Нөхрүүд ээ, Тэргүүн Есүсээ дуурайгтун
«Христ бол эр хүн бүрийн тэргүүн» (1 КОРИНТ 11:3).
1, 2. а) Хүмүүс ямар нөхрийг сайн нөхөр гэдэг вэ? б) Ехова Бурхныг гэр бүлийг Санаачлагч гэж үзэх нь яагаад чухал бэ?
ЯМАР нөхрийг сайн нөхөр гэх вэ? Ухаантай, хүчтэй хүнийг үү? Мөнгө их олдог нөхрийг үү? Эсвэл эхнэр, хүүхдээ хайрлаж, эелдэг зөөлөн харьцдаг хүнийг сайн нөхөр гэх үү? Орчин үед хүмүүс нийгэмд давамгайлж буй хандлагыг дагаж, бусдыг дуурайж амьдардаг болсноос гэр бүлдээ хайр халамж тавьдаг нөхөр ховор болжээ. Библид Ехова Бурхныг «Адамаас авсан... хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөн», анхны гэр бүлийг үүсгэн бий болгосон тухай бичсэн байдаг. Гэтэл нөхрүүд гэр бүлийг Санаачлагчийн заавар зөвлөгөөг үл тоомсорлон, дагаж мөрддөггүй (Эхлэл 2:21–24).
2 Есүс Христ тухайн үеийнхээ шүүмжлэх дуртай хүмүүст хандан: «„Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү?“ гээд: „Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг“» хэмээн хэлэхдээ, Бурхан гэр бүлийг үндэслэсэн тухай «Эхлэл» номд бичсэнийг баталжээ (Матай 19:4–6). Тэгэхлээр, айл гэр аз жаргалтай байх эсэх нь Ехова Бурхныг гэр бүлийг Санаачлагч гэж үзэж, заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлэхээс шалтгаална.
Сайн нөхөр байхын нууц
3, 4. а) Есүс гэр бүлийн талаар ямар учраас сайн мэддэг вэ? б) Есүсийн «эхнэр» хэн бэ? Нөхрүүд эхнэртэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?
3 Сайн нөхөр болохын тулд Есүсийн заасан сургаалыг сурч мэдээд, үлдээсэн жишээг нь дуурайх хэрэгтэй. Анхны хосыг бүтээж, гэр бүл болгох үед нь Есүс Бурхны дэргэд байсан учир гэр бүлийн талаар их өргөн мэдлэгтэй. Ехова Бурхан Хүүдээ: «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе» гэж хэлжээ (Эхлэл 1:26). Тийм ээ, энэ үгийг Ехова өөрийнх нь хажууд «уран дархан» мэт байсан Есүст хэлсэн (Сургаалт үгс 8:22–30, МБОХ, 2000). Тэрбээр «бүх бүтээлийн Ууган нь» бөгөөд орчлонт ертөнц үүсэхээс өмнө бий болсон, «Бурхны бүтээлийн Анхдагч нь» мөн (Колоссай 1:15; Илчлэлт 3:14).
4 Библид «Бурхны Хурга» Есүсийг нөхөртэй зүйрлэдэг. Нэг тэнгэр элч: «Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье» гэж Иоханд хэлсэн байдаг (Иохан 1:29; Илчлэлт 21:9). Есүсийн «эхнэр болох сүйт бүсгүй» гэж хэн бэ? Христтэй хамт тэнгэрээс захирах, сүнсээр тослогдсон үнэнч дагалдагчид нь юм (Илчлэлт 14:1, 3). Тэгэхлээр, Есүс дэлхийд байхдаа шавь нартайгаа хэрхэн харьцдаг байсан шиг нөхрүүд эхнэртэйгээ тийн харьцах ёстой.
5. Есүс хэнд үлгэр дуурайл болдог вэ?
5 Есүс бүх дагалдагчдаа жишээ үлдээснийг Библид: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ (1 Петр 2:21). Ялангуяа, нөхрүүд Есүсийн жишээг дагах учиртай. «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн» гэж 1 Коринт 11:3-т байдаг. Тийм учраас, нөхрүүд тэргүүнээ дуурайх ёстой. Гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвэл тэргүүллийн зарчмыг баримталж, «эхнэр» буюу тослогдсон шавь нараа хайрлан халамжилдаг Есүсийн адил, эхнэрээ хайрлан халамжлах ёстой.
Гэр бүлийн асуудал тулгарахад...
6. 1 Петр 3:7-д бичсэнээр, нөхөр хүн эхнэртээ яаж хандах ёстой вэ?
6 Өнөөгийн хэцүү цагт нөхрүүд Есүсийг дуурайн эхнэртээ тэвчээртэй хандаж, хайраа илэрхийлж, Библийн зарчмыг чанд баримтлах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна (2 Тимот 3:1–5). Библид: «Нөхрүүд ээ, ...эхнэртэйгээ ойлголцож [«мэдлэгийн дагуу», ШЕ] амьдар» гэж бий (1 Петр 3:7). Гэр бүлийн асуудал тулгарахад нөхрүүд Есүсийг дуурайн, мэдлэгээ ашигладаг байх ёстой. Ямар ч хүний амсаж үзээгүй хүнд сорилтод орж байсан Есүс Сатан, чөтгөрүүд болон ёс бус ертөнцөөс болж зовж байгаагаа мэдэж байсан (Иохан 14:30; Ефес 6:12). Тийм учраас сорилттой тулгарахдаа хэзээ ч гайхаж цочирдож байгаагүй. Үүнтэй адилаар, гэр бүлтэй хүмүүс «махан биедээ зовлонтой» болбол гайхах хэрэггүй. Учир нь, гэрлэсэн хүмүүс ийм зовлон заавал амсана гэж Библид сануулсан байдаг (1 Коринт 7:28).
7, 8. а) Эхнэртэйгээ «мэдлэгийн дагуу амьдардаг» нөхөр яах ёстой вэ? б) Нөхрүүд эхнэрээ яагаад хүндлэх ёстой вэ?
7 «Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож [«мэдлэгийн дагуу», ШЕ] амьдрах» ёстой (1 Петр 3:7). Библид зөгнөсөнчлөн, ихэнх нөхөр эхнэрээ хатуу ширүүн «захирдаг» ч, Бурханд таалагддаг христиан нөхрүүд эхнэрээ хүндэтгэдэг (Эхлэл 3:16). Эхнэрээ Еховагийн бэлэг гэж үздэг учир гар хүрч, эр бяраа гаргадаггүй. Харин ч сэтгэлийг нь ойлгохыг хичээн, үргэлж хүндэтгэж, хүний ёсоор харьцдаг.
8 Нөхрүүд ямар учраас эхнэрээ хүндлэх ёстой вэ? Библид: «Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй» гэж бичсэн нь энэ асуултын хариу болдог (1 Петр 3:7). Ехова өөрт нь үйлчилдэг эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүү гэж үздэггүйг нөхрүүд ойлгох хэрэгтэй. Бурхан таалдаг хүмүүстээ эрэгтэй, эмэгтэй гэлгүй мөнх амийн шагнал хүртээнэ. Тэр ч байтугай, зарим эмэгтэйд тэнгэрийн шагнал өгнө. Тэнгэрт амьдрах хүмүүсийн тухай Библид: «Эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй» хэмээн бичсэн байдаг (Галат 3:28). «Итгэмжит» буюу үнэнч хүмүүсийг Ехова эрэгтэй эмэгтэй, эхнэр нөхөр, тэр байтугай, хүүхэд багачууд гэж ялгалгүй үнэлдгийг нөхрүүд санах нь зүйтэй (1 Коринт 4:2).
9. а) Петрийн бичсэнээр, нөхөр хүн ямар учраас эхнэрээ хүндэтгэх ёстой вэ? б) Есүс эмэгтэйчүүдийг яаж хүндэлдэг байсан бэ?
9 Элч Петрийн бичсэнээр, нөхөр нь эхнэрээ хүндэтгэхгүй бол «залбиралд нь саад тотгор учрах» аюултай. Христиан хүний залбиралд саад тотгор учирвал хэчнээн харамсалтай вэ! Ехова эртний дуулгаваргүй үйлчлэгчдийнхээ залбирлыг «нэвтрүүлэхгүйн тулд Өөрийгөө үүлээр хучдаг» байсны адил, эхнэрээ хүндэтгэдэггүй нөхрийн залбирлыг ч мөн сонсохгүй (Иеремиагийн гашуудал 3:43). Гэр бүлтэй ба гэрлэх гэж байгаа христиан эрчүүд, эмэгтэй хүнийг хүндэтгэж харьцдаг байсан Есүсийн жишээг нямбайлан судлах нь ухаалаг хэрэг юм. Есүс эмэгтэйчүүдийг дэлгэрүүлэх ажилд оролцуулж, тэднийг хүндэлж, эелдэг зөөлөн ханддаг байсан. Тэр бүү хэл, дахин амилснаа хамгийн түрүүнд эмэгтэйчүүдэд мэдэгдэж, бусад элч нарт хэлүүлсэн гээд бод доо! (Матай 28:1, 8–10; Лук 8:1–3).
Нөхрүүдэд онцгой хамаатай
10, 11. а) Нөхрүүд Есүсийн жишээг судлах нь ямар учраас туйлын чухал бэ? б) Нөхрүүд эхнэрээ яаж хайрлах ёстой вэ?
10 Библид, Христ «сүйт бүсгүй» буюу тослогдсон дагалдагчдаас бүрддэг хуралтайгаа хэрхэн харьцдагийг нөхөр нь эхнэртэйгээ харьцахтай зүйрлэдгийг дээр ярилцсан. Ефес 5:23-т: «Христ чуулганы толгой [«хурлын тэргүүн», ШЕ] байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой» гэж бичжээ. Энэ нь Есүс шавь нараа хэрхэн удирддаг байсныг судалж үзэхийг нөхрүүдэд уриалсан хэрэг юм. Тийнхүү судалж байж л нөхрүүд Есүсийн жишээгээр тэргүүний үүргээ биелүүлж, эхнэрээ хайрлан халамжилж чадна.
11 Библид: «Нөхрүүд ээ, Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэсэн зөвлөгөө байдаг (Ефес 5:25). «Ефес» номын 4-р бүлгийг үзвэл христиан хурлыг «Христийн бие» гэсэн байдаг. Биед өөр өөрийн үүрэгтэй олон эрхтэн байдаг шиг христиан хурлын гишүүд эрэгтэй эмэгтэй гэлгүй дор бүрнээ хуралдаа хувь нэмэр оруулдаг. Харин Есүс «бие болох [хурлын] тэргүүн» мөн (Ефес 4:12; Колоссай 1:18; 1 Коринт 12:12, 13, 27).
12. Есүс «биеэ» яаж хайрладаг байсан бэ?
12 Есүс «бие» буюу хурлыг хэрхэн хайрладаг байсан бэ? Гол нь, хурлын гишүүдэд санаа тавьж, хэрэгцээ шаардлагыг анхаардаг байсан. Жишээ нь, дэлгэрүүлж ядарсан шавь нартаа: «Зэлүүд газар руу оч. Жаахан амар» гэж хэлсэн байдаг (Марк 6:31). Есүс хэдхэн цагийн дараа үхэх гэж байсан мөртлөө, «Өөрийн хүмүүсийг [бэлэгдлийн биеийнхээ эрхтнүүдийг] хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрласныг» нэг элч нь бичжээ (Иохан 13:1). Есүс нөхрүүдэд хэчнээн сайхан жишээ үлдээгээ вэ!
13. Элч Паул нөхрүүдэд юу гэж зөвлөсөн бэ?
13 Элч Паул нөхрүүдэд Есүсийн жишээг дагахыг уриалж: «Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд [«хуралд», ШЕ] ийнхүү ханддаг. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла» гэж бичжээ (Ефес 5:28, 29, 33).
14. Хүн өөртөө яаж ханддаг вэ? Тэгвэл эхнэртээ яаж хандах ёстой вэ?
14 Паулын хэлсэн үгийг бодож үзье. Эрүүл хүн өөрийгөө зодно гэж байх уу? Бүдрээд уначихвал, хөлөө цохих уу? Яалаа гэж дээ! Хүн найз нөхдийнхөө өмнө өөрийгөө басамжлах юм уу хаа хамаагүй хүнд алдаа дутагдлаа дэлгэдэггүй шүү дээ. Тэгвэл эхнэрээ алдаа дутагдал гаргахад нь хэл амаа билүүдэн, муухай аашилж болно гэж үү? Нөхрүүд зөвхөн өөрийнхөө биш, эхнэрийнхээ ашиг сонирхлыг боддог байх хэрэгтэй (1 Коринт 10:24; 13:5).
15. а) Шавь нар нь алдаа дутагдал гаргасан ч Есүс тэдэнд яаж хандсан бэ? б) Есүсийн жишээнээс ямар сургамж авч болох вэ?
15 Шавь нар нь алдаа дутагдал гаргадаг байсан ч Есүс тэдэндээ үргэлж анхаарал халамж тавьж байсныг харуулах нэг жишээ татъя. Тэрбээр нас барахынхаа урьд шөнө Гетсемани цэцэрлэгт байхдаа элч нартаа сэргэг байж, залбирахыг гурван ч удаа сануулсан боловч тэд нойрондоо дийлдэн унтсаар байдаг. Гэнэт, зэвсэг агссан хүмүүс тэднийг бүчин авахад Есүс тэднээс: «Та нар хэнийг эрнэ вэ?» гэж асуудаг. «Назарын Есүсийг» гэж хариулахад нь Есүс: «Би байна» гэсэн. Тэрбээр үхэх «цаг нь ирснийг» мэдээд: «Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул» гэжээ. Есүс бэлэгдлийн сүйт бүсгүй болсон шавь нарынхаа сайн сайхны төлөө үргэлж санаа тавьдаг байсан учир тэдэнд зугтах боломж олгожээ. Шавь нартаа хэрхэн хандаж байсныг нь судалбал нөхрүүд эхнэртээ яаж хандах талаар ач тустай олон зарчим мэдэж авна (Иохан 18:1–9; Марк 14:34–37, 41).
Хайрын үүднээс засах нь
16. Есүс хайрын үүднээс Мартаг хэрхэн засаж залруулсан бэ?
16 Библид: «Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа» гэж бичсэн байдаг. Тэд Есүсийг байнга урьж, зочилдог байжээ (Иохан 11:5). Нэгэн удаа Мартаг хоол хийх гэж ихэд түүртэн, сүнслэг зүйлийг сонсох зав гаргахгүй байхлаар нь Есүс: «Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа. Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ» гэж зэмлэжээ (Лук 10:41, 42). Есүс хайрын үүднээс ингэж зэмлэсэн болохоор хүлээж авахад амар байсан биз ээ. Нөхрүүд ч Есүсийг дуурайн, эхнэртэйгээ харьцахдаа эелдэг зөөлөн, хайр халамжтай байж, үгээ бодож хэлэх хэрэгтэй. Гэхдээ зааж засах шаардлага гарвал Есүс шиг шууд хэлэх нь зүйтэй.
17, 18. а) Петр Есүсийг хэрхэн зэмлэсэн бэ? Петрийг яагаад засаж залруулах хэрэгтэй байсан бэ? б) Нөхөр хүн ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?
17 Бас нэг удаа Есүс Иерусалим руу явж, «ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо» элч нартаа ярьжээ. Тэгэхэд нь Петр Есүсийг хажуу тийш нь татаж: «Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэсэн. Тэрбээр багшийгаа гэсэндээ ийм бодлогогүй үг хэлсэн нь лавтай. Тиймээс алдааг нь засах хэрэгтэй байлаа. Тэгээд Есүс Петрт: «Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» гэж хэлжээ (Матай 16:21–23).
18 Уг нь, Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд их зовлон үзэж, алуулах учиртайгаа хэлсэн ажээ (Исаиа 53:12). Гэтэл Петр түүнийг зэмлэсэн нь буруу байв. Тиймээс Петрийг засах хэрэгтэй болсон. Биднийг ч гэсэн заримдаа засах хэрэгтэй болдог. Нөхөр хүн өрхийн тэргүүний хувьд гэрийнхнийгээ, тэр дундаа, эхнэрийнхээ алдаа дутагдлыг засаж залруулах эрх мэдэл, үүрэг хариуцлагатай. Юугаа засаж залруулах хэрэгтэйг нь шулуухан боловч хайрын үүднээс, эелдэг зөөлөн хэлж ярих нь зүйтэй. Есүс Петрт зөв бодолтой болоход нь тусалсан шиг нөхрүүд ч гэсэн эхнэртээ алив асуудлыг зөвөөр ойлгоход нь туслах хэрэг гардаг. Жишээлбэл, хэрэв эхнэр нь христиан хүнд зохимжгүй, даруу бус хувцас өмсөх юм уу гоёж гооддог болбол нөхөр нь эвтэйхэн хэлж засах хэрэгтэй (1 Петр 3:3–5).
Тэвчээртэй байхын ач тус
19, 20. а) Есүсийн элч нарын дунд ямар асуудал үргэлж гардаг байсан бэ? Есүс тэр үед нь яадаг байсан бэ? б) Есүсийн цөхрөлтгүй оролдлого ямар үр дүнд хүрсэн бэ?
19 Эхнэрийнхээ алдааг засах гэж чин сэтгэлээсээ оролдоод тэр дороо засарчихна гэж бүү бодоорой. Есүс л гэхэд, цөхрөлтгүй оролдож байж элч нарынхаа үзэл бодлыг зассан шүү дээ. Тухайлбал, Есүсийг дэлхийд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж дуусгах гэж байхад, өрсөлдөх дуртай шавь нар нь хэн хамгийн агуу вэ гэж дахин маргадаг (Марк 9:33–37; 10:35–45). Үүнээс хойш нэг их удалгүй Есүс Дээгүүр өнгөрөх баярыг сүүлчийн удаа элч нартайгаа хэдүүлхнээ тэмдэглэх болжээ. Тэр үед, нутгийн заншлыг дагаж зочны хөл угаах дорд ажлыг өөрийнхөө санаачлагаар нэг ч элч нь хийгээгүй. Тэгтэл Есүс тэдний хөлийг угаагаад, «Би... [та нарт] жишээ үзүүлсэн юм» гэж хэлжээ (Иохан 13:2–15).
20 Хэрэв нөхөр хүн Есүсийг дуурайж даруу байхыг хичээдэг бол эхнэр нь заавар зөвлөгөөг нь хүлээн авч, хүндэтгэж дэмжих нь лавтай. Гэхдээ тэвчихээс өөр аргагүй үе байдаг. Дээгүүр өнгөрөх баярын тэр шөнө Есүсийн элч нар хэн нь агуу байх вэ гэж бас дахин маргалдсан (Лук 22:24). Хүн нэг л өдрийн дотор үзэл бодол, биеэ авч явах байдлаа өөрчилж чадахгүй. Ингэхийн тулд нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Есүсийн элч нар засарсан шиг, эхнэр нь алдаа дутагдлаа засахад нөхөрт нь хэчнээн сайхан байдаг билээ!
21. Гэр бүлд бэрхшээл тохиолдвол нөхрүүд юуг санаж, яах шаардлагатай вэ?
21 Өнөө цагт гэр бүлүүдэд урьд өмнө байгаагүй хүнд хэцүү бэрхшээл тулгарч байна. Олон хүн гэр бүлд хүлээсэн үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах болжээ. Тиймд, нөхрүүд ээ, гэр бүлийг халамжит Бурхан Ехова анх санаачлан бий болгосныг үргэлж санаж, эргэцүүлэн бодож байгаарай. Тэрбээр биднийг аврахын тулд Хүү Есүсээ «золиос» болгон өгөх, мөн нөхрүүдэд дуурайвал зохих жишээ болгохоор илгээсэн билээ (Матай 20:28; Иохан 3:29; 1 Петр 2:21).
Хариулна уу
• Бурхан гэр бүлийг санаачилсан гэж үзэх нь яагаад чухал бэ?
• Нөхөр нь эхнэрээ яаж хайрлах ёстой вэ?
• Есүс шавь нартаа хэрхэн ханддаг байсан жишээ хэлнэ үү. Нөхрүүд тэргүүний үүргээ биелүүлэхдээ Есүсийг яаж дуурайх вэ?