«Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг»
«Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна» (ИАК. 1:4).
1, 2. а) Гидеон болон түүний 300 цэргээс юу сурах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Лук 21:19-ийг үзвэл тэвчээртэй байх нь яагаад чухал бэ?
ТУЛАЛДААН улам ширүүслээ. Шүүгч Гидеоноор удирдуулсан Израилийн цэргүүд мидианчууд болон тэдний холбоотнуудыг шөнөжингөө мөшгөн хөөсөөр 32 километр зам туулжээ. Дараа нь юу болсныг Библид ийн бичжээ. «Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан». Гэхдээ дайн дуусах болоогүй байлаа. Дайсны талын 15 000 орчим цэргийг устгах хэрэгтэй. Мидианчуудад олон жил дарлагдсан тул бууж өгөх ёсгүйгээ израильчууд мэдэж байлаа. Тиймээс дайснаа дарахын тулд «мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв» (Шүү. 7:22; 8:4, 10, 28).
2 Бид бас дайнд оролцдог. Бидний дайсан бол төгс бус байдал, Сатан болон түүний мэдэлд байдаг ертөнц юм. Зарим маань олон арван жил тулалдаж, Еховагийн хүчээр ялалт байгуулсаар ирсэн. Дайсантайгаа тэмцээд ядарч эцэх үе байдаг. Эсвэл энэ ертөнцийн төгсгөлийг хүлээсээр цөхрөх нь бий. Гэхдээ бидний тэмцэл дуусаагүй. Эцсийн өдрүүдэд амьдардаг дагалдагчид нь хүнд сорилт, харгис хавчлагатай тулгарна гэдгийг Есүс анхааруулаад зогсохгүй тэвчээртэй байвал ялна хэмээн хэлсэн (Лук 21:19-ийг уншина). Тэвчээр гэж юу вэ? Яавал тэвчээртэй байх вэ? Тэвчээртэй байсан хүмүүсээс юу сурах вэ? «Тэсвэр хатуужлаа» «төгс үр дүнтэй» байлгахын тулд яах вэ? (Иак. 1:4).
ТЭВЧЭЭР ГЭЖ ЮУ ВЭ?
3. Тэвчээр гэж юу вэ?
3 Библид бичсэнээр, тэвчээр гэдгээр зөвхөн сорилт бэрхшээл, гай зовлонг тэсэж тэвчихийг хэлдэггүй. Энэ нь оюун бодол, зүрх сэтгэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хатуу хүтүүг хэрхэн хүлээн авч байгаатай холбоотой. Тэвчээртэй хүн зоригтой, тууштай, хүлээцтэй байдаг. Тэвчээр бол «нөхцөл байдалд зүгээр нэг хүлцэнгүй хандах бус, сайхан болно гэсэн итгэлтэйгээр бэрхшээлийг даван туулах чанар юм. Ийм хүн зовлонгийн өмнө өвдөг сөхөрдөггүй. Бэрхшээлийг бус, зорилгоо боддог учраас хамгийн хүнд сорилтыг ч ялалт болгож чаддаг» гэж нэгэн тайлбар тольд тодорхойлжээ.
4. Тэвчээртэй байхад хайр яагаад чухал бэ?
4 Тэвчээртэй байхад хайр чухал үүрэгтэй (1 Коринт 13:4, 7-г уншина). Бид Еховаг хайрладаг учраас таалалд нь нийцүүлэхийн тулд юуг ч тэвчиж чаддаг (Лук 22:41, 42). Итгэл нэгтнүүдээ хайрладаг учраас өө сэвийг нь тоохгүй өнгөрөөдөг (1 Петр 4:8). Ханиа хайрладаг учраас хосуудад тулгардаг «зовлонг» тэвчиж, бие биетэйгээ улам дотносдог (1 Кор. 7:28).
ЯАВАЛ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ ВЭ?
5. Тэвчээртэй байхад маань Ехова л хамгийн сайн тусалж чадна гэхийн учир юу вэ?
5 Еховагаас, тэвчих хүч гуйгаарай. Ехова бол «тэвчээр ба урамшууллыг өгөгч Бурхан» билээ (Ром 15:5). Тэрээр бидэнд тулгардаг зовлон бэрхшээлийг бүрэн дүүрэн ойлгоод зогсохгүй нөхцөл байдал, сэтгэл мэдрэмж, төрж өссөн орчныг маань мэддэг. Тиймээс тэвчээртэй байхад маань Бурхан л хамгийн сайн тусалж чадна. «Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэж Библид байдаг (Дуу. 145:19). Тэгвэл тэвчих хүч гуйн залбирахад Бурхан хэрхэн хариулах бол?
6. Ехова бидэнд сорилтыг давах арга замыг хэрхэн өгдөг вэ?
6 1 Коринт 10:13-ыг уншаарай. Сорилтыг давахад туслаач гэж залбирвал Ехова «гарах замыг» өгнө. Бидэнд тулгараад байгаа зовлонг шууд арилгадаг гэсэн үг үү? Тийм үе бий. Гэхдээ ихэнхдээ тэнхээ өгдөг учраас бид «сорилтыг тэсвэрлэж чаддаг». Тиймээс баяр хөөртэйгөөр, тэсвэр хатуужилтайгаар бэрхшээлийг сөрөн зогсдог (Кол. 1:11). Ехова бидний хэр чадал, сэтгэл санааг хамгийн сайн мэддэг учраас тэсэж тэвчихийн аргагүй хүнд байдалд хэзээ ч оруулахгүй.
7. Тэвчээртэй байхын тулд яагаад «илчлэг ихтэй хоол идэх» ёстой вэ?
7 Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж судлан итгэлээ бэхжүүлээрэй. Уулчин хүн дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд авирахдаа өдөрт 6 000 орчим илчлэг шатаадаг. Энэ бол жирийн хүний өдөрт шатаах илчлэгээс хавьгүй их хэмжээ юм. Тэвчээртэй байж, зорилгодоо хүрэхийн тулд уулчин аль болох илчлэг ихтэй хоол идэх ёстой. Амийн замаараа тэвчээртэй явж, зорилгодоо хүрэхийн тулд бид бас «илчлэг ихтэй хоол идэх» буюу уншиж судлан, цуглаанд явах хэрэгтэй. Энэ бүхнийг хийх цаг зав гаргахын тулд хувийн сахилга бат сайтай байх ёстой. Ингэвэл итгэл бэхэжнэ (Иох. 6:27).
8, 9. а) Иов 2:4, 5-д бичсэнээр сорилт тулгарсан үед юуны тухай санах хэрэгтэй вэ? б) Зовлон амсвал ямар дүр зургийг төсөөлж болох вэ?
8 Маргаантай асуудлыг санаарай. Зовлон тохиолдоход Гэрч хүн зовж шаналдаг. Үүний зэрэгцээ Еховаг Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэж үнэхээр хүлээн зөвшөөрдөг эсэх нь соригддог. Заналт дайсан Сатан, Ехова Бурхныг басамжлан «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. Харин одоо Өөрийн мутраа сунгаж, [Иовын] яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно» гэжээ (Иов 2:4, 5). Сатаныхаар бол Еховаг хоёргүй сэтгэлээр шүтдэг хүн нэг ч байхгүй ажээ. Сатан бодлоо өөрчилсөн үү? Огтхон ч үгүй! Олон зууны дараа дэлхий дээр хаягдахдаа ч Бурхны үнэнч үйлчлэгчдийг «өдөр шөнөгүй буруутгасаар» байсан (Илч. 12:10). Хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө Бурхныг шүтдэг гэж буруутгахаа одоо ч болиогүй. Тийм учраас бидэнд янз бүрийн сорилт учруулж Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжихээ болих нь уу, үгүй юү хэмээн анхааралтай харж байдаг.
9 Та зовлон амссан үедээ дараах дүр зургийг төсөөлж байгаарай. Сатан болон чөтгөрүүд нэг талд зогсоод юу хийхийг тань харж, буугаад өгчихнө дөө хэмээн ярилцаж байна. Харин нөгөө талд Ехова Бурхан, Хаан Есүс, амилсан тослогдогсод, үй олон тэнгэр элчүүд байна. Таныг хөгжөөн дэмжиж, Еховад өдөр бүр үнэнч, тэвчээртэй байгааг тань хараад баярлаж байна. Тэгтэл Ехова танд «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэж хэллээ (Сур. 27:11).
10. Тэвчвэл ямар шагнал хүртэхээ бодсон Есүсийг та хэрхэн дуураймаар байна вэ?
10 Тэвчвэл ямар шагнал хүртэхээ бодоорой. Та аяллаар явж байжээ. Тэгтэл уртаас урт хонгилоор явах боллоо. Эргэн тойрноо харвал хав харанхуй. Гэхдээ хонгилын үзүүр хүртэл явбал ахиад гэрэл харна гэдгээ мэдэж байгаа. Амьдралыг аялалтай зүйрлэж болно. Бэрхшээл тулгарсан үед заримдаа дааж давшгүй мэт санагдаж мэдэх юм. Есүст бас тийм үе байсан. Шонд хадуулчихаад байхдаа шоолуулж доромжлуулан, өвдөж тарчилж байжээ. Гэлээ ч «Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө» бүхнийг тэвчсэн юм (Евр. 12:2, 3). Тэвчвэл ямар шагнал хүртэхээ, ялангуяа Бурхны нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөхөд ямар хувь нэмэр оруулахаа боджээ. Есүсийн амьдралын тэр хар бараан үе зуурдынх, харин тэнгэрийн шагналаа авах тэр гэрэл гэгээтэй мөч үүрдийнх байлаа. Танд тулгараад байгаа сорилт тэсэж тэвчишгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ мөнхийн амь руу явах замд тулгарч буй гай зовлон түр зуурынх гэдгийг бүү мартаарай.
«ТЭВЧСЭН ХҮМҮҮС»
11. «Тэвчсэн хүмүүсийн» түүхийг судлах хэрэгтэйн учир юу вэ?
11 Та л ганцаараа тэвчиж байгаа юм биш ээ. Элч Петр Сатаны учруулсан янз бүрийн сорилтыг тэвчихийг итгэл нэгтнүүддээ уриалж «Та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ» гэжээ (1 Петр 5:9). «Тэвчсэн хүмүүсийн» түүхээс бид тууштай байх аргад суралцаж, сорилтыг давна гэдэгтээ итгэж, үнэнч байвал шагнал хүртэнэ гэдгийг санадаг (Иак. 5:11). Хэдэн жишээ үзье.
12. Еден цэцэрлэгийг манаж байсан херубуудаас юу сурч болох вэ?
12 Херубууд. Анхны сүнсэн бүтээлүүд хэцүү даалгаврыг тэвчээртэйгээр биелүүлсэн нь бидэнд жишээ болдог. Ехова Бурхан «амийн мод руу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ»[1] (Эх. 3:24). Херубууд анхнаасаа ийм даалгавар биелүүлэхээр бүтээгдээгүй нь мэдээж. Ехова хүн төрөлхтнийг нүгэл үйлдээд, тэрслээсэй гэж бүтээгээгүй шүү дээ. Ямар ч байсан, дээд тушаалын тэдгээр тэнгэр элч ийм дорд ажил өглөө гэж гомдоллосон тухай Библид огт байдаггүй. Тэд ажлаасаа залхаад бууж өгөөгүй. Харин ч дуулгавартай байж, Усан галав болтол буюу 1 600 гаруй жил даалгавраа ягштал биелүүлсэн.
13. Гашуун зовлонгоо тэвчихэд нь Иовд юу тус болсон бэ?
13 Иов. Та найз нөхөд, гэр бүлийнхээ хүнээс сэтгэл шархлуулам үг сонсож, хүнд өвчинд нэрвэгдэж эсвэл хайртай хүнээ алдаад уй гашуу болж байгаа бол Иовд тохиолдсон явдлыг уншаад тайвшраарай (Иов 1:18, 19; 2:7, 9; 19:1–3). Өөрт нь тохиолдсон гай зовлон хэнээс болсныг мэдэхгүй байсан ч Иов бууж өгөөгүй. Үүний нэг шалтгаан нь «Бурханаас эмээдэг» байсантай холбоотой (Иов 1:1). Баяртай, гунигтай ямар ч үед Еховаг баярлуулахыг хүсдэг байжээ. Өөр нэг шалтгаан нь Бурхан ариун сүнсээрээ хэчнээн гайхалтай зүйлүүд хийснийгээ Иовд бодуулсан. Тийм учраас зовлонг нь нэг л өдөр арилгана гэдэгт Иов улам бүр итгэжээ (Иов 42:1, 2). Үнэхээр ч «Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов». Иов урт удаан, сэтгэл хангалуун амьдарчээ (Иов 42:10, 17).
14. 2 Коринт 1:6-д бичсэнээр Паулын жишээ бусдад ямар ач тустай байсан бэ?
14 Элч Паул. Жинхэнэ шүтлэгийг үзэн яддаг хүмүүс таныг ширүүн эсэргүүцэх юм уу тэр байтугай харгислан хавчдаг уу? Та олон үүрэг хүлээгээд түүндээ дарагдан яваа ахлагч эсвэл дүүргийн харгалзагч уу? Паулын жишээг эргэцүүлэн бодоорой. Паул харгис хавчлагад өртөж, хурлуудын төлөө өдөр бүр санаа нь зовдог байжээ (2 Кор. 11:23–29). Гэсэн ч бууж өгөөгүй. Сайхан үлгэр дуурайл нь олон хүнд сэтгэлийн тэнхээ хайрлажээ (2 Коринт 1:6-г уншина). Та хатуу хүтүү амьдралаа тэвчвэл бусад хүн таныг дуурайн зовлонгоо тэвчинэ гэдгийг санаарай.
ТАНЫ ТЭВЧЭЭР «ТӨГС ҮР ДҮНТЭЙ» ЮҮ?
15, 16. а) Иаков 1:4-т ямар «үр дүнгийн» тухай ярьсан бэ? б) «Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй» байдгийг жишээгээр хэлнэ үү.
15 Иаков: «Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг» хэмээн ариун сүнсээр удирдуулан бичжээ. Энд ямар «үр дүнгийн» тухай ярьж байна вэ? Тэвчээртэй байвал бид «юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна» (Иак. 1:4). Өөрөөр хэлбэл бид сорилттой тулгарахлаараа илүү их тэвчээртэй, талархуу, өрөвч болох хэрэгтэйгээ ойлгодог. Сорилтод бууж өгөхгүй, тууштай байвал Гэрч хүнд байх ёстой эдгээр зан чанарыг улам сайн илэрхийлж сурна.
16 Тиймд сорилт бэрхшээлээс хурдан ангижрах гээд Библийн зарчмыг зөрчих юм бүү хийгээрэй. Жишээлбэл та зохисгүй юм бодчихоод байдаг бол яах вэ? Битгий бууж өгөөрэй. Ийм хүслээ таягдан хаяхын тулд Еховагаас тусламж гуйж байгаарай. Тэгвэл биеэ барьж чаддаг болно. Гэр бүлийнхэн тань эсэргүүцдэг бол тэдний нөлөөнд автахын оронд Ехова Бурхандаа үйлчилсээр байгаарай. Үүний үрээр та Еховад улам бүр найддаг болно. Бурхны сайшаалыг хүлээе гэвэл тэвчээртэй байх ёстойгоо үргэлж санаарай (Ром 5:3–5; Иак. 1:12).
17, 18. а) Эцсээ хүртэл тэвчээртэй байхын чухлыг жишээгээр хэлнэ үү. б) Төгсгөл ойртохын хэрээр юунд эргэлзэх хэрэггүй вэ?
17 Бид хэсэг зуур бус, харин төгсгөл хүртэл тэвчих ёстой. Жишээ нь усан онгоц живж байна гэж бодъё. Зорчигчид амьд үлдэхийн тулд эрэг рүү сэлэх шаардлагатай. Хэрэв сэлж чадахгүй гээд буугаад өгчихвөл тэр дороо живж үхнэ. Гэтэл сэлж явсан хэрнээ эргээс хэдхэн метрийн наана хүрээд шантарчихвал бас л живнэ. Үүнтэй адилаар бид шинэ ертөнцөд хөл тавьтлаа тэвчээртэй байх ёстой. Тэгсэн цагт мөнх амьдарна. «Бид зүрх алддаггүй» хэмээн хоёр удаа бичсэн элч Паул шиг тэвчээртэй байцгаая (2 Кор. 4:1, 16).
18 Эцсээ хүртэл тэвчээртэй байхад маань Ехова тусална гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. «Бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна» хэмээн Паул бичсэн (Ром 8:37–39). Заримдаа бид эцэж ядардаг нь үнэн. Тийм үед Гидеон болон түүний нөхдийг дуурайцгаая. Тэд хэчнээн ядарч туйлдсан ч «мөрдөлтөө үргэлжлүүлсэн» шүү дээ (Шүү. 8:4).
^ [1] (12-р догол мөр) Энэ даалгаврыг хэдэн херуб биелүүлсэн тухай Библид байдаггүй.