Ехова үйлчлэгчдийнхээ үйлсийг үнэлдэг
«Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» (ЕВРЕЙ 6:10).
1. Ехова моаб эмэгтэй Рутийг хэрхэн шагнасан бэ?
ЕХОВА хүсэл тааллыг нь биелүүлдэг хүмүүсийн хичээл зүтгэлийг өндөр үнэлдэг бөгөөд тэднийг арвин ихээр ивээдэг (Еврей 11:6). Эрт цагт амьдарч байсан Боаз гэдэг хүн үүнийг сайн мэддэг байжээ. Тийм ч учраас, бэлэвсэрч үлдсэн хадам эхийгээ асарч байсан моаб эмэгтэй Рутэд: «ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай!» гэж хэлжээ (Рут 2:12). Ехова Рутийг яаж шагнасан бэ? Рутийн түүхийг Библид бичүүлж үлдээсэн. Бас, Боазтай ханилан сууж, Давид Есүс хоёрын элэнц эх болох ховорхон боломж олгосон (Рут 4:13, 17; Матай 1:5, 6, 16). Ехова үйлчлэгчдийнхээ үйлсийг өндөр үнэлж, тэднийг шагнадгийг харуулах жишээ Библид олон байдгийн нэг нь Рутийн түүх юм.
2, 3. а) Ехова бидний юуг үл харгалзан, сайн үйлсийг маань өндөр үнэлдэг вэ? б) Ехова үйлчлэгчдийнхээ хүчин чармайлтыг эрхэмлэдгийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
2 Хэрэв Ехова үйлчлэгчдийнхээ үйлсийг үнэлэхээ боливол энэ нь шударга бус явдал болох аж. Еврей 6:10-т: «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж байдаг. Эндээс, Ехова үнэнч үйлчлэгчдээ нүгэлтэй гэж дорд үзэлгүй, өөрийнх нь «алдарт хүрдэггүй» гэж гололгүй, сайн үйлс бүхнийг нь өндөр үнэлдэг нь харагдаж байна (Ром 3:23).
3 Хэдийгээр, бид Ехова Бурхандаа үнэнч үйлчилдэг ч, төгс бусынхаа улмаас заримдаа өөрсдийгөө чамлаж, Бурхныхаа ивээл хишгийг хүртэх зохисгүй гэж боддог. Гэсэн ч Ехова бидний аж байдлыг харгалзан үзэж, сэтгэлийг маань бүрэн дүүрэн ойлгож, «бүх зүрхээрээ» үйлчилдгийг маань өндөр үнэлдэг (Матай 22:37). Үүнийг жишээгээр тайлбарлая. Нэгэн эмэгтэйг гэртээ иртэл, ширээн дээрх бэлэг нүдэнд нь тусжээ. Аваад үзвэл, хямдхан зүүлт байлаа. Жаахан охин нь цуглуулсан бүх мөнгөөрөө ээждээ энэ зүүлтийг авснаа бичсэн зурвас үлдээснийг олж үзмэгцээ, тэр бэлэг хэчнээн үнэтэй болохыг ойлгожээ. Сэтгэлийн бэлэг авсан эх баярлаж талархсанаа охиндоо хэлэх нь лавтай.
4, 5. Есүс Еховаг дуурайж, бидний үйлсийг өндөр үнэлдэг нь юунаас харагддаг вэ?
4 Ехова бидний боломж бололцоог сайн мэдэж, зүрх сэтгэлийг маань бүрэн ойлгодог учир бүх талаар хичээж мэрийж л байвал их, бага гэлгүй өндөр үнэлдэг. Есүс ч Эцгээ төгс дуурайдаг байсан. Зэс зоос өргөсөн бэлэвсэн эмэгтэйн түүхийг санацгаая. «Есүс дээшээ харж, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав. Мөн хоёр зэс зоос өргөж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг тэр харав. Тэр: „Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө. Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө“» гэжээ (Лук 21:1–4).
5 Есүс тэр эмэгтэйг бэлэвсэн, ядуу хүн гэдгийг мэдэж байсан учраас хандив болгож өгсөн мөнгөнийх нь хэмжээг биш, хамгийн гол нь, сэтгэлийг нь үнэлж, магтсан. Ехова ч бас хүмүүст тийн ханддаг (Иохан 14:9). Боломж бололцоо маань ямар ч байсан, Ехова Есүс хоёр бидний үйлсийг өндөр үнэлдэг нь хэчнээн урамтай вэ!
Еховагийн ивээлийг хүртсэн хүн
6, 7. Ехова Ебед-мелехийг юуны учир, хэрхэн шагнасан бэ?
6 Ехова хүсэл тааллыг нь биелүүлдэг хүмүүсийг ивээдгийг бид Библиэс мэддэг. Тийм хүмүүсийн нэг нь зөнч Иеремиатай нэгэн үед амьдарч байсан Бурхнаас эмээдэг етиоп хүн Ебед-мелех юм. Тэрбээр Иудагийн үнэнч бус хаан Зедекиагийн ордонд үйлчилдэг байжээ. Хааны түшмэд зөнч Иеремиаг ард олныг үймээн самуунд өдөөн хатгасан хэрэгт хилсээр яллан, нөөцлүүрт хаяж, өлсгөж алах гэж байгааг Ебед-мелех олж мэджээ (Иеремиа 38:1–7). Тэд Иеремиагийн тунхагласан мэдээг таалаагүй учраас хорсон зэвүүцсэнийг нь мэдэж байсан Ебед-мелех амь насаараа дэнчин тавин байж хаанд бараалхжээ. Тэгээд: «Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрбээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ» хэмээн зоригтой хэлсэн. Дараа нь хааны тушаалаар, 30 хүний хамт явж, Бурхны зөнчийн амийг аварчээ (Иеремиа 38:8–13).
7 Ебед-мелех өөрт нь итгэдэг байсан учраас тийн эр зориг гаргасныг Ехова мэдэж байв. Тиймд, «Үзэгтүн, Би энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана... Гэвч Би чамайг тэр өдөр аварна... Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй. Учир нь Би чамайг заавал аварна... ...Чи Надад итгэсэн тул өөрийн амийг олз мэт авна» гэж Иеремиагаар хэлүүлжээ (Иеремиа 39:16–18). Хэлсэн ёсоороо, Ебед-мелехийг Иеремиагийн хамтаар хар санаат түшмэдийн гараас, хожим нь Иерусалимыг сүйрүүлсэн вавилончуудаас аварсан. Тийм ээ, Ехова «бурханлаг хүмүүсийн сэтгэлийг [амийг] хамгаалдаг» бөгөөд «тэднийг хорон муу хүний гараас авардаг» (Дуулал 97:10).
«Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө»
8, 9. Есүсийн жишээнээс харахад, Ехова ямар залбирлыг үнэлдэг вэ?
8 Библид: «Цэх шулуун хүний залбирал [Бурхны] таалалд нийцдэг» гэж бичсэн байдаг нь, Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ үйл хэргийг өндөр үнэлдгийн бас нэг баталгаа болдог (Сургаалт үгс 15:8). Есүсийн үед шашны удирдагчид чин сүсэгтэйдээ бус, хүмүүсийн сэтгэлийг өөртөө татах гэсэндээ олны өмнө залбирдаг байв. Есүс тэднийг «шагналаа бүрэн авсан юм» гэж хэлээд, харин шавь нартаа: «Залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө» хэмээн захижээ (Матай 6:5, 6).
9 Есүс олны өмнө залбирахыг хориглоогүй нь мэдээж. Учир нь өөрөө ч олны өмнө залбирдаг байсан билээ (Лук 9:16). Хүмүүсийн сэтгэлийг өөртөө татах зорилгогүйгээр, чин сэтгэлээсээ залбирахад Ехова ихэд үнэлдэг. Бурханд чин сэтгэлээсээ хайртайгаа, итгэж найддагаа харуулах нэг боломж нь ганцаарчлан залбирах явдал юм. Есүс үүнийг чухал гэж үздэг байсан учраас ганцаарчлан залбирах боломж хайдаг байжээ. Нэгэн удаа «өглөө эрт харанхуй байхад... босож» залбирсан. Бас нэг удаа «ганцаараа залбирахаар ууланд гарчээ». Мөн, 12 элчээ сонгохоосоо өмнө шөнөжин залбирсан (Марк 1:35; Матай 14:23; Лук 6:12, 13).
10. Сэтгэлээ уудлан, Еховагийн таалалд нийцүүлж залбирдаг бол юунд итгэлтэй байж болох вэ?
10 Ехова Хүүгээ чин сэтгэлээсээ залбирахад хэчнээн анхааралтай сонсдог байсан бол оо! Есүс залбирахдаа заримдаа чанга хашхирч, уйлдаг байсан. Бурхан ч Хүүгээ сонсдог байжээ (Еврей 5:7; Лук 22:41–44). Биднийг ч гэсэн сэтгэлээ уудлан, таалалд нь нийцүүлж залбирахад тэнгэрийн Эцэг маань үүнийг үнэлж, анхааралтай сонсох нь дамжиггүй. Тийм ээ, Ехова «Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг» (Дуулал 145:18).
11. Ганцаараа байхдаа ч өөрт нь үнэнчээр захирагддаг бол Ехова яах вэ?
11 Ехова ганцаарчлан залбирахыг маань анхааралтай сонсож, үнэлдэг юм бол, ганцаараа байхдаа ч өөрт нь дуулгавартай байвал бүр өндөр үнэлэх нь лавтай! Тийм ээ, Ехова биднийг дэргэдээ хүнгүй үед юу хийж байгааг ч мэдэж байдаг (1 Петр 3:12). Ганцаараа байхдаа Еховад үнэнчээр захирагддаг бол түүнд чин сэтгэлээсээ, «бүх зүрхээрээ» үйлчилж, зөв байдлын төлөө бат зогсдогоо батлан харуулж буй хэрэг юм (Шастирын дээд 28:9). Энэ нь Еховаг хэчнээн их баярлуулдаг бол оо! (Сургаалт үгс 27:11; 1 Иохан 3:22).
12, 13. Ухаан санаа, зүрх сэтгэлээ яаж хамгаалах вэ? Есүсийн үнэнч шавь Натанаелын адил магтуулахын тулд яах хэрэгтэй вэ?
12 Үнэнч христианууд садар самуун, хүчирхийллийг сурталчилсан кино, нэвтрүүлэг үзэх гэх мэтийн оюун ухаан, зүрх сэтгэлийг завхруулах нүгэл нууцаар үйлдэхээс сэрэмжилдэг. Хэдийгээр, зарим нүглийг хүмүүсээс нууж болох ч, «[Бурхны] мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг» гэдгээ мартах учиргүй (Еврей 4:13; Лук 8:17). Еховагийн жигшдэг үйл хэргээс хол байхыг хичээдэг хүн мөс чанараа цэвэр байлгаж, Бурхныхаа тааллыг хүлээдэгтээ баярладаг. «Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүнийг» Ехова үнэхээр өндөр үнэлдэг (Дуулал 15:1, 2).
13 Ёс бус ертөнцөд амьдарч байгаа бид ухаан санаа, зүрх сэтгэлээ яаж хамгаалах вэ? (Сургаалт үгс 4:23; Ефес 2:2). Юуны түрүүнд, итгэлийг маань бэхжүүлэх зорилгоор Еховагийн авдаг арга хэмжээний ач тусыг бүрэн дүүрэн хүртэх хэрэгтэй. Бас буруу хүслээ өөгшүүлэн, «нүглийг төрүүлэхгүйн» тулд дор нь арга хэмжээ авч, мууг үзэн ядаж, сайныг үйлдэхийг хичээж мэрийдэг байх ёстой (Иаков 1:14, 15). Есүс Натанаел буюу хожим 12 элчийнх нь нэг болсон Бартоломайг «дотроо заль мэхгүй» хүн гэсэн байдаг. Хэрэв Есүс таныг тэгж хэлбэл танд сайхан санагдана биз дээ! (Иохан 1:47; Марк 3:16–19).
«Өршөөнгүй, итгэмжит Тэргүүн тахилч»
14. Мариагийн хийсэн үйлдлийг Есүс бусдаас хэрхэн өөрөөр үзсэн бэ?
14 «Үл үзэгдэгч Бурхны дүр» болох Есүс, Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг хүмүүсийг өндөр үнэлэн, Эцгийгээ төгс дуурайдаг (Колоссай 1:15). Жишээ нь, үхэхээсээ таван өдрийн өмнө хэдэн шавиа дагуулан Бетанд суудаг Симоны гэрт зочилжээ. Тэр үдэш Лазар Марта хоёрын дүү Мариа «маш үнэтэй [нэг жилийн цалинтай тэнцэх] цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад», Есүсийн хөл, толгойг тосолжээ (Иохан 12:3). Гэтэл зарим хүн: «Юунд ийм үрэлгэн байна вэ?» гэв. Харин Есүс тэднээс өөр бодолтой байлаа. Удахгүй үхээд, оршуулагдах гэж байгаагаа мэдэж байсан тэрбээр Мариагийн энэ үйлдлийг чухалд тооцож, өгөөмөр сэтгэлийн илрэл хэмээн үнэлсэн. Тиймээс Мариаг зэмлэлгүй, харин ч магтаж: «Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно» гэж хэлсэн (Матай 26:6–13).
15, 16. Есүс хүн болж дэлхийд ирсэн нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
15 Үйлсийг маань өндөр үнэлдэг Удирдагчтай байна гэдэг ямар их завшаан бэ! Есүс Тэргүүн тахилч, Хаан болж, эхлээд тослогдсон дагалдагчдаа, дараа нь дэлхийг захирах ёстой байв. Еховагийн даалгасан энэ үүргийг биелүүлэх бэлтгэлээ хангахад нь хүн болж дэлхийд амьдарсан нь их тус болсон (Колоссай 1:13; Еврей 7:26; Илчлэлт 11:15).
16 Есүс дэлхийд ирэхээсээ өмнө ч хүмүүсийг онц ихээр хайрладаг байсан (Сургаалт үгс 8:31). Харин хүн болж төрөөд, Бурхны үйлчлэгчдэд ямар хүнд сорилт бэрхшээл тулгардгийг биеэрээ амсаж, тэднийг бүр ч үнэлэх болжээ. Есүс «өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болохын... тулд бүх талаараа Өөрийн ах дүү нартай төстэй болгогдох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна». Тэрбээр «нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон» учир «бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаг» (Еврей 2:17, 18; 4:15, 16).
17, 18. а) Есүс шавь нараа ойлгож, үнэлдэг нь Бага Азийн долоон хуралд бичсэн захидлаас хэрхэн харагддаг вэ? б) Тослогдсон христианууд юунд бэлтгэгдэж байсан бэ?
17 Есүс дагалдагчдадаа тулгардаг сорилт бэрхшээлийг илүү сайн ойлгодог болсон нь дахин амилсныхаа дараа Бага Азийн долоон хуралд элч Иоханаар бичүүлсэн захидлаас нь харагддаг. Тэрбээр Смирна дахь хуралд: «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг... мэднэ» гэж хэлсэн нь «Чиний яаж зовж шаналж байгааг маш сайн ойлгож байна» гэсэнтэй адил юм. Есүс өөрөө үхэн үхтэлээ зовж шаналахын хэцүүг үзсэн учир тэднийг өрөвдсөндөө: «Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» гэж хэлж, урам хайрласан (Илчлэлт 2:8–10).
18 Долоон хуралд бичсэн захидлыг нь үзвэл, шавь нарынхаа зовж шаналж байгааг бүрэн ойлгож, үнэнч байдгийг нь өндөр үнэлдэг нь тодорхой харагддаг (Илчлэлт 2:1–3:22). Есүсийн захидлыг унших хүмүүс нь түүнтэй хамт тэнгэрээс захирах найдвартай, тослогдсон христианууд байсныг саная. Тэд төгс бус хүн төрөлхтөнд золиосны ач тусыг туйлын өрөвч сэтгэлээр хүртээх ажилд оролцох хариуцлагатай үүрэг хүлээх бэлтгэлээ хангаж байсан (Илчлэлт 5:9, 10; 22:1–5).
19, 20. «Үй олон хүн» Ехова Есүс хоёрт талархдагаа хэрхэн харуулдаг вэ?
19 Есүс тослогдсон дагалдагчдаасаа гадна, үнэнч «өөр хонинуудыг» ч бас хайрладаг. Тэд бол «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах, «бүх ард түмнээс... ирсэн үй олон хүн» юм (Иохан 10:16, ШГ; Илчлэлт 7:9, 14). Тэр олон сая хүн Есүсийг амиа золиос болгон өгч, мөнх амьдрах найдвартай болгосонд нь талархсандаа Есүс рүү ирдэг бөгөөд Бурханд «өдөр шөнөгүй» үйлчилдэг (Илчлэлт 7:15–17).
20 Энэ үнэнч хүмүүс Еховад «өдөр шөнөгүй үйлчилдгийг» 11, 12-р хуудсанд нийтэлсэн 2006 оны үйлчлэлийн жилийн тайлан хөдөлшгүй нотолж байна. «Үй олон хүн» дэлхий дээр үлдээд байгаа цөөн тооны тослогдсон христиануудын хамт ганцхан жилийн дотор нийт 1 333 966 199 цаг дэлгэрүүлжээ. Энэ нь 150 000 гаруй жил болно гээд бод доо!
Үргэлж талархагтун!
21, 22. а) Христианууд бид «үл талархагч» болохгүйн тулд яагаад болгоомжтой байх ёстой вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
21 Ехова Есүс хоёр төгс бус хүмүүсийн хүчин чармайлтыг өндөр үнэлдэг нь үнэхээр гайхалтай. Гэвч ихэнх хүн хар амиа л бодохоос бус, Бурхныг өчүүхэн төдий ч тоодоггүй нь харамсалтай. «Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа хүмүүсийг Паул «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, ...үл талархагч» болно гэж хэлсэн (2 Тимот 3:1–5). Харин жинхэнэ христианууд тийм хүмүүсээс эрс ялгаатай. Тэд Бурхандаа чин сэтгэлээсээ залбирч, дуулгавартай байж, хамаг л чадлаараа үйлчлэн, өөрсдийнх нь төлөө хийсэн бүхэнд нь талархдагаа харуулдаг (Дуулал 62:8; Марк 12:30; 1 Иохан 5:3).
22 Дараагийн өгүүллээр, итгэлийг маань бэхжүүлэх зорилгоор Еховагийн авдаг олон арга хэмжээний заримыг үзнэ. Еховагийн өгдөг эдгээр «бэлгийг» эргэцүүлэн бодох тусам талархах сэтгэл маань улам лавшрах нь дамжиггүй (Иаков 1:17).
Хариулна уу
• Ехова үйлчлэгчдийнхээ үйлсийг өндөр үнэлдэг Бурхан гэдгээ хэрхэн харуулдаг вэ?
• Ганцаараа байхдаа Еховаг яаж баярлуулах вэ?
• Есүс дагалдагчдынхаа хичээл зүтгэлийг өндөр үнэлдгээ хэрхэн харуулдаг байсан бэ?
• Есүс хүн болж амьдарсан нь харьяат албатуудынхаа үйлсийг өндөр үнэлдэг, өрөвч сэтгэлтэй захирагч болоход нь хэрхэн тусалсан бэ?