Жинхэнэ итгэл найдварыг хаанаас олох вэ?
ТАНЫ цаг эвдрээд зогсжээ. Цагаа хаана засуулах вэ гэдгээ маш олон газраас сонгох хэрэгтэй болно. Сайн засна гэж амладаг, бие биетэйгээ өрсөлдсөн олон зар сурталчилгаа байдаг. Гэхдээ таны цагийг хийсэн авьяаслаг зохион бүтээгч таны хөрш гэдгийг мэдвэл яах вэ? Дээрээс нь, таны цагийг үнэ төлбөргүй засаж өгье гэжээ. Одоо шийдвэр гарахад амархан болсон биз дээ?
Та итгэл найдвараа тэр цагийг гэж бодоорой. Энэ хэцүү цагт олон хүн итгэл найдвараа алддаг шиг та ч бас алдсан байж мэднэ. Тэгвэл хаанаас тусламж авах вэ? Маш олон хүн эргээд итгэл найдвартай болоход тань тусална гэдэг ч маш олон, эсрэг тэсрэг зөвлөгөө өгч толгой эргүүлдэг. Тэгвэл хүнийг итгэл найдвартай болгож бүтээсэн Нэгэн рүү хандаж болохгүй нь юу билээ? Библид «Бурхан хүн бүрд ойр байдаг» бас бидэнд туслахад бэлэн гэж бичжээ (Үйлс 17:27; 1 Петр 5:7).
Итгэл найдварын тухай илүү гүнзгий ойлголт
Библид итгэл найдварын талаар өнөөгийн эмч мэргэжилтнүүд, эрдэмтэд болон сэтгэл зүйчдийн хэрэглэдэг тодорхойлолтоос илүү өргөн хүрээг хамруулан тайлбарлажээ. Библийн эх бичгийг үзвэл «итгэл найдвар» гэж орчуулсан үг нь сайн сайхан зүйлийг тэсэн ядан хүлээнэ гэсэн утга илэрхийлдэг. Итгэл найдвар хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Нэг нь, сайн сайхан зүйл болно гэдэгт итгэх үндэс, нөгөө нь, сайн сайхан зүйл болоосой гэсэн хүсэл юм. Библид гардаг итгэл найдвар нь хоосон хүсэл мөрөөдөл төдий зүйл биш. Харин ч баримт нотолгоонд үндэслэдэг.
Тэгэхлээр, найдвар нь итгэлтэй адилаар гэнэн итгэмтгий занд биш, бодит баталгаанд үндэслэдэг байх нь (Еврей 11:1). Гэхдээ, итгэл, найдвар хоёрыг ялгаатай гэж Библид бичжээ (1 Коринт 13:13).
Жишээ авъя. Та сайн найзаасаа тусламж гуйхдаа танд тусална гэж найдаад гуйна. Учир нь та түүнийг сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай гэдгийг нь сайн мэддэг учраас түүнд итгэдэг. Тиймээс тусална гэж найдах үндэс байна. Итгэл, найдвар хоёр олон талаараа ижил төстэй, харилцаа хамааралтай боловч хоёр тусдаа зүйл юм. Тэгвэл Бурханд ингэж найдаж болох уу?
Итгэл найдварын үндэс
Бурхан бол жинхэнэ итгэл найдварын эх булаг юм. Библи бичигдэж байх үед Ехова Бурхныг «Израилийн найдвар» гэдэг байсан (Иеремиа 14:8). Ард түмнийх нь өвөрлөдөг бүхий л сайн сайхан итгэл найдвар түүнээс эхтэй учир тэрбээр тэдний итгэл найдвар нь байсан. Энэ итгэл найдвар нь хий хоосон зүйл байгаагүй. Учир нь Бурханд итгэж найдах бат үндэс байсан. Олон зуун жилийн турш тэрбээр ард түмэндээ олон амлалт өгч түүнийгээ биелүүлж байжээ. Тэдний удирдагч Иошуа: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй ... гэдгийг та нар ... мэдэж байгаа» гэж тэдэнд хэлж байсан (Иошуа 23:14).
Хэдэн мянган жил өнгөрсөн ч Бурхан амлалтаа биелүүлдэг гэдэг нь өөрчлөгдөөгүй. Библид Бурхны гайхалтай амлалтууд болон хэрхэн биелсэн тодорхой түүхэн баримт маш олон бий. Түүний амлалт заавал биелдэг болохоор зарим амлалт нь аль хэдийн биелсэн мэтээр бичигджээ.
Ийм болохоор Библийг итгэл найдварын ном гэж хэлж болно. Бурхан хүмүүст хэрхэн хандсан талаар судлах тусам түүнд улам их итгэж найддаг болно. Элч Паул: «Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» гэж бичжээ (Ром 15:4).
Бурхан бидэнд ямар итгэл найдвар өгдөг вэ?
Итгэл найдвар хэзээ хамгийн их хэрэгтэй болдог вэ? Үхэл хагацал үзэх эсвэл үхлийн аюулд орох үед биш гэж үү? Ихэнх хүн ийм нөхцөлд, жишээлбэл хайртай дотны хүн нь нас барвал итгэл найдвараа алддаг. Учир нь үхлээс илүү итгэл найдварыг үгүй хийдэг зүйл байхгүй биз дээ? Үхэл бидний хүн нэг бүрийн араас хөөж байдаг. Бид түүнээс удаан зугтаж чаддаггүй, бидэнд түүнийг ялах хүч ч байхгүй. Библид үхлийг «сүүлчийн дайсан» гэсэн нь оножээ (1 Коринт 15:26).
Үхэл хагацал үзсэн ч, үхлийн аюулд орсон ч хэрхэн итгэл найдвартай байх вэ? Үхлийг «сүүлчийн дайсан» гэсэн Библийн зүйлд бас «үхэл үгүй болно» гэж байдаг. Ехова Бурхан үхлээс илүү хүчтэй. Үүнийгээ олон удаа баталсан. Яаж? Үхсэн хүмүүсийг амилуулж. Библид Бурхан өөрийн хүчээрээ нас барсан хүмүүсийг амилуулсан есөн тохиолдлыг бичсэн байдаг.
Нэг онцгой тохиолдол нь Есүс, нас бараад дөрвөн хоносон сайн найз Лазарыгаа амилуулах хүчийг Еховагаас авчээ. Есүс түүнийг нууцаар биш, олон хүний нүдэн дээр амилуулсан (Ёохан 11:38–48, 53; 12:9, 10).
Та «Яагаад хүмүүсийг амилуулсан юм бол? Тэд амилсан ч дараа нь хөгширч дахиад үхсэн биз дээ?» гэж асуух байх. Тийм ээ, үхсэн. Гэхдээ нас барсан хүн амилсан түүх нь бидэнд хайртай дотнын хүнээ амилаасай гэж хүсэхээс илүү амилна гэдэгт итгэх үндэс болдог. Өөрөөр хэлбэл, бидэнд жинхэнэ итгэл найдвар байдаг.
Есүс: «Би амилуулдаг, амьдруулдаг нэгэн» гэж хэлсэн (Ёохан 11:25). Ехова Есүст хүч өгч түүгээр нас барсан хүмүүсийг амилуулах ажлыг дэлхий даяар хийлгэнэ. Есүс: «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ [Христийн] дууг сонсоод гарч ирэх цаг болох гэж байна» гэж хэлсэн (Ёохан 5:28, 29). Тийм ээ, булшинд нойрсож байгаа бүх хүн диваажин болсон дэлхий дээр амилах найдвартай.
Зөнч Исаиа нас барагсдыг амилах талаар ингэж дүрсэлжээ: «Таны үхэгсэд амилна, бие нь босно. Газар шороонд нойрсогчид босоод баяртайгаар дуулна; учир нь таны шүүдэр бол гялалздаг гэрлийн шүүдэр, нас бараад удсан хүмүүсийг газар шороо дахин төрүүлэн гаргана» (Исаиа 26:19, «The New English Bible»).
Амилалтын тухай амлалт үнэхээр сэтгэл тайвшруулам байгаа биз? Хүүхэд эхийнхээ хэвлийд аюулгүй байдаг шиг нас барсан хүмүүс хамгийн аюулгүй газар байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл булшинд байгаа хүмүүс Төгс хүчит Бурхны хязгааргүй ой санамжид хадгалагдсан байгаа (Лук 20:37, 38). Шинэ төрсөн хүүхдээ гэр бүл нь халуун дотноор угтан авдаг шиг амилсан хүмүүсийг удахгүй аз жаргалаар дүүрэн ертөнц угтан авна! Тэгэхлээр үхэл хагацал үзсэн ч итгэл найдвар байдаг байна.
Итгэл найдвар танд ямар ач тустай вэ?
Паул итгэл найдварын ач тусын талаар их зүйл зааж өгсөн. Тэрбээр итгэл найдварыг бэлгэдлийн хуяг дуулгын нэг чухал хэсэг болох дуулгатай зүйрлэжээ (1 Тесалоник 5:8). Яагаад ингэж хэлсэн бэ? Библи бичигдэж байх үеийн цэрэг тулалдахдаа эсгий юм уу арьсан малгайн дээрээ төмөр дуулга өмсдөг байжээ. Дуулга өмсвөл толгой руу цохих цохилтын хүчийг сааруулж хүнд гэмтлээс хамгаална. Паул үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Дуулга толгойг хамгаалдаг шиг найдвар зөв бодох чадварыг хамгаалдаг гэсэн үг. Та Бурхны санаа зорилгод нийцдэг жинхэнэ итгэл найдвартай бол саад бэрхшээл тулгарсан ч сандарч балмагдахгүй тайван байж чадна. Ийм дуулга бүх хүнд хэрэгтэй, тийм биз дээ?
Паул Бурхны хүсэлтэй нийцдэг найдварын талаар өөр нэг жишээ хэлсэн. Тэрбээр: «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. [Энэхүү найдвар] бат үндэстэй, баараггүй биел[нэ]» гэж бичсэн (Еврей 6:19). Паул онгоцны сүйрэлд нэг бус удаа өртөж байсан учраас зангууны ач тусыг сайн мэддэг. Шуурга дэгдэхэд далайчид усан онгоцны зангуугаа буулгадаг. Зангуу нь далайн ёроол шигдвэл усан онгоц шуурганд туугдан хад мөргөж сүйрэхгүй, аюулгүй үлдэх боломжтой.
Үүнтэй адилаар, Бурхны амласан «бат үндэстэй, баараггүй биелэх» найдвар биднийг хүнд хэцүү шуурга шиг өнөөгийн хэцүү үеийг даван гарахад тусална. Ехова хүн төрөлхтнийг дайн дажин, гэмт хэрэг, харуусал, үхлээс болоод зовохгүй болох цаг удахгүй ирнэ гэж амласан (10-р хуудсанд байгаа хавсралтыг үзнэ үү). Энэ найдвар биднийг бэлгэдлийн утгаар сүйрэхээс хамгаалдаг. Найдвараа санаж явах нь Бурхны тогтоосон хэм хэмжээг сахих хүсэл төрүүлдэг учраас биднийг энэ ертөнцийн эмх журамгүй, ёс суртахуунгүй хандлагад автахаас хамгаалдаг.
Еховагийн өгдөг найдвар танд хамаатай. Тэрбээр таныг өөрийнхөө анхны санаа зорилгын дагуу сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Бурхан «ямар ч хүнийг аврагдаасай» гэж хүсдэг. Яаж аврагдах вэ? Эхлээд «үнэний тухай зөв мэдлэгтэй» болох хэрэгтэй (1 Тимот 2:4). Бурхны үгээс үнэн, амь аврах чадалтай мэдлэгийг олж аваарай гэж энэ сэтгүүлийг гаргагчид уриалж байна. Тэгвэл энэ ертөнцөөс олж чадах найдвараас хамаагүй илүү найдварыг Бурхан өгнө.
Ийм найдвартай бол хэзээ ч арга тасрахгүй, учир нь Бурхан өөрийнх нь хүслийн дагуу зорилго тавивал, тэр зорилгодоо хүрэхэд тань хэрэгтэй хүчийг өгнө (2 Коринт 4:7; Филиппой 4:13). Яг ийм итгэл найдвар хэрэгтэй биз дээ? Хэрэв танд ийм итгэл найдвар хэрэгтэй бол, хайж байгаа бол зоригтой байгаарай. Итгэл найдвар бий. Та олж чадна!
[10-р хуудасны хавсралт, зураг]
Итгэж найдахын учир
Эдгээр Библийн зүйл илүү итгэл найдвартай болоход тань тусална:
◼ Бурхан сайхан ирээдүй амладаг.
Бурхны Үгэнд дэлхий бүхлээрээ диваажин болж хүн төрөлхтөн нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэй, жаргалтай амьдарна гэж байдаг (Дуулал 37:11,29; Исаиа 25:8; Илчлэл 21:3,4).
◼ Бурхан худал ярьдаггүй.
Тэрбээр худал хуурмаг бүхнийг үзэн яддаг. Ехова туйлын цэвэр ариун учраас хэзээ ч худал ярьдаггүй (Сургаалт үгс 6:16–19; Исаиа 6:2,3; Тит 1:2; Еврей 6:18).
◼ Бурхан хязгааргүй хүчтэй.
Ехова цорын ганц төгс хүчит Нэгэн. Түүнийг амлалтаа биелүүлэхэд саад болох нэг ч зүйл энэ орчлонт ертөнцөд байхгүй (Египетээс гарсан нь 15:11; Исаиа 40:25,26).
◼ Бурхан таныг мөнх амьдраасай гэж хүсдэг.
◼ Бурхан бидэнд итгэж найддаг.
Тэрбээр бидний алдаа дутагдлыг биш, сайхан зан чанар, хичээл зүтгэлийг маань анхаарч хардаг (Дуулал 103:12–14; 130:3; Еврей 6:10). Бурхан биднийг зөв зүйл хийнэ гэж найддаг, бас биднийг зөв зүйл хийвэл баярладаг (Сургаалт үгс 27:11).
◼ Хүслийнх нь дагуу зорилго тавьсан хүнд тусална гэж амладаг
Бурхны үйлчлэгчид хэзээ ч арга тасардаггүй. Тэрбээр бидэнд хамгийн агуу хүч буюу өөрийн ариун хүчийг харамгүй ихээр өгч тусалдаг (Филиппой 4:13).
◼ Бурханд итгэж найдвал хэзээ ч харамсахгүй.
Бурханд бүрэн дүүрэн итгэж найдаж болно. Тэрбээр хэзээ ч таны итгэлийг эвдэхгүй (Дуулал 25:3).
[12-р хуудасны зураг]
Дуулга толгойг хамгаалдаг шиг найдвар зөв бодох чадварыг хамгаалдаг
[12-р хуудасны зураг]
Бат үндэстэй итгэл найдвар зангуу шиг биднийг хамгаална
[Зураг эзэмшигч]
Courtesy René Seindal/Su concessione del Museo Archeologico Regionale A. Salinas di Palermo