БҮЛЭГ 5
Ертөнцөөс тусгаар байх нь
«Та нар ертөнцийнх биш» (ИОХАН 15:19).
1. Есүс дэлхийд өнгөрүүлсэн эцсийн шөнө юуг онцлон тэмдэглэсэн бэ?
ЕСҮС дагалдагчдадаа их санаа зовж байсан тул дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн шөнө Эцэгтээ хандан: «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж залбирчээ (Иохан 17:15, 16). Энэхүү чин сэтгэлийн залбирлаар Есүс дагалдагчдадаа хайртайгаа харуулж, мөн залбирахаасаа хэдэн цагийн өмнө шавь нартаа: «Та нар ертөнцийнх биш» гэж хэлснээ их чухал гэж үздэгээ онцолжээ (Иохан 15:19). Есүс шавь нараа ертөнцөөс тусгаар байгаасай гэж их хүсдэг нь тодорхой байна.
2. Есүсийн хэлсэн «ертөнц» гэдэг үг ямар утгатай вэ?
2 Есүс «ертөнц» гэдэг үгээр Бурхнаас хөндийрсөн буюу Сатаны захиргаанд орж, түүнээс үүдэлтэй аминч үзэл, бардам занд боолчлогдсон хүний нийгмийг хэлжээ (Иохан 14:30; Ефес 2:2; 1 Иохан 5:19). Тийм «ертөнцтэй найзлах нь Бурхны эсрэг дайсагнал» юм (Иаков 4:4). Тэгвэл тийм ертөнцөд амьдардаг атлаа Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихыг хүсдэг хүмүүс яавал тэр ертөнцөөс тусгаар байж болох вэ? Таван аргыг авч үзье. Бурхны Хаанчлал болон Христэд үнэнч байн, ертөнцийн улс төрийн асуудлаар төвийг сахих, ертөнцийн сүнсийг эсэргүүцэх, даруу хувцаслаж, гадаад байдлаа анхаарах, нүдээ цэвэр байлгах, сүнслэг хуяг дуулга өмсөж, сүнслэг зэвсэг агсах талаар нэгбүрчлэн ярилцъя.
ҮНЭНЧ БАЙЖ, ТӨВИЙГ САХИХ НЬ
3. а) Есүс улс төрийн асуудлаар ямар байр суурь баримталдаг байсан бэ? б) Есүсийн тослогдсон дагалдагчдыг элчин сайд нар гэж үзэхийн учир юу вэ? (Зүүлт үзнэ үү).
3 Есүс тухайн үеийнхээ улс төрийн үйл хэрэгт оролцолгүй, Бурхны Хаанчлал буюу ирээдүйд өөрөө Хаан нь болох тэнгэрийн засгийн газрын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг голлон хийдэг байв (Даниел 7:13, 14; Лук 4:43; 17:20, 21). Тийм ч учраас, Ромын амбан захирагч Понти Пилаттай ярилцахдаа: «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш» гэж хэлсэн (Иохан 18:36). Үнэнч шавь нар нь үлгэр жишээг нь дуурайн, гагцхүү Христ болон түүний Хаанчлалд үнэнч байж, тэр Хаанчлалын тухай мэдээг ертөнцөд тунхагладаг (Матай 24:14). «Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. ... Бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ» хэмээн элч Паул бичсэн байдагa (2 Коринт 5:20).
4. Жинхэнэ христианууд Бурхны Хаанчлалд үнэнч байдгаа хэрхэн харуулдаг вэ? (52-р хуудасны хавсралтыг үзнэ үү).
4 Ер нь, элчин сайд хүн эх орноо төлөөлөн өөр улсад томилогдон ажиллахдаа очсон газрынхаа дотоод хэрэгт оролцолгүй, улс төрийн асуудлаар төвийг сахидаг ч улсынхаа төр засгийн үйл ажиллагааг дэмжиж, олон нийтэд сурталчилдаг. «Тэнгэрийн» «иргэний харьяалалтай» Христийн тослогдсон дагалдагчид элчин сайдынхтай ижил үүрэг гүйцэтгэдэг (Филиппой 3:20). Тэд Хаанчлалын тухай мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгийнхээ ачаар Христийн олон сая «өөр хонинуудыг» «Бурхантай эвлэрэхэд» тусалжээ (Иохан 10:16, ШГ; Матай 25:31–40). «Өөр хонинууд» Есүсийн тослогдсон ах дүү нарт дэмжлэг үзүүлэн, нэг ёсондоо, Христийн төлөөлөгч болдог. Тослогдсон христианууд болон «өөр хонинууд» хамтдаа нэгэн сүрэг болж, Мессиагийн Хаанчлалын үйл ажиллагааг дэмжин, энэ ертөнцийн улс төрийн үйл хэрэгт оролцолгүй, төвийг сахих байр суурийг чанд баримталдаг (Исаиа 2:2–4).
5. Христианууд эртний израильчуудаас ямар ялгаатай вэ? Тиймээс христианууд яадаг вэ?
5 Христэд үнэнч байх явдал бол төвийг сахих ганц шалтгаан биш юм. Бурхан эртний израильчуудад тодорхой газар нутаг өгч, тэднийг нэг дор суулгасан. Харин орчин үеийн жинхэнэ христиануудыг олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгтгэжээ (Матай 28:19; 1 Петр 2:9). Тиймээс, христианууд өөрийн орны улс төрийн хүчнийг дэмжвэл Бурхны Хаанчлалын тухай мэдээ тунхаглах эрх чөлөө болон христиан эв нэгдлээ алдах аюултай (1 Коринт 1:10). Бас дайн боллоо гэхэд итгэл нэгтнүүдийнхээ эсрэг дайтах хэрэг гарна. Гэтэл бид тэднийгээ хайрлах тушаалтай шүү дээ (Иохан 13:34, 35; 1 Иохан 3:10–12). Тиймээс Есүсийн «Илдээ хуйнд нь хий» гэж хэлсэн нь нарийн учиртай юм. Тэгээд ч дайснуудаа хүртэл хайрлахыг тушаасан (Матай 5:44; 26:52; 55-р хуудсанд байгаа «Би төвийг сахидаг уу?» гэдэг хавсралтыг үзнэ үү).
6. Бурханд өөрийгөө зориулсан хүн «Цезарьт» хэрхэн ханддаг вэ?
6 Жинхэнэ христианууд амьдралаа хүн болон хүний байгууллага, улс үндэстэнд бус, гагцхүү Бурханд зориулдаг. 1 Коринт 6:19, 20-д: «Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм» гэж байдаг. Тиймээс, Есүсийн дагалдагчид татвар хураамж гэх зэргийн «Цезарийн юмыг Цезарьт өгч», зохих хүндэтгэл үзүүлэн тодорхой хэмжээгээр захирагддаг ч «Бурхны юмыг Бурханд өгдөг» (Марк 12:17; Ром 13:1–7). Өөрөөр хэлбэл, ганцхан Бурхныг шүтэн, зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Шаардлагатай бол, Бурхны төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг (Лук 4:8; 10:27; Үйлс 5:29; Ром 14:8).
ЕРТӨНЦИЙН СҮНСИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ
7, 8. «Ертөнцийн сүнс» гэж юу вэ? Яаж «ажилладаг» вэ?
7 Ертөнцөөс тусгаар байх бас нэг арга бол ертөнцийн сүнсийг эсэргүүцэх явдал юм. Паул: «Бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурхнаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм» гэж бичжээ (1 Коринт 2:12). Бас Ефесийн христиануудад: «Та нар урьд нь ... энэ ертөнцийн ... дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан» гэж бичсэн байдаг (Ефес 2:2, 3).
8 Ертөнцийн «агаар» буюу «сүнс» гэдэг нь Бурхныг эсэргүүцэж, «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаалыг» дэвэргэдэг үл үзэгдэх хүч юм (1 Иохан 2:16; 1 Тимот 6:9, 10). «Ертөнцийн сүнсний» «хүч» нь агаар адил үл үзэгдэх боловч хаа сайгүй оршин байдагтаа, сэтгэл дурыг татам боловч хайр найргүй хөнөөж чаддагтаа байдаг. Түүнээс гадна, шунал, аминч үзэл, бардам зан, хэнээс ч хараат бус байж, эрх мэдлийг үл хүндэтгэх хандлага гэх мэтийн Бурханд таалагддаггүй зан чанарыг аажмаар бий болгож «ажилладаг».b Товчоор хэлбэл, ертөнцийн сүнс нь хүний зүрхэнд нөлөөлж, Диаволын ааш авиртай болгодог (Иохан 8:44; Үйлс 13:10; 1 Иохан 3:8, 10).
9. Ертөнцийн сүнс хүний оюун ухаан, зүрх сэтгэлд хэрхэн нэвтэрдэг вэ?
9 Тэгвэл ертөнцийн сүнс христиан хүний оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлөх үү? Сонор сэрэмж алдах л юм бол шууд нөлөөлнө (Сургаалт үгс 4:23). Ер нь, хүн ертөнцийн сүнсэнд өөрийн мэдэлгүй уусдаг. Тухайлбал, өнгөн дээрээ сайн мэт боловч үнэн хэрэгтээ Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөвөл яваандаа ертөнцийн нөлөөнд автдаг (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33). Бас христиан хүнд зохисгүй ном хэвлэл унших, телевизийн нэвтрүүлэг, кино, порно материал болон тэрслэгчдийн вэб хуудас зэргийг үзэх, хэтэрхий өрсөлдөөнтэй спорт сонирхох гэх мэтээс болж ертөнцийн сүнсэнд уусах аюултай. Үнэндээ, ертөнцийн сүнс нь Сатан болон ёс бус нийгмийн үзэл бодлыг тусган харуулдаг алив бүхнээр дамжин тархдаг.
10. Ертөнцийн сүнсийг яаж эсэргүүцэх вэ?
10 Тэгвэл далдуур уусгах хүчтэй ертөнцийн сүнсийг эсэргүүцэж, Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд яах хэрэгтэй вэ? Еховагийн сүнслэг арга хэмжээний ач тусыг бүрэн дүүрэн хүртэж, ариун сүнс гуйн тогтмол залбирах хэрэгтэй. Ехова Диавол болон түүний мэдэлд байдаг ёс бус ертөнцтэй харьцуулшгүй хүчтэй (1 Иохан 4:4). Тэгэхлээр, Еховад залбиран, дотно харьцаатай байх нь амин чухал юм.
ДАРУУ ХУВЦАСЛАЖ, ГАДААД БАЙДЛАА АНХААРАХ НЬ
11. Ертөнцийн сүнсний нөлөөнд автсан хүмүүс яаж хувцасладаг болсон бэ?
11 Хүний үзэл бодлыг хувцас хунар, зүс царай, биеэ авч явах байдлаар нь дүгнэж болдог. Өнөөгийн хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээ улам доройтож байгааг харахлаар биеэ үнэлэгчид удахгүй нүцгэн явдаг болох юм шиг санагддаг гэж нэг телевизийн тоймч хэлжээ. Тэр бүү хэл, дөнгөж арав хүрсэн охид «даруу төлөв зангаа гээж, ил задгай хувцаслах нь ихсэж байна» гэж нэгэн сонины нийтлэлд бичжээ. Бас зарим хүн хайш яйш хувцасладаг болсон нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэдэггүй, тэрслүү үзэлтэйн шинж ажээ.
12, 13. Хувцсаа тохируулж, гадаад байдлаа анхаарахдаа Библийн ямар зарчмыг удирдлага болгох хэрэгтэй вэ?
12 Еховагийн үйлчлэгчид бид сайхан харагдахыг, өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалдаа тохируулан цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй хувцаслахыг хичээдэг. Христиан хүн хувцас хунар, гадаад байдлаа ямагт «даруу, түвшин» байлган, «сайн үйлстэй» хослуулж «Бурхнаас эмээгч» гэдгээ харуулах учиртай. Бид олны анхаарлыг татахыг бус, «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихыг» голлон анхаардаг (1 Тимот 2:9, 10; Иуда 21). «Бурхны өмнө асар үнэтэй», «зүрхэнд нуугдсан хүнийг» хамгийн эрхэм гоёлоо болгохыг хүсдэг (1 Петр 3:3, 4).
13 Хүмүүс бидний хувцас хунар, гадаад байдлыг ажиглаад шашин шүтлэгийн маань талаар дүгнэлт хийдгийг бодолцох хэрэгтэй. Сонирхолтой нь, «даруу» байх гэж орчуулсан грек үгээр бас бусдын үзэл бодлыг хүндэтгэх, бишрэх гэсэн утга илэрхийлдэг ажээ. Тэгэхлээр, бид хүссэнээрээ хувцаслаж, үс зүсээ янзлах эрхтэй гэж зүтгэлгүй, бусдын мөс чанарыг хүндэтгэх хэрэгтэй. Бидний гол зорилго бол «Бурхны алдрын төлөө бүхнийг хийн», Ехова Бурхнаа алдаршуулж, ард түмнийх нь нэр хүндийг өргөж, өөрсдийгөө «Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор батлах» явдал юм (1 Коринт 4:9; 10:31; 2 Коринт 6:3, 4; 7:1).
14. Гадаад байдал, хувийн ариун цэврийн тухайд ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
14 Ялангуяа, дэлгэрүүлэх ажилд оролцох, цуглаанд очихдоо хувцсаа тохируулж, гадаад байдлаа анхаарч, цэвэр цэмцгэр байх нь их чухал юм. Тиймээс, эрэгтэй эмэгтэй гэлгүй, христиан хүн бүр «Миний гадаад байдал, хувийн ариун цэвэр хүмүүсийн анхаарлыг татаж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг үү? Өмсөх зүүхээ шийдэх эрхээ нэмэлт үүрэг хүлээн хуралд үйлчлэх завшаанаас илүүд үздэг үү?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй (Филиппой 2:4; 1 Петр 5:6).
15. Хувцас, гадаад байдал, ариун цэврийн асуудлаар Библид нарийн дүрэм байдаггүй нь ямар учиртай вэ?
15 Хувцас, гадаад байдал, ариун цэврийн асуудлаар тоочиж бичсэн дүрэм Библид байдаггүй. Ехова бидний сонгох эрх чөлөөг боогдуулж, чөлөөтэй бодож сэтгэхийг маань хорьдоггүй. Харин ч Библийн зарчмыг эргэцүүлэн боддог төлөвшсөн христиан буюу «дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцсан» хүн болоосой гэж хүсдэг (Еврей 5:14). Хамгийн гол нь, Бурхныг болон бусдыг хайрлах хайрын үүднээс шийдвэр гаргаж байгаасай гэж хүсдэг (Марк 12:30, 31). Христиан хүн эдгээрийг бодож байгаад, хувцсаа тохируулан өмсөж, гадаад байдлаа сайхан байлгаж болдог. Дэлхийн аль ч өнцөг буланд Еховагийн ард түмэн нэгэн хэв загварын биш боловч үзэмжтэй сайхан хувцасладаг нь үүний баталгаа юм.
НҮДЭЭ «ЦЭВЭР» БАЙЛГАХ НЬ
16. Ертөнцийн сүнс Есүсийн сургаалаас ямар ялгаатай вэ? Ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
16 Ертөнцийн сүнсэнд хууртсан олон сая хүн аз жаргалтай амьдрахад мөнгө төгрөг, эд баялаг хэрэгтэй гэж боддог болжээ. Гэтэл Есүс: «Элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» гэж хэлсэн (Лук 12:15). Энэ нь хүн өөрийгөө ганд нь хаяж, туйлшрахыг зөвтгөсөн хэрэг биш ээ. Харин «сүнслэг хэрэгцээгээ мэдэрч», нүдээ «цэвэр» байлгах буюу сүнслэг зүйлийг голлон анхаардаг бол жинхэнэ жаргал эдэлж, утга учиртай амьдарна гэж сургадаг байсан (Матай 5:3, ШЕ; Матай 6:22, 23). Тиймд «Би Есүсийн үгэнд үнэхээр итгэдэг үү? Эсвэл „худал хуурмагийн эцгийн“ үзэл бодолд автдаг уу? (Иохан 8:44). Миний үг яриа, хүсэл зорилго, эн тэргүүнд тавьдаг зүйл, амьдралын хэв маяг юу харуулдаг вэ?» гэх зэргийн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй (Лук 6:45; 21:34–36; 2 Иохан 6).
17. Нүдээ цэвэр байлгахын ач тусыг хэлнэ үү.
17 Есүс: «Мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг» гэж хэлжээ (Матай 11:19). Нүдээ «цэвэр» байлгахын ач тусаас цөөн хэдийг дурдъя. Бурхны Хаанчлалын үйл хэрэгт оролцдог хүмүүс жинхэнэ ёсоор «сэргэдэг» (Матай 11:29, 30, ШЕ). Хэрэггүй юманд санаа зовдоггүй тул сэтгэл санаа нь түгшдэггүй (1 Тимот 6:9, 10). Байгаа юмандаа сэтгэл хангалуун явдаг учир гэр бүл, итгэл нэгтнүүддээ цаг зав гаргаж чаддаг бөгөөд сэтгэл амар, зовох юмгүй унтдаг (Номлогчийн үгс 5:12). Бусдын төлөө чадах бүхнээ хийдэг учир өгөхийн жаргал эдэлдэг (Үйлс 20:35). Бас «найдвараар бялхан», сэтгэл хангалуун, амар тайван амьдардаг (Ром 15:13; Матай 6:31, 32). Энэ бүхэн бол үнэхээрийн хосгүй ивээл мөн!
«БҮРЭН ХУЯГ ДУУЛГА ӨМСӨЖ», «БҮРЭН ЗЭВСГИЙГ» АВАХ НЬ
18. Библид бичсэнээр, хэн бидэнд дайсагнадаг вэ? Ямар аргаар довтолдог вэ? Бидний тэмцэл ямар онцлогтой вэ?
18 Сатан бидний өнөөдрийн аз жаргалыг төдийгүй мөнх амьтай болох найдварыг маань үгүй хийх гэж оролддог. Харин Бурхан хайран дотор нь өөрсдийгөө сахидаг хүмүүсийг Сатанаас хамгаалдаг (1 Петр 5:8). Элч Паул: «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» гэж хэлсэн (Ефес 6:12). «Тэмцэл» гэж орчуулсан грек үг нь бөхийн барилдаан гэсэн утгатай аж. Тэгэхлээр, бид дайсантайгаа халз тулалддаг гэсэн үг. Түүнээс гадна, «захирагчид», «эрх мэдэл», «ертөнцийн хүчнүүд» гэсэн үгийг үзвэл муу сүнснүүд бидэн рүү зориуд, зохион байгуулалттай довтолдог нь харагддаг.
19. Сүнслэг хуяг дуулга, зэвсэгт юу юу ордог вэ?
19 Бид сул талтай, төгс бус хүмүүс боловч энэ тэмцэлд ялж чадна. Үүний тулд «Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөж», «бүрэн зэвсгийг авах» хэрэгтэй (Ефес 6:11, 13). Тэр хуяг дуулга, зэвсгийн талаар Ефес 6:14–18-д: «Бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын [найдвар буюу] дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурхны үгийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир» гэж бичсэн байдаг.
20. Сүнслэг тулалдаан жирийн тулалдаанаас ямар ялгаатай вэ?
20 Сүнслэг хуяг дуулга, зэвсгийг Бурхан өгдөг учраас биднийг найдвартай хамгаална. Хамгийн гол нь, бид өөрсдөө л сүнслэг хуяг дуулгаа байнга өмсөж, сүнслэг зэвсгээ агссан байх ёстой. Ер нь, цэргүүдэд тулалдааны хооронд амсхийх чөлөө гардаг бол христианууд үхэх сэхэхээ шийдэх тулалдаанд зогсолтгүй оролцдог. Энэ тулалдаан нь Бурхан Сатаны ертөнцийг устгаж, муу сүнсэн бүтээлүүдийг ёроолгүй гүнд хаятал үргэлжилнэ (Илчлэлт 12:17; 20:1–3). Тиймээс, сул тал, буруу хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй болсон ч битгий бууж өгөөрэй. Учир нь Еховад үнэнч байхын тулд бид бүгдээрээ өөрсдийгөө «зовоох» хэрэгтэй болдог (1 Коринт 9:27). Тэмцэх шаардлагагүй гэж бодогдвол харин ч санаа зовох хэрэгтэй.
21. Сүнслэг дайнд ялахын тулд яах хэрэгтэй вэ?
21 Бид энэ тулалдаанд дан ганц өөрийн хүчээр ялж чадахгүй. Тиймээс, Паул биднийг «сүнс дотор цаг үргэлж» Еховад залбирч байхыг сануулжээ. Бас Бурхны Үгийг судалж, боломж болгоныг ашиглан хамтран зүтгэгч, итгэл нэгт «дайчидтайгаа» уулзах зэргээр Еховаг сонсох хэрэгтэй (Филемон 2; Еврей 10:24, 25). Эдгээр шаардлагыг үнэнчээр биелүүлдэг хүн эцэстээ тулалдаанд ялаад зогсохгүй, соригдох бүрдээ итгэл үнэмшлээ тууштай хамгаалж чаддаг.
ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ХАМГААЛАХАД БЭЛЭН БАЙХ НЬ
22, 23. а) Итгэл үнэмшлээ хамгаалахад хэзээд бэлэн байх ёстойн учир юу вэ? Ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
22 Есүс: «Та нар ертөнцийнх биш. ... Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг» гэж хэлсэн (Иохан 15:19). Тиймд, христиан хүн итгэл үнэмшлээ хамгаалахын тулд дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулахад хэзээд бэлэн байх ёстой (1 Петр 3:15). «Зарим асуудлаар Еховагийн Гэрчүүд бусдаас өөр байр суурь баримталдгийн учрыг би ойлгодог уу? Тийм байр суурь баримтлах хэрэгтэй болоход би Библи болон итгэмжит боолын ангийн зааврыг зөв гэж бат итгэдэг үү? (Матай 24:45; Иохан 17:17). Еховад таалагдах шийдвэр гаргадгаасаа болж бусдаас ялгарахад бэлэн байдаг уу? Үүгээрээ бахархдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай (Дуулал 34:2; Матай 10:32, 33).
23 Христиан хүн ертөнцөөс тусгаар байдгаасаа болж тэр бүр үл анзаарагдам сорилтод орох нь их байдаг. Дээр хэлснээр, Диавол ертөнцийн үзлийг сурталчилдаг кино, телевизийн нэвтрүүлэг, ном хэвлэл гэх мэтийн зүйлээр Еховагийн үйлчлэгчдийг урхидахыг оролддог. Тийм урхинд орж, мөс чанараа сэвтүүлэлгүй, сэтгэл сэргээх зүйлийг яаж ухаалгаар сонгох вэ? Энэ тухай дараагийн бүлгээс үзье.
a МЭ 33 оны Пентекостын өдөр Христ дэлхий дэх тослогдсон дагалдагчдынхаа хурлыг захирах Хааны эрх мэдэлтэй болсон (Колоссай 1:13). Улмаар 1914 онд «ертөнцийн хаанчлалыг» захирах эрх мэдлийг хүлээн авсан. Тиймээс, өнөөгийн тослогдсон христиануудыг ч Мессиагийн Хаанчлалын элчин сайд нар гэж үзэж болно (Илчлэлт 11:15).
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 4-р сарын 1-ний дугаарын 3–6-р хуудсыг үзнэ үү.
c 212–215-р хуудасны хавсралтыг үзнэ үү.