«Эзэн дотор... бэхжигтүн»
«Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн» (ЕФЕС 6:10).
1. а) 3 000 орчим жилийн тэртээ ямар гайхалтай тулаан болсон бэ? б) Ямар учраас Давид ялсан бэ?
ГУРВАН МЯНГА орчим жилийн тэртээ, өөр хоорондоо дайтаж байсан хоёр армийг төлөөлөн, хоёр цэрэг тулалджээ. Тэр хоёрын залуу нь хоньчин хүү Давид байлаа. Тэрбээр Голиат хэмээх ер бусын хүч чадалтай, өндөр нуруутай хүнтэй тулалдах аж. Голиатын хуяг л гэхэд 57 орчим килограмм жинтэй, жад нь асар хүнд, илд нь нүсэр том байв. Гэтэл Давид зэвсэг гэхээр юмгүй, гартаа ганц дүүгүүр барьжээ. Өөртэй нь тулалдахаар израиль хөвгүүн гарч ирснийг аварга биет, филист хүн Голиат доромжлол гэж үзжээ (1 Самуел 17:42–44). Байдлыг ажиглаж байсан хоёр талын цэргүүдэд тулаан яаж төгсөх нь угаасаа тодорхой мэт санагдсан биз ээ. Гэхдээ хүчтэй нь үргэлж ялдаггүй шүү дээ (Номлогчийн үгс 9:11). Ехова өөрийг нь бэхжүүлсний ачаар Давид ялсан бөгөөд тэрбээр: «Энэ тулалдаан бол ЭЗЭНийх» хэмээжээ. «Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав» гэж Библид тэмдэглэсэн байдаг (1 Самуел 17:47, 50).
2. Христианууд ямар тэмцэл явуулдаг вэ?
2 Христианууд бүх хүнтэй эвтэй байж, дайн тулаан хийдэггүй ч тун хүчтэй өрсөлдөгчтэй сүнслэг дайнд оролцдог нь үнэн (Ром 12:18). Элч Паул Ефес хотын итгэл нэгтнүүддээ бичсэн захидлынхаа сүүлийн бүлэгт христиан хүн бүрийн явуулдаг нэг тэмцлийг дүрслэн: «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнсэн хүчний эсрэг билээ» гэж бичжээ (Ефес 6:12).
3. Ефес 6:10-т бичсэнээр, ялахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ?
3 «Бузар муугийн сүнсэн хүч» гэдэг нь Ехова Бурхантай тогтоосон бидний харьцааг эвдэн бусниулахыг хүсдэг Сатан болон чөтгөрүүд юм. Давидын адилаар, бид өөрөөсөө хавьгүй хүчтэй тэдгээр дайсантай тулалддаг учир Бурхан биднийг бэхжүүлэхгүй бол ялах аргагүй. Тийм ч учраас, Паул бидэнд: «Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн» хэмээн уриалдаг (Ефес 6:10). Ийн уриалсныхаа дараа, биднийг ялахад туслах сүнслэг зэр зэвсэг, христиан чанаруудыг дүрслэн бичжээ (Ефес 6:11–17).
4. Энэ өгүүллээр ямар хоёр гол санаа авч үзэх вэ?
4 Одоо бүгдээрээ дайсны хүч, тактикийн тухай Сударт юу гэж бичсэн байдгийг авч үзье. Дараа нь ямар стратеги боловсруулж, өөрсдийгөө хамгаалахаа ярилцъя. Еховагийн зааврыг дагасан цагт дайснаа ялна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Бузар муугийн сүнсэн хүчний эсрэг тэмцэх нь
5. Ефес 6:12-т ашигласан, Библийн эх хэлний үг Сатаны тактикийг ойлгоход яаж тусалдаг вэ?
5 «Бидний тэмцэл бол... тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнсэн хүчний эсрэг билээ» хэмээн Паул тайлбарлажээ. Тэдгээр сүнсэн хүчний дотроос гол үүрэгтэй «бузар муугийн сүнс» нь «чөтгөрүүдийн захирагч» Сатан Диавол гарцаагүй мөн (Матай 12:24–26). Бидний явуулдаг «тэмцлийг» Библийн эх хэлээр бөхийн барилдаан буюу гардан тулаанаар дүрсэлсэн нь сонирхол татдаг. Эртний Грекийн бөхчүүд учраа бөхөө өвдөг шороодуулахын тулд тэнцвэрийг нь алдуулдаг байжээ. Үүнтэй адилаар, Диавол бидний сүнслэг «тэнцвэрийг» алдуулахыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд яадаг вэ?
6. Диавол бидний итгэлийг эвдэн бусниулахын тулд өөр өөр тактик ашигладгийг Библийн зүйлээр үзүүлнэ үү.
6 Диавол «могой», «архирах арслан», «гэрлийн тэнгэр элч» шиг авирладаг (2 Коринт 11:3, 14; 1 Петр 5:8). Биднийг хавчиж, сэтгэлээр унагахын тулд хүмүүсийг ч ашигладаг (Илчлэлт 2:10). Сатан нэгэнт энэ ертөнцийг бүхлээр нь гартаа оруулсан тул хүсэл тачаал, сэтгэл татам зүйлээр нь биднийг урхидаж, торондоо оруулж чадна (2 Тимот 2:26; 1 Иохан 2:16; 5:19). Еваг мэхэлсэн шигээ биднийг төөрөлдүүлэх гэж ертөнцийн юм уу тэрслүү үзлийг зэвсгээ болгодог (1 Тимот 2:14).
7. Чөтгөрүүд юунд хүч хүрэхгүй вэ? Бид ямар давуу талтай вэ?
7 Сатан болон чөтгөрүүд биднийг зэр зэвсэг, хүч чадлаараа сүрдүүлж болох ч тэдэнд хүч хүрэхгүй юм гэж бас бий. Ёс бус тэр сүнснүүд биднийг албадан, тэнгэрийн Эцгийн маань дургүйг хүргэх муу юм хийлгэж чадахгүй. Бид сайн мууг ялгаж, үзэл бодол, үйл хэргээ хянах чадвартай бүтээл билээ. Түүнээс гадна, тэмцлийн талбарт ганцаараа биш ээ. «Бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм» хэмээсэн үг Елишагийн үед ч үнэн байсан, өнөө үед ч бас үнэн (Хаадын дэд 6:16). Хэрэв бид Бурханд захирагдаж, Диаволыг эсэргүүцвэл тэр биднээс зайлахыг Библи батлан хэлдэг (Иаков 4:7).
Бид Сатаны хөнөөх санааг мэддэг
8, 9. Сатан Иовын үнэнч байдлыг эвдэн бусниулахын тулд ямар ямар аргаар сорьсон бэ? Өнөөдөр бидний сүнслэг байдалд ямар ямар аюул учирдаг вэ?
8 Судар Сатаны үндсэн тактикийг илчилдэг учир бид хөнөөх санааг нь мэддэг (2 Коринт 2:11). Диавол санхүүгийн бэрхшээл учруулж, гэр бүлийнхнээр нь хавчуулж, дотнын хүмүүсийг нь үхүүлж, биеийг нь зовоож, хуурамч нөхдөөр гүтгүүлэх зэргээр Бурхны үнэнч үйлчлэгч Иов уруу довтолж байв. Тэгэхэд нь Иов гутарч, Бурхан өөрийг нь орхижээ гэж бодож байсан (Иов 10:1, 2). Өнөөдөр Сатан тийм бэрхшээл учруулдаг гэж шууд хэлж болохгүй ч олон христиан хүн тиймэрхүү байдалтай тулгардаг бөгөөд Диавол үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж болно.
9 Төгсгөлийн энэ цаг үед сүнслэг байдалд маань аюул учрах нь их болжээ. Өнөөгийн ертөнцөд сүнслэг бус, материаллаг зүйл давамгайлдаг. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, садар самуун үйлддэг хүнийг сэтгэлээ сэвтээх биш, харин ч жаргадаг мэтээр дүрслэх нь олонтаа байдаг. Тэгээд ч ихэнх хүн «Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид» болжээ (2 Тимот 3:1–5). «Итгэлийн төлөө тэмцэхгүй» л бол ийм үзэл бодол бидний сүнслэг дүн нурууг алдуулах аюултай (Иуда 3).
10-12. а) Есүс тариачны тухай жишээ хэлэхдээ юу анхааруулсан бэ? б) Энэ ертөнц сүнслэг үйл хэргийг хэрхэн «багалзуурдаж» болохыг жишээгээр тайлбарлана уу.
10 Биднийг энэ ертөнцийн үйл хэрэг, эд материалаар хөөцөлдөх явдалд уусгах нь Сатанд хамгийн ашигтай арга юм. Есүс тариачны тухай жишээ хэлэхдээ эд юмсын энэхүү тогтолцооны «зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь [Хаанчлалын тухай] үгийг шахан зайлуулах» аюултай байдгийг анхааруулжээ (Матай 13:18, 22). «Шахан зайлуулах» гэж буулгасан грек үг «багалзуурдаж алах» гэсэн утга илэрхийлдэг.
11 Халуун орны ойд, зарим хэлээр «багалзуурддаг» удамбар гэж нэрлэдэг, нэгэн зүйлийн мод (Ficus aurea) ургадаг. Энэ мод өөр нэг модны их биеийг ороож, удаан ургадаг байна. Ороонги ургамлын үндэс нь бэхэжсээр, нөгөө модоо яваандаа бүхэлд нь ороодог. Ороогдсон мод хөрснөөс авах шим тэжээлийнхээ ихэнхийг удамбарын олон салаа үндсэнд алдаж, ороосон мөчир нахианаас нь болж гэрэл үзэхгүй байсаар эцэстээ үхдэг аж.
12 Үүнтэй адилаар, ертөнцийн «зовнилд» автаж, баян тансаг, тав тухтай амьдралын эрэлд мордвол аажмаар цаг зав, хүч чадлаа барна. Ертөнцийн үйл хэрэгт анхаарал сарнивал бие даан Библи судлахаа даруй больж, цуглаан таслах зуршилтай болж, улмаар сүнслэг шим тэжээл тасарна. Тэгээд сүнслэг зорилгоо материаллаг зорилгоор сольж, эцэстээ Сатаны хувьд амархан олз болно.
Бид бат зогсох хэрэгтэй
13, 14. Сатаныг дайрахад бид яах хэрэгтэй вэ?
13 Паул итгэл нэгтнүүдээ «диаволын заль мэхийн эсрэг бат зогсохыг» уриалжээ (Ефес 6:11). Бид Диаволыг чөтгөрүүдтэй нь хамт устгаж чадахгүй нь ойлгомжтой. Бурхан энэ үүргийг Есүс Христэд оноосон (Илчлэлт 20:1, 2). Гэхдээ бид, Сатаныг үгүй хийх тэр цаг хүртэл довтолгоонд нь дийлдэхгүйн тулд «бат зогсох» ёстой.
14 Элч Петр ч мөн Сатаны эсрэг бат зогсох буюу түүнийг эсэргүүцэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг. Харин дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг мэдэн түүнийг бат итгэлээрээ эсэргүүц» хэмээн бичжээ (1 Петр 5:8, 9). Үнэхээр ч, Диаволыг архирах арслан мэт дайрахад бат зогсохын тулд сүнслэг ах эгч нараасаа дэмжлэг авах нь амин чухал юм.
15, 16. Сатаны эсрэг бат зогсоход итгэл нэгтнүүдийн дэмжлэг хэрхэн тусалдгийг Библийн жишээгээр үзүүлнэ үү.
15 Африкийн ойт хээрийн гөрөөс ойр хавьд арслан архирахыг сонсвол аюултай газраас холдтолоо хар хурдаараа давхидаг. Харин заан, нэг нэгэндээ тусалдаг ажээ. Нэгэн номд: «Зааны сүрэг биеэ хамгаалахын тулд голдуу тойрог болон зогсдог. Ингэхдээ нас бие гүйцсэн заанууд нь аюулыг сөрөн зогсоод бага залуу заануудаа голдоо оруулан хамгаалдаг» гэж тэмдэглэжээ («Elephants−Gentle Giants of Africa and Asia»). Сүрэг заан ингэж бие биеэ хамгаалж, дэмжихэд арслан, залуу заан уруу ч дайрах нь ховор байдаг.
16 Сатан болон чөтгөрүүдийн довтолгоонд өртвөл, дээрхийн адилаар, сүнслэгээр бат бэх ах дүү нартайгаа гар гараасаа барилцан хамтдаа байх хэрэгтэй. Ромд хорионд байхад нь зарим христиан өөрт нь «түшиг тулгуур» (ШЕ) болж байсныг Паул хэлсэн байдаг (Колоссай 4:10, 11). «Түшиг тулгуур» гэж орчуулсан грек үг Библид энд л гардаг. Библийн нэгэн толь бичигт: «Энэ үгийн үйл үгнээс үүсдэг хэлбэр нь цочрол намдаах эм гэсэн утга заадаг» гэж тэмдэглэжээ («Vine’s Complete Expository Dictionary of Old and New Testament Words»). Төлөвшсөн христиануудын дэмжлэг бие, сэтгэлийн зовлон нимгэлдэг нь өвчин намдаах тос мэт буюу.
17. Бурханд үнэнч байхад юу юу туслах вэ?
17 Өнөөдөр бид итгэл нэгтнүүдээсээ урам аваад, Бурханд үнэнч үйлчлэх шийдвэр төгс байдаг. Ялангуяа, христиан ахлагчид сүнслэг тусламж үзүүлэхдээ баяртай байдаг (Иаков 5:13–15). Тогтмол Библи судалж, цуглаан, чуулганд очих, бас Еховатай дотно харьцаатай байх нь үнэнч байдлаа хадгалахад тусалдаг. Бид идэж уухдаа ч, ер, юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хийхийг хүсэх учиртай (1 Коринт 10:31). Еховад таалагддаг замаасаа гарахгүй байхад итгэл найдвараа залбиралтай хослуулах нь чухал гэдэг нь тодорхой (Дуулал 37:5).
18. Хүнд нөхцлөөс болж суларсан ч зүрхшээх ёсгүйн учир юу вэ?
18 Арслан туниа муутай амьтан уруу довтолдог шиг заримдаа Сатан биднийг сүнслэгээр суларсан үед дайрдаг. Гэр бүлийн болон санхүүгийн бэрхшээл, өвчин хууч биднийг сүнслэгээр сулруулж болно. Гэсэн ч Бурханд таалагддаг юм хийхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь Паул: «Би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» гэж хэлсэн (2 Коринт 12:10; Галат 6:9; 2 Тесалоник 3:13). Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрэв биднийг тусламж гуйвал, Ехова сул талыг маань хүчээрээ нөхөн дүүргэнэ гэсэн үг ажээ. Бурхан ард түмнээ бэхжүүлдэг төдийгүй бэхжүүлэх чадалтайг Давидын ялалт харуулдаг. Туйлын хүнд байдалд Бурхан үйлчлэгчдээ «хүч тэнхээтэй болгодгийг» орчин үеийн олон Гэрч биеэрээ үзсэн (Даниел 10:19).
19. Ехова үйлчлэгчдээ бэхжүүлдгийн жишээ хэлнэ үү.
19 Нэгэн хос Еховагийн дэмжлэгийн тухай: «Бид хоёр Еховад олон жил үйлчилж, их ивээл хүртэж, олон ч сайхан хүмүүсийг мэддэг болсон. Түүнээс гадна, Ехова бэрхшээлийг тэвчиж, амжилттай давахад биднийг сургаж, бэхжүүлдэг байсан. Иовын адилаар, бидэнд чухам яагаад тийм юм тохиолдсоныг тэр бүр ойлгодоггүй байсан ч Ехова хэзээд тусална гэдгийг мэддэг байсан» гэж хэлжээ.
20. Ехова ард түмнээ үргэлж дэмждэг гэдгийг Библи хэрхэн баталдаг вэ?
20 Еховагийн мутар үнэнч хүмүүсээ дэмжиж, бэхжүүлж чадахааргүй богино биш ээ (Исаиа 59:1). Дуулалч Давид: «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж [«дэмжиж», ШЕ], сөхөрсөн бүхнийг босгодог» хэмээжээ (Дуулал 145:14). Үнэндээ, тэнгэрийн Эцэг маань «өдөр бүр бидний ачааг үүрч», хэрэгтэй бүхнээр хангадаг (Дуулал 68:19).
«Бурхны бүрэн хуяг дуулга» хэрэгтэй
21. Сүнслэг зэвсэг хэрэгтэйг Паул яаж онцлон тэмдэглэсэн бэ?
21 Бид Сатаны тулааны зарим аргыг авч үзээд, дайрахад нь бат зогсох хэрэгтэйн учрыг хэлэлцлээ. Тэгвэл одоо итгэлээ амжилттай хамгаалахын тулд өөр хэрэгслийг анхаарах ёстой. Элч Паул, Сатаны заль мэхийн эсрэг бат зогсож, бузар муугийн сүнсэн хүчний эсрэг амжилттай тэмцэхэд чухал үүрэгтэй энэ хэрэгслийг Ефесийн христиануудад бичсэн захидалдаа хоёр ч удаа дурджээ. Тэрбээр: «Та нар диаволын заль мэхийн эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс. ...Бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав» гэж бичсэн (Ефес 6:11, 13).
22, 23. а) Сүнслэг хуяг дуулганд юу юу ордог вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
22 Тийм ээ, бид «Бурхны бүрэн хуяг дуулгыг» өмсөх хэрэгтэй. Паул Ефесийн хуралд захидал бичих үедээ Ромын цэргийн хараа хяналтад байсан. Тэр цэрэг заримдаа хуяг дуулгаа бүрнээр нь өмсдөг байсан байж болох юм. Гэхдээ Паул Бурхны л онгодоор хөтлүүлэн, Еховад үйлчилдэг хүн бүрд зайлшгүй хэрэгтэй сүнслэг хуяг дуулганы тухай бичсэн.
23 Бурхны өгдөг энэ хуяг дуулганд христиан хүний хөгжүүлбэл зохих чанарууд болон Еховагийн авч явуулдаг арга хэмжээ ордог. Дараагийн өгүүллээр бид сүнслэг хуяг дуулганы хэсэг бүрийг нарийвчлан авч үзнэ. Энэ нь сүнслэг тулаанд орох бэлтгэл маань хир зэрэг хангагдсаныг тогтооход тусална. Түүнчлэн, Есүс Христийн гайхамшигтай жишээ Сатан Диаволыг амжилттай эсэргүүцэхэд яаж туслахыг ярилцана.
Та хэрхэн хариулах вэ?
• Христиан хүн бүр ямар тэмцэл явуулдаг вэ?
• Сатаны зарим тактикийг хэлнэ үү.
• Итгэл нэгтнүүдийн маань дэмжлэг биднийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
• Бид хэний «дотор бэхжих» ёстой вэ? Яагаад?