«Би Таны үнэнээр явах болно»
«Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно» (ДУУ. 86:11).
1-3. а) Бид Библийн үнэнийг хэрхэн үзэх ёстой вэ? Жишээгээр тайлбарлана уу. (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?
ДЭЛГҮҮРЭЭС худалдаж авсан барааг буцаах нь түгээмэл болжээ. Зарим оронд явуулсан судалгаанаас харахад худалдан авагчид авсан барааныхаа 9 хувийг буцаадаг нь тогтоогдсон. Онлаинаар захиалж авсан барааг буцаах нь 30 хувиас ч илүү байдаг ажээ. Шаардлага хангахгүй, гэмтэлтэй эсвэл санаанд таараагүйгээс болоод өөр бараагаар солих юм уу буцаадаг байна.
2 Худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох ч «худалдаж авсан» Библийн үнэний тухай «зөв мэдлэгээ» буцаах буюу «зарж» хэрхэвч болохгүй (Сургаалт үгс 23:23-ыг уншина; 1 Тим. 2:4). Бид үнэнийг судалж мэдэхийн тулд маш их цаг зарцуулж, цалин сайтай, ирээдүйтэй ажлаа орхиж, ойр дотнын хүмүүстэйгээ арай өөрөөр харьцдаг болж, бодол санаа, биеэ авч явах байдлаа өөрчилж, Библийн зарчимд харш ёс заншил, зан үйлийг дагахаа больсныг өмнөх өгүүллээр ярилцсан. Золиосолсон бүхэн маань хүртэж буй ивээлийн дэргэд юу ч биш билээ.
3 Библийн үнэнийг өөрийн болгох гэж байгаа хүн Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг хүнтэй адилхан. Бурхны Хаант төрийн тухай үнэн хэр их үнэ цэнтэйг ойлгуулахын тулд Есүс нэгэн худалдаачны тухай ярьсан. Тэр хүн үнэтэй сувд хайн хаа сайгүй явсны эцэст ганцхан ширхгийг олдог. Олсон сувдаа худалдаж авахын тулд өөртөө байсан бүх зүйлийг «тэр даруй» зарсныг бодоход ямар их үнэ цэнтэй сувд байсан нь ойлгомжтой (Мат. 13:45, 46). Тэгвэл Бурхны Үгэнд байдаг Хаант төрийн тухай үнэн түүнтэй харьцуулшгүй үнэ цэнтэй. Тийм учраас бид энэхүү үнэнийг өөрийн болгохын тулд шаардлагатай бүхнийг тэр даруй дуртайяа золиосолсон. Үнэнийг эрхэмлэж явбал хэзээ ч «зарахгүй». Гэвч Бурхны зарим үйлчлэгч үнэнийг эрхэмлэхээ болиод зарчихдаг нь харамсалтай. Тэдний алдааг давтахгүй байцгаая! Үнэнийг асар үнэ цэнтэй гэж үзэн, хэзээ ч зарахгүй гэдгээ батлахын тулд «Үнэний замаар яв» гэсэн Библийн зөвлөгөөг дагах шаардлагатай (3 Ёохан 2–4-ийг уншина). Үнэний замаар явах гэдэг нь үнэнийг амьдралынхаа гол зүйл болгож, тэр дагуу амьдарна гэсэн үг. Дараах асуултыг өөрсдөөсөө асууцгаая. Зарим хүн үнэнийг яагаад «зардаг» вэ? Яаж «зардаг» вэ? Тэдний алдааг давтахгүйн тулд яах вэ? «Үнэний замаар явна» гэж эргэлт буцалтгүй шийдье гэвэл яах хэрэгтэй вэ?
ЗАРИМ ХҮН ҮНЭНИЙГ ЯАГААД, ЯАЖ «ЗАРДАГ» ВЭ?
4. Нэгдүгээр зууны зарим шавь үнэнийг яагаад «зарсан» бэ?
4 Нэгдүгээр зуунд амьдарч байсан зарим хүн Есүсийн сургаалыг хүлээж авсан хэр нь үнэний замаар тууштай явж чадаагүй. Жишээ авъя. Нэг удаа Есүс гайхамшиг үйлдэж олон мянган хүнийг хоолложээ. Тэгтэл тэр хүмүүс Есүсийг Галил нуурын нөгөө эрэг хүртэл дагасан. Есүс тэнд очоод нэг хачин юм ярив. «Хүний Хүүгийн махыг идэж, цусыг уухгүй бол та нар амьдрахгүй» гэж хэлэхэд тэд учрыг нь асуухын оронд «Юу ярих нь энэ вэ? Яаж ийм үг сонсох юм бэ?» гэсэн. Тэгээд «олон шавь нь урьдын ажлаа хийж эхлэн Есүсийг дагахаа болив» (Ёох. 6:53–66).
5, 6. а) Зарим хүн яагаад үнэний замаас санаатайгаар гардаг вэ? б) Яавал «урсаад явж» болзошгүй вэ?
5 Өнөөдөр ч бас үнэнээс зуурахаа больдог хүн байдаг нь харамсалтай. Библийн сургаалын талаарх ойлголт өөрчлөгдөхөд эсвэл нэр хүндтэй ахын хэлсэн үг, хийсэн үйлдлээс болоод замаасаа гарсан хүн байхад, Библийн үндэстэй зөвлөгөө өгөхөд дургүйцсэн, итгэл нэгтэнтэйгээ муудалцсанаас болоод үнэнээс холдсон хүн ч бий. Нөгөө нэг хэсэг нь бидний итгэл үнэмшлийг мушгиж тайлбарладаг тэрслэгчид, эсэргүүцэгчдийг дэмждэг. Энэ бүхэн бол Еховагаас, хурлаас санаатайгаар «холдож» эхэлдгийн цөөн хэдэн шалтгаан юм (Евр. 3:12–14). Уг нь элч Петрийг дуурайх хэрэгтэй байсан юм! Есүс элчүүдээс «Та нар бас явмаар байна уу?» гэж асуухад Петр: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амьдруулах чадалтай үг танд бий» гэж хариулдаг (Ёох. 6:67–69).
6 Зарим хүн юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй явсаар үнэнээс аажмаар холддог. Үүнийг, голын урсгал даган эргээс аажуухан холдож буй завьтай адилтгаж болох юм. Ийнхүү «урсаад явчихгүй» байхыг анхааруулсан байдаг (Евр. 2:1). «Урсаад явсан» хүн үнэний замаас санаатайгаар гарсан хүнээс өөр л дөө. Гэхдээ Еховатай үргэлж дотно байхыг хичээхгүй яваад байвал эцэстээ бүрмөсөн хөндийрдөг. Ийм аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
ҮНЭНИЙГ ЗАРАХГҮЙН ТУЛД ЯАХ ВЭ?
7. Үнэнийг зарахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
7 Үнэний замаар явахын тулд Еховагийн хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Үнэнийг амьдралынхаа гол зүйл болгож, Библийн зарчмын дагуу амьдрах ёстой. Давид Еховад залбиран «Би Таны үнэнээр явах болно» гэж амлажээ (Дуу. 86:11). Бид бас Давидын нэгэн адил, Бурхны үнэний дагуу тууштай явахаар эргэлт буцалтгүй шийдсэн байх ёстой. Эс тэгвэл үнэний төлөө золиосолсон бүхнээ бодсоор байгаад буцааж авах хүсэлтэй болж мэднэ. Библийн үнэний заримыг нь авч, заримыг нь гээх боломжгүй. Учир нь «үнэнийг бүрэн гүйцэд» дагах ёстой (Ёох. 16:13). Үнэний төлөө золиосолсон таван зүйлийн тухай өмнөх өгүүллээр ярилцсан. Тэдгээрийг хэзээ ч буцааж авахгүйн тулд яах хэрэгтэйг одоо ярилцъя (Мат. 6:19).
8. Цагаа буруу ашиглавал үнэнээс өөрийн мэдэлгүй холдох аюултайг жишээгээр тайлбарлана уу.
8 Цаг. Урсаад явахгүйн тулд цагаа зөв ашиглах ёстой. Сэрэмж алдвал зугаацаж цэнгэх, дуртай юмаа хийх, интернэт хэсэх, зурагт үзэхэд хэтэрхий их цаг зарцуулдаг болох аюултай. Эдгээр нь буруу биш ч хэтрүүлбэл Библийг бие дааж судлах, Еховад үйлчлэх цаг гарахгүй. Эммаa гэдэг Гэрч бүсгүйд юу тохиолдсоныг үзье. Тэрээр хүүхэд байхаасаа моринд хорхойсдог байжээ. Боломж л гарвал морь унана. Гэхдээ дуртай юмандаа хамаг цагаа үрж байгаадаа гэмшдэг болжээ. Амьдралын хэвшлээ өөрчилсний дүнд цагаа зөв ашигладаг болсон байна. Бас морьтой үзүүлбэр үзүүлдэг байсан Кори Вэллсийн тухай нэвтрүүлгийг үзээд урам зориг оржээ.b Эмма одоо Еховад үйлчлэхэд, Гэрч гэрийнхэн болон найз нөхөдтэйгөө хамт байхад илүү их цаг зарцуулдаг болсон. Тэрээр Еховатай улам дотносжээ. Бас цагаа зөв ашиглаж байгаа учраас сэтгэл амар явдаг ажээ.
9. Яавал эд хөрөнгийг чухалчилж мэдэх вэ?
9 Эд хөрөнгө. Үнэний замаар зогсолтгүй явъя гэвэл эд хөрөнгийн талаар үргэлж зөв үзэлтэй байх ёстой. Бид үнэнийг мэдэж аваад, Еховад үйлчлэх нь эд зүйлээс илүү чухал гэдгийг ойлгосон. Тэгээд үнэний замаар явахын тулд эд хөрөнгөө золиосолсондоо баяртай байсан. Харин цагийн аясаар сүүлийн үеийн цахилгаан бараа гэх мэтийн эд зүйл худалдан авч байгаа хүмүүсийг хардаг болж магадгүй. Тэгвэл ямар нэг юм дутагдаад байх шиг санагддаг болно. Дараа нь байгаа юмандаа сэтгэл ханахаа больж, Еховад үйлчлэхийг бус, эд зүйл цуглуулахыг чухалчилдаг болно. Энэ нь Демийг санагдуулдаг. Тэрээр «энэ ертөнцийг хайрласнаас» болоод элч Паултай хамт үйлчлэхээ больсон (2 Тим. 4:10). Паулыг яагаад орхисон бэ? Эд хөрөнгийг Еховагаас илүү хайрладаг болсон байх. Эсвэл Паултай хамт үйлчлэхийн тулд ямар нэгэн юмаа гаргуунд нь гаргах хүсэлгүй болсон ч байж мэднэ. Бидэнд ямар сургамжтай вэ? Үнэнийг бус, эд хөрөнгийг хайрладаг болох аюулаас сэрэмжлэх хэрэгтэй.
10. Үнэний замаар тууштай явахын тулд яах ёсгүй вэ?
10 Ойр дотныхонтойгоо харьцах харьцаа. Үнэний замаар тууштай явъя гэвэл бусдын нөлөөнд автах ёсгүй. Бид үнэний зам дээр гарч зогсоод л Гэрч биш найзууд, гэр бүлийн гишүүдтэйгээ арай өөр харьцдаг болсон. Зарим нь биднийг шинэ итгэл үнэмшилтэй болоход хүлээцтэй хандсан ч, зарим нь эсэргүүцсэн (1 Петр 4:4). Бид гэрийнхэнтэйгээ эвтэй байж, аятайхан харьцахыг хичээдэг. Гэхдээ сэтгэлд нь нийцүүлэх гээд байвал Еховагийн хэм хэмжээг зөрчих аюултайг санаж явах хэрэгтэй. Зөвхөн Еховаг хайрладаг хүмүүстэй л дотносон нөхөрлөх учиртайг 1 Коринт 15:33-т тодорхой сануулсан байдаг.
11. Зохисгүй юм бодох, хийхээс хэрхэн зайлсхийх вэ?
11 Зохисгүй юм бодох, хийх. Үнэний замаар явдаг хэн боловч ариун байх ёстой (Ис. 35:8; 1 Петр 1:14–16-г уншина). Бид үнэнийг анх мэдээд Библийн хэм хэмжээний дагуу өөрчлөгдсөн. Зарим маань эрс өөрчлөгдөх шаардлагатай байсан. Аль нь ч байсан, бид цэвэр ариун байдлаа энэ ертөнцийн бузар булай юугаар ч сольж болохгүй. Садар самуун явдалд уруу татах гэсэн аливаа сорилтод унахгүйн тулд яах вэ? Ехова биднийг ариусгахын тулд ямар үнэ төлснийг бодоорой. Хүү Есүс Христийнхээ амийг өгсөн шүү дээ (1 Петр 1:18, 19). Еховагийн өмнө үргэлж цэвэр ариун байя гэвэл Есүсийн золиос ямар их үнэ цэнтэйг байнга санаж явах учиртай.
12, 13. а) Баяр ёслолын талаар бид яагаад Еховагийнхтай адилхан үзэл бодолтой байх ёстой вэ? б) Одоо юу үзэх вэ?
12 Бурханд таалагддаггүй ёс заншил, зан үйл. Гэрийнхэн, ажлынхан, ангийнхан маань биднийг баяр ёслолдоо оролцуулах гээд байж магадгүй. Ийм дарамт шахалтад автахгүйн тулд яах вэ? Баяр ёслолыг Ехова юу гэж үздэг, яагаад дургүй байдгийг тод санаж явах хэрэгтэй. Манай ном хэвлэлд нийтлэгдсэн баяр ёслолын гарал үүслийн тухай өгүүллүүдийг судлах нь тустай. Баяр ёслолд оролцдоггүй маань Библийн ямар үндэслэлтэйг санавал «Эзний таалалд ... нийцдэг» замаар явж байгаадаа итгэлтэй байна (Эф. 5:10). Еховад найдаж, Үгэнд нь итгэдэг бол бусад хүн юу гэж бодохоос айхгүй (Сур. 29:25).
13 Бид үнэний замаар түр зуур л явж байгаа юм биш ээ. Үүрд явна. Үнэний замаар явахаар эргэлт буцалтгүй шийдэхэд юу тус болох вэ? Гурван аргыг үзье.
ҮНЭНИЙ ЗАМААР ЯВНА ГЭЖ БАТ ШИЙДЭЭРЭЙ
14. а) Библийг судлаад л байвал үнэнээс хэзээ ч холдохгүй гэж бат шийднэ гэхийн учир юу вэ? б) Яагаад «мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг» олж авах хэрэгтэй вэ?
14 Нэгд, Библийг судлаад л, эргэцүүлээд л байгаарай. Тогтмол судлах цагийн хуваарь гаргаарай. Библийг хэдийчинээ их судална, үнэнийг төдийчинээ их эрхэмлэнэ. Тэгээд хэзээ ч зарахгүй гэж бат шийднэ. Сургаалт үгс 23:23-т үнэнийг төдийгүй «мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг» худалдаж ав гэжээ. Үнэнийг мэдэж авснаар бүх юм дуусахгүй. Ажил хэрэг болгох хэрэгтэй. Оюун ухааныг худалдаж авбал үнэнийг ойлгож шинэ мэдлэгээ урьдын мэдлэгтэйгээ уялдуулж чадна. Мэргэн ухаантай болбол мэдсэнээ хэрэгжүүлэх хүсэл төрнө. Бурхны тухай үнэн бидэнд заавар өгч, юугаа өөрчлөх хэрэгтэйг маань сануулдаг. Бид ойлгосон даруйдаа өөрчлөгдөх гэж хичээх нь чухал. Ийм заавар цалин цагаан мөнгөнөөс ч үнэтэй (Сур. 8:10).
15. Үнэний бүс биднийг хэрхэн хамгаалдаг вэ?
15 Хоёрт, өдөр бүр үнэний дагуу амьдрахаар бат шийдээрэй. Үнэний бүсийг бүслээрэй (Эф. 6:14). Библи бичигдэж байх үеийн цэргийн суран бүс нь бүсэлхий болон дотор эрхтнийг хамгаалдаг байв. Өөрийгөө хамгаалъя гэвэл бүсээ чанга бүслэх шаардлагатай байсан. Тэгвэл үнэний бүс биднийг хэрхэн хамгаалдаг вэ? Бүсийг чанга бүсэлдэг шиг цаг үргэлж Библийн үнэний дагуу явбал буруу юм бодохгүй. Харин зөв шийдвэр гаргана. Хорхой хүргэм зүйл, сорилт бэрхшээл тулгарсан үед зөв юм хийнэ. Цэрэг хүн тулалдаанд орохдоо бүсээ сулруулах юм уу тайлдаггүй шиг, бид үнэний бүсээ тайлж болохгүй. Ямар ч үед, ямар ч асуудал тулгарсан Библийн үнэний дагуу явцгаая. Түүнээс гадна цэрэг хүн бүсэндээ илд зүүдэг байжээ. Бидэнд бас үнэний бүсэндээ зүүдэг илд гэж бий. Энэ талаар одоо ярилцъя.
16. Библийн үнэнийг заахлаар үнэний замаар явах шийдвэр маань яагаад батаждаг вэ?
16 Гуравт, Библийн үнэнийг заах ажилд чадлынхаа хэрээр оролцоорой. Ингэдэг бол «Бурхны үг» гэдэг илдийг чанга барьж байна гэсэн үг (Эф. 6:17). Бид бүгдээрээ «үнэний үгийг зөв заагч», чадварлаг багш болохыг хичээх ёстой (2 Тим. 2:15, зүүлт). Үнэнийг худалдаж авахад нь хүмүүст туслахын тулд Библийг ашиглацгаая. Ингэвэл бид өөрсдөө үнэнийг илүү сайн ойлгож эрхэмлэдэг болно. Улмаар үнэний замаар явах шийдвэр маань батажна.
17. Бурхны тухай үнэнийг та яагаад үнэлж эрхэмлэдэг вэ?
17 Библийн үнэн бол Еховагийн өгсөн үнэтэй бэлэг юм. Бид энэ бэлгийг аваад тэнгэрийн Эцэгтэйгээ дотноссон билээ. Энэ нандин харьцаа бидэнд хамгийн үнэтэй. Өнөөдрийг хүртэл Еховагаар заалгасан үнэн бол эхлэл төдий юм! Ехова үүрд мөнхөд зааж сургахаа амладаг. Тиймд Библийн үнэнийг үнэтэй ганц сувд мэт үнэлж эрхэмлэж явцгаая. «Үнэнийг худалдаж авсаар» байцгаая. Хэзээ ч зарахгүй гэж бат шийдэцгээе. Тэгвэл Давидын нэгэн адил, «Би Таны үнэнээр явах болно» гэсэн амлалтаа биелүүлнэ (Дуу. 86:11).
a Нэрийг өөрчлөв.
b JW телевизийн INTERVIEWS AND EXPERIENCES > TRUTH TRANSFORMS LIVES гэж орно уу (англи).