Охид хөвгүүд ээ, Диаволын эсрэг бат зогс!
«Диаволын заль мэхэнд хуурталгүй бат зогсох чадвартай байя гэвэл Бурхны өгдөг хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг бүрэн агс» (ЭФ. 6:11).
1, 2. а) Гэрч охид хөвгүүд Сатан болон чөтгөрүүдийг яагаад ялж байна вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Юуны тухай үзэх вэ?
ЭЛЧ Паул Христийн дагалдагч биднийг гардан байлдаанд орж буй цэрэгтэй зүйрлэжээ. Гэхдээ бид хүнтэй биш, Сатан болон чөтгөрүүдтэй байлддаг. Тэр дайснууд нүдэнд үзэгдэхгүй ч үнэхээр байдаг. Олон мянган жилийн туршлагатай, чадварлаг дайчидтай тулалддаг гээд бодохоор бид ялагдах нь тодорхой мэт. Ялангуяа хүүхдүүдийн ирээдүй бүр ч бүрхэг гэмээр. Ер бусын хүчтэй, бузар муу энэ дайснуудыг өсвөр насны охид хөвгүүд ялж чадах болов уу? Чадна. Ялж ч байгаа! Яагаад гэвэл тэд «агуу хүчит Бурхны ачаар хүчтэй болдог». Түүнээс гадна бэлтгэл сайтай цэрэг адил «Бурхны өгдөг хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг бүрэн агсдаг» (Эфэс 6:10–12-ыг уншина).
2 Паул энэ жишээг татахдаа Ромын цэргүүдийн хуяг дуулга, зэр зэвсгийг бодсон байх (Үйлс 28:16). Энэ жишээ яагаад тохиромжтойг ярилцъя. Түүнчлэн бэлгэдлийн хуяг дуулгаа өмсөж, зэр зэвсгээ бүрэн агсахад ямар бэрхшээл тулгардаг, ямар ач тустай байдаг талаар зарим залуу Гэрч юу ярьсныг сонирхоцгооё.
«ҮНЭНИЙ БҮС»
3, 4. Библид байдаг үнэн сургаалыг яагаад Ромын цэргийн бүстэй адилтгаж болох вэ?
3 Эфэс 6:14-ийг уншина. Ромын цэргийн бүс нь бэлхүүсийг хамгаалах зориулалт бүхий хавтгай төмөр тоногтой ажээ. Цэрэг хүн бүсээ бүслэхэд хүнд жинтэй хуяг биед нь яв цав таарч, хөдөлгөөнд саад учруулахааргүй болдог. Түүнээс гадна зарим бүс илд, хутганы бат бөх тогтоогчтой. Бүсээ жавхайтал бүсэлсэн цэрэг тулалдаанд итгэл төгс ордог байв.
4 Бурхны Үгэнд байдаг үнэн сургаалыг бүстэй адилтгаж болно. Үнэн сургаалыг мэдэж авбал хуурамч сургаалын хор хөнөөлөөс хамгаалагдана (Ёох. 8:31, 32; 1 Ёох. 4:1). Үнэнийг эрхэмлэх тусам «хуяг» өмсөх буюу Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрах нь илүү хялбар болдог (Дуу. 111:7, 8; 1 Ёох. 5:3). Түүнээс гадна сайн ойлгохын хэрээр үнэнийг сайн хамгаалж чадна (1 Петр 3:15).
5. Яагаад чин үнэнийг ярих ёстой вэ?
5 Бүсээ жавхайтал бүсэлдэг шиг, Библийн үнэнийг мэдэж, эрхэмлэдэг болбол үүний дагуу амьдарч, цаг ямагт чин үнэнийг ярих хүсэл төрнө. Яагаад худал ярих ёсгүй вэ? Сатаны хамгийн үр дүнтэй зэвсгүүдийн нэг нь худал хуурмаг билээ. Худлаа ярьдаг хүн ч, худал юманд итгэдэг хүн ч хохирдог (Ёох. 8:44). Бид төгс бус ч худлаа ярихгүй байхыг хичээдэг (Эф. 4:25). Гэхдээ энэ нь амархан биш. 18 настай Абигаил: «Үнэнээ хэлэх нь дандаа сайн биш юм шиг санагдаж магадгүй. Ялангуяа хүнд байдалд орсон үед» гэж ярьсан юм. Тэгвэл Абигаил яагаад үнэнч шударга байх гэж хичээдэг юм бол? «Үнэнээ хэлээд Еховаг баярлуулсандаа сэтгэл амар явдаг. Бас аав ээж, найзууд маань надад итгэдэг» гэв. 23 настай Виктория: «Үнэн юм ярьж, итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсдогоосоо болоод дээрэлхүүлж магадгүй. Гэхдээ дандаа ач тустай байдаг. Өөртөө итгэлтэй байна, Еховатай илүү дотно болсноо мэднэ, хайртай хүмүүс маань хүндэлнэ» гэж ярьсан. «Үнэний бүсийг» байнга бүслэх нь ач тустай байх нь ээ.
«ШУДАРГА САЙН ЯВДЛЫН ХУЯГИЙГ ӨМС»
6, 7. Шударга сайн хэм хэмжээг яагаад хуягтай зүйрлэсэн бэ?
6 Нэгдүгээр зууны Ромын цэргийн өмсдөг байсан хуягийг төмөр туузнуудаар хийж, арьсан дээр бэхэлдэг байв. Хоёр хэсгээс тогтох бөгөөд нэгийг нь дал мөрөн дээрээ тохож, нөгөөг нь цээжээрээ ороогоод суран оосроор холбож бөхөлдөг. Ийм хуягийг өмссөн цэргийн хөдөлгөөн тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Бас туузнуудын хооронд зай завсар гарсан эсэхийг байнга шалгах шаардлагатай байдаг. Гэлээ ч зүрх гэх мэтийн амин чухал эрхтнийг дайсны илд, сумнаас хамгаалдаг чухал өмсгөл байжээ.
7 Еховагийн тогтоосон шударга сайн хэм хэмжээг сахивал бэлгэдлийн зүрх буюу дотор хүн маань хамгаалагддаг. Тийм учраас энэ хэм хэмжээг хуягтай зүйрлэсэн нь тун оножээ! (Сур. 4:23). Цэрэг хүн сайн хуягаа тайлж хаяад муу хуяг өмсдөггүй. Тэгвэл бид Еховагийн тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлон өөрийнхөө зөв гэж үзсэнээр явах учиргүй. Бидний хэнд ч зүрхээ хамгаалах мэргэн ухаан байхгүй (Сур. 3:5, 6). Тийм учраас Еховагийн өгсөн «хуягаар» зүрхээ хамгаалж чадаж байгаа эсэхээ тогтмол шалгах ёстой.
8. Бид яагаад Еховагийн хэм хэмжээг баримтлах ёстой вэ?
8 Еховагийн хэм хэмжээ заримдаа дарамттай эсвэл эрх чөлөөг хааж боодог юм шиг санагддаг уу? 21 настай Даниел: «Библийн зарчмыг баримталдгаас минь болоод багш сурагчид намайг шоолдог байсан. Би нэг хэсэг сэтгэлээр унасан» гэсэн юм. Тэгээд яасан бол? Тэрээр: «Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрах нь ач тустайг яваандаа ойлгосон. Зарим “найз” маань хар тамхи хэрэглэдэг болсон, зарим нь сургуулиа хаясан. Амьдрал нь өөрчлөгдөж байгааг хараад харамссан. Ехова биднийг үнэхээр хамгаалдаг» гэжээ. 15 настай Мэдисон охин: «Еховагийн хэм хэмжээг баримтлах гээд гоё, хөгжилтэй гэж хүүхдүүдийн боддог юмыг хийхгүй байхлаар хэцүү санагддаг» гэв. Яаж давдаг тухайгаа ярихдаа «Би Еховагийн төлөөлөгч гэдгээ санадаг. Бас Сатан намайг сориод байна гэдгийг өөртөө сануулдаг. Энэ тэмцэлд ялахаараа өөртөө итгэлтэй болдог» гэсэн юм.
«АМАР ТАЙВНЫ САЙН МЭДЭЭГ ТУНХАГЛАХАД БЭЛЭН БАЙХЫН ТУЛД ШААХАЙГАА ХӨЛДӨӨ ӨМС»
9-11. а) Христийн дагалдагчид бэлгэдлийн гутал өмсдөг гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Сайн мэдээ дэлгэрүүлэхээс айхгүйн тулд яах хэрэгтэй вэ?
9 Эфэс 6:15-ыг уншина. Хөл нүцгэн цэрэг дайнд явж чадахгүй нь ойлгомжтой. Ромын цэргийн гутал нь сандаалтай төстэй бөгөөд гурван давхар арьсаар хийдэг учраас эдэлгээ сайтай, сугарахгүй, явахад эвтэйхэн ажээ.
10 Цэрэг хүн гутлаа өмсвөл дайнд амжилттай оролцдог шиг, Христийн дагалдагч бэлгэдлийн гутлаа өмсвөл амар тайвны сайн мэдээг үр дүнтэй тунхаглана (Ис. 52:7; Ром 10:15). Гэхдээ л дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй. 20 настай Бо: «Би ангийнхаа хүүхдүүдэд дэлгэрүүлэхээс айдаг байсан. Яагаад тэгдэг байсан юм, бүү мэд. Ичээд л тэр байх даа. Одоо бол үеийнхэндээ дэлгэрүүлэхдээ баяртай байдаг» гэжээ.
11 Урьдчилаад сайтар бэлдчихвэл дэлгэрүүлэхээс айх хэрэггүйг мэддэг болсон залуу Гэрч олон бий. Хэрхэн бэлдэх вэ? 16-тай Жулиа: «Би хичээлийнхээ цүнхэнд байгууллагын ном хэвлэлээс хийчихдэг. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийн санаа оноо, итгэл үнэмшлийг мэдэхийн тулд эхлээд юу ярихыг нь сонсдог. Дараа нь тэдэнд юу хэрэгтэйг боддог. Бэлдчихвэл хэрэгтэй байгаа тэр зүйлийнх нь талаар ярьж чадна» гэжээ. 23 настай Макэнзи гэдэг бүсгүй: «Эелдэг бөгөөд сайн сонсогч байж чадвал үе тэнгийнхнийхээ юу боддогийг мэдэх боломжтой. Би өсвөр насныханд зориулсан бүх материалыг уншихыг хичээдэг. Тийм учраас үеийнхэндээ тус болох зүйлийг Библиэс юм уу jw.org-оос үзүүлж чаддаг» гэсэн. Дэлгэрүүлэхэд бэлдэхийн хэрээр «гутал» илүү сайн таардгийг эдгээр хүүхэд залуусын ярианаас мэдэж авлаа.
«ИТГЭЛИЙН ТОМ БАМБАЙ»
12, 13. Сатан ямар «галт сум» тавьдаг вэ?
12 Эфэс 6:16-г уншина. Ромын цэргүүдийн барьж явдаг байсан «том бамбай» нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд мөрнөөс өвдөг хүртэл халхалж илд, жад, сумнаас хамгаалдаг байв.
13 Сатан чам руу ямар «галт сум» тавьж болох вэ? Еховагийн тухай худал хуурмаг бүхэн бол Сатаны сум юм. Жишээ нь, Ехова чамд санаа тавьдаггүй, чамайг хайрладаггүй гэх мэтийн бодол төрүүлж мэднэ. 19 настай Ида: «Ехова надтай дотно биш, миний Найз болохыг хүсдэггүй юм шиг санагддаг» гэсэн юм. Энэ бодолтойгоо хэрхэн тэмцдэг бол? Ида: «Итгэлээ батжуулахад цуглаан маш чухал үүрэгтэй. Би урьд нь цуглаан дээр зүгээр суугаад, огт хариулдаггүй байсан. Хэн ч миний яриаг сонсохгүй гэж боддог байсан. Харин одоо би цуглаандаа бэлдэж, хоёр гурван удаа хариулахыг хичээдэг болсон. Хэцүү л дээ. Гэхдээ хариулахаар хамаагүй дээр болдог. Бас ах эгч нар урам хайрладаг. Цуглаан тарах бүрд Ехова надад хайртай гэдгийг би мэдэрдэг» гэв.
14. Идад тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?
14 Идад тохиолдсон явдлаас нэг чухал зүйлийг ойлгож болно. Ер нь цэрэг хүний бамбайн хэмжээ өөрчлөгддөггүй. Харин бидний итгэлийн бамбай жижгэрч эсвэл томорч болдог. Энэ нь биднээс л шалтгаална (Мат. 14:31; 2 Тес. 1:3). Өөрийгөө хамгаалъя гэвэл итгэлээ батжуулах нь чухал!
«АВРАЛЫН ДУУЛГА»
15, 16. Найдварыг яагаад дуулгатай зүйрлэсэн бэ?
15 Эфэс 6:17-г уншина. Ромын явган цэргийн дуулга нь толгой, хүзүү, нүүрийг хамгаалах зориулалттай байв. Зарим дуулга гартаа бариад явахад зориулсан бариултай ажээ.
16 Дуулга нь тархи толгойг хамгаалдаг шиг, «аврагдах найдвар» бидний бодол санаа, сэтгэн бодох чадварыг хамгаалдаг (1 Тес. 5:8; Сур. 3:21). Найдвар өвөрлөсөн хүн Бурхны амлалтыг үргэлж анхаардаг бөгөөд бэрхшээл тулгарахад сэтгэлээр унадаггүй (Дуу. 27:1, 14; Үйлс 24:15). Харин өөрийгөө хамгаалъя гэвэл «дуулгаа» гартаа барьж явах биш, толгойдоо өмсөх шаардлагатай.
17, 18. а) Сатан дуулгыг маань тайлуулахын тулд яаж магадгүй вэ? б) Сатаны мэхэнд хууртаагүй хүн ямар байдаг вэ?
17 Сатан дуулгыг маань тайлуулахын тулд яаж магадгүй вэ? Есүст юу гэж хэлснийг нь бодож үзье. Хүн төрөлхтнийг Есүс захирна гэдгийг Сатан мэдэж байсан. Гэхдээ Есүс эхлээд зовж тарчлан, амиа алдах ёстой, дараа нь Еховагийн товлосон цаг болтол хүлээнэ. Эцэст нь Хаан болох байв. Гэтэл одоо ч ийм боломж байгааг Сатан батлан, «Чи надад ганц удаа мөргөвөл энэ бүгд чинийх болно» гэж амлажээ (Лук 4:5–7). Ехова шинэ ертөнцөд биднийг элбэг дэлбэг амьдруулахаа амласан. Тэр болтол бид янз бүрийн зовлон амсаж болох юм. Ийм үед Сатан биднийг сорьж, тэр сайхан амьдралыг одоо үзэх боломж олгож мэднэ. Хэрэв бид эд хөрөнгийг эн тэргүүнд тавьж, Хаант төрийг хоёрдугаарт тавивал Сатан баярлана (Мат. 6:31–33).
18 Ийм заль мэхэнд хууртаагүй олон залуу Гэрчийн нэг нь 20 настай Киана юм. «Бүх зовлон бэрхшээлийг зөвхөн Бурхны Хаант төр арилгана гэдгийг би мэднэ» гэж тэрээр ярьсан. Ийм бат найдвар түүний бодол санаа, үйл хэрэгт хэрхэн нөлөөлдөг бол? «Би диваажинд амьдрах найдвар өвөрлөдөг учраас карьер хөөх, авьяасаа мөнгө олох хэрэгсэл болгохыг боддоггүй. Үүний оронд Еховад үйлчлэхэд цаг, хүчээ зориулж байна» гэж Киана ярьсан.
«АГУУ ХҮЧЭЭРЭЭ ӨГСӨН ИЛД БУЮУ БУРХНЫ ҮГ»
19, 20. Бурхны Үгийг илүү чадварлаг ашиглаж сурахын тулд яах хэрэгтэй вэ?
19 Паулын үед Ромын явган цэргүүдийн илд 50 сантиметр урттай, гардан тулаан хийх зориулалттай байжээ. Ромын цэргүүд илдээр өдөр бүр дасгал сургууль хийдэг байсан учраас маш сайн тулалддаг байв.
20 Паул Бурхны Үгийг илдтэй зүйрлэсэн. Бид Еховагийн өгсөн энэ илдийг итгэл үнэмшлээ хамгаалахдаа эсвэл үзэл бодлоо өөрчлөхдөө чадамгай ашиглаж сурах ёстой (2 Кор. 10:4, 5; 2 Тим. 2:15). Чадвараа яаж сайжруулах вэ? 21 настай Себастиан: «Би Библиэ уншихдаа бүлэг бүрээс нэг зүйлийг хуулж бичдэг. Дуртай эшлэлүүдээ жагсааж бичиж байгаа. Еховагийн үзэл бодлыг илүү сайн мэдэхэд тустай байдаг юм» гэж ярьсан. Дээр дурдсан Даниел: «Би Библиэ уншихдаа дэлгэрүүлэх ажилд хэрэгтэй гэсэн эшлэлүүдийг түүж бичдэг. Библид маш их итгэдгийг, өөрсдөд нь чадах ядахаараа туслах гэж хичээдгийг анзаарсан хүмүүс нааштай ханддаг юм билээ» гэжээ.
21. Сатан болон чөтгөрүүдээс яагаад айх хэрэггүй вэ?
21 Энэ өгүүлэлд гарсан хүүхэд залуучуудын жишээг харвал Сатан болон чөтгөрүүдээс айх хэрэггүй. Тэд хэчнээн хүчтэй ч ялж чадахгүй. Бас мөнх амьдрахгүй. Удахгүй Христийн Мянган жилийн засаглал эхлэхэд тэд юу ч хийх чадваргүй болно. Эцэст нь бүрмөсөн устгагдана (Илч. 20:1–3, 7–10). Бид дайснаа мэддэг. Арга мэхийг нь, зорилгыг нь ч мэднэ. Ехова тусалдаг учраас дайсныхаа эсрэг бат зогсож чадна!