Ехова өөрт нь найддаг хүмүүсийг хамгаалдаг
«Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач» (ДУУЛАЛ 40:11).
1. Давид хаан Еховагаас юу гуйсан бэ? Ехова тэр гуйлтыг нь хэрхэн биелүүлсэн бэ?
ЭРТНИЙ Израилийн хаан Давид Ехова Бурхныг «тэвчээртэйгээр хүлээж байсан» бөгөөд Ехова «над уруу ойртож, миний хашхирахыг сонссон» хэмээн хэлжээ (Дуулал 40:1). Ехова өөрт нь хайртай хүмүүсийг хамгаалдгийг Давид олон удаа биеэрээ үзжээ. Тийм учраас, үргэлж хамгаалахыг гуйсан аж (Дуулал 40:11). Бурхан эртний үнэнч үйлчлэгчдэдээ «илүү дээр амилалт» амласан билээ. Ирээдүйд тийм шагнал авах хүмүүсийн тоонд Давид багтдаг бөгөөд эдүгээ Бурхны ой санаанд аюулгүй байгаа (Еврей 11:32–35). Тийм ээ, түүнийг хамгийн сайхан ирээдүй хүлээж байна. Ехова Давидын нэрийг «дурсгалын номдоо» бичжээ (Малахи 3:16).
2. Ехова хамгаалдаг гэдгийг зөв ойлгоход Библи хэрхэн тусалдаг вэ?
2 «Еврей» номын 11-р бүлэгт Бурхны үнэнч үйлчлэгчдийн тухай өгүүлдэг. Тэд Есүс Христийг дэлхийд ирэхээс өмнө амьдарч байсан хэдий ч, «Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно» хэмээсэн Есүсийн сургаалыг баримталж байжээ (Иохан 12:25). Тэгэхлээр, Ехова хамгаалдаг гэдэг нь зовлон, хавчлага үзүүлэхгүй гэсэн утгатай бус, харин өөртэй нь тогтоосон дотно харьцаагаа хадгалахад туслан, сүнслэгээр хамгаалдаг гэсэн үг юм.
3. Ехова Есүс Христийг хамгаалсны баталгаа юу вэ? Үүний үр дүн юу вэ?
3 Есүсийг дайснууд нь харгис хавчлага, доромжлолын бай болгож, эцэст нь шонд хадан тарчлааж, хамгийн гутамшигтайгаар алсан. Ингэлээ гээд Бурхан Мессиаг хамгаална гэж хэлсэндээ хүрээгүй гэж үзэж болохгүй (Исаиа 42:1–6). Есүс үхсэнээсээ хойш гурав дахь өдөртөө дахин амилсан нь Ехова Давидын тусламж гуйн хашхирахыг сонссон шигээ Есүсийнхийг бас сонссоны баталгаа юм. Тэгээд залбиралд нь хариулан, үнэнч байдлаа хадгалахад нь тусалсан (Матай 26:39). Ийнхүү хамгаалсны ачаар Есүс тэнгэрт үхэшгүй мөнхийн сүнсэн бодгаль болсон. Үүний зэрэгцээ Есүсийн золиосонд итгэдэг олон сая хүн мөнх амьдрах найдвартай болсон.
4. Бурхан тослогдсон христианууд болон «өөр хонинуудад» юу амласан бэ?
4 Ехова, Давид Есүс хоёрыг хамгаалсан шигээ орчин үеийн үйлчлэгчдээ хамгаалдаг бөгөөд хамгаалахыг хүсдэг гэдэгт бид итгэдэг (Иаков 1:17). Дэлхий дээр харьцангуй цөөхүүлээ үлдээд байгаа Есүсийн тослогдсон ах дүү нар «эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө... Бурхны хүчээр хамгаалагдсан» бөгөөд «Мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй [өв]... та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан» хэмээн Еховагийн амласанд найддаг (1 Петр 1:4, 5). Дэлхийд амьдрах найдвартай «өөр хонинууд» бас тэдний адилаар Бурханд найдаж, «Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа. ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалдаг» гэж дуулалчаар хэлүүлсэн амлалтад нь итгэдэг (Иохан 10:16, ШГ; Дуулал 31:23).
Сүнслэг хамгаалалт
5, 6. а) Орчин үед Бурхан ард түмнээ хэрхэн хамгаалдаг вэ? б) Тослогдсон христианууд Еховатай ямар харьцаатай вэ? Дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ?
5 Орчин үед ч Ехова ард түмнээ сүнслэгээр хамгаалдаг. Хавчлага, зовлон бэрхшээл, золгүй явдлаас хамгаалаад байдаггүй ч, өөртэй нь тогтоосон дотно харьцаагаа хадгалахад шаардлагатай тусламж үзүүлж, урам зориг хайрладаг. Бурхны хайрын сэтгэлээс авсан арга хэмжээ буюу золиосонд итгэх нь тэрхүү харьцааны үндэс суурь болдог. Үнэнч христиануудын зарим нь тэнгэрт Христийн хам захирагч болохоор Бурхны сүнсээр тослогджээ. Бурхан тэднийг сүнсэн хөвгүүдээ гэж үзэн, зөвт хэмээн тунхагласан. «Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна» гэсэн үг тослогдсон христиануудад хамаатай (Колоссай 1:13, 14).
6 Бурханд үнэнч өөр олон сая христианд ч золиосны арга хэмжээ ач тустай. «Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн» гэж Библид тэмдэглэжээ (Марк 10:45). Эдгээр христиан «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд» хүрэх цагаа тэсэн ядан хүлээж байдаг (Ром 8:21). Тэр болтол, дор бүрнээ Бурхантай тогтоосон анд нөхрийн харьцаагаа эрхэмлэн, бэхжүүлж байхыг чин сэтгэлээсээ чармайдаг.
7. Өнөөдөр Ехова ард түмнээ сүнслэгээр хэрхэн хамгаалдаг вэ?
7 Ехова ард түмнээ сүнслэгээр хамгаалахын тулд байнгын сургалт явуулдаг. Үүний ачаар ард түмэн нь Библийн үнэнийг улам нарийн зөв мэдэж авдаг. Түүнчлэн, Үг, байгууллага, ариун сүнсээрээ удирдан чиглүүлдэг. Бурхны ард түмэн өнөөдөр «итгэмжит, ухаалаг боолын» удирдлага дор эв найртай нэг айлын хүүхдүүд мэт байдаг. Боолын анги Еховагийн үйлчлэгчдийн үндэс угсааг үл харгалзан, сүнслэг хэрэгцээг нь хангахын зэрэгцээ шаардлагатай үед бодит тусламж ч үзүүлдэг (Матай 24:45).
8. Ехова үнэнч хүмүүстээ ямар итгэл хүлээлгэдэг вэ? Ямар амлалт өгсөн бэ?
8 Ехова Есүсийг дайснуудынх нь дайралтаас шууд хамгаалаагүй шигээ өнөөдөр ч гэсэн христиануудыг хамгаалдаггүй. Энэ нь Бурхан биднийг таалдаггүй гэсэн үг огт биш! Харин ч, Сатаны дэгдээсэн маргаантай асуудлаар өөрийнх нь талд зогсоно гэсэн итгэл хүлээлгэдгийн баталгаа юм (Иов 1:8–12; Сургаалт үгс 27:11). Өөрт нь үнэнч хүмүүсийг Ехова хэзээ ч хөсөр хаяхгүй. «Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан» (Дуулал 37:28).
Хайр энэрэл хийгээд үнэнээр хамгаалдаг
9, 10. а) Еховагийн үнэн ард түмнийг нь хэрхэн хамгаалдаг вэ? б) Ехова үнэнч үйлчлэгчдээ хайр энэрлээрээ хамгаалдаг гэдгийг Библи хэрхэн харуулдаг вэ?
9 40-р дуулалд бичсэн залбиралдаа Давид хайр энэрэл хийгээд үнэнээр хамгаалахыг Еховагаас гуйсан байдаг. Ехова үнэн ба зөвт байдлыг хайрладаг учир хэм хэмжээгээ тодорхой мэдэгддэг. Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь найдвартай хамгаалалт болдог. Тухайлбал, мансууруулах бодис хэрэглэх, согтууруулах ундаа хэтрүүлэн уух, садар самуунтай орооцолдох гэх мэтийн буруу юмаар хөөцөлдөхгүй бол өөрийн болон дотнын хүмүүсийнхээ амьдралд хар толбо суулгахгүй. Харин үл тоомсорлодог хүмүүс гай зовлон үзэж, айдас хүйдэстэй амьдарч, төвөгтэй асуудалтай тулгардаг. Давид Еховагийн үнэний замаас хазайж байсан. Өнөөдөр ч мөн тийм хүмүүс бий. Гэхдээ тэд гэмшсэн хүмүүст Бурхан «хоргодох газар» болдог гэдэгт эргэлздэггүй бөгөөд «Та намайг зовлон бэрхшээлээс хамгаална» гэж баяр хөөртэй хэлж чаддаг (Дуулал 32:7). Бурхны хайр энэрэл хэчнээн их юм бэ!
10 Удахгүй устгагдах гэж байгаа энэ ёс бус ертөнцөөс тусгаар байхыг Бурхан үйлчлэгчдэдээ уриалдаг нь хайр энэрлийнх нь бас нэг жишээ мөн. Библид: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм» гэж байдаг. Бид энэ сэрэмжлүүлгийг анхаарч, үүний дагуу амьдарвал өөрсдийгөө мөнхөд хамгаалж чадна. Учир нь дээрх зүйлд цааш нь: «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж бичсэн байдаг (1 Иохан 2:15–17).
«Хэрсүү чанар», «ухаан», «мэргэн ухаанаар» хамгаалдаг
11, 12. «Хэрсүү чанар», «ухаан», «мэргэн ухаан» хэрхэн хамгаалдаг вэ?
11 Давидын хүү Соломон онгодоор хөтлүүлэн: «Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална» хэмээн бичээд, «Мэргэн ухааныг... олж ав. [...] Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ» гэж Бурхны сайшаалыг хүлээхийг хүсдэг хүмүүст уриалжээ (Сургаалт үгс 2:11; 4:5, 6).
12 Бурхны Үгнээс сурч мэдсэнээ эргэцүүлэн бодвол «хэрсүү чанар» хөгждөг. «Хэрсүү чанар» хөгжвөл «ухаан» сууж, эн тэргүүнд тавих зүйлээ зөв сонгож чаддаг. Санаатай санамсаргүйн аль нь ч бай, эн тэргүүнд юуг тавихаа сонгохдоо ухаалаг бус хандвал сайн юманд хүргэдэггүйг хүмүүс гашуун туршлагаасаа ч юм уу мэддэг учраас энэ чухал асуудалд нухацтай хандах нь зүйтэй. Сатаны ертөнц эд баялаг, алдар нэр, эрх мэдлээр бидний сонирхлыг татахыг оролддог бол Ехова илүү чухал сүнслэг зорилго тавихыг уриалдаг. Сүнслэг бус зорилгыг тэргүүн зэрэгт тавивал гэр бүл салах, андын холбоо тасрах, үнэний замаас хазайх зэрэг аюул учирч болзошгүй. Эцэст нь, Есүсийн: «Хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?» гэж хэлсэн үгийн гашуун үнэнийг биеэрээ үзнэ (Марк 8:36). Харин «мэргэн ухаантай» бол «Эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» хэмээн Есүсийн зөвлөснийг сахиж чадна (Матай 6:33).
Аминч үзлийн аюул
13, 14. Аминч байх гэж юу гэсэн үг вэ? Амиа бодох нь ямар учраас буруу вэ?
13 Ер нь хүн амиа бөөцийлөх дуртай байдаг. Гэхдээ хувийн хүсэл сонирхлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавивал бэрхшээл гардаг. Тиймээс, Ехова биднийг өөртэй нь тогтоосон анд нөхрийн харьцаагаа хамгаалаг гэсэндээ аминч үзлээс зайлсхийхийг зөвлөдөг. Аминч гэдэг нь «зөвхөн амиа боддог; өөрийгөө эрхэмлэн, өөрийн хэргийг бусад олон нийтийн хэргээс илүү чухалд үзэх» гэж «Монгол хэлний товч тайлбар толь»-д тэмдэглэжээ. Өнөөдөр олон хүн яг л ийм болчихоод байгааг онож хэлсэн хэрэг биш үү? Сонирхолтой нь, Сатаны ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүдэд» хүмүүс «өөрсдийгөө хайрлагчид» буюу амиа боддог болно гэж зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1, 2).
14 Бусдыг өөрийн адил хайрлаж, «ашиг сонирхлыг нь харж байх» Библийн тушаалыг сахих нь хэчнээн мэргэн хэрэг болохыг христианууд ойлгодог (Лук 10:27; Филиппой 2:4). Олон хүн энэ зөвлөгөөг амьдралаас тасархай гэж үзэж болох юм. Гэхдээ ханиа баярлуулж, гэрийнхнээ жаргааж, найз нөхөдтэйгээ дотносъё гэвэл энэ чухал зөвлөгөөг хэрэгжүүлэх л хэрэгтэй. Тийм ээ, Еховад жинхэнэ ёсоор үйлчилдэг хүн хувийн ашиг сонирхол хөөж, илүү чухал зүйлийг хэзээ ч орхигдуулах ёсгүй. Хамгийн чухал зүйл бол Ехова Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлэх явдал билээ.
15, 16. а) Аминч үзэл юунд хүргэдэг вэ? Үүнийг хэний жишээ харуулдаг вэ? б) Сав л хийвэл, бусдыг шүүдэг хүн өөрийгөө яадаг вэ?
15 Аминч хүн үргэлж өөрийгөө зөвтгөдөг учраас эцэстээ, явцуу үзэлтэй, бардам зантай болдог. Библид: «[Бусдыг] шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл, шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ» гэж хэлсэн нь тун оножээ (Ром 2:1; 14:4, 10). Есүсийн үеийн шашны удирдагчид өөрсдийнхөө зөв гэдэгт огтхон ч эргэлздэггүй байсан учраас Есүсийг болон шавь нарыг нь буруутгах эрхтэй гэж бодож байлаа. Тийнхүү тэд шүүгч болжээ. Гэтэл алдаа дутагдлаа олж харах чадваргүй байсан тэд, үнэн чанартаа, өөрсдийгөө ялласан аж.
16 Есүсийн дагалдагч байж байгаад хожим нь багшаасаа урвасан Иудас бусдыг шүүдэг болжээ. Жишээ нь, Бетанд суудаг Мариа, Есүсийг анхилам үнэрт тосоор тослоход Иудас илт эсэргүүцэн: «Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ?» хэмээн маргасан өнгөтэй үг хэлж, дургүйцлээ илэрхийлдэг. Тэгж хэлсний цаад учрыг Библид: «Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ» гэж тайлбарлажээ (Иохан 12:1–6). Иудас шиг, эсвэл шашны удирдагчид шиг, сав л хийвэл, бусдыг шүүж, өөрөө өөрсдийгөө яллахаас зайлсхийцгээе.
17. Сайрхуу зан болон өөртөө хэт эрдэх нь ямар аюултай байдгийг жишээгээр хэлнэ үү.
17 І зууны зарим христиан Иудас шиг хулгайч байгаагүй ч, бардам зандаа дийлдэж, сайрхуу болсон нь даанч харамсмаар. Иаков тийм хүмүүст хандан: «Та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг» хэмээгээд, «Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм» гэж сануулжээ (Иаков 4:16). Еховад үйлчилж, ийм ч ажил хийдэг, тийм ч завшаан эдэлдэг гэж бардамнан сагсуурах нь өөрөө өөртөө аюул учруулж байгаа хэрэг (Сургаалт үгс 14:16). «Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй... [...] Би хэчнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй» хэмээн өөртөө хэт эрдэн бардамнаж байсан Петрийг санацгаая. Үнэндээ бол, бидэнд байгаа бүхэн Еховагийн хайр энэрлийн ач. Тиймээс, юунд сагсуурах билээ! Үүнийг санаж явбал сайрхуу зангаас зайлсхийж чадна (Матай 26:33–35, 69–75).
18. Бардам занг Ехова хэрхэн үздэг вэ?
18 «Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг». Яагаад? «Бардамнал, ихэмсэг занг... би жигшдэг» гэж Ехова хариулдаг (Сургаалт үгс 16:18; 8:13). Тийм ч учраас, «Ассирийн хааны омог бардам зүрх... болон ихэмсэг байдал» Еховагийн уурыг хүргэсэн нь гайхах хэрэг биш ээ! (Исаиа 10:12). Омог бардам зангийнх нь төлөө Ехова түүнийг шийтгэсэн. Удахгүй Сатаны ертөнц бүхлээрээ үзэгдэх болон үл үзэгдэх, омог бардам, ихэмсэг зантай удирдагчидтайгаа хамт шийтгэл хүлээнэ. Еховагийн дайснуудын зөрүүд занг хэзээ ч дуурайхгүй байцгаая!
19. Бурхны ард түмэн юугаараа бахархдаг вэ? Гэхдээ яагаад даруу байдаг вэ?
19 Жинхэнэ христианууд Еховагийн үйлчлэгч гэдгээрээ үнэхээр бахархдаг (Иеремиа 9:24). Үүний зэрэгцээ, даруу байх хэрэгтэйн учрыг ч сайн ойлгодог. Яагаад гэвэл, «бүгд нүгэл үйлдсэнээр Бурхны алдарт хүрдэггүй» (Ром 3:23). Тиймээс, Еховагийн үйлчлэгч байхын тулд элч Паулынх шиг сэтгэлтэй байх ёстой. Тэрбээр: «Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн... Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна» гэж хэлсэн байдаг (1 Тимот 1:15).
20. Ехова ард түмнээ одоо яаж хамгаалдаг вэ? Ирээдүйд хэрхэн хамгаалах вэ?
20 Еховагийн ард түмэн Бурхны хүсэл тааллыг тэргүүн зэрэгт тавихын тулд хувийн хүслээ дуртайяа хойш тавьдаг учир сүнслэгээр үргэлж хамгаалуулна гэдэгтээ итгэдэг. Агуу их гай гамшиг болоход Ехова үйлчлэгчдээ сүнслэгээр төдийгүй бодитоор хамгаална гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд шинэ ертөнцөд орохдоо: «Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе» гэж баяртайгаар хашхирна! (Исаиа 25:9).
Та санаж байна уу?
• Ехова, Давид хаан Есүс Христ хоёрыг хэрхэн хамгаалсан бэ?
• Ехова өнөөдөр ард түмнээ хэрхэн хамгаалдаг вэ?
• Аминч үзлээс зайлсхийх ёстойн учир юу вэ?
• Бид юугаараа бахархдаг вэ? Гэхдээ даруу байх ёстойн учир юу вэ?