Жаргалтай хос ямар байх ёстой вэ?
«Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай [«нөхрөө гүнээ хүндэтгэ», ШЕ]» (ЕФ. 5:33).
1. Хамтын амьдрал жаргалтай эхэлдэг ч яваандаа яадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
ҮЗЭСГЭЛЭНТ сүйт бүсгүй хуримынхаа өдөр сүйт залуу дээрээ ирэв. Тэд ямар их аз жаргал, баяр баясгалангаар цалгиж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үерхэж байхдаа бие биеэ улам хайрлан гэр бүл болохоор шийджээ. Нэг нэгэндээ чин үнэнч байхаа тангараглахад бэлэн болсон нь энэ. Хамтын амьдрал эхлэхэд дасаж дадах юм бишгүй гарах нь ойлгомжтой. Гэр бүлийг анх бий болгосон Ехова Бурхан нөхөр эхнэр хоёрыг аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдраасай гэж хүсдэг. Тиймдээ ч тустай заавар зөвлөгөөг Үгэндээ бичүүлсэн байдаг (Сур. 18:22). Бас хүн төгс бус учир гэрлэхлээрээ «махан биедээ зовлонтой болно» гэж нууж хаалгүй бичжээ (1 Кор. 7:28). Тийм зовлонг бага амсъя гэвэл яах хэрэгтэй вэ? Яавал жаргалтай хос болох вэ?
2. Хосууд ямар хайрыг илэрхийлэх ёстой вэ?
2 Хайрын чухлыг Библид онцолдог. Хосуудын илэрхийлэх ёстой хайр нь олон янз байдаг. Бие биеэ энхрийлдэг бол филиа, янаглан хайрладаг бол эрос хайраар хайрлаж байна гэсэн үг. Хүүхэдтэй бол гэр бүлийнхнээ гэсэн сторги хайрыг илэрхийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь зарчимд үндэслэсэн агапи хайр жинхэнэ аз жаргалыг авчирдаг. Энэ хайрын талаар Паул: «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөө гүнээ хүндэтгэ» гэж бичжээ (Еф. 5:33).
ХАНИЙН ҮҮРЭГТЭЭ НУХАЦТАЙ ХАНДАХ НЬ
3. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хэр зэрэг хайрлах учиртай вэ?
3 «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» хэмээн Паул бичжээ (Еф. 5:25). Есүсийн дагалдагчид Багшийгаа дуурайн бие биеэ хайрладаг (Иохан 13:34, 35; 15:12, 13-ыг уншина). Эхнэр нөхөр хоёрын хайр маш хүчтэй байх ёстой. Шаардлагатай бол ханийнхаа төлөө амиа өгөхөд ч бэлэн байх учиртай. Гэр бүлд нь ноцтой асуудал тулгарахад зарим хүн хоёр биенээ тийм ч их хайрладаггүйгээ ойлгодог. Тийм үед юу тус болох вэ? Агапи хайр. Энэ хайр «бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг». Бас «хэзээ ч дуусдаггүй» (1 Кор. 13:7, 8). Нэг нэгнээ хайрлаж, чин үнэнч байна гэж амласнаа санадаг хосууд Еховагийн зааврыг дагаж, ямар ч асуудлыг хамтдаа шийдэхийг хичээдэг.
4, 5. а) Нөхөр ямар үүрэгтэй вэ? б) Эхнэр ямар үүрэгтэй вэ? в) Нэг хос юугаа өөрчлөх хэрэгтэй болсон бэ?
4 Эхнэр нөхөр хоёр тус бүр ямар үүрэг хүлээдгийг Паул: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм» хэмээн бичжээ (Еф. 5:22, 23). Нөхөр нь эхнэрээсээ илүү гэсэн үг биш ээ. Эхнэр хүний хүлээдэг үүрэг ямар чухал байдгийг Ехова хэлэхдээ: «Хүн [Адам] ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэжээ (Эх. 2:18). Өрхийн тэргүүн нөхрүүд «чуулганы толгой» Христийг дуурайн хайраа илэрхийлдэг байх ёстой. Тэгдэг бол эхнэр нь тайван байж, нөхрөө дэмжиж, хүндэтгэж, дуртайяа захирагдана.
5 Гэрлэвэл дадал хэвшлээ өөрчлөх хэрэгтэй болдгийг Кати[1] хүлээн зөвшөөрч «Би ганц бие байхдаа бүхнийг өөрөө шийдээд, өөрийгөө л аваад явдаг байсан. Харин гэрлэсний дараа нөхөртөө найдаж сурч байна. Амаргүй ч Еховагийн зааснаар хийж байгаа болохоор бид хоёр улам дотно болж байгаа» гэжээ. Нөхөр Фрэд нь: «Шийдвэр гаргах нь миний хувьд угаасаа л хэцүү байсан. Гэрлэсний дараа хоёр хүний төлөө шийдвэр гаргах болохоор бүр ч амаргүй болсон. Гэхдээ Еховагаас удирдамж гуйж, эхнэрийнхээ саналыг сайн сонсдог болохоор өдөр ирэх бүр амархан болж байна. Бид нэг баг шиг байдаг» гэсэн юм.
6. Гэр бүлийн асуудлыг шийдэхэд «эв нэгдлийн төгс холбоос» болсон хайр ямар үүрэгтэй вэ?
6 Нөхөр эхнэр хоёр төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол гэр бүл нь бат бөх байна. «Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучлах» хэрэгтэй. Мэдээж алдаж энддэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Харин алдаа гаргалаа гэхэд түүнээсээ сургамж авч, би биеэ уучилж, «эв нэгдлийн төгс холбоос» болсон хайрыг илэрхийлж сурах боломж олдлоо гэж үзээрэй (Кол. 3:13, 14). Ийм хайрыг илэрхийлдэг хүн нөгөөдөө тэвчээртэй, энэрэнгүй ханддаг. Бас хар данс хөтөлдөггүй (1 Кор. 13:4, 5). Санал зөрөлдлөө гэхэд тухайн өдөрт нь багтааж аль болох хурдан шийдэж байгаарай (Еф. 4:26, 27). «Гомдоосонд уучлаарай» гэж чин сэтгэлээсээ хэлэхэд даруу зан, эр зориг гаргах хэрэгтэй болно. Гэхдээ эдгээр занг илэрхийлж байж л асуудлыг шийдэж, бие биетэйгээ дотно болдог.
ХАЙРЛАЖ ЭНХРИЙЛЭЭРЭЙ
7, 8. а) Бэлгийн харьцааны талаар Библид ямар зөвлөгөө байдаг вэ? б) Нөхөр эхнэрүүд яагаад бие биеэ хайрлаж энхрийлэх ёстой вэ?
7 Сексийн талаар зөв үзэлтэй байхад хосуудад тустай зөвлөгөө Библид бий (1 Коринт 7:3–5-ыг уншина). Ханийнхаа сэтгэл санаа, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх нь маш чухал. Хэрэв нөхөр нь эхнэрээ илж таалж, энхрийлдэггүй бол эхнэр нь бэлгийн таашаал авч чадахгүй. Нөхөр хүн эхнэртэйгээ «мэдлэгийн дагуу» харьцах ёстой (1 Петр 3:7, ШЕ). Бэлгийн харьцаанд хүчээр орж хэрхэвч болохгүй. Аль аль нь хүсэх учиртай. Эрчүүдийн бэлгийн сэрэл хөдлөх нь эмэгтэйчүүдийнхээс илүү хурдан байдаг. Гэхдээ хоёулаа хүссэн үедээ бэлгийн харьцаанд орох нь зүйтэй.
8 Нөхөр эхнэрийн хоорондох бэлгийн харьцааны талаар Библид нарийн ширийн дүрэм эсвэл хориглосон зүйл байдаггүй. Гэхдээ бие биеэ хайрлан энхрийлсэн тухай бичсэн байдаг (Сол. 1:2; 2:6). Гэрч эхнэр нөхрүүд бие биеэ хайрлан энхрийлж, илж таалдаг байх ёстой.
9. Ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохоос яагаад эрс татгалзах хэрэгтэй вэ?
9 Бурхныг болон хөршөө гэсэн хайр маань хүчтэй бол бид хэнээс ч, юунаас ч болж гэр бүлийн харьцаандаа сэв суулгахгүй. Зарим хүн порнонд донтсоноос болоод гэр бүлээ сүйтгэдэг нь харамсалтай. Иймэрхүү зүйлд хорхойсох юм уу садар самуун явдалд орооцолдохоос эрс татгалзах хэрэгтэй. Бас ханиасаа өөр хүнд сээтгэнэх зэрэг увайгүй үйлдэл гаргаж болохгүй. Бодол санаа, үйл хэргийг нь Бурхан мэддэг гэдгийг санаж явдаг хүн Бурханд таалагдаж, ханьдаа чин үнэнч байхыг л гол зорилгоо болгодог (Матай 5:27, 28; Еврей 4:13-ыг уншина).
ГЭР БҮЛИЙН ХАРЬЦААНД СЭВ СУУСАН БОЛ
10, 11. а) Салалт хэр түгээмэл болсон бэ? б) Тусдаа амьдрах талаар Библид юу гэж байдаг вэ? в) Тусдаа амьдрахыг урьтал болгохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
10 Гэр бүлд гарсан ноцтой асуудлыг шийдэж чадахгүй үед тусдаа амьдрах юм уу салахыг боддог хос цөөнгүй. Зарим улсад гэр бүлтэй хүмүүсийн, талаас илүү хувь нь салж сарнидаг. Ийм явдал Бурхны үйлчлэгчдийн дунд нийтлэг биш ч ноцтой асуудалтай тулгарч буй Гэрч хосууд олон болж байна.
11 «Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй. ... Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг. Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй» гэсэн зөвлөгөө Библид бий (1 Кор. 7:10, 11). Асуудлаа шийдэж чадахгүйгээсээ болоод зарим хос тусдаа амьдрах нь дээр гэж бодож болох юм. Гэвч энэ нь хэр зэрэг ноцтой асуудал болохыг Есүсийн хэлсэн үг харуулдаг. Тэрээр: «Эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог» хэмээн Бурхны анхны санаа зорилгыг давтан хэлээд «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэжээ (Мат. 19:3–6; Эх. 2:24). «Хэн ч» гэдэгт нөхөр эхнэр хоёр ч бас орно. Тэгэхлээр Бурхан нөхөр эхнэр хоёрыг үргэлж хамт байгаасай гэж хүсдэг байх нь ээ (1 Кор. 7:39). Хүн бүр хийсэн зүйлээ Еховад тайлагнана гэдгийг санаж явах ёстой. Тэгдэг бол гэр бүлд гарсан асуудлаа даамжрахаас нь өмнө аль болох хурдан шийднэ.
12. Гэр бүлд юунаас болоод ноцтой асуудал тулгардаг вэ?
12 Амьдралаас тасархай зүйлийг бие биеэсээ шаарддаг бол гэр бүлд ноцтой асуудал тулгарна. Жишээ нь зарим хүн төсөөлж байснаасаа өөр амьдрал үзэхлээрээ сэтгэлээр унах юм уу уурлаж бухимддаг. Сэтгэлээ илэрхийлэх арга, олж авсан хүмүүжил нь өөр байдгийн улмаас зөрчилдөх нь бий. Мөнгө төгрөг зарцуулах, хадамтайгаа харьцах, үр хүүхдээ өсгөх зэргээс болоод маргаан гардаг. Гэхдээ Гэрч хосуудын дийлэнх нь Бурхнаар удирдуулаад асуудлаа шийдчихдэг нь магтууштай.
13. Ямар тохиолдолд тусдаа амьдарч болох вэ?
13 Тусдаа амьдрахаар шийдсэн хүнийг заримдаа буруутгах аргагүй байдаг. Хань нь гэр бүлээ тэжээхгүй байх, харгис хэрцгий хандах, Еховатай тогтоосон харьцаанд нь аюул учруулах зэрэг нь тусдаа амьдрах шалтгаан болдог. Ийм ноцтой асуудал тулгарч байгаа бол Гэрч нөхөр эхнэрүүд ахлагчдаас тусламж авах ёстой. Ахлагчид туршлагатай учраас Бурхны Үгийг ажил хэрэг болгоход нь тусална. Бас Еховагаас ариун сүнс гуйж залбирах хэрэгтэй. Тэгвэл Библийн зөвлөгөөг дагаж, Гэрч хүнд байх ёстой зан чанарыг илэрхийлж чадна (Гал. 5:22, 23).[2]
14. Гэрч биш ханьтай хүмүүсийн талаар Библид юу гэж байдаг вэ?
14 Еховаг шүтдэггүй нөхөр юм уу эхнэртэй хүн Гэрчүүдийн дунд цөөнгүй бий. Тэд цаашдаа ч хамт амьдрах хүндтэй шалтгаантай гэдгийг Библи хэлж өгдөг (1 Коринт 7:12–14-ийг уншина). Гэрч биш нөхөр юм уу эхнэр нь Бурхны үйлчлэгчтэй ханилж байгаа учраас «ариусгагдсан» байдаг. Хүүхдүүд нь ч «ариунд» тооцогддог. Тиймд Бурхан тэдэнд санаа тавина. Паул: «Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?» хэмээн бичжээ (1 Кор. 7:16). Нөхөр юм уу эхнэрээ Еховагийн үйлчлэгч болоход нь тусалж буй Гэрчүүд хурлуудад олон байдаг.
15, 16. а) Гэрч биш нөхөртэй эхнэрүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ? б) Итгэгч биш нөхөр юм уу эхнэр нь тусдаа амьдрахаар шийдсэн бол яах нь зүйтэй вэ?
15 Нөхөртөө захирагдаж байхыг элч Петр эмэгтэйчүүдэд зөвлөөд «Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэжээ. Эхнэрүүд итгэж үнэмшдэг зүйлээ цаг үргэлж ярихын оронд «Бурханы өмнө асар үнэтэй» дөлгөөн, даруу занг илэрхийлдэг бол үнэнийг хүлээн авахад нь нөхрүүдэд дөхөм болно (1 Петр 3:1–4).
16 Гэрч биш хань нь тусдаа амьдарна гэвэл яах вэ? Библид «Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм» гэж Библид бичжээ (1 Кор. 7:15). Энэ нь дахин гэрлэж болно гэсэн үг биш ээ. Харин Гэрч биш нөхөр юм уу эхнэртэйгээ хүчээр хамт амьдрах гэж зүтгэх шаардлагагүй гэсэн үг юм. Тусдаа амьдраад тодорхой хэмжээгээр сэтгэл тайван байж болно. Итгэгч биш хань нь дахин хамтдаа амьдрахаар буцаад ирж болох юм. Яваандаа Еховагийн үйлчлэгч болохыг ч үгүйсгэх аргагүй.
ГЭР БҮЛ БА ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЗҮЙЛ
17. Гэрч хосууд юуг эн тэргүүнд тавих ёстой вэ?
17 Бид эцсийн өдрүүдийн хэцүү цагт амьдарч байгаа билээ (2 Тим. 3:1–5). Тиймээс Ехова Бурхантайгаа цаг ямагт дотно байхыг хамаг чадлаараа хичээх ёстой. Элч Паул: «Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт ... энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой» гэж бичжээ (1 Кор. 7:29–31). Энэ нь ханийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж болно гэсэн үг биш юм. Харин цаг хугацаа маш богино болсныг ухаарч Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавихыг зөвлөсөн ажээ (Мат. 6:33).
18. Яавал аз жаргалтай, бат бөх гэр бүлийг цогцлоох боломжтой вэ?
18 Хосууд салж сарних нь их болсон өнөөгийн хэцүү цагт аз жаргалтай, бат бөх гэр бүлийг цогцлоох боломжтой юу? Еховагийн ард түмний дунд байж, ариун сүнсээр нь удирдуулж, Библийн зарчмыг баримталдаг бол боломжтой. Ийм хос өөрсдийг нь «хамтад нь холбосон» Бурхнаа алдаршуулна (Марк 10:9).
^ [1] (5-р догол мөр). Нэрсийг өөрчлөв.
^ [2] (13-р догол мөр). «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 219–221-р хуудсан дахь «Гэрлэлтээ цуцлуулах ба тусдаа амьдрах талаарх Библийн зарчим» гэсэн хавсралтыг үзнэ үү.