Эзний зоогт очдогийн учир
«Намайг дурсан үүнийг үйлд» (1 КОР. 11:24).
1, 2. Есүс МЭ 33 оны нисан сарын 14-ний орой юу хийсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
ҮДЭШ болжээ. Дүгрэг саран Иерусалим хотыг бүдэгхэн гэрлээр гийгүүлнэ. МЭ 33 оны нисан сарын 14-ний орой байлаа. Есүс элч нартайгаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэн, 15 зууны өмнө израильчууд Египетийн дарлалаас чөлөөлөгдсөнийг дурсан санав. Одоо үнэнч 11 элчтэйгээ тусгай зоог барьж байна. Үүнээс хойш дагалдагчид нь жил бүр ийм зоог барьж Есүсийн нас барсныг дурсан тэмдэглэх ажээa (Мат. 26:1, 2).
2 Есүс залбирч, исгээгүй талхыг элч нартаа дамжуулаад «Май, ид» гэлээ. Дараа нь аягатай дарс авч талархан залбираад «Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа» гэв (Мат. 26:26, 27). Талх, дарс нь их утга учиртай ажээ. Энэ онцгой үдэш үнэнч элч нартаа хэлэх юм Есүст маш их байлаа.
3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?
3 Нас барсан өдрийг нь жил бүр дурсан тэмдэглэхийг Есүс шавь нараасаа хүсжээ. Хожим нь энэ арга хэмжээг «Эзэний Зоог» буюу Дурсах цуглаан гэх болсон (1 Кор. 11:20). Дараах асуултыг энэ өгүүллээр авч үзье. Есүсийн нас барсныг яагаад тэмдэглэх ёстой вэ? Талх, дарс юуг төлөөлдөг вэ? Дурсах цуглаанд хэрхэн бэлдэх вэ? Талх, дарснаас хэн хүртэх эрхтэй вэ? Христианууд ирээдүйн найдвараа юу гэж үздэг вэ?
ЕСҮСИЙН НАС БАРСНЫГ ТЭМДЭГЛЭХИЙН УЧИР
4. Есүс амиа золиосолсноор бидэнд ямар боломж олдсон бэ?
4 Бид Адамын үр удам учир нүгэл, үхлийг өвлөн авсан билээ (Ром 5:12). Төгс бус нэг ч хүн энэ байдлаас ангижрах аргагүй (Дуу. 49:6–9). Харин Есүс төгс амиа бидний төлөө золиосолсноороо нүгэл, үхлээс чөлөөлөгдөх үүд хаалгыг нээж өгсөн. Үүний дүнд бид мөнх амьдрах боломжтой болсон (Ром 6:23; 1 Кор. 15:21, 22).
5. а) Ехова Есүс хоёр хүмүүст хайртай нь юунаас харагддаг вэ? б) Бид яагаад Дурсах цуглаанд очих хэрэгтэй вэ?
5 Золиосны энэхүү арга хэмжээ нь хүн төрөлхтнийг гэсэн Бурхны хайрын баталгаа болдог (Иох. 3:16). Бас Есүс бидэнд хайртайг баталдаг. Тэрбээр дэлхийд ирэхээсээ бүр өмнө «хүмүүсийн хөвгүүдээр бахаддаг» байжээ (Сур. 8:30, 31). Ийм чухал арга хэмжээ авсан Ехова Есүс хоёрт бид чин сэтгэлээсээ талархдаг. Тийм учраас «Намайг дурсан үүнийг үйлд» хэмээсэн Есүсийн тушаалыг сахиж Дурсах цуглаанд очдог (1 Кор. 11:23–25).
ТАЛХ, ДАРС ЮУГ ТӨЛӨӨЛДӨГ ВЭ?
6. Дурсах цуглааны үеэр дамжуулдаг талх, дарсыг юу гэж үзэх хэрэгтэй вэ?
6 Есүс Дурсах арга хэмжээний үеэр талх, дарсыг гайхамшгаар өөрийн бие, цус болгож хувиргаагүй. Харин талхыг «Энэ бол Миний бие» гээд, дарсыг «Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно» гэсэн (Марк 14:22–24). Талх, дарс нь үнэн хэрэгтээ Есүсийн бие ба цусыг төлөөлдөг бэлгэ тэмдгийн чанартай зүйл байв.
7. Дурсах цуглааны үеэр дамжуулдаг талх юуг төлөөлдөг вэ?
7 МЭ 33 оны тэр онцгой үдэш Есүс Дээгүүр өнгөрөх баярын зоогоос үлдсэн исгээгүй талхыг элч нартаа хувааж өгчээ (Ег. 12:8). Библид заримдаа нүглийг хөрөнгөөр бэлгэддэг (Мат. 16:6, 11, 12; Лук 12:1). Есүс нүгэлгүй учраас өөрийн биеийг хөрөнгөөр исгээгүй талхаар төлөөлүүлсэн (Евр. 7:26). Дурсах цуглааны үеэр исгээгүй талх дамжуулдаг нь ийм учиртай.
8. Дарс юуг төлөөлдөг вэ?
8 Тэр орой шавь нартаа дамжуулсан дарс нь Есүсийн цусыг төлөөлдөг. Өнөө үед Дурсах арга хэмжээний үеэр дамжуулдаг дарс ч мөн тийм утгатай. Иерусалимын гадна байдаг Голгота хэмээх газар Есүс «нүглүүдийн уучлалын тулд» цусаа урсгасан билээ (Мат. 26:28; 27:33). Хэрэв бид энэ бэлэг ямар их үнэ цэнэтэйг ойлгож ухаарвал энэхүү тусгай арга хэмжээнд жил бүр бэлдэх нь дамжиггүй. Яаж бэлдэх вэ?
ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
9. а) Дурсах цуглаанд зориулан гаргасан хуваарийн дагуу Библи унших нь чухал гэхийн учир юу вэ? б) Та золиосыг юу гэж үздэг вэ?
9 Дурсах цуглаанд бэлдэх нэг арга нь хуваарийн дагуу Библи уншиж, Есүс нас барахынхаа өмнө юу хийж байсныг эргэцүүлэн бодох явдал юм. «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимолд Библиэс унших хуваарь нийтэлдэг. Нэг Гэрч эмэгтэй: «Манайх Дурсах цуглааныг тэсэн ядан хүлээдэг. Энэ арга хэмжээ бидний хувьд жил ирэх тусам улам онцгой болж байна. ... аавынхаа оршуулгын үеэр золиосны тухай бодоод өөрийн эрхгүй талархах сэтгэл төрснийг санаж байна. ... Би холбоотой Библийн зүйлийг бүгдийг нь мэддэг, тайлбарлаж чаддаг байсан ч үхэл гэж ямар гашуун юм байдгийг биеэрээ үзээд л золиосны үнэ цэнийг ойлгосон. Тэр үед зүрх сэтгэл минь баяр хөөрөөр цалгиж байсан» гэж бичжээ. Тиймээс Есүсийн золиос биднийг нүгэл, үхлийн боолчлолоос хэрхэн чөлөөлөх вэ гэдгийг эргэцүүлэн бодонгоо Дурсах цуглаанд бэлдээрэй.
10. Дурсах цуглаанд өөр яаж бэлдэж болох вэ?
10 Дурсах цуглаанд бэлдэх бас нэг арга нь туслах эхлэгчээр үйлчлэх зэргээр дэлгэрүүлэх ажилдаа түлхүү оролцох явдал юм. Тэр үеэр аль болох олон хүнийг Эзний зоогт урих нь зүйтэй. Бурхны тухай, Хүүгийнх нь тухай, мөнх амьдрах найдварын тухай хүмүүстэй ярихлаар бид өөрсдөө баярладаг (Дуу. 148:12, 13).
11. Паул Коринтын зарим христианыг бэлгэдлийн идээнээс зохисгүйгээр хүртдэг гэсний учир юу вэ?
11 Та Дурсах цуглаанд бэлдэж байхдаа Коринтын христиануудад бичсэн элч Паулын үгийг эргэцүүлэн бодоорой (1 Коринт 11:27–34-ийг уншина уу). Хэрэв хүн зохисгүйгээр талхнаас амсаж, дарснаас хүртвэл Есүс Христийн «бие ба цусны буруутан болно» гэдгийг Паул онцолсон. Тиймээс тослогдсон хүн «өөрийгөө шалгаж байгаад» талх, дарснаас хүртэх ёстой. Тэгэхгүй бол «өөртөө шийтгэл авчирна». Паулын үед биеэ зохисгүй авч явдаг хүн Коринтын христиануудын дунд олон байжээ. Зарим нь Дурсах цуглааны өмнө эсвэл яг тэр үеэр хэтэрхий их идэж уугаад нойрмоглодог байсан бололтой. Ингэж чухал арга хэмжээнд хүндэтгэлгүй ханддаг байсан болохоор бэлгэдлийн идээнээс хүртэхэд нь Бурхан эс таашаадаг байжээ.
12. а) Паул бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүст юу гэж анхааруулсан бэ? б) Бэлгэдлийн идээнээс хүртдэг хүн ноцтой нүгэл үйлдсэн бол яах шаардлагатай вэ?
12 Паул бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүст «Та нар [Еховагийн] аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар [Еховагийн] ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй» хэмээн анхааруулжээ (1 Кор. 10:16–21). Хэрэв бэлгэдлийн идээнээс хүртдэг хүн ноцтой нүгэл үйлдсэн бол ахлагчдаас тусламж авах ёстой (Иаков 5:14–16-г уншина уу). Тэгээд «гэмшилд зохистой үр жимсийг бий болговол» Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэнэ. Тийм хүнийг золиосны арга хэмжээнд хүндэтгэлгүй хандаж байна гэж буруутгах учиргүй (Лук 3:8).
13. Бурхны өгсөн найдварын талаар эргэцүүлэн бодож залбирах хэрэгтэйн учир юу вэ?
13 Дурсах цуглаанд дор дороо бэлдэж байхдаа Бурхнаас авсан найдварынхаа талаар залбирч, эргэцүүлэн бодох нь тустай. Еховад өөрийгөө зориулсан, Хүүг нь үнэнчээр дагадаг хэн боловч золиосыг үнэлж эрхэмлэдэг. Хэрэв тослогдсон гэсэн баттай нотолгоо байхгүй байхад Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртвэл золиосны арга хэмжээнд хүндэтгэлгүй хандсан хэрэг болно. Тэгвэл талх, дарснаас хүртэх эрхтэй эсэхээ яаж мэдэх вэ?
ХЭН ХҮРТЭХ ЭРХТЭЙ ВЭ?
14. Тослогдсон христианууд шинэ гэрээнд оролцогчид учраас Дурсах цуглааны үеэр яадаг вэ?
14 Дурсах арга хэмжээний үеэр дамжуулдаг бэлгэдлийн идээнээс хүртэх эрхтэй хүмүүс шинэ гэрээнд оролцогчид гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Есүс дарсны тухай хэлэхдээ «Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн» гэсэн (1 Кор. 11:25). Ехова израильчуудтай хийсэн Хуулийн гэрээнээс өөр гэрээ байгуулахаа зөнч Иеремиагаар хэлүүлжээ (Иеремиа 31:31–34-ийг уншина уу). Тэрхүү гэрээгээ тослогдсон христиануудтай байгуулсан (Гал. 6:15, 16). Энэ гэрээ нь Христийн золиосны үндсэн дээр хүчин төгөлдөр болжээ (Лук 22:20). Есүс шинэ гэрээний Зууч юм. Шинэ гэрээнд оролцогч үнэнч тослогдсон христианууд Есүстэй хамт тэнгэрээс захирна (Евр. 8:6; 9:15).
15. Хаанчлалын гэрээнд ямар хүмүүс багтдаг вэ? Тэд үнэнч байвал ямар ивээл хүртэх вэ?
15 Тослогдсон христианууд бас Хаанчлалын гэрээнд оролцогч гэдгээ мэддэг (Лук 12:32-ыг уншина уу). Энэ гэрээг Есүс зовлонг нь хуваалцдаг үнэнч тослогдсон дагалдагчидтайгаа байгуулжээ (Флп. 3:10). Өнөөгийн тослогдсон христианууд Хаанчлалын гэрээнд багтдаг учраас Христтэй хамт тэнгэрээс үүрд захирна (Илч. 22:5). Тийм хүмүүс Эзний зоогийн үеэр талх, дарснаас хүртэх эрхтэй.
16. Ром 8:15–17-ийн утгыг товч тайлбарлана уу.
16 «Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө ... гэрчилдэг» хүмүүс л бэлгэдлийн идээнээс хүртэх ёстой (Ром 8:15–17-г уншина уу). Энэ нь юу гэсэн үг вэ? Грек эхийг үзвэл, Паул «абба» гэдэг арам үг хэрэглэсэн. Энэ нь дотночлон дууддаг «аав», хүндэтгэлд хэрэглэдэг «эцэг» гэсэн утгатай. Хүн «үрчлэлийн Сүнсийг» авахлаараа Еховатай онцгой дотно, эцэг хүүгийн харьцаатай болдгийг энэ үг харуулдаг. Тэд тослогдсон гэдгээ «Сүнс» буюу Бурхны үйлдэх хүчний тусламжтайгаар мэдэрдэг. Тийм учраас тослогдсон гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Энэ нь дэлхий дээр амьдрах сонирхолгүй болдог төдий юм биш. Үхэн үхтэлээ үнэнч байвал тэнгэрийн Хаанчлалыг Есүстэй хамт өвлөнө гэдгээ, Ариун Нэгэн болох Еховагаар тослогдсон гэдгээ мэддэг. Эдүгээ Бурхны 144 000 хөвгүүнээс цөөхөн хүн дэлхий дээр байна (1 Иох. 2:20; Илч. 14:1). Тэд Еховатай их дотно байдаг учраас «Аав [Абба]! Эцэг минь!» гэж дууддаг.
БИБЛИД ҮНДЭСЛЭСЭН НАЙДВАРАА ЭРХЭМЛЭЕ
17. Тослогдсон хүмүүс ямар найдвартай вэ? Тэд тослогдсон христиануудад хамаатай зүйлийг Бурхны Үгнээс уншихлаараа яадаг вэ?
17 Та тослогдсон христиан бол тэнгэрт амьдрах найдварынхаа талаар байнга залбирдаг биз ээ. Тэнгэрт болох «хуримын» тухай Библиэс уншихлаараа надад хамаатай гэж боддог байх. Бас Есүс Христийн «сүйт бүсгүй» болохоо тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай (2 Кор. 11:2; Иох. 3:27–29; Илч. 21:2, 9–14). Бурхан тослогдсон христиануудад хайртайгаа Үгэндээ бичүүлснийг та уншаад «Намайг хэлж байна» гэж хэлэх байх. Мөн тослогдсон хүмүүст зориулан бичсэн зааврыг Библиэс уншаад Бурхны үйлдэх хүчээр удирдуулан чин сэтгэлээсээ дуулгавартай дагахыг хүснэ. Ийнхүү тэнгэрт амьдрах найдвартайг тань Бурхны үйлдэх хүч таны «сүнстэй хамт гэрчилдэг».
18. «Өөр хонинууд» ямар найдвартай вэ? Энэ найдвараа та юу гэж үздэг вэ?
18 Харин та «өөр хонинууд»-ын «үй олон хүн»-д багтдаг бол Бурхан таныг Диваажин дэлхий дээр мөнх амьдруулахаа амлаж байна (Илч. 7:9; Иох. 10:16, ШГ). Та сайхан ирээдүйн тухай Библиэс уншиж эргэцүүлэн бодоод тайвширдаг байх. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт амар тайван, аз жаргалтай амьдрахаа тэсэн ядан хүлээдэг биз ээ. Тэр үед хоол хүнсний хомсдол, ядуурал, зовлон зүдүүр, өвчин эмгэг, үхэл хагацал хүн төрөлхтнийг дахин хэзээ ч зовоохгүй болно гээд бод доо (Дуу. 37:10, 11, 29; 67:6; 72:7, 16; Ис. 33:24). Хайртай хүмүүсийнхээ амилахыг хараад та хязгааргүй их баярлах нь гарцаагүй (Иох. 5:28, 29). Дэлхий дээр амьдрах сайхан найдвар өгсөн Еховадаа талархахын дээдээр талархдаг нь лавтай. Тийм учраас талх, дарснаас хүртдэггүй ч гэсэн Есүс Христийг амиа золиосолсонд нь талархаад Дурсах цуглаанд очдог байх.
ДУРСАХ ЦУГЛААНД ЗААВАЛ ОЧООРОЙ
19, 20. а) Мөнх амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Та яагаад Эзний зоогт очихоор шийдсэн бэ?
19 Та Ехова Бурхан, Есүс Христ, золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулсан цагт л тэнгэр, газрын аль нэгэнд мөнх амьдарна. Дурсах цуглаанд суувал ирээдүйн найдварынхаа талаар, мөн Есүсийн үхэл хэчнээн их утга учиртай байсныг эргэцүүлэн бодох боломж олддог. Энэ жилийн Дурсах цуглаан 2015 оны 4 дүгээр сарын 3-ны баасан гаригийн орой нар жаргасны дараа болно. Дэлхий даяар зохиох энэхүү арга хэмжээнд олон сая хүн очно.
20 Та Дурсах цуглаанд очвол Есүсийн золиосыг улам их үнэлж эрхэмлэдэг болох нь дамжиггүй. Илтгэл сонсоод бусад хүнд хайраа илэрхийлэхийг, Еховагийн хайр болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь мэдүүлэхийг хүсэх байх (Мат. 22:34–40). Таныг Эзний зоогт хүрэлцэн ирэхийг урьж байна.
a Еврей тооллоор нар жаргахад өдөр эхэлж, маргааш нь нар жаргахад тэр өдөр дуусдаг.