ХЭСЭГ 2
Санаа зовох—«Бүх талаараа зовдог»
«Би нөхөртэйгөө 25 жил ханилаад салсан. Хүүхдүүд маань үнэний замыг орхилоо. Дээрээс нь, намайг янз бүрийн өвчин ороов. Би ч сэтгэлээр их унасан. Амьдрал орвонгоороо эргэчих шиг л болсон. Яах ч учраа олоогүй. Хурлынхнаасаа хөндийрч, Еховад үйлчлэхээ болив»—Жүүн.
САНАА зовдоггүй хүн гэж байхгүй. Бурханд үйлчилдэг хүн ч санаа зовдог. «Миний дотор санаа зовсон бодлууд олширсон» гэж нэг дуулалч бичжээ (Дуулал 94:19). Эцсийн өдрүүдэд хүмүүс «амьдралын зовнилоос» болоод Еховад үйлчлэхэд хэцүү болно гэж Есүс хэлсэн (Лук 21:34). Танд бас ийм юм тохиолдож байна уу? Мөнгө төгрөгөөр гачигдах, ар гэрийн асуудал, өвчин ээрэх гэх зэргийн зовлонд дарагдаж байна уу? Энэ бүхнийг давахад тань Ехова тусална. Яаж тэр вэ?
«Хэрээс хэтэрсэн хүч»
Бид сэтгэлийн зовлонгоосоо өөрсдийн хүчээр ангижирч чадахгүй. Элч Паул: «Бид бүх талаараа зовдог ... сандардаг ... цохигддог» хэмээжээ. Гэхдээ бид «няцардаггүй, цөхөрдөггүй, мөхдөггүй» гэж бас хэлсэн. Тэсвэр хатуужилтай байхад юу тус болдог вэ? Төгс хүчит Бурхан Еховагаас ирдэг «хэрээс хэтэрсэн хүч» (ШЕ) тусалдаг (2 Коринт 4:7–9).
«Хэрээс хэтэрсэн хүчийг» авч байснаа эргэцүүлж бодоорой. Урам сэргээм сайхан илтгэл сонсоод, үнэнчээр хайрладаг Еховадаа талархах сэтгэл тань лавширч байсан уу? Дэлхий диваажин болно гэсэн найдварынхаа тухай бусдад яриад Еховагийн амлалтад улам их итгэдэг болж байсан уу? Цуглаанд ирээд эсвэл итгэл үнэмшлийнхээ тухай бусдад яриад бид «амьдралын зовнилыг» тэвчих хүч тэнхээтэй болдог. Улмаар Еховадаа баяр хөөртэй, сэтгэл амар үйлчилдэг.
«Ехова сайн гэдгийг амсаж үз»
Таны санааг зовоох юм бишгүй л байдаг байх. Ехова биднийг Хаанчлалыг тэргүүнд тавиасай, өөртэй нь дотно болгох үйлсэд идэвхтэй оролцоосой гэж хүсдэг (Матай 6:33; Лук 13:24). Гэтэл эсэргүүцэл, эрүүл мэнд, гэр бүлийн асуудал зэргээс болоод хэр чадал тань хүрэхгүй байвал яах вэ? Хийх ёстой ажил ихтэйн дээр, тэр бүгдийг биелүүлэхэд цаг зав, хүч чадал хүрэхгүй, дааж давшгүй мэт санагдаж болох юм. Ехова танаас хэтэрхий ихийг шаардаад байгаа юм шиг санагдаж ч мэднэ.
Ехова хүнийг ойлгодог. Тийм болохоор хэрээс маань хэтэрсэн юм шаарддаггүй. Бие болоод сэтгэл санааны хямралыг давахад хугацаа хэрэгтэйг бас ойлгодог (Дуулал 103:13, 14).
Жишээ нь, Ехова зөнч Елиад санаа тавьсан. Елиаг айж, зориг мохон цөл рүү зугтахад загнаж зандран, даалгавраа биелүүл гэж шахаж шаардсан уу? Үгүй. Ехова хоёр ч удаа элчээ илгээн аяархан сэрээж хоол унд өгсөн. Гэвч Елиа 40 хоногийн дараа мөн л айж түгшиж байв. Ехова түүнд яаж тусалсан бэ? Эхлээд түүнийг хамгаална гэдгээ батлан харуулсан. Дараа нь «намуун» дуугаар ярьж тайвшруулсан. Эцэст нь, өөртэй нь адил мянга мянган үнэнч үйлчлэгч байгааг сануулсан. Удалгүй Елиа эргээд идэвхтэй үйлчлэх болжээ (Хаадын дээд 19:1–19). Эндээс юу ойлгож болох вэ? Елиаг айж түгшихэд Ехова өрөвдөн тэвчээртэй хандсан. Одоо ч бидэнд яг ингэж ханддаг.
Еховагийн төлөө хийж чадах зүйлээ битгий чамлаарай. Одоо хийж чадахыгаа өмнө хийж байсантайгаа битгий харьцуулаарай. Жишээ нь, хэдэн сар жилээр дасгал сургуулилалт хийгээгүй гүйлтийн тамирчинд хэвийн байдалдаа орох амаргүй байдаг. Тийм болохоор тэсвэр хатуужил суухын тулд жижиг зорилт тавьдаг. Христианууд бид гүйлтийн тамирчинтай адилхан. Тодорхой зорилго тавьж дасгал сургууль хийдэг (1 Коринт 9:24–27). Одооноос эхлээд, хүрч болох зорилго тавиарай. Цуглаанд явах зорилт тавьж болно. Зорилгоо биелүүлэхэд минь туслаач гэж Еховагаас гуйн залбираарай. Еховатай эргээд дотносохын хэрээр «сайн гэдгийг нь амсана» (Дуулал 34:8). Хайраа илэрхийлж хийсэн ялихгүй мэт зүйлийг ч Ехова үнэлдгийг битгий мартаарай (Лук 21:1–4).
«Би яг үүнийг л хүлээж байсан юм»
Жүүн Еховагийн тусламжтайгаар хэрхэн эргэж ирсэн бэ? «Надад туслаач гээд Еховад залбираад л байсан. Тэгтэл манай хотод чуулган болох тухай бэр маань хэлсэн юм. Би чуулганд нэг өдөр суухаар боллоо. Итгэл нэгтнүүдтэйгээ дахиж уулзах хэчнээн сайхан байсан гээч! Тэр чуулган надад Ехова руу буцах хөшүүрэг болсон юм. Би яг үүнийг л хүлээж байсан юм. Одоо би Еховадаа баяр хөөртэй үйлчилж байна. Амьдрал маань ч утга учиртай байна. Би итгэл нэгт ах дүүсээсээ хөндийрөх ёсгүйгээ ухаарсан. Оройтоогүй байгаа дээрээ Ехова руу буцсандаа баярладаг» гэж Жүүн ярьсан юм.