СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13
Ехова таныг хамгаална. Яаж?
«Эзэн үнэнч бөгөөд та нарыг хүчирхэгжүүлж, хорон муу нэгнээс хамгаална» (2 ТЕС. 3:3).
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
ТОЙМa
1. Есүс яагаад Еховагаас шавь нарыг минь хамгаалаач гэж гуйсан бэ?
ЕСҮС дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн шөнө, шавь нарт нь ямар бэрхшээл тохиолдохыг бодож байлаа. Тэднийгээ хайрласандаа «Муу нэгнээс хамгаалаач» гэж Эцгээсээ гуйжээ (Ёох. 17:14, 15). Тэнгэрт буцаж очсоных нь дараа ч Сатан Диавол Еховад үйлчлэх хүсэлтэй хэн бүхэнтэй дайтсаар байна гэдгийг Есүс мэдэж байв. Тиймээс Еховагийн ард түмэнд хамгаалалт хэрэгтэй нь тодорхой байлаа.
2. Ехова бидний залбиралд хариулна гэдэгт яагаад итгэж болох вэ?
2 Ехова Хүүдээ хайртай учраас залбиралд нь хариулжээ. Хэрэв бид Еховаг баярлуулахын тулд чадах бүхнээ хийвэл биднийг ч хайрлана. Мөн туслаач, хамгаалаач гэж залбирахад маань хариулна. Ехова бол халамжтай Эцэг юм. Тиймд хүүхдүүддээ санаа тавихаа хэзээ ч болихгүй. Эс тэгвэл нэр нь сэвтэх аюултай!
3. Өнөөдөр бидэнд Еховагийн хамгаалалт хэрэгтэй гэхийн учир юу вэ?
3 Бидэнд Еховагийн хамгаалалт хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй. Сатан тэнгэрээс хөөгдөөд «үлэмж их уур хилэнтэй байгаа» (Илч. 12:12). Сатаны нөлөөнд автсан зарим хүн биднийг хавчиж, эсэргүүцэж байгаагаа «Бурханд үйлчилж байна» гэж боддог (Ёох. 16:2). Харин Бурханд итгэдэггүй хүмүүс биднийг өөрсөдтэй нь адилгүй учраас хавчдаг. Аль нь ч байлаа гэсэн, тэднээс айх хэрэггүй. Яагаад? Бурхны Үгэнд «Эзэн үнэнч бөгөөд та нарыг хүчирхэгжүүлж, хорон муу нэгнээс хамгаална» гэж байдаг (2 Тес. 3:3). Ехова биднийг яаж хамгаалдаг вэ? Хоёр аргыг үзье.
ЕХОВА ХУЯГ ДУУЛГА, ЗЭР ЗЭВСГЭЭР ХАНГАДАГ
4. Эфэс 6:13–17-г үзвэл Ехова биднийг юугаар хангадаг вэ?
4 Ехова биднийг Сатаны довтолгооноос хамгаалах хуяг дуулга, зэв зэвсгээр хангадаг (Эфэс 6:13–17-г уншина). Эдгээр нь маш сайн хамгаалалт болдог! Харин бид бүгдийг нь өмсөж зүүх ёстой. Тайлж болохгүй. Бэлгэдлийн хуяг дуулга, зэр зэвсэг гэж юу вэ? Нэг нэгээр нь үзье.
5. Үнэний бүс гэж юу вэ? Яагаад бүслэх ёстой вэ?
5 Үнэний бүс нь Бурхны Үг буюу Библид байдаг үнэн юм. Энэ бүсийг яагаад зүүх ёстой вэ? Сатаныг «худал хуурмагийн эцэг» гэдэг (Ёох. 8:44). Тэрбээр олон мянган жилийн турш худал ярьж, «дэлхийн суугчдыг бүгдийг нь» мэхэлсэн! (Илч. 12:9). Харин Библи дэх үнэн биднийг мэхлэгдэх аюулаас хамгаалдаг. Ямар хүнийг бэлгэдлийн бүсээ бүсэлсэн гэх вэ? Еховагийн тухай үнэнийг судалдаг, «агуу хүчээр нь удирдуулж, үнэний дагуу Бурхныг шүтдэг», «үргэлж шударга байдаг» хүнийг хэлнэ (Ёох. 4:24; Эф. 4:25; Евр. 13:18).
6. Шударга сайн явдлын хуяг гэж юу вэ? Яагаад өмсөх ёстой вэ?
6 Шударга сайн явдлын хуяг нь Еховагийн тогтоосон хэм хэмжээ юм. Бид яагаад энэ хуягийг өмсөх ёстой вэ? Хуяг цэрэг хүний зүрхийг жад, сумнаас хамгаалдаг шиг шударга сайн явдлын хуяг нь бидний бэлгэдлийн зүрх буюу дотор хүнийг энэ ертөнцийн муу нөлөөнөөс хамгаалдаг (Сур. 4:23). Ехова биднээс өөрийг нь бүхий л зүрхээрээ хайрлаасай, шүтээсэй гэж хүсдэг (Мат. 22:36, 37). Харин Сатан биднийг Еховад бүхий л зүрхээрээ үйлчлэхийг маань болиулахыг хичээдэг. Ингэхийн тулд эрхшээлдээ байдаг ертөнцийн зүйлсийг буюу Еховагийн үзэн яддаг зүйлийг хайрладаг болгохыг оролддог (Яак. 4:4; 1 Ёох. 2:15, 16). Хэрэв оролдлого нь бүтэлгүйтвэл Еховагийн хэм хэмжээг зөрчүүлэхийн тулд биднийг хавчиж эсэргүүцдэг.
7. Ямар хүнийг шударга сайн явдлын хуягийг өмссөн гэх вэ?
7 Зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, түүний дагуу амьдардаг бол шударга сайн явдлын хуягийг өмссөн гэсэн үг (Дуу. 97:10). Зарим хүн Еховагийн тогтоосон хэм хэмжээг хатуу гэж боддог. Гэвч Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхээ боливол ид тулааны үед хүнддээд байна гээд хуягаа тайлж хаясан цэрэгтэй адил болно. Ингэвэл хэчнээн мунхаг хэрэг вэ! Еховаг хайрладаг хүмүүс тушаалыг нь амь аврах чадалтай гэж үздэг. Тэдний хувьд энэ нь «хүнд дарамт биш билээ» (1 Ёох. 5:3).
8. «Амар тайвны сайн мэдээг тунхаглахад бэлэн байхын тулд шаахайгаа хөлдөө өмс» гэсэн нь ямар утгатай вэ?
8 Паул бас «Амар тайвны сайн мэдээг тунхаглахад бэлэн байхын тулд шаахайгаа хөлдөө өмс» гэжээ. Өөрөөр хэлбэл, бид Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэхэд хэзээд бэлэн байх ёстой. Библийн мэдээг бусдад хүргэвэл бидний итгэл батаждаг. Дэлхий дахинд буй Еховагийн үйлчлэгчид хаана ч байсан, дэлгэрүүлэх боломж бүрийг ашигладаг нь хэчнээн урамтай вэ! Жишээлбэл тэд ажил, сургууль дээрээ байхдаа, албан газраар, айлаар явахдаа, дэлгүүр орохдоо, Гэрч биш хамаатныдаа очихдоо, таньдаг хүнтэйгээ уулзахдаа, тэр байтугай гэртээ хорионд байхдаа ч дэлгэрүүлдэг. Хэрэв бид айгаад дэлгэрүүлэхээ боливол тулалдааны үед гутлаа тайлж хаясан цэрэгтэй адил болно. Тийм цэргийн хөл амархан шархалж, дайснууд довтлоход өөрийгөө хамгаалах чадваргүй болно. Тэгээд даргынхаа тушаалыг биелүүлж чадахгүйд хүрнэ.
9. Итгэлийн бамбайгаа яагаад авч явах хэрэгтэй вэ?
9 Итгэлийн том бамбай нь Еховад итгэх итгэл юм. Ехова амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт бид итгэдэг. Ийм итгэл «хорон муу нэгний бүх галт сумыг унтраадаг». Ийм том бамбай авч явах хэрэгтэйн учир юу вэ? Тэрслэгчдийн сургаалд автахгүй байхад тустай. Бас итгэл үнэмшлээс маань болоод шүүмжилж, шоолоход сэтгэлээр унахгүй байхад хамгаалалт болдог. Итгэл байхгүй бол Бурханд дуулгаваргүй болгох гэсэн бусдын дарамт шахалтад амархан автана. Харин ажил, сургууль дээрээ итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсдог бол итгэлийн бамбайгаа авч явж буй хэрэг (1 Петр 3:15). Өндөр цалинтай ч Бурхныг шүтэхэд саад болох ажлын саналаас татгалздаг бол мөн л итгэлийн бамбайгаа авч явж байна гэсэн үг (Евр. 13:5, 6). Түүнчлэн хавчлага эсэргүүцлийг үл тоон Еховад үйлчилдэг бол итгэлийн бамбайгаараа өөрийгөө хамгаалж байна гэсэн үг билээ (1 Тес. 2:2).
10. Авралын дуулга гэж юу вэ? Яагаад өмсөх ёстой вэ?
10 Еховагийн өгдөг найдварыг авралын дуулга гэдэг. Энэ найдвар нь хүсэл тааллыг нь биелүүлдэг бүх хүнийг Ехова шагнана, үхвэл амилуулна гэсэн найдвар юм (1 Тес. 5:8; 1 Тим. 4:10; Тит 1:1, 2). Дуулга нь цэрэг хүний толгойг хамгаалдаг шиг, аврагдах найдвар нь бидний зөв бодох чадварыг хамгаалдаг. Яаж? Бурхны амлалтыг үргэлж анхаарч, аливаа бэрхшээлд зөв үзлээр хандахад маань тусалдаг. Авралын дуулга өмссөн хүн ямар байдаг вэ? Бурхантай адил үзэл бодолтой байдаг. Жишээлбэл, устаж үгүй болдог эд баялагт бус, Еховад найддаг (Дуу. 26:2; 104:34; 1 Тим. 6:17).
11. Бурхны агуу хүчээрээ өгсөн илд гэж юу вэ? Яагаад үүнийг хэрэглэх хэрэгтэй вэ?
11 Бурхны агуу хүчээрээ өгсөн илд бол Бурхны Үг буюу Библи юм. Энэ илд нь худал хуурмаг бүхнийг илчлэхийн зэрэгцээ хорт зуршил, хуурамч сургаалын боолчлолоос чөлөөлөх чадалтай (2 Кор. 10:4, 5; 2 Тим. 3:16, 17; Евр. 4:12). Бид бие даан судалж, Бурхны байгууллагаас зохион байгуулдаг сургалтад хамрагддаг бол илдээ зөв хэрэглэж сурна (2 Тим. 2:15). Ехова биднийг хамгаалахын тулд хуяг дуулга, зэр зэвсэг өгөхөөс гадна өөр тусламж үзүүлдэг. Тэр нь юу вэ?
ГАНЦААРАА ТУЛАЛДАХ ШААРДЛАГАГҮЙ
12. Бидэнд өөр юу хэрэгтэй вэ? Яагаад?
12 Туршлагатай цэрэг хүн үй олон цэрэгтэй армийн өөдөөс ганцаараа тулалдаж чадахгүйгээ мэддэг. Хамтран тулалдах цэргүүдийн тусламж хэрэгтэй. Үүнтэй адил, бид Сатан болон түүний талынхныг ганцаараа эсэргүүцэж чадахгүй. Итгэл нэгтнүүдийн маань тусламж хэрэгтэй. Ехова бидэнд тус дэм болох сая сая ах дүүг өгсөн (1 Петр 2:17).
13. Еврей 10:24, 25-ыг харвал цуглаанд явахын ач тус юу вэ?
13 Тусламж авах бас нэг арга нь цуглаанд явах юм (Еврей 10:24, 25-ыг уншина). Гуньж гутрах үе хэнд маань ч гардаг шүү дээ. Тийм үед цуглаан сэтгэл сэргээдэг. Итгэл нэгтнүүдийнхээ чин сэтгэлийн хариултыг сонсохоор урам ордог. Библид үндэслэсэн илтгэл, үзүүлбэрүүд Еховад үйлчилсээр байх хүсэл төрүүлдэг. Цуглааны өмнө болон дараа итгэл нэгтнүүдтэйгээ ярихаараа бид урамшин зоригждог (1 Тес. 5:14). Түүнээс гадна, цуглаанд очихоор бусдадаа туслах боломж олддог. Үүний дүнд баяр хөөртэй болдог (Үйлс 20:35; Ром 1:11, 12). Бас өөр ач тус бий. Цуглаанд явснаар дэлгэрүүлэх, заах чадвар сайжирдаг. Учир нь бид «Заах ажлын багажны хайрцаг» доторх багажаа үр дүнтэй ашиглаж сурдаг. Тиймд цуглаандаа сайн бэлдэж байгаарай. Цуглааны үеэр анхааралтай сонсоорой. Тэгээд цуглаан дээр сурсан зүйлээ хэрэгжүүлээрэй. Ингэдэг бол та «Христ Есүсийн жинхэнэ цэрэг» болно (2 Тим. 2:3).
14. Өөр ямар тусламж байгаа вэ?
14 Бас бидэнд олон сая тэнгэрийн элч тусалдаг. Ганцхан тэнгэрийн элч юу хийснийг бодоод үз дээ! (Ис. 37:36). Тэгвэл тэнгэрийн элч нарын арми юу хийж чадахыг төсөөлөөрэй. Хүн ч, чөтгөр ч Еховагийн хүчирхэг армийг дийлж чадахгүй. Төгс хүчит Бурхан бидэнтэй хамт байгаа цагт эсэргүүцэгчид хэчнээн олуулаа байсан ч биднийг дийлэхгүй (Шүү. 6:16). Үүнд бүрэн итгэлтэй байж болно! Ажлынхан, ангийнхан, итгэгч бус гэрийнхнээсээ болоод сэтгэлээр унасан үедээ үүнийг санаарай. Энэ тулалдаанд та ганцаараа биш шүү. Зааврыг нь дагадаг бол Ехова тантай үргэлж хамт байна.
ЕХОВА БИДНИЙГ ҮРГЭЛЖ ХАМГААЛНА
15. Исаиа 54:15, 17-г үзвэл Бурхны ард түмнийг хэн ч, хэзээ ч дуугүй болгож чадахгүй гэхийн учир юу вэ?
15 Сатаны ертөнцийнхөн биднийг олон шалтгаанаар үзэн яддаг. Бид улс төрийн аливаа хөдөлгөөнийг дэмждэггүй, дайнд оролцдоггүй. Харин Бурхны нэрийг тунхаглаж, Хаант төр бол энх тайвныг тогтоох цорын ганц найдвар гэсэн мэдээг дэлгэрүүлдэг. Мөн Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталдаг. Энэ ертөнцийн удирдагч бол худалч бөгөөд алуурчин гэдгийг илчилдэг (Ёох. 8:44). Бас бид Сатаны ертөнц удахгүй устгагдах гэж байгааг тунхагладаг. Сатан ба түүний талынхан биднийг хэзээ ч дуугүй болгож чадахгүй. Бид Ехова Бурхнаа чадах бүх аргаараа алдаршуулсаар байх болно! Сатан хүчтэй ч Хаант төрийн тухай мэдээг дэлхий даяар түгээх ажилд маань саад хийж чадаагүй. Яагаад гэвэл Ехова биднийг хамгаалдаг (Исаиа 54:15, 17-г уншина).
16. Агуу их гамшгийн үед Ехова ард түмнээ хэрхэн аврах вэ?
16 Удахгүй юу болох вэ? Агуу их гамшиг болно. Энэ үеэр Ехова биднийг хоёр удаа аварна. Эхлээд дэлхийн хаадыг турхирч Агуу Вавилон буюу бүх хуурамч шашныг устгуулахдаа үнэнч үйлчлэгчдээ аварна (Илч. 17:16–18; 18:2, 4). Дараа нь Сатаны ертөнцийн үлдсэн хэсгийг Хармагедоноор устгахдаа ард түмнээ дахиад аварна (Илч. 7:9, 10; 16:14, 16).
17. Еховатай үргэлж дотно байх нь ямар ач тустай вэ?
17 Хэрэв бид Еховатай үргэлж дотно байдаг бол Сатан мөнхөд хор хохирол учруулж чадахгүй. Үнэндээ бол Сатан өөрөө үүрдийн хохирол амсана (Ром 16:20). Тиймээс хуяг дуулгаа өмсөж, зэр зэвсгээ бүрэн агсаарай. Хэзээ ч бүү тайлаарай! Ганцаараа тулалдах гэж бүү оролдоорой. Итгэл нэгтнүүдээ дэмжээрэй. Еховагийн зааврыг дагаарай. Ингэдэг бол хайртай тэнгэрийн Эцэг маань хүчирхэгжүүлнэ, хамгаална гэдэгт итгэлтэй байна (Ис. 41:10).
ДУУ 132 Ялалтын дуу
a Ехова биднийг хүчирхэгжүүлнэ, мөнхөд хохироох аливаа бүхнээс хамгаална гэсэн амлалт Библид байдаг. Энэ өгүүллээр дараах асуултын хариуг авна. Бид яагаад хамгаалуулах шаардлагатай вэ? Ехова биднийг яаж хамгаалдаг вэ? Еховагийн тусламжийг авахын тулд яах ёстой вэ?