Эцэг эхчүүд ээ, гэр бүлийнхнээ тэтгэгтүн
«Хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө... тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг» (1 ТИМОТ 5:8).
1, 2. а) Цуглаанд бүгдээрээ ирдэг гэр бүлийг харахад яагаад урамтай байдаг вэ? б) Цуглаандаа цагтаа ирэхэд нь тийм гэр бүлүүдэд ямар ямар бэрхшээл тохиолддог вэ?
ЦУГЛААН эхлэхийн өмнө хурлынхаа итгэл нэгтнүүдийг тойруулан ажвал цэвэр цэмцгэр хувцасласан хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт суудалдаа сууж байгаа нь харагдах вий. Еховад болон бие биедээ хайртай тийм гэр бүлүүдийг харах сайхан биз дээ? Тэд цуглаандаа хоцролгүй ирэх гэж ямар их мэрийдэг гээч!
2 Ер нь эцэг эхчүүдийн ажил барагдахгүй. Цуглаантай оройд бол бүр ч ярилтгүй. Хоолоо хийнэ, гэрийн ажлаа амжуулна, хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулна. Бүгд цэвэрхэн байна уу, хоолоо идсэн үү, цагтаа гарахад бэлэн байна уу гэдгийг шалгах гээд хамаг л ачааг эцэг эхчүүд үүрнэ. Ядаж байхад хүүхдүүд хэрэг тарина аа. Том нь тоглож байгаад өмдөө урчихна, бага нь хоолоо асгачихна. Хоорондоо хэрэлдэнэ (Сургаалт үгс 22:15). Тэгвэл юу болох вэ? Эцэг эхийн хамгийн чухал төлөвлөгөө ч нурж мэднэ. Гэсэн ч, тэд ихэнхдээ, цуглаан эхлэхээс өмнө Хаанчлалын танхимдаа амжаад л оччихдог. Тийм айлын хүүхдүүд сар жилээр өсөж, Еховагийн үйлчлэгч болж байгааг харах хэчнээн урамтай вэ!
3. Ехова гэр бүлүүдийг асар их үнэлдгийг бид хаанаас мэддэг вэ?
3 Хүүхэд хүмүүжүүлэх заримдаа амаргүй, тэр байтугай, туйлын бэрх байдаг ч Ехова эцэг эхчүүд та бүхний хүчин чармайлтыг асар их үнэлдэг гэдэгт итгээрэй. Ехова гэр бүлийг Санаачлагч билээ. Тийм ч учраас, Бурхны Үгэнд Еховаг бүх гэр бүлд «нэр хайрласан» (ШЕ) буюу бий болгосон гэж бичсэн байдаг. (Ефес 3:14, 15). Тэгэхлээр, эцэг эхчүүд та нар үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хичээдэг бол орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзнийг дээдлэн хүндэлж байгаа хэрэг юм (1 Коринт 10:31). Үүнийг агуу завшаан гэж хэлэхгүй гэж үү? Тиймээс Еховагийн эцэг эхчүүдэд өгсөн даалгаврын тухай ярилцах нь зүйд нийцэх билээ. Энэ өгүүллээр Бурхан эцэг эхчүүдээс гэр бүлийнхнээ тэтгэх буюу тэдний ямар гурван хэрэгцээг хангаасай гэж хүсдэгийг үзье.
Эд материалын хэрэгцээг хангах нь
4. Ехова хүүхдүүдийн хэрэгцээг хангах талаар гэр бүлд ямар арга хэмжээ авсан бэ?
4 Элч Паул: «Хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж бичжээ (1 Тимот 5:8). «Хэн нэгэн» гэж хэнийг хэлсэн бэ? Өрхийн тэргүүн буюу эцэг хүнийг хэлсэн хэрэг. Бурхан бас эмэгтэй хүнд нөхрийнхөө туслагч байх эрхэм үүрэг оноожээ (Эхлэл 2:18). Библийг бичиж байх үеийн эмэгтэйчүүд гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад нь нөхрүүддээ үргэлж тусалдаг байжээ (Сургаалт үгс 31:13, 14, 16). Орчин үед ганц бие эцэг эх гэр бүлээ авч явах нь элбэг болжээ. Тийм христианууд гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд нөр их хөдөлмөрлөдөг нь сайшаалтай. Мэдээж, эцэг нь гэр бүлээ тэргүүлдэг элэг бүтэн айлын тухайд байдал сайн байх нь ойлгомжтой.
5, 6. а) Гэр бүлийнхээ эд материалын хэрэгцээг хангахыг чармайдаг хүмүүст ямар ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Өрхийн тэргүүн христианууд ажилд яаж ханддаг байвал бэрхшээлийг даван туулж чадах вэ?
5 1 Тимот 5:8-д Паул гэрийнхнээ тэтгэх гэж юуг хэлсэн хэрэг вэ? Тухайн айлын эд материалын хэрэгцээг хангах тухай хэлснийг хам зүйл харуулдаг. Өнөө үед өрхийн тэргүүнүүд гэр бүлийнхээ энэ хэрэгцээг хангахдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгарч болох юм. Орон тооны цомхтгол, ажилгүйдэл, амьжиргааны өртгийн өсөлт зэрэг эдийн засгийн хямрал дэлхийн хэмжээгээр хэвийн үзэгдэл болжээ. Иймэрхүү саад тотгорыг давахад эцэг эхэд юу туслах вэ?
6 Өрх толгойлдог хүн Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж байгаагаа санах хэрэгтэй. Энэ даалгаврыг биелүүлж чадах атлаа биелүүлдэггүй хүнийг Паул «итгэлийг үгүйсгэсэн» хүнтэй зүйрлэн бичжээ. Христиан хүн Бурхныхаа өмнө тийм байхгүйн тулд чадах бүхнээ хийдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд олон хүнд «төрөлх хайр дутагдах» болсон нь тоогүй (2 Тимот 3:1, 3, ШЕ). Үнэндээ, гэрийнхнийгээ үнсэнд хаясан шалз шиг орхиж, үүрэг хариуцлагаасаа бултдаг эцгүүдийг тоолж баршгүй. Харин христиан нөхрүүд гэр бүлээ тэжээх асуудалд тэдэн шиг хатуу сэтгэл, хайхрамжгүй зан гаргадаггүй. Тэд хамгийн муу, хар бор ажлыг ч голж шилэлгүй хийж, Бурханд таалагдах боломж гэж үздэгээрээ ажлын хамт олноосоо ялгаатай. Учир нь тэр л ажлынхаа ачаар гэр бүлийнхнээ тэтгэж чаддаг.
7. Эцэг эхчүүд Есүсийн жишээг сайтар бодох нь яагаад зөв бэ?
7 Есүсийн үзүүлсэн төгс жишээг сайтар бодох нь бас тустай. Библид Есүсийг бидний «Мөнхийн Эцэг» гэж зөгнөн хэлсэн байдаг (Исаиа 9:6, 7). «Сүүлчийн Адам» Есүс өөрт нь итгэгч хүмүүсийн эцэг болж, «анхны хүн Адамыг» орлодог (1 Коринт 15:45). Бусдын сайн сайхныг уландаа гишгэж, хар амиа бодсон эцэг Адамаас ялгаатай нь Есүс төгс эцэг билээ. Библид түүний тухай: «Бидний төлөө Тэр амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ» гэж бичсэн байдаг (1 Иохан 3:16). Тийм ээ, Есүс бусдын төлөө амиа дуртайяа зориулсан. Мөн бусдын хэрэгцээ шаардлагыг шалихгүй бага ч байсан, цаг ямагт өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байсан. Эцэг эхчүүд Есүсийг дуурайн, өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлбэл үнэнхүү тустай.
8, 9. а) Өөрийгөө золиослон байж ангаахайгаа тэжээдэг шувуудаас эцэг эхчүүд ямар сургамж авч болох вэ? б) Олон христиан эцэг эх өөрийгөө золиослох сэтгэлгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
8 «Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ» хэмээн Бурхны зөрүүд ард түмэнд хандаж хэлсэн Есүсийн үгнээс эцэг эхчүүд өөрийгөө золиослох хайрын талаар ихийг мэдэж болно (Матай 23:37). Есүс, дэгдээхийнүүдээ далавчаараа хамгаалж буй тахиаг тод томруун дүрсэлжээ. Аюулыг сөрөн байж үр төлөө хамгаалах төрөлхийн зөн совинтой эх амьтнаас эцэг эхчүүд ихийг сурч болно. Шувуу ангаахайнууддаа хоол хайж өдөржин нааш цааш нисдэг нь бас гайхалтай. Ядарч сульдсан байсан ч, цадахыг үл мэдэн амаа ангалзуулах ангаахайгаа цөхрөлтгүй хооллоно. Еховагийн олон бүтээл үр төлөө тэжээхдээ зөн совингоороо «мэргэн» билээ (Сургаалт үгс 30:24).
9 Үүнтэй адил, христиан эцэг эхчүүд өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлдэг нь магтууштай хэрэг. Та нар үр хүүхдээ сайн сайхан явуулах гэхдээ өөрсдөө зовохоо ч юман чинээ боддоггүй шүү дээ. Түүнээс гадна, тэднийгээ тэжээхийн тулд өдөр бүр их зүйлийг дуртайяа золиосолдог. Та нарын ихэнх нь өглөө эртлэн босож, хүч чадал сорьсон, нөгөө л ажилдаа явдаг. Үр хүүхдээ сайн хоол, сайхан хувцас, тохилог орон байраар хангаж, зохих боловсрол эзэмшүүлэх гэж махран хөдөлмөрлөдөг. Өдрөөс өдөрт, жилээс жилд үүний л төлөө зүтгэдэг. Ийнхүү өөрийгөө золиослон, тэсвэр хатуужилтай байдгийг тань Ехова таалдаг нь лавтай! (Еврей 13:16). Гэсэн ч үүний хажуугаар, гэр бүлд тань илүү чухал хэрэгцээ байдаг.
Сүнслэг хэрэгцээг хангах нь
10, 11. Хүний хамгийн чухал хэрэгцээ юу вэ? Христиан эцэг эхчүүд үр хүүхдийнхээ энэ хэрэгцээг хангахын тулд эхлээд яах хэрэгтэй вэ?
10 Эд материалаас илүү чухал хэрэгцээ бол «сүнслэг хэрэгцээ» юм (Матай 5:3, ШЕ). Есүс: «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна» гэж хэлсэн (Матай 4:4). Эцэг эхчүүд та бүхэн гэр бүлийнхээ сүнслэг хэрэгцээг хангахын тулд яах хэрэгтэй вэ?
11 Бид энэ сэдвээр ярихдаа, гол төлөв, Дэд хууль 6:5–7-г иш татдагийг та бүхэн мэднэ. Одоо ч гэсэн Библиэ нээгээд, эдгээр зүйлийг уншицгаая. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө Еховаг хайрладаг болж, үг тушаалыг нь зүрхэндээ суулган сүнслэг байдлаа бэхжүүлэх ёстойг анхаараарай. Тийм ээ, та бүхэн Библи тогтмол уншиж, Еховагийн зам, зарчим, хуулийг жинхэнэ ёсоор ойлгодог, хайрладаг болохын тулд эргэцүүлэн бодож, Бурхны Үгийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Тэгсэн цагт л та нарын зүрх Библийн үнэнд татагдан, Еховаг бишрэх, хайрлах сэтгэл хийгээд баяр хөөрөөр бялхана. Улмаар, хүүхдүүдтэйгээ хуваалцах сайн юмаар элбэг дэлбэг болно (Лук 6:45).
12. Эцэг эхчүүд Библийн үнэнийг үр хүүхдэдээ заахдаа Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ?
12 Сүнслэгээр төлөвшсөн эцэг эхчүүд үр хүүхдэдээ Еховагийн үгийг «хичээнгүйлэн заах» боломж бүрийг ашигла гэсэн Дэд хууль 6:7-ийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг. «Хичээнгүйлэн заах» гэж орчуулсан үг нь дахин дахин сануулах, заах гэсэн утгатай. Бид бүгдийг, ялангуяа, хүүхдийг сургахад давтан давтан заах хэрэгтэй байдгийг Ехова сайн мэддэг. Тийм ч учраас Есүс дэлгэрүүлэх ажил хийж байхдаа давтан заах арга хэрэглэдэг байв. Тухайлбал, шавь нараа их зантай, өрсөлдөх сэтгэлтэй байхаас зайлсхийж, даруу занд сургахдаа нэг зарчмаа олон янзын аргаар давтдаг байжээ. Тэрбээр тайлбарлах, жишээ татах, тэр бүү хэл, биеэрээ үлгэрлэн үзүүлэх гэх зэргээр заадаг байсан (Матай 18:1–4; 20:25–27; Иохан 13:12–15). Ингэхдээ хэзээ ч тэвчээр алдаж байгаагүй нь гайхалтай. Эцэг эхчүүд ч бас үр хүүхдэдээ Библийн үндсэн сургаалыг заах арга олж, Еховагийн зарчмуудыг ойлгож хэрэгжүүлтэл нь тэвчээртэйгээр давтах хэрэгтэй.
13, 14. Үр хүүхдэдээ Библийн үнэнийг заах ямар ямар боломж эцэг эхчүүдэд бий вэ? Юу ашиглаж болох вэ?
13 Тийнхүү сургах сайхан боломж гэр бүлийн хичээлээр олддог. Үнэндээ, Библийг гэр бүлээрээ тогтмол, баяр хөөртэй судлах нь гэр бүлийн сүнслэг байдлын гол тулгуур болдог. Христиан гэр бүлүүд Еховагийн байгууллагаас өгдөг ном хэвлэлийг хүүхдийнхээ нас, бие, онцлогт тохируулан ашиглаж, тийм хичээлийг баяр хөөртэй хийдэг. «Библийн тухай өгүүлдэг миний ном», «Агуу Багшаас суралцагтун», «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» гэх зэрэг ном эцэг эх, хүүхдүүдэд зориулсан үнэхээр сайхан бэлэг юм.a Гэхдээ гэр бүлийн хичээл бол үр хүүхдээ сургах цорын ганц цаг биш ээ.
14 Дэд хууль 6:7-д бичсэнээр, эцэг эхчүүд та бүхэнд хүүхдүүдтэйгээ сүнслэг сэдвээр санал бодлоо солилцох боломж олон гардаг байна. Замд хамт явахдаа, гэрийн ажлаа элбээд хийж байхдаа, хамтдаа амрахдаа хүүхдүүдийнхээ сүнслэг хэрэгцээг хангах боломж олж болох нь. Мэдээж, Библийн сургаалаар зогсоо зайгүй «лекц унших» хэрэггүй. Харин хүмүүжлийн ач холбогдолтой сүнслэг яриа тогтмол өрнүүлж байхыг хичээгээрэй. Жишээлбэл, «Сэрцгээ!» сэтгүүлд янз бүрийн сэдвээр олон өгүүлэл гардаг. Тийм өгүүллүүд Еховагийн бүтээсэн ан амьтан, үзэсгэлэнт байгаль, хүн төрөлхтний соёл иргэншил, ахуй амьдралын түмэн гайхамшгийг ярилцах үндэс болдог. Үүний ачаар «итгэмжит, ухаалаг боолын» өгдөг хэвлэлийг түлхүү унших хүсэл хүүхдүүдэд төрдөг (Матай 24:45–47).
15. Дэлгэрүүлэх ажлыг сонирхолтой, сайхан ажил гэж үздэг болоход нь эцэг эхчүүд хүүхдүүддээ яаж тусалж болох вэ?
15 Сүнслэгээр бэхжүүлэх яриа өрнүүлэх нь хүүхдийнхээ өөр нэг хэрэгцээг хангахад тус болно. Христиан хүүхдүүд итгэл үнэмшлээ бусадтай үр өгөөжтэй хуваалцаж сурах хэрэгтэй байдаг. «Харуулын цамхаг» сэтгүүлээс ямар нэгэн сонирхолтой санааг ярилцаж байхдаа дэлгэрүүлэх ажилд хэрхэн ашиглаж болохыг шүүн хэлэлцээрэй. Жишээ нь, та: «Бүр олон хүн Еховагийн тухай энэ зүйлийг мэддэг болбол ямар сайхан бэ, тийм ээ? Яаж яривал энэ санааг хүн сонирхоно гэж чи бодож байна вэ?» гэж асууж болно. Тийн ярилцах нь сурч мэдсэнээ бусадтай хуваалцах хүслийг нь улам бадрааж болох юм. Дараа нь хүүхэд тань тантай дэлгэрүүлэхдээ, ярилцсан зүйлээ яаж хэрэгжүүлж байгаа бодит жишээг тань харна. Тэгээд, дэлгэрүүлнэ гэдэг бол асар их сэтгэлийн таашаал, баяр баясгалан өгдөг, сонирхолтой, сайхан ажил гэдгийг ойлгодог болно (Үйлс 20:35).
16. Хүүхдүүд эцэг эхийнхээ залбирахыг сонсоод, юу мэдэж авдаг вэ?
16 Бас эцэг эхчүүд залбирч байхдаа үр хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангадаг. Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заахын зэрэгцээ олон ч удаа хамт залбирч байсан билээ (Лук 11:1–13). Тэд Еховагийн Хүүтэй хамтдаа залбирч байхдаа хэчнээн их юм сурсныг бодоод үз дээ! Тэгвэл танай хүүхдүүд ч бас та нарын залбирахыг сонсоод их зүйлийг сурна. Жишээ нь, Ехова биднийг ямар ч зовлонтой байсан өөрт нь хандаж, сэтгэлийнхээ үгийг чөлөөтэй хэлж байгаасай гэж хүсдэгийг мэдэж авна. Тийм ээ, хүүхдүүд тань та нарын залбирахыг сонсоод, тэнгэрийн Эцэгтэйгээ дотно харьцаа тогтоож болдог юм байна гэсэн чухал санааг ойлгоно (1 Петр 5:7).
Сэтгэл санааны хэрэгцээг хангах нь
17, 18. а) Хүүхдийг хайрлахын чухлыг Библи хэрхэн харуулдаг вэ? б) Эцгүүд хүүхдэдээ хайраа илэрхийлэхдээ Еховаг хэрхэн дуурайх хэрэгтэй вэ?
17 Хүүхдэд бас сэтгэл санааны чухал хэрэгцээ бий. Энэ хэрэгцээг хангах хэчнээн чухал болохыг Бурхны Үг эцэг эхчүүдэд хэлдэг. Тухайлбал, залуу эхчүүдэд «хүүхдүүдээ хайрладаг» байхыг уриалдаг (Тит 2:4). Үнэндээ, хүүхдийг хайрлах нь ухаалаг хэрэг юм. Ингэснээр хүүхэд бас хайрлаж сурахын зэрэгцээ насан туршдаа тусыг олж авна. Хайрлахгүй бол туйлын мунхаг явдал болно. Энэ нь багагүй зовлон дагуулахаас гадна, биднийг төгс бус гэлгүй, хязгааргүй хайрладаг Еховаг дуурайхгүй байгаагаас өөрцгүй (Дуулал 103:8–14).
18 Дэлхий дэх хүүхдүүдээ хайрлах эхний алхмыг Ехова өөрөө хийсэн билээ. 1 Иохан 4:19-д: «Эхлээд Тэр биднийг хайрласан» гэж бичжээ. Тэгэхлээр, ялангуяа, эцгүүд та нар хүүхэдтэйгээ дотно харьцаа тогтоож, хайр халамжаа мэдрүүлэхийн тулд Еховагийн жишээг дуурайн, өөрсдөө эхний алхам хийх хэрэгтэй. Библи эцгүүдэд хүүхдийнхээ «сэтгэлийг мохоохгүйн тулд» уурыг нь хүргэхгүй байхыг уриалдаг (Колоссай 3:21). Эцэг эх нь өөрийг нь хайрлаж, үнэлэхгүй байгааг мэдвэл хүүхдийн уур хүрдэг. Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэхдээ хойрго эцгүүд Еховагийн жишээг санах нь зүйтэй. Ехова Хүүгээ хайрлаж, дэмжин сайшаадгаа тэнгэрээс хэлж байсан шүү дээ (Матай 3:17; 17:5). Тийм үг Есүст ямар их урам хайрласан бол! Хүүхдүүд ч бас эцэг эхийнхээ чин сэтгэлийн хайр, магтаалаас их хүч, урам зориг авдаг.
19. Сахилга батын арга хэмжээ авах яагаад чухал бэ? Христиан эцэг эхчүүд юунд дүн нуруутай байхыг мэрийдэг вэ?
19 Хайртай гэдэг ганц үг эцэг эхийн хайрыг бүрэн орлож чадахгүй нь ойлгомжтой. Хайр юуны түрүүнд үйл хэргээр илэрдэг. Аав ээжүүд үр хүүхдийнхээ эд материалын болон сүнслэг хэрэгцээг хангахдаа, гол нь, хайрандаа хөтлөгддөг бол эцэг эхийн хайр илэрхийлж буй хэрэг юм. Мөн сахилга батын арга хэмжээ авах нь хайраа харуулах өөр нэг чухал арга билээ. Үнэндээ, Ехова «хайрладаг хүнээ сахилгажуулдаг» (Еврей 12:6). Харин сахилга батын арга хэмжээ авдаггүй бол хүүхдээ «үл хайрлагч» гэсэн үг! (Сургаалт үгс 13:24). Ехова ямагт «зохистойгоор» сахилгажуулж, дүн нуруутай байдаг (Иеремиа 46:28). Тэгж дүн нуруутай байна гэдэг төгс бус эцэг эхчүүдэд тэр бүр амар хялбар байдаггүй. Гэсэн ч, хамаг чадлаараа хичээх хэрэгтэй. Сахилга батын арга хэмжээг хайрын сэтгэлээр, тууштай авдаг бол хүүхэд өсөж торниод жаргалтай, үр бүтээлтэй амьдарна (Сургаалт үгс 22:6). Христиан эцэг эх болгон үр хүүхдэдээ үүнийг хүсдэггүй гэж үү?
20. Эцэг эхчүүд хүүхдүүддээ «амийг сонгох» хамгийн сайхан замыг хэрхэн зааж болох вэ?
20 Эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ эд материалын, сүнслэг, сэтгэл санааны хэрэгцээг хангаж, Бурхны өгсөн энэ чухал даалгаврыг биелүүлбэл асар их шагнал хүртэнэ. Ингэснээр та нар «амийг сонгож», цаашилбал, «амьдрах» хамгийн сайхан замыг үр хүүхдэдээ зааж өгч байгаа хэрэг юм (Дэд хууль 30:19). Том болоод, Еховад үйлчлэхээр шийдэж, амийн зам дээр зогссон хүүхдүүд эцэг эхээ үлэмж баярлуулдаг (Дуулал 127:3–5). Тийм баяр баясгалан үүрдийнх билээ! Тэгвэл хүүхдүүд Еховаг хэрхэн магтаж болох вэ? Дараагийн өгүүллээр энэ сэдвээр ярилцана.
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.
Та юу гэж хариулах вэ?
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ...
• эд материалын хэрэгцээг...
• сүнслэг хэрэгцээг...
• сэтгэл санааны хэрэгцээг...
...хангахын тулд яах хэрэгтэй вэ?