Эрхэмлэвэл зохих чанарууд
«Зөвт байдал, сүсэглэл [«Бурханд үнэнч байдал», ШЕ], итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ» (1 ТИМ. 6:11).
1. Хүмүүс юуг эрхэмлэдэг вэ?
ӨНӨӨГИЙН ертөнцөд хүмүүс юуг «эрхэмлэдэг» вэ? Библид бичсэнээр, дэмий хоосон зүйлээр хөөцөлддөг хүн олон байдаг. Зарим хүн эд хөрөнгийг аз жаргалын үндэс гэж итгэдэг учраас «мөнгийг хайрладаг». «Зугаа цэнгэлийг хайрлагч» хүмүүс цагийг зугаатай өнгөрөөж, баясаж цэнгэх, тоглож наадахыг эрхэмлэдэг (2 Тим. 3:2, 4). Хүмүүс тийнхүү эрхэм гэж үзсэн бүхнийхээ төлөө их хүч, цаг зардаг байж болох ч, үнэн чанартаа, «салхины хойноос хөөцөлдөж» байгаа хэрэг ажээ (Ном. 1:14).
2. а) Бурхан зарим христианд эрхэмлэвэл зохих ямар шагнал өгөх вэ? б) Ихэнх христиан ямар ирээдүйтэй вэ?
2 Харин элч Паул юуг эрхэмлэдэг тухайгаа: «Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг» гэж бичжээ (Флп. 3:14). Паул нарын 144000 тослогдсон христиан тэнгэрт амьдрах шагнал авна гэдгийг Библи харуулдаг. Тэд Мянган жилийн засаглалын үед Есүс Христтэй хамт дэлхийг захирна. Эрхэмлэвэл зохих ямар гайхамшигтай шагнал бэ! Харин жинхэнэ христиануудын ихэнх нь өөр шагнал авах юм. Ехова тэдэнд Адам Ева хоёрын алдсан зүйлийг өгөхөө амладаг. Энэ нь диваажин дэлхийд төгс эрүүл, мөнх амьдрах боломж юм (Илч. 7:4, 9; 21:1–4).
3. Бурхныг нигүүлслээ үзүүлсэнд нь талархдагаа харуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
3 Нүгэлт хүн зөв юм хийх гэж хэчнээн хичээсэн ч, өөрийн хүчээр мөнх амьтай болж чадахгүй (Ис. 64:6). Харин хүн төрөлхтнийг аврахын тулд хайрын үүднээс авсан Бурхны арга хэмжээ буюу Есүс Христийн золиосонд итгэсэн цагт л мөнх амьтай болох юм. Бурхныг тийнхүү нигүүлслээ үзүүлсэнд нь талархдагаа харуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, «Зөвт байдал, сүсэглэл [«Бурханд үнэнч байдал», ШЕ], итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ» гэсэн тушаалыг дагах хэрэгтэй (1 Тим. 6:11). Эдгээр зан чанарыг «улам илүү» «эрхэмлэх» хүсэлтэй болохын тулд нэг нэгээр нь ярилцъя (1 Тес. 4:1).
«Зөвт байдлыг эрхэмлэ»
4. «Зөвт байдлыг» эрхэмлэх нь яагаад амин чухал бэ? Эхлээд ямар ямар алхам хийх ёстой вэ?
4 Элч Паул Тимотод бичсэн хоёр захидалдаа эрхэмлэвэл зохих зан чанарыг тоочихдоо «зөвт байдлыг» хамгийн эхэнд дурджээ (1 Тим. 6:11; 2 Тим. 2:22). Зөвт байдлыг эрхэмлэхийг Библийн бусад хэсэгт ч нэг бус удаа уриалсан байдаг (Сур. 15:9; 21:21; Ис. 51:1). Зөвт байдлыг эрхэмлэхийн тулд, юуны өмнө, «цорын ганц үнэн Бурхан... болон [Бурхны] илгээсэн Есүс Христийг мэдэх» хэрэгтэй (Иох. 17:3). Тэгээд урьд хийж байсан нүглээ гэмшиж, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээр «эргэх» учиртай (Үйлс 3:19).
5. Бурхны өмнө зөвт байхын тулд яах ёстой вэ?
5 Зөвт байдлыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг олон сая хүн Еховад өөрсдийгөө зориулан, түүнийгээ олон нийтэд харуулж, баптисм хүртдэг. Та баптисм хүртсэн христиан бол зөвт байдлыг эрхэмлэдгээ амьдралынхаа хэв маягаар харуулах ёстойгоо ухамсарладаг уу? Зөвт байдлыг эрхэмлэх нэг арга бол ямар нэг шийдвэр гаргахдаа Библид үндэслэн «сайн мууг» ялгаж чаддаг байх явдал юм (Еврей 5:14-ийг уншина уу). Жишээ нь, зөвт байдлыг эрхэмлэдэг, гэрлэх насанд хүрсэн ганц бие христиан баптисм хүртээгүй хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй. Тийм биз дээ? (1 Кор. 7:39).
6. Зөвт байдлыг жинхэнэ ёсоор эрхэмлэх нь юутай холбоотой вэ?
6 Зөвт байна гэдэг нь өөрийгөө зөвт гэж үзэх юм уу «хэт шударга байхаас» өөр ойлголт юм (Ном. 7:16). Бусдаас илүү болж харагдахын тулд зөвт хүний дүр эсгэхгүй байхыг Есүс анхааруулсан (Мат. 6:1). Зөвт байдлыг жинхэнэ ёсоор эрхэмлэх нь зүрх сэтгэлтэй холбоотой бөгөөд зөвт хүн ухаан бодол, аливаад хандах хандлага, хүсэл эрмэлзэл, сэтгэл санаагаа зөв зүг рүү залж чиглүүлж байдаг. Тийм хүн ноцтой нүгэл үйлдэхгүй нь лавтай (Сургаалт үгс 4:23-ыг уншина уу; Иаков 1:14, 15-тай харьцуулна уу). Түүнээс гадна, Еховагийн ивээлийг хүртэж, христиан хүнд хэрэгтэй бусад чанарыг хөгжүүлж чадна.
«Бурханд үнэнч байдлыг эрхэмлэ»
7. «Бурханд үнэнч байдал» гэж юу вэ?
7 «Бурханд үнэнч байдал» гэж орчуулсан грек үгийг Библийн нэгэн тольд «Бурхнаас эмээх сэтгэлийг ихэд нандигнаж, тэр сэтгэлээ алдахгүйн тулд болгоомжлох явдал» гэж тодорхойлжээ. Түүнчлэн, Бурханд хамаг бүхнээ зориулж, үнэнч байхыг хэлдэг. Эртний израильчууд Бурханд тийн үнэнч байж чадаагүй. Тэр байтугай, Ехова өөрсдийг нь Египетээс чөлөөлсний дараа ч тэд дуулгаваргүй загнаж байсан.
8. а) Адам нүгэл үйлдсэнээс болж ямар асуулт гарч ирсэн бэ? б) Тэр асуултын хариу буюу «нууц» хэрхэн илчлэгдсэн бэ?
8 Төгс хүн Адамыг нүгэл үйлдсэнээс хойш «Бурханд туйлын үнэнч байж чадах хүн байна уу?» гэсэн асуулт олон зууны туршид нээлттэй байсан. Олон мянган жил өнгөрөхөд нүгэлт хүмүүсийн нэг нь ч Бурханд туйлын үнэнч гэдгээ батлан харуулж чадаагүй юм. Гэхдээ Ехова товлосон цагтаа «нууцаа» илчилж, дээрх асуултын хариуг тодорхой болгосон. Цорын ганц тэнгэрийн Хүүгээ төгс хүн болгон төрүүлэхийн тулд амийг нь Мариагийн умайд шилжүүлжээ. Есүс гутамшигтайгаар үхэн үхтэлээ жинхэнэ Бурханд хамаг бүхнээ зориулж, туйлын үнэнч байна гэж юу болохыг харуулсан. Тэрбээр хайртай тэнгэрийн Эцгээ сүслэн биширдэг байсан нь залбирлаас нь харагддаг (Мат. 11:25; Иох. 12:27, 28). Ехова Паулыг онгодоор хөтлөн, Есүсийн амьдралыг «бурханлаг байдал» буюу Бурханд үнэнч байдлын төгс жишээ болсон тухай бичүүлсэн (1 Тимот 3:16-г уншина уу ).
9. Бурханд үнэнч байдлыг яаж эрхэмлэх вэ?
9 Бид нүгэлтэй учраас Бурханд туйлын үнэнч байж чадахгүй ч энэ чанарыг эрхэмлэж чадна. Үүний тулд, Христийн үлдээсэн жишээг сайн дуурайхыг хичээх хэрэгтэй (1 Петр 2:21). Ингэвэл «бурханлаг [«Бурханд үнэнч», ШЕ] байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг» хоёр нүүртнүүд шиг болохгүй (2 Тим. 3:5). Гэхдээ Бурханд жинхэнэ ёсоор үнэнч байх гэдэг нь гадаад байдалтай огт холбоогүй гэсэн үг биш. Жишээ нь, христиан хүн хурим хийхдээ ямар даашинз өмсөж, дэлгүүрт ямар хувцастай очихоо шийдэхдээ «Бурхнаас эмээгч» гэдгээ ямагт харуулах ёстой (1 Тим. 2:9, 10). Бурханд үнэнч байдлыг эрхэмлэхийн тулд Бурхны зөвт хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа сахих учиртай.
«Итгэлийг эрхэмлэ»
10. Итгэлээ бататгахын тулд яах ёстой вэ?
10 Ром 10:17-г уншина уу. Христиан хүн итгэлээ бататгахын тулд Бурхны Үгийн үнэт сургаалыг үргэлж эргэцүүлэн бодох хэрэгтэй. «Итгэмжит, ухаалаг боол» олон сайхан ном хэвлэл бэлтгэн гаргадаг. Түүний нэг нь «Библийн тухай өгүүлдэг миний ном» юм. Энэ номын 84-р өгүүллэгээс хойших хэсэг Христийг илүү сайн мэдэж, дуурайхад туслах зорилготой (Мат. 24:45–47). Түүнчлэн, боолын анги «Христийн [«тухай», ШЕ] үгийг» онцолдог олон цуглаан, чуулган зохион байгуулдаг. Та Бурхны өгдөг бүхэнд «онцгой анхаарал» хандуулж, илүү их ач тус хүртэх ямар нэгэн арга зам хайдаг уу? (Евр. 2:1).
11. Итгэлийг эрхэмлэхэд залбирал болон дуулгавартай байдал ямар үүрэгтэй вэ?
11 Залбирал бол итгэлээ бататгах бас нэг арга юм. Дагалдагчид нь нэгэн удаа Есүсээс: «Итгэлийг маань өсгөөч» гэж гуйжээ. Бид ч бас Бурхнаас даруухнаар тийн гуйх хэрэгтэй (Лук 17:5). Итгэлээ бататгахад Бурхны ариун сүнс тусална. Учир нь итгэл бол «Сүнсний үр жимсний» нэг хэсэг юм (Гал. 5:22). Бас Бурхны тушаалыг дуулгавартай биелүүлдэг бол итгэл бэхэждэг. Жишээлбэл, дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохыг хичээвэл баяр хөөрөөр бялхана. Түүнчлэн, «эхлээд ... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайхад» ямар ивээл хүртэх тухай боддог бол итгэл бэхэжнэ (Мат. 6:33).
«Хайрыг эрхэмлэ»
12, 13. а) Есүс ямар шинэ тушаал өгсөн бэ? б) Христиан хайрыг эрхэмлэх ямар ямар чухал арга байдаг вэ?
12 1 Тимот 5:1, 2-ыг уншина уу. Бие биеэ хэрхэн хайрлах талаар Паул христиануудад ач тустай зөвлөгөө өгчээ. Есүсийн, «бие биеэ хайрла» гэсэн шинэ тушаалыг дуулгавартай биелүүлэх нь Бурханд үнэнч байгаа хэрэг юм (Иох. 13:34). Элч Иохан: «Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр хэрхэн байх билээ?» хэмээн бичжээ (1 Иох. 3:17). Та хайраа хамгийн сүүлд хэзээ үйл хэргээр харуулсан бэ?
13 Хайрыг эрхэмлэх өөр нэг арга бол бусдыг уучлах явдал юм. Бид итгэл нэгтнүүддээ гомдож, юм санах учиргүй (1 Иохан 4:20-ийг уншина уу). Харин «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» хэмээсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй (Кол. 3:13). Энэ зөвлөгөөний дагуу уучилбал зохих хүн танай хуралд бий юү? Та тэр хүнийг уучлах уу?
«Тэвчээрийг эрхэмлэ»
14. Филаделфийн хурлын христиануудаас юунд суралцаж болох вэ?
14 Ойрын зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэх нэг хэрэг. Гэтэл хүрэхэд хэцүү, алсын зорилгын хойноос явах юм уу ямар нэг зүйлийг бодож байснаасаа удаан хүлээх өөр хэрэг. Мөнх амьдрах зорилгыг эрхэмлэхэд тэвчээр зайлшгүй хэрэгтэй нь ойлгомжтой. Эзэн Есүс Филаделфийн хуралд: «Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас... хамгаалах болно» хэмээн хэлжээ (Илч. 3:10). Есүс тэвчээртэй байхыг захисан байна. Энэ чанарын ачаар бид сорилт, хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байж чадна. I зууны Филаделфийн хурлын христианууд итгэлийн янз бүрийн сорилтод орж байсан ч тэвчээрийн сайн жишээ үзүүлсэн нь лавтай. Тийм учраас, Есүс ирээдүйд илүү хүнд сорилттой тулгарахад нь тэдэнд туслахаа амлажээ (Лук 16:10).
15. Есүс тэвчээрийн талаар юу заасан бэ?
15 Дагалдагчдыг нь итгэгч бус хамаатан садан нь болон ертөнцийн хүмүүс үзэн ядна гэдгийг Есүс мэдэж байсан учраас, наад зах нь, хоёр удаа: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» хэмээн хэлж, урмыг нь сэргээсэн (Мат. 10:22; 24:13). Түүнчлэн, тэвчих хүч хаанаас авахыг зааж өгсөн. Тэрбээр нэгэн ёгт үлгэр хэлэхдээ, Бурхны «үгийг баярлан хүлээж авдаг» ч, итгэлийн сорилттой тулгармагцаа бууж өгдөг хүнийг чулуурхаг хөрстэй зүйрлэжээ. Харин Бурхны үгийг «нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгдөг» үнэнч дагалдагчдаа сайн хөрстэй зүйрлэсэн байна (Лук 8:13, 15).
16. Тэвчээртэй байхад юу туслах вэ?
16 Тэвчээртэй байхын нууц нь юу болохыг та анзаарав уу? Бид Бурхны үгийг зүрх сэтгэл, оюун ухаандаа хоногшуулан «нандигнах» ёстой. Библийг өдөр бүр эргэцүүлэн бодвол «тэвчээртэйгээр» үр жимс гаргах хүч авна (Дуу. 1:1, 2).
«Дөлгөөн зан» ба амар тайвныг эрхэмлэ
17. а) «Дөлгөөн зан» яагаад чухал бэ? б) Есүс дөлгөөн зантай хүн байсан нь юунаас харагддаг вэ?
17 Хэлээгүй, хийгээгүй зүйлийнх нь төлөө зэмлэхэд хүн дуртай байхгүй нь мэдээж. Ер нь, хүн хилсээр буруутгахад уурлаж, өөрийгөө өмөөрдөг. Гэхдээ тийм үед ч эелдэг, «дөлгөөн» байх нь туйлын чухал (Сургаалт үгс 15:1-ийг уншина уу). Үндэслэлгүй шүүмжлэлд өртсөн хүн дөлгөөн байхын тулд их хүч гаргах хэрэгтэй болдог. Есүс Христ энэ талаар төгс жишээ үзүүлсэн. «Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» (1 Петр 2:23). Бид яг Есүс шиг байж чадахгүй ч дөлгөөн байхыг чадлынхаа хэрээр хичээж болно биз дээ?
18. а) Дөлгөөн зан ямар сайн талтай вэ? б) Бид өөр ямар чанарыг эрхэмлэх хэрэгтэй вэ?
18 Есүсийг дуурайж, итгэл үнэмшлийнхээ талаар «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» «хариу өгөхөд ямагт бэлэн байцгаая» (1 Петр 3:15). Хэрэв бид ямагт дөлгөөн байдаг бол итгэл нэгтнүүд болон дэлгэрүүлж яваад таарсан хүмүүстэй санал зөрөлдлөө гэхэд, хэрүүл маргаан болгон даамжруулахгүй (2 Тим. 2:24, 25). Дөлгөөн зан амар тайвныг бий болгодог. Тийм ч учраас, Паул Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа эрхэмлэвэл зохих зан чанарыг дурдахдаа «амар тайвныг» оруулсан биз ээ (2 Тим. 2:22; 1 Тимот 6:11-тэй харьцуулна уу). Тэгэхлээр, «амар тайван» бол Сударт тэмдэглэсэн, бидний эрхэмлэвэл зохих бас нэгэн чанар юм (Дуу. 34:14; Евр. 12:14).
19. Христиан хүний эрхэмлэвэл зохих долоон чанарыг авч үзээд танд ямар хүсэл төрсөн бэ? Яагаад?
19 Христиан хүний эрхэмлэвэл зохих зөвт байдал, Бурханд үнэнч байдал, итгэл, хайр, тэвчээр, дөлгөөн зан, амар тайван гэсэн долоон чанарыг товч авч үзлээ. Христиан хүн бүр эдгээр эрхэм чанарыг бүрэн дүүрэн илэрхийлэхийг мэрийдэг бол хурлын уур амьсгал ямар сайхан байх бол оо! Ингэвэл Еховаг хүндэтгэж байгаа хэрэг болох бөгөөд Ехова ч бидэнд өөрийг нь алдаршуулах үүргээ биелүүлэхэд маань тусална.
Эргэцүүлж бодоорой
• Зөвт байдал болон Бурханд үнэнч байдлыг эрхэмлэх гэж яахыг хэлдэг вэ?
• Итгэл болон тэвчээрийг эрхэмлэхэд юу туслах вэ?
• Бие биетэйгээ харьцахад хайр ямар үүрэгтэй вэ?
• Дөлгөөн зан ба амар тайвныг эрхэмлэх хэрэгтэйн учир юу вэ?
[12-р хуудасны зураг]
Есүс, бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд зөвт хүний дүр эсгэхгүй байхыг анхааруулсан
[13-р хуудасны зураг]
Бурхны Үгийн үнэт сургаалыг эргэцүүлэн бодож, итгэлийг эрхэмлэцгээе
[15-р хуудасны зураг]
Хайр болон дөлгөөн занг эрхэмлэцгээе