёгт үлгэрийг товч ярина уу. б) Талбайн эзэн хэрхэн өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэл гаргасан бэ?
УСАН үзмийн тариалан эрхэлдэг нэгэн хүн талбайдаа ажилчин хөлслөхөөр өглөө эрт зах дээр очжээ. Хэдэн хүнийг олж уулзсанд тэд хөлс мөнгөө зөвшөөрөөд ажилдаа оров. Нэмэлт хүч хэрэгтэй байсан тул өнөөх эзэн тэр өдөржин зах руу дахин дахин явж хүмүүсийг олоод «Би та нарт шударгаар төлнө» гэж амлажээ. Орой болоход эзэн ажилчдаа цуглуулаад цалинг нь өгч эхлэв. Олон цагаар ажилласан хүнд ч, ганцхан цаг ажилласан хүнд ч адилхан хэмжээний хөлс өгчээ. Эхний хүмүүс үүнийг мэдмэгцээ гомдол гаргав. Тэгтэл эзэн: «Та нар миний хэлсэн хөлсийг зөвшөөрсөн биз дээ? Хүссэнээрээ ажилчдадаа өгөх эрх надад байхгүй гэж үү? Өгөөмөр зангаас минь болоод атаархаад байгаа юм уу?» гэлээ (Мат. 20:1–15).
2 Еховагийн олон сайхан чанараас Библид байнга дурдагддаг нэг чанар байдаг. Энэ бол нигүүлсэнгүй сэтгэл юм. Есүсийн ярьсан дээрх ёгт үлгэр Еховагийн нигүүлслийн талаар хэлж өгдөг (2 Коринт 6:1-ийг уншина). Ганцхан цаг ажилласан хүмүүс бүтэн цалин авах ёсгүй мэт байв. Гэвч усан үзмийн талбайн эзэн гайхалтай нигүүлсэнгүй сэтгэл гаргажээ. Библид гардаг «нигүүлсэл» гэдэг үгийн талаар нэгэн судлаач: «Энэ үг нь өгөх ёсгүй, ямар ч гавьяагүй хүнд үнэгүй өгсөн бэлэг гэсэн үндсэн утгатай» хэмээн бичжээ.
НИГҮҮЛСЭНГҮЙ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ
3, 4. Ехова хүн төрөлхтөнд яагаад нигүүлслээ үзүүлсэн бэ? Хэрхэн үзүүлсэн бэ?
3 Бурхны нигүүлслийг Библид «бэлэг» гэж бичсэн байдаг (Еф. 3:7). Хүн төрөлхтөн Еховад төгс дуулгавартай байж чаддаггүй учраас нигүүлслийг нь хүртэх зохисгүй билээ. Мэргэн ухаант хаан Соломон: «Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө» хэмээн бичжээ (Ном. 7:20). Элч Паул бас «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй», «нүглийн хөлс бол үхэл» гэж бичсэн байдаг (Ром 3:23; 6:23а). Тийм учраас хүмүүс үхэх ёстой байлаа.
4 Гэвч Ехова хүн төрөлхтнийг хайрладаг учраас юутай ч зүйрлэшгүй нигүүлслээ үзүүлж «цорын ганц Хүүгээ» хүмүүс бидний төлөө үхүүлэхээр дэлхий рүү илгээжээ. Энэ бол хамгийн агуу бэлэг юм (Иох. 3:16). Паул Есүсийн тухай бичихдээ «Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд ... үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн» гэжээ (Евр. 2:9). «Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» (Ром 6:23б).
5, 6. а) Нүгэлд захирагдвал ямар үр дагавар амсах вэ? б) «Нигүүлслийн дор» байвал ямар ач тустай вэ?
5 Хүн төрөлхтөн яагаад нүгэлтэй, үхдэг болсон бэ? «Ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон» гэж Библид бичсэн байдаг. Тийм учраас Адамын үр удам үхдэг болсон (Ром 5:12, 14, 17). Гэхдээ нүгэлд захирагдахгүй байх боломж бидэнд бий. Христийн золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг бол Еховагийн нигүүлслийг хүртэнэ. Библид «Хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм» хэмээн бичжээ (Ром 5:20, 21).
6 Хэдийгээр бид нүглээсээ ангижраагүй ч нүгэлд захирагдаж амьдрах учиргүй. Нүгэл үйлдчихвэл Еховагаас уучлалт гуйх хэрэгтэй. Элч Паул итгэл нэгтнүүддээ сануулж «Нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл, та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байдаг» хэмээн бичжээ (Ром 6:14). Тэгвэл Бурхны «нигүүлслийн дор» байвал ямар ач тустай вэ? Паул: «Бурханы нигүүлсэл үзэгдэн, бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг» гэж тайлбарласан (Тит 2:11, 12).
БУРХАН НИГҮҮЛСЛЭЭ ОЛОН ЯНЗААР ҮЗҮҮЛДЭГ
7, 8. Еховагийн «олон төрлийн нигүүлсэл» гэдгийг юу гэж ойлгох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
7 Элч Петр: «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» хэмээн бичжээ (1 Петр 4:10). Бурхны «олон төрлийн нигүүлсэл» гэдгийг юу гэж ойлгох вэ? Ямар ч сорилт бэрхшээлийг даван туулахад хэрэгтэй бүхнийг Ехова өгдөг гэсэн үг (1 Петр 1:6). Ямар л сорилт байна, түүнд тохирох нигүүлслийг үзүүлэх ажээ.
8 Ехова нигүүлслээ янз бүрийн аргаар үзүүлдэг. Элч Иохан: «Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан» гэж бичжээ (Иох. 1:16). Ехова нигүүлслээ олон янзаар үзүүлдэг учраас бид янз бүрийн ивээл хүртдэг. Зарим ивээлийн тухай ярилцъя.
9. Ехова нигүүлсэнгүй учраас биднийг яасан бэ? Бид талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?
9 Биднийг уучилсан. Ехова нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс гэм нүглийг маань хэлтрүүлсэн. Гэхдээ бид гэмшсэнээ баталж дахин давтахгүй байх гэж хамаг чадлаараа хичээх учиртай (1 Иохан 1:8, 9-ийг уншина). Энэрлээ үзүүлснийх нь төлөө бид Бурханд талархаж, магтан алдаршуулахыг хүсдэг. Паул тослогдсон итгэл нэгтнүүддээ «[Ехова] биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна» гэж бичжээ (Кол. 1:13, 14). Бид нүглээ уучлуулсан болохоор өөр олон ивээл хүртэх боломжтой болсон.
10. Бурхны нигүүлслээр бид ямар завшаан эдэлдэг болсон бэ?
10 Бурхантай эв найрамдалтай болсон. Бид нүгэлтэй учраас төрөхдөө л Бурхны дайсан байсан. Тийм учраас Паул: «Бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн» хэмээн бичжээ (Ром 5:10). Ийнхүү эвлэрүүлэгдсэн учраас Еховатай энхийн харьцаатай болсон. Паул энэ завшааныг Бурхны нигүүлсэлтэй холбон «Итгэлээр зөвтгөгдсөн бид [буюу Христийн тослогдсон ах дүү нар] бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон» гэжээ (Ром 5:1, 2). Биднийг юутай ихээр ивээгээ вэ!
11. Тослогдогсод «өөр хонинуудыг» хэрхэн зөв шударга байдалд авчирдаг вэ?
11 Бурханд зөв шударга хэмээн тооцогдсон. Уг нь бид бүгдээрээ зөв шударга хүмүүс биш юм. Гэхдээ эцсийн өдрүүдэд «хэрсүү ухаантай нь» буюу тослогдогсод «олныг зөв шударга байдалд» авчирна гэж Даниел зөгнөжээ (Даниел 12:3-ыг уншина). Тэд дэлгэрүүлэх, заах ажлаараа олон сая «өөр хонинуудыг» Еховагийн өмнө «зөв шударга байдалд» авчирдаг (Иох. 10:16, ШГ). Гэхдээ Еховагийн нигүүлслийн ачаар л ийм боломж бүрддэг. Паул үүнийг «Христ Есүс доторх золилтоор дамжуулан [Бурхны] нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ» хэмээн тайлбарлажээ (Ром 3:23, 24).
12. Залбирал Бурхны нигүүлсэлтэй ямар холбоотой вэ?
12 Залбирлаар Бурхантай дотносох боломжтой. Ехова бидэнд нигүүлслээ үзүүлж тэнгэр дэх хаан ширээ рүү нь залбирлаараа хүрч очих боломж олгосон. Паул Еховагийн хаан ширээг «нигүүлслийн хаан ширээ» хэмээгээд «итгэлтэйгээр ойртон очихыг» уриалжээ (Евр. 4:16а). Ехова бидэнд ийм сайхан боломжийг Хүүгээрээ дамжуулан өгсөн. Бид Есүсийн ачаар Бурхан руу «зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно» (Еф. 3:12). Тийм ээ, Ехова нигүүлсэнгүй сэтгэлтэй учраас л бид түүн рүү залбирлаараа, итгэлтэйгээр очих боломжтой болсон.
13. Бурхны нигүүлслийн ачаар бид хэрэгтэй үед ямар тусламж авдаг вэ?
13 Хэрэгтэй үедээ тусламж авч болно. Хэзээ хүссэн үедээ Еховад залбирч байхыг Паул бидэнд уриалаад, ингэвэл «хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авна» хэмээн бичжээ (Евр. 4:16б). Амьдралд маань зовлон бэрхшээл тулгарахад бид хэзээ л бол хэзээ Еховагаас тусламж гуйж болно. Ехова бидэнд туслах албагүй ч залбиралд маань хариулна. Голдуу итгэл нэгтнүүдээр туслуулдаг. «Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг» (Евр. 13:6).
14. Еховагийн нигүүлслээр бидний сэтгэл яадаг вэ?
14 Санаа сэтгэл тайвширдаг. Сэтгэлийн зовлон эдэлж байх үед Ехова биднийг тайвшруулдаг. Энэ нь нигүүлсэнгүй сэтгэлийнх нь нэг илрэл юм (Дуу. 51:17). Паул хавчлага эсэргүүцлийг үзсэн Тесалоникийн итгэл нэгтнүүддээ захидал бичжээ. Тэнд «Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан зүрхийг тань ... тайтгаруулж, бататгах болтугай» гэжээ (2 Тес. 2:16, 17). Ехова биднийг хайрлан халамжилж, нигүүлслээ үзүүлдэг гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ!
15. Бурхны нигүүлслээр бид ямар ирээдүйтэй болсон бэ?
15 Мөнх амьдрах ирээдүйтэй. Бид нүгэлтэй учраас Ехова л туслахгүй бол ямар ч ирээдүй байхгүй (Дуулал 49:7, 8-ыг уншина). Ехова бидэнд гайхалтай ирээдүйг бэлэглэсэн. Есүс дагалдагчдадаа «Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм» хэмээн айлджээ (Иох. 6:40). Мөнх амьдрах найдвар бол Еховагийн бэлэг бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлийнх нь бас нэг илрэл мөн. Паул үүнийг сайн ойлгодог байсан учраас «Бүх хүнд авралыг авчрагч Бурханы нигүүлсэл» гэж бичжээ (Тит 2:11).
БУРХНЫ НИГҮҮЛСЛИЙГ ДААЖ ЯВААРАЙ
16. Христийн эртний дагалдагчид Бурхны нигүүлслийг хэрхэн буруу ашигладаг байсан бэ?
16 Еховагийн нигүүлслээр бид арвин их ивээл хүртдэг. Гэхдээ Бурхныхаа нигүүлслийг буруу ашиглах буюу гэм нүглээ зөвтгөж болохгүй. Христийн эртний дагалдагчдын дунд «Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулдаг» хүмүүс байжээ (Иуда 4). Тэдний боддогоор бол, нүгэл үйлдсэн ч Ехова уучлах ажээ. Түүгээр ч зогсохгүй үнэнч бус тэр хүмүүс бусдыгаа уруу татаж өөрсдийнхөө хийдэг жигшмээр зүйлийг хийлгэхийг оролддог байв. Өнөө үед ч гэсэн тийм юм хийдэг хүн байдаг бөгөөд тэд «нигүүлслийн Сүнсийг доромжилдог» (Евр. 10:29).
17. Петр ямар зөвлөгөө өгсөн бэ?
17 Өнөөдөр Сатан зарим Гэрчийг мэхэлж, нүгэл үйлдсэн ч Бурхан нигүүлсэнгүй учраас шийтгэхгүй гэж бодуулдаг. Ехова гэмшсэн хүмүүсийг дуртайяа уучилдаг ч дахин давтан нүгэл үйлдэхгүйн төлөө шийдвэртэй тэмцээсэй гэж биднээс хүсдэг. Энэ нь Петрийн бичсэн зүйлээс харагддаг. Тэрээр: «Хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай» гэж бичжээ (2 Петр 3:17, 18).
НИГҮҮЛСЭЛ ХАРИУЦЛАГА ДАГУУЛДАГ
18. Ехова биднийг нигүүлсэн ямар хариуцлагатай үүрэг оноосон бэ?
18 Нигүүлслээ үзүүлсэнд нь бид Ехова Бурхандаа талархдаг. Энэ бэлгийг авсан учраас Бурханд болон бусдад өртэй. Тийм учраас авсан бэлгээрээ Бурхныг магтан алдаршуулж, бусдад туслах учиртай. Яаж гэдгийг Паул бичжээ. «Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул . . . хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн» (Ром 12:6–8). Ехова бидэнд нигүүлслээ үзүүлсэн учраас бид хүмүүст Библи заах, итгэл нэгтнүүдээ зоригжуулах, бусдыг уучлах гээд Христийн дагалдагч хүний хийх ёстой бүхнийг хийх үүрэгтэй.
19. Дараагийн өгүүллээр ямар хариуцлагатай үүргийн тухай үзэх вэ?
19 Еховагийн нигүүлслийг хүртсэн бид «Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчлэхийн» төлөө чадах бүхнээ хийх учиртай (Үйлс 20:24). Энэ хариуцлагатай үүргийн талаар дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй үзнэ.