БҮЛЭГ АРВАН ТАВ
Настай эцэг эхээ хүндлэх нь
1. Эцэг эхийн ачийг хариулж барахгүй гэхийн учир юу вэ? Тиймээс яах хэрэгтэй вэ?
ЭРТ цагт амьдарч байсан нэгэн мэргэн хүн: «Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой» хэмээн захижээ (Сургаалт үгс 23:22). Та энэ хүнтэй санал нийлэх байх. Ер нь, хүн эцэг эхээ хайрлаж хүндэтгэдэг, ачийг нь хариулж барахгүйгээ ухамсарладаг. Хэдийгээр Ехова амийн эх булаг мөн боловч аав ээж маань байгаагүй бол бид энэ дэлхийд байх байсан бил үү. Бид эцэг эхийнхээ ачаар хүн болж төрсөн. Тэдэндээ юу ч өгсөн, амийн үнэ цэнэд хүрэхгүй шүү дээ. Бас нялх балчраас маань өдий хүртэл хайрлан халамжилж өсгөхдөө өөрсдийгөө умартаж, хамаг бүхнээ бидний л төлөө зориулж явсныг нь бод доо. Тиймээс Бурхны Үгэнд «Эцэг эхээ хүндэл. ... Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно» гэж зүгээр нэг бичээгүй юм (Ефес 6:2, 3).
СЭТГЭЛ САНААГ НЬ ОЙЛГОХ НЬ
2. Өсөж том болсон хүүхэд эцэг эхийнхээ «ачийг хариулахын» тулд яах хэрэгтэй вэ?
2 Элч Паул христиануудад «Үр хүүхэд, эсвэл ач гуч... юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралц... Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай» хэмээн бичжээ (1 Тимот 5:4). Өөрийнх нь төлөө хайр халамж, хүч хөдөлмөрөө олон жилийн туршид харамгүй зориулж ирсэн эцэг эх, өвөө эмээдээ талархдаг бол «ачийг нь хариулж» байгаа хэрэг юм. Нас өндөр болсон эцэг эхтэй хүмүүс нэг зүйлийг мартах учиргүй. Юу гэвэл, хөгшин хүн ч бусдын адил хайрлуулж, хүндлүүлэхийг хүсэж явдаг. Үнэндээ, тэдэнд хайр, хүндэтгэл илүү их хэрэгтэй байдаг. Хэрэгтэй хүн гэдгээ, утга учиртай амьдарч яваагаа мэдэхийг хүсдэг.
3. Эцэг эх, өвөө эмээгээ хэрхэн хүндэтгэх вэ?
3 Эцэг эх, өвөө эмээгээ хайраар дутаахгүй байх нь тэднийгээ хүндэлж байгаа хэрэг (1 Коринт 16:14). Тусдаа амьдардаг эцэг эх нь холбоо барьж байгаасай гэж хүсдэгийг хүүхдүүд мартах учиргүй. Сэтгэл сэргээсэн үгтэй захиа бичих, утсаар ярих, гэрт нь очиход настайчууд их баярладаг. Японд амьдардаг 82 настай Миё гэдэг эмэгтэй: «Охин [нөхөр нь явуулын харгалзагчаар үйлчилдэг] минь надад „Ээж ээ, бидэнтэй хамт «аялаарай»“ гэдэг юм. Долоо хоног бүрийн хуваариа, холбоо барих утасны дугаараа явуулдаг. Тийм болохоор би газрын зураг хараад „Одоо хоёр хүүхэд маань энд яваа даа!“ гэж суудаг юм. Ийм сайн хүүхэдтэйдээ Еховад үргэлж талархдаг» гэж ярьжээ.
ХЭРЭГЦЭЭГ НЬ ХАНГАХ НЬ
4. Өндөр настай эцэг эхдээ хүнлэг бус хандахыг иудейн шашны удирдагчид өөгшүүлдэг байсан гэхийн учир юу вэ?
4 Эцэг эхээ хүндэтгэх гэдэгт материаллаг хэрэгцээг хангах нь бас ордог уу? Тийм ээ, ордог. Хэрэв хүн мөнгө төгрөг, эд хөрөнгөө «Бурханд өргөсөн» хэмээвэл эцэг эхээ тэжээж тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөнө гэсэн ёс жаягийг Есүсийн үеийн иудейн шашны удирдагчид мөрддөг байжээ (Матай 15:3–6). Энэ нь ард олонд эцэг эхээ хүндэтгэхгүй байхыг, хар амиа бодож тэднийг үл тоомсорлохыг зааж сургасантай ижил байв. Яасан хүнлэг бус юм бэ! Бид ийм байхыг хэзээ ч хүсэхгүй! (Дэд хууль 27:16).
5. Зарим орны төр засаг өндөр настанд тусламж үзүүлдэг байж болох ч эцэг эхээ хүндэтгэн мөнгө төгрөгөөр туслах хэрэгтэйн учир юу вэ?
5 Олон орны төр засаг өндөр настныг харж үзэн, хоол хүнс, хувцас хунар, орон байр гэх зэргээр хангадаг. Бас настай хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан байж болох юм. Гэхдээ тэр нь дууссан юм уу амьдралд нь хүрэлцэхгүй бол хүүхдүүд нь чадлынхаа хэрээр тусалж эцэг эхээ хүндэтгэдгээ илэрхийлж болно. Үнэн хэрэгтээ, нас өндөр болсон эцэг эхдээ санаа тавих нь гэр бүлийг Санаачлагч Ехова Бурханд үнэнч байдгийн илрэл юм.
ХАЙРЛАХ ХИЙГЭЭД ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОХ НЬ
6. Зарим хүн эцэг эхдээ туслахын тулд яадаг вэ?
6 Өтөл насны эрхээр өвчин хуучтай болсон эцэг эхээ хайрладаг, өөрийгөө золиослон, тэднийгээ харж ханддаг хүн олон. Зарим нь эцэг эхээ гэртээ авчирдаг бол зарим нь нүүж очоод ойрхон амьдардаг. Эцэг эхийндээ очоод хамт амьдардаг хүмүүс ч бий. Ингэх нь ихэнх тохиолдолд эцэг эх үр хүүхдийн хэн хэнд нь амар байдаг.
7. Настай эцэг эхдээ хамаатай асуудлыг яаран шийдэхгүй байх нь яагаад сайн бэ?
7 Гэхдээ зарим тохиолдолд нүүж суух нь тус болдоггүй. Яагаад тэр вэ? Санаа зовсондоо эсвэл хэтэрхий яарч шийдсэнээс болсон байж мэднэ. Библид «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэсэн мэргэн үг бий (Сургаалт үгс 14:15). Жишээлбэл, ганцаараа амьдарч чадахааргүй болсон настай ээжийгээ өөр дээрээ авах нь дээр гэж та боджээ. Хэрсүү, хянамгай хандахын тулд дараах зүйлийг бодож үзвэл тустай болов уу. Ээжид тань чухам ямар тусламж хэрэгтэй байна вэ? Шаардлагатай тусламж үзүүлдэг төрийн болон хувийн байгууллага байдаг уу? Ээж тань нүүхдээ дуртай байх болов уу? Дуртай байлаа гэхэд амьдралд нь яаж нөлөөлөх вэ? Найз нөхдөөсөө холдох болов уу? Сэтгэл санаанд нь хэрхэн нөлөөлөх бол? Энэ бүхнийг ээжтэйгээ ярилцсан уу? Хэрэв нүүгээд ирвэл хань ижил, үр хүүхдэд тань яаж нөлөөлөх вэ? Асарч сувилах хэрэг гарвал хэн асрах вэ? Туслах боломжтой өөр хүн бий юу? Ах дүү, хамаатан садантайгаа энэ тухай ярилцсан уу?
8. Настай эцэг эхдээ туслах талаар шийд гаргахдаа хэнтэй зөвлөлдөж болох вэ?
8 Эцэг эхээ асарч халамжлах үүрэг бүх хүүхдэд хамаатай учир ах дүүсээрээ цуглаж, зөвлөлдөж байгаад шийдвэр гаргах нь ухаалаг болов уу. Мөн христиан хурлын ахлагчид болон ийм амьдрал мэддэг найзуудтайгаа ярилцах нь тустай байж болох юм. Библид «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэж байдгийг битгий мартаарай (Сургаалт үгс 15:22).
ЭЦЭГ ЭХЭЭ ОЙЛГОЖ, ӨРӨВДӨЖ ЭНЭРЭХ НЬ
9, 10. а) Эцэг эх хөгширсөн ч үр хүүхэд нь юуг бодолцох хэрэгтэй вэ? б) Хүүхэд эцэг эхийнхээ өмнөөс шийдвэр гаргах болсон ч хэрхэн хандах хэрэгтэй вэ?
9 Эцэг эхээ хүндэтгэдэг хүн тэднийгээ ойлгож, өрөвч энэрэнгүй ханддаг. Хүн хөгшрөх тусам явах хөдлөх нь удааширч, хоол ундандаа муудаж, мартамхай болдог. Ийм үед бусдын дэм хэрэгтэй л дээ. Гэтэл хүүхдүүд нь эцэг эхдээ хэтэрхий их санаа тавьдаг, бүр зааж зааварлах гээд байдаг. Уг нь, эцэг эх бол өнөөдрийг хүртэл өөрийгөө авч явж ирсэн, шийдвэр гаргаж сурсан, мэргэн ухаантай, амьдралын туршлагатай насанд хүрсэн хүмүүс шүү дээ. Үр хүүхдийнхээ эцэг эх, насанд хүрсэн хүн учраас өөрсдийгөө үнэлж хүндэтгэдэг нь лавтай. Тиймээс алхам бүрийг нь заагаад байх шиг санагдвал гоморхон гонсойх юм уу бухимдах байх. Зарим нь өөрийнхөөрөө байхад саад болдог гэж үзээд дургүйцэх юм уу эсэргүүцдэг.
10 Иймэрхүү асуудлыг шийдэхэд тийм ч амар байдаггүй. Гэхдээ, болж өгвөл, чадах юмыг нь хийлгэж, өөрөөр нь шийдвэр гаргуулж байх нь сайхан сэтгэлээр хандаж байгаа хэрэг юм. Эхлээд өөртэй нь ярихгүйгээр амьдралд нь хамаатай шийдвэр гаргах нь ухаалаг биш ээ. Өтөл насны эрхээр чадахаасаа чадахгүй нь их болсон байлаа ч чадах юмаа хийхэд нь битгий саад болоорой. Эцэг эхийнхээ хэлж ярьж, хийж байгаа бүхнийг зааж чиглүүлээд байхгүй бол та нар эвтэй байна. Та ч, эцэг эх тань ч баяртай байна шүү дээ. Тэдний тусын тулд зарим асуудлыг өөрийнхөө бодсоноор шийдэх хэрэг гарахад ч хүнлэг байж, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг нь харгалзаж үзээрэй. Бурхны Үг: «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэл» гэж зөвлөдөг (Левит 19:32).
ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ
11–13. Хатуу ширүүн ханддаг байсан эцэг эхээ хөгшрөхөд нь харж хандахын тулд яаж болох вэ?
11 Настай эцэг эхээ хүндэтгэх нь зарим хүнд амаргүй байдаг нь хүүхэд ахуйд нь яаж хандаж байсантай холбоотой байдаг. Аав тань хайр халамжгүй, хүйтэн хөндий, ээж тань дээрэнгүй зантай, хатуу ширүүн хүн байсан байж болох юм. Ямар байсныг нь бодохлоор одоо ч гомдож, уур хүрдэг байж мэднэ. Ийм зовлон үзсэн хүн өөрийгөө ялж чадах болов уу?a
12 Финландад өссөн Бассе: «Миний хойд аав Нацист Германы СС-ийн офицер байсан юм. Түргэн ууртай, уурлахлаараа яаж ч мэдэхээр хүн байв. Ээжийг минь зодохыг би олон удаа харсан. Нэг удаа надад уурлаад тэлээгээрээ ороолготол арал нь нүүрийг минь оночихож билээ. Их хүчтэй цохиулсан би орон дээр савж унасан юм» гэж ярьжээ.
13 Гэхдээ Бассе эцгийнхээ талаар «Хойд аав биднийг тэжээхийн төлөө өөрийгөө ч хайрлалгүй их ажилладаг байсан юм. Надад хэзээ ч эцгийн ёсоор хандаж байгаагүй л дээ. Тэр хүн сэтгэлдээ гүн шархтай байсан юм билээ. Жаахан байхад нь ээж нь гэрээсээ хөөсөн юм байж. Бүх юмыг нударгаар шийдэж сурсан, залуудаа дайны талбарт хөл тавьсан хүн. Би хойд эцгээ буруутгалгүй, ойлгохыг хичээдэг байсан. Том болсон хойноо би нас бартал нь чадлынхаа хэрээр харж хандаж байя гэж шийдсэн. Хэдий амаргүй байсан ч аль чадахаа хийсэн. Сайн хүү байхыг хичээсэн, аав ч тэгж боддог байсан байх аа» гэж бас дурсжээ.
14. Амьдралын бүх хүрээнд хэрэгтэй ямар зөвлөгөө нас өндөр болсон эцэг эхээ халамжлахад тус болох вэ?
14 «Өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» гэсэн Библийн зөвлөгөөг ажил хэрэг болгох нь амьдралын бусад хүрээнд тустай байдаг шиг гэр бүлийн амьдралд ч тустай (Колоссай 3:12, 13).
ХҮН АСАРДАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ МАРТАЖ БОЛОХГҮЙ
15. Эцэг эхээ асарч халамжлахын юу нь хамгийн хэцүү байдаг вэ?
15 Өвдөж зовж байгаа эцэг эхээ асарна гэдэг их хариуцлагатай, цаг наргүй, амаргүй ажил. Гэхдээ сэтгэл зовох нь хамгийн их хэцүү байдаг. Эцэг эх нь эрүүл мэнд, тамир тэнхээгээ алдаж, юмыг амархан мартдаг болсныг хараад хүүхдүүд их шаналдаг. Пуэрто Рикогоос ирсэн Санди гэдэг эмэгтэй: «Ээж маань биднийхээ түшиг тулгуур байсан юм. Зовж шаналахыг нь харахад зүрх шимширмээр. Эхлээд доголдог байснаа яваандаа таяг тулдаг болсон. Тэгснээ дугуйтай таягтай болж бүр сүүлдээ тэргэнцэр дээр суусан. Их л зовж байж нас барсан даа. Ээж ясны хорт хавдартай байсан болохоор өдөр шөнөгүй асардаг байлаа. Бид ээжийг усанд оруулж, хооллож, ном сэтгүүл уншиж өгдөг байв. Энэ бүхэнтэй харьцуулахад сэтгэл шаналах нь хамгийн хэцүү. Бие нь муудаж байгааг нь ойлгоод уйлдаг байлаа. Би ээждээ маш их хайртай байсан» гэж ярьжээ.
16, 17. Яавал эцэг эхээ асрахдаа дүн нуруу алдахгүй байх вэ?
16 Хэрэв таны нөхцөл байдал энэ эмэгтэйнхтэй адил бол бэрхшээлийг давж гарахын тулд юу хийж болох вэ? Библиэ уншин Еховаг сонсох, залбирч ярилцах нь амин чухал (Филиппой 4:6, 7). Мөн шим тэжээлтэй хоол унд идэж, сайн унтаж амрах хэрэгтэй. Ингэх нь хайртай дотны хүнээ асарч халамжлах хүч чадалтай, сэтгэлийн тэнхээтэй байхад тустай. Өдөр бүр хийдэг ажлаасаа хэсэг зуур хөндийрч байвал сайн. Өөр газар очиж амрах боломжгүй ч өөртөө амрах цаг гаргаж байх нь ухаалаг юм. Ингэж явахаар бол өөр хүнээс тусламж гуйж эцэг эхээ түр асруулж болох юм.
17 Өндөр настай эцэг эхээ харж ханддаг хүн өөрөөсөө хэтэрхий их юм шаарддаг талтай. Гэхдээ чадал хүрэхгүй бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Зарим тохиолдолд хайртай дотны хүнээ асрамжийн газарт өгөх шаардлага гарч мэднэ. Хэрэв та настай хүн асардаг бол чадах чадахгүй юм байдгийг санаарай. Зөвхөн эцэг эхийнхээ бус, үр хүүхэд, хань ижил мөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг анхаарч дүн нуруу алдахгүй байх хэрэгтэй.
ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ХҮЧ
18, 19. Тусалж дэмжих тухайд Ехова юу гэж амласан бэ? Амлалтаа биелүүлдэг нь ямар жишээнээс харагддаг вэ?
18 Ехова настай эцэг эхээ харж ханддаг хүмүүст тустай зөвлөгөөг хайрын үүднээс өөрийн Үг болох Библид бичүүлсэн. Гэхдээ Еховагийн тусламж үүгээр хязгаарлагдахгүй. Дуулалч Бурхнаар удирдуулан бичихдээ «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг. ... Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэжээ. Үнэнч үйлчлэгчдэд нь ямар ч бэрхшээл тулгарсан Ехова аврах буюу даван туулахад нь тусалдаг (Дуулал 145:18, 19).
19 Филиппинд амьдардаг Мэрнэ гэдэг эмэгтэй эхийгээ асарч байхдаа энэ үгийн үнэнийг биеэрээ үзжээ. Эх нь саажиж, асаргаанд орсон аж. Мэрнэ: «Хаана, юу нь өвдөөд байгаагаа хэлж ярьж чадахгүй, зовж шаналж байгааг нь харах шиг хэцүү юм үзээгүй. Бие нь аажмаар муудаж байсан ч миний хийж чадах юм байхгүй байлаа. Хэчнээн ядарч байгаагаа сөхрөн сууж байгаад Еховад олон удаа хэлсэн. Би Давидын адилаар, нулимсыг минь тулмандаа хийж намайг санаач гэж уйлан байж залбирдаг байсан [Дуулал 56:8]. Ехова надад хүч өгч, „миний түшиг“ тулгуур болж, амласнаа биелүүлсэн» гэж ярьжээ (Дуулал 18:18).
20. Өтөлж хөгширсөн эцэг эхээ асардаг, бүр үхэлд алдсан хүмүүсийг Библи хэрхэн тайвшруулдаг вэ?
20 Настай эцэг эхээ асрахыг «амар сайхнаар төгсдөг түүхтэй адилгүй» хэмээжээ. Хэчнээн сайн асарлаа ч өтөлж хөгширсөн хүн Мэрнэгийн ээжийн адил нас барж мэдэх юм. Гэхдээ Еховад итгэж найддаг хүн үхлээр бүх юм дуусдаггүйг мэддэг. Элч Паул: «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг» гэж бичсэн байдаг (Үйлс 24:15). Нас барагсдыг амилуулна, «үхэл байхгүй болох» гайхалтай сайхан шинэ ертөнцийг цогцлооно гэсэн Бурхны амлалт настай эцэг эхээ үхэлд алдсан хүмүүсийг тайвшруулдаг (Илчлэлт 21:4).
21. Настай эцэг эхээ хүндэтгэдэг бол ямар сайн үр дүнд хүрэх вэ?
21 Бурхны үйлчлэгчид эцэг эхийгээ нас өндөр болсон ч гүнээ хүндэтгэдэг (Сургаалт үгс 23:22–24). Тэднийгээ эрхэмлэн хайрладаг. Ингэснээрээ «Эцэг, эх чинь жаргалыг эд[элнэ]. Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй бай[на]» гэж Бурхны бичүүлсэн үгийн үнэнийг биеэрээ үздэг (Сургаалт үгс 23:25). Хамгийн гол нь, настай эцэг эхээ хүндэтгэдэг бол Ехова Бурхныг баярлуулж, хүндэтгэж байгаа хэрэг юм.
a Эцэг эх эрх мэдлээ хэтрүүлэн зүй бусаар авирлаж, гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр үйлдэл хийсэн тохиолдлыг хөндөөгүй болно.