Та Хаанчлалын төлөө тахил өргөх үү?
«Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» (2 КОР. 9:7).
1. Хүмүүс юугаа золиосолдог вэ? Яагаад?
ХҮМҮҮС чухал гэж үзсэн зүйлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг. Эцэг эхчүүд цаг зав, мөнгө төгрөг, хүч чадлаа үр хүүхдэдээ зориулдаг. Үе тэнгийнхэн нь тоглон наадаж байхад тамирчин хүүхдүүд Олимпод улс орноо төлөөлөн оролцох гэж өдөр бүр дасгал сургууль хийгээд завгүй байдаг. Есүс ч бас чухал гэсэн зүйлийнхээ төлөө янз бүрийн юмыг золиосолсон. Ая тухтай амьдрал хөөгөөгүй, үр хүүхэдтэй болохыг ч зориогүй. Харин Хаанчлалын үйл хэргийн төлөө хамаг анхаарлаа тавьж байсан (Мат. 4:17; Лук 9:58). Дагалдагчид нь бас Бурхны Хаанчлалыг дэмжихэд бүхнээ зориулсан. Хаанчлалын үйл хэрэг тэдний хувьд хамгийн чухал юм байсан учир хувийнхаа эрх ашгийг хойш тавьжээ (Мат. 4:18–22; 19:27). Бид өөрсдөөсөө «Миний амьдралын хамгийн чухал юм юу вэ?» гэж асуух нь зүйтэй.
2. а) Жинхэнэ христиан бүр юу хийх зайлшгүй шаардлагатай вэ? б) Зарим христиан өөр юу хийдэг вэ?
2 Жинхэнэ христиан бүрийн заавал хийх ёстой зүйл байдаг. Еховатай сайн харьцаатай байж, улам дотносъё гэвэл залбирах, Библи унших, гэр бүлийн хичээл хийх, цуглаанд суух, дэлгэрүүлэхэд цаг зав, хүч чадлаа зориулах ёстойa (Иош. 1:8; Мат. 28:19, 20; Евр. 10:24, 25). Бид хүчин чармайлт гаргахын зэрэгцээ Ехова ивээдэг учир дэлгэрүүлэх ажил улам өргөжиж, «ЭЗЭНий өргөөний уул ... уруу цутгах» хүний тоо нэмэгдэж байна (Ис. 2:2). Хаанчлалын үйл хэрэгт хувь нэмрээ оруулах гэж олон хүн Бетелд үйлчлэх, Хаанчлалын болон Чуулганы танхим барих, чуулган зохион байгуулах, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх зэргээр биеэ дайчилдаг. Ийм ажил нь мөнх амьтай болоход зайлшгүй шаардлагатай биш ч Хаанчлалыг дэмжихэд амин чухал юм.
3. а) Хаанчлалын төлөө биеэ дайчлах нь ямар ач тустай вэ? б) Ямар асуултуудыг бодож үзэх хэрэгтэй вэ?
3 Хаанчлалын үйл хэрэгт идэвхтэй оролцох нь одоо хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Еховагийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш тавьдаг хүн олон байгаа нь магтууштай! (Дуулал 54:6-г уншина уу). Ийнхүү өгөөмөр сэтгэл гаргавал Бурхны Хаанчлалын ирэхийг хүлээнгээ баяр хөөртэй байна (Д.хууль 16:15; Үйлс 20:35). Гэхдээ дараах асуултаар өөрийгөө сайтар шалгаж үзэх хэрэгтэй. «Би Хаанчлалын төлөө илүү их юу хийж чадах вэ? Цаг зав, мөнгө төгрөг, хүч чадал, авьяас чадвараа юунд зориулдаг вэ? Хаанчлалын төлөө биеэ дайчлахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?». Одоо, сайн дурын өргөл өргөх талаар эрт, эдүгээгийн хүмүүс ямар жишээ үзүүлснийг ярилцъя. Илүү их баяр баясгалантай болоход энэ нь тустай.
ЭРТНИЙ ИЗРАИЛЬЧУУДЫН ӨРГӨДӨГ БАЙСАН ТАХИЛ
4. Тахил өргөх нь израильчуудад ямар ач тустай байсан бэ?
4 Эртний израильчууд нүглээ уучлуулахын тулд тахил өргөх шаардлагатай байжээ. Энэ шаардлагыг хангаж байж Еховагийн таалалд багтах учиртай байв. Зарим тахилыг заавал өргөх ёстой бол, заримыг нь сайн дураараа өргөдөг (Лев. 23:37, 38). Еховад сайн дурын өргөл буюу бэлэг болгож шатаалт тахил өргөдөг байжээ. Үүний нэг жишээ нь Соломоны сүмийг зориулах үед тахил өргөсөн явдал юм (Ш.дэд 7:4–6).
5. Чадал бололцоо муутай хүмүүст зориулж Ехова юу хийсэн бэ?
5 Хүн болгон адилхан хэмжээний өргөл өргөж чадахгүйг Ехова сайн ойлгодог учир тухайн хүний чадал бололцоонд тохирсон шаардлага тавьдаг байв. Бурхны хуулиар бол амьтны цус асгаруулах ёстой байсан. Энэ нь Есүсээр «ирэх сайн юмсын ... сүүдэр нь» юм (Евр. 10:1–4). Гэхдээ Ехова энэ хуулийг сахихыг шаардахдаа уян хатан ханддаг. Жишээ нь, хонь малаар тахил өргөх боломжгүй хүний өргөсөн хүүрзгэнийг хүлээж авдаг байжээ. Ийнхүү үгээгүй ядуу хүн ч Еховад тахил өргөж чаддаг байв (Лев. 1:3, 10, 14; 5:7). Сайн дураараа өргөл өргөж буй хүмүүс хонь мал, хүүрзгэнэ тагтааны алийг ч өргөж болдог хэдий ч хоёр зүйлийг заавал хийх ёстой байсан.
6. Өргөл өргөх хүн бүрд ямар шаардлага тавьдаг байсан бэ? Тэдгээр шаардлагыг биелүүлэх нь хэр чухал байсан бэ?
6 Нэгд, хамгийн сайн юмаа өргөх ёстой. Тахилын амьтан өвчтэй, согогтой бол Ехова хүлээж авахгүй гэдгээ хэлсэн (Лев. 22:18–20). Хоёрт, өргөл өргөж буй хүн цэвэр ариун байх ёстой. Энэ шаардлагыг хангахгүй байвал яах вэ? Сайн дурын өргөл өргөхөөсөө өмнө Еховагийн сайшаалыг дахин олж авахын тулд нүглийн буюу гэмийн тахил өргөдөг байсан (Лев. 5:5, 6, 15). Энэ асуудалд хөнгөн хуумгай хандах ёсгүй байв. Хэрэв хүн бузартсан байхдаа эвийн тахил, түүний дотор сайн дурын өргөл өргөвөл ард түмний дундаас таслагдах ёстойг Бурхан хуульдаа заажээ (Лев. 7:20, 21). Нөгөөтэйгүүр, Еховатай сайн харьцаатай хүн согоггүй тахил өргөвөл сэтгэл хангалуун, баяр баясгалантай байдаг байв (Шастирын дээд 29:9-ийг уншина уу).
ӨНӨӨ ҮЕД ӨРГӨДӨГ ТАХИЛ
7, 8. а) Хаанчлалын төлөө ямар нэг юмаа золиосолдог хүмүүс ямар ивээл хүртдэг вэ? б) Бидний өргөж чадах «өргөл» юу вэ?
7 Өнөө үед олон хүн Еховад үйлчлэхийн төлөө биеэ дайчилдаг. Энэ нь ч Еховагийн сэтгэлд нийцдэг. Бид ах дүүсийнхээ төлөө ажиллахлаараа баяр баясгалан эдэлдэг. Хаанчлалын танхим барилцаж, байгалийн гамшигт өртсөн ах дүүстээ тусалдаг нэг Гэрч ямар их сэтгэл хангалуун байдгаа үгээр илэрхийлж чадахгүй гэжээ. Тэрбээр: «Итгэл нэгтнүүд маань шинэ Хаанчлалын танхимд орж үзээд, эсвэл гамшгийн дараа тусламж аваад баярлаж, талархаж байгааг харахлаар бидний гаргасан хичээл зүтгэл, хүч хөдөлмөр ямар их үнэ цэнэтэй байсныг ойлгодог» гэсэн юм.
8 Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг Хаанчлалын үйл хэргийг дэмжихэд хамаг анхаарлаа хандуулдаг. 1904 онд Чарлз Расселл: «Хүн бүр өөрийгөө Эзний томилсон үйлчлэгч гэж үзэх учиртай. Тиймээс цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгө, авьяас чадвараа зориулах боломж бүрийг хайдаг байх нь зүйтэй» гэж бичжээ. Ехова биднийг өгөөмрөөр ивээдэг. Үүнийх нь хариуд бид ч Еховад «өргөл» өргөх учиртай (2 Сам. 24:21–24). Та Хаанчлалын төлөө илүү их юу хийж чадах вэ?
9. Лук 10:2–4-т байдаг Есүсийн заавраас цагаа ашиглах талаар ямар зарчим мэдэж болох вэ?
9 Цаг зав. Ном хэвлэл орчуулж хэвлэх, шүтлэг мөргөлөө явуулах байшин барилга барих, чуулган зохион байгуулах, гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, өөр янз бүрийн үйл хэрэгт оролцоход ихээхэн цаг, хүч шаардлагатай. Хоногт ердөө 24 цаг байдаг. Гэхдээ Есүс цагийг зөв ашиглах зарчим хэлж өгсөн. Дэлгэрүүлэх ажил хийлгэхээр шавь нараа явуулахдаа «Замдаа хэнтэй ч бүү мэндэл» гэжээ (Лук 10:2–4). Яагаад ийм заавар өгсөн юм бол? Нэгэн Библи судлаач: «Дорно зүгийн хүмүүсийн мэндчилгээ нь биднийхээс өөр. Бид мэхийн ёслох юм уу гар барьдаг бол тэд олон удаа тэврэлдэж, тэр байтугай, сөгдөж мөргөдөг. Ингэхэд их хугацаа шаардагддаг» гэжээ. Есүс дагалдагчдаа бүдүүлэг байгаарай гэсэн юм биш ээ. Харин цаг хугацаа хязгаартайг ойлгуулж, илүү чухал зүйлд энэ цагаа зарцуулахад нь туслах гэсэндээ ийм заавар өгчээ (Еф. 5:16). Хаанчлалын үйл хэргийн төлөө илүү их цаг зав гаргахын тулд та энэ зарчмыг хэрэгжүүлж чадах уу?
10, 11. а) Дэлхий дахины үйл хэрэгт зориулж өгсөн бидний хандив юунд зарцуулагддаг вэ? б) 1 Коринт 16:1, 2-т байдаг ямар зарчим бидэнд тустай вэ?
10 Мөнгө төгрөг. Хаанчлалын үйл хэргийг дэмжихэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Явуулын харгалзагч, тусгай эхлэгч, миссионерүүдийн зардлыг нөхөхөд жил бүр хэдэн арван сая доллар зарцуулдаг. Эдийн засгийн нөөц бололцоо хязгаартай орнуудад 1999 оноос хойш 24 500 гаруй Хаанчлалын танхим барьсан. Гэсэн хэдий ч 6 400 шахам танхим нэмж барих шаардлагатай байна. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг сар бүр 100 сая орчим хувь хэвлэдэг. Энэ бүхнийг таны өргөсөн хандиваар хийдэг юм.
11 Элч Паул хандив өргөх талаар тодорхой зарчим хэлж өгсөн (1 Коринт 16:1, 2-ыг уншина уу). Хэдий хэмжээний мөнгө үлдсэнийг долоо хоногийн сүүлээр тооцох бус, харин хэдийг өгч чадахаа долоо хоногийн эхээр шийдээд, «цааш нь хийж хадгалахыг» ариун сүнсээр хөтлүүлэн Коринт дахь ах дүүстээ уриалжээ. Нэгдүгээр зууны христиануудын адилаар өнөөгийн ах дүүс маань бэл чадалдаа тааруулаад өгөөмөр сэтгэл гаргаж хандив өргөхөөр урьдаас төлөвлөдөг (Лук 21:1–4; Үйлс 4:32–35). Ехова ийм сэтгэлийг өндөр үнэлдэг.
12, 13. Зарим хүн Еховад илүү ихийг өгч чадахгүй гэж боддогийн учир юу вэ? Ехова тэдэнд хэрхэн туслах вэ?
12 Хүч чадал, авьяас чадвар. Хаанчлалын төлөө хүч чадал, авьяас чадвараа зориулдаг биднийг Ехова дэмждэг. Ядарч сульдвал хүч тэнхээтэй болгохоо амладаг (Ис. 40:29–31). Та Хаанчлалын үйл хэргийг дэмжих ажлыг хийх чадваргүй гэж өөрийгөө голдог уу? Бусад хүн илүү сайн хийж чадна гэж боддог уу? Ехова, Безалел Охолиаб хоёрын чадварыг сайжруулсан шигээ биднийг ч улам чадвартай болгоно гэдгийг бүү мартаарай (Ег. 31:1–6; өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
13 Ехова биднийг чадах бүхнээ хийгээрэй, бүү хойш суугаарай гэдэг (Сур. 3:27). Иерусалимын сүмийг сэргээн барих ажил дуусаагүй байхад иудейчүүд Бурхны ажлыг анхаарахаа больж, өөр юмыг чухалчилдаг болсон байв. Тиймээс юу хийж байгаагаа нухацтай бодоход нь Ехова тусалжээ (Хаг. 1:2–5). Бид Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг хамгийн чухалд үздэг эсэхээ бодох хэрэгтэй. Эцсийн энэ өдрүүдэд Хаанчлалын үйл хэрэгт яавал түлхүү оролцох вэ?
БАЙГАА БҮХНЭЭ ЗОРИУЛААРАЙ
14, 15. а) Хөрөнгө чинээ багатай ах дүүсийнхээ сайхан жишээнээс юу сурч болох вэ? б) Бид ямар хүсэлтэй байх ёстой вэ?
14 Хүнд хэцүү, ядуу зүдүү байдал жирийн үзэгдэл болсон улс оронд амьдардаг хүн олон байдаг. Манай байгууллага ийм орны ах дүүстээ тусламж үзүүлдэг (2 Кор. 8:14). Эд материалаар хомс ах дүүс маань ч бусдад өгөхийг завшаан гэж үздэг. Ядуу ч гэсэн «баяртайгаар» өгдөгт нь Ехова баярладаг (2 Кор. 9:7).
15 Африкийн ядуу буурай нэг улсад амьдардаг хэдэн Гэрч ногооны талбайтай ажээ. Талбайнхаа нэг жижиг хэсэгт тарьсан ногоогоо зараад, олсон мөнгөө Хаанчлалын үйл хэрэгт зориулж хандивладаг гэнэ. Мөнхүү улсад Хаанчлалын танхим барихаар болжээ. Нутгийн Гэрчүүд ч хувь нэмрээ оруулахыг хүссэн байна. Гэтэл яг тэр үеэр тариалалтын ажил ид дундаа явж байлаа. Ах дүүс барилгын ажилд туслахаар эргэлт буцалтгүй шийдсэн тул өдөр нь барилга дээр ажиллаад, орой нь талбайдаа очиж тариа ногоогоо тарьдаг байжээ. Өөрийгөө золиослох сэтгэл гэж энэ дээ! Энэ явдал нэгдүгээр зууны Македонийн христиануудыг санагдуулдаг. Тэд «туйлын ядуу зүдүү» хэр нь ах дүүстээ туслах боломж олгооч гэж Паулаас гуйж байсан билээ (2 Кор. 8:1–4). Бид ч бас «ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр» өгцгөөе (Дэд хууль 16:17-г уншина уу).
16. Өргөл ямар байвал Ехова хүлээж авахгүй вэ?
16 Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эртний израильчуудын адилаар, сайн дурын өргөл маань Еховагийн сэтгэлд нийцэж байгаа эсэхийг шалгах нь чухал. Өргөл ямар байвал Ехова хүлээж авахгүй вэ? Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, Еховаг шүтэх шүтлэг маань хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Гэрийнхнийхээ сүнслэг байдал, бие махбодын хэрэгцээг үл тоомсорлон байж цаг зав, хөрөнгө мөнгөө бусдын төлөө зориулах ёсгүй. Энэ нь өөрт байхгүй зүйлээ өгч байгаа хэрэг болно (2 Коринт 8:12-ыг уншина уу). Бид сүнслэгээр хүчтэй байх хэрэгтэй. (1 Кор. 9:26, 27). Библийн зарчмыг баримталж амьдардаг бол тахил өргөхдөө сэтгэл өндөр, баяр баясгалантай байхаас гадна өргөсөн тахилыг маань Ехова хүлээж авна.
БИДНИЙ ӨРГӨДӨГ ТАХИЛ АСАР ҮНЭТЭЙ
17, 18. Хаанчлалын төлөө бүхнээ зориулдаг хүмүүсийн талаар бид юу гэж боддог вэ? Бид бүгдээрээ юуны талаар бодож үзэх хэрэгтэй вэ?
17 Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин цаг зав, хүч чадал, мөнгө төгрөгөө Хаанчлалын үйл хэрэгт зориулдаг хүн итгэл нэгтнүүдийн маань дунд олон бий (Флп. 2:17). Өгөөмөр сэтгэлтэй тэдгээр ах дүүстээ бид гүнээ талархдаг. Хаанчлалын үйл хэрэгт манлайлан оролцдог эрчүүдийн эхнэр хүүхдийг өгөөмөр зан, өөрийгөө золиослох сэтгэл гаргадгийнх нь төлөө магтах хэрэгтэй.
18 Хаанчлалын үйл хэргийн төлөө хийх ажил үнэхээр их байна. Еховад одоогийнхоосоо илүү ихийг өгөхийн тулд яах хэрэгтэйгээ залбирч байгаад бодож үзэцгээе. Бурхныхаа төлөө чадах бүхнээ хийвэл одоо ивээл хүртээд зогсохгүй, «ирэх үед» бүр ч том шагнал авна (Марк 10:28–30).
a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 1-р сарын 15-ны дугаарын 21–25-р хуудсанд нийтлэгдсэн «Еховад чин сэтгэлийн тахил өргөгтүн» гэдэг өгүүллийг үзнэ үү.