Ганц бие явах, гэрлэх эсэхээ шийдэхэд тустай зөвлөгөө
«Би . . . зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм» (1 КОР. 7:35).
1, 2. Ганц бие байх, гэрлэх эсэхээ шийдэхэд тустай зөвлөгөөг Библиэс хайх хэрэгтэйн учир юу вэ?
ЭРЭГТЭЙ эмэгтэй хоёр хүн нэг дор байхлаараа баярлаж хөөрөх, сэтгэл гонсойх, санаа зовох нь илүү их байдаг. Ийм учраас сэтгэлээ жолоодохын тулд Бурхнаас удирдлага гуйх хэрэгтэй. Христианууд бидэнд Бурхнаар удирдуулах өөр олон шалтгаан бий. Ганц бие байгаадаа сэтгэл хангалуун явдаг зарим христианыг эцэг эх, найз нөхөд нь гэрлэ гэж ятган дарамталдаг. Зарим нь гэрлэе ч гэсэн тохирох ханиа олж чаддаггүй. Үерхэж байгаа хосуудын тухайд нөхөр эхнэр болох бэлтгэлээ базаахад тодорхой заавар зөвлөгөө хэрэгтэй. Түүнчлэн, гэрлэсэн гэрлээгүйн аль нь ч бай, садар самуун явдлаас өөрийгөө хамгаалах шаардлагатай.
2 Дээрх шалтгаанууд бидний амьдралд төдийгүй Ехова Бурхантай тогтоосон харьцаанд нөлөөлж болох юм. Паул Коринтынхонд бичсэн эхний захидлынхаа 7-р бүлэгт ганц бие байх, гэрлэх эсэхээ шийдэхэд тус болох зөвлөгөө өгчээ. Тэрбээр захидлыг нь уншсан хүмүүсийг зөв юм хийж, элдэв зүйлд сатааралгүйгээр Бурхандаа чин үнэнчээр тасралтгүй үйлчлээсэй гэж хүсэж байсан (1 Кор. 7:35). Та гэрлэсэн ч бай, үгүй ч бай, эдгээр чухал асуудлаар өгсөн Паулын зөвлөгөөг үзэж байхдаа Еховад бүрэн дүүрэн үйлчлэх боломж одоо ч танд байгааг ойлгохыг хичээгээрэй.
Чухал шийдвэр
3, 4. а) Гэрлэхгүй удаад байгаа хүний төлөө хэтэрхий их санаа зовсон эцэг эх, найз нөхөд нь яадаг вэ? б) Гэрлэлтийн талаар зөв үзэлтэй байхад Паулын зөвлөгөө хэрхэн туслах вэ?
3 Гэрлэхийг нэгдүгээр зууны Иудейн нийгэмд хамгийн чухал гэж үзэж байсан, өнөөдөр ч мөн ялгаагүй. Амьдрал зохиох насанд хүрсэн ч гэрлэхгүй бол санаа нь зовсон эцэг эх, найз нөхөд нь зөвлөгөө өгч эхэлдэг. Ханиа олж ав гэж шавдуулах юм уу хэн нэгнийг зааж өгч мэднэ. Тэр байтугай, хүнтэй танилцуулах арга хэмжээ зохиодог. Гэтэл үүнээс болоод эвгүй байдалд орох, гомдох, андын тангараг тасрах явдал гардаг.
4 Паул бусдыг гэрлэ, битгий гэрлэ гэж ятган дарамталж байсан удаагүй (1 Кор. 7:7). Ганц бие тэрбээр Еховад сэтгэл дүүрэн үйлчилж байсан ч гэрлэх хүсэлтэй хүмүүсийг шүүмжилж байгаагүй. Өнөөдөр христианууд гэрлэх үү, ганц бие байх уу гэдгээ өөрсдөө шийдэх эрхтэй. Ямар шийдвэр гаргахыг бусад нь заагаад байх албагүй.
Ганц бие ч жаргалтай амьдрах нь
5, 6. Паул ганц бие байхыг зөвлөсний учир юу вэ?
5 Ганц бие христиан Бурханд бүрэн дүүрэн үйлчилж чаддагийг Коринтын христиануудад бичсэн Паулын захидлаас мэдэж болно (1 Коринт 7:8-ыг уншина уу). Христ шашны ертөнцийн сахил хүртсэн лам хуврагууд өөрсдийгөө гэр бүлтэй хүмүүсээс илүү дээр гэж үздэг. Харин Паул ганц бие атлаа тэднээс өөр бодолтой байсан. Тэрбээр ганц бие христиануудад байдаг давуу талыг онцолжээ. Тэр нь юу вэ?
6 Ганц бие христианууд гэр бүлтэй хүмүүсийг бодвол Еховагийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг саадгүй хүлээж авах нь их байдаг. Паул «харь үндэстнүүдийн элч» байх онцгой үүрэг хүлээжээ (Ром 11:13). «Үйлс» номын 13–20-р бүлгийг уншвал Паул бусад миссионерүүдийн хамт шинэ шинэ газар орноор явж, шинэ хурал үүсгэн байгуулж байсан тухай бичсэн байдаг. Тэрбээр хүн болгоны амсаад байдаггүй зовлон бэрхшээлийг туулж явсан (2 Кор. 11:23–27, 32, 33). Гэвч шавь бэлдэхийн тулд тэр бүх зовлонг тэвчээд, баяр хөөртэй байжээ (1 Тес. 1:2–7, 9; 2:19). Тэрбээр эхнэртэй байсан бол энэ бүгдийг хийж чадахгүй нь лавтай.
7. Хоёр эхлэгч ганц бие байгаа завшаанаа ашиглан, үйлчлэлээ өргөжүүлсэн тухай жишээ хэлнэ үү.
7 Олон христиан ганц бие байгаа дээрээ Хаанчлалын үйл хэрэгт түлхүү оролцдог. Боливид эхлэгчээр үйлчилдэг Сара Лимбаниа хоёр бол ганц бие эмэгтэйчүүд юм. Тэд сайн мэдээ хүрэлгүй олон жил болсон нэг тосгонд нүүж очжээ. Тэнд гэрэл цахилгаан, зурагт, радио байхгүй учир хүмүүс нь чөлөөт цагаараа ном их уншдаг гэнэ. Зарим нь бүр Еховагийн Гэрчүүдийн хэвлэхээ больсон ном, сэтгүүлийг уншдаг бөгөөд түүнийгээ хоёр эхлэгчид үзүүлжээ. Бараг л, уулзсан хүн болгон Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй байсан тул тэр хэсгээр дэлгэрүүлж дуусахад нэлээд хугацаа шаардагджээ. Нэгэн настай эмэгтэй: «Еховагийн Гэрчүүд ингээд нэг хүрээд ирдэг юм байжээ. Одоо ч тэгвэл төгсгөл ойрхон байна даа» гэж ярьсан гэнэ. Тосгоны зарим хүн удалгүй цуглаанд очдог болсон байна.
8, 9. а) Паул ганц бие байхыг сайшаахдаа юун тухай бодож байсан бэ? б) Ганц бие христианууд ямар давуу талтай вэ?
8 Дэлгэрүүлэхэд амаргүй газруудад гэр бүлтэй христианууд ч сайн мэдээг үр дүнтэй тунхагладаг нь үнэн. Гэхдээ ганц бие эхлэгчдийн төвөггүй биелүүлдэг үүрэг даалгавар гэр бүлтэй юм уу, хүүхэдтэй христиануудад амаргүй байж болох юм. Паул сайн мэдээг илүү өргөн далайцтай тунхаглах боломж хурлуудад байгааг анзаарчээ. Тэрбээр хүн болгоныг өөртэй нь адил баяр хөөртэй үйлчлээсэй гэж хүссэн. Тийм учраас, гэрлэхгүйгээр Еховад үйлчлэхийг сайн гэж хэлсэн ажээ.
9 АНУ-д амьдардаг ганц бие эхлэгч эмэгтэй: «Гэрлэхгүй бол жаргал үзэхгүй гэж зарим хүн боддог. Гэхдээ Еховатай л дотно байвал жинхэнэ ёсоор жаргалтай амьдардгийг би биеэрээ амсаж байна. Ганц бие явахыг золиос гэж хэлж болох ч бас давуу талтай. Энэ давуу талаа ашиглаж чадвал үнэхээр том бэлэг юм» хэмээн бичжээ. Тэрбээр цааш нь: «Ганц бие явах нь аз жаргалд хүргэнэ үү гэхээс саад болдог юм биш. Ехова гэрлэсэн, гэрлээгүй бүх л хүнийг хайрлан халамжилдгийг би мэднэ» гэж бичсэн байна. Одоо тэрбээр дэлгэрүүлэгч цөөтэй нутагт баяр хөөртэй үйлчилж байна. Хэрэв та ганц бие бол Библийн үнэнийг заах ажилд түлхүү оролцож чадах уу? Тэгсэн цагт та ганц бие байгаагаа Еховагийн өгсөн үнэлж баршгүй бэлэг гэж үзэх болно.
Гэрлэхийг хүсдэг бол
10, 11. Гэрлэх хүсэлтэй ч тохирох ханиа олж амжаагүй хүмүүст Ехова хэрхэн тусалдаг вэ?
10 Хэсэг хугацаанд ганц бие явсны дараа хань ижилтэй болохоор шийддэг хүн Еховагийн үнэнч үйлчлэгчдийн дунд олон бий. Тэдэнд удирдлага заавар зайлшгүй хэрэгтэй учир тохирох ханиа олоход туслахыг Еховагаас гуйдаг (1 Коринт 7:36-г уншина уу).
11 Хэрэв та Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг хүнтэй гэрлэхийг хүсэж байвал үүнийгээ Еховад байнга хэлж залбираарай (Флп. 4:6, 7). Удаан хүлээх байсан ч, бүү цөхрөөрэй. Хайртай Бурхнаа тусална хэмээн найдаарай. Ехова танд юу хэрэгтэйг мэддэг учир сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ (Евр. 13:6).
12. Гэрлэх саналыг хүлээж авахаасаа өмнө сайн бодох хэрэгтэйн учир юу вэ?
12 Сүнслэгээр сул юм уу, эсвэл бүр Гэрч биш хүн тантай гэрлэе гэвэл яах вэ? Гэрлэхийг хэчнээн их хүсэж байсан ч, ханиа буруу сонговол ганц бие байснаасаа ч илүү ганцаардаж, сэтгэлийн зовлонд унана гэдгийг санаарай. Нэгэнт гэрлэсэн бол сайн ч бай, муу ч бай насаараа хамт амьдарна гэдгийг бүү мартаарай (1 Кор. 7:27). Олдсон ганц боломж гээд яаран бүү гэрлээрэй. Хожим нь харамсана шүү (1 Коринт 7:39-ийг уншина уу).
Гэрлэхэд бэлдэх нь
13-15. Гэрлэсний дараа гарч болох ямар асуудлыг үерхэж байхдаа ярилцах хэрэгтэй вэ?
13 Паул хань ижилтэй болохгүйгээр Еховад үйлчлэхийг сайшаасан ч гэрлэхээр шийдсэн хүмүүсийг шүүмжлээгүй. Харин ч тийм хүмүүст зориулж Бурхны сүнсээр удирдуулан зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөө нь гэрлэсний дараа ямар бэрхшээл тулгарахыг хосуудад ойлгуулж, гэр бүлээ бат байлгахад нь тус болдог.
14 Зарим хос гэрлэсний дараах амьдралыг бодитойгоор төсөөлөх хэрэгтэй болдог. Тэд үерхэж байхдаа, ийм хосгүй хайраар учирсан бидэн шиг хүмүүс энэ хорвоо дээр алга гэж боддог. Энэ л бодлоо өвөрлөсөөр нэг гэрт ордог бөгөөд эцэс төгсгөлгүй жаргах юм шиг санадаг. Гэвч бодит амьдрал тэс өөр. Хайрлан янаглах нь сайхан ч тулгарах бэрхшээлийг давахад тус болохгүй (1 Коринт 7:28-ыг уншина уу).a
15 Гэрлээд удаагүй зарим хос чухал асуудлаар санал зөрөлдөхлөөрөө гайхаж, тэр ч бүү хэл сэтгэлээр унадаг. Мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулах, чөлөөт цагаа яаж өнгөрөөх, хаана амьдрах, аав ээж дээрээ хэр олон удаа очих зэрэг асуудлаар санал нийлэхгүй байж болох юм. Хүн болгон алдаа дутагдалтай учир нөгөөгийнхөө уурыг хүргэж магадгүй. Ер нь үерхэж байхдаа иймэрхүү чухал асуудлын талаар ярилцахгүй бол хожмын цагт зовлон болно. Тиймээс гэрлэхээсээ өмнө энэ тухай ярилцах нь хамгийн сайн.
16. Гэр бүлийн амьдралд бэрхшээл тулгарахад нөхөр эхнэр хоёр санаа нэгтэй байх хэрэгтэйн учир юу вэ?
16 Гэр бүлээ сайн сайхан авч явъя гэвэл хос хоёр тулгарсан бэрхшээлийг санаа нэгтэй даван туулах хэрэгтэй. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, өндөр настай эцэг эхээ хэрхэн асрах талаар адилхан бодолтой байх нь чухал. Айл болгонд янз бүрийн асуудал гардаг. Харин түүнээс болоод нөхөр эхнэрүүд салах ёсгүй. Хэн хэн нь Библийн зөвлөгөөг дагавал төвөгтэй асуудлаа шийдвэрлэж, амархан арилахгүй зовлонг тэвчиж, баяр хөөртэй байж болдог (1 Кор. 7:10, 11).
17. Гэрлэсэн хосууд «ертөнцийн юмсад санаа тавьдгийн» учир юу вэ?
17 Гэрлэсэн хүмүүст бас өөр асуудал тулгардгийг 1 Коринт 7:32–34-т бичжээ (Уншина уу). Гэр бүлтэй болохлоор «ертөнцийн юмс» буюу хоол хүнс, хувцас хунар, гэр орон гэх мэтийн сүнслэг бус зүйлд санаа тавьдаг. Яагаад тэр вэ? Хүн ганц бие байхдаа Хаанчлалын үйл хэрэгт бүрэн дүүрэн оролцож байсан бол гэрлэснийхээ дараа цаг зав, хүч чадлаа ханиа халамжлахад зориулах ёстой болдог. Мэргэн ухаантай Ехова Бурхан үүнийг ойлгодог. Нөхөр эхнэр хоёр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах шаардлагатай учир сүнслэг үйл хэрэгт урьдынх шигээ оролцож чадахгүй болдгийг нь ч мэддэг.
18. Гэрлэсэн хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх асуудлаар ямар өөрчлөлт гаргах хэрэгтэй вэ?
18 Бодууштай өөр олон зүйл бий. Хосууд хоёр биенээ халамжлах гээд Бурханд үйлчлэх цаг, хүчээ зохицуулах ёстой болдог юм бол, тэр тусмаа сонирхолтой юмандаа зарцуулж байсан цагаа багасгах нь зүйн хэрэг. Нөхөр нь найз нөхөдтэйгөө спорт хөөгөөд явчихвал эхнэрт нь ямар санагдах вэ? Эсвэл эхнэр нь ганц бие байх үеийнх шигээ, найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөгөөд байвал нөхөрт нь юу бодогдох вэ? Хэн хэн нь ганцаардаж, сэтгэл дундуур болох бөгөөд хань минь намайг хайрлахгүй байна гэж бодно. Хосууд гэр бүлээ бат байлгах гэж чадах бүхнээ хийвэл ийм аюулаас хол явна (Еф. 5:31).
Ёс суртахууны хувьд цэвэр ариун байх нь
19, 20. а) Гэрлэсэн ч садар самуун явдлаас өөрийгөө хамгаалах ёстойн учир юу вэ? б) Нөхөр эхнэр хоёр удаан хугацаагаар тусдаа байх нь ямар аюултай вэ?
19 Еховагийн үйлчлэгчид ёс суртахууны хувьд цэвэр ариун байхын төлөө чадах бүхнээ хийдэг. Садар самуунд орооцолдохгүй гэсэндээ гэрлэх шийдвэр гаргадаг хүн байдаг. Гэхдээ гэрлэлтийг хамгаалалт гэж үзэж болохгүй. Эрт үед, бэхлэгдсэн хотын хүмүүс хэрмийн дотор байсан цагт л аюулгүй байдаг байв. Хотоос гарвал дээрэмчин тонуулчдын гарт сүйрэх байлаа. Үүнтэй адилаар, гэрлэсэн хүмүүс Еховагийн тогтоож өгсөн хил хязгаарыг давахгүй байсан цагт садар самуунд орооцолдохгүй.
20 Паул тэр хил хязгаарын тухай тайлбарласныг 1 Коринт 7:2–5-д бичжээ. Тэнд бичсэнээр, гэрлэсэн хүмүүс ханийнхаа өмнө «үүрэг» хүлээх ёстой ажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэрлэсэн эмэгтэй нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орох эрхтэй бөгөөд нөхөр нь ч бас адилхан. Гэхдээ зарим нөхөр эхнэрүүд ажил, амралтаасаа болоод удаан хугацаагаар хоёр биенээсээ хол байж энэ «үүргээ» биелүүлж чаддаггүй. Хэрэв «биеэ барьж тэвчи[л]гүй», Сатанд урхидуулан завхайрвал хэчнээн эмгэнэлтэй явдал болох бол! Гэр бүлээ сүйрэхээс сэрэмжилдэг, хань ижил, үр хүүхдийнхээ хэрэгцээг хангах гэж хичээдэг нөхрүүдийг Ехова ивээдэг (Дуу. 37:25).
Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн ач тус
21. а) Ганцаараа байх, гэрлэх асуудлаар гаргах шийдвэр яагаад хэцүү байдаг вэ? б) «1-р Коринт» номын 7-р бүлэгт байдаг зөвлөгөөг ач тустай гэхийн учир юу вэ?
21 Хүмүүс янз янзын шийдвэр гаргадаг. Хамгийн хэцүү нь ганц бие байх болон гэрлэхтэй холбоотой шийдвэр юм. Яаж ч шийдсэн бэрхшээл байж л байдаг. Учир нь бүх хүн төгс бус билээ. Еховагийн ивээлийг хүртдэг хүмүүс хүртэл заримдаа сэтгэлээр унах нь бий. «1-р Коринт» номын 7-р бүлэгт байдаг зөвлөгөөг дагавал тийм зовлон бага амсана. Ехова ганц бие, гэрлэсэн хүмүүсийн аль алийг нь сайшаадаг (1 Коринт 7:37, 38-ыг уншина уу). Бурхны сайшаалыг хүлээнэ гэдэг хамгийн агуу ивээл юм. Өнөөдөр ч, ирээдүйн шинэ ертөнцөд ч Бурхны ивээлд багтаж болно. Шинэ ертөнцөд эрэгтэй эмэгтэй хүмүүс одоогийнх шиг дарамт, зовлон амсахгүй.
[Зүүлт]
a «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 10-р бүлгийн 13–17-р догол мөр, 114-р хуудсан дахь хавсралтыг үзнэ үү.
Хариулна уу
• Ганц бие хүнийг гэрлэ гэж ятгах ёсгүйн учир юу вэ?
• Ганц бие христиан цагаа хэрхэн үр ашигтай өнгөрөөх вэ?
• Үерхэж буй хосууд гэрлэсний дараа тулгарах асуудалд хэрхэн бэлдэж болох вэ?
• Гэрлэсэн ч садар самуунаас өөрийгөө хамгаалах ёстойн учир юу вэ?
[14-р хуудасны зураг]
Үйлчлэлээ өргөжүүлдэг ганц бие христиан жаргалтай
[16-р хуудасны зураг]
Гэрлэсний дараа юугаа өөрчлөх хэрэгтэй вэ?