Сүнслэг өвөө эрхэмлэн зөв шийдвэр гаргацгаая
«Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» (РОМ 12:9).
1, 2. а) Та яагаад Бурханд үйлчлэхээр шийдсэн бэ? б) Сүнслэг өв хөрөнгийн талаар ямар асуултуудыг авч үзэх вэ?
ОЛОН САЯ хүн Ехова Бурханд үйлчилж, Есүс Христийн мөрөөр алдалгүй дагахаар шийдсэн нь ухаалаг хэрэг юм (Мат. 16:24; 1 Петр 2:21). Тэд Библийн цөөн хэдхэн зүйлийг хагас дутуу мэдчихээд Бурханд өөрийгөө зориулахаар шийдсэн юм биш ээ. Харин Үгийг нь нямбай судалсны үр дүнд өв хөрөнгө өвлүүлнэ гэсэн амлалтад бат итгэсэн. Еховаг болон түүний илгээсэн Есүс Христийг таньж мэдэх гэж хичээдэг хүмүүс ийм өвтэй болох юм (Иох. 17:3; Ром 12:2).
2 Тэнгэрийн Эцэг Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа бат бэх байлгая гэвэл таалалд нь нийцсэн шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ өгүүллээр дараах чухал асуултыг авч үзнэ. Христианууд бидний өв хөрөнгө гэж юу вэ? Энэ өвөө хэрхэн үзэх ёстой вэ? Яавал энэ өвийг эзэмших вэ? Ухаалаг байж, зөв шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ?
БИДНИЙ ӨВ ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?
3. а) Тослогдогсод юу өвлөх вэ? б) Өөр хонинууд юу өвлөх вэ?
3 Харьцангуй цөөхөн христиан «мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй» өвтэй болохоо тэсэн ядан хүлээж байгаа. Тэд Христтэй хамт тэнгэрээс захирах хосгүй завшаантай (1 Петр 1:3, 4). Энэ өвийг авахын тулд «дахин төрөх» ёстой (Иох. 3:2–3, ШГ). Тэгвэл тослогдсон христиануудтай хамт Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг олон сая «өөр хонинууд» юу өвлөх вэ? (Иох. 10:16, ШГ). Нүгэл үйлдсэн Адам Ева хоёрын авч чадаагүй мөнхийн амийг өвлөн авч диваажин дэлхийд амьдарна. Тэнд гашуудал, зовлон, үхэл гэдгийг үзэхгүй (Илч. 21:1–4). Есүс шонд хадуулчихаад байхдаа хажуудаа байсан гэмт хэрэгтэнд «Өнөөдөр би чамд үнэнээр хэлье. Чи надтай хамт Диваажинд байх болно» хэмээн амласан (Лук 23:43, ШЕ).
4. Бид ямар ивээл хүртдэг вэ?
4 Одоо хүртэж буй ивээл хишиг ч тэр өвийн нэг хэсэг юм. Бид «Христ Есүс доторх золилтод» итгэдэг учир Бурхантайгаа ойр дотно, тайван амгалан байдаг (Ром 3:23–25). Бурхны Үгэнд бичсэн ирээдүйд биелэх амлалтуудыг тодорхой ойлгодог. Хайраар гагнагдсан итгэл нэгт ах дүүс маань дэлхийн өнцөг булан бүрд байдаг болохоор баяр баясгалантай явдаг. Бас Ехова Бурхны Гэрч байна гэдэг асар их нэр төрийн хэрэг юм. Ийм өвөө үнэлж эрхэмлэхгүй байхын аргагүй!
5. Сатан Бурхны ард түмнийг яаж сорьдог вэ? Түүний «заль мэхний эсрэг бат зогсъё» гэвэл яах хэрэгтэй вэ?
5 Үнэлж баршгүй энэ өвийг алдах аюул байдаг тул Сатаны урхинаас болгоомжлох хэрэгтэй. Бурхны ард түмнийг өвөөс нь салгахын тулд Сатан байнга сорьж, буруу шийдвэр гаргуулах гэж оролддог (Тоол. 25:1–3, 9). Устгагдах цаг нь ойртож байгаагаа мэддэг учир биднийг төөрөгдүүлэх гэж улам их хичээж байна (Илчлэлт 12:12, 17-г уншина уу). «Диаволын заль мэхний эсрэг бат зогсъё» гэвэл сүнслэг өв хөрөнгөө үргэлж өндөр үнэлэх нь маш чухал (Еф. 6:11). Исаакийн том хүү Есав өв хөрөнгөндөө яаж хандсан нь бидэнд сургамж болдог.
ЕСАВЫГ БҮҮ ДУУРИАГААРАЙ
6, 7. Есав гэж хэн бэ? Ямар хосгүй өв эзэмших байсан бэ?
6 Одоогоос 4 000 орчим жилийн өмнө Исаакийн эхнэр Ребека ихэр хөвгүүд төрүүлжээ. Есав Иаков хоёр өсөж томрохын хэрээр зан чанар, сонирхдог зүйл нь огт адилгүй болов. «Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа» (Эх. 25:27). «Номхон дөлгөөн» гэж орчуулсан еврей үг нь «үнэнч, гэм буруугүй» гэсэн утга илэрхийлдэг хэмээн Библийн орчуулагч Роберт Олтер бичжээ.
7 Есав Иаков хоёрыг 15-тай байхад өвөө Абрахам нь нас баржээ. Гэсэн ч Ехова Абрахамын үрээр дамжуулан дэлхийн бүх үндэстнийг ивээнэ гэсэн амлалтаа өөрчлөлгүй, хүү Исаакт нь дахин хэлсэн (Эхлэл 26:3–5-ыг уншина уу). Эхлэл 3:15-д зөгнөсөн «үр» буюу Мессиа Абрахамын удмаас гарахыг Бурхан ийнхүү илчилсэн аж. Исаакийн ууган хүү Есавд Бурхны амлалт онцгой хамаатай байлаа. Өөрөөр хэлбэл, Мессиа түүний үр удмаас гарах байв. Ямар хосгүй өв бэ! Харин Есав үүнийгээ үнэлж эрхэмлэдэг байсан уу?
8, 9. а) Есав өвийнхөө талаар ямар шийдвэр гаргасан бэ? б) Олон жилийн дараа юу ухаарсан бэ? Тэгээд яасан бэ?
8 Нэгэн өдөр Есавыг хээрээс ирэхэд Иаков «шөл буцалгаж» байв. Есав: «Наад улаан шөлнөөсөө ганц балгыг түргэхэн өгөөрэй. Үхтэлээ ядарлаа!» (ШЕ) гэжээ. Тэгэхэд нь Иаков: «Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач» гэв. Есав яасан бэ? «Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ?» хэмээн хариулжээ. Тийм ээ, тэрбээр ууган хүү байх эрхээ ганцхан аяга шөлнөөс худалдсан юм! Энэ эрхээ үнэхээр худалдсаныг нь Иаков мэдэхийн тулд «Өнөөдөр надад тангарагла!» хэмээн шаардав. Есав өчүүхэн ч эргэлзэж тээнэгэлзэлгүй тангараглажээ. Дараа нь «Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов» (Эх. 25:29–34).
9 Тэр цагаас хойш олон жил өнгөрч нас өндөр болсон Исаакийн үхэх өдөр ойртжээ. Тиймээс Ребека Есавын худалдсан ууган хүүгийн эрх Иаковынх болсныг баталгаажуулахыг хүссэн. Есав ямар мунхаг юм хийснээ хожим хойно нь ухаармагцаа Исаакаас «Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч! ... Надад хүртээх ерөөл адис танд үлдээгүй гэж үү?» хэмээн өвдөг сөгдөн гуйв. Иаковыг ерөөсөн тул чамд хэлэх ерөөл үлдсэнгүй хэмээн эцгийгээ хэлэхэд Есав «чангаар уйлав» (Эх. 27:30–38).
10. Есав Иаков хоёрыг Ехова юу гэж үзсэн бэ? Яагаад?
10 Библид тэмдэглэсэн энэ үйл явдлаас Есавыг ямар хандлагатай хүн байсан гэж дүгнэж болох вэ? Өвөө эрхэмлэж ирээдүйд ивээл хүртсэнээс, махан биеийн хүслээ хангах нь түүний хувьд илүү чухал байлаа. Есав ууган хүү байх эрхээ ч үнэлдэггүй, Еховаг ч үнэн сэтгэлээсээ хайрладаггүй хүн байсан. Түүнээс гадна, гаргасан шийдвэр нь үр удамд нь яаж нөлөөлөхийг бодож үзээгүй. Харин Иаков өөрийн өвийг ихэд эрхэмлэдэг байв. Тухайлбал, эхнэр авах болоход эцэг эхийнхээ зөвлөгөөг дагасан (Эх. 27:46—28:3). Энэ нь тийм ч амархан байгаагүй. Олон юмыг тэвчиж, өчнөөн гарз хохирол амссаны эцэст Мессиагийн өвөг болсон. Есав Иаков хоёрыг Бурхан юу гэж үзсэн бэ? «Би Иаковыг хайрлаж, харин Есавыг үзэн ядсан» хэмээн айлдсаныг зөнч Малахи бичжээ (Мал. 1:2, 3).
11. а) Есавд тохиолдсон явдал христианууд бидэнд сургамж болдог гэхийн учир юу вэ? б) Паул Есавын тухай бичихдээ яагаад садар самууныг дурдсан бэ?
11 Есавд тохиолдсон явдал өнөөгийн бидэнд үнэхээр сургамжтай. Элч Паул итгэл нэгтнүүддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж «садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй [«ариун юмыг эрхэмлэдэггүй», ШЕ] хүн болчихгүйн тулд сэрэмжил» хэмээн бичжээ (Евр. 12:16). Бид энэ сануулгыг анхаарч, ариун юмыг үргэлж эрхэмлэн үнэлэх ёстой. Ингэвэл махан биеийн хүсэл тачаалдаа дийлдэхгүй, сүнслэг өвөө ч алдахгүй. Паул Есавын тухай бичихдээ яагаад садар самуун гэдэг үгийг дурдсан юм бол? Есавын адилаар, махан биеийн хүсэлдээ дийлдвэл садар самуун гэх мэтийн нүгэл үйлдэж сүнслэг өвөө алдах аюултай учраас тэр ажээ.
ОДООНООС ЗҮРХЭЭ БЭЛДЭЭРЭЙ
12. а) Сатан биднийг уруу татахын тулд яадаг вэ? б) Буруу юм хийх гээд байвал Библид байдаг хэний жишээг санах нь тустай вэ?
12 Еховагийн үйлчлэгчид бид садар самуун явдалд хүргэх аливаа юмнаас зайлсхийдэг. Тиймд хорхой хүргэм зүйлтэй тулгарлаа гэхэд татагдахгүй байхад туслахыг Еховагаас гуйн залбирдаг (Мат. 6:13). Ёс суртахуунгүй явдал газар авсан өнөөгийн ертөнцөд Бурхандаа үнэнч байхын төлөө чадах бүхнээ хийдэг. Гэвч Сатан Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахыг байнга хичээдэг (Еф. 6:12). Ёс бус ертөнцийн бурхан Сатан хүнийг махан биеийн хүсэлдээ яавал дийлдэхийг мэддэг. Тиймээс хорхой хүргэм зүйлийг бидний зам дээр тавьж уруу татахыг оролддог (1 Кор. 10:8, 13). Жишээ нь, махан биеийн хүслээ хангах нөхцөл бүрджээ гэж бодъё. Ийм үед та яах вэ? «Түргэхэн өгөөрэй» гэж хэлсэн Есавыг дууриах уу? Эсвэл Потифарын эхнэрт уруу татагдалгүй зугтсан Иаковын хүү Иосефыг дууриах уу? (Эхлэл 39:10–12-ыг уншина уу).
13. а) Өнөөдөр зарим хүн Иосефыг яаж дууриадаг вэ? Зарим нь Есавыг яаж дууриадаг вэ? б) Есавтай адил болохгүйн тулд бид яах ёстой вэ?
13 Итгэл нэгтнүүд маань хорхой хүргэм зүйлтэй тулгарахлаараа Есавыг дууриах уу, Иосефыг дууриах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болдог. Ихэнх нь зөв шийдвэр гаргаж Еховаг баярлуулдаг (Сур. 27:11). Харин зарим нь буруу шийдвэр гаргаж сүнслэг өвөө алдсан Есав шиг болдог нь харамсалтай. Жил бүр олон хүн сахилга батын арга хэмжээ авахуулах юм уу хурлаас хасагддаг. Тэдний нэлээд нь садар самуун явдалд орооцолдсон байдаг аж. Тиймээс ямар ч үед хорхой хүргэм зүйлд татагдахгүйн тулд одооноос зүрхээ бэлдэх нь чухал! (Дуу. 78:8). Хорхой хүргэм зүйлд татагдаж, хожим нь харамсах буруу шийдвэр гаргахгүйн тулд дор хаяж хоёр алхам хийх хэрэгтэй.
ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ, ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭЭРЭЙ
14. Ямар асуултыг бодож үзвэл «бузар мууг жигшиж», «сайнаас зуурах» вэ?
14 Юуны өмнө, нүгэл үйлдэхийн хор уршгийг эргэцүүлж бодох хэрэгтэй. Еховаг хэдийчинээ их хайрлана, сүнслэг өвөө төдийчинээ үнэлж эрхэмлэнэ. Бидний хэн нь ч хайртай хүнээ гомдоохыг хүсдэггүй шүү дээ. Харин ч тэр хүнийг баярлуулахын төлөө чадах бүхнээ хийдэг. Тиймээс махан биеийн хүсэл тачаалдаа дийлдэх нь өөрт төдийгүй өрөөл бусдад ямар гай тарихыг эргэцүүлж бодох нь зүйтэй. Дараах асуултыг өөртөө тавьцгаая. «Махан биеийн хүсэлдээ хөтлөгдвөл Еховатай тогтоосон харьцаа минь юу болох вэ? Гэр бүлийнхэн маань яах вэ? Итгэл нэгтнүүдэд яаж нөлөөлөх вэ? Бусдыг гонсойлгохгүй юү?» (Флп. 1:10). Түүнчлэн, «Хоромхон зуур жаргал эдлээд эцэст нь дааж давшгүй сэтгэлийн зовлон амсах юм биш биз? Хийсэн хэргийнхээ үр дагаврыг мэдээд цурхиран уйлсан Есав шиг болмоор байна уу?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй (Евр. 12:17). Энэ мэтээр эргэцүүлж боддог бол «бузар мууг жигшиж», «сайнаас зуурна» (Ром 12:9). Еховаг үнэхээр хайрладаг бол өвөө хамгаална (Дуу. 73:28).
15. Сүнслэг байдалд маань аюултай алив бүхнээс өөрийгөө хамгаалахад юу туслах вэ?
15 Түүнчлэн, хүчээ сэлбэх нь чухал. Сүнслэг байдалд маань аюултай алив бүхнээс өөрийгөө хамгаалахад туслах олон зүйлийг Ехова бидэнд өгдөг. Үүнд: Библи, цуглаан, дэлгэрүүлэх ажил, залбирал зэргийг дурдаж болно (1 Кор. 15:58). Бид Еховад сэтгэлээ уудлан залбирах бүрдээ, дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцох бүрдээ хорхой хүргэм зүйлд татагдахгүй байх хүч тэнхээтэй болж бэлтгэгддэг (1 Тимот 6:12, 19-ийг уншина уу). Тиймээс чамгүй их хүчин чармайлт гаргах шаардлагатай (Гал. 6:7). Үүнийг «Сургаалт үгс» номын 2-р бүлэгт онцолсон байдаг.
ҮРГЭЛЖ ЭРЖ ХАЙГААРАЙ
16, 17. Ухаалаг байж зөв шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ?
16 Мэргэн ухааныг олж авч, тунгаан бодож сурахын төлөө шаргуу ажиллахыг «Сургаалт үгс» номын 2-р бүлэгт уриалсан байдаг. Энэ уриалгыг хүлээж авбал зөв бурууг ялгаж, хүслээ хазаарлаж сурна. Гэхдээ сэтгэл зүтгэл гаргасан цагт л ийм амжилтад хүрнэ. Библид энэ тухай ийн бичжээ. «Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг» (Сур. 2:1–6).
17 Дээрх зөвлөгөөг ажил хэрэг болгодог бол ухаалаг байж зөв шийдвэр гаргана. Хэрэв Еховагийн «хэлэхийг хүлээн авч», дотор хүнээ өөрчилдөг бол, хэрэв Бурхнаас удирдлага заавар гуйн шаргуу залбирдаг бол, хэрэв Бурхны мэдлэгийг нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол хорхой хүргэм зүйлд татагдахгүй.
18. Та яахаар шийдсэн бэ? Яагаад?
18 Мэдлэг, ойлголттой болж, мэргэн ухаан олж авахыг хичээж мэрийдэг, эрж хайдаг хүмүүст Ехова энэ бүхнийг бэлэг болгон өгдөг. Хэдийчинээ их эрж хайж, түүнийгээ ашиглана, Ехова Бурхантай төдийчинээ ойр дотно болно. Энэ нь хорхой хүргэм зүйл тулгарахад хамгаалалт болно. Еховатай дотно байж, сүсэглэн эмээдэг бол нүгэл үйлдэхгүй (Дуу. 25:14; Иак. 4:8). Тиймээс Бурхантай анд нөхрийн харьцаатай байж, мэргэн ухаан өгдөг Бурхнаараа удирдуулан зөв шийдвэр гаргаж явцгаая. Ингэвэл Ехова Бурхнаа баярлуулна, сүнслэг өвөө ч алдахгүй.