БҮЛЭГ 5
Сүргийг хариулдаг хоньчид
ЕСҮС дэлхий дээр байхдаа «сайн хоньчин» гэдгээ баталсан (Ёох. 10:11). Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж буй «олон түмнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрсэн байлаа» (Мат. 9:36). Хүмүүсийг ямар их хайрладгийг нь Петр болон бусад элч нар ойлгодог байжээ. Есүс Израйлын хуурамч хоньчдоос тэс өөр байв. Тэд хонин сүргийг огтхон ч хайхраагүй учраас хонин сүрэг тарж бутран, үнэний мэдлэгээр өлсөж цангасан билээ (Езе. 34:7, 8). Харин Есүс хоньдоо анхаарч халамжлан, зааж сурган, амиа хүртэл өгөхийг нь шавь нар нь харсан. Тэгээд «амийг хамгаалдаг хоньчин» Еховадаа эргэж ирэхэд нь үнэнч хүмүүст хэрхэн туслахаа мэдэж авсан юм (1 Петр 2:25).
2 Есүс нэг удаа Петртэй ярьж байхдаа Бурхны хоньдыг тэжээж, хариулахын чухлыг онцолжээ (Ёох. 21:15–17). Петрийн сэтгэл ихэд хөдөлсөн тул хожим нь нэгдүгээр зууны хурлын ахлагчдад ийн уриалжээ. «Та нарт хариуцуулсан Бурхны сүргийг хариул. Анхаарч халамжлан, албадлагаар биш, Бурхны таалалд нийцүүлэн сайн дураараа, ашиг хонжоо хайлгүй, чин сэтгэлээсээ үйлчлээрэй. Бурхны эзэмшил болсон хүмүүсийг ноёлох бус, харин сүрэгтээ үлгэр дуурайл болж байгаарай» (1 Петр 5:1–3). Петрийн уриалга өнөөгийн ахлагчдад ч хамаатай. Ахлагчид Есүсийг дуурайн Бурхны хонин сүргийг сайн дураараа, чин сэтгэлээсээ хариулж, үлгэр дуурайл үзүүлдэг. Мөн Еховагийн төлөөх үйл хэрэгт хонин сүргээ манлайлан оролцдог (Евр. 13:7).
Ахлагчид Есүсийг дуурайн сайн дураараа, хичээл зүтгэлтэй үйлчлэн сүрэгтээ үлгэр жишээ болж, Еховагийн үйл хэрэгт манлайлан оролцдог
3 Еховагийн агуу хүчээр томилогдсон ахлагчид хуралд байдаг нь үнэхээр талархууштай! Ахлагчдын үзүүлдэг тус дэм их. Жишээлбэл хурлын хүн нэг бүрд санаа тавьж, урамшуулан зоригжуулдаг. Итгэлийг маань батжуулдаг цуглааныг долоо хоног бүр сайтар удирдан зохион байгуулдаг (Ром 12:8). Аюул учруулж мэдэх бүхнээс, тухайлбал хорон санаатай этгээдүүдээс хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг учраас хурал маань амар тайван байдаг (Ис. 32:2; Тит 1:9–11). Дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог ахлагчдыг хараад хурлынхан нь сайн мэдээг сар бүр идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэх урам зоригтой болдог (Евр. 13:15–17). Ехова ахлагчдыг «бэлэг болгон өгч» хурлын эв нэгдлийг улам батжуулдаг (Эф. 4:8, 11, 12).
АХЛАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4 Хурлынхандаа зохих ёсоор санаа тавихын тулд хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүд Бурхны Үгэнд байдаг шаардлагуудыг хангасан байх учиртай. Тэдгээр шаардлагыг хангасан тохиолдолд л Бурхны агуу хүчээр томилогдсон гэж үздэг (Үйлс 20:28). Ахлагчаар үйлчлэх нь туйлын хариуцлагатай үүрэг тул тэдэнд өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ Еховаг зүрхнийхээ угаас хайрладаг, хүсэл тааллыг нь биелүүлэхийг хүсдэг эрчүүдийн хувьд энэ нь хангахын аргагүй хэт өндөр шаардлагууд биш юм. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн Библийн зарчмыг өдөр тутмынхаа амьдралд баримталдаг нь илэрхий харагддаг байх ёстой.
Хурлынхныг зохих ёсоор халамжлахын тулд ахлагчид Библийн шаардлагыг хангах ёстой
5 Ахлагчдад тавигддаг Библийн шаардлагуудыг элч Паул Тимотод бичсэн эхний захидал болон Титэд бичсэн захидалдаа жагсаан бичсэн байдаг. 1 Тимот 3:1–7-д «Хэрэв хүн ахлагч болохыг зорьдог бол сайн ажлыг хүсэж байгаа хэрэг. Ахлагч нь гэм зэмгүй, нэг эхнэртэй, биеэ барьдаг, ухаалаг, эмх журамтай, зочломтгой, заах чадвартай, архичин биш, зодоон хийдэггүй, харин дөлгөөн, хэрүүл хийдэггүй, мөнгөнд дурладаггүй, өрхийн сайн тэргүүн байхын зэрэгцээ дуулгавартай, хүмүүжилтэй үр хүүхэдтэй байх ёстой. (Учир нь өрх гэрээ яаж тэргүүлэхээ мэддэггүй хүн Бурхны хурлыг хэрхэн халамжлах билээ?) Саяхан дагалдагч болсон хүнийг ахлагч болгох ёсгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоон бардамнаж, Диавол шиг шийтгүүлэх вий. Түүнээс гадна, хүнд муу хэлүүлэхгүй, Диаволын урхинд орохгүйн тулд хурлын гишүүн биш хүмүүсийн дунд ч нэр хүндтэй байх ёстой» гэж байдаг.
6 Паул Титэд бичсэн захидалдаа «Чамайг Критэд үлдээсний учир гэвэл алдаа дутагдлыг нь засуулж, өгсөн зааврынхаа дагуу хот болгонд ахлагчдыг томилуулах гэснийх юм. Ахлагч хүн өөрөө гэм зэмгүй, нэг эхнэртэй байх ёстой. Үр хүүхэд нь Бурханд итгэдэг байх ёстой. Харин хүмүүжилгүй, тэрслүү гэсэн муу нэртэй байж болохгүй. Ахлагч нь Бурхны нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо аашилдаггүй, түргэн зангүй, архичин биш, зодоонч биш, эдийн шуналгүй байх ёстой. Харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, Бурхны таалалд нийцүүлдэг, үнэнч, биеэ захирдаг, зааж сургахдаа Бурхны үнэн үгийг чанд баримталдаг байх ёстой. Тэгвэл үнэн зөв сургаалаар бусдыг урамшуулан зоригжуулж ч чадна, зөв сургаалаас гажууд юм ярьдаг хүмүүсийг зэмлэж ч чадна» хэмээн бичжээ (Тит 1:5–9).
7 Ахлагчдад тавигддаг шаардлагыг хангахад эхэндээ амаргүй мэт санагдлаа ч Гэрч эрчүүд бууж өгч болохгүй. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүнд байх ёстой сайхан чанаруудыг илэрхийлдэг бол хурлынхныгаа бас тэдгээр чанарыг илэрхийлэхийг уриалж байна гэсэн үг. Паул «бэлэг» болох ахлагчдын тухай бичихдээ «Ариун хүмүүсийг сургаж, хүмүүст үйлчилж, Христийн биеийг барьж байгуулна. Үүний дүнд бид бүгдээрээ нэг итгэлтэй, Бурхны Хүүгийн тухай зөв мэдлэгтэй, бүх талаараа Христ шиг төлөвшсөн, насанд хүрсэн хүн болно» гэжээ (Эф. 4:8, 12, 13).
8 Насанд хүрээгүй хүүхэд юм уу саяхан дагалдагч болсон хүн ахлагчаар үйлчлэх учиргүй. Ахлагчид гэдэг нь Еховад үйлчлээд туршлага хуримтлуулсан, Библийн мэдлэг сайтай, сургаалыг сайн ойлгодог, хурлын хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс юм. Тэд буруу юм хийсэн хүнийг зоригтойгоор ухааруулж, зөв тийш нь чиглүүлж чаддаг. Ийнхүү хохироож мэдэх аминч хүмүүсээс хурлынхныгаа хамгаалдаг (Ис. 32:2). Ахлагчид Бурхны хонин сүргийг чин сэтгэлээсээ халамжилдаг, төлөвшсөн эрчүүд гэдгээрээ хурлынхандаа танигддаг.
9 Хариуцлагатай үүрэг хүлээх хүнд тавигддаг шаардлагыг хангахыг эрмэлзэж яваа хүн Библийн зөвлөгөөг амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг. Гэр бүлтэй бол гэрлэлтийн талаарх Библийн хэм хэмжээг баримталж, нэг эхнэртэй, өрхийн сайн тэргүүн байх ёстой. Хэрэв Еховад итгэдэг хүүхэдтэй бол хүүхдээ дуулгавартай, хүмүүжилтэй байлгах учиртай. Хүүхэд нь хүмүүжилгүй, тэрслүү гэсэн муу нэртэй бол хурлын хүмүүс тийм ахлагчдаас гэр бүлтэй холбоотой юм уу Гэрч хүний ёсоор амьдрахтай холбоотой зөвлөгөө авна гэж үү? Ахлагч хүн бас гэм зэмгүй, Христийн дагалдагч биш хүмүүсийн дунд ч нэр хүндтэй байх учиртай. Биеэ зохисгүй авч явсан гэж буруутгагдан хурлын нэр хүндийг унагаах учиргүй. Ноцтой нүгэл үйлдэн зэмлэл хүлээгээд удаагүй байгаа хүн ахлагчаар үйлчлэх ёсгүй. Хэрэв ахлагч эдгээр шаардлагыг хангадаггүй бол хурлын хүмүүс түүнээс үлгэр дуурайл авч, удирдлага зааврыг нь дуртайяа даган, тэдэнд итгэж найдна гэж үү? (1 Кор. 11:1; 16:15, 16).
10 Ахлагчдад тавигддаг шаардлагыг хангасан эрчүүд хуралд үйлчлэхдээ эртний Израйлыг удирдаж байсан «мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй» хүмүүстэй төстэй үүрэг гүйцэтгэдэг (Д.хууль 1:13). Ахлагчид төгс бус ч, Бурхны хэм хэмжээг баримталдаг, зөв шударга, Бурхнаас эмээдэг гэдгээрээ хурлынхныхаа болон эргэн тойрныхоо хүмүүсийн дунд танигдсан байх ёстой. Гэм зэмгүй бол хурлынхныхаа өмнө нүүр бардам байна (Ром 3:23).
11 Ахлагчаар үйлчлэх хүн амьдрал ахуйдаа ч, бусадтай харьцахдаа ч биеэ барьдаг байх хэрэгтэй. Мөн аливаад туйлширдаггүй, үргэлж дүн нуруутай байж, биеэ захирдаг байх учиртай. Идэж уухдаа, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ, дур сонирхолтой зүйлээ хийхдээ, амарч зугаацахдаа ч биеэ барих чадвартай нь харагддаг байх ёстой. Согтууруулах ундаа хэрэглэхдээ ч мөн ялгаагүй. Согтуу эсвэл архичин гэж хэлэгдэхээргүй байх ёстой. Согтууруулах ундаанаас хамааралтай болж, эрүүл ухаанаар сэтгэхээ больсон хүн биеэ барих чадваргүй болдог бөгөөд хурлынхныгаа Еховатай дотносоход нь тусалж чадахгүй.
12 Бурхны ард түмнийг анхаарч халамжилдаг хүн эмх журамтай байх шаардлагатай. Энэ нь тухайн хүний гадаад байдал, гэр орон, өдөр тутмын үйл хэргээс нь илт харагддаг. Бас хийх гэж байгаа зүйлээ хойшлуулдаггүй, юуг хэзээ хийхээ сайн төлөвлөдөг. Библийн зарчмыг үргэлж баримталдаг.
13 Дөлгөөн байх нь ахлагчдад байх ёстой нэг чанар юм. Энд гарч байгаа дөлгөөн гэдэг үг нь аливаад наанатай цаанатай хандах гэсэн санааг илэрхийлдэг. Дөлгөөн зантай ахлагч бусад ахлагчтай эвтэй байж, санаа нэгтэй хамтарч ажилладаг. Өөрийнхөө талаар зөв үзэлтэй байж, бусдаас хэтэрхий их юм шаарддаггүй. Бас өөрийнхөөрөө зүтгэдэггүй, өөрийнхөө үзэл бодлыг бусад ахлагчийнхаас илүү зөв гэж боддоггүй. Өөрт нь байдаггүй зан чанар, авьяас чадвар бусад ахлагчид байж болох юм. Библид үндэслэн шийдвэр гаргаж, Есүс Христийн жишээг дагахыг хичээдэг нь дөлгөөн байдгийн бас нэг шинж юм (Флп. 2:2–8). Ахлагчид хэрүүл, зодоон хийдэггүй, харин ч бусдыг зохих ёсоор хүндэлдэг, бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг. Бас дур зоргоороо аашилдаггүй. Өөрийнх нь үзэл бодол, арга барилыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бусдаас шаарддаггүй. Түргэн зантай биш учраас ямар ч хүнтэй сайхан харьцдаг.
14 Мөн ахлагч хүн ухаалаг байдаг. Тийм учраас аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, сайн бодож байж шийдвэр гаргадаг. Еховагийн хууль, зарчмыг сайн ойлгодог, яаж хэрэгжүүлэхийг мэддэг. Ухаалаг хүн зөвлөгөө, удирдамж зааврыг шууд дагадаг. Хоёр нүүр гаргадаггүй.
15 Удирдах үүрэг хүлээдэг хүн сайнд дуртай байх ёстойг Паул Титэд сануулсан байдаг. Бас Бурхны таалалд нийцүүлдэг, үнэнч байх учиртай. Эдгээр чанарыг бусадтай харьцахдаа ч, зөв зүйлийн төлөө тууштай зогсохдоо ч тусган харуулдаг. Ямар ч үед Еховад чин үнэнч байж, Библийн зарчмыг тууштай баримталдаг. Бас нууцыг чандлан хадгалдаг. Түүнээс гадна зочломтгой байж, бусдын сайн сайхны төлөө цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө дуртайяа зориулдаг байх нь ахлагч хүнд байх ёстой чухал чанар юм (Үйлс 20:33–35).
16 Заах чадвартай байх нь ахлагчаар үр бүтээлтэй үйлчлэхэд туйлын чухал. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн «зааж сургахдаа Бурхны үнэн үгийг чанд баримталдаг байх ёстой. Тэгвэл үнэн зөв сургаалаар бусдыг урамшуулан зоригжуулж ч чадна, зөв сургаалаас гажууд юм ярьдаг хүмүүсийг зэмлэж ч чадна» хэмээн Паул Титэд бичжээ (Тит 1:9). Ахлагч хүн эргэцүүлэн бодуулж, баримт нотолгоо ашиглаж, эсэргүүцсэн хүний арга эвийг олдог байх хэрэгтэй. Мөн бусдыг итгүүлэн үнэмшүүлж, итгэлийг нь батжуулахын тулд Библийг ашигладаг байх шаардлагатай. Ийнхүү ахлагчид «тайван цагт ч, хэцүү цагт ч» чадварлаг заадаг байх учиртай (2 Тим. 4:2). Алдаа гаргасан хүнийг дөлгөөн байдлаар засаж залруулахад, эргэлзэж буй нэгэнд эргэлзэхээ больж сайныг үйлдэхэд нь туслахад тэвчээр хэрэгтэй. Хувь хүнд төдийгүй олон хүний өмнө заах чадвартай байвал ахлагч хүний хангавал зохих чухал шаардлагыг биелүүлж байна гэсэн үг.
17 Дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцох нь ахлагч хүний хувьд маш чухал. Сайн мэдээ тунхаглахыг амьдралынхаа эн тэргүүнд тавьж байсан Есүсийн жишээг дуурайдгаа дэлгэрүүлэх ажлаараа батлах учиртай. Есүс шавь нартаа санаа тавьж, үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд нь тусалдаг байсан (Марк 1:38; Лук 8:1). Ахлагчид хэчнээн завгүй байлаа ч дэлгэрүүлэх ажилд оролцохыг чухалд үздэг бол хурлын бүх дэлгэрүүлэгч тэднийг дуурайн идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг болно. Гэр бүлийнхэнтэйгээ төдийгүй хурлынхантайгаа дэлгэрүүлдэг бол нэг нэгнийхээ «итгэлээр урамшин зоригжино» (Ром 1:11, 12).
18 Ахлагчаар үйлчлэхийг эрмэлздэг хүнд эдгээр шаардлагыг хангахад амаргүй мэт санагдаж болох юм. Библид байдаг энэ бүх шаардлагыг нэг ч ахлагч төгс биелүүлж чадахгүй нь лавтай. Нөгөө талаас ноцтой дутагдал гэж тооцогдох хэмжээнд аль нэг шаардлагыг биелүүлдэггүй байж болохгүй. Мэдээж зарим ахлагч бусдаасаа илүү онцгой чадвар, зан чанартай байдаг ч өөр ахлагч түүнээс зарим нэг талаараа давуу байх нь бий. Ийнхүү ахлагчдын зөвлөл бие биеийнхээ дутууг нөхдөг учраас Бурхны хонин сүргийг анхаарч халамжлахад зайлшгүй шаардлагатай бүх зан чанарыг илэрхийлж чаддаг.
19 Ахлагчдын зөвлөл хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүнийг нэр дэвшүүлэхдээ элч Паулын зөвлөгөөг дагадаг. Паул: «Би та бүхэнд үүнийг хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод. Харин та нарын хүн нэг бүрд Бурхны өгсөн итгэлийн дагуу ухаалаг бай» гэжээ (Ром 12:3). Тиймээс ахлагчид даруу байх ёстой. Тухайн хүний шаардлага хангаж буй эсэхийг ярилцахдаа «хэт шударга байх» учиргүй (Ном. 7:16). Ахлагчдад тавигддаг Библийн шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Нэр дэвшүүлэхдээ төгс бус гэдгийг нь харгалзан үзэж, нүүр тал харах, хоёр нүүр гаргах явдлаас зайлсхийх хэрэгтэй. Харин Еховагийн тогтоосон шударга хэм хэмжээг сахиж, хурлынхаа сайн сайхныг бодох нь нэн чухал. Нэр дэвшүүлэх эсэхээ шийдэхдээ залбирч байгаад нухацтай бодож, Еховагийн агуу хүчний удирдамж зааврыг дагах учиртай. Ахлагчаар үйлчлэх хүнийг нэр дэвшүүлэх нь маш хариуцлагатай үүрэг тул «Хэн дээр ч яаран гараа бүү тавь» гэсэн Паулын зөвлөгөөг дагаарай (1 Тим. 5:21, 22).
БУРХНЫ АГУУ ХҮЧНИЙ НӨЛӨӨГӨӨР БИЙ БОЛДОГ ЗАН ЧАНАР
20 Хариуцлагатай үүрэг хүлээх шаардлага хангасан эрчүүд Бурхны агуу хүчээр удирдуулдаг нь тодорхой байдаг бөгөөд үүний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлдэг. Паул эдгээр зан чанарыг «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих» хэмээн тодорхойлжээ (Гал. 5:22, 23). Эдгээр чанарыг өөртөө төлөвшүүлсэн ахлагчид итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, хурлынхныгаа Еховад эв нэгдэлтэй үйлчлэхэд нь хувь нэмрээ оруулдаг. Ахлагчид биеэ үлгэр жишээ авч яван, нөр их хөдөлмөрлөдөг нь Бурхны агуу хүчээр томилогдсоны баталгаа юм (Үйлс 20:28).
ЭВ НЭГДЛИЙГ БАТЖУУЛДАГ ЭРЧҮҮД
21 Ахлагчид хурлын эв нэгдлийг батжуулахын тулд хамтран ажилладаг байх нь чухал. Тэд өөр өөр зан чанартай ч эв нэгдэлтэй үйлчилдэг. Аливаа асуудлыг шийдэхдээ санал нийлэхгүй байлаа ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж, анхааралтай сонсдог. Библийн зарчимтай зөрчилдөхгүй л бол уян хатан байж, ахлагчдын зөвлөлийн гаргасан эцсийн шийдвэрийг дэмжих учиртай. Уян хатан байдаг нь «дээрээс ирдэг мэргэн ухаанаар» удирдуулдгийн шинж юм. Тийм хүн «эв эеийг эрхэмлэдэг, зөрж гөждөггүй» (Яак. 3:17, 18). Ахлагчдын хэн нь ч өөрийгөө бусдаасаа илүү дээр гэж үзэх учиргүй, мөн бусдыгаа захирах учиргүй. Хэрэв хурлынхаа сайн сайхны төлөө нэг бие мэт зүтгэдэг бол Еховатай хамтран ажиллаж байна гэсэн үг (1 Кор. 12:1–31; Кол. 2:19).
«ЗОРЬДОГ» БАЙХ ХЭРЭГТЭЙ
22 Төлөвшсөн Гэрч эрчүүд ахлагч болохыг эрмэлздэг байх хэрэгтэй (1 Тим. 3:1). Ахлагч хүн нөр их хөдөлмөрлөж, эрх ашгаа хойш тавьдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл итгэл нэгтнүүддээ хэрэгтэй үед нь ойр байж, Еховатай дотно болоход нь туслахад ямагт бэлэн байдаг. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг зорино гэдэг нь Библид байдаг шаардлагуудыг хангахын төлөө өөрийгөө бүрэн дайчилна гэсэн үг.
НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХӨД
23 Олон жил үнэнчээр үйлчилсэн Гэрч эрэгтэй өвчин хууч тусах юм уу өмнө нь хийдэг байсан зүйлээ хийж чадахаа больж мэднэ. Жишээ нь, нас өндөр болоод ахлагчийн үүргээ биелүүлэх боломжгүй болж магадгүй. Хэдий тийм ч ахлагчийн томилолт нь хэвээрээ тул хурлынхан нь түүнийг ахлагч гэж үзэн хүндэтгэх учиртай. Боломж бололцоо нь хязгаарлагдсан ч гэлээ ахлагч байхаа болих шаардлагагүй. Бас сүргийг хариулахын тулд авьяас чадвараа бүрэн дайчилж, нөр их хөдөлмөрлөдөг бүх ахлагчийн адилаар хоёр дахин их хүндэтгэл хүлээх зохистой.
24 Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод ахлагчийн үүргээ биелүүлэх боломжгүй гэж өөрөө үзсэн бол ахлагчаар үйлчлэхээ больж болох юм (1 Петр 5:2). Ахлагчаар үйлчлэхээ больсон ч хурлынхныхаа төлөө ихийг хийх чадвартай тул хурлын хүмүүс түүнийг хүндлэх учиртай.
ХУРАЛД АХЛАГЧДЫН ХҮЛЭЭДЭГ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
25 Ахлагчид хуралд янз бүрийн үүрэг хүлээдэг. Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч, нарийн бичиг, үйлчлэл хариуцагч, «Харуулын цамхаг» судлалын хөтлөгч, «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-ы хариуцагч гэх мэт. Бас ихэнх ахлагч бүлэг хариуцдаг. Эдгээр үүргийг төдий хугацаанд гүйцэтгэнэ гэсэн дүрэм журам байдаггүй. Хэрэв ахлагч өөр хурал руу нүүх юм уу эрүүл мэндийн шалтгаанаас болоод үүргээ биелүүлэх боломжгүй болох, аль эсвэл ахлагчдад тавигддаг шаардлагыг хангахаа больсон бол өөр ахлагчид үүргийг нь шилжүүлэх нь зүйн хэрэг. Зарим хурал цөөхөн ахлагчтай байдаг. Тийм тохиолдолд өөр эрчүүдийг ахлагч болох шаардлага хангах хүртэл нэг ахлагч олон үүргийг зэрэг биелүүлэх шаардлагатай болж мэдэх юм.
26 Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч ахлагчдын уулзалтыг удирдан явуулдаг. Тэрээр даруу байж, Бурхны сүргийг хариулдаг бусад ахлагчтай хамтран ажилладаг (Ром 12:10; 1 Петр 5:2, 3). Бас зохион байгуулах чадвартай, хичээл зүтгэлтэй удирддаг байх ёстой (Ром 12:8).
27 Хурлын тайланг нарийн бичиг хариуцаж, чухал мэдээллийг ахлагчдад дамжуулдаг. Шаардлагатай бол, өөр ахлагч юм уу туслах үйлчлэгчийг туслагчаар томилж болно.
28 Үйлчлэл хариуцагч нь дэлгэрүүлэх ажлын цуглаан болон дэлгэрүүлэхтэй холбоотой бусад ажлыг хариуцдаг. Хурлынхаа дэлгэрүүлэх ажлын бүх бүлэгт тогтмол эргэлт хийх хуваарь гаргадаг. Сар бүрийн амралтын аль нэг өдөр нэг бүлэгт эргэлт хийдэг. Хэрэв дэлгэрүүлэх ажлын бүлэг цөөхөн бол жилд хоёр удаа эргэлт хийж болох юм. Эргэлт хийх үедээ дэлгэрүүлэх ажлын цуглааныг хөтөлж, бүлгийн хүмүүстэй хамт дэлгэрүүлж, давтан уулзалт юм уу Библийн хичээлээ үр өгөөжтэй хийхэд нь тусалдаг.
БҮЛЭГ ХАРИУЦАГЧ
29 Бүлэг хариуцах нь нэг онцгой завшаан юм. Бүлэг хариуцагч нь: 1) Тухайн бүлэгт буй хүн нэг бүрийн Еховатай тогтоосон харьцааг анхаарах; 2) Бүлгийнхээ хүмүүсийг тогтмол, үр өгөөжтэй, баяр хөөртэй дэлгэрүүлэхэд нь туслах; 3) Бүлгийнхээ туслах үйлчлэгчдийг хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь тусалж, зааж сургах үүрэгтэй. Энэ бүх үүргийг хамгийн сайн биелүүлж чадах эрчүүдийг ахлагчдын зөвлөл бүлэг хариуцагчаар томилдог.
30 Дээрх үүргийг бодож үзвэл, аль болох ахлагч хүн дэлгэрүүлэх ажлын бүлгийг хариуцах учиртай. Эсвэл хэн нэг ахлагч хариуцах боломжтой болтол чадвартай туслах үйлчлэгчээр бүлгийг хариуцуулж болдог. Энэ тохиолдолд, хуралд ахлагчийн үүргийг гүйцэтгэдэггүй тул түүнийг бүлэг хариуцсан туслах үйлчлэгч гэж хэлэх нь зүйтэй. Тэрээр ахлагчдын удирдлага дор бүлгийг хариуцах ёстой.
31 Бүлэг хариуцагчийн хийх ёстой чухал ажил бол дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцох юм. Тогтмол, идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй дэлгэрүүлдэг бол бүлгийнхээ хүмүүсийн урам зоригийг бадраана. Дэлгэрүүлэгчдийн хувьд бүлгээрээ цуглавал бие биедээ тусалж, нэг нэгнээ урамшуулах боломжтой тул дэлгэрүүлэх ажлын хуваариа бүлгийнхээ ихэнх хүний боломж бололцоонд тохируулан гаргах нь сайн (Лук 10:1–16). Бас бүлэг хариуцагч дэлгэрүүлэх хэсэг хангалттай байгаа эсэхийг үргэлж шалгах шаардлагатай. Түүнээс гадна дэлгэрүүлэх ажлын цуглааныг хөтөлж, дэлгэрүүлэгчдийг хуваарилдаг. Дэлгэрүүлэх ажлын цуглаанд ирж чадахгүй бол өөр ахлагч юм уу туслах үйлчлэгчид хариуцуулах нь зүйтэй. Ахлагч юм уу туслах үйлчлэгч байхгүй бол туршлагатай дэлгэрүүлэгчид хариуцуулж, яаж хөтлөх талаар тодорхой удирдамж заавар өгөх нь чухал.
32 Бүлэг хариуцагч нь үйлчлэл хариуцагчийн эргэлтийн үеэр төлөвлөгөө гаргаж түүнийгээ бүлгийнхэндээ урьдчилан мэдүүлэх үүрэгтэй. Бас идэвхтэй оролцож, үйлчлэл хариуцагчаас урам зориг авахыг уриалах нь чухал. Бүлгийнхээ бүх хүнд мэдэгдвэл тэд энэ арга хэмжээг идэвхтэй дэмжинэ.
33 Дэлгэрүүлэх ажлын бүлэг болгон цөөн дэлгэрүүлэгчтэй байдаг нь цаанаа учиртай. Бүлэг хариуцагч бүлгийнхээ хүн нэг бүртэй сайн танилцах зорилготой юм. Хайр халамжтай хоньчныхоо хувьд бүлгийнхээ бүх дэлгэрүүлэгчийг анхаарч, санаа тавьдаг. Бас дэлгэрүүлэх ажил болон цуглаанд идэвхтэй оролцоход нь тэдэндээ тусалж, урамшуулан зоригжуулдаг. Түүнээс гадна бүлгийнхнийгээ Еховатай үргэлж дотно байхад нь туслахын тулд шаардлагатай бүхнийг хийхийг хичээдэг. Бие нь өвдсөн юм уу гуньж гутарсан нэгнийгээ эргэж тойрдог. Урмын үг хэлэх эсвэл цагаа олсон зөвлөгөө өгөхөд зарим хүн хуралд нэмэлт үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлтэй болж мэднэ. Ийнхүү урам зориг орсон нэг нь итгэл нэгтнүүддээ түшиг тулгуур болдог. Бүлэг хариуцагч бүлгийнхээ хүмүүст туслахыг гол зорилгоо болгох нь ойлгомжтой. Гэхдээ ахлагч, хоньчныхоо хувьд хурлынхаа бүх хүнд санаа тавьж, тус дэм хэрэгтэй нэгэндээ тусламжийн гараа сунгадаг (Үйлс 20:17, 28).
34 Бүлгийнхээ бүх дэлгэрүүлэгчийн дэлгэрүүлэх ажлын тайланг цуглуулах нь бүлэг хариуцагчийн бас нэг үүрэг юм. Тайланг нарийн бичигт өгдөг. Дэлгэрүүлэгчид дэлгэрүүлэх ажлын тайлангаа цагт нь өгдөг бол бүлгийнхээ хариуцагчийг дэмжиж байгаа хэрэг юм. Тайланг сар бүрийн эцэст бүлэг хариуцагчид өгдөг. Эсвэл цуглааны танхимд дэлгэрүүлэх ажлын тайлан хийхэд зориулсан хайрцаг байдаг бол тэнд хийж болдог.
ХУРЛЫН ҮЙЛЧЛЭЛИЙН ХОРОО
35 Энэ хороо нь ахлагчдын зөвлөлийн зохицуулагч, нарийн бичиг, үйлчлэл хариуцагчаас бүрддэг бөгөөд зарим нэг үүрэг хүлээдэг. Жишээ нь цуглааны танхимд хурим хийх, оршуулгын илтгэл тавих зөвшөөрөл олгохоос гадна дэлгэрүүлэх ажлын бүлгийн дэлгэрүүлэгчдийг хуваарилдаг. Үйлчлэлээ өргөжүүлэх хүсэлтэй хүмүүсийг болон байнгын юм уу туслах эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй хүмүүсийн анкетыг хүлээж авдаг. Үйлчлэлийн хороо ахлагчдын зөвлөлийн удирдлага дор ажилладаг.
36 Салбараас үйлчлэлийн хорооны ах нарт, мөн «Харуулын цамхаг» судлал болон «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-ы хариуцагч, бусад ахлагчид ажлаа хэрхэн гүйцэтгэх тухай тодорхой заавар зөвлөгөө өгдөг.
37 Хурал болгоны ахлагчдын зөвлөл тогтмол хуралдаж, ахиц дэвшил гаргахад нь хурлынхандаа хэрхэн туслахыг ярилцдаг. Уг уулзалтыг дүүрэг хариуцагчийн эргэлтийн үеэр, мөн эргэлтээс хойш гурван сарын дараа дахин хийдэг. Үүнээс гадна шаардлага гарвал хэзээ ч хуралдаж болно.
ЗАХИРАГДАГТУН
38 Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс төгс бус. Гэхдээ Ехова тэднийг томилсон учир хурлын бүх хүнийг тэдэнд захирагдаасай гэж хүсдэг. Ахлагчид хийж бүтээсэн зүйлээ Еховад тайлагнана. Тэд Еховаг төлөөлдөг бөгөөд Ехова тэднээр дамжуулж удирдамж заавар өгдөг. Еврей 13:17-д «Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай байж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд та нарыг үргэлж анхаарч байдаг бөгөөд үүнийхээ тайланг Бурханд өгнө. Тэдэнд захирагдаж, дуулгавартай байвал тэд үүргээ баяртайгаар, санаа алдалгүйгээр биелүүлэх юм. Харин санаа алдвал та нарт л муу» гэж байдаг. Ехова хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг агуу хүчээрээ томилсон шигээ эрхийг нь хасахдаа ч агуу хүчээ ашигладаг. Хэрэв ахлагч агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлэхээ болих юм уу Библийн шаардлагыг хангахаа больсон бол ахлагчаар үйлчлэх эрхгүй болдог.
39 Нөр их хөдөлмөрлөж, үлгэр дуурайл үзүүлдэг ахлагчдад та талархдаг биз ээ. Паул Тесалоникийн итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «Ах дүү нар аа, та нараас үүнийг хүсье. Та нартай мөр зэрэгцэн нөр их хөдөлмөрлөдөг, Эзний дагалдагч та нарыг удирддаг, заавар зөвлөгөө өгдөг хүмүүсийг хүндлээрэй. Ажил хөдөлмөрийг нь үнэлж, ихэд хүндлэн хайрлаж яваарай. Бие биетэйгээ эвтэй байгаарай» хэмээн уриалжээ (1 Тес. 5:12, 13). Ахлагчид нөр их хөдөлмөрлөдгийн үрээр бид Ехова Бурхандаа амар тайван, баяр хөөртэй үйлчилдэг. Хурлынхан ахлагчдад хэрхэн хандах талаар элч Паул бас Тимотод бичсэн эхний захидалдаа дурджээ. Тэрээр: «Сайн удирддаг, ялангуяа, Бурхны үгийг ярих, заах ажлыг шамдан хийдэг ахлагчдыг гүнээ хүндэтгэх хэрэгтэй» хэмээн бичжээ (1 Тим. 5:17).
БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭХ БУСАД ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРЭГ
40 Өвчтөнд туслах бүлэг гэж байдаг. Энэ бүлэгт зарим ахлагч үйлчилдэг. Бас Эмнэлэгтэй хамтран ажиллах хороонд үйлчилдэг ахлагчид бий. Тэд итгэл нэгтнүүдийнхээ төлөө эмнэлэгт очиж эмч нартай уулзан, цусгүй эмчилгээний аргуудын талаар ярилцдаг. Бас эдгээр аргуудыг хэрэглэж үзэхийг уриалдаг. Зарим ахлагч Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд цуглаан болон чуулганы танхим барих ажилд оролцох юм уу чуулганы хорооны гишүүнээр үйлчилдэг. Шаргуу хөдөлмөрлөж, Еховагийн төлөө өөрсдийгөө дуртайяа зориулдаг тэдэнд итгэл нэгтнүүд нь гүнээ талархдаг. Бид тэднийгээ чин сэтгэлээсээ «хүндэлдэг» (Флп. 2:29).
ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧ
41 Удирдах Зөвлөл шаардлага хангасан ахлагчдыг дүүрэг хариуцагчаар томилдог. Дүүрэг хариуцагч салбараас томилолт авч, нэг дүүрэгт харьяалагддаг хэд хэдэн хурлыг ер нь жилд хоёр удаа эргэж тойрдог. Бас алслагдсан хэсэгт үйлчилдэг эхлэгчид дээр үе үе очиж урамшуулдаг. Дүүрэг хариуцагчид эргэлт хийх хуваариа гаргаж хурлуудад урьдчилан мэдэгддэг. Ингэснээр хурлынханд бэлдэх хангалттай цаг гардаг учир дүүрэг хариуцагчийн эргэлтээс маш их ач тус хүртдэг.
42 Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч хурлынхаа хүн нэг бүрийн итгэлийг батжуулахын тулд дүүрэг хариуцагчийн эргэлтэд бэлдэх ажлыг удирдан зохион байгуулдаг (Ром 1:11, 12). Дүүрэг хариуцагч болон (гэрлэсэн бол) эхнэрийнх нь төлөвлөгөө, хувийн мэдээллийг ахлагчдын зөвлөлийн зохицуулагч авмагцаа бусад ах нартай ярилцаж, байлгах айл, өөр шаардлагатай зүйлсийг бэлдэх ажлыг зохицуулдаг. Эргэлттэй холбоотой мэдээллийг дүүрэг хариуцагч болон хурлынхандаа мэдэгддэг.
43 Дүүрэг хариуцагч цуглаан болон дэлгэрүүлэх ажлын цуглааны хуваарийг ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаас авдаг. Эдгээр хуваарийг гаргахдаа дүүрэг хариуцагчийн саналыг харгалзан үзэхээс гадна салбараас ирсэн заавар дээр үндэслэдэг. Цуглаан, дэлгэрүүлэх ажил, эхлэгчидтэй болон ахлагч, туслах үйлчлэгчидтэй хийх уулзалт хэзээ хаана болохыг хурлын бүх хүн урьдчилан мэдсэн байх хэрэгтэй.
44 Мягмар гаргийн үдээс хойш «Хурлын дэлгэрүүлэгчийн мэдээлэл», хурлын ирц, дэлгэрүүлэх хэсэг, санхүүгийн тайлантай танилцдаг. Үүгээр хурлын хэрэгцээ шаардлага болон тайлан гаргадаг эрчүүдэд хэрхэн туслахаа мэдэж авдаг. Эдгээр тайланг дүүрэг хариуцагчид урьдчилан өгөх ажлыг ахлагчдын зөвлөлийн зохицуулагч хариуцдаг.
45 Дүүрэг хариуцагч эргэлтийнхээ үеэр итгэл нэгтнүүдтэйгээ ярилцах цаг зав гаргадаг. Жишээ нь цуглаан дээр, дэлгэрүүлэхдээ, хоол идэж байхдаа эсвэл өөр үед ярилцдаг. Түүнээс гадна Бурхны сүргийг хариулах үүргээ биелүүлэхэд нь тус болохын тулд ахлагч юм уу туслах үйлчлэгчидтэй уулзан Библиэс зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцан, урамшуулан зоригжуулдаг (Сур. 27:23; Үйлс 20:26–32; 1 Тим. 4:11–16). Эхлэгчидтэй бас уулзан санаа тавьдаг. Дэлгэрүүлэхэд тулгардаг янз бүрийн бэрхшээлийг давахад нь тусалж, урам зоригийг нь бадраадаг.
46 Хэрэв хуралд шийдэх хэрэгтэй асуудлууд байгаа бол тэдгээрийг шийдэхэд нь дүүрэг хариуцагч эргэлтийнхээ үеэр аль чадахаараа тусална. Уг асуудлыг эргэлтийн үеэр шийдэж амжихгүй бол ахлагч юм уу тухайн хэрэгт холбоотой хүмүүст хэрэг болох зарчмыг Библиэс судлахад нь туслан удирдамж заавар өгөх нь чухал. Хэрэв салбар тухайн асуудалтай холбоотой ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байвал дүүрэг хариуцагч болон ахлагчид тухайн асуудлын талаар салбарт дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй.
47 Хуралд эргэлт хийж байх үедээ дүүрэг хариуцагч тухайн хурлынхаа цуглаанд суудаг. Заримдаа салбараас ирсэн зааврын дагуу цуглаан явуулах хуваарь юм уу хөтөлбөр өөрчлөгдөж болох юм. Дүүрэг хариуцагч хурлын хүмүүсийг урамшуулан зоригжуулах, Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэл төрүүлэх, зааж сургах, итгэлийг нь бэхжүүлэх зорилгоор илтгэл тавьдаг. Еховаг, Есүсийг, байгууллагыг улам их хайрладаг болоход нь хурлынханд туслахыг зорьдог.
48 Дүүрэг хариуцагчийн эргэлтийн нэг зорилго бол хурлын хүмүүсийн дэлгэрүүлэх идэвх зүтгэл, урам зоригийг бадрааж, үр өгөөжтэй дэлгэрүүлэх аргуудыг зааж өгөх юм. Эргэлтийн үеэр ажил төрлөө зохицуулан дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож, бүр туслах эхлэгчээр үйлчлэх хүн хуралд олон байж болох юм. Дүүрэг хариуцагч юм уу эхнэртэй нь дэлгэрүүлэхийг хүссэн хүн тэдэнтэй тохирч болно. Давтан уулзалт юм уу Библийн хичээлдээ тэдэнтэй хамт явах нь их үр өгөөжтэй байдаг. Дүүрэг хариуцагчийн эргэлтийг аль чадахаараа дэмжвэл та хуралдаа жинтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг (Сур. 27:17).
49 Жилд хоёр удаа дүүргийн чуулган болдог. Дүүрэг хариуцагч тухайн хариуцсан дүүргийнхээ эдгээр чуулганыг ахалдаг. Бас чуулган хариуцагч болон хариуцагчийн туслагчийг томилдог. Тэд дүүрэг хариуцагчтай хамтран ажиллаж, дүүргийн чуулганы зохион байгуулалтын бүтцийг гаргадаг. Тэдний ачаар дүүрэг хариуцагч бусад зүйлд санаа зоволгүй чуулганы хөтөлбөрт гол анхаарлаа хандуулдаг. Дүүрэг хариуцагч бас янз бүрийн хэлтсийг хариуцах туршлагатай эрчүүдийг томилдог. Түүнээс гадна чуулган бүрийн дараа дүүргийн санхүүгийн тайланг шалгадаг. Дүүргийн чуулганд жилд нэг удаа салбарын төлөөлөгч зочин илтгэгчээр ирдэг. Чуулганы танхим хэтэрхий хол эсвэл жижиг бол зарим дүүргүүд хэсэг болж хуваагдан тус тусдаа чуулганаа хийдэг.
50 Дүүрэг хариуцагч дэлгэрүүлэх ажлын тайлангаа сарын эцэст салбар луу явуулдаг. Хэрэв унаа, байр, хоол болон зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг эргэлт хийж буй хурлаас хангаж өгөх боломжгүй бол салбарт мэдэгдэж болох юм. Еховагийн Хаант төрийг эн тэргүүнд тавивал хэрэгтэй зүйлээр дутаахгүй гэсэн Есүсийн амлалтад явуулын ажил хийдэг ахлагчид бат итгэдэг (Лук 12:31). Хурлынхан өөрсдийнх нь төлөө эрх ашгаа хойш тавьдаг явуулын ахлагчдад зочломтгой зан илэрхийлэх сайхан боломжийг алдалгүй ашигладаг (3 Ёох. 5–8).
САЛБАРЫН ХОРОО
51 Дэлхийн өнцөг булан бүрд Еховагийн Гэрчүүдийн салбарууд байдаг. Салбар болгонд шаардлага хангасан, төлөвшсөн гурав юм уу түүнээс олон эрчүүд Салбарын хорооны гишүүнээр үйлчилдэг. Тэд тухайн улс болон хариуцаж авсан улсынхаа дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг. Нэг гишүүн нь Салбарын хорооны зохицуулагчаар үйлчилдэг.
52 Салбарын хорооны гишүүд салбарынхаа нутаг дэвсгэрт буй бүх хуралтай холбоотой асуудлыг шийддэг. Бас салбарынхаа харьяа нутаг дэвсгэрт Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах ажлыг хариуцдаг. Нутаг дэвсгэрийнхээ хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж хурал эсвэл дүүрэг үүсгэн байгуулах ажлыг зохион байгуулдаг. Түүнээс гадна миссионер, тусгай, байнгын болон туслах эхлэгчдэд санаа тавьдаг. Чуулгануудыг «зохистой, эмх замбараатай» явуулахын тулд ажил үүргийг хуваарилж, зохион байгуулах ажлыг хариуцдаг (1 Кор. 14:40).
53 Салбарын хорооны хариуцдаг зарим улсад Орон нутгийн хороо гэж байдаг. Тухайн улсын үйл ажиллагааг сайн явуулахад уг хороо тус дөхөм болдог. Бетелийн гэр ахуй болон оффисын ажлыг хариуцахаас гадна захидлаар харилцах, тайлан явуулах, дэлгэрүүлэх ажил, цуглаан чуулгантай холбоотой ажлыг хариуцдаг. Орон нутгийн хороо Бурхны Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд салбарын хороотой хамтарч ажилладаг.
54 Удирдах Зөвлөл Салбарын болон Орон нутгийн хорооны гишүүдийг томилдог.
ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
55 Удирдах зөвлөл дэлхий дахинд буй салбар бүрийг тогтмол эргэж тойрох туршлагатай ах нарыг томилдог. Тэднийг төвийн төлөөлөгч гэж нэрлэдэг. Төвийн төлөөлөгчийн айлчлалын гол зорилго нь Бетелийн гэр бүлийнхэнд урам зориг өгч, дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд хамаатай асуудлыг шийдэхэд нь Салбарын хороонд тусалдаг. Мөн тухайн салбарын нутаг дэвсгэрт үйлчилж буй зарим дүүрэг хариуцагчтай, зарим тохиолдолд миссионеруудтай уулздаг. Уулзалтын үеэр тэдэнд юу хэрэгтэй, ямар бэрхшээл тулгардгийг ярилцаж, хамгийн чухал ажил болох Хаант төрийн тухай тунхаглах, шавь бэлдэх ажлыг хийх урам зоригийг нь бадраадаг.
56 Төвийн төлөөлөгч Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажил болон хурлуудын ахиц дэвшлийг маш их анхаардаг. Цаг гарвал алслагдсан орчуулгын оффист очдог. Салбарт айлчлал хийхдээ боломжийнхоо хэрээр Хаант төрийг тунхаглах ажилд оролцдог.
Бид Бурхны хонин сүргийг хариулахаар томилогдсон эрчүүдэд үргэлж захирагддаг бол хурлын Тэргүүн Христ Есүстэй улам дотносно
ХАЙР ХАЛАМЖТАЙ ХОНЬЧИД
57 Нөр их хөдөлмөрлөдөг, хайр халамжтай, төлөвшсөн эрчүүдийн тус дэмийг тоочоод баршгүй. Бид Бурхны хонин сүргийг хариулахаар томилогдсон эрчүүдэд үргэлж захирагддаг бол хурлын Тэргүүн Христ Есүстэй улам дотносно (1 Кор. 16:15–18; Эф. 1:22, 23). Үүний үр дүнд бүх хурал Бурхны агуу хүчээр удирдуулж, дэлхий дахиныг хамарсан дэлгэрүүлэх ажлаа Бурхны Үгэнд буй зааврын дагуу хийдэг (Дуу. 119:105).