Бэлэн байгтун!
«Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» (МАТ. 24:44).
1, 2. а) Библид зөгнөсөн ямар үйл явдлыг бар дайрахтай зүйрлэж болох вэ? б) Христийг Бурхны шүүх шийдвэрийг гүйцэтгэхээр ирэхэд эсэн мэнд үлдэхийн тулд яах хэрэгтэй вэ?
НЭГЭН алдартай жүжигчин олон жил Бенгалын баруудтайгаа хамт эвтэй найртай тоглон үзэгчдийг баясгаж байв. Тэрбээр: «Амьтан чамд итгэж байвал энэ ертөнцийн хамгийн сайхан бэлгийг авсан юм шиг л санагдана» гэж хэлжээ. Гэтэл 2003 оны 10-р сарын 3-ны өдөр байдал өөрөөр эргэсэн байна. Сургуультай амьтдынх нь нэг, 172 килограммын жинтэй цагаан бар тодорхой шалтгаангүйгээр түүн рүү дайрчээ. Ийм юм болно чинээ санаагүй сургагч ямар ч бэлтгэлгүй байсан аж.
2 Сонирхолтой нь, нэгэн «араатан» дайрахыг Библид зөгнөсөн байдаг бөгөөд бид бэлэн байх учиртай (Илчлэлт 17:15–18-ыг уншина уу). Энэ араатан хэн рүү дайрах вэ? Дэлхийн байдал гэнэт өөрчлөгдөж, Диаволын ертөнц дотроо хуваагдах болно. Час улаан араатнаар дүрслэгддэг Нэгдсэн Үндэстний Байгууллага, «арван эвэр»-ээр төлөөлүүлдэг улс төрийн хүчнүүд янхан эмтэй зүйрлэм Агуу Вавилон буюу дэлхийн бүх хуурамч шашин руу гэнэт дайрч, түрэмгийлэн устгана. Энэ явдал хэзээ болох вэ? Бид өдөр, цагийг нь мэдэхгүй (Мат. 24:36). Юутай ч бидний бодоогүй цагт болох бөгөөд хаяанд тулчихаад байгаа нь тодорхой (Мат. 24:44; 1 Кор. 7:29). Тэгэхлээр тэр дайралт эхэлж, Бурхны шүүх шийдвэрийг гүйцэтгэхээр Христийг ирэхэд бид сүнслэг утгаар бэлэн байх нь амин чухал. Бэлэн байж гэмээнэ аврагдана (Лук 21:28). Яаж бэлэн байх вэ? Бурхны үнэнч үйлчлэгчдээс суралцах хэрэгтэй. Тэд бэлэн байсныхаа ачаар Еховагийн амлалт биелэхийг нүдээрээ үзсэн юм. Тэдний жишээг зүрх сэтгэлдээ хоногшуулъя.
Ноа шиг бэлэн байгтун
3. Бурханд үнэнчээр үйлчлэхэд Ноад яагаад хэцүү байсан бэ?
3 Ноа тэр аяараа завхран гажуудсан ертөнцөд амьдарч байсан ч Бурхны амлалт хэрхэн биелэхийг үзэхэд бэлэн байжээ. Бурхнаас урвасан тэнгэр элчүүд хүний биетэй болж, үзэсгэлэн гоо бүсгүйчүүлтэй дэр нэгтгэсэн нь Ноад ямар бэрхшээл учруулах байсныг бодоорой. Энэхүү гаж харьцааны дүнд төрсөн жирийн биш хүүхдүүд бусдыг дарлан зовоодог ер бусын «хүчтэй ... хүмүүс» болцгоосон (Эх. 6:4). Эдгээр аварга биетнүүд хаа явсан газраа түйвээн бусниулж байснаас болоод хүчирхийлэл үнэхээр их газар авч улмаар ёс бус явдал гаарч, хүмүүсийн бодол санаа, ааш авир нь айхавтар эвдэрчээ. Тэгэхэд нь Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ёс бус ертөнцийг устгах цагаа товлосон (Эхлэл 6:3, 5, 11, 12-ыг уншина уу).
4, 5. Өнөөгийн нөхцөл байдал Ноагийнхтай юугаараа адил бэ?
4 Өнөөгийн нөхцөл байдал Ноагийн өдрүүдийнхтэй төстэй байхыг Есүс зөгнөн хэлжээ (Мат. 24:37). Жишээлбэл, муу сүнснүүд хүмүүст нөлөөлж байгааг бид нүдээрээ үзэж байна (Илч. 12:7–9, 12). Чөтгөр болсон эдгээр тэнгэр элчүүд Ноагийн үед хүний биетэй болж байсан. Одоо ингэх боломжгүй ч хүмүүсийг хөгшин залуу гэж ялгалгүй эрхэндээ оруулахыг оролдож байна. Энэ чөтгөрүүд хүмүүст мэдэгдэлгүйгээр нөлөөлж, бузар булай, ой гутам юм хийлгэн, таашаал авдаг (Еф. 6:11, 12).
5 Бурхны Үгэнд бичсэнээр, Диавол бол «алуурчин» мөн. Түүнийг бас «үхлийн хүч»-тэй гэдэг (Иох. 8:44; Евр. 2:14). Гэхдээ Бурхан түүнд хүссэн болгоноо алахыг нь зөвшөөрсөн гэсэн үг биш. Сатан залилж мэхлэх, уруу татах аргыг хэрэглэдэг. Харгис хэрцгий энэ сүнс хүмүүсийн ухаан санаанд нөлөөлж, хүн алах хүсэл төрүүлдэг. Жишээ нь, АНУ-д гэхэд 142 хүүхэд тутмын нэг нь бусдын гарт амиа алддаг аж. Ноагийн үед хүчирхийлэл гаарахад Ехова арга хэмжээ авсан. Тэгвэл өнөөдөр түүнээс ч илүү арга хэмжээ авах нь ойлгомжтой. Гараа хумхиад зүгээр суухгүй нь лав.
6, 7. Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурханд итгэж, түүнээс эмээдгээ хэрхэн илэрхийлсэн бэ?
6 Бурхан махан биетэй бүхнийг устгах их үер буулгахаар шийдсэнээ Ноад хожим мэдэгдсэн (Эх. 6:13, 17). Бас аварга том авдар хийх заавар өгсөн. Ноа ч гэрийнхэнтэйгээ хөвөгч авдар хийх ажилд ханцуй шамлан оржээ. Тэд юуны ачаар Бурхны тушаалыг дуулгавартай биелүүлж, шүүх өдөрт бэлэн байж чадсан бэ?
7 Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурханд бат итгэж, түүнээс эмээдэг байсан учраас тушаасан болгоныг нь биелүүлжээ (Эх. 6:22; Евр. 11:7). Өрхийн тэргүүн Ноа сүнслэгээр сэргэг байж, эргэн тойрныхоо завхран гажуудсан хүмүүсийн нөлөөнд автаагүй (Эх. 6:9). Тэдэн шиг эсэргүүцэх хандлагатай, хүч хэрэглэх дуртай болохгүйн тулд гэрийнхэн нь ч тэмцэх хэрэгтэйг Ноа ойлгож байсан. Өдөр тутмын ажил хэрэгтээ автахгүй байх нь тэдний хувьд чухал байлаа. Бурхан тэдэнд ажил өгчээ. Уг ажлыг гэр бүлээрээ хийж, хамаг амьдралаа зориулбал шүүх өдөрт бэлэн байж чадах байв (Эхлэл 6:14, 18-ыг уншина уу).
Ноагийнхан бэлэн байсан
8. Ноагийнхан дор бүрнээ Бурханд чин үнэнч байсны нотолгоо юу вэ?
8 Библид өрхийн тэргүүн Ноагийн тухай голчлон бичсэн ч эхнэр, хөвгүүд, бэрүүд нь бас Еховаг шүтдэг байсныг зөнч Езекиелийн үгнээс мэдэж болно. Ноа хэдийгээр зөвт хүн байсан ч тухайн үедээ ч, Езекиелийн үед ч өөрийнхөө зөвт байдлаар хүүхдүүдээ аврах аргагүй байсныг тэрбээр бичжээ. Дуулгавартай байх уу, үгүй юү гэдгээ тэд өөрсдөө шийдэх чадвартай байсан. Тийм учраас Бурхныг хайрлаж, хууль тушаалыг нь эрхэмлэдгээ дор бүрнээ нотолсон байж таарна (Езе. 14:19, 20). Гэр бүлийнхэн нь Ноаг дагаж, итгэл үнэмшлийг нь хуваалцаж байсан төдийгүй бусдын нөлөөнд авталгүй, Бурхны өгсөн ажлыг хийж чадсан.
9. Ноагийнх шиг бат итгэлтэй хүмүүсийн орчин үеийн жишээ хэлнэ үү.
9 Өнөөдөр дэлхий даяар христиан гэр бүлийн тэргүүнүүд Ноаг дууриах гэж хамаг чадлаараа хичээж байгааг харахад үнэхээр сайхан! Тэд гэрийнхнийгээ хоол унд, хувцас хунар, орон байраар хангаж, мэдлэг боловсрол эзэмшүүлээд л боллоо гэж боддоггүй. Сүнслэг хэрэгцээг нь бас хангадаг. Ийнхүү Еховагийн удахгүй хийх зүйлд бэлэн байгаагаа баталдаг.
10, 11. а) Ноагийнхан хөвөгч авдарт байхдаа юу бодож байсан бол? б) Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
10 Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдийнхээ хамт хөвөгч авдрыг 50-аад жил хийсэн бололтой. Тэдний ажил ямар нүсэр байсныг бодъё. Дотор, гадаргүй давирхайдаж, хоол хүнс нөөцөлж, ан амьтдыг оруулах хэрэгтэй байсан. Тэд хөвөгч авдарт олон ч удаа орж, гарч байсан байх. Энэ бүх ажлын дараа МЭӨ 2370 оны 11-р сарын эхэн орчимд усан галав юүлжээ. Юу болсон бол оо? Тэр өдөр Ноагийнхныг авдарт ороход Ехова хаалгыг нь хаажээ. Тэгтэл бороо орж эхлэв. Энэ нь жирийн нэг ширүүн аадар байсангүй. Тэнгэрийн усны хаалт нээгдэхэд их ус хөвөгч авдрыг нүдэж гарав (Эх. 7:11, 16). Хөвөгч авдрын гадна байгсад амиа алдаж, дотор нь байсан хүмүүс эсэн мэнд үлджээ. Ноагийнханд тэр үед юу бодогдсон бол? Бурханд гүнээ талархсан нь лавтай. Мөн, «Жинхэнэ Бурхантай хамт алхаж, бэлэн байсан маань ямар сайн хэрэг вэ!» гэж бодсон биз (Эх. 6:9). Та Хармагедоныг эсэн мэнд даваад яг ингэж талархан бодож байгаагаар өөрийгөө төсөөлж чадах уу?
11 Сатаны эд юмсын өнөөгийн тогтолцоог устгах амлалтаа биелүүлэхэд нь Төгс хүчит Бурханд юу ч саад болохгүй. Та өөрөөсөө: «Бурхны амлалтын нэг нь ч хөсөрдөхгүй, өчүүхэн жижиг зүйлээс аваад бүгд цагтаа биелнэ гэдэгт би бүрэн дүүрэн итгэдэг үү?» гэж асуугаарай. Итгэдэг бол «Бурханы өдөр» маш хурдан ойртож буйг санаад, бэлэн байгаарай (2 Петр 3:12).
Мосе сонор сэрэмжтэй байсан
12. Юунаас болоод Мосегийн сүнслэг хараа муудаж болохоор байсан бэ?
12 Өөр нэг жишээ үзье. Хүний үзлээр бол, Мосе Египетийн нийгэмд туйлын ашигтай байр суурь эзэлж байлаа. Фараоны охины хүү учир хүмүүс түүнд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тэрбээр хоолны сайныг идэж, хувцасны сайныг өмсөж, хамгийн тансаг орчинд амьдардаг, өндөр боловсрол эзэмшсэн хүн байв (Үйлс 7:20–22-ыг уншина уу). Тэрбээр маш их хөрөнгө өвлөх байсан биз ээ.
13. Мосе Бурхны амлалтад анхаарлаа төвлөрүүлж чадсаны учир юу вэ?
13 Төрсөн эцэг эх нь Мосег бүр багаас нь сургаж, египетчүүдийн шүтдэг хиймэл шүтээнүүд утгагүй хоосон юм гэдгийг ойлгуулсан нь тодорхой (Ег. 32:8). Египетэд өндөр боловсрол эзэмшиж, хааны ордонд баян тансаг амьдарсан ч Мосе жинхэнэ шүтлэгийг орхиогүй. Тэрбээр өвөг дээдэст нь өгсөн Бурхны амлалтыг гүн гүнзгий эргэцүүлэн бодож, хүсэл тааллыг нь биелүүлэхэд бэлэн байхыг чин сэтгэлээсээ хүсэж байсан нь дамжиггүй. Тиймдээ ч Мосе Израилийн хөвгүүдэд: «Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв» гэж хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 3:15–17-г уншина уу).
14. Мосегийн итгэл, зориг хэрхэн соригдсон бэ?
14 Мосегийн хувьд Египетийн бүх амьгүй шүтээнүүдийн дэргэд жинхэнэ Бурхан Ехова бодитой байсан. Тэрбээр «үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт» амьдарсан. Бурхны ард түмэн эрх чөлөөтэй болно гэдэгт Мосе итгэдэг хэдий ч чухам хэзээ вэ гэдгийг мэдээгүй (Евр. 11:24, 25, 27). Еврейчүүдийн чөлөөлөгдөхийг үзэх гэж чин сэтгэлээсээ хүсдэг нь зодуулж байсан нэгэн израиль боолыг хамгаалснаас нь харагддаг (Ег. 2:11, 12). Гэвч Еховагийн цаг болоогүй тул алс холын нутагт оргодол босуул мэт амьдрахад хүрчээ. Египетийн хааны ордонд тав тухтай амьдарч ирсэн түүнд цөлд аж төрнө гэдэг хэцүү байсан нь ойлгомжтой. Гэсэн ч Мосе Еховагийн өгсөн заавар бүрийг анхааран, бэлэн гэдгээ харуулсан. Ингээд, Бурхан Мидианд 40 жил амьдарсан Мосегоор ах дүүсийг нь чөлөөлүүлэхээр болов. Мосе Бурхны тушаалыг дуулгавартай даган Египет рүү буцаж очсон. Бурхны даалгасан ажлыг зааврынх нь дагуу гүйцэтгэх цаг болжээ (Ег. 3:2, 7, 8, 10). «Ямар ч хүнээс илүүгээр маш даруу» Мосе Фараонд бараалхахад итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй байсан (Тоол. 12:3). Гамшиг болох бүрд очиж байсан бөгөөд тэр хооронд дахин хэдэн удаа Фараонтой нүүр тулахаа мэдэхгүй байсан.
15. Гутарч цөхрөх үе байсан ч Мосе тэнгэрийн Эцгээ алдаршуулах боломжийг хайж байсны учир юу вэ?
15 Удаах 40 жилийн хугацаанд буюу МЭӨ 1513–1473 онд Мосе нэг бус удаа гутарч байсан ч Еховаг алдаршуулах боломжийг өөрөө хайхын зэрэгцээ ингэхийг израильчуудад чин сэтгэлээсээ уриалж байв (Д.хууль 31:1–8). Учир нь тэрбээр өөрийнхөө нэрээс илүүтэйгээр Еховагийн нэр болон хэмжээгүй эрх мэдлийг эрхэмлэн дээдэлдэг байсан (Ег. 32:10–13; Тоол. 14:11–16). Гутарч цөхрөх үе байлаа ч бид бас Бурхны захирах эрхийг дэмжиж, аливааг үйлдэх арга барил нь хамгийн мэргэн, хамгийн зөв, хамгийн сайн гэдэгт итгэсээр байх учиртай (Ис. 55:8–11; Иер. 10:23). Та тэгдэг үү?
Сонор сэрэмжтэй байгтун!
16, 17. Марк 13:35–37-г бид ямар учраас онцгой анхаарах ёстой вэ?
16 «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй» (Марк 13:33). Есүс эд юмсын ёс бус тогтолцооны төгсгөлийн шинж тэмдэг юу байх тухай ярьж байхдаа ийнхүү анхааруулжээ. Маркийн тэмдэглэсэн Есүсийн агуу зөгнөлийн сүүлийн хэсгийг анхааръя. «Сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. „Сонор сэрэмжтэй байгтун“ хэмээн айлдав» (Марк 13:35–37).
17 Есүсийн хэлсэн энэ үг нэгийг бодогдуулдаг. Тэрбээр шөнийн манааны дөрвөн үеийг дурдсан. Манааны дөрөв дэх үе ойролцоогоор гурван цагаас нар мандтал үргэлжилдэг тул сэргэг байхад маш хэцүү байдаг аж. Тийм ч учраас дайсан руу довтлоход хамгийн таатай, «унтаж» байхад нь барих боломж их олддог үе гэж цэргийн стратегичид үздэг. Түүнтэй адил, дэлхий ертөнц сүнслэг утгаар нам унтаж байгаа энэ үед сэргэг байх гэж туйлын их хичээх шаардлагатай байж болох юм. Зөгнөсөн ёсоор төгсгөл болоход аврагдана гэдэгтээ та эргэлзэлгүй итгэн, «анхаарч», «сонор сэрэмжтэй» байдаг уу?
18. Еховагийн Гэрчүүд бид ямар хосгүй завшаантай хүмүүс вэ?
18 Өгүүллийн эхэнд дурдсан амьтан сургагч Бенгалын бард бариулсан ч амьд мэнд үлджээ. Харин төгсгөл удахгүй болоход хуурамч шашин хийгээд ёс бус тогтолцооны үлдсэн хэсэг хаашаа ч зугтаж чадахгүйг Библийн зөгнөл баараггүй хэлдэг (Илч. 18:4–8). Бурхны үйлчлэгчид бид хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ Ноагийнхны адилаар, Еховагийн өдөрт бэлэн байхын төлөө чадах бүхнээ хийхийн чухлыг ухамсарлацгаая. Бурхныг үл хүндэтгэдэг өнөөгийн ертөнцөд хуурамч шашны багш нар, агностик болон бурхангүй үзэлтнүүд Бүтээгчийг үг хэлээрээ доромжлон тохуурхдаг. Харин бид тэдний нөлөөнд автах учиргүй. Энэ өгүүллээр үзсэн жишээг зүрх сэтгэлдээ хоногшуулан, Еховаг «бурхдын Бурхан, ... агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан» хэмээн баталж, хүндлэн дээдлэх боломж бүрийг хайж явцгаая (Д.хууль 10:17).
Санаж байна уу?
• Ноа гэрийнхнийхээ сүнслэг хэрэгцээг онцгой анхаарах хэрэгтэй байсны учир юу вэ?
• Өнөө үе Ноагийн үетэй юугаараа адилхан бэ?
• Гутарч цөхрөх үе байсан ч Мосе Еховагийн амлалтад анхаарлаа төвлөрүүлж чадсаны учир юу вэ?
• Библийн ямар ямар зөгнөл таныг сүнслэгээр сэргэг байхад түлхэц болдог вэ?
[25-р хуудасны зураг]
Ноа болон түүний гэрийнхэн Еховагийн даалгасан ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн
[26-р хуудасны зураг]
Мосег сонор сэрэмжтэй байхад Бурхны баттай амлалт тус болсон