Эзний оройн зоог таны хувьд юу гэсэн үг вэ?
«Хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзний талхыг идэж, аяганаас уух аваас Эзний бие ба цусны буруутан болно» (1 КОРИНТ 11:27).
1. 2003 онд болох хамгийн чухал үйл явдал юу вэ? Энэ арга хэмжээг анх хэрхэн зохион байгуулсан бэ?
2003 ОНЫ хамгийн чухал үйл явдал дөрөвдүгээр сарын 16-нд нар шингэснээс хойш болно. Тэр цагт Еховагийн Гэрчүүд Есүс Христийн үхлийг Дурсах үдэшлэг тэмдэглэхээр цуглацгаана. Энэ арга хэмжээг бас Эзний оройн зоог гэж нэрлэдэг бөгөөд Есүс МЭ 33 оны Нисан сарын 14-нд элч нарынхаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэснийхээ дараа анх зохион байгуулсныг бид өмнөх өгүүллээс мэдэж авсан билээ. Дурсах үдэшлэгийн бэлэгдэл болох исгээгүй талх ба улаан дарс нь хүн төрөлхтнийг Адамаас удамшин дамжсан нүгэл ба үхлээс аврах чадалтай цорын ганц золиос болох Христийн нүгэлгүй бие болон асгаруулсан цусыг төлөөлдөг. (Ром 5:12; 6:23).
2. 1 Коринт 11:27-д ямар сануулга байдаг вэ?
2 Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртэгчид үүнийг зохистойгоор үйлдэх ёстой. Элч Паул энэ тухай Эзний оройн зоогийг зохисгүйгээр тэмдэглэдэг байсан, эртний Коринт хотын христиануудад бичсэн захидалдаа тодорхой заасан (1 Коринт 11:20–22). Паул: «Хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзний талхыг идэж, аяганаас уух аваас Эзний бие ба цусны буруутан болно» хэмээн бичсэн байна (1 Коринт 11:27). Энэ юу гэсэн үг вэ?
Зарим хүн Дурсах үдэшлэгийг зохисгүйгээр тэмдэглэдэг байсан нь
3. Коринтын христиануудаас олон хүн Эзний оройн зоог тэмдэглэх үеэр биеэ хэрхэн авч явдаг байсан бэ?
3 Коринтын христиануудаас олон хүн Дурсах үдэшлэгт зохисгүйгээр оролцдог байжээ. Тэд хоорондоо хагаралтай байсны дээр зарим нь хэсэг хугацаанд гэрээсээ оройн хоолоо авчран цуглааны өмнө буюу цуглааны үеэр идэж ууцгаадаг, тэгэхдээ байнга хэтрүүлдэг байв. Тэд оюун ухаанаараа ч, сүнслэг талаараа ч сонор сэрэмжгүй оролцдог байжээ. Энэ нь тэднийг «Эзний бие ба цусны буруутан» болгожээ. Оройн хоол идээгүй нэг нь өлссөнөөсөө болоод анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байв. Тийм ээ, олон хүн энэ үйл явдлын чухлыг бүрэн ухаарахгүй, үл хүндэтгэсэн байдлаар оролцдог байжээ. Тэд шийтгэл хүлээсэн нь гайхах зүйл биш билээ! (1 Коринт 11:27–34).
4, 5. Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс жил бүр хүртдэг хүмүүс өөрсдийгөө шалгах нь яагаад чухал бэ?
4 Жил бүр Дурсах үдэшлэг тэмдэглэх тов ойртохын хирээр уг арга хэмжээний бэлэгдлээс хүртдэг хүмүүс өөрсдийгөө шалгах хэрэгтэй. Эвийн зоогоос зохистойгоор хүртэхийн тулд тэд сүнслэг талаараа эрүүл байх ёстой. Есүсийн золиосыг үл хүндэтгэдэг, жигшдэг хэн ч болов бузартсан үедээ эвийн өргөлийн тахилын мах идсэн израильчуудын адил Бурхны «ард олноос таслагдах» аюултай юм (Левит 7:20; Еврей 10:28–31).
5 Паул Дурсах үдэшлэгийг эртний Израилийн эвийн зоогтой харьцуулсан. Тэрээр «Христийн... доторх оролцоотой» хүмүүсийн талаар яриад: «Та нар Эзний [«Еховагийн», ШЕ] аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзний [«Еховагийн», ШЕ] ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй» гэж хэлжээ (1 Коринт 10:16–21). Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэг хүн ноцтой нүгэл үйлдвэл энэ тухайгаа Еховад улайхын зэрэгцээ хурлын ахлагчдаас сүнслэг тусламж хайх хэрэгтэй (Сургаалт үгс 28:13; Иаков 5:13–16). Хэрэв тэр хүн үнэхээр гэмшиж, гэмшилд зохицсон үр жимс ургуулбал зоогоос хүртэхийг нь зүй бус гэж үзэхгүй (Лук 3:8).
Хүндэт ажиглагчаар оролцогчид
6. Эзний оройн зоогоос хүртэх хосгүй эрхийг Бурхан хэнд олгосон бэ?
6 Өнөөдөр Христийн 144 000 ах дүүгийн үлдэгдэлд сайн ханддаг хүмүүс Эзний оройн зоогоос хүртэх нь зөв үү? (Матай 25:31–40; Илчлэлт 14:1). Буруу. Бурхан ариун сүнсээр тосолж, «Христийн хамтран залгамжлагч» болгосон хүмүүстээ л энэхүү хосгүй эрхийг олгосон (Ром 8:14–18; 1 Иохан 2:20). Тэгвэл, Хаанчлалын захиргаан дор диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? (Лук 23:43; Илчлэлт 21:3, 4). Тэд тэнгэрийн найдвартай, Есүсийн хамтран залгамжлагчид биш учраас Дурсах үдэшлэгийн арга хэмжээнд хүндэт ажиглагчаар оролцдог (Ром 6:3–5).
7. Нэгдүгээр зууны христианууд Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртэх ёстойгоо мэддэг байсны учир юу вэ?
7 Нэгдүгээр зууны жинхэнэ христианууд ариун сүнсээр тослогдсон байсан. Тэднээс олон хүн хэлээр ярих зэрэг сүнсний нэг юм уу, хэд хэдэн гайхамшигт бэлэгтэй байв. Тийм болохоор сүнсээр тослогдсон эсэхээ хийгээд Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртэх ёстой эсэхээ мэдэх нь тэдэнд хэцүү биш байжээ. Харин, өнөөдөр хэн нэгний тослогдсон эсэхийг «Бурхны Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид: „Аав! Эцэг минь!“ гэж дууддаг» хэмээсэн, Бурхны онгодоор хэлүүлсэн үгийн үндсэн дээр тодорхойлж болно (Ром 8:14, 15).
8. «Матай» номын 13-р бүлэгт гардаг «буудай» болон «зэрлэг өвс» хэнийг төлөөлдөг вэ?
8 Жинхэнэ христианууд олон зууны турш хуурамч христиануудын дунд буюу «зэрлэг өвстэй» талбайд ургасан «буудай» мэт өсөж дэлгэрсэн (Матай 13:24–30, 36–43). 1870-аад оноос «буудай» эрс ялгардаг болсон ба түүнээс хойш хэдэн жилийн дараа тослогдсон христиан харгалзагчдад: «Ахлагчид... [Дурсах үдэшлэгт] цуглагсдад дараах шаардлага тавих ёстой. Үүнд: 1) [Христийн] цусанд итгэх; 2) Эзэн болон үйлчлэлийнх нь төлөө эцсээ хүртэл өөрийгөө зориулах. Тийм санаа зорилготой, Бурханд өөрийгөө тэр чигээр нь зориулсан бүх хүнийг Эзний үхлийг дурсах оройн зоогоос хүртэхээр оролцохыг урих хэрэгтэй» гэсэн заавар өгчээ («Судрыг судлах нь», 6-р боть, «Шинэ бүтээл», 473-р хуудас, англи).a
«Өөр хонинуудыг» хайсан нь
9. «Үй олон хүн» хэн болох нь 1935 онд хэрхэн тодорхой болсон бэ? Энэ нь Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэг байсан зарим хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?
9 Еховагийн байгууллага анхаарлаа аажимдаа Христийн тослогдсон дагалдагчдын зэрэгцээ бусад хүмүүс уруу хандуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой чухал үйл явдал 1930-аад оны дундуур болжээ. Тэр үеийг хүртэл Бурхны ард түмэн Илчлэлт 7:9-д байдаг «үй олон хүнийг» тэнгэрт дахин амилсан, тослогдсон 144 000-тай хамт байх хоёрдугаар зэргийн сүнслэг анги буюу Христийн сүйт бүсгүйн найзууд хэмээн үзэж байжээ (Илчлэлт 7:9; Дуулал 45:14, 15; Илчлэлт 7:4; 21:2, 9). Гэвч, 1935 оны тавдугаар сарын 31-нд АНУ-ын Вашингтон хотод болсон Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр тавьсан илтгэлд «үй олон хүн» бол төгсгөлийн цаг үед амьдарч байгаа «өөр хонинуудад» хамаатай болохыг Библийн үндэстэй тайлбарласан (Иохан 10:16, МБОХ, 1996). Уг чуулганаас хойш, урьд нь Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэг байсан хүмүүсийн зарим нь тэнгэрт бус, дэлхийд амьдрах найдвартайгаа ойлгоод бэлэгдлээс хүртэхээ больжээ.
10. Өнөөгийн «өөр хонинуудын» найдвар хийгээд ажил үүргийг та хэрхэн дүрслэх вэ?
10 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тослогдогсдын «өчүүхэн сүрэгт» тусалдаг, золиост итгэн, Бурханд өөрийгөө зориулах «өөр хонинуудыг» хайхад 1935 оноос хойш онцгой анхаардаг болсон (Лук 12:32). Энэ өөр хонинууд дэлхий дээр мөнх амьдрах найдвартай болохоос бусад талаараа Хаанчлалын өв залгамжлагчдын өнөөгийн үлдэгдлээс огт ялгаагүй юм. Эртний Израильд харийн хүмүүс Еховаг шүтэж, Хуульд захирагддаг байсан шиг өнөөгийн өөр хонинууд сүнслэг Израилийн гишүүдтэй мөр зэрэгцэн сайн мэдээ дэлгэрүүлэх зэрэг христиан ажил үүрэг гүйцэтгэдэг (Галат 6:16). Гэхдээ харийн хүмүүсээс Израилийн хаан юм уу, тахилч болдоггүй байсны адил өөр хонинуудаас тэнгэрийн Хаанчлалд захирах юм уу, тахилчаар үйлчлэх хүн нэг ч байхгүй бөлгөө (Дэд хууль 17:15).
11. Баптисм хүртсэн он нь хүний найдварыг тодорхойлоход ач холбогдолтойн учир юу вэ?
11 1930-аад он гэхэд тэнгэрийн ангийн ихэнх хэсэг сонгогдсон нь тодорхой болсон. Дэлхийд амьдрах найдвартай өөр хонинуудыг хайх ажил өнөөдрийг хүртэл 70-аад жилийн турш үргэлжилж байна. Тослогдсон хэн нэг хүн итгэл алдвал, 144 000-ын дотор түүний эзэлж байсан байрыг өөр хонинуудын дотроос Бурханд олон жил үнэнч үйлчилж байгаа нэг нь нөхнө.
Ташаа ойлголт хэрхэн бий болдог нь
12. Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэгээ ямар нөхцөлд зогсоох ёстой вэ? Яагаад?
12 Тослогдсон христианууд тэнгэрийн дуудлагатай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Гэтэл тийм дуудлагагүй хүн Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэг бол яах вэ? Тийм хүмүүс ерөөсөө тэнгэрийн найдваргүй байснаа ойлговол мөс чанар нь үдэшлэгийн бэлэгдлээс хүртэхээ болихыг шаардах нь эргэлзээгүй. Үнэхээрийн тэнгэрийн дуудлагагүйгээ мэдсээр байж өөрийгөө тэнгэрийн хаан, тахилч болох мэтээр өргөмжилсөн хүнд Бурхан таагүй хандах болно (Ром 9:16; Илчлэлт 20:6). Ехова, леви овгийн Кораг биеэ тоон, Аароны хөвгүүдэд хамаатай тахилчийн албад санаархсаных нь төлөө цаазалсан (Египетээс гарсан нь 28:1; Тооллого 16:4–11, 31–35). Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртдэг байсан христиан тийм эрхгүйгээ ухаарвал бэлэгдлээс хүртэхээ больж, Еховагаас уучлал гуйн, даруухнаар залбирах хэрэгтэй (Дуулал 19:13).
13, 14. Зарим хүн ямар учраас өөрийгөө тэнгэрийн дуудлагатай гэж ташаа ойлгодог вэ?
13 Тэнгэрийн дуудлагатай юм шиг ташаа ойлголт хэрхэн бий болж магадгүй вэ? Ханиа алдсанаас юм уу өөр ямар нэгэн эмгэнэлт явдлаас болоод хүн дэлхий дээр амьдрах хүсэлгүй болж болно. Эсвэл тослогдсон христиан гэдэг нь илэрхий болсон дотны найзтайгаа адилхан тэнгэрийн найдвартай болохыг хүсдэг байж болох юм. Бурхан, сүнсээр тослогдогсдын эгнээг нөхөн дүүргэх эрхийг хэнд ч өгөөгүй нь ойлгомжтой. Мөн Бурхан хэн нэгнийг Хаанчлалын өв залгамжлагч болгон тослохдоо энэ тухайгаа чихэнд нь сонсогдохуйцаар мэдэгддэггүй.
14 Сайн хүмүүс бүгдээрээ тэнгэрт гардаг гэсэн хуурамч шашны сургаалын нөлөөгөөр зарим хүн өөрийгөө тэнгэрийн дуудлагатай гэж бодож болох юм. Тийм учраас бид урьдын буруу үзэл бодол болон бусад хүчин зүйлийн нөлөөнд автаж төөрөхөөс сэрийлэх хэрэгтэй. Жишээ нь, зарим хүн өөрөөсөө: «Би сэтгэц нөлөөтэй эм хэрэглэдэг бил үү? Сэтгэлийн хөөрөлдөө хэт автан буруу дүгнэлтэд хүрчихдэг хандлага надад бий юү?» гэх зэрэг асуулт асууж болох юм.
15, 16. Зарим хүн ямар учраас өөрийгөө тослогдсон христиан гэж буруу дүгнэдэг вэ?
15 Бас зарим хүн: «Би алдар нэрэнд дуртай юу? Энэ цагт эрх мэдэлтэй болох юм уу, ирээдүйд Христтэй хамт өв залгамжлах хүсэлтэй юу?» гэж өөрөөсөө асууж болно. Хаанчлалын өв залгамжлагчаар дуудагдсан нэгдүгээр зууны хүмүүс хуралд бүгдээрээ хариуцлагатай байр суурь эзэлж байгаагүй. Түүнээс гадна тэнгэрийн дуудлагатай хүмүүс алдар нэр хөөцөлдөх юм уу, тослогдсон гэдгээрээ сайрхан гайхуулдаггүй. Тэд «Христийн оюун ухаантай» хүмүүст байвал зохих даруу зан илэрхийлдэг (1 Коринт 2:16).
16 Зарим хүн Библийн өргөн их мэдлэгтэй болсноосоо болоод өөрийгөө тэнгэрийн дуудлагатай гэж үзэхэд хүрдэг байж болох юм. Гэхдээ сүнсээр тослогдлоо гээд хүн ер бусын ухаантай болчихдоггүй. Жишээ нь, Паул тослогдогсон зарим хүнд зааж, зөвлөгөө өгдөг байсан (1 Коринт 3:1–3; Еврей 5:11–14). Бурхан тусгай сувгаар дамжуулан ард түмнээ сүнслэг хоол ундаар хангадаг (Матай 24:45–47). Тийм учраас тослогдсон христиануудыг дэлхийн найдвартай хүмүүсээс илүү мэргэн ухаантай гэж бодох нь буруу. Библийн сэдэвтэй асуултад чадварлаг хариулж, сайн гэрчлэх юм уу, илтгэдэг бол энэ нь ариун сүнсээр тослогдсоныг харуулах шинж биш ээ. Дэлхийн найдвартай христиануудын дунд ч гэсэн ийм чадвартай хүн олон бий.
17. Сүнсээр тослогдох нь хэнээс, юунаас хамаардаг вэ?
17 Итгэл нэгтнүүдээс хэн нэг нь тэнгэрийн дуудлагын талаар асуувал ахлагч юм уу, өөр хэн нэгэн төлөвшсөн христиан түүнтэй энэ асуудлыг ярилцаж болно. Гэхдээ, асуудлыг бусдын өмнөөс шийдэж болохгүй. Хүн үнэхээр тэнгэрийн дуудлагатай бол бусад хүнээс энэ талаар асуух хэрэггүй. Тослогдсон хүмүүс «устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурхны амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн» байдаг (1 Петр 1:23). Бурхан ариун сүнс болон Үгийнхээ тусламжтайгаар хүнийг тэнгэрийн найдвартай «шинэ бүтээл» болгодог «үр» суулгадаг (2 Коринт 5:17). Түүнээс гадна Ехова тослох хүнээ өөрөө сонгодог. Тослогдох нь «хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин... Бурхнаас хамаардаг ажгуу» (Ром 9:16). Тэгвэл хүн тэнгэрийн дуудлагатай гэдэгтээ итгэлтэй байх ямар үндэс байдаг вэ?
Итгэлтэй байдгийн учир
18. Бурхны сүнс тослогдогсдын сүнстэй хамт хэрхэн гэрчилдэг вэ?
18 Тослогдсон христиануудыг тэнгэрийн найдвартай болохыг Бурхны сүнс гэрчилдэг. Паул: «Та нар... үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид „Аав! Эцэг минь!“ гэж дууддаг. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм» хэмээн бичжээ (Ром 8:15—17). Тослогдогсдын сүнс буюу дотоод сэтгэлд ариун сүнс нөлөөлдөг учраас тэд өөрсдийгөө Сударт бичигдсэн Еховагийн сүнсэн хүүхдүүд хэмээн үздэг (1 Иохан 3:2). Ариун сүнс тэдэнд Бурхны хөвгүүд мөн гэдгийг мэдрүүлдгийн зэрэгцээ хосгүй найдвар төрүүлдэг (Галат 4:6, 7). Тийм ээ, төгс хүн болоод гэр орныхон, найз нөхдийнхөө дунд мөнх амьдрах нь хэлж баршгүй сайхан хэрэг мөн хэдий ч энэ нь тослогдогсдод Бурхнаас өгсөн найдвар биш ээ. Бурхан сүнсээрээ дамжуулан тэднийг дэлхийн амьдралын ижил дасал болсон бүхэн хийгээд ирээдүйгээсээ дуртайяа татгалзан, тэнгэрт амьдрах бат найдвартай болгодог (2 Коринт 5:1–5, 8; 2 Петр 1:13, 14).
19. Шинэ гэрээ тослогдсон христиануудын амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
19 Тослогдсон христианууд тэнгэрийн найдвартайдаа болон өөрсөдтэй нь шинэ гэрээ байгуулсанд эргэлздэггүй. Есүс Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа энэ талаар: «Энэ [аяга] та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлсэн (Лук 22:20). Шинэ гэрээ Бурхан болон тослогдогсдын хооронд байгуулагдсан (Иеремиа 31:31–34; Еврей 12:22–24). Есүс бол зууч нь юм. Христийн асгаруулсан цусаар шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнд иудейчүүд төдийгүй бусад үндэстний хүмүүс нэгдэн орж, Еховагийн нэрийн төлөөх хүмүүсийг бүрдүүлсэн ба Абрахамын «үрийн» хэсэг болсон (Галат 3:26–29; Үйлс 15:14). Энэхүү «мөнхийн гэрээний» ачаар бүх сүнслэг израиль дахин амилж, тэнгэрт үхэхгүй мөнх амьдрах боломжтой болсон билээ (Еврей 13:20).
20. Тослогдогсод Христтэй ямар гэрээнд нэгдсэн бэ?
20 Тослогдогсод найдвартаа итгэлтэй байдаг. Тэдэнтэй өөр нэг гэрээ байгуулсан. Тэр бол Хаанчлалын гэрээ юм. Тэднийг өөртэй нь нэгдэлтэй байсан талаар Есүс: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн [«надтай гэрээ байгуулсанчлан», ШЕ], Би та нарт өгнө [«та нартай хаанчлалын гэрээ байгуулна», ШЕ]» хэмээн хэлжээ (Лук 22:28–30). Христ болон түүнтэй хамт хаанчлах хүмүүсийн хооронд байгуулсан энэ гэрээ бол үүрдийнх юм (Илчлэлт 22:5).
Дурсах үдэшлэгийн өмнөх үе бол ивээлтэй цаг
21. Дурсах үдэшлэгийн өмнөх үед бид их тусыг хэрхэн хүртэж болох вэ?
21 Дурсах үдэшлэгийн өмнөх үе их ивээл авчирдаг. Энэ үед зориулан гаргасан Библи унших хөтөлбөрөөс ашиг тустай их зүйлийг олж авдаг. Түүнээс гадна, энэ нь залбирч, Есүсийн дэлхий дэх амьдрал болоод үхлийн талаар эргэцүүлэн бодоход, мөн Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд оролцоход онцгой тохиромжтой цаг юм (Дуулал 77:12; Филиппой 4:6, 7). Уг арга хэмжээ өөрөө, Есүсийн золих тахилтай холбоотой Бурхан Христ хоёрын илэрхийлсэн хайрыг бидэнд сануулдаг (Матай 20:28; Иохан 3:16). Энэ хайр бидэнд найдвар төрүүлж, тайвшруулахын зэрэгцээ Христийн замаар замнах шийдвэрийг маань бэхжүүлэх ёстой (Египетээс гарсан нь 34:6; Еврей 12:3). Дурсах үдэшлэг бас Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, хайртай Хүүгийнх нь үнэнч дагалдагч байх хүчийг бидэнд өгөх ёстой.
22. Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн хамгийн агуу бэлэг юу вэ? Түүний төлөө талархдагаа хэрхэн харуулж болох вэ?
22 Еховагийн өгдөг бэлгүүд юутай гайхамшигтай вэ! (Иаков 1:17). Бидэнд түүний Үгийн удирдлага, сүнсний тусламж хийгээд мөнх амьдрах найдвар бий. Бурхны хамгийн агуу бэлэг бол тослогдогсод болоод итгэсэн бүх хүний нүглийн төлөө өргөсөн Есүсийн золиос юм (1 Иохан 2:1, 2). Тэгвэл Есүсийн үхэл таны хувьд юу гэсэн үг вэ? Та 2003 оны дөрөвдүгээр сарын 16-нд нар шингэснээс хойш Эзний оройн зоог тэмдэглэхээр талархалтайгаар цуглах хүмүүсийн дунд байх уу?
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Дахин хэвлэхээ больсон.
Та хэрхэн хариулах вэ?
• Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хэн хүртэх ёстой вэ?
• Эзний оройн зоогийн арга хэмжээнд «өөр хонинууд» зөвхөн хүндэт ажиглагчаар оролцдогийн учир юу вэ?
• Тослогдсон христианууд Христийн үхлийг Дурсах үдэшлэгийн үеэр талх болоод дарснаас хүртэх эрхтэй гэдгээ хэрхэн мэддэг вэ?
• Дурсах үдэшлэгийн өмнөх үеийг ивээлтэй цаг гэж хэлж болохын учир юу вэ?